Сэтгэлийг сургах

Mt 37 dl taming the mind

Сэдэл

Өнөөдөр энд олон газраас, бүр Төвдөөс хүртэл хүмүүс ирсэн байна. Та бүхэн бүгд ном сонсохоор ирсэн учир бодь сэтгэл болон бусад эрдэм төрөх болтугай хэмээн би энд Бод Гаяад Тогмэй-зангпогийн Бодьсадвын гучин долоон гарын авлага (бүтээл), Богд Зонховын Мөрийн гурван эрхэмийг тайлбарлая. Бид энэхүү маш ариун газар байгаа тул бидний бий болгож буй эерэг хүч бусад газраас ялгаатай илүү их хүчтэй болох юм. Гэвч энэ эерэг хүч үр дүнтэй болохын тулд бид маш олныг хамарсан, өргөн цар хүрээтэй хандлага, сэдэлтэй байх хэрэгтэй. Энэ нь зөвхөн сургаал сонсож буй тэдгээр хүмүүс төдийгүй ихэс лам, багш нарт бас хамаатай.

Төгс гэгээрсэн Бурхан, Их нигүүлсэгч тэрээр гучин хоёр (лагшин) үндсэн, наян (найраг) гишүүн шинж бүхий бие, жаран (үет зарлиг эгшиг) шинж бүхий хэлний эрдэм чадвартай. Цаашлаад сэтгэл нь бүхий л сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлага, бүх саад тотгороос бүрэн ангижирсан бөгөөд хоосон чанарыг шууд эндүүрэггүй онох хийгээд бүхий л үзэгдлийн мөн чанарыг таних хоёрыг зэрэг эрхшээсэн. Ийм их нигүүлсэгч, төгс гэгээрсэн Бурхан 2500 жилийн өмнө энд Бод Гаяад төгс гэгээрэлд хүрсэн бөгөөд бид одоо тэрхүү газар байцгааж байна.

Орчин цаг үе нь дайн зөрчил, өлсгөлөн, өөр бусад гамшиг ихээр гарах болсон хэцүү цаг үе болоод байна. Гэвч бид өмнө бий болгосон эерэг хүч түүний үрээр хэдий бид ийм цаг, ийм газар, бүр ийм хэцүү нөхцөлийн дунд төрсөн ч багш болон сургаал номтой учрах эрдэнэ мэт боломжийг олоод байна. Иймд бид сонссон зүйлээ аль болох чадах хэрээрээ бүтээх хэрэгтэй.

Гэвч Номыг бид ямар нэг зүйл өөртөө олж авах ерөөл мэтээр үзэж болохгүй. Ном гэдэг бол бидний өөрийн үйл ажиллагаанд хэрэгжүүлэх зүйл юм. Ердөө амаараа хэдэн үг хэлж аюулгүй зам мөрд орох (аврал одуулах) бус харин хэлж буй зүйлээ өдөр тутмын зан байдалдаа хэрэгжүүлэх явдал. Иймд бид сургаал номыг сонирхож түүнийг судлан үзэх, дадуулан бүтээх хоёрыг хослуулан өөрөө биечлэн хийх ёстой. Гэвч эхлээд үүнийг хэрхэн хийхийг мэдэх хэрэгтэй.

Ном нь түүнийг хэдий их судлах төдий хэрээр илүү их амгалантай, жаргалтай болгодог зүйл. Энэ нь бидний хийж буй олон, сайн үр дагаварт хүргэх үйлээс бий болж буй эерэг хүчний (буяны) үр дүнд гардаг. Ийм учраас бид зөвхөн амаар бус харин бүтээлээрээ шашныг бүтээдэг Бурханы шашинтнууд байх хэрэгтэй юм. Энэ нь илүү их амгалан, жаргаланг бий болгоно. Иймд Ном сонсох, тэр дундаа Их хөлгөний ном сонсох учрал тохиосон энэ үед энд, Бод Гаяад байх хугацаандаа бид аль болох их эерэг хүч хуримтлуулахыг хичээх нь маш чухал. Үүнд хамгийн чухал нь зөв сэдэл төрүүлэх явдал юм. Хэрэв бид өргөн хүрээг хамарсан, маш эерэг сэдэлтэй байвал түүнээс гарах ач тус нь үнэхээр их. Гэвч хэрэв бид тийм сэдэлгүйгээр бүтээл хийхийг оролдвол тийм их үр дүнд хүрэхгүй, энэ бол буруу.

Ном тавьж буй багш нарын хувьд ч энэ нь ижил. Багш нь бардам сэтгэлээр алдар нэр, хүндлэл олох гэж, эсвэл бусадтай өрсөлдөх, барьцах үүднээс ном тавьж болохгүй. Зөвхөн өөрийн чадах хэрээр бусдад тус болох сэдлээр, энд байгаа хүн бүрийг хүндэтгэн, тэднийг ямар нэг байдлаар дорд үзэхгүй байх хэрэгтэй. Ном сонсож буй хүмүүс нь бас бардам ихэмсэг сэтгэлээр бус Бурханы эрдэнэ мэт ховор сургаалыг анхааралтай, хүндэтгэлтэй сэтгэлээр сонсох хэрэгтэй. Ном тавьж буй багш, сонсож буй шавь хоёул ийм зөв сэтгэлтэй, анхааралтай байвал бид бүгдээрээ маш их эерэг хүчийг бий болгож чадна.

Бидэнд ямар нэг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагууд байсан ч зориг мохохгүйгээр, тэдгээрт ерөндөгийг хэрэглэх нь чухал. Ингэснээр бид алгуур өөрийн асуудлуудыг даван туулж улмаар тэднээс бүрэн ангижирч чадна. Өөрийгөө жилээс жилд алгуур сайжирч байгааг харна. Эдгээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагууд нь сэтгэлийн уг мөн чанар биш учраас хэрэв бид сэтгэлээ цэвэрлэе гэвэл түүнийг бид амжилттай хийж чадна. Бидний туулж, эдэлж буй зовлон нь бидний сэтгэл номхроогүй байдгаас шалтгаалдаг тул үүнд бид ерөндөг хэрэглэх ёстой юм. Гэвч энэ нь нэн даруй үр дүн нь гарч өөрчлөгддөг зүйл биш.

