Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Гэгээрэлд хүрэх зам мөрийн хураангуй

I Цэнжаб Сэркон Ринбүүчи
Энэтхэг улс, Дарамсала хот
1976 оны 10-р сар
Орчуулсан Александер Берзин
Хянан тохиолдуулсан Лүке Робертс, Александер Берзин

Эрдэнэт хүний төрөл

Эрдэнэт хүний төрөл хүслийг хангагч чандмань эрдэнэ мэт

Бидэнд буй энэхүү хүний бие нь хүслийг хангагч чандмань эрдэнээс илүү үнэтэй юм. Энэ бие нь бидэнд чөлөө олгодог, гэвч энэхүү биеийн туслалцаатайгаар бидэнд олдож буй чөлөө, учрал нь мансууруулах зүйл хэрэглэн мансуурах бус, харин Ном бүтээх чөлөө, учрал юм. Ямар учраас энэхүү хүний бие нь хүслийг хангагч чандмань эрдэнээс илүү үнэтэй юм бэ? Учир нь хүслийг хангагч чандмань эрдэнийн ачаар бид энэ насандаа хоол, ундтай байж болно. Гэвч ирээдүйн төрлүүдэд тус хүргэж чадахгүй. Харин Ном бүтээх боломж олгодог бидэнд буй энэ бие тэр эрдэнээс илүү үнэт билээ.

Бид бүгдээрээ хэдий чинээ чадна төдий урт удаан хугацаагаар баяр жаргалтай байхыг хүсдэг. Энэ насанд ямарч баяр баясгалан эдэлсэн байсан ч тэр нь зөвхөн энэ насны богино хугацаанд үргэлжилдэг учраас түр зуурын зүйл. Хэрэв бид урт удаан хугацааны баяр баясгалан хүсэж байвал ирээдүйн төрлүүдийн талаар бодох хэрэгтэй. Хүслийг хангагч чандмань эрдэнэ нь биднийг гурван муу заяанд төрөхөөс сэргийлж, бидэнд мөнх нас өгч чадахгүй. Харин энэхүү хүний биеийг ашиглан бид өөрсдийгөө муу төрөлд төрөхөөс урьдчилан сэргийлж чадна. Мил Богдын адил, энэ биеэ Ном бүтээхэд ашиглаж нэг насандаа гэгээрэлд хүрч болно. Иймд бидний биеэр хийж чадах эдгээр зүйлийг хүслийг хангагч чандмань эрдэнэ бидэнд өгч чадахгүй учраас бидний бие хүслийг хангагч чандмань эрдэнээс илүү үнэтэй.

Бид энэхүү эрдэнэт хүний биеэр Номыг бүтээх хэрэгтэй. Гэтэл бид үүний талаар эсрэг ойлголт баримтлах хандлагатай байдаг. Эрдэнэт хүний бие нь хүслийг хангагч чандмань эрдэнэээс илүү үнэтэй байтал бид энэ биеэ илүү их эд баялаг олоход хэрэглэж, бүр богино хугацааны зорилгоо биелүүлэхийн тулд түүнийгээ золиослоход бэлэн байдаг. Дэлхий дээр биднээс илүү их хөрөнгөтэй, илүү их ухаантай олон хүн бий. Гэвч өөрсдийн эрдэнэт хүний биеийг Ном бүтээхэд хэрэглэснээр бид тэднээс илүү их эерэг хүчийг (буян) бий болгодог. Иймд энэхүү эрдэнэт хүний төрлийг үрэхгүй, харин энэ биеийг ашиглаж хүрдэг гурван зорилго болох, дараа төрөлдөө сайн төрөлд төрөх, гэтлэхүй, гэгээрэлд хүрэхэд ашиглах нь чухал.

Бидэнд хэдий их материаллаг эд хөрөнгө байсан ч тэдгээр нь сэтгэл ханамж авчирдаггүй. Бүр нэг хүн энэ дэлхийн бүх эд баялгийг эзэмшсэн ч тэрээр сэтгэл нь ханадаггүй. Тэгэхээр бүр хүслийг хангагч чандмань эрдэнэ бүгд нийлээд ч сэтгэл ханамж авчирч чадахгүй гэдэг нь тодорхой байна. Хүнд хэдий их эд баялаг байна тэр нь төдий чинээ их зовлон авчирдаг. Үүнийг бид өөрсдийн амьдрал дээрч харж болно. Хэрэв бид галт тэрэг, автобусаар явахдаа их ачаа тээштэй явбал маш хэцүү байна, харин тэр бүх эд зүйл байхгүй бол маш амар хялбар байна.

