Бодь мөрийн зэргийн бясалгалд хөтлөх нь

Бурханы сургаал номыг үйлдэн бүтээе гэвэл бясалгал бол мэдээжээр чухал сэдэв яах аргагүй мөн. Гэсэн хэдий ч бясалгал бол зөвхөн Бурханы шашинд байдаг зүйл биш. Энэтхэг дэх шашны бүхий л ёс уламжлалуудад, тэрчлэн Энэтхэгээс бусад улс орон дахь Бурханы шашны бус тогтолцоонуудад ч бясалгал бий.

Самгарди хэлэнд бясалгалыг “бхавана” гэдэг. Бхавана хэмээх үгийн үндэс нь “бху” хэмээх үйл үг бөгөөд энэ нь “тэрчлэн болох” буюу “аливаа нэгийг өөр болгох” гэсэн утгатай. Тэгэхээр бхавана гэдэг нь буянт сайн сэтгэлийг төрүүлэх сургаалыг сонсож мэдээд, тухайн сэтгэлтэй нэг “болох” явдлыг хэлж байна. Өөрөөр хэлбэл, бясалгалаар өөрийн сэтгэл оюуныг хэрэг тус бүхий тийм нэгэн сэтгэл болгон хувиргана гэсэн үг.

Нэгэнт бхавана-гийн язгуур нь “тэрчлэн болох” гэсэн “бху” хэмээх самгарди үг тул бхавана-д өөрчлөгдөн урвана гэдэг утга байна. Жишээ нь, хэрэв асрахуйн сэтгэлийг бясалгавал сэтгэл зүрхэндээ асралыг агуулсан хэн нэгэн болон хувирч байна гэсэн үг. Энэ үгийг самгардиас түвд хэлэнд “дадуулах” хэмээх утгатай үгээр орчуулжээ. Энэ нь “гом” гэдэг түвд үг юм. Гом гэдэг нь нүгэлт муу эсвэл саармагийг бус харин ямарваа эерэг тустайг өөрийн зуршил болгох буюу буянт сайн сэтгэлийг өөрийн дадал болгоно гэсэн утга юм.

Тэгэхээр түвд үг нь самгарди үгийнхээ утгатай адил ойр байна. Хоёр үгийн аль алин нь зорьж буйдаа хүрч өөрчлөгдөхийн тулд, жишээлэхэд асрангуй сэтгэл зүрхтэй болохын тулд асрангуй сэтгэлийн тустай дадлыг төрүүлэх хэрэгтэй гэсэн утгыг агуулж байна. Энэхүү туст сайн дадал зуршлыг төрүүлэх арга нь бясалгал мөн.

Сургаал номыг сонсох нь

Бурхан багшаас өмнөх Энэтхэгийн гүн ухааны гол шастир бол Упанишад ба эдгээр шастирт бясалгалын тухай хэдийнээ дурьдсан байв. Упанишад-д бясалгалыг сонсох, санах, бясалгах гурван ёсны дотор оруулжээ. Бурхан эдгээр гурвыг зохиосон юм биш, тухайн цаг үед хэдийнээ үйлддэг байжээ. Тэгэхээр хэрэв ямарваа нэгэн ач тустай дадал зуршилтай болохыг хүсвэл юун түрүүнд түүний талаар сонсож мэдэх хэрэгтэй, дараагаар нь түүнийг тунгаан бодсоноор ухаарч ойлгоод, эцэст нь өөрийн сэтгэлд найралдуулан бүтээх ёстой гэдэг нь ойлгомжтой байна.  

Дээдийн Номын талаар юу ч мэдэхгүй бол Бурханы шашны талаар суурь мэдээллийг олж авах хэрэгтэй ба эдгээр нь үнэн зөв байх ёстой. Гагцхүү үнэн зөв анхны мэдлэг л жинхэнэ Дээдийн ном сургаалд дурших баттай суурь болж чадна. Бурхан багшийн үед гүн ухааны сургаал номыг бичиж тэмдэглэдэггүй байлаа. Хэдэн зууны дараагаар л тэдгээрийг үсгэнд буулгаж эхэлсэн юм. Тийм учраас энэ гурван ёсны эхнийх нь сургаал номыг зайлшгүй “сонсох” ёстой гэж байдаг ба өөрөөр хэлбэл сургаж номлож буйг сонсох ёсон байна.  

Өнөө цагт эхний сонсох гэдэгт бүтээхийг зорьж буй номын ямарваа үйл, сэтгэлийн эрдмийн талаар ном хэвлэл, интернэтээс унших гэж нэмж болох юм. Гэтэл энэ талаар маргалдан мэтгэлцэж болох ба учир нь багшаас сургаалыг шууд сонсох үест тухайн багш бидний өмнө бодитой заларч байгаагаараа онцгой нэгэн орчин бүрдэж байдаг. Ном бичвэр уншсанаар авахгүй адистидыг багшаас шууд сургаал сонссоноор хүртэж болно. Мэдээжээр тухайн номыг хэн нэгэн хүн бичсэн байж таарах ч ийм л байна. Үүнийг үнэн гэдгийг өдөр тутмын амьдралаас ч харж болно. Жишээ нь, амьд хөгжмийн концерт очиж үзэх нь гэртээ хөгжим тавьж сонсохоос хамаагүй илүү хүчтэй нөлөөлж сэтгэлийг хөдөлгөдөг. Үнэхээрийн ялгаатай байдаг шүү дээ.  

Сургаал ном сонсохдоо “шавар савны гурван гэм”-ийг тэвчих гэдэг бол чухал заавруудын нэг юм. Үүнд: 

  • Эхнийх нь, хөмөрсөн савтай адил байх буюу дотор нь юу ч тогтох аргагүй байхын гэмийг тэвчих юм. Өөрөөр хэлбэл, хэрэв сэтгэл оюун хаагдмал байвал мэдээжээр юу ч сонссон сурч мэдэж чадахгүй. 
  • Дараагаар нь, ёроол нь цоорхой сав адил байх гэмээс хагацах хэрэгтэй. Энэ адил байвал саванд хийсэн бүхэн тогтохгүй гоожчихно. Үүнийг зүйрлүүлбэл “нэг чихээрээ оруулаад нөгөө чихээрээ гаргах” -тай адил. Энэ адил байхыг тэвчих хэрэгтэй. 
  • Төгсгөлд нь, бохир сав адил байх гэмийг тэвчих хэрэгтэй. Цэвэр усыг бохир саванд хийвэл ус ч бас бохирдоно. Өөрөөр хэлбэл, олон гэмт санаа агуулдаг бол шинэ ухаарлыг буртаглах гэм болно. Тухайн хүний хэлж буйг зүгээр л сонсохын оронд шинээр дуулж буйгаа өөрийн санаа бодлоор гүжирдэн хольж хутгана.

