Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Багш нар > Цэнжаб Сэркон Ринбүүчигийн хөрөг > Долоодугар хэсэг: Ринбүүчигийн Дандарын ёсны дадлага хийгсдэд өгсөн зөвлөмж

Цэнжаб Сэркон Ринбүүчигийн хөрөг

Александер Берзин, 1998 он

Долоодугар хэсэг: Ринбүүчигийн Дандарын ёсны дадлага хийгсдэд өгсөн зөвлөмж

Хэдийгээр урт удаан хугацаанд Дандарын ёсны тасралтгүй бясалгал бүтээл (нямба) үр ашигтай ч ихэнх хүмүүст тийм зүйлээр оролдоод үзэх тухлаг орчин байдаггүй. Тиймээс Ринбүүчи, энэ төрлийн бясалгал бүтээл, мөргөлийг гурван сар буюу түүнээс илүү хугацаагаар сул чөлөөт цагтай байхад л зөвхөн хийж болно гэж санах нь явцуу бодол гэж үздэг байсан юм. Бясалгал бүтээл хийх гэдэг бусдаас өөрийгөө таслах үеийг хэлэхгүй, харин энэ бол бид бясалгал бүтээлийг дадлагатай хослуулан, оюун ухаанаа уян хатан болгох эрчимтэй дадлагын үе юм. Өглөө ба үдэш тус бүр нэг удаа бясалгал бүтээл хийж, өдрийн бусад үлдсэн цагийг жирийн амьдралаар өнгөрөөх нь тун тохиромжтой. Ринбүүчи өөрөө олон бясалгалуудаа ийм маягаар хийж, түүнийгээ хэнд ч мэдэгдэлгүй хийдэг байсан юм.

Дадлагын энэ аргын ганц хязгаарлалт бол бясалгал бүтээл хийх бүх хугацаанд нэг л орон дээр унтаж нэг л газар, нэг суудал дээр бясалгах явдал болно. Эс тэгвэл оюун билгийн энергийг барьж байгуулах хүч алдагдана. Дээр нь бясалгал бүрийн үед дор хаяж тарни, сунаж мөргөх буюу бусад зарим давтан хийх дадлагуудыг бясалгал бүтээл эхлэх үеийн явцад тогтоосон тоогоор биелүүлэх учиртай. Тиймээс Ринбүүчи эхлэх үедээ сонгосон дадлага дасгалыг зөвхөн гурван удаа хийхийг зөвлөдөг байлаа Өвчнөөр өвчилсөн ч бясалгал бүтээлийг таслахгүй үргэлжлүүлвэл, эхнээс нь бүгдийг ахиад эхлэх шаардлагагүй болно.

Бурханы шашны хатуу сахилга нь хатуужлын бүх хэлбэрүүдийн адил “зайлшгүй шаардлага, заримдаа хоригийг ч дийлж байдаг” боловч зөвхөн тусгай тохиолдолд л ингэнэ. Нэг удаа намайг Дарамсалад бясалгал бүтээлийн дунд байхад Дээрхийн Гэгээнтэн Энэтхэгийн Гимлай дахь Манали хэмээх өөр нэг хотод айлдах сургаал ба ерөөлийг орчуулж өгөөч гэсэн хүсэлтийг ирүүлэв. Би Ринбүүчитэй зөвлөлдөхөд, тэрээр надад ямар ч эргэлзээ тээнэгэлзэлгүйгээр яв гэлээ. Дээрхийн Гэгээн Далай Ламтанд туслах нь миний хийж болох ямарваа зүйлээс хамаагүй илүү ач буянтай хэрэг билээ. Би өдөр бүр нэг удаа бясалгаж, дор хаяж өөрийн тогтоосон хамгийн доод хэмжээгээр тарниа уншсаар байхад дадлагынхаа эрч хүчийг алдахгүй. Би энэ журмыг мөрдсөөр Далай Ламтай өнгөрүүлсэн арван өдрийн дараа Дарамсалад буцаж ирэн, нямбаа гүйцээсэн билээ.