Жишээ нь, хэрэв бид маш балмад, цадиггүй хүнийг түвшин, төлөв болгох гэвэл олон жилийн турш удаан, тууштай хичээсний үр дүнд амжилтанд хүрч чадна. Бидний сэтгэлийн хувьд энэ бас адил. Хэдийгээр бидэнд алдаа дутагдал байх боловч бид алгуур сайжирч чадна. Хүүхдүүдийн хувьд бас ийм үзэгдэл ажиглагдана. Тэд юу ч мэддэггүй, ямарч боловсролгүй байх боловч сургуульд суралцах явцад тэд сурч, боловсорно. Байшин барилга барихад энэ нь бас адил. Бид давхар давхараар нь барьдаг. Хэдий удаан хугацаа шаардагдах талаар санаа зовохгүйгээр түүнийг алгуур хийх ба даалгаварыг гүйцэх хүртэл ердөө бүхий л үе шатыг дамжих хэрэгтэй болно. Сэтгэлтэйгээ ажиллахдаа бид мөн адил ийм хандлагаар хандах хэрэгтэй.

Ном сонсох сэдлийн хувьд бид өөр өөрийн түвшинд, өөрийн чадах хэрээр үүнийг хийх хэрэгтэй бөгөөд улмаар бид лам-рим буюу Бодь мөрийн зэрэг сургаалд үзүүлсний адил хэмжээнд сэдлээ сайжруулж чадна. Та бүхний ихэнх нь энэ талаар мэдэж байгаа байх. Гэвч энд анх удаа хүрэлцэн ирсэн тэдгээр хүмүүст зориулан зарим санааг нь бага зэрэг тодруулж өгвөл дээр болов уу.

Сэтгэлийг сургах

Номыг бүтээнэ гэдэг бол ердөө хувцас, албан тушаал, эсвэл өөрт буй эд хөрөнгийн хэмжээг өөрчлөх явдал биш. Харин аливаад хандах хандлага, өөрийн сэтгэлийг өөрчлөх явдал юм. Бидний хэн байх нь хамаагүй, Далай лам, би ч хүртэл хэрэв сэтгэлээ номхруулаагүй, сургаагүй бол бидний хэнийг ч Ном бүтээгч гэж хэлэхгүй. Ердөө нэр эсвэл өмссөн хувцасаар нь бид тухайн хүнийг тийм төлөвшсөн сэтгэлтэй гэж хэлж болохгүй, харин түүний бодит сэтгэл болон, сэтгэл хөдлөлөөр нь үнэлнэ. Иймд хамгийн чухал, анхаарал хандуулах санаа бол сэтгэлийг сургах явдал юм.

Энд хүрэлцэн ирсэн та бүхэн бүгд өөрийн сэтгэлийг шалгаж үзэх хэрэгтэй. Бид бүгдээрээ баяр жаргал хүсэх бөгөөд хэн ч зовлон хүсэхгүй байгаа. Толгой өвдвөл түүнийг арилгахыг хүсдэггүй нэг ч хүн бидний дотор байхгүй. Тийм биз дээ? Бие махбод болон сэтгэлийн зовлон аль алины хувьд энэ нь адил. Гэвч бидний хүсдэггүй зовлонг багасгаж, зорьж буй аз жаргалыг бий болгоход үе шат бий. Гэнэт шууд бий болдог зүйл биш. Бүр амьтныг сургаж, түүний үр дүнд түүнд тодорхой хэмжээний тайван амгалан байдал бий болгож өгөхөд тухайн амьтанд тохируулан үе шаттайгаар түүнийг хийх хэрэгтэй болно. Жишээ нь бид эхэлж түүнийг хооллож, түүнийг айлгаж, буруу хандахаас зайлсхийхийг хичээнэ. Үүний адил зүйл бидэнд хэрэгтэй бөгөөд бид тодорхой үе шатын дагуу өөртөө тус хүргэх ёстой.

Юуны түрүүнд бид ирж буй онд эсвэл дараа жил өөрт тустай байх үүднээс бодохыг хичээх хэрэгтэй. Улмаар дараагийн хорин жил, бүр цаашлаад магадгүй дараа төрөлдөө хүний төрөл олж урт удаан хугацааны турш зовохгүй байж, амар амгалан эдлэнэ хэмээн найдаж цар хүрээг нь ихэсгэх хэрэгтэй. Бид ийм үе шатаар ахидаг. Иймд бид одоо хүн болж төрсөн учраас алсыг харж ердөө түр зуурын, өнгөц төдий амгалан жаргаланд хүрэх бус харин туйлын дээд амгаланд хүрэхийг хичээх нь маш чухал.

Аз жаргал эрэх хамгийн энгийн хэлбэрийн хувьд бид өөрийн бие махбодод зориулан хоол, хувцас, амьдрах газар хайна. Гэвч хүн байхын учир утга бол зөвхөн тэр биш. Хэдий бид баян чинээлэг байсан ч чинээлэг хүмүүсийн хувьд ч маш их сэтгэлийн зовлон байдгийг олж мэднэ. Үүнийг бид баруунд маш тодорхой харж болно. Маш их мөнгөтэй, бие махбодын тав тух эдлэх боловч сэтгэлийн хямрал, сэтгэлийн тодорхойгүй байдал, элдэв зовлонтой нөхцөл байдлууд гэх мэт сэтгэл зүйн маш их асуудлуудтай олон хүмүүс байдаг. Үнэндээ энэ байдлыг сайжруулахыг оролдон эм болон бусад зүйлийг хэрэглэх олон хүмүүстэй бид тэнд таардаг. Энэ нь тэдэнд хэдийгээр материаллаг тав тух, эд баялаг байвч тэд түүнээс илүүтэйгээр, бие махбодын таашаалаас гадна сэтгэлийн амгалан эрж байгааг, мөн эд баялаг дангаараа бие махбодын болон сэтгэлийн амгалан хоёуланг нь авчирдаггүй гэдгийг харуулж байна. Хэдий бид маш эрүүл чийрэг байсан ч хэрэв сэтгэл зовлонтой байвал энэ хангалтгүй. Иймд бидэнд бие махбодын болон сэтгэлийн амгалан хоёулаа хэрэгтэй. Үүнээс сэтгэл нь илүү чухал, учир нь тэр нь биднийг захирдаг. Иймд сэтгэлийн амар амгалан бий болгох тал дээр анхаарах хэрэгтэй.

Сэтгэлийн амар амгаланг бий болгох

Тэгвэл сэтгэлийн энэхүү амар амгаланг юу бий болгодог вэ? Энэ нь бидний бодлоор дамжин бий болно. Хэрэв бид сэтгэлээ ашиглаж, бодохгүй бол өөртөө амар амгаланг авчирч чадахгүй. Энэ үйл явц хоёр янзаар явагдана. Жишээ нь, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг уур, шунал, омог, атаа гэх мэт сэтгэл хөдлөлүүдийн аль нь бидэнд илүү байдаг түүний талаар хэдий их бодно, төдий чинээ бид түүний нөлөөнд орж улмаар илүү их асуудал бэрхшээлтэй тулгарна. Хэрэв уур бидний хамгийн хүчтэй сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл бол хэдий их бид уурлана төдий чинээ бидэнд зовлон бий болно.

