Боны ёс ба Төвөдийн Бурханы шашин

Удиртгал 

Энэ үдэш Боны ёс болон түүний Бурханы шашинтай холбогдох холбооны талаар ярихыг хүслээ. Дээрхийн гэгээн Далай лам Төвөдийн уламжлалт шашны ёсуудын талаар ярих үедээ Төвөдийн таван уламжлалыг байнга дурддаг: Нингма, Гаржүд, Сажа, Гэлүг, Бон. Дээрхийн гэгээний үздэгээр Боны ёс нь Төвөдийн Бурханы шашны дөрвөн дамжлагатай адил байр суурьтай байна. Дээрхийн гэгээн хүмүүсийн ялгааг ихээр хүлээн зөвшөөрдөг. Хүн бүр түүний байр суурьтай санал нэгддэггүй. Бурханы шашны багш нарын дунд Бон ёсны талаарх олон маш хачин ойлголтууд байсаар ирсэн, одоо ч байгаа. Барууны сэтгэл судлалын ухааны үүднээс, хүмүүс юмсыг гүнзгий түвшинд бодитойгоор бодож үзэхээсээ өмнө өөрсдийн зан чанарт байх эерэг талуудыг онцлохоор ихээр хичээх үедээ, нөгөө талыг дайсан болгоно. “Бид зөв зам мөрөөр явж байгаа сайн нөхдүүд, тэд эрлэг.” Харамсалтай нь, Боны ёсныхон Төвөдийн түүхэн дэх энэ ойлголтод уламжлал болон өртөж ирсэн. Бүгдээрээ үүний түүхэн учир шалтгааныг авч үзэцгээе. Үүнийг ямар нэг эргэлзэх зүйлгүйгээр Төвөдийн улс төрийн түүхийн нөхцөлд ойлгох хэрэгтэй. 

Боны ёс нь Төвөдийн дотоодод олон нийтийн зүгээс сөрөг хандлагатай, таагүй дүр зурагтай байсаар ирсэн нь ердөө үнэн. Барууныхан маргаанд нэлээдгүй татагдана, таагүй дүр зурагтай зүйл илүү сонирхолтой байдаг адил. Бусад ёсууд уйтгартай, шулуун. Мөн адил сонин ойлголт нь Боны ёс нь Төвөдийн Бурханы шашнаас илүү ер бусын гэнэ. Зарим барууныхан үүнийг ид шид олж харах зүйлээр харна, хүмүүсийн духыг өрөмдөн гуравдах мэлмийг нээх гэх мэт Лосанг Рампа маягийн зүйлүүдээр. Аль ч зөв биш. Бид Дээрхийн гэгээний адил илүү зөв ойлголттой авахыг хичээн Боны ёсыг хүндэтгэлтэйгээр харах хэрэгтэй. Боны ёсны талаарх нэг сөрөг үзэл хэрхэн төлөвшсөн болон түүний шашны зам мөрийн төлөвшилд хүргэх арга нь Төвөдийн Бурханы шашинтай хэрхэн холбогддогийг харахын тулд Төвөдийн түүхийг ойлгох нь чухал. 

Боны ёсны гарал үүслийг тогтоох нь – Шэнраб Миво 

Боны ёсонд үздэгээр түүний үндсийг Шэнраб Миво тавьсан бөгөөд тэрээр 30,000 жилийн тэртээ амьдарч байсан гэдэг. Энэ нь Чулуун зэвсгийн үеийн аль нэг үе. Энэ нь тэрээр нэг агуйн хүн байсан гэсэн утгатай гэж миний бие бодохгүй байна. Ямар нэг урт хугацааны турш оршин байсан зүйлд хүндэтгэл үзүүлэх нийтлэг хэлбэр нь түүнийг эрт үеийнх гэх явдал. Түүний амьдарч байсан бодит хугацааг батлах нь ямар ч тохиолдолд боломжгүй. Шэнраб Миво Омолунгригт амьдарч байсан. Энэ газрын тодорхойлолт нь Шамбал, Сүмбэр уул болон Кайлаш уулын талаарх ойлголтуудын хүрээнд байдаг мэт санагддаг. Энэ нь нэг боломжит шашин шүтлэгийн орны тодорхойлолт байна. Үүнийг Тазиг гэх нэг томоохон газрын хүрээнд байсан гэдэг. “Тазиг” гэдэг үг перс болон араб хэлэнд Перс эсвэл Арабыг илэрхийлсэн утгатай байна. Бусад тохиолдлуудад энэ нь нэг нүүдэлчин овгийг илэрхийлнэ. Боны ёсонд Тазигийг Жанг-жүнгийн хаант улсын баруун талд байсан гэж тодорхойлно, энэ нь Төвөдийн баруун нутаг. 

Энэ нь Боны ёсыг Төв азид, магадгүй Иран соёлын нутаг дэвсгэрт бий болсон болов уу гэсэн санааг өгдөг. Шэнраб Миво эртний Иран соёлд амьдарч байгаад Жанг-жунгт ирсэн байх боломжтой. Зарим хувилбарууд түүнийг МЭӨ XI – VII зууны хооронд нэг хугацаанд ирсэн гэдэг. Энэ мөн маш урт хугацааны тэртээд хамаарах бөгөөд дахин хэлэхэд эдгээр байр сууриудыг батлах ямар ч арга байхгүй. Тодорхой нэг зүйл нь Төвөдийн төв нутгийн Ярлүнг гүрэн байгуулагдах үед (МЭӨ 127 он) энэ нь аль хэдийн тэдний төрөлх уламжлал болох нэг зүйл байсан. Бид түүнийг тэр үед хэрхэн нэрлэдэг байсан талаар мэдэхгүй.