Эдгээр гэмээс зайлсхийхийн тулд ямарваа сургаал ном сонсоод түүнийгээ бичиж тэмдэглэж авах, дуу хураагуурт хураах нь тустай ба тэгсэнээр заасныг зөв зүйтэй эргэн санахад хэрэгтэй. Учир нь бидний ихэнхийн ой санамж төгс төгөлдөр болчихоогүй байгаа шүү дээ. Сонссоноо бичиж тэмдэглэхийг хойш тавих тусам тогтоож авсаныг маань сэтгэлийн элдэв гэм буртаглана. Ингээд бичиж тэмдэглэж, хурааж авсан тэднийгээ ахин дахин сонсож байх хэрэгтэй. Сургаал номыг дэвтэр дээр бичээд тавиурт тавих, компьютертээ эсвэл дуу хураагууртаа хадгалах төдий нь хангалтгүй шүү дээ!

Саж ёсны их багш Сонам Цэрмо бээр айлдахдаа Бурханы номын үйлд шамдан орохын тулд:

  • Эхэнд нь зовж бэрхшээж байна гэдгээ хүлээн зөвшөөрөх,  
  • Дараагаар нь зовлонгоос гаръя хэмээн хүсэх,
  • Төгсгөлд нь, зовлонгоос гарах арга зам нь Дээдийн ном юм байна хэмээн түүнд итгэн сүжиглэх хэрэгтэй хэмээжээ.

Дээдийн номыг анхлан сонсохдоо уужим сэтгэлийг агуулж, сонсож мэдсэнээ тогтоож авахад шамдах хэрэгтэй ба хамгийн чухал нь Номыг сонирхол дуршилтайгаар сонсон, сонсож дуулснаа шинжилж цэгнэнэ гэдэг санааг агуулах хэрэгтэй. Сонссон номоо үйлдэж бүтээвэл зовлон бэрхшээлээс салахад минь тустай байх эсэхийг тодорхойлохын тулд шинжлэх юм. Бурханы шашны сургаал номыг шалгалт шүүлэг өгөх гэж юм уу эсвэл өөрийн өргөн их мэдлэгээр бусдыг гайхшруулах гэж сурдаггүй. Харин өөрт хэрэгтэй, тустай юу байна хэмээн эрэлхийлж сургаал номыг сонсдог.

Номыг сонсохдоо төрүүлж болох олон төрлийн сэтгэл байж болно. Үүнд, “Гурван хуран мэдэл” -ийг үүсгэх буюу өөрийг өвчтөнд, багшийг эмч оточид, сургаалыг өвчин эмгэг, зовлон бэрхшээлийг дарагч эмд харна. Өвчин эмгэг гэдэг нь бидний хорт муу сэтгэл, нисванис юм. 

Бидний номын үйл ахиж дээшлэх тутам багшийгаа Бурхан хэмээн харах зэрэг ямар хур мэдэл төрүүлэх талаар олон зүйл байдаг хэдий ч тэдгээр нь эхлэн суралцагсдад зориулагдаагүй юм. 

Сонссоноо тунгаан бодох нь

Удаахь ёс нь сонссоноо бодож тунгаах юм. Заасныг ойлгохын тулд бид боддог. Сургаал ном чухам ямар утгатайг зөв ухаарч ойлгосон цагт бодож тунгаахын эцэст хүрлээ гэсэн үг. Ямарваа сургаалыг зөв зүйтэй үйлдэн дадуулахын тулд зөв зохистой ойлгох хэрэгтэйгээс гадна тухайн сургаал нь шалгагдсан ба бэрхшээл зовлонг арилгах тустай тул үйлдэн дадуулах хэрэгтэй хэмээн итгэж үнэмших ёстой. Мөн тэрчлэн тухайн сургаал номонд дурьдаж байгаа бүхэнд хүрч болно гэдэгт итгэх хэрэгтэй. Харин түүнийг огтын боломжгүй юм байна, жишээ нь уур хорсолоос хэзээ ч хагацаж чадахгүй хэмээн санаж байвал уурыг дарах үйлийг үйлдэн бүтээхийн хэрэг юу байх билээ? Тухайн номын үйлээр бид зорьж буйдаа хүрч чадна гэдэгт итгэж үнэмшсэн байх хэрэгтэй.  

Ямарваа сургаал номын тухай бодохдоо олон талаас нь харах хэрэгтэй. Жишээлэхэд, бүгдийг ижил тэгш асрах сэтгэлийг төрүүлэх бясалгал гэхэд энэ адилын асрахуйг төрүүлэхийн тулд ямар ямар алхамыг хийх ёстойг мэдэх хэрэгтэй. Үүнд, хэн бүгдийг тэгшхэн асрах сэтгэл юунд дулдуйдан төрөх вэ? гэх мэт. Тэгвэл энэ нь хэн бүхэн адил тэгш бөгөөд бүгд бидэнд ачтай хэмээн харах зэргээс хамаарна. Тэгэхээр хотол нийтийг асран хайрлах сэтгэлийг төрүүлэхийн тулд энэ сэтгэл чухам юунд дөрөөлөн төрдөг, асралыг сэтгэлдээ төрүүлэн арвидуулахын тулд ямар ухаан, сэтгэл өмнө нь төрөх ёстой зэргийг мэдэх хэрэгтэй.   

Үүнээс гадна асрахуй сэтгэлээр ерөндөглөн дардаг түүний чанх эсрэг сэтгэл нь юу болохыг ч мэдэх хэрэгтэй. Ялангуяа, асралын чанх эсрэг нь уур хорсол гэдгийг сайтар мэдээд, асрахуй сэтгэлээр эдгээр хорт сэтгэлийг ерөндөглөн дарж болно гэдэгт итгэдэг байх хэрэгтэй. Тэрчлэн асралын сэтгэл хэрхэн тэдгээрийг дардагийг ч ойлгож ухаарах ёстой.    

Ингээд цаашид асралыг төрүүлэхийн утга учир нь юу болох, сэтгэлд төрсөн асрангуйн хэрэг тусыг хэрхэн гаргах буюу асран хайрладаг байхын ач тус юу гэдгийг мэдэх хэрэгтэй болно. Жишээ нь, хамаг амьтны тусыг бүтээхийн тулд ирээдүйд өөрийн гэгээрэлд хүрэх санаа буюу бодь сэтгэлийг хэрхэн төрүүлэх сургаал номын эхэнд бодь сэтгэлийн ач тусыг дурьддаг. Ийнхүү эхэнд дурьдахын учир нь энэхүү бодь сэтгэлийг төрүүлье хэмээн баттай санахын тухайтад юм.

Төгсгөлд нь, сургаал номын учир шалтгаанд итгэх ёстой. Тэдгээр нь учир шалтгаантай, үндэслэлтэй, сургаалын зэргэмж дараалал, зүйл бүхэн нь ойлгомжтой тодорхой байх ёстой.   