Бид Номыг ийм байдлаар бүтээхийг оролдох хэрэгтэй. Жишээ нь Мил Богд агуйд амьдарч байхдаа ямарч эд хогшилтой байгаагүй. Мил Богд, Шагжамүни Бурхан нар материаллаг зүйлс ач холбогдол багатай, аар саар зүйл гэдгийг ойлгож, Ном бүтээхийн тулд тэднээс татгалзсан. Дэлхийн баян чинээлэг орнуудад амьдарч байсан та нар ч бас материаллаг эд зүйлс тийм чухал биш гэдгийг ойлгож, ардаа үлдээгээд энд Ном бүтээхээр ирцгээсэн.

Эрдэнэт хүний төрөл авах нь хэцүү, түүнд төрөх шалтгаан

Эрдэнэт хүний төрөл авах нь ямар учраас хэцүү болохыг авч үзэх хэрэгтэй. Шалтгааныг нь бүрдүүлэхэд үнэхээр хэцүү учраас тэрхүү төрлийг авах хэцүү байдаг юм. Шалтгаан нь дараах гурван хэсэгт хуваагддаг. Үүнд:

  • Ёс зүйн хувийн сахилга батыг чанд баримтлах
  • Зургаан чанадад хүрэхүйг бүтээх (зургаан барамид)
  • Ерөөл тавих

Ёс зүйн хувийн сахилга батыг чанд баримтлах

Ёс зүйн хувийн сахилга батыг чандлан баримтлах нь маш хэцүү байдаг бөгөөд бусдын сахилга батыг тодорхойлж үнэлэхэд ч хэцүү байдаг. Ёс зүйн сахилга баттай холбоотой арван сөрөг үр дагаварт хүргэдэг үйлдлийг нэрлэдэг бөгөөд дэлхий дээрх ихэнх хүмүүс бүр эдгээр нь ямар үйлдлүүд болохыг ч мэддэггүй. Мэдээж тэдний дотор үүнийг мэддэг хэсэг байх боловч ихэнх нь тэдгээр үйлдлээс зайлсхийхийг оролддоггүй.

Сөрөг үр дагаварт хүргэх биеэр үйлдэгддэг гурван үйл байдаг. Үүнд:

  • Амь таслах. Бид амь тасалж болохгүй гэдгийг мэддэг боловч шавьж хорхой биднийг хазах үед бид цохиж алдаг.
  • Эс өгснийг авах. Хэдийгээр бид гарч, илэрхий дээрэм тонуул хийхгүй ч гэсэн арга сийлж бусдын эд зүйлсийг авч болох юм. Эдгээр нь бараг адил зүйл.
  • Зохисгүй бэлгийн харилцаа. Бид бусдын гэр бүлийн хүнтэй хамт байхыг хүсдэг.

Бид биеийн эдгээр сөрөг үр дагавартай үйлүүдийг өдөр бүр борооны дусал адил ихээр хийдэг.

Сөрөг үр дагаварт хүргэх хэлний дөрвөн үйл нь:

  • Худал хэлэх. Үүнийг бид цаг үргэлж хийдэг. Жишээ нь, биднийг толгой уруудан явах гэж байх үед хэн нэг хүн биднээс хаашаа явах гэж байгааг асуухад бид толгой өөд явах гэж байна гэдэг.
  • Хов хэлэх. Найз нөхдийг хооронд нь эвдрэлцүүлэх, таарамжгүй хүмүүсийн улам дайсагнуулах. Бид үүнийг бусдын талаар муу зүйл хэлэх байдлаар цаг үргэлж хийдэг.
  • Ширүүн үг хэлэх. Энэ нь зөвхөн хүнд хандсан байх албагүй. Жишээ нь, нохой өрөөнд орж ирэхэд бид “Зайл! Эндээс гар!” гэх мэт ширүүн үг хэлж болно. Ширүүн үг хэлэх нь үнэхээр том алдаа юм. Учир нь хэн нэг хүн бидэнд ширүүн үг хэлэхэд бидний сэтгэл өвддөгийн адил бусдад бас амьтдад адил санагддаг юм.
  • Чалчих. Бидний амнаас гарч байгаа үг бүр үнэндээ дэмий үг байдаг. “Би тэр оронд очсон”, “Би үүнийг хийсэн, түүнийг хийсэн” гэх мэт. Хэрэв та их ярих юм бол хэлний ийм үйл хийх боломж тань ихэснэ. Би англи хэл мэдэхгүй учраас надад англи хэлээр дэмий ярих боломж байхгүй. Би зөвхөн төвд хэлээр хэрэггүй зүйлийн талаар ярих үйлийг хийнэ.