Ирантай холбогдох нь 

Ирантай холбогдох холбоо нь их сонирхолтой. Энэ талаар нэлээд их эргэцүүлэл байсаар ирсэн. Үүнийг зөвхөн Бон ёсны үзлийн үүднээс төдийгүй Бурханы шашны үзлийн үүднээс харах ёстой. Боны ёс болон Бурханы шашинд нийтлэг байх асар их мэдээлэл байдаг. Боны ёсныхон Бурханы шашинтнууд тэдгээрийг тэднээс авсан гэдэг бол Бурханы шашинтнууд Боны ёсныхон тэдгээрийг тэднээс авсан гэдэг. Аль аль тал нь өөрийг талыг эх сурвалж нь гэдэг. Энэ шийдэхэд хэцүү асуудал. Бид хэрхэн мэдэх вэ? 

Бурханы шашин Энэтхэгээс Афганистанд маш эрт дэлгэрсэн. Үнэндээ, Бурхан багшийн өөрийн шавь нарын хоёр нь афганистан хүн байсан бөгөөд Бурханы шашныг нутагтаа дэлгэрүүлсэн гэдэг. МЭ I, II зуунд Бурханы шашин Иранд мөн Төв азид дэлгэрсэн байдгийг бид мэднэ. Бурханы шашин тэнд дэлгэрч байсан. Бурхан багшийн заасан зүйлтэй маш төстэй санагдах санаанууд нь, тэдгээр нь Энэтхэгээс тэнд шууд дэлгэрэхээс өмнө,  Персийн нутаг орчмоос Төвөдийн төв нутагт ирсэн гэж Боны ёсонд хэлдэг бол тэдгээр санаанууд тус бүс нутагт байсан Бурханы шашин болон Ираны өөрийн соёлын санаануудын хослолоос гарсан байх нэлээд боломжтой.      

Котан 

Котан нь баруун Төвөдийн хойд хэсэгт байна. Та бүхний мэдэж байгаачлан, Төвөд маш уулархаг өндөрлөг газар. Тус өндөрлөг хэсгийн төгсгөлөөс хойшоо өөр нэг нуруу залгах бөгөөд энэ нь явсаар далайн түвшнээс доош, зүүн Туркистаны говь цөлийн бүсэд хүрнэ, энэ нь одоогийн Хятадын Шинжаан муж. Котан нь тус говь цөлийн бүсийн өмнөх нуруудын хормойд оршиж байсан. Энэ нь Иран соёлын бүс нутаг байсан; хүмүүс нь иран. Бурханы шашин болон худалдааны том төв байсан. Хэдийгээр төвөдүүд үүнийг халхлан бүх зүйл энэтхэг эсвэл хятад эхтэй гэж хэлэх боловч энэ нь Төвөдөд соёлын чухал нөлөө үзүүлсэн. 

Бүр төвөд бичиг котан цагаан толгойгоос эхтэй. Төвөдийн хаан Сонгцэн-гампо Котанаас төвөд хэлэнд зориулан бичиг үсэг авахаар сайдаа явуулж байсан. Котаны руу чиглэсэн худалдааны зам Кашмираар дамжих ба тэдний уулзах ёстой байсан котан багш тэнд байж таарсан. Ингээд тэд түүнээс бичгийг Кашмирт авсан ба ийнхүү тэд бичиг үсгийг Кашмираас авсан гэсэн тэр түүх гарсан. Тус бичгийг шинжилж үзэхэд энэ нь котан бичгээс эхтэй нь үнэндээ харагддаг. Мэдээж, котан бичиг энэтхэг эхтэй. Гол санаа нь Төвөд Котантай соёлын их холбоотой байсан явдал. 

Бон ёсны тайлбар энэ талаар маш итгэл төрүүлэхүйц байдгийг бид хардаг. Энэ нь Котанаас эхтэй байж болно. Энэ үүднээс бид Бурханы шашин нь Төвөдөд хоёр замаар дэлгэрсэн гэж хэлж болно: Котанаас эсвэл баруун Төвөдөд байсан иран соёлоос, хожим нь Энэтхэгээс. Өмнөх тохиолдолд, энэ нь Боны ёсны эхэн үеийн хэлбэрээр дэлгэрсэн байж болно. Бурханы шашин, ялангуяа, цогчэн нь аль аль талаас дэлгэрч, тал тус бүр нэг нэгнийхээ сургаалаас суралцсан байх нь нэлээд боломжтой. Энэ үнэнд илүү ойр байж болно. 

Орчлон ертөнц болон нас эцэслэсний дараах амьдралын тодорхойлолт 

Иран соёлын итгэл үнэмшлээс эхтэй Боны ёсны үзлийн нэг элемент нь орчлон ертөнц хэрхэн үүссэн талаарх тайлбар байна. Бурханы шашинд Сүмбэр уул гэх мэтийн тухай авч үзэх абидармын сургаал (Илт номын аймаг) байх боловч энэ түүний цор ганц тайлбар биш. Мөн Цагийн хүрдний тайлбар байх ба энэ нь өмнөхөөс бага зэрэг өөр. Боны ёсны эх зохиолуудад мөн абидармын тайлбар байх ба Бурханы шашинд байдагтай адил гэрэл ба харанхуйн дуализм гэх мэт иран тайлбартай нэлээд төстэй тодорхой талууд бүхий өөрийн онцлог тайлбартай байна. Зарим орос эрдэмтэд өөр өөр тэнгэрүүд болон биет төлөөллүүдийг нэрлэх төвөд болон эртний перс нэрүүдийн хоорондын төстэй байдлуудыг олж харсан байдаг. Иран тайлбартай холбогдох энэ холбоо нь тэдний илэрхийлж буй зүйл.    