Тэгэхээр бодож тунгаах ёстой олон зүйл байна. Ямар сэтгэл төрүүлэх ёстойгоо юун түрүүнд мэдэхгүйгээр, энэ нь хэрхэн яаж зовлон бэрхшээлээс хагацуулахыг, өөртөө ажих ёстой үүний чанх эсрэг хорт сэтгэл нь юу болох зэргийг ойлгож ухааралгүйгээр шууд л бясалгал руу үсрэн орох нь ухаангүй хэрэг болно. Зүйрлүүлбэл, “амандаа хоол халбагадан хийх нь сонсохтой адил бол амандаа хийснээ зажлах нь тунгаан бодох юм”. Аман дахиа зажлалгүйгээр залгивал хахна шүү дээ. Үүнтэй адилаар сургаал номыг тунгаалгүйгээр бясалгавал хүндрэл бэрхшээл гарна.

Тэгвэл хэрхэн тунгаан бодох вэ? Дээр дурьдсан зүйлсийг өөрийнхөөрөө сайтар бодож үзээд дараагаар ёсоор нь гүйцэтгэх хэрэгтэй.

Тунгаан бодох ёсон

Ёсоор нь тунгааж бодно гэдэг бол учир шалтгааныг дагана гэсэн үг. Ямарваа сэтгэлийг өөрт бүтээхийн тулд түүнийг алхам алхамаар төрүүлэх хэрэгтэй. Тухайн сэтгэлийг зэргэмж дараалан төрүүлэх хэрэгтэй ба зэргэмж дараалан бүтээнэ гэдэг нь учир шалтгааны цогцыг дагана гэсэн үг. Жишээ нь, мөнх бусын (шалтгаан, нөхцөлөөс үүдсэн бүхэн эгшин хором бүрт өөрчлөгдөн хувирдаг ба эцэстээ эвдэрнэ) хуран мэдэл төрүүлэх учир шалтгаануудыг дурьдсан сургаал байж болно, эсвэл хоосон чанарын (юмс бүхэн байж боломгүй оршихуйгаар хоосон) хуран мэдэл төрүүлэх учир шалтгааны цогцыг агуулж болно. Ийнхүү учир шалтгааны ухаанаар шинжлэн бодсоноор мөнх бус, хоосон чанар нь шалгагдсан ноттой юм хэмээн итгэж үнэмшихээс гадна учир шалтгааны шалгадаг ухаанаар мөнх бус, хоосон чанар бол үнэн хэмээн нотлодог болоход итгэнэ. Үүнээс гадна учир шалтгааны ухаанаар тунгааснаар мөнх бус, хоосон чанарыг ухаарсан зөв, тодорхой хуран мэдэл төрөх юм байна гэдэгт итгэнэ. Итгэж үнэмшинэ гэдэг бол тунгаан бодох алхамын нэгэн хэсэг гэдгийг санаарай.         

Түүнчлэн, сэтгэлийн тодорхой эрдэм увидаст учир шалтгааны ухаанаар бус харин зэргэмж дарааллаар хүрч болно. Жишээ нь, бодь сэтгэлийг төрүүлэхэд зоривол тэгш сэтгэлийг төрүүлэх, дараагаар амьтан бүхнийг урьдын төрлүүдийн эх хэмээн харах, эхийн хайраар ачилж явсаныг санах, тэр ачийг хариулъя гэх зэргээр зэргэмж дарааллаар эрдмийг олно.  Эдгээр эрдмийг дараалан олсоор зорьж буй бодь сэтгэлийг олно хэмээн баттай итгэн зэргэмжүүдийг дараалуулан бүтээнэ. Энэ нь мөн бодож тунгаах ёс юм.

Бодож тунгаах явцдаа сэтгэлдээ төрүүлэхэд зорьж буй тэрхүү эрдэм увидас нь чухам юу билээ гэдгийг сайтар ухаарах ёстой. Зарим бясалгал аливаа орон дээр, жишээ нь, Бурханы дүрийг дүрслэн бүтээгээд түүндээ тогтож төвлөрөхөд чиглэнэ. Бурханы дүрийг сэтгэлдээ дүрслэн бүтээх бясалгал бол тогтож төвлөрөх бясалгал бөгөөд үүний зоригдол нь гэрлээс бүтсэн гурван хэмжээст Бурханы багахан дүрийг өөрийн өмнө, нүдний түвшинд бодитой заларч байна зэргээр тухайлсан орон дээр төвлөрөх гэдгийг мэдэх хэрэгтэй.  

Түүнээс гадна, асрал зэрэг тухайлсан эрдэм төрүүлэх бясалгалууд бий. Асрал бол тогтож төвлөрөх орон бус, харин бид өөрт төрүүлж буй сэтгэл юм. Тэгэхээр ямар төрлийн бясалгал хийхээ буюу ямарваа нэгэн орон дээр тогтох уу, эсвэл ямар нэгэн сэтгэл төрүүлэх үү гэдгээ мэдэж байх ёстой. Чухам юунд зоригдож байгаагаа мэддэг байх хэрэгтэй.

Богд Зонхав энэ хоёр бясалгалын аль алинд дараахь хоёр зүйлийг сайтар анхаарах ёстой хэмээн онцгойлжээ: 

  • Эхэнд нь, сэтгэлд ургах орон тодорхой байх ёстой. Энэ нь Бурханыг дүрслэн бүтээх бясалгал уу, асралын бясалгал уу зэргээр бясалгалаар сэтгэлд ургах орон юу вэ? 
  • Удаахид нь сэтгэл тухайн орноо хэрхэн барьж байгааг, хэрхэн таньж байгааг мэдэх хэрэгтэй.

Дээрхи хоёр нь тодорхой бус байвал бүтээхийг хүсэж буй сэтгэлийг хэрхэн төрүүлж чадах билээ? 

Жишээ нь, нигүүлсэхүй сэтгэл. Нигүүлсэх сэтгэлийг хэнд төрүүлэх вэ? Сэтгэлд ургах орон нь юу вэ? Нигүүлсэх сэтгэлийг бясалгах үед сэтгэлд ургах орон бол зовж бэрхшээж буй амьтан юм. Сэтгэлдээ тэдэнд, ялангуяа тодорхой хэлбэл тэдний зовлон болон зовлонгийн шалтгаанд тогтон төвлөрнө. Сэтгэл эдгээр орныг хэрхэн барих вэ?  Амьтныг зовлон, түүний шалтгаанаас ангид байгаасай хэмээх чин хүсэл болон үүнийг нь би өөрөө үйлдье гэх санаагаар сэтгэл эдгээр орныг барина. Ийнхүү сонссон болон уншсан сургаал номоо бодож тунгааснаар сэтгэлдээ төрүүлэхийг хүсэж буй сайн эрдмийг ихэд тодорхой мэдэж ухаарах юм.