Сөрөг үр дагаварт хүргэх сэтгэлийн гурван үйл:

  • Бусдад байгаа зүйлийг авахыг хүсэх сэтгэл. Хэн нэгэнд маш сайхан байшин гэх мэт зүйл байвал тийм зүйл өөрт нь байхыг хүсэх. Энэ бол тийм сайн зүйл биш, гэвч бидэнд ийм сэтгэл их байдаг.
  • Хорлох сэтгэл. Хэн нэгэнд зовлон хүсэх эсвэл тэднийг гэмтээх сэтгэл. Энэ сэтгэлийг зөвхөн дайсагнасан хүндээ төрүүлэх төдийгүй найз нөхөд биднийг бухимдуулбал бас тэдэнд ийм сэтгэл төрүүлдэг.
  • Буруу үзэл. Жишээлбэл, хойд төрөл байхгүй гэх, Авралын гурван орон хэнд ч тусгүй, хурал ном хурах цагийн гарз, зул тосны гарз, балин арвайн гурил хаяж байгаа хэрэг гэх мэт.

Өөрийгөө эдгээр үйлээс сэргийлэх нь хэцүү байдаг. Хэрэв та эдгээрийг хорихгүй бол та эрдэнэт хүний төрөл авч чадахгүй. Эдгээрийг нарийвчлан ярих цаг байхгүй байгаа учраас хэрэв та илүү дэлгэрүүлж мэдэхийг хүсвэл лам-рим сургаалыг үзэх хэрэгтэй.

Зургаан чанадад хүрэхүйг бүтээх

Эрдэнэт хүний төрөл авах хоёр дахь шалтгаан бол зургаан чанадад хүрэхүйг бүтээх. Эдгээр зургаан чанадын бүтээл нь өглөг, ёс суртахуун, тэвчээр, хичээнгүй, төвлөрөл, билиг билгүүний чанадад хүрэх бүтээл юм.

Гэвч өглөгийг үйлдэхийн оронд бид хармыг бүтээж, бусдад харамч нарийн хандлагаараа нөлөөлж байна. Тэвчээр гаргахын оронд уур бухимдлыг төрүүлж, Ном бүтээхэд дурлан хичээл зүтгэл гаргахын оронд залхууран цаг үргэлж унтаж байна. Сэтгэлээ тогтвортой байлгахын оронд түүний хэрэн хэсүүчлэх байдлыг бий болгон, жишээ нь маани уншиж байгаа үед бидний сэтгэл хаа сайгүй хэрэн хэсүүчилж, бид түүнийг улам гүнзгийрэх боломжийг олгож байдаг.

Нэг багш бүтээлийнхээ дундуур, шавиараа хийлгэхийг хүссэн нэг даалгавар байсныг санаж бясалгалаа зогсоон түүнийг хэлэхээр босдог. Энэ нь түүний сэтгэл хэрэн хэсүүчилж байсныг харуулж байна. Маани унших бүтээл хийж байгаа үед бидний сэтгэл ийш, тийш хэрэн хэсэж байдаг.

Билиг билгүүний чанадад хүрэхүйн хувьд бид хоосон чанарыг ойлгох билиг ухааныг төлөвшүүлэх хэрэгтэй байдаг бол түүний оронд зурж будах гэх мэт ертөнцийн зүйлд суралцдаг. Бид зөв мэдлэгийг бий болгодоггүй.

Товчоор хэлбэл эрдэнэт хүний төрөл авах шалтгааныг бий болгох үнэхээр хэцүү. Ийм төрөл нь маш ховор болохыг ойлгож, үүнийг бид зөвхөн энэ удаа авсан байна, ашиглаж чадахгүй алдах нь маш амархан байж болно гэж бодох хэрэгтэй. Хэрэв бид энэхүү эрдэнэт хүний төрлийг ашиглаж чадахгүй бол хожим дахин авна гэдэг үнэхээр хэцүү байх болно.

Чөлөөгүй найман нөхцөлөөс түр амсхийх

Эрдэнэт хүний төрөл нь чөлөөгүй найман нөхцөлөөс ангид байх явдал юм. Чөлөөгүй гэдэг нь Ном бүтээх боломжгүй байх гэсэн үг.

Хүний хүчин зүйлээс шалтгаалахгүй дөрвөн чөлөөгүй нөхцөл байдаг. Үүнд:

  • Тамын төрөлд бүтээл хийх чөлөө байдаггүй. Учир нь таны бие үргэлж галд шатаж байдаг.
  • Хэрэв бирд болж төрвөл та тасралтгүй өлсөж, хоол бодох болно.