Эртний Боны ёсонд нэлээд онцлог байх зүйл нь нас эцэслэсний дараа гарах амьдралын тухай, тэр дундаа завсрын төлөвийн талаарх ойлголт байна. Хаадууд нас барах үед нас эцэслэсний дараа гарах амьдрал руу явна . Тэдэнд тэдний аялалд шаардлагатай зүйлс хэрэгтэй байх тул амьтнаар, бүр хүнээр тахил өргөж байсан байх боломжтой байх ба энэ маргаантай. Мэдээж тэд зураг, хоол хүнс болон тэдний энэ насны амьдралын дараах аянд хэрэг болох бүх зүйлийг булшинд хийнэ. 

Төвөдийн Бурханы шашин нь завсрын төлөвийн талаарх энэ санааг авсан байдаг нь нэлээд сонирхолтой байдаг. Энэтхэгийн Бурханы шашинд завсрын төрлийн талаар дурдсан байх боловч үүнийг төдийлөн их онцолдоггүй. Харин Төвөдийн Бурханы шашинд завсрын төрөлд зориулсан зан үйл гэх мэт нэлээд зүйлүүд байна. Эртний Персийн соёлд нас эцэслэсний дараа гарах амьдралд бэлтгэх бэлтгэлийн талаар онцолсон байхыг бид мөн харна. Эртний Боны ёсны хувьд бидний итгэлтэй байж болох нэг тал нь оршуулгын зан үйл байх бөгөөд булшинд байх зүйлүүд нь нас эцэслэсний дараах амьдралын талаарх тэдний итгэл үнэмшлийг харуулна. Бид үнэндээ эртний хаадуудын хиргисүүрүүдийг шинжилж үзэж болно. 

Жанг-жунгийн соёлын нөлөө Төвөдийн төв нутгийн Ярлунг бүс нутагт орж ирэн маш эрт дээр үеэс эхлэн Сонгцэн-гампо хаан Төвөдийн анхны хаант улсыг байгуулах хүртэл хадгалагдсан байдаг. Тэрээр өөр өөр улсын гүнж нартай ураг барилдах байдлаар улс орнуудтай холбоо байгуулж байсан. Тэрээр Хятад болон Балбын гүнж нартай ураг барилдаж байсныг бид мэднэ. Мөн Жанг-жунгийн гүнжтэй ураг барилдаж байсан. Ийнхүү Төвөдийн энэ анхны хаан эдгээр соёл тус бүрийн нөлөөг хүртэж байсан. 

Энэ эхэн үеийн үеэр Бурханы шашны сургаал бүрнээрээ Төвөдөд дэлгэрч байгаагүй бөгөөд нөлөө нь үнэндээ маш бага байсан. Гэвч хаан газрын хэвлий дээрх олон өөр “хүчний цэгүүд” дээр Бурхан шашны сүм хийдүүдийг барьсан. Төвөдийн газар нутаг нь ар нуруугаараа хэвтэж буй шулмын дүрээр үзэгдсэн бөгөөд олон анагаах цэгүүд дээр сүм хийд барих нь тус сөрөг хүчүүдийг дарна гэж үзсэн. Шулмыг дарах гэх мэт юмсыг зүү төөнүүр тавьж анагаах адил ойлголтоор харах нь маш хятад хэв маягийн ойлголт. Энэ нь тэр үеийн Төвөдөд хэрэглэж байсан Бурханы шашны хэлбэр. Энд хамаарах зүйл нь Сонгцэн-гампо хаан Бурханы шашныг авч хэрэглэхдээ түүний өмнөх үед Ярлунгд хэрэглэж байсан Боны ёсны оршуулгын зан үйлийг хадгалж үлдсэн явдал. Үүнд түүний Жанг-жунгийн хатны нөлөө байсан нь илэрхий. Ийнхүү амьтнаар тахил тахих гэх мэт зүйлс бүхий тус оршуулгын зан үйл нь Бурханы шашны энэ эхэн үе хүртэл үргэлжилсэн. 

Боны ёсныхон газар заагдсан нь   

Ойролцоогоор 760 оны үед Сонгдэцэн хаан Энэтхэгээс Гүрү Ринбүүчи, Бадамжунайг урьсан. Тэд анхны хийд болох Самег байгуулж, сүм хийдийн нэг уламжлалыг эхлүүлсэн. Самед тэд нэг орчуулгын товчоотой байсан бөгөөд зөвхөн хятад, энэтхэг хэлнүүдээс төдийгүй тухайн цаг үед аль хэдийн нэг бичгийн хэл байсан нь илэрхий байсан жанг-жунг хэлнээс эх зохиолуудыг орчуулж байсан. Төвөд хэл бичгийн хоёр хэлбэртэй. Дармал бичиг нь Сонгцэн-гампо хааны Котанаас авсан бичиг. Намкхай Норбу Ринбүүчи гэх мэт эрдэмтдийн судалгаагаар Жанг-жунг нь нэг эртний бичигтэй байсан бөгөөд энэ нь Төвөдийн гар бичмэлийн суурь болсон гэдэг нь харагдана. Саме хийд дээр тэд булшилсан гэх мэтээр байсан байж болох Боны ёсны эх зохиолуудыг жанг-жунг хэлнээс өөрийн төвөд хэлэнд орчуулж байсан. 

Мөн Саме хийд дээр Энэтхэг болон Хятадын Бурханы шашны хооронд нэг алдартай мэтгэлцээн болж байсан байдаг ба тэр үед нэг шашны зөвлөл байгуулагдан, 779 онд Бурханы шашныг Төвөдийн төрийн шашнаар зарласан. Түүнээс хойш удалгүй, 784 онд Боны ёсыг хавчин гадуурхах болсон. Үүнээс тэр бүх дайсагнал эхэлсэн. Үүнд дүн шинжилгээ хийх нь чухал. Чухам юу болж байсан бэ? 