Хэрэв бид Төвдөд тохиолдож буй зүйлийн талаар бухимдаж, хорсож байвал бид баяртай байх уу эсвэл зовлонтой байх уу? Бидэнд зовлонтой байна, энэ бол маш тодорхой. Иймд бид түүний ерөндөг болгож асрах, энэрэн нигүүлсэх сэтгэлийг төрүүлбэл энэ нь бидний уурыг сөрж сэтгэлийн тайван байдал авчирна. Ийм байдлаар сайхан сэтгэл, сайн бодол бидэнд баяр жаргал авчирдаг. Бид бүгдээрээ ийм амгаланг хүсэж, зовлонг багасгахыг хүсэж байвал үүний үндэс нь сэтгэл гэдгийг ойлгохыг хичээж хэрэгтэй.

Товчоор хэлбэл, шунал хийгээд дургүйцэх сэтгэл хэдий их байна төдий чинээ илүү ихээр бид зовдог байна. Эдгээр хэдий бага байна төдий чинээ бид илүү их баяр жаргалтай байна. Иймд бид юуг багасгах, сэтгэлээсээ юуг арилгах хэрэгтэй талаар бодох хэрэгтэй. Жишээ нь бид атаархаж байвал юу болох вэ? Бид бүгдээрээ эцэст нь үхэх ёстой болох учраас хэзээ ч атаархах сэтгэлийн зорилго авч үлдэж чадахгүй. Бид атаархах сэтгэлээ бүрэн хангаж чадахгүй учраас, атаархаж, жөтөөрхөж байгаа тохиолдолд бид хэзээ ч баяр жаргалтай байж чадахгүй. Омог бардам сэтгэлийн хувьд энэ бас адил. Нэг ч хүн нэг нөхцөлд хэзээд үргэлж байдаггүй, бид үргэлж залуу сайхнаараа байхгүй. Бид юугаар бардамнаж байна тэр зүйл нь аажмаар байхгүй болно. Иймд омог бардам нь бас маш зовлонтой сэтгэлийн төлөв байдал юм. Хэрэв бид ресторанд хооллож байхдаа өөр хэн нэг хүний идэж буй хоолонд атаархах юм бол энэ нь юунд хүргэх вэ? Энэ нь зөвхөн сэтгэлийн зовлон авчирна, мэдээж энэ биднийг цатгахгүй!

Хэрэв бид, төвд хүмүүс өөрсдийгөө авч үзвэл, бид Хятадад өсөрхөн уурлах юм бол сэтгэл тийм таатай сайхан байх болов уу? Тэр нь сэтгэлийн баяр жаргалтай төлөв байдал байх уу? Мэдээж үгүй. Шунал, дургүйцэх сэтгэлийнхээ үүднээс үйлдэл хийх нь амьдралынх нь гол үйл ажиллагаа болдог хүнийг авч үзье. Ийм хүн маш их эрх мэдэлтэй, маш алдартай байж болно. Бүр түүхэнд тэмдэглэгдэн үлдэж болно. Гэвч ийм хүн юунд хүрсэн байх вэ? Ердөө л түүний нэр түүхэнд үлдэнэ. Тэр аз жаргалтай болоогүй, тэр үхсэн. Иймд хэрэв бид өөрийн бүхий л амьдралыг сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн нөлөөгөөр үйлдэл хийж өнгөрүүлбэл хэдий бид чинээлэг, эрх мэдэлтэй болсон ч тэр нь бидэнд баяр жаргал авчрахгүй.

Жишээлбэл бид эдгээр өдрүүдэд Бод Гаяад байгаа өөрсдийн нөхцөлийг авч үзвэл үүнийг бид илүү тодорхой ойлгож болно. Энд бүр Далай ламын хамтаар, энэ ариун газар байхдаа гуйлга гуйж буй гуйлгачинд, эсвэл орчны бэрхшээлтэй нөхцөлүүдэд уурлаж бухимдах юм бол тэр үед та баяр жаргалтай байх болов уу? Нөгөө талаараа, хэрэв таны сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл бага байж, энд та ямар нэг эерэг үр дагаварт хүргэх зүйл хийж байвал тэр үед та баяр жаргалтай байх уу? Энэ талаар бодоод үзээрэй.

Таны сэтгэлийн төлөв байдал бүр таны хөрш, найз нөхөд, үр хүүхдүүдэд тань нөлөөлнө. Гэр бүлийн нөхцөлийг аваад үзье. Хэрэв та маш их бухимдаж хүүхдүүддээ уурлавал, тэднийг зодож, тэд ч уйлах болно. Энэ нь бүх хүнийг зовлонтой болгоно, тийм биз дээ? Хэрэв та уур бухимдалгүй, тайван байвал та хүүхдүүдээ тоглуулан хүн бүр баяртай, тайван амгалан байна. Аливаа нэг улс оронд ч мөн адил хүмүүс нь шунах сэтгэлийг бага, хүлээцийг илүүтэйгээр төлөвшүүлсэн бол хүн бүр тэр орны амгалан тайван байдлаас хүртдэгийг бид харж болно. Энэ нь хувь хүн, гэр бүл, улс орны хувьд бүгд адил. Хэдий их сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл оршино төдий хэрээр зовлон гарна. Хэдий чинээ сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл бага оршино төдий чинээ илүү их баяр баясгалантай байх болно.

Миний хувьд би сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагуудын сул тал, надад авчирдаг муу зүйлүүд, болон тэдгээр сэтгэл хөдлөлүүд байхгүй байхын давуу талын талаар нилээд боддог. Энэ нь амьдралдаа сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийг бага төрүүлэхэд анхаарахад надад их тусалдаг. Мөн түүний зэрэгцээ бид амьдралаас илүү их баяр жаргал олж авч, идэж буй хоол амттай болж, бүх зүйл маш сайхан болдог. Гэвч хэрэв сэтгэл сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлөөр дүүрсэн байвал хэдий бид бясалгал хийж, ерөөл унших гэх мэт юу ч хийж байсан тэр бүхнээс ямарч амар амгалан хүртэхгүй. Иймд бид сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд ямар сул талтай байдаг талаар бодохыг үргэлж хичээх хэрэгтэй.