Ринбүүчи ёслол, зан үйлийн дэг жаяг нь айхтар утга учиртай юм шүү гэж байнга онцлон хэлнэ. Тэдгээрийг зөв мөрдөх хэрэгтэй. Жишээлбэл, Дандарын ёсны бясалгал бүтээлд тодорхой тарнийг тусгай тоогоор давтан уншиж, тэгээд дараа нь “Галын пужа” үйлдэхийг шаарддаг. Галын пужа бол галд тусгай зүйлийг өргөх нарийн зан үйл юм. Энэ зан үйлийн зорилого нь уг дадлага дахь алдаануудаа ариусгахад оршино.

Зарим нямбууд нь онцгой хэцүү. Миний хийсэн тийм нэг нямба нь тухайлбал, тарнийг нэг сая удаа төвөгтэй Галын пужа тахилын үеэр уншиж, арван мянган хос урт зэгэс өвсийг хоёр тарни унших бүрдээ өргөх шаардлагатай. Би арван мянган хос зэгсийг гал руу завсарлалгүй шидэх ёстой. Энэ нямбаныхаа төгсгөлд Галын пужа гүйцэтгэж байхад минь зэгэс өвс шаардагдах тооноос нь арай дутав. Зан үйлийг дуусгасны дараа би Ринбүүчид үүнийгээ мэдэгдэв. Ринбүүчи галын тахилга Пужаг хэд хоногийн сүүлд надаар дахин хийлгэв. Энэ удаа би арван мянган хос зэгсийг урьдчилан бэлэн болгож, гарцаагүй баттай хийлээ!

Зан үйлийн мэрэгшсэн шинжээчид тэр болгон дандаа олдоод байдаггүй учир Ринбүүчи, өөртөө найдах хэрэгтэй гэж онцлон чухалчилна. Тиймээс тэр өөрийнхөө Барууны дэвшилттэй тэргүүний шавь нартаа өөрсдөө Пужаг яаж хийхийг сургасан юм. Энэ нь гал түлэх хонхороо хэрхэн бэлдэх, ёроолд нь шаардагдах мандлын загварыг яаж зурах гэх зэргийг багтааж байв. Барууныханд зан үйлийн уншлагыг хийх хэн нэг хүн шаардлагатай, түүнийг өөрсдийн хэл дээр хийх хараахан боломжгүй байлаа ч гэсэн Ринбүүчи галд янз бүрийн зүйлийг өөрсдөө өргөх хэрэгтэй гэж тайлбарладаг байв. Хэсгээрээ бясалгал бүтээл хийх үед ч мөн адилхан.

Горимыг зөв баримтлах нь практик амьдралын зарчимтай нэг их зөрчилдөхгүй. Жишээлбэл, Дандарын ёсны бясалгал бүтээлүүд гэрийн тахил шүтээндээ тусгай өргөл тахилуудыг өргөөд, удаах өдөр бүр нь тотгоруудыг зайлуулах үүднээс дахин өргөхөөс эхэлнэ. Өргөлийг санаандаа бясалгал бүтээл хийх өдрийн тоогоор хувааж, тэр хуваасан хэмжээтэй өргөлөө өдөрт барина. Тотгоруудыг хөндлөнгөөс оролцогч сүнснүүдийн хэлбэрээр дүрслэн бодож, тахилаас ундалж хооллуулахаар өдөр бүр урина. Ринбүүчи энэ зорилогод хэрэглэдэг уламжлалт хээ хуар чимэглэлтэй балингийн (торма) оронд хайрцаг савтай жигнэмэгүүд тун тохиромтой орлуулалт болно гэдэг байв.