Хэрэв бодь сэтгэлийг бясалгах гэж байгаа бол бясалгалын үед сэтгэлээ хэрхэн агуулах талаар сайтар бодож тунгаагаад тодорхой болгох хэрэгтэй. Бодь сэтгэлийг нигүүлсэнгүй сэтгэлтэй хольж хутгах нь олонтаа тохиолддог. Гэтэл бодь сэтгэл, нигүүлсэнгүй хоёр ижил бус. Бодь сэтгэлийн суурь нь нигүүлсэнгүй сэтгэл ба бодь сэтгэл бусдыг зовлонгүй, зовлонгийн шалтгааныг бүтээхгүй байгаасай хэмээн хүсэхээс хавьгүй чанад сэтгэл юм. Энэ сэтгэл хамаг амьтныг гэгээрүүлэхийг хүсэн, тэрхүү үүргийг өөртөө авах сэтгэлээс ч чанадын сэтгэл. Гэсэн ч эдгээр сайн хүсэл ерөөл, хуран мэдлүүд нь бодь сэтгэл дөрөөлөн төрж арвиддаг буянт сайн сэтгэлүүд мөн. Асрал хайр, энэрэл нигүүлслийн суурь бидэнд байх ёстой юм.  

Дэвсгэр суудал дээрээ суугаад бодь сэтгэлийг бясалгах үед чухам юун дээр төвлөрөх вэ? Бид бүхний бурханд бүтэх мөн чанарт, тэр гэгээрэлд хүрэхийн тулд гаргах ёстой хичээл шамдалд суурилан ирэх эдүгээ хүрчихээгүй байгаа өөрийн гэгээрлийн хутагт төвлөрнө. Бурханд бүтэх мөн чанар бол бид бүгдэд байдаг, Бурханы хутагт хүрэх чадавхийг агуулсан бэлгэ чанарууд ба үүнд сэтгэлийн хиргүй ариун мөн чанар гэх мэт байна. Бид Шагжамуни бурханы гэгээрэлд төвлөрөхгүй. Ерөнхий нэгэн хийсвэр гэгээрэлд ч тогтон төвлөрөхгүй, харин одоо олоогүй байгаа яг өөрийн гэгээрэлд тогтох юм.

Тэгвэл одоо олчихоогүй байгаа тэр өөрийн гэгээрэлд хэрхэн төвлөрөх вэ? Энэ тийм ч амар хялбар бус. Юун түрүүнд энэ чухам юу гэсэн үг болохыг, одоо тохиолдоогүй тэр юмс  үзэгдэл нь ямар үзэгдэл болохыг ойлгох хэрэгтэй болно. Жишээлбэл, эдүгээ боловсорч гараагүй байгаа тэр үр дагавар боловсорч гарахад бэлэн үр хөрөнгөндөө хадгалагдаж байдаг уу? Эсвэл одоо боловсорч гараагүй байгаа үр дагавар үр хөрөнгөндөө огт оршдоггүй юм уу?   

Эдүгээ олоогүй байгаа гэгээрлийн хутагт тогтон бясалгахдаа чухам юунд төвлөрч буйгаа тодорхой ойлгохын тулд хоосон чанарыг ухаарах зайлшгүй шаардлагатай болно. Бидний хүрчихээгүй байгаа тэр гэгээрэл нь уралдаж очоод ордог бариа шиг хаа нэгтээ хүлээгээд байж байдаг юм биш. Мөн тэрчлэн сэтгэлийн хаа нэгтээгээс, эсвэл Бурхан болж бүтэх мөн чанараас гэнэт гарч ирэх гээд хүлээж байдаг ч юм биш. Ийнхүү олж зааж болох орон биш. Гэтэл нөгөө талаас, ямарваа огт оршдоггүй, юу ч үгүй хоосон дээр тогтож төвлөрөөд байгаа юм биш. Харин эдүгээ хүрээгүй байгаа гэгээрлийн хутаг нь Бурханд бүтэх мөн чанарт суурилаад шалгадаг оюунаар сэтгэлийн үргэлжлэлд өгч болох нэрийтгэл юм. Тэгвэл зохист суурийг шалгадаг оюунаар нэрийднэ гэж юуг чухам хэлж байна вэ гэдгийг ойлгож ухаарах хэрэгтэй болно.       

Эдүгээ хүрээгүй байгаа тэрхүү гэгээрлийн хутагт тогтож төвлөрөхийн тулд сэтгэлд гэгээрлийг илэрхийлэн ургах ямарваа төсөөлөл дүр дээр тогтох хэрэгтэй болно. Жишээлбэл, “гэгээрэл” хэмээх үгийн дуу авиаг төсөөлөх юм уу, эсвэл өөрийн өмнө ямарваа Бурханыг дүрслэн бүтээж болно. Тарнийн ёсонд өөрийгөө Бурханы дүрд бүтсэнээр бясалгадаг. Эдгээр жишээн дээр сэтгэлд урган үзэгдэж байгаа сэтгэл дэх дуу авиа эсвэл дүрийн аль алиныг эдүгээ хүрээгүй буй гэгээрлийн дүр хэмээн санах хэрэгтэй.    

Тэгвэл сэтгэлд урган үзэгдэж буй орон дээр сэтгэл хэрхэн тогтож төвлөрдөг вэ? Сэтгэлд урган үзэгдэх сэтгэлийн орны дүрээр төлөөлж буй эдүгээ хүрээгүй өөрийн гэгээрэлд тогтож бясалгахдаа хоёр санааг агуулна. Үүний эхнийх нь, “Би гэгээрлийн хутагт хүрье” хэмээх юм. Тэгвэл энэхүү гэгээрэлд хүрье хэмээх санаа төрөх нь бид сайтар тунгаан бодож , ухаарсан байх ёстой өөр олон зүйлээс хамаардаг юм. Гэгээрэлд хүрэхийн тулд чухам яах ёстой вэ гэдгийг сайн мэддэг байх хэрэгтэй. Зүгээр л нэг “би гэгээрчихье” гэсэн санаа байж болохгүй. Хэрхэн яаж хүрдэг, бас тэрчлэн бид гэгээрэлд хүрч чадна гэдгийг мэддэг байх ёстой юм. Гэгээрлийн хутагт хүрнэ гэсэн шалгадаг оюуны санаатай байх ёстой болохоос үгүй бол гэгээрэлд хүрнэ гэдэг нь сайхан мөрөөдөл төдий болж орхино. Мэдээжээр, гэгээрэл гэж чухам юу болохыг зөв зүйтэй ойлгож ухаарах ёстой ба энэ нь тийм ч хялбархан ойлгочих зүйл биш. Ингээд энэ бүх ойлголтыг энэхүү хоёр дахь ёсон, бодож тунгаахаар олж авна.  

Сэтгэлдээ ургуулсан орон дээр тогтож байхдаа агуулж байх хоёр дахь санаа бол гэгээрлийн хутагт хүрээд бусдын тусыг ихээр бүтээе гэх юм. Эцсийн эцэст гэгээрэл гэдэг бол бүхнийг чадагч эзэн тэнгэр болно гэсэн үг биш. Бүгдийн тусыг бүтээж чадах эсэх нь бодь сэтгэлийн суурийг тавих буюу өмнөх зэргэмжүүд асрал, нигүүлслээс хамаарах нь зайлшгүй. Бусдыг зовлон болгоноосоо хагацаасай, үүрдийн амгалан жаргалантай байгаасай хэмээн хүсэж буй тул тэднийг гэгээрэлд хүргэх үүргийг авна.