Товчлон хэлбэл, хэрэв бидний сэтгэл номхорсон, бидэнд сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлага байхгүй бол бид маш баяр жаргалтай болно. Иймд сэтгэлийг сургасны үр дүнд гарах хамгийн сайн зүйл бол сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлага огт гарахгүй болох явдал. Хэрэв тэдгээр нь сэтгэлд бий болбол түүний нөлөөнд орж үйлдэл хийхгүй байх нь дараагийн нэг сайн зүйл. Тухайлбал, хэрэв бид огт уурладаггүй бол энэ нь хамгийн сайн. Гэвч хэрэв уур бухимдал төрвөл, хэрэв бид сэтгэлээ сургасан бол түүний нөлөөнд орж үйлдэл хийхгүй. Бид хүмүүсийн нүүр өөд цохихгүй, тэднийг сайн муу нэрээр дуудахгүй, ямар нэг бүдүүлэг хариу үйлдэл үзүүлэхгүй.

Ийм алгуур явцтайгаар ерөндөгүүд улам хүчтэй болж, сэтгэл илүү номхорсноор бид илүү их баяр жаргалтай болно. Иймд эхлэн суралцагчдын хувьд уур, шунал гэх мэт сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг огт төрүүлэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв төрвөл тэдний нөлөөнд орж үйлдэл хийхгүй байхыг хичээх хэрэгтэй. Ойлгож байна уу? Хэрэв бид сэтгэлтэйгээ ажиллаж байвал энэ нь Номыг бүтээж буй явдал, хэрэв үгүй бол тэр Ном биш болно. Хэрэв бид сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлийг бүрмөсөн арилгавал, зовлонг бүрэн зогсоож, амгаланд хүрвэл энэ нь үнэндээ жинхэнэ Ном болно.

Хутагтын дөрвөн үнэн

Хутагтын дөрвөн үнэн бий. Зовлон үнэн, зовлонгийн шалтгаан үнэн, зовлонгоос ангижрах нь үнэн, зовлонгоос ангижрах зам мөр үнэн. Зовлон үнэн гэдгийн хувьд бид үхэх, өвдөх, өтлөх гэм мэт олон янзын зовлон бэрхшээлүүдийн талаар бодож болно. Зовлонг мэдэж байх нь маш чухал гэж Бурхан багш хэлсэн байдаг. Тэгвэл тэрхүү зовлонгийн уг шалтгаан нь юу вэ? Түүний шалтгаан нь номхроогүй сэтгэл, тодруулбал сэтгэлийн тайван байдал алдагдлуулдаг сэтгэл хөдлөл, хандлага юм. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлага, тэдгээрийн нөлөөгөөр гарч ирэх үйлийн үрийн хүч нь зовлонгийн үнэн (жинхэнэ) шалтгаан болно. Ийнхүү зовлонгийн үнэн шалтгаан бол сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, үйлийн үр юм. Иймээс бид бүгдээрээ зовлон хүсдэггүй, ердөө түүнийг багасгахыг хүсдэг учраас энэхүү зовлонгийн шалтгаан нь бидний сэтгэлээ номхруулаагүй байгаа явдал гэдгийг ойлгох хэрэгтэй.

Бид эдгээр зовлонг дахин гарч ирэхгүй байхаар бүрэн зогсоохыг хүсдэг учир бидний хийх хэрэгтэй зүйл бол сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагуудыг арилгаж хоосон чанарын орчил буюу дармадатуд (бүхнийг мэдэх билгүүнд) хүрэх явдал. Үүнийг зовлонг хорьсоны нирвааны амгалан гэдэг.

Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагуудыг арилгах, тэднийг бүрэн зогсоох үйл явц нь олон үе шаттай бөгөөд энэ үйл явц нь Хутагтын сэтгэлийн үнэн зам мөр гэдэг зүйлтэй холбогдоно. Тодруулбал, сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг тэдгээр сэтгэл хөдлөл, хандлагуудыг арилгах үйл явцад нэг талаараа тэрхүү сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, гэмүүдийг арилгадаг эерэг сэтгэлүүд болох, нөгөө талаараа сэтгэлийн үнэн зам мөр гэгддэг тэдгээр сайн чанаруудыг төлөвшүүлэхийг хичээнэ.

Товчоор хэлбэл, зовлон гэж байна, түүнд шалтгаан бий, бид түүнийг арилгахыг хүсэх бөгөөд үүний тулд сэтгэлийн зөв зам мөрийг дагах хэрэгтэй болно. Үр дүн нь зовлонгоос ангижрах буюу нирвааны хутаг, “гаслангаас хэтэрсэн” амгаланд хүрэх явдал юм. Энэ нь бидэнд өнө удаан орших баяр жаргал авчирна. Энэ бол Бурхан багшийн энд Бод Гаяад өөрийн биеэр үзүүлсэн зүйл бөгөөд дараа нь тэрээр Хутагтын дөрвөн үнэний сургаалаа номлосон. Эхний хоёр үнэн болох зовлон болон зовлонгийн шалтгаан хоёр нь сэтгэлийн төөрөлдсөн, хир бүхий талыг харуулдаг бол дараагийн хоёр үнэн болох зовлонгоос ангижрах, зовлонгоос ангижрах зам мөр хоёр нь түүний гэтлэхүйн, хиргүй талыг илэрхийлнэ.

Ном бүтээх сэдэл нь хүүхэд эцэг эхийнхээ хэлсэн зүйлийг ердөө эцэг эх нь хий гэж хэлсэн болохоор хийдэгтэй адил зүйл биш гэдгийг бид ойлгох хэрэгтэй. Номыг бүтээнэ гэдэг нь эцэг эхийнхээ хэлсэн зүйлийг хийх дуулгавартай хүүхэд шиг байх биш, харин бид өөрийн зовлонгоос ангижрахын тулд сэтгэлийг сургах үүднээс багшийнхаа хий гэж хэлсэн зөвлөгөөг дагах явдал. Ойлгож байна уу?

Гурван эрдэнэ

Зовлонг багасгахад олон хүчин зүйл оролцоно. Жишээ нь өлсөх, даарах гэх мэт зовлонгууд байх ба тэдгээр зовлон тус бүрийг арилгахын тулд бид өөр өөр арга, хүч хөдөлмөрт найдна. Ийнхүү бид тариаланч, худалдаачдын хөдөлмөрөөр өлсөх, даарах зовлонгоо багасгаж чадна. Өвдөх зовлонгийн хувьд бид эмч, эмэнд найдна. Гэвч энэ бүхэн нь туйлын бүрэн гүйцэд эмчилгээ биш, ердөө түр зуурын тусламж юм. Өвдөхөөрөө бид биеэ тэнхрүүлэх эм хэрэглэх боловч эдгээр нь өтлөх, үхэх зовлонг арилгахгүй. Товчоор хэлбэл, хэдийгээр зарим аргууд нь түр зуурын тусламж үзүүлэх боловч ийм эгэл аргуудаар бид төрөх, өвдөх, өтлөх, үхэх зовлонг бүрэн арилгаж чадахгүй.