Хааны ордны хүрээнд Хятадын талыг баримтлах нэг фракц, Энэтхэгийн талыг баримтлах нэг фракц болон гадаадаас ангид хэт хуучинсаг уугуул нэг фракц байсан. Три Сонгдэцэн хааны эцэг нөлөө бүхий нэг хятад хатантай байсан бөгөөд улмаар олон талын бодлого дээр Хятадын талыг баримтлах болсон. Консерватив фракц хааны эцгийг улс төрийн зорилгоор хөнөөсөн. Үүнийг би хятадууд тус мэтгэлцээнд ялагдсаны нэг шалтгаан байсан гэж боддог. Тэд мэтгэлцээнд ялах арга юутай ч байгаагүй. Хятадуудад мэтгэлцэх уламжлал байгаагүй бөгөөд тэд Энэтхэгийн хамгийн сайн мэтгэлцэгч нартай таарсан. Тэдэнд ижил хэл байгаагүй, тэгвэл тэд ямар хэл мэтгэлцэж байсан юм бол? Бүгдийг орчуулж байсан. Мэдээж, энэ нь Хятадын фракцыг дарах улс төрийн оролдлого байсан. Хятадуудтай холбоотой байсан учраас хааны эцэг алагдсан. Ингээд, үүний зэрэгцээ, хаан гадаадаас ангид фракцыг мөн дарахыг хүссэн. Хааны улс төрийн эрх мэдэлд Энэтхэг фракц хамгийн бага аюул занал байсан. Ингээд консерватив фракц нутаг заагдсан. Эдгээр нь Боны ёсныхон байв.      

Ойлгомжгүй нэг зүйл нь хүмүүс Боны ёсныхныг хааны ордонд оршуулгын зан үйлүүд хийдэг байсан гэдэг явдал. Тэд газар заагдсан Боны ёсныхон биш. Газар заагдсан Боны ёсныхон нь консерватив сайд нар, улс төрөөс шахагдсан улс төрийн зүтгэлтнүүд байсан. Сонирхолтой нь оршуулгын зан үйл, тахилын зан үйлийг тэднийг нутаг зааснаас хойш хааны ордонд үргэлжлүүлэн хийж байсан. 

821 онд Хятадтай байгуулсан гэрээ хэлэлцээрийг тэмдэглэн, ёслол болгон нэг багана босгосон. Тэд амьтнаар тахил өргөсөн. Хэдийгээр тэд ордны оршуулгын зан зүйлийг хийхээ больсон ч зарим нөлөө байсаар байсан. Бурханы шашинтнууд болон Боны ёсныхон хоорондын тэмцэл нь үнэндээ улс төрийн зүйл байсан гэдгийг ойлгох нь чухал гэж би боддог; энэ нь үнэхээр шашин болон зан үйлийн талаар байгаагүй.   

Консерватив фракцынхныг хоёр газар илгээсэн. Нэг нь Юннан, одоогийн Хятадын баруун өмнөд хэсэг, Бирмийн хойд хэсэг байсан бол нөгөө нь Пакистаны баруун хойд бүсэд байх Гилгит гэдэг газар байсан, Гүрү Ринбүүчигийн (Бадамжунай бурхан) төрсөн газартай маш ойрхон. Боны ёсныхон Гүрү Ринбүүчигийн цогчэн сургаалыг мөн адил хүртсэн тэр газраас зарим цогчэн сургаалыг авсан байж болох бөгөөд тэд түүнийг хожим Төвөдөд Гүрү Ринбүүчигээс тусдаа авчирсан байх гэж бид дүгнэж болно. Боны ёс нь Гүрү Ринбүүчигээс эхтэй Бурханы шашны цогчэн сургаалаас тусдаа цогчэн сургаалын уламжлалтай байдгийг харуулсан олон боломжит тайлбарууд байна. Энэ нь ердөө нэг хүн түүнийг тийнхүү хэлснээр энэ нь үнэн болж байгаа хэрэг биш. Бид түүхийг харах ёстой. 

Боны ёсны булшлагдсан эх зохиолууд 

Газар заах үеэр олон тооны жанг-жунг эх зохиолуудыг Дрэнпа-намка хэмээх их мэргэн Саме хийдийн шавар хананд хийн булшилсан байдаг. Гүрү Ринбүүчи мөн тэр үед эх зохиолуудыг булшилж байсан, учир нь цаг нь болоогүй бөгөөд хүмүүс тэдгээрийг ойлгох хангалттай суралцсан мэдлэггүй байна гэж үзсэн. Тэрээр зөвхөн цогчэн сургаалын эх зохиолуудыг булшилсан. Боны ёсныхон цогчэн болон Боны ёсны бүх сургаалыг булшилсан. Тэгэхээр Боны ёсныхон, Нингма ёсныхон аль аль нь нэг цаг үед эх зохиолуудыг булшилж байсан ч тэдгээрийн тийнхүү хийж байгаа шалтаан болон булшилж байсан эх зохиолууд нь нэлээд өөр байв.