Бодож тунгаахад цаг хугацаа, хичээл шамдал хэрэгтэй. Гэвч төгсгөлд нь, ямар сэтгэлийг бүтээх вэ, тэрхүү эрдмийг хэрхэн төрүүлэх вэ гэдгийг  тодорхой бөгөөд баттай ойлгож мэднэ. Мөн сэтгэлийн тэр эрдмийг төрүүлж чадна гэдэгт, түүнийг төрүүлснээр ихэд ач тустай гэдэгт бүрэн дүүрэн, ноттой итгэнэ.

Энэхүү бодож тунгаах үйл явц нь бясалгал мэт харагдаж болох ч уламжлалт тодорхойлолт ёсоор бол бясалгал биш юм. Энэхүү нэр томъёотой төдийлөн дасал болоогүй Өрнөдийнхөн бодож тунгаах үйлийг “бясалгал” хэмээж болох ч энэ бол буруу. Бодож тунгаах болон бясалгахын хоорондын ялгааг бид сайтар тодорхой болгох хэрэгтэй.  

Бодож тунгаах нь ихэд тустай бөгөөд сургаал номыг хэдийд ч гэлээ энэ адилаар тунгаан бодож болох билээ. Үнэн хэрэг дээрээ өдөр тутамдаа өөр юу ч хийж байлаа гэсэн энэчлэн үйлдэх нь ихэд тустай. Жишээ нь, замын хөдөлгөөнд бөглөрч явахдаа, энэ нөхцөлд асрахуй мэтийн тухайлсан эрдмийг хэрхэн хэрэглэх вэ гэж санаж болох юм. Энэ нөхцөлд ямар ач холбогдолтой вэ? Тус нь юу байх вэ? гэх мэт. Энэ мэтээр байнга санаж байх хэрэгтэй.

Бясалгал

Ингээд гурван ёсны сүүлчийн бясалгалд хүрлээ. Бясалгал бол зажилсан хоолоо шингээхтэй төстэй. Бясалгалын зорилго бол ямарваа буянт сайн сэтгэлийг сайтар бодож үзээд, ойлгож ухаараад, төрүүлж чадна хэмээн итгэж үнэмшсэний дараагаар, өөрийн дадал зуршил буюу өөрийн сэтгэлтэй нэгэн болгон бүтээх явдал юм. 

Бясалгал бол хоёр талтай үйл явц юм. Эхнийх нь “ажиглах бясалгал”. Үүнийг мөн “шинжлэх бясалгал” гэж хэлдэг, “шинжлэх” гэхээр бодож тунгаахтай эндүүрэх вий. Тиймээс “ажиглах” хэмээвэл илүү тохирох мэт надад санагддаг. Энэ тохиолдолд “ажиглах” гэдэг нь аливааг сайтар ойлгож ухаарахын тулд ихэд анхааралтай нягтлан шинжлэх юм. Бясалгалын хоёр дахь төрөл нь нэгэн үзүүртэй тогтох бясалгал ба энд тухайн сэтгэлийг тогтоож бариад түүн дээрээ төвлөрнө. Энэхүү хоёр дахийг нь “амарлин орших бясалгал” гэдэг.       

Эхний ажиглах шинжлэх бясалгалыг хэрхэн үйлдэх вэ? Бодох явцад тухайн сэтгэлийг төрүүлэх учир шалтгааныг эсвэл зэргэмж дарааллыг нь тоочин тунгаан санасан. Өөрт төрүүлэхийг хүсэн зорьж буй тухайн сэтгэлийг сайтар ухаарч ойлгох, түүнийг хэрхэн төрүүлэхийг мэдэхийн тулд ийнхүү бодож тунгаасан. Одоо бол ажиглан бясалгахдаа тэрхүү сэтгэлийг төрүүлэх учир шалтгаан эсвэл зэргэмж дарааллыг ахин шинжилнэ. Гэхдээ ийнхүү ажиглан шинжлэх нь тухайн сэтгэлийг өөртөө төрүүлэхийн тулд, сэтгэлдээ шинэ сэргэг агуулахын тулд юм. Жишээлбэл, амьтан тус бүрийг нигүүлсэх сэтгэлийг төрүүлэхийн тулд, “амьтан бүхэн миний эх болж явсан, амьтан бүхэн надад ачтай байсан ...,” гэх мэтээр учир шалтгааныг нь дурьдан, тухайн зорьж буй сэтгэлээ төрүүлэн, бодитой мэдрэхээр шамдана.

Өөрт дадал зуршил болгохоор зорьж буй сэтгэлийг төрүүлэхээр ийнхүү зэргэмж дараалан бясалган бүтээхдээ бясалгалын орноо идэвхитэйгээр ажиглан шинжилнэ. Жишээ нь, бид нигүүлсэх сэтгэлийг бясалгаж байвал хамаг амьтан ялангуяа тэдний зовлон бэрхшээлийг онцгойлон санаж төвлөрнө. Бид амьтныг зовж байгааг, тэднийг зовлонгүй байгаасай хэмээн хүсэж байгаагаа, зовлонгоосоо хагацахад нь туслая хэмээх санаагаа нягтлан ажиглана. Амьтныг бодитойгоор сэтгэлдээ тэр адилаар харж болно эсвэл жинхэнэ амьдрал дээр хүмүүсийг хараад энэ адилаар санаж болно. Нигүүлсэнгүй сэтгэл бол бусдыг, тэдний гаслан зовлонг санаад, тэднийг зовлонгүй байгаасай хэмээн хүсэх сэтгэл юм.   

Ийнхүү хэсэг идэвхитэй ажиглан шинжилнэ. Дараагаар нь амарлин тогтох бясалгал нь ажигласнаа шингээн буулгах, тухайн сэдэв эсвэл сэтгэл дээр бүрэн дүүрэн төвлөрч тогтох явдал юм. Ажиглах бясалгалын үед тогтож төвлөрөх ёстой гэдэг нь зайлшгүй ч амарлин ахуйд тухайн мэдэрснээ сэтгэл зүрхэндээ гүн гүнзгий буулган шингээх ба нигүүлсэхүйг ихэд хүчтэй мэдэрнэ гэсэн үг.      

Эдгээр ажиглах, амирлах хоёр төрлийн бясалгалыг ахин дахин ээлжилсээр яваандаа сайтар найралдуулдаг болно. Ажиглах, амирлах бясалгалыг найралдуулан хослуулах машид бэрх. Хооронд нь хослуулан нэгтгэх зэргэмж дарааллын тухай сургаал ихэд төвөгтэй. Үүний талаар нарийвчлан мэдье гэвэл манай цахим хуудаснаас уншаарай.     