Хиндү, Христ, Жүүд, Ислам зэрэг зарим шашин жаргал, зовлонг бий болгодог Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөг. Хэрэв бид Эзэн тэнгэрт залбирвал бидэнд баяр жаргал өгнө гэдэг. Гэвч Бурхан багш ингэж хэлдэггүй. Бурхан багш зовлон, жаргал нь Эзэн тэнгэрийн гарт биш, ердөө бидний гарт байдаг гэж хэлсэн.

Эзэн тэнгэр гэсэн Авралын зөвхөн нэг эрдэнийг хүлээн зөвшөөрдөг шашнуудтай адилгүй бид Гурван эрдэнийг хүлээн зөвшөөрдөг. Бурхан багш бол хүлээн зөвшөөрөгдөж эсвэл зөвшөөрөгдөхгүй ч байж болох тэрхүү зам мөрийг үзүүлсэн нэгэн юм. Иймд Бурхан багш бол бүтээгч Эзэн тэнгэр биш, харин багшийн адил. Нэг үгээр хэлбэл, зовлон бэрхшээл нь сөрөг үр дагаварт хүргэх үйлээс бий болдог тул бид тэдгээрийг аль болох ихээр багасгахыг л хичээх хэрэгтэй.

Бурхан багшийн заасан зүйл бол шалтгаан ба үр дагаварын зам мөр. Бидний хувь заяа Эзэн тэнгэрт, бүр Бурхан багшид ч бус бидний өөрийн гарт байдаг. Иймд жинхэнэ аврал, аюулгүй зам мөр бол сэтгэлийн үргэлжлэлийг төлөвшүүлэхэд хэрэгтэй зүйл болох Ном юм. Өөрөөр хэлбэл, сэтгэлээсээ сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл зэргийг арилгаснаар бид зовлонг багасгаж, амгаланд хүрэх болно.

Мөн Ном эрдэнийг сэтгэлийн үргэлжлэлдээ төлөвшүүлэхийн тулд энэ үйл явцад туслах, үлгэр жишээ үзүүлэх туслагч бидэнд хэрэгтэй. Ийм хүмүүсийг Хувраг эрдэнэ гэдэг.

Тэгвэл Бурхан нь амьдралд баримтлах аюулгүй зам мөрийг үзүүлдэг; Ном бол тэрхүү аюулгүй зам мөр юм. Хуврагийн чуулган нь үлгэр жишээ болж тусална. Бидэнд аз жаргал өгч, зовлонг арилгах зөвхөн нэг Эзэн тэнгэр, нэг Авралын эрдэнэ байдаггүй.

Бурханы шашин учир шалтгааны ухаан, бүтээл дээр суурилах нь

Ном гэдэг төвд үгийг англи хэлэнд гол төлөв “шашин” (religion) гэж орчуулдаг. Religion гэдэг үг нь Бүтээгч эзэнийг хүлээн зөвшөөрдөг итгэл үнэмшил гэсэн утгыг илэрхийлдэг. Иймд Бурханы шашныг бүтээгч эзэнгүй гэж үздэг учраас энэ нь үнэндээ religion (шашин) биш юм. Хятадууд өөрсдийгөө бүтээгч эзэнгүй үзэлтэй, шашингүй үзэлтэй; Бурханы шашинтнуудыг шашин шүтдэг (religious), Бурханы шашныг шашин (religion) гэдэг. Гэвч үнэндээ дээрх тодорхойлолтоор бол бид бас бүтээгч эзэнгүй үзэлтэй, шашингүй үзэлтэй байна.

Цаашилбал бид Бурхан багшийн сургасан зүйлийг мухар сүсгээр хүлээн зөвшөөрдөггүй, харин түүнийг анхааралтай нягталж шалгасны дараа хүлээн зөвшөөрдөг. Хэрэв тэдгээр нь учир шалтгааны үндэслэлтэй бол бид хүлээн зөвшөөрч, хэрэв тийм биш бол бид хүлээн зөвшөөрдөггүй. Жишээ нь, хойд төрөл гэх мэт үзэгдлүүдийг баталсан олон логик баталгаанууд байдаг ба зөвхөн шалгаж үзсэний дараа бид тэднийг хүлээн зөвшөөрдөг. Хэрэв ямар нэг зүйл логикоор батлагдаж байвал түүнийг хүлээн зөвшөөрнө. Хэрэв зөвхөн мухар сүсэг дээр суурилсан байвал түүнийг хүлээн зөвшөөрөхгүй. Иймд ердөө “Би итгэдэг” гэж хэлж болохгүй. Гол нь логик, учир шалтгааныг нь шинжлэх явдал. Хэрэв ямар нэг зүйл учир шалтгаан, бодит байдалтай нийцэхгүй бол бид түүнийг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрийн итгэл үнэмшлийг ямагт учир шалтгааны үндэслэл дээр суурилуулах ёстой.

Бурхан багш бүрэн гүйцэд сургаал тавьсан. Иймд түүний сургасан зүйлүүдийг дахин нягталж дээр нь нэмэх, сайжруулах шаардлага байхгүй. Ердөө Бурхан багшийн сургасан зүйлүүдийг бүтээх явдал юм. Үүнийг ойлгоход тийм хэцүү биш. Үүнийг бид эмийн жишээгээр ойлгож болно. Эмч өвчтөнүүдийг үзээд тус бүрт нь тохирох эмийн жорыг бичиж өгдөг. Хэрэв эмчилгээ нь үр дүнгүй болбол зөвхөн тэнэг хүн л гэм бурууг анагаах ухаанд байна гэж хэлнэ. Харин ухаантай хүн бол түүнд эм үр дүн өгөөгүй шалтгааныг шинжлэх ухаантай бус тухайн мэргэжилтэнтэй холбож ойлгоно. Бурханы шашны хувьд ч энэ адил юм. Бурхан багшийн сургаал болох Гурван аймаг савын сургаал, Трипитакад ямарч алдаа байхгүй. Шинжилж үзвэл төөрөгдөл нь эх сургаалдаа байдаггүй гэдгийг гэдгийг бид ойлгоно. Иймд бидний хийх хэрэгтэй зүйл бол эдгээр эх зохиолуудад сургасны дагуу тэдгээрийг зөв бүтээх явдал юм. Ойлгож байна уу?