Ринбүүчи мэрэгшээгүй байж, тэргүүн зэргийн дадлагуудыг хийхээр оролдох хүмүүсийн тухайд санаа зовно. Зарим хүмүүс жишээлбэл, урт Садхан (Зан үйлийн судар) хийхээс дургүйцдэг буюу сонирхол ч үгүй, эзэмших санаа ч үгүй байж төгс шатны дадлагуудыг хийх гэж зүтгэдэг. Дандарын ёсны хамгийн дээд бүлэг Аниттара Йога нь эхний үүсгэлийн шат, тэгээд төгс шатны дадлагуудтай байдаг. Эхний шат нь төсөөлөн бодохуй ба төвлөрлийн чадлыг Садхан дадлагаар дасгалжуулна. Сүүлчийн төгс шат нь өөрийгөө жинхэнээр хувилгахуйг хэрэгжүүлэхийн тулд биеийн нарийн энергийн системтэй ажиллах оюун ухааны өндөр хөгжсөн хүчин чадлуудыг ашигладаг. Садхан дадлагаар олдог чадваргүйгээр хүрднүүд, судлууд болон энэхүү нарийн энергийн системийн энергийн гүйдлүүд, урсгалуудтай ажиллах гэдэг нь хоосон сүржигнэл төдий юм.

Дандарын аймгийн ахиу зэргийн дадлагууд нь мэрэгшээгүй хэн нэгэн буруу хийвэл маш хөнөөлтэй байж болно гэж Ринбүүчи сэрэмжлүүлдэг байв. Жишээлбэл, Ухамсар шилжүүлэх (По-ва) хэмээх үхэхийн өмнө толгойн орой зулайгаараа ухамсраа харваж байна гэж төсөөлөх учиртай дадлага нь хүний амьдралыг богиносгож болно. Хэдэн долоон хоногоор мацаг барин, адисласан шүтээний үрэл ууж (чулен) амьдархад, ялангуяа группээрээ үүнийг хийвэл тус бүс нутагт өлсгөлөн гарахын шалтгаан болж мэднэ. Дээр нь ийм дадлага хийгч хоол, ундны гачаалаас болж хүндээр өвчилж, бүр үхэж ч болно.

Дандарын аймгийн бясалгал бүтээл өөрөө төвөгтэй дадлага тул ахиу зэргийн дадлага эзэмшээгүй сурагч яаран бясалгал бүтээлийг хийгээд эхэлж болохгүй. Заримдаа, тухайлбал, хүмүүс зуун мянган маань тарни унших бясалгал бүтээлийг дадлагатайгаа урьдчилан танилцаагүй, мэдэхгүй мөртлөө хийдэг. Тэр бясалгал бүтээлийн явцад туршлага хүртчихнэ гэж төсөөлдөг. Тодорхой дадлагыг сурах нь үр ашигтай ч, албан ёсны Дандарын нямбаныхаа үеэр хийх ажил энэ бишээ. Яаж сэлэхийг мэдэхгүй хүн өдөрт арван хоёр цагаар цөөрөмд сургуулилтаа эхэлдэггүй шүү дээ. Ийм “тэнэг зориг” зөвхөн эцээн тамирдуулж, шөрмөс татахад хүргэнэ. Эрчимтэй сургуулилт бол тэргүүний атлет болохын тулд туршлагатай сэлэгчдийн хэмжээнд хийгддэг зүйл. Дандарын ёсны бясалгалын бүтээлийн тухайд ч тийм болно.