Төвөдийн дараагийн хаан болох Ралпачэн их шүтлэгтэй байсан. Тэрээр долоон өрх нэг хуврагт өргөл барьц өргөж байх зарлиг гаргаж байв. Татварын ихээхэн хэсгийг сүм хийдийг дэмжихэд зарцуулж байсан ба шашны зөвлөл дэх хуврагууд их хэмжээний улс төрийн эрх мэдэлтэй болсон. Дараагийн гарч ирсэн хаан Лангдармаг эрлэгээр дүрслэх бөгөөд тэрээр шашны зөвлөлийг шахан хавчиж, сүм хийдүүдэд хуваарилж байсан бүх татварыг зогсоосон. Сүм хийдүүдийг татан буулгасан боловч номын сангуудыг зогсоогоогүй. Бид үүнийг Атиша гэгээн Төвөдөд XI зуунд ирэх үедээ номын сангууд ямар гайхалтай байсныг онцолж байсан түүхээс мэднэ. Лангдарма хаан үндсэндээ сүм хийдийн байгууллагуудыг тэд улс төрийн хувьд дэндүү хүчтэй байсан явдлаас шалтгаалан зогсоосон. Ийнхүү сүм хийдүүд хаягдан орхигдож байсан нэг цаг үе байсан. 

Саме хийдийн хананд булшилсан байсан Боны ёсны эх зохиолуудыг анх 913 онд олсон. Хийдэд амьдарч байсан малчид хийдийн ханыг налах үед нурж, зарим эх зохиолууд гарч ирсэн. Боны ёсны олон тооны эх зохиолуудыг бараг нэг зууны дараа Шэнчэн Луга гэх Боны ёсны их мэргэн олсон байдаг. 1017 онд тэрээр тэднийг эрэмбэлсэн. Тэдгээрийн ихэнх нь цогчэн сургаалаас өөр, Төвөдийн Бурханы шашинд нийтлэг байх сургаалууд гэмээр зүйлүүдийг багтаасан бичвэрүүд байсан. Үүний ердөө дараахан Нингма ёсныхон Саме хийд болон бусад хийдүүдээс эх зохиолуудыг олж эхэлсэн байдаг. Хэд хэдэн мэргэд Боны ёс болон Нингма ёсны аль аль эх зохиолуудыг ихэнх тохиолдолд нэг газраас олж байсан. Нингма ёсны бүтээлүүд нь ихэнхдээ цогчэн сургаалын тухай байсан. Боны ёсны шинэ үеийг авч үзэх үед бид илүү их түүхэн үндэслэлүүд дээр суурилна, харин хуучин үе нь газар зааж, эх зохиолуудыг булшилсан үеийн өмнөх үе байна.    

Боны ёс болон Төвөдийн Бурханы шашны харьцуулалт  

Төвөдийн Бурханы шашны уламжлалтай нийтлэг маш их зүйл байгааг бид олж хардаг. Ийм учраас Дээрхийн гэгээн Боны ёсыг Төвөдийн таван уламжлалын нэг гэдэг. Боны ёсныхон үүнтэй санал нэгдэхгүй байх, гэвч бид тэднийг Төвөдийн Бурханы шашны өөр нэг хэлбэр гэж нэрлэж болно. Энэ нь бид Бурханы шашны нэг уламжлалыг хэрхэн тодорхойлохоос шалтгаална. Ихэнх үг хэллэг нь ижил байна. Боны ёс гэгээрлийн тухай, гэгээрэлд хүрэх, Бурхад гэх зэргийн талаар ярина. Бурхадын нэрс гэх мэт зарим үг хэллэгүүд өөр байх боловч гол сургаалууд нь тэнд байна. Гороолохдоо нар зөв бус эсрэг тойрч гороолох гэх мэт маш ялимгүй зарим ялгаа бий. Ёслолын малгай нь өөр. Хуврагийн хувцас нь адилхан, ялгаа нь дотоод дээд өмсгөлийн хэсэг нь улаан эсвэл шар бус харин хөх өнгөтэй байна. 

Боны ёсонд мэтгэлцэх уламжлал байх ба Төвөдийн Бурханы шашны уламжлалд мэтгэлцдэгтэй ив ижил. Мэтгэлцээний уламжлал маш эртнээс эхтэй бөгөөд хэн эхлүүлсэн талаар бид бас гайхширна. Энэ нь Төвөдөд гарснаас хамаагүй эрт Энэтхэг сүм хийдүүдэд байсныг бид мэднэ. Гэвч энэ нь Төвөдийн Бурханы шашны уламжлалд Боны ёсоор дамжин гарсан байж болно. Эсвэл нэг нь нөгөөгөөсөө авсан байх албагүй.  

Нэг маш сонирхолтой зүйл нь Боны ёсны мэтгэлцэх уламжлал нь Гэлүг ёсны уламжлалыг маш ойр дагадаг явдал. Боны ёсны хуврагуудын олонх нь бүр Гэлүг сүм хийдийн мэтгэлцээний дамжаа барин бүр Гэвш цол хүртэнэ. Энэ нь хэдийгээр Боны ёс нь цогчэн сургаалтай байдаг ч Мадхъямака үзлийн тайлбар нь Нингма ёсны биш харин Гэлүг ёсны тайлбартай ойролцоо байдгийг харуулдаг. Тийм биш байсан бол тэд Гэлүг ёсны мэтгэлцээнд мэтгэлцэх боломжгүй. Боны ёс болон Төвөдийн Бурханы шашны ижил төстэй зүйлүүд нь зөвхөн Нингма ёстой холбоотой зүйлүүд байдаггүй. Энэ нь ердөө өөр өөр нэршилтэй Нингма ёсны нэг адил хувилбар биш. Энэ илүү нарийн ярвигтай.

Боны ёс нь уламжлалт олон энэтхэг шинжлэх ухаануудыг бас онцлох бөгөөд тэдгээрийг Бурханы шашны сүм хийдүүд дээр судалдгаас илүү их судална, тэдгээр нь анагаах ухаан, зурхай, шүлэглэл гэх зэрэг байна. Бурханы шашны сүм хийдүүдийн хувьд эдгээр салбар ухаануудыг Төвөдийн төв бүс нутгаас илүүтэй Төвөдийн зүүн бүс, Амдод илүү их онцлон авч үзнэ. 