Их хөлгөний сэдэл

Тэгэхээр гол бүтээл бол сэтгэлийг сургах. Үүний тулд бид сургаалыг сонсох хэрэгтэй бөгөөд үүнийг зөв хийхийн тулд бидэнд зөв сэдэл хэрэгтэй. Бурхан багш Их, Бага хөлгөний хоёр сургаал номлосон. Их хөлгөний сургаалд сэтгэлд агуулах гол санаа бол бусдад туслах явдал гэдэг бол Бага хөлгөний сургаалд хэдий бид бусдад тусалж чадахгүй ч наад зах нь тэдэнд гэм хор хүргэхгүй байх хэрэгтэйг онцлон тэмдэглэдэг. Иймд хоёр хөлгөнд хоёуланд хэрхэн бусдад туслахыг онцгойлон авч үзнэ. Бид үүнээс суралцах ёстой. Хэрэв бид бусдад тусалж чадах бол түүнийг хийх, хэрэв чадахгүй бол тэдэнд ердөө гэм хор хүргэхгүй байх хэрэгтэй гэдэг нь ойлгомжтой. Хэн нэгэнд уурлаж, бухимдах хэрэгтэй гэж эдгээр сургаалуудын хаа нэгтээ хэлдэггүй, тийм биз дээ?

Их хөлгөний сургаалд бид өөрийн хувиа хичээсэн зорилгыг орхиж, бусад олны тусад хичээх хэрэгтэй гэж хэлдэг. Энэ бол Бурхан багшийн хэлсэн үг, тийм биз дээ? Иймд бид хиргүй, дулаан, сайхан сэтгэлтэй байх хэрэгтэй. Ингээд бид бодь сэтгэлийг өөрийн сэдэл болгохыг хичээх хэрэгтэй. Ийм сэдлээр бодьсадва Тогмэй-зангпогийн бичсэн Бодьсадвын гучин долоон гарын авлагыг (бүтээлийг) одоо сонсоцгооё.

Төвд зохиогч түүний онцлог чанар

Тогмэй-зангпо нь Бутон Ринбүүчигийн үед буюу Богд Зонховын үеэс хоёр эриний өмнө амьдарч байжээ. Тэрээр бага наснаасаа Сажийн ёсонд голлон суралцсан лам байсан бөгөөд бусдад туслах тусч сэтгэлээрээ нэрд гарсан нэгэн байв. Хүүхэд байхдаа хүмүүс бусдад туслахгүй бол тэдэнд бухимддаг байжээ. Улмаар хувраг болон олон багш нарын дэргэд ном үзэх болсон бөгөөд тэдний дундаас онцгойлон хоёр багшийн дэргэд олон ном үзжээ. Тэрээр судар, тарнийн сургаалыг бүтээн, маш өндөр эрдэмтэй бүтээлч болсон байна.

Бодь сэтгэлээрээ маш их нэрд гарсан ба өөрийг бусдаар арилжих сургаалыг голлон бүтээж байв. Үнэндээ нэг бодьсадваг саная гэвэл Тогмэй-зангпогийн жишээ хамгийн түрүүнд орж ирдэг, тийм биз? Тэр үнэхээр гайхалтай хүн, жинхэнэ онцгой хүн байсан. Жишээ нь түүний сургаалыг сонсохоор ирсэн хэний ч сэтгэл маш номхорч, тайван, дөлгөөн болдог.

Тэрээр энэхүү гучин долоон бүтээлийг бид бүхэнд туслах үүднээс бичсэн тул эдгээр сургаалыг дахин дахин уншиж судлахыг хичээх хэрэгтэй. Бид өөрсдийгөө Их хөлгөний бүтээлчид гэж хэлдэг. Гэвч хэрэв бид Их хөлгөний бодит бүтээлүүдийг судалж үздэггүй бол энэ буруу. Иймд бид эдгээр гучин долоон бүтээлийн үүднээс өөрийгөө шалгаж, бидний үйл тэдгээртэй үнэхээр нийцэж байгаа эсэхийг харахыг хичээх хэрэгтэй. Тэдгээрийн дотор зам мөрийн лам-рим сургаалд тайлбарласны адил сэдлийн гурван өөр түвшин бүхий хүмүүст зориулсан сургаалууд бас багтсан байдаг.

Эх зохиол

Энэхүү бүтээлийг одоо товч тайлбарлая. Энэ бүтээлийн дамжлагыг би Куну Ринбүүчи Тэнзин-гелцэнгээс хүртсэн, харин Ринбүүчи өөрөө түүнийг Кам нутагт Цогчин Ринбүүчигийн өмнөх дүрээс хүртсэн гэдэг. Түүхээс нь бага зэрэг дурдвал ийм байна. Надад буй энэ хувийг би Лхасаас авч гарсан юм.

Эдгээр сургаалуудын эх сурвалж нь Шантидэва гэгээний Бодьсадвын явдалд орохуй (сПйод- ’жүг, Скрт. Бодисаттвачаряа-аватара), Майдар гэгээний Их хөлгөний судрын чимэг (мДо-сдэ ргян, Скрт. Махаяанасутра-аламкара), Нагаржуна гэгээний Эрдэнийн эрх (Рин-чэн ’пхрэнг-ба, Скрт. Ратнавали) бүтээлүүд гэдэг.

Эх зохиол гурван хэсэгт хуваагдана. Үүнд:

  1. Эхэнд нь эерэг хүч бий болгох
  2. Гол сургаал
  3. Төгсгөл

Эхэнд нь эерэг хүч бий болгох хэмээх хэсэг нь хоёр хэсэгт хуваагдана. Үүнд:

  1. Хүндэтгэл үзүүлэх
  2. Зохиол туурвих амлалт

Хүндэтгэл үзүүлэх

Энэхүү эхний бадаг нь эхний хоёр хэсгийн нэгдэх нь болох хүндэтгэл үзүүлэх хэсгийг үзүүлнэ.

Локешварад мөргөм үү.
Үзэгдэл бүхний ирэх хийгээд одох үгүй чанарыг болгоон гагц амьтан бүгдийн тусад хичээгч дээд багш нар хийгээд итгэлт Авалокитешварад ашид гурван үүдээр бишрэн мөргөм үү.