Түүнчлэн, сайтар ахиж дэвшээд ирэхээр “хүчлэн бясалгах” шаардлагагүй болно. Энэ нь тухайн сэтгэлийг төрүүлэхийн тулд зэргэмж дараалан бясалгахыг хэлж байна. Ахиц дэвшил арвидахын хэрээр шамдалгүйгээр ажиглан бясалгаж чадна. Зоригдож буй сэтгэлийн эрдмийг зэргэмж дараалал, учир шалтгаангүйгээр шууд төрүүлж чаддаг болно гэсэн үг. Гэвч ажиглах бясалгалыг хүчлэн шамдаж үйлдэхтэй адилаар барих орноо ажиглан шинжлэхийн тулд тухайн сэтгэлийг ашиглана.

Бясалгалын төрлүүд

 Ихэнхдээ хоёр төрлийн бясалгалын тухай яригддаг. Самгардиар тэдгээрийг “шаматха”, “випашяна”, түвдээр “шинай”, “лхагтон” хэмээнэ. Эдгээр нь бясалгалаар хүрэхийг зорьж буй сэтгэлийн хоёр эрдэмийг илэрхийлж буй нэр томъёо юм. Шаматха бол тогтуун, нэгэн үзүүртэй орших сэтгэл. Тогтуун гэдэг нь ийм сэтгэлд бүхий л живэл будангуйрал бөгөөд догшрол үймцээн (өөр бусад орон руу үсчих сэтгэл) намжсан гэсэн үг. Шаматха бол нэгэн үзүүрт гэдэг нь нэг оронд баттай тогтож оршсон гэсэн үг. Тэгэхээр энэ бол амарлин орших бясалгал байна.    

Энэхүү тогтуун бөгөөд нэгэн үзүүрт сэтгэлийг төрүүлэхийн тулд амьсгал, Бурханы дүр зэрэг олон зүйл дээр тогтож төвлөрч болно. Тогтох орон олныг дурьдаж болно.

Шаматха бясалгалыг үйлдэхэд ч мөн эш номыг нь сонсож, зэргэмж дарааллыг нь бодож санах хэрэгтэй. Жишээ нь, Бурханыг дүрслэн бүтээж бясалгах бол алхам алхамаар хэрхэн дүрийг бүтээх номыг эхлээд сонсоно. Дараагаар нь эхэнд нь хэрхэх, дараа нь яах зэргийг бодно.  

“Випашяана” бол үлэмж үзэх мэдэл юм. Энэ нь юмсыг ихэд үлэмж мэддэг ухаан мэдэл. Тэгэхээр випашяна бясалгал нь ажиглан шинжлэх бясалгалыг онцгойлно. Випашяна эрдмийг олно гэдэг бол мөнх бус, хоосон чанарын утгыг, гэвч зөвхөн эдгээрийн нэгийг бус, ажиглан шинжилдэг үлэмж үзэх ухаанд хүрнэ гэсэн үг. Ханьцашгүй дээд тарнийн ёсонд (ануттара иога) энэхүү випашяна буюу үлэмж үзэхүйг төрүүлэх нэг арга бол хамрын үзүүр дээр жижиг цэг эсвэл дуслыг дүрслэн бүтээнэ. Дараагаар тэрхүү цэгийг алдалгүйгээр удаахь эгнээнд хоёр, дараа нь дөрөв, найм, арван зургаа, гучин хоёр гэх мэтээр дүрслэн бүтээнэ. Тэдгээрийг сайтар эмх цэгцтэй агуулаад, дараагаар дараалуулан шингээн хураана. Энэ адилын бясалгалаар ихэд хурц, үлэмж үздэг оюуныг төрүүлэх юм. Хэрэв та энэ адилын сэтгэлийг сайтар ахиулан хөгжүүлье гэвэл дусал тус бүрт өөрийн бясалган бүтээж буй идам бурханы хот мандалыг бүх идам бурхадын хамтаар ихэд нарийвчлан дүрслэн бүтээх бясалгал бий. Үүнд хүрэх юм бол үлэмж үзэх сэтгэл төрлөө гэсэн үг!

Шаматха, випашяна хэмээх энэ хоёр төрлийн бясалгал Бурханы шашны бүх ёс уламжлалд болон Энэтхэг дэх Бурханы шашны бус ёс уламжлалуудад ч бий. Бага Хөлгөний ёсонд бол эдгээрийг Пали хэлээр “саматха”, “випассана” хэмээдэг. Эдгээр нь мөн Зен ёсонд ч бий. Жишээ нь, Солонгосын Зен бурханы шашин болох Сон бурханы шашинд, “Энэ юу вэ?” гэдэг нэгэн оньсого (коан) бий. “Энэ юу вэ?” гэдэгт тогтож төвлөрөх нь “Энэ бол ширээ, энэ бол аяга” гэх мэтээр хариулахдаа биш юм. Харин сэтгэлд “гүн гүнзгий эргэлзэл” төрж, “энэ юу вэ?” хэмээн бодит байдлыг үргэлжид лавлана гэсэн үг.  Үүгээр сэтгэлд үлэмж үзэхүй төрнө.

Түвдийн ихэнх лам багш нар Зен ёсны талаар мэддэггүйг нь харуулах хөгжилтэй түүх байдаг. Зен ёсны нэгэн их багш, Калу Ринбүүчитэй уулзсан түүх алдартай болж үлджээ. Зен багш нэгэн жүрж барьж харуулаад Калу Ринбүүчигээс “Энэ юу вэ?” гэж асуухад нь Калу Ринбүүчи орчуулагч руугаа гайхангуй хараад “Яагаад асуугаад байгаа юм, эдний улсад жүрж байдаггүй юм байхдаа?” гэсэн гэдэг.  

Тэгэхээр шаматха болон випашяана бясалгал гэж байна. Шаматха буюу амарлин ахуй бол есөн шатыг дамжин төрөл бүрийн анхаарал тэргүүтнийг төрүүлж хүрдэг төгс төгөлдөр нэгэн үзүүрт төвлөрөл юм. Үүгээр зогсохгүй шаматха нэгэн үзүүрт сэтгэлээс гадна “ихэд баясгалант сэтгэл” мөн. Үүнийг номонд “машид боловсорсон” сэтгэл гэдэг. Нэгэн үзүүртэйгээр төвлөрөхийн хамтаар бие, сэтгэл боловсорсноор баясангуй байх юм. “Машид боловсорсон” гэдэг нь сайтар бэлтгэгдсэн тамирчин лугаа төстэй.