Боны ёс болон Төвөдийн Бурханы шашин аль аль нь сүм хийдүүд болон хуврагийн сахилуудтай. Эдгээр хоёр уламжлал дахь сахилуудын ихэнх нь ижил байдаг нь нэлээд сонирхолтой. Бурханы шашинтнуудад байх болов уу гэж бодогдохуйц боловч тэдэнд байдаггүй тодорхой сахилууд Боны ёсонд байна. Жишээ нь, Боны ёсныхон цагаан хоолтон байхад, Бурханы шашинтнууд тийм биш байна. Боны ёсны ёс журам нь Бурханы шашинтнуудынхаас илүү хатуу. 

Боны ёс түлкү (хойд дүрийн лам) тодруулах тогтолцоотой. Энэ нь Бурханы шашны сүм хийдүүдэд байдагтай адил. Тэд Гэвштэй. Тэдэнд Пражнапарамита, Мадхъямака болон Абидармын сургаалууд байна, Бурханы шашны эх зохиолуудад байх бүх салбар сургаалууд. Үгийн сан, тайлбаруудын зарим нь бага зэрэг өөр байх боловч ялгаа нь Бурханы шашны дамжлагуудын хооронд байхаас тийм их эрс ялгаатай биш. Жишээ нь, Боны ёс дэлхийн үүслийн талаарх өөрийн гэсэн ойлголттой, гэвч бид Цагийн хүрдэн сургаалд мөн тусгайлан байх нэг ойлголтыг олж хардаг. Энэ ерөнхий дүр төрх. Боны ёс тийм этгээд сонин биш. 

Төвөдийн соёл ба голлох сургаалууд

Аливааг авч үзэх төвөд төрөлх хэв маягийг илэрхийлэх Боны ёсноос авсан Бурханы шашны талуудыг тодорхойлохыг хичээх нь чухал бөгөөд ингэснээр бид Төвөдийн соёл нь юу болох, голлох Бурханы шашны сургаал нь юу болох талаар илүү тодорхой ойлголттой болно гэж би боддог. Мөн Боны ёсны голлох сургаалуудаас соёлын талуудыг ялгахыг оролдох нь чухал. 

Анагаах ухааны дөрвөн үйл явцыг Төвөдийн Бурханы шашны бүх уламжлалууд бүрэн авч хэрэглэнэ. Өвчтөн ирэхэд эхний хийх зүйл нь мо хаях ба энэ нь мэргэлэх арга. Энэ нь Боны ёсноос гаралтай. Эрт цагт тэд одоо нийтлэг мэргэлдэг адил шоогоор мо хийдэггүй, харин олон янзын зангилаа бүхий олсоор мэргэ буулгадаг байсан. Мо нь өвчний шалтгаан нь лусын хорлол байгаа эсэхийг харуулах ба хэрэв тийм бол тэдгээрийг аргадах зан үйл хийнэ. Хоёрдугаарт, зан үйлийг хийх хамгийн үр нөлөөтэй хугацааг тодорхойлох үүднээс зурхайчтай зөвлөнө. Зурхайг хятад махбодуудтай холбоотой зурна – шороо, ус, гал, төмөр, мод. Гуравдугаарт, гадаад гэмтэй нөлөөнүүдийг арилгах үүднээс зан үйлийг хийнэ. Ингээд дөрөвдүгээрт, эм ууна.  

Зан үйлүүдийн цаадах онол нь Бурханы шашин болон Боны ёсонд бага зэрэг өөр байна. Бурханы шашны үүднээс бид түүнийг үйлийн үртэй холбож, гадаад нөхцөлүүдийг голлон үйлийн үрийн нөлөө байхаар авч үзнэ. Зан үйл буюу Ном хурах нь эерэг үйлийн үрийн чадамжийг идэвхжүүлэхэд тусална. Боны ёс нь гадаад хүч, мөн үйлийн үрийн дотоод нөхцөлийг нийцүүлэхийг тэгш онцлон үзнэ. 

Аль аль тохиолдолд, анагаах тэдгээр хурлууд нь балин хэрэглэх ба энэ нь эртний тахилгын зан үйлийн зөөлөрч үлдсэн хэлбэр байна. Балинг арвайн гурилаар жижиг амьтдын дүрс гарган хийх ба тэдгээрийг золигт гаргахад хэрэглэнэ, энэ нь эргэлзээгүй Боны ёсноос гаралтай. Тэдгээрийг хий сүгд өгнө: “Үүнийг хүртээд, өвчтөнг орхи” гэнэ. 

Амьтнаар тахилга үйлдэх энэ асуудал маш сонин. Боны ёсныхон “Бид үүнийг хийдэггүй байсан, энэ бол Төвөдийн эртний уламжлал” гэж хэлдэг. Харин Бурханы шашинтнууд “Энэ Боны ёс, бид үүнийг хийдэггүй байсан” гэнэ. Мэдээж, тэдний аль аль нь амьтнаар тахилга үйлдэж байсныг үгүйсгэхийг хүсэх ба амьтнаар тахилга үйлдэж байсан нь эргэлзээгүй байдаг. Мил богд тэд түүний цаг үед мөн түүнийг үргэлжлүүлж байсан гэж өгүүлдэг. Бүр саяхныг хүртэл, 1974 онд Дээрхийн гэгээн Далай лам Цагийн хүрдний авшгийг анх удаа Бодгаяад хүртээж байхдаа Төвөдтэй хил залгаа бүс нутгуудаас ирсэн хүмүүст амьтнаар тахил өргөх зан үйлийг зогсоох талаар маш хүчтэй сануулан хэлж байсан. Энэ бол удаан хугацааны туршид үргэлжилсээр ирсэн нэг зүйл. 