Мөргөл хүндэтгэлийг Авалокитешварад үзүүлж байгаа бөгөөд энд түүнийг Локешвара хэмээсэн. Гэгээрэлд хүрэх уг үндэс нь энэрэн нигүүлсэх сэтгэл бөгөөд Авалокитешвара нь энэрэн нигүүлсэх сэтгэлийн илэрхийлэл болох бурхан учраас түүнд мөргөлийг үйлдэж байна. Түүнчлэн ирээдүйд санскрит хэл үзэж судлах үр суулгах үүднээс зохиогч түүний нэрийг Локешвара хэмээн санскрит хэлээр бичжээ. Авалокитешвара бурханыг багш нартай нэг мөн чанартай хэмээгээд түүнд бие, хэл, сэтгэлийн гурван үүдээр мөргөлийг үйлдэнэ. Ийм мөргөл хийж буй учир нь тухайн хүндэтгэлийн орны сайн чанаруудыг хүндэтгэж буй хэрэг.

Тэдгээр сайн чанарууд нь ямар чанарууд байдаг вэ? Их хөлгөний уг үндэс нь бодь сэтгэл. Энэ нь хамаг амьтанд тус хүргэхийн тулд гэгээрэлд хүрэхийг зорих сэтгэл юм. Үүнд хүрэхийн тулд бид зургаан чанад буюу олонд тустай зургаан хандлагыг төгс сайн бүтээх хэрэгтэй болно. Үүний үр дүнд бид бие махбод хийгээд сэтгэлийн хувьд, тодруулбал Дүрст лагшин болон Дармакаяа буюу Бурханы илт мэдэл, бүхнийг мэдэх Номын лагшинг эрхшээсэн гэгээрэлд хүрч чадна. Энэ хоёр лагшинд хүрэхийн тулд бид хүрэх үр дүнтэйгээ адил шалтгаануудыг бүрдүүлэх ёстой. Иймд бид Бурханы Дүрст лагшинд хүрэх эерэг хүч, Бурханы сэтгэлд хүрэх билиг ухаан эдгээр хоёрыг бий болгох хэрэгтэй. Энэ хоёрын суурь нь хоёр үнэн юм.

Локешвара нь үзэгдэл бүхний ирэх хийгээд одох үгүй чанарыг мэдэх нэгэн. Юмсын янагуух үнэнийг шинжиж үзэхэд тэдгээр нь үнэндээ ирээд, дараа нь одож үгүй болох чанартай байдаг. Гэвч тэдний гүнзгий (чанагуух) үнэнийг шалгаж үзэхэд тэдний ирэх, одох нь бодит мөн чанар бүхий үнэн бодитой орших ирэх, одох биш байна. Жишээ нь шалтгаан ба үр дагавар гэж бий. Шалтгаан нь өөрийн мөн чанараар бодитой оршихгүй, өөрийн мөн чанараар орших нь хоосон тул түүнээс гарах үр дагавар нь бас адил байх боломжгүй орших тэрхүү хэлбэрээр хоосон байх ёстой. Шалтгаан, үр дагавар хоёул өөрийн мөн чанараар оршихгүй; тэд бие биеэсээ харилцан шалтгаалж бий болно. Өөрөөр хэлбэл, бүх үзэгдлийн харилцан хамааралтай чанар нь өөрийн мөн чанартай оршдоггүй.

Нагаржуна гэгээний хэлсэнчлэн юмст үнэн ирэх, үнэн одох, үнэн орших гэх мэт үгүй. Иймд “Үзэгдэл бүхний ирэх хийгээд одох үгүй чанарыг болгоон” гэдэг мөр нь хоосон чанарын тухай бөгөөд тэрхүү мөргөлийн орон нь хоосон чанарыг шууд онож таньсан нэгэн байх юм. Бүх зүйл өөрийн мөн чанараар оршино гэж байхгүй тул бүх зүйл шалтгаан ба үр дагаварын үйл явцаар харилцан шалтгаалцаж оршино.

Шалтгаан болох сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлөөс үр дагавар болж зовлон гарах ба шалтгаан болох эерэг үр дагаварт хүргэх үйлээс үр дагавар болж баяр жаргал гарна. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, сөрөг үр дагаварт хүргэх үйлдлээс шалтгаалан зовлон гарч байгаа бөгөөд энэ бадагт гарч байгаа мөргөлийн орон нь энэ бүхэн нь бүхий л хамаг амьтны хувьд ижил учраас түүний энэрэн нигүүлсэх сэтгэл нь тэдэнд зовлонг багасгах, тэднийг арилгах аргыг үзүүлж тус хүргэх цорын ганц зорилгод зорьсон байдаг. Ийнхүү бидэнд билиг ухаан хийгээд аргын аль нь ч орхигдохгүйгээр хэрэгтэй учраас энд энэ хоёр талыг харуулсан байна.

Энэ бадгаас эдгээр хоёр талыг харж болно. Локешвара бүх зүйл өөрийн мөн чанараар орших нь хоосон, бүх зүйл хоосон чанартай учраас үзэгдэл бүхэн шалтгаан ба үр дагавараас бий болдогийг харсан. Тэр дундаа бүхий л хамаг амьтны зовлон нь тэдний сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагаас бий болж гардаг гэдгийг харсан учраас тэрээр их энэрэн нигүүлсэх сэтгэлээр тэрхүү зовлонг арилгахыг зорьжээ. Иймд билиг болон аргыг Локешваратай холбон энд магтсан байна. Тэрээр бүх зүйлийг хоосон чанартай гэж үзсэн учраас бүх зүйлийг шалтгаан ба үр дагавар хэмээн үзжээ. Ийнхүү түүнд хамаг амьтныг зовлонгоос гаргах гэсэн энэрэн нигүүлсэх сэтгэл байжээ. Ойлгож байна уу?

Зохиол туурвих амлалт

Дараагийн бадаг нь зохиол туурвих амлалт.

Тус, амгалан гарахын орон, туулсан Бурхад нь дээдийн Номын бүтээлээс төрсөн. Тэр нь бүтээл түүнийг мэдсэнд шүтэлцэх тул би бээр бодьсадвын бүтээл нэгийг тайлбарлан үзүүлье.

Бурхан багш хамаг амьтанд тус болох үүднээс гэгээрэлд хүрэх бодь сэтгэлийг эхэлж төрүүлсэн. Ингээд гэгээрэлд хүрч, түүний цорын ганц зорилго бусдад туслах зорилго болсон. Тэрээр үүний тулд өөрийн бүхий л сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагыг арилгах хэрэгтэй бөгөөд энэ нь мөн жинхэнэ амгаланд хүрэхийн тулд хүн бүрийн хийх хэрэгтэй зүйл гэдгийг ойлгож өөрийн сэтгэлийг номхотгож, сургажээ. Ингээд Бурхан багш үүнийг хийх олон аргыг заасан бөгөөд бид Бурхан багшийн адилаар тэдгээрийг бүтээх хэрэгтэй. Хэрэв бид Бурхан багшийн заасны дагуу бүтээлийг хийвэл бүгдээрээ амгаланд хүрч чадна. Иймд энэхүү бадагт Бурхан багшийг тус, амгалан гарахын орон хэмээжээ.