Миний багш Ценшаб Серкон Ринбүүчи шаматха сэтгэлийг олсон байхад яг л том хөлөг онгоцтой болсон мэт, газарт буулгавал тэндээ зогсож байна, тэнгэрт хөөргөвөл нисэж одно хэмээн тайлбарладаг байв. Энэ бол хүссэн зүйл дээрээ хэдий хугацаагаар ч хамаагүй тогтож төвлөрч чаддаг болно гэсэн үг. Бие ч ядрахгүй, сэтгэл оюун ч туйлдахгүй, ихэд боловсорч баясал төрүүлнэ. Шаматха бол машид баясгалантай, өөдрөг, баяр хөөртэй сэтгэл юм. Баяр хөөртэй гэдэг нь кинон дээр гардаг шиг дуулж бүжиглээд гудамжаар гүйж харайн хөөрч баярлана гэсэн үг биш. Шаматха төрсөн сэтгэл ихэд хурц, сайтар бэлтгэгдсэн тамирчин адил байх юм.

Випашяана бол шаматха сэтгэлд дулдуйдан төрдөг гэдгийг тодорхой болгох нь чухал. Нэгэн үзүүртэй төвлөрсөн бөгөөд сайтар боловсорсон амарлингуй сэтгэл дээр нэмэгдэн хоёр дахь боловсорсон сэтгэл төрөх нь үлэмж үзэхүй юм. Энэ сэтгэл нь бүхнийг ухаарч ойлгон, ажиглахад боловсорсон сэтгэл мөн.

“Урган гарах бясалгал” гэгдэх бас нэгэн төрлийн бясалгал бий. Ямарваа нэгэн бясалгалыг үйлдэх үедээ байн байн Бурханы номын бүтэн гүйцэд мөрийг санан дурьдаж байх ёстой. Үүний зорилго нь бясалгаж буй номоо газар мөрийн хаана буйг санан дурьдах ба ингэснээр нэгэн номыг бусдаас илүүд онцгойлох эсвэл орхигдуулан хаяхгүйн тулд юм. Тэгэхээр мөрийг ургуулан бясалгана гэдэг нь мөрийг бүрэн гүйцэд дурьдан санах, тоймлон харах бясалгал болно.

Олон жилийн тэртээ би Дээрхийн Гэгээнтэн Далай ламын эмч Тэнзин Чойдогтой хамт Москва хотод очиж билээ. Бид Чернобылийн цацрагт хордсон хүмүүсийг түвд анагаах ухаан, эмээр эмчлэх нэг төсөл дээр ажиллаж байлаа. Биднийг их сайхан зочид буудлуудад буулгаж, Эрүүл мэндийн яамны албаны хүмүүс дагалдан явдаг байв. Бас биднийг оросын алдарт цайллаганд олонтаа урьдаг байлаа. Тэр үед Тэнзин Чойдог эмч хятадын хорих газар хорин жил хоригдсоныхоо дараа арай гэж Түвдээс гараад Энэтхэгт ирчихээд байсан юм. Тиймээс нөгөө долоон янзын хоол ирдэг цайллаганы нэгдүгээр хоол ирэхэд түүнд хичнээн их сануулсан ч нэмэргүй эхний хоолноос дүүртлээ идчихдэг байв. Дараагийн долоо хоногийн турш тэрнээс өөр хоол олдохгүй юм шиг л идчихнэ. Ингээд дараагийн зургаан төрлийн хоолноос алинаас нь ч амсаж чадахгүй болтлоо цадна. Үүгээр мөрийг ургуулан бясалгаснаар чухам ямар нөхцөл байдлыг тэвчиж байгаа болохыг зүйрлүүлж байна. Ургуулан тоймолж долоон хоолны цэсийг санавал “хэтрүүлэн идэхгүй” буюу мөрийн нэг номыг хэтийдүүлэн бясалгахгүйн тулд юм. Энэ нь эхний хоолноосоо бялуураад ахиад юу ч идэж чадахгүй болохтой л адил.     

Ямарваа нэгэн сэтгэлийг төрүүлэх хоёр төрлийн бясалгалыг би энд дурьдлаа. Гэвч Бурханы шашинд үйлддэг бясалгалууд зөвхөн эдгээр бус билээ. Өөр зарим бясалгалын жишээ бол Гаржүдийн ёсны сэтгэлийн мөн чанарын бясалгалууд, Зен ёсны зарим бясалгалууд гэх мэт байна. Эдгээрт, ямарваа сэтгэлийг төрүүлэн бүтээхийн оронд сэтгэлийг тогтоон агуулаад сэтгэлд хамт төрсөн асрал, тодорхой тунгалаг гэх мэт төрмөл эрдэмд нь хүрэх бясалгал юм. Гэвч хэдий энэ төрлийн бясалгалыг үйлдэвч эхлээд ном зааврыг сонсоод, дараа нь тэдгээрийг ухаарч ойлготлоо тунгааж бодох хэрэгтэй болно.  Тогтоон агуулснаар хүрч буй тухайн сэтгэл юунд суурилж байгааг, ямар сэтгэлд хүрэх гэж буйг, эхэнд нь яах, дараагаар яах гэх мэтийг мэдэж байх ёстой. “Тогтоон агуулах” төрлийн бясалгалын бүтэц нь “төрүүлэн бүтээх” бясалгалтай ижил.

Бясалгалд зохилдох орчин

Бясалгалын хэмжээ ямар байх, бясалгалын орон газрыг хэрхэн засах, шалаа шүүрдэн, өрөөгөө цэвэрлэх болон мөргөл үйлдэх, тахил тавих зэргийн талаар дэлгэр тайлбар байдаг бөгөөд эдгээр нь бясалгал үйлдэх зохистой орчныг бүрдүүлэхэд ихэд чухал юм. Бясалгахад зохистой орчин, тохирсон нөхцөл, ялангуяа суудал дэвсгэр, тайван, цэвэр орчин чухал хэдий ч айхтар нарийн боловсронгуй байх шаардлагагүй. Элдэв алтан хэрэгсэл, хүж, намдуухан ая гэх мэтийн зүйлсэд мөнгө үрэх шаардлага байхгүй. Мил богдод энэ бүхэн байгаагүй нь тодорхой боловч тэрээр бясалгал нь ихэд амжилттай байсан юм. Бясалгалын орчноо аль болох аятай байлгах ч зөвхөн бусдад сайрхахын тулд хэтэрхий чамирхах хэрэггүй.          

Тэрчлэн хаа ч байсан бясалгаж чаддаг байх хэрэгтэй. Удаан хугацаагаар галт тэргээр аялах болбол “Усан тахил тавьж, хүж уугиулж, сунаж мөргөж чадахгүй юм чинь бясалгахгүй” гэж болохгүй. Багахан чадварлаг болоод ирэхээрээ галт тэргэнд, дараалалд зогсож байхдаа гэх мэтээр хаа ч бясалгаж чаддаг болно. Өдөр тутам, бясалгалын завсар хоорондуур бусдыг асарч, нигүүлсэхийг санан дурьдаж байх нь бясалгал мөн биз дээ?