Олон янзын Бурхадын дүрийг Боны ёсны мөн Бурханы шашны завсрын төрлийн зан үйлд хэрэглэнэ. Энэ нь нас барсан хүний хиргисүүр дотор тодорхой зүйлүүдийг хийх иран/боны ёсны эртний зан үйлтэй холбогдоно. 

Боны ёсноос Төвөдийн Бурханы шашинд авсан өөр нэг зүйл нь “огторгуйн зохицлын тор,” таван махбодыг төлөөлүүлсэн олон өнгөтэй, тор мэт дүрс байна. Энэ нь дотоод элементүүд эсвэл үйлийн үртэй ажиллахаас өмнө гадаад элементүүдийг зохицуулах ёстой болох тухай тэр санаанаас гарсан. Тор нь мэргэ зэргийг илэрхийлэн дүрслэгдэх бөгөөд гадна талд нь байна. Заримдаа тэдгээрийг хий сүг баригч гэж нэрлэх боловч энэ нь тэдний юу болох тэр зүйл чухам биш. Тэдгээр нь элементүүдийг зохицуулан, хий сүгийг яв гэх утгатай байна. Энэ маш төвөд маягийн. 

Амьдралын эзэн (bla) гэх ойлголт нь, Боны ёс болон Бурханы шашинд байна, квут, уулын эзэн гэсэн Төв Азийн турк санаанаас гарсан. Тодорхой нэг ариун уулын орчмын нутаг дэвсгэрийг захирч байгаа захирагч нь Хаан байна, туркуудад, хожим нь монголчуудад байсан. Хаан нь тус квут буюу амьдралын эзний биет хэлбэр. Тэрээр увдистай, захирах чадвартай байна. 

Амьдралын эзнийг хорлолт лус авч болно. Төвөдийн Бурханы шашны бүх уламжлалуудад хорлолт лусын авсан амьдралын эзнийг буцааж татах хурал уншлага байна. Тэдгээрт золиг гаргах багтана: май балин ав, миний амьдралын эзнийг буцаан өг. Таны амьдралын эзэн хулгайлагдсаныг хэрхэн мэдэх вэ? Барууны үзлийн үүднээс бид үүнийг сэтгэлийн хямрал эсвэл сэтгэлийн шарх гэж нэрлэж болох байх, амьдралын аливаа асуудлуудыг шийдвэрлэж чадахгүй болох үе. Амьдралын эзэн нь хулгайлагдсан хүн өөрийн амьдралыг зохион байгуулж чадахгүй болно. Энэ амьдралын эзэн Хаан улсыг жолоодох мэт бидний амьдралыг жолоодно. Амьдралын эзэн гэдэг төвөд үг нь “ла” бөгөөд энэ нь лам гэдэг үгэнд хэрэглэгдэнэ. Лам нь үнэхээр нэг амьдралын эзэнтэй хүн байна. Ла гэдэг үг мөн зарим нөхцөлд цагаан бодь сэтгэл (үр хөврөлийн явцад эцгээс авах үүсгэгч энергийн-дусал бөгөөд оройн чакрад (хүрд) байрлана) гэдгээр орчуулагдах ба иймд энэ нь маш хүчтэй биет хүч эсвэл бие дэх шим байна. 

Ингээд өлзийн эзэн. Хэрэв энэ нь хүчтэй байх юм бол бүх зүйл сайн байж бид амжилт бүтээлтэй байна. Төвөд үг нь “ян” (g.yang). “Ян” гэдэг нь мөн хонь гэсэн хятад үг. Лосарын үеэр, Төвөдийн шинэ жилээр, хонины толгой идэж мөн арвайн гурилаар хонины толгойн дүрс хийн иднэ. Энэ нь өлзийн эзнийг бэлгэдэж байгаа явдал. Энэ нь эртний Боны ёсны зан үйлээс гаралтай гэдэг нь илэрхий байдаг.

Хийморийн дарцгийн санаа мөн Боны ёсноос эхтэй. Энэ нь таван махбодын өнгөтэй байх ба гадаад элементүүдийг нийцүүлэхээр өлгөнө, ингэснээр юмс тэнцвэртэй байж бид дотоод үйлээ хийж чадна. Хийморийн дарцгуудын ихэнх нь хийн морийг (лунгта, rlung-rta) дүрсэлсэн дүрслэлтэй байх ба энэ нь аз хийморийн морьтой холбогдоно. Хятад улс шуудан өртөөний системийг анх бий болгосон улс бөгөөд үүнд өртөөчин морь унана. Түр зогсон, морио солих тодорхой газрууд байна. Тэдгээр өртөөний газруудын морьд нь хийн морьд. Хятад үгс нь үүнтэй адил байна. Санаа нь аз хийморь нь өртөөчин эд бараа, захидал, мөнгө зэргийг авчрах адил морин дээр ирнэ. Энэ маш төвөд/хятад маягийн. 

Боны ёсны анагаах ухааны тодорхой талууд Бурханы шашинд орж ирсэн байдаг, аравнайлсан усыг өдөөр өргөх гэх мэт. Бурханы шашны авшиг хүртээх бүх зан үйлд ваартай тогосын өд хэрэглэнэ. Хэн нэгнийг угтах үед уулын орой дээр арц уугиулна, арцыг төвөдөөр занг гэдэг. Тэд Дээрхийн гэгээнийг Дарамсалад ирэхэд үед зам дагуу үүнийг хийнэ. Энэ нь тухайн газрын лус савдагт тахил өргөхтэй холбоотой. 