Цаашилбал, Дандарын ёсны практик нь ганцаараа тусдаа байх хэрэгтэй. Эс тэгвэл хөндлөнгийн оролцоо, тотгор ихээр босч ирнэ. Ринбүүчи Барууны олон хүн дадлага, ололтоо өөртөө хадгалахгүй төдийгүй, тэдгээрийнхээ тухай онгирч хөөрдөг явдалтай таардаг байв. Холбогдох тарнийг хэдэн зуун мянган удаа уншиж, богинохон нямба хийсэн төдийгөө тодорхой Бурхан багшийн дүрийн агуу их дадлагажигч болсон мэтээр хөөрөх нь хөгийн хэрэг гэж Ринбүүчи хэлдэгсэн. Бүр сахиус бурханы урт Садханы (Зан үйлийн судар) уншлагыг өдөр бүр хийдэггүй мөртлөө тийм ойворгон санаатай, бардам байх нь бүр ч зүрх өвдмөөр хэрэг. Ринбүүчи Садханы урт уншлага бол эхлэгчдийн хувьд зориулсан зүйл гэж үргэлж хэлдэг байсан. Эдгээр Садхан зуу орчим хуудас байх нь олонтоо ба дүрслэн бодохуйн сунжирсан дуурийн эх бичиг шиг байдаг. Хураангуйлсан богино Садханууд нь бүх дүрслэн бодохуйн шат дамжлагуудыг хэдхэн үг дуудахын хооронд л дүүргэж чадахаар дадлагаа бүхэлд нь сайн мэддэг, дэвшилттэй тэргүүн зэргээр дадлагажсан хүмүүст зориулагдсан юм.

Барууныхныг бүх урсгал удирдамжууд, ялангуяа Тарнийн (Дандар) ёстой хамаатай зүйлс эхнээсээ нарийн нямбай тайлбарлагдсан байхыг хүсдэг хандлагаа бас хязгаарлах хэрэгтэй гэж Ринбүүчи сургадаг байв. Энэтхэг, Төвдийн агуу Их багш нар яруу тодорхой бичгүүдийг туурвих гаргуун чадвартай байсан нь эргэлзээгүй. Тийм байтал тэд зориудаар бүдэг бадаг, тодорхойгүй маягаар бичицгээдэг байв. Тантрын материалыг хэтэрхий тодорхой, хүртээмжтэй болгох нь хөндлөнгийн тотгорыг хялбархан үүсгэж, дадлагыг доройтолд хүргэж болох юм. Жишээлбэл, хүмүүс сургаалыг байдаг л зүйл мэтээр үзэж, буурьтай чармайлт тавихгүй байж болно.

Бурханы номын сурган хүмүүжүүлэх аргын чухал хэсэг нь бусдад утга учрыг асуух боломж өгдөг явдал юм. Хэрэв шавь сурагч үнэхээр сонирхож байгаа бол тэд цааш тодруулж, эрэлхийлэх болно. Энэ нь автоматаар “оюун билгийн аянчдыг” болоод гэгээрэхийн төлөө хөдөлмөр, хүч гаргах санаагүй хүмүүсийг ялгаж цэвэрлэнэ. Гэсэн ч Тарнийг ойлгомжтой болгохын гол зорилго нь, хүмүүсийн гажуудсан сөрөг ойлголтуудыг сарниулж, үгүй болгоход оршдог ба Дээрхийн Гэгээн Далай Ламтан тодорхой тайлбаруудыг нийтлэн гаргахыг дэмждэг юм. Эдгээр нь гэхдээ, зөвхөн онолд хамаарах бөгөөд бодьгалт Бурхан багшийн дүрүүдийн (сахиус бурхадын) нарийн тодорхой дадлагууд биш. Алхам бүрийг заасан “Чухам яаж хийх тухай” гарын авлага нь хүмүүсийг багшийн удирдлагагүйгээр дээд зэргийн дадлагуудыг хийх гэж зүтгэхэд хөхүүлэх тул энэ нь маш аюултай байж болно.

Юунаас илүү аюултай нь Номыг тэтгэгч сахиус хамгаалагчдыг хөнгөмсгөөр авч үзэж, харьцах явдал байсан гэж Ринбүүчи сэрэмжлүүлдэг байлаа. Номыг тэтгэгч сахиус хамгаалагчид бол их багш нарын номхотгосон чадал бүхий хүчнүүд, олон тохиолдолд сүнснүүд юм. Их багш нар эдгээр омголон догшин төрөлтнүүдээр Бурхан багшийн ном (Дарма), түүний үнэнч дадлагажигсдыг тотгор саад, хор хөнөөлөөс хамгаалах ам тангараг тавиулжээ. Зөвхөн агуу их Йогчид тэднийг хяналтанд байлгаж чадна.