Бясалгахын гол утга учир нь сургаал номыг сэтгэлдээ найралдуулан, өөрийн болгоод, өдөр тутамд түүнийгээ хэрэгжүүлэн ном ёсоор амьдрах явдал. Харин бясалгал, амьдрал хоёр саланги тусгаар байх юм бол сонирхол хобби төдийгөөс цаашгүй болно. Ялангуяа тарнийн ёсны сонин этгээд дүрслэн бүтээх бясалгал хийгээд байвал бясалгал тань Диснейланд орох, ямар нэгэн мөрөөдлийн орон газар хүргэх аялал адил болж амьдралтай ямар ч холбоогүй болж хувирна. Ингээд улмаар сэтгэл санаа тогтворгүй болж, бясалгалаас амьдралд гарах үр дүн тун бага байх юм. Тэгэхээр бясалгахын утга учир нь өөрт хэрэгжүүлэх гэдгийг санаарай.       

Ингээд хаа ч байлаа гэсэн бясалгахдаа эхэнд нь сэдэл санаагаа төрүүлэн бататгаад, тогтож төвлөрнө хэмээн баттай санан шийднэ. Хэрэв сэтгэл сатаарч сарнивал буцаан тогтооно. Хэрэв нойр хүрвэл сэргээнэ. Төгсгөлд нь хураасан эерэг сайн эрч хүчийг зориулна. Бясалгал үйлдэн хураасан буянт сайн эрч хүчийг зориулахгүй бол бясалгасан хичээл шамдлаар бидний сансар хорвоогийн нөхцөл л сайжрахаас цаашгүй. Тэрхүү хураасан буянаа гэгээрэлд, хамаг амьтны тусад зориулах нь зүйтэй.

Ганцаараа болон бусадтай бясалгах нь

Зарим хүмүүс бясалгалыг тус тусдаа хийдэг. Хэдий орон хийдийн газар хуврагууд хамтдаа хурал уншлагаа уншдаг хэдий ч үнэн хэрэг дээрээ түвдүүд олноороо бясалгалд суудаггүй, ихэнхдээ тус тусдаа бясалгадаг. Харин өрнөдөд бид нийтээрээ хамтдаа бясалгадаг заншил тогтжээ. Ийнхүү олуулаа бясалгасны томоохон ач тус бол сахилга бат. Ганц нэгээрээ байхдаа бясалгалд суух сахилга бат гаргахдаа бид тааруу. Төлөвлөсөн цагаасаа хамаагүй урд бясалгалын тунгаа өндөрлөчихөөд байдаг бол өөр хүмүүстэй хамт суувал илүү дэг журамтай байна. Хамт байгаа хүмүүсээс ичиж зовох тул бага хөдөлж, тогтож сууна.    

Бусад хүмүүст сатаараад байдаг тул олуулаа бясалгахад тун таагүй ханддаг хүмүүс бас байдаг. Ялангуяа бясалгалын үеэр хэн нэгэн ханиалгах, хавчигнан хөдлөхөд тун тавгүйтдэг учраас ганцаараа тусдаа бясалгахыг тэд илүүд үзнэ. Ялангуяа хамтаараа дуу нийлүүлэн, зэрэг унших үед зарим нь ердийнхөөс хэт удаан уншихад залхан, бухимдана. Мөн эсрэгээрээ хэт хурдлаад уншчихвал бас л уурлаж бухимдана.     

Бие даан тусдаа юу эсвэл бусадтай хамт бясалгах уу гэдгийг өөрөө л шийдсэн нь дээр. Би өөр нэг юм уу хоёр хүнтэй цөөхүүлээ бясалгах үед нэгэн сонирхолтой зүйл ажигласан юм. Хэрэв нөгөө хүмүүстэйгээ ойр дотно бол хоорондоо сайхан нийцээд бясалгал тун амжилттай болох нь бий. Бидний эрч хүч харилцан нэмэгдэх шиг болно. Тэдэнтэй бясалгаснаар илүү эрч хүчтэй, саруул тодорхой болно. Харин үүний эсрэгээрээ цөөхүүлээ бясалгах үед хамт байгаа хүмүүсийн эрч хүч харилцан харшилдаж байвал эсрэг үр дүн гарна. Эвгүйцэн тавгүйтэж, сэтгэл будангуйран бүүдийнэ. Тэгэхээр бусадтай хамт бясалгавал хэнтэй хамт бясалгах вэ гэдгээ бодолцох нь зүйтэй.

Хичээл шамдал чухал болох нь

Машид чухал нэг зүйлийг сануулахад үргэлжид дээш доош болж байх нь сансар хорвоогийн мөн чанар юм. Тийм учраас бясалгал ч мөн адил жам ёсоороо дээшилж доошлох болно. Энэ бол өдрөөс өдөрт сайжирч байдаг дардан шулуун үйл явц биш. Заримдаа бясалгал сайхан болно, гэтэл бясалгаж чадахгүй өдөр ч байна. Зарим өдөр бясалгалд дуршина, зарим өдөр бясалгахыг хүсэхгүй. Энэ бол тун жирийн бөгөөд жам ёсны л зүйл. Ертөнцийн жам ийм л шүү дээ. Гол нь юу ч бодогддог байлаа гэсэн цаашид шамдаарай. “Би бясалгамааргүй байна” гэх бодол орж ирлээ ч яах вэ дээ? Зүгээр л бясалга. Хоёр, гурван минут ч байсан хамаагүй өдөр бүр бясалгаж таслахгүй байх л чухал. Ийнхүү тасралтгүй үргэлжлүүлэх нь номын мөрд тогтвор тууштай байхад ихэд тустай билээ.     

Ялангуяа эхэн үед бясалгалын тун урт байх хэрэггүй. Гурваас таван минут хангалттай. Үгүй бол “яасан дуусдаггүй юм бэ” гэж бодсоор дахин бясалгах дуршилгүй болчихно. Харин үргэлжлүүлэн бясалгахыг хүсэж байх тэр үедээ зогсоовол дахин бясалгахад дурлана. Энэ нь яг л хэн нэгэнтэй хамт байхад сайхан, салмааргүй байхдаа салцгаавал түргэн эргээд уулзахыг хүсдэгтэй адил. Харин тэдэнтэй ядартлаа удаан хамт байгаад, яваасай гэж санавал эргэн баяртай уулзах аргагүй. 

Ингээд төгсгөлд нь хэлэхэд бясалгалын цагаа бага багаар нэмээрэй. Уян хатан байх маш чухал шүү. Урьд хэлсэнчилэн нэг ч өдөр бясалгалаа тасалж болохгүй. Өдөр бүр бясалгавал тогтвор, найдвар, итгэл нэмэгдэнэ. Харин уян хатан байж, зарим өдөр бүтэн тунгаар суугаад, заримдаа цаг зав бага бол богинохон сууж болох юм. Гэвч өдөр бүр бага ч болтугай бясалгаарай. Хэт улайран өөрийгөө бүү ядраагаарай. Миний дуртай Зэн коан-д “Үхэл хэзээ ч ирж мэднэ. Тайван бай!” гэдэг юм.

Top