Төвөдийн Бурханы шашин дахь чойжингийн талаарх ойлголт нь ихэнх тохиолдолд бөөтэй андуурагдана. Гэвч чойжин, бөө нар нэлээд ялгаатай. Чойжин нь хүнээр дамжуулан ярина. Энэ нь сувгаар чиглүүлэх. Сибирь, Турк, Африк зэрэг газрын бөө нар нь өөр өөр төрлийн амьтдын оронд очиж, өөр өөр хий сүг, ялангуяа өвөг дээдсийнхээ хий сүгтэй ярилцах хагас ухаангүй төлөвт ордог хүмүүс. Тэдгээр хий сүг нь асуусан асуултуудад хариулна. Бөө нар тус төлөвөөс гарах үедээ өвөг дээдсээс хэлсэн зүйлийг хэлнэ. Харин эсрэгээрээ чойжин бууж буй хүн нь ихэнх тохиолдолд чойжин түүнээр дамжуулан юу гэж хэлсэн талаар санадаггүй. Чойжингуудад сахиусууд багтах болсон. Нэчүн чойжин нь мөн Нэчүн нэртэй сахиус. Гэвч бөөгийн ёсны ул мөр нь юмсыг дэлхий дээр байх, дэлхийн дээгүүр байх, дэлхийн доор байх зүйлүүдээр ангилж үзүүлдэг, энэ нь Боны ёсонд, дараа нь Бурханы шашинд орж ирсэн.     

Бурхан багш олон сэдэв дээр асар их зүйлийг заасан. Бурханы шашин Азиийн аль ч улсад дэлгэрэх үед хүмүүс тэдний соёлоор илрэх элементүүдийг онцолж байсан. Энэтхэгийн Бурханы шашинд ариун орнуудыг дурдсан байдаг боловч үүнийг ихээр онцлон тэмдэглээгүй. Харин үхэшгүй мөнхийн бурханы Баруун оронд зорчих тухай Даосизмын ойлголттой хятадууд ариун орнуудыг асар ихээр онцлон тэмдэглэж, түүнийг ихээр тэлсэн байдаг. Ингэж ариун орны тухай дахь Бурханы шашин гарсан. Энэ нь Хятадын Бурханы шашны хамгийн чухал урсгалуудын нэг. Үүнтэй адил Энэтхэгийн Бурханы шашинд сахиусууд, олон өөр лус савдаг, тахилын хурал зэргүүдийн талаар ярина. Төвөдүүд эдгээр элементүүдийг асар ихээр тэлсэн байдаг, учир нь энэ тэдний соёлд байсан. 

Дүгнэлт 

Боны ёсыг ихээр хүндэтгэх нь маш чухал гэж би боддог. Төвөдийн Бурханы шашинд ердөө байдаггүй, Боны ёс эсвэл Төвөдийн соёлыг тодорхойлж болох олон зүйл бий. Боны ёсонд бас байх Бурханы шашны сургаалын олон элементүүд байна. Хэн хэнээсээ юу авсан талаар маргах нь утгагүй. Бурханы шашин болон Боны ёс хоорондоо харилцаатай байсан бөгөөд тэд нэг нэгэндээ нөлөөлөхгүй байх учир шалтгаан байхгүй.   

Боны ёсныхныг муучилж байгаа нь нэг талаараа улс төрийн учир шалтгаантай гэдгийг ойлгох нь чухал – VIII зууны үеийн хэт-консервативчүүдээс үлдсэн хэсэг гэх. Нөгөө тал нь, сэтгэл зүй – хүмүүс өөрийн эерэг талыг онцлох үедээ өөрийн сул талыг хэн нэгэн дээр тусгах хандлагатай байдаг. Энэ үзэгдэл багшийг хэт шүтэж, сахиусыг ихээр онцолдог Бурханы шашны фундаменталист уламжлалуудад ихээр ажиглагдана. Сахиус чухал зүйл болно. Эх зохиолууд Номын эсрэг эсвэл тус уламжлалын эсрэг байгаа хүмүүсийн талаар айхавтар зүйлүүдийг хэлнэ. Дайсныг дарж, тэднийг дэвслэн, нүдийг нь сугал гэх мэт. Дээрхийн гэгээний Төвөдийн таван уламжлал байх ба тус бүрдээ гэгээрэлд хүргэх бүрэн хүчин төгөлдөр зам мөртэй гэж үзэх жишээг дагах нь илүү зүйтэй гэж би боддог. Тэдэнд нийтлэг олон зүйл байх бөгөөд тэд нэг ижил зорилго, гэгээрэлд хүрэх тухай ярина. 

Нийтлэг зүйлүүдийн дотор Төвөдийн соёлоор тодорхойлогдох тодорхой зүйлүүд байх ба бусад нь илүү Бурханы шашны зүйлүүд байна. Юуг дагахыг шийдэх нь бидний сонголт. Хэрэв бид Төвөдийн соёлоос эхтэй тодорхой зүйлүүдийг хүлээн зөвшөөрөхийг хүсэж байвал, тэр зүгээр, яагаад болохгүй гэж. Гэвч, заавал шаардлагатай биш. Хэрэв бид Бурханы шашны гол зүйлүүдээс төвөд элементүүдийг ялгаж байгаа үед бид юу дагаж байгаа талаараа тодорхой байж чадна. Бид Бурханы шашныг хатуу баримтлах боломжгүй. Бүр Энэтхэгийн Бурханы шашин Энэтхэгийн соёлыг хадгалж байсан. Бид Бурханы шашныг тухайн сургаалыг заасан нийгмээс салгах боломжгүй, гэвч бид юу нь соёлынх, юу нь Хутагтын дөрвөн үнэн, гэгээрэлд хүрэх зам мөр, бодь сэтгэл зэрэг болох талаар ойлгож болно.       

Top