Нэгэн хийдийн дагсал, мэтгэлцэх дадлагыг сахин хамгаалах тангараг өргөсөн нэг Номыг тэтгэгч сахиусын тухай үлгэрийг Ринбүүчи байн байн ярьж өгдөгсөн. Тэр Номыг тэтгэгч сахиус номын дагсал хаядаг газарт Дандарын ёсны дадлагыг хийх гэж оролдсон хэн бээрт ч өвчин зовлон ба золгүй явдал гэх мэт тотгор учруулах үүрэгтэй байжээ. Зөвхөн мэтгэлцэх дадлагаа дүүргэсэн, Дандарын аймгийн хоёр дацангийн аль нэгэнд цааш суралцсан хуваргуудад л Дандарын ёсны дадлагыг зөвшөөрдөг, гэхдээ түүнийгээ хийдийн хананы гадна хийхийг зөвшөөрдөг байв.

Нэгэн гэвш шавь байхдаа хийдийн газар дээр Дандарын ёсны уламжлалд зориулсан арц шатаах тахил өргөдөг байжээ. Түүнд үргэлжийн тотгор саад учрах болж гэнэ. Тэгээд тэр, Дандарын аймгийн дацангуудын нэгэнд сурч, төгссөнийхөө дараа уг тахилаа үргэлжлүүлэн өргөж эхэлжээ. Гэхдээ хийдийн гадна ойролцоох уулын хажуу бэлд өргөх болжээ. Хэдэн жилийн дараа гэвш хоосон чанарыг шулуун томъёолсон бус байдлаар ухамсарлах үед нь Номыг тэтгэгч сахиус түүний зөн билэгт үзэгджээ. Аймшигт дүр төрхтэй сүнс түүнээс уучлал эрж, “Өршөөгөөрэй урьд би чамд хөнөөл учруулж байв. Гэвч энэ нь танай хийдийг үндэслэгчид өгсөн миний тангарагийн нэг хэсэг байсан юм. Одоо чихоосон чанарын тухай сурсан учир би хэдий хүслээ ч, чамд би ямарч хор учруулж чадахгүй.” гэж хэлжээ.

Ринбүүчи энэ жишээний чухлыг цохон тэмдэглэдэг байлаа. Бидний чадварын хирээс хэтэрсэн хүчнүүдтэй тоглоом хийх нь сүйрэлд хөтөлж болно. Номыг тэтгэгч сахиус хамгаалагч нар чинь Бурхан багшийн дүрүүдэд үйлчлэгчид юм гэдгийг ямагт санацгаагтун гэж Дээрхийн Гэгээнтэний хэлснийг олонтоо иш татдаг байв. Анутара Йога Дандарын ёсны үүсгэлийн шатанд төгс дүүрэн чадвартай зөв Бурхан багшийн дүр болж, захиран удирдах хүчин чадалтай хүмүүс л зөвхөн татагдах, оролцох учиртай. Цагаасаа эрт энэ хүчтэй хүчээ үзэх гэвэл, бяцхан хүүхэд аварга арсланг намайг хамгаал гэж дуудахтай адил байх болно. Тэр арслан бяцхан хүүхдийг зүгээр л залгичихна. Дээрхийн Гэгээнтэн бидний үйлдлээр үүссэн үйлийн үр бол бидний хамгийн сайн хамгаалагч гэж сургасан билээ. Түүнчлэн, Гурван Эрдэнэ болох Бурхан багш, Бурхайн ном (Дарма) ба дээд сайнаар хэрэгжсэн Хувраг (Санга) гурваас аврал дуудаж, итгэсэн бол юу тохиолдох вэ?