Хэрэв бид өглөө босоод хооллоогүй бол бидэнд Ном бүтээх (Номонд суралцах) хүсэл төрөхгүй. Хэрэв өглөө толгой өвдсөөр босож ирвэл бид бас Ном бүтээхийг хүсэхгүй. Бидэнд тохиолдож болох эдгээр зүйлээс ургуулан бодоход хэрэв бид бирд болж төрөн, жаран жил хоолгүй явбал Ном бүтээхийг сонирхохгүй.

Иймд бид там, бирдийн төрөлд төрөөгүй байгаагаа сайшаах хэрэгтэй.

  • Адгуусны төрөл. Бүр Дээрхийн Гэгээн Далай ламын нохой болон төрсөн ч бид авралын уншлагыг уншиж чадахгүй.

Бид там, бирд, адгуусны төрөлд төрөөгүй байна.

  • Бид урт настай тэнгэрийн төрөлд төрөөгүй байна. Тэд үнэхээр их таашаал, ертөнцийн таашаал эдлэх бөгөөд Ном бүтээхийг сонирхдоггүй.

Шарипутрад (Шаарийбуу) өөрт нь маш их сүжиглэдэг нэг шавь байжээ. Тэр шавь нас эцэслэээд тэнгэрийн оронд төрөл авчээ. Шарипутра өөрийн далд мэдрэхүйг ашиглан шавь нь тэрхүү тэнгэрийн оронд төрсөн байхыг харж гэнэ. Тэгээд өөрийн үнэнч шавь дээрээ очоод ирье хэмээн боджээ. Түүнийг тэнгэрийн оронд очиход шавь нь ердөө л “Сайн уу!” хэмээн Шарипутра руу гар даллаж Ном бүтээлийг огтхон ч сонирхоогүй гэнэ. Тэрээр цагийг үнэхээр сайхан өнгөрөөж байжээ. Энэ зүгээр нэг үлгэр түүх бус, үнэхээр болсон явдал юм шүү.

Ийм зүйлийг бид өөрсдийн амьдралаас харж болно. Хэн нэгэн хэрэв ядуу зүдүү бол Ном бүтээхэд бэлэн байдаг. Харин баян чинээлэг, тав тохьтой болвол сонирхдоггүй. Бид урт настай тэнгэр болж төрөөгүй нь бас завшаантай хэрэг.

Хүний хүчин зүйлтэй холбоотой чөлөөгүй дөрвөн нөхцөл байдаг. Үүнд:

  • Эхнийх нь, найман чөлөөгүй нөхцөлийн тав дахь нь, жишээ нь Номын дуу сонсохгүй цагт эсвэл оронд төрсөн хүмүүс байдаг. Бид тийм нөхцөлд төрөөгүй байна.
  • Бүх нийтээрээ зөвхөн хоол, хувцас эрдэг эрлэг бүдүүлэг нийгэмд зарим нь төрдөг. Бид тийм нөхцөлд төрөөгүй байна.

Төвдөд Цари гэдэг нэг уул байдаг. Төвд хүмүүс тийшээ арван хоёр жилд нэг удаа явдаг. Тэнд амьдардаг Лоба овгийнхон маш зэрлэг бүдээлэг, тэдний нутгаар дайрч өнгөрөхөд хүмүүс татвар төлдөг. Татвар нь нэг үхэр байх бөгөөд лоба нар үхрийг тэр даруйд нь төхөөрч, цусыг нь уудаг. Бид тийм газар төрөөгүй бас завшаантай хэрэг.

  • Бид хараагүй, дүлий, хэлгүй, эсвэл ухаан солиотой болж төрөөгүй байна. Бид суралцах, бүтээл хийх боломжгүй болгодог тэдгээр хүчин зүйлээс ангид байна.
  • Мөн түүнчлэн шашингүй хандлагатай, шашин бол сайн зүйл биш, мөнгө хөрөнгө олох нь хамгийн зөв зүйтэй зүйл гэдэг үзэл баримтлалтай газар төрөөгүй байна.

Хэрэв бид эдгээр чөлөөгүй нөхцөлүүдээс ангид төрсөн, мөн ийм төрлийг авах шалтгааныг ойлгодог бол бид хоёр дахин их аз завшаантай юм. Ийм эрдэнэт хүний төрөл авсан олон хүмүүс ийм төрлийг дахин дахин авах шалтгаан нь юу байдгийг мэдэхгүй байдаг.