Урьд нь Бурхан багш гэгээрээгүй байсан. Тэрээр өөрийн багш нараас суралцаж, тэдний сургаалыг даган сэтгэлээ сургаж, номхотгожээ. Өөрийн бүхий л сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, хандлагаа арилгаж тэр гэгээрсэн. Ингэж тэрээр дээдийн Номыг бүтээн өөрийн зорилгод хүрсэн.

Бидний бие, сэтгэл хэрхэн оршдогийг бид ойлгохыг хичээх хэрэгтэй. Жишээ нь бидний харах мэдрэхүй ямар нэг зүйлийг харах үед бид харах мэдрэхүй түүнийг харж байна гэж хэлдэггүй харин би харж байна гэдэг. Бидний бие өвдвөл би өвдлөө гэдэг. Эдгээр хэллэгүүдийн илэрхийлж байгаа санаа нь би бол сэтгэлийн мэдрэхүй, бие махбод хоёрын аль аль нь гэсэн санаа юм. Гэвч бидний бие эхэлж эхийн умайд бүрэлдэн, үхэх үед тэр нь үхжиж дуусна. Иймд “би” нь зөвхөн бие махбод байх боломжгүй.

Тэгвэл би нь бие махбодоос шалтгаалах сэтгэл байж болно. Гэвч “би” нь хэлбэр, дүрс, өнгө биш. Гэтэл бид алсаас нэг биеийг хараад түүн дээр үндэслэн “Би найзыгаа харж байна” хэмээн баярладаг. Гэвч хэрэв бид сайтар нягталбал тэр хүн бол ердөө түүний бие махбод биш байдаг. Эмчид үзүүлэхэд эмч биднээс “Бие чинь ямар байна?” гэж асуух боловч мэдээж бид зөвхөн махбод биш. Америкт зарим томоохон эмнэлгүүдэд эмч нар хүмүүсийн эрүүл мэндийг сайжруулахын тулд бясалгалыг эмийн жор болгон оруулах болсон. Иймд ийм төрлийн биет бус эмийн жор өгч байгааг харахад бие болон сэтгэлийн хооронд тодорхой холбоо байгаа нь илэрхий байна.

Тэгвэл энэхүү “би” нь зөвхөн сэтгэл байвал ямар байх бол? Сэтгэлийн мөн чанарыг авч үзье. Бид ямар нэг зүйлийг мэдэх үед “Би энэ зүйлийг мэднэ” гэдэг. Гэвч сэтгэл гэдэг юу болохыг нарийн тодорхойлох маш хэцүү. Сэтгэлийг тодорхой болон мэдэх чанарт гэж тодорхойлдог. Сэтгэл нь биет зүйл биш бөгөөд өнгө болон хэлбэр дүрсгүй. Энэ нь ямарч үзэгдэх зүйл байхгүй хоосон, тунгалаг огторгуй мэт бөгөөд энэхүү тунгалаг орон зайн дотор тодорхой, мэдэх чанарын хувиар ямар нэг зүйлийг мэдэх мэдэхүй гарна.

Сэтгэл нь үр тогтох эхний мөчид хий, дусал гэх мэт маш нарийн биеийн хамтаар зэрэг тогтдог тодорхой болон мэдэх чанар бүхий нэг зүйл юм. Ийм үзэгдэл гарахад, тухайн зүйл гарах шалтгаан болох түүнтэй нь адил мөн чанартай нэг зүйл байх шаардлагатай болно. Иймд үр тогтох мөчийн тэрхүү анхны тодорхой, мэдэхүйн шалтгаан болох түүний өмнөх агшны тодорхой, мэдэхүй байх шаардлагатай. Ийм учир шалтгааны үндэслэлээр бид өмнөх төрлийг батална. Хэрэв өмнөх төрлүүд байдаг бол хойд төрлүүд бас байна гэсэн үг.

Бидэнд байх энэхүү тодорхой, мэдрэхүй нь үргэлжлэл бүхий зүйл бөгөөд ирээдүйн төрлүүдийг дамжих учраас түүн дээр тогтсон сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл, зовлонгийн шалтгаан болж өгдөг халхавчуудыг арилгах нь маш чухал. Тэдгээрийг арилгаснаар бид халхлах зүйлгүй тодорхой, мэдрэхүй болох сэтгэлийнхээ уг мөн чанарт хүрнэ. Энэ нь төгс гэгээрсэн төрөлхтөн, Бурханы илт мэдэл бүхий сэтгэл болдог тэр зүйл юм. Иймд бидний сэтгэлийн уг суурь, гэгээрсэн төрөлхтөний сэтгэл, өөрөөр хэлбэл түүний илт мэдэл бүхий сэтгэлийн сууриуд нь адилхан учраас энэхүү гэгээрсэн сэтгэл нь бидний хүрч болох зүйл. Бурхан багш анхнаасаа гэгээрсэн хүн байгаагүй, тэрээр олон шалтгаанд тулгуурлан гэгээрэлд хүрсэн. Арилгах шаардлагатай зүйлүүдийг арилгаж, төлөвшүүлэх шаардлагатай зүйлүүдийг төлөвшүүлсэн. Иймд хэрэв бид тэдгээр зүйлүүдийг хийвэл мөн адил үр дүнд хүрч чадна.

Эх зохиолд “Тус, амгалан гарахын орон, туулсан Бурхад нь дээдийн Номын бүтээлээс төрсөн” хэмээн гардаг. Тэгвэл бид үүнийг хэрхэн хийх вэ? “Тэр нь бүтээл түүнийг мэдсэнд шүтэлцэнэ” гэдэг. Иймд ердөө Номыг мэдэх нь хангалттай бус, харин Номыг хэрхэн бүтээхийг мэдэж, амьдралд хэрэглэх нь чухал юм.

Өнөөдөр энд хүрээд өндөрлөе. Энэ бүгдийг ойлгов уу? Өөрийн чадах хэрээр бид бүтээл хийх хэрэгтэй. Бидний бүтээх зүйл бол магад гарах сэтгэл, бодь сэтгэл, хоосон чанар юм. Бид өөрийн хандлага, чиг, сонирхолыг юу болохыг анхааралтай, үнэнчээр шинжиж, өөрт тохирох зам мөрөөр өөрийгөө сургах хэрэгтэй.

Top