Адилтгаж үзүүлбэл

Эрдэнэт хүний төрөл авах нь ямар хэцүү болохыг ойлгуулах үүднээс бид зүйрлэл ашиглаж болно. Жишээ нь толь руу элс цацахад түүнд дээр элсний ширхэг тогтох нь үнэхээр ховор.

Эдгээр зүйлийг бодож үзвэл бид бидний одоогийн энэ хүний төрөл ямар үнэт амжилт болохыг ойлгоно. Үүнийг бид зөвхөн энэ удаа л олж чадсан байна гэж бодох хэрэгтэй. Энэтхэгт буй хэдэн зуун сая хүнтэй харьцуулахад ямар цөөхөн хүмүүс Ном бүтээж байна вэ. Үүнээс бид ийм төрөл ямар ховор болохыг ойлгож болно.

Нэг удаа нэг лам эрдэнэт хүний төрөл авахад хэцүү гэдэг сэдвээр ном тавьж байтал тэнд сууж байсан нэг монгол хүн “Хүний төрөл авах тийм хэцүү гэж бодож байвал та Хятадад очиж, тэнд ямар их хүн байгааг харах хэрэгтэй юм байна!” гэж хэлсэн гэдэг. Энэ нь намайг Оросод очиж үзэх хэрэгтэй гэж хэлэхтэй адил байх.

Энэ бүгд бясалгаж бодох маш сайн сэдвүүд шүү.

Эрдэнэт хүний төрлөө ашиглан, утга учиртай амьдралаар амьдрах

Энэхүү эрдэнэт хүний биеийг олохын тулд өмнөх төрлүүддээ бид хичнээн их хичээл зүтгэл гаргасаныг бодож үзэх юм бол бид энэ насаа утга учиртай болгох хүсэл эрмэлзэл дүүрэн болох болно. Хэрэв та ачааг уул өөд талд нь хүртэл авч яваад тэнд нь орхивол ачаа тэр чигтээ доош өнхрөх болно. Энэ төрөлдөө эрдэнэт хүний төрөл авахад өмнө хийсэн бидний хөдөлмөр зүтгэл уул өөд ачааг хүргэхэд гаргасан хөдөлмөр зүтгэлтэй адил юм. Хэрэв бид үүнийг зөнд нь орхих юм бол тэр бүх хөдөлмөр үр ашиггүй болно.

Бид одоо эрдэнэт хүний төрөл авсан байгаа тулд ирээдүйд дахин авахыг хүсэх шаардлагагүй. Одоо бидэнд байгаа учир үүнийг одоо Бурханы хутагт хүрэхэд ашиглах хэрэгтэй. Хэрэв тэгэхгүй бол дэргэдээ савтай будаа тавиад түүнийгээ идэхгүй, харин дараа төрөлдөө дахин нэг сав будаатай болохыг залбиран суухтай адил юм. Иймд бид яг одоо хүний төрлөө бүрэн ашиглах хэрэгтэй.

Үхлийг санах

Үхэх нь магадтай

Бидэнд буй эрдэнэт хүний бие махбодыг авч үзвэл тэр нь хад чулуу ч биш, төмөр металл ч биш юм. Хэрэв тийм байсан бол өнө удаан оршиж болох байх. Хэрэв биеэ зүсэн дотор нь юу байгааг нээж харвал цус, дотор эрхтнүүд байна, малын гэдэс дотор адил. Бидний дотор эрхтэн цагны дотоод эд ангитай адил маш эмзэг нарийн байдаг.

Хэрэв үхлийн тухай, нас эцэслээд байгаа хичнээн олон хүн байгаа талаар бодож үзвэл бид тэдний тоо нилээн хэдэн эрх тоолох хэмжээний олон байгаа байх. Намайг Дарамсалад ирснээс хойш хэдий олон төвд хүн амь үрэгдсэнийг тоолбол би нэг эрхийг маш хурдан гүйцээх байх.

Нас эцэслээгүй байгаа хүний бие авсан нэг ч хүн байхгүй. Хэрэв мод, ургамал хэрхэн үхдэг талаар бодож үзвэл таныг үхэх хүртэл хэзээ үхэх цаг хугацаа нь тодорхойгүй байдаг гэдгийг ойлгож болно. Төрсний эцэст үхдэг жамтай. Хэн ч юу ч хийж чадахгүй. Бид энд цугласны эцэст тардаг. Дээш өгссөний эцэст доош уруудна. Үхэл ирэхэд үхэхээс өөр бидэнд хийж чадах зүйл байхгүй гэдгийг ойлгож түүнээс өмнө аль болох их Ном бүтээхийг хичээх хэрэгтэй.

Мөн бид хэрхэн насан эцэслэх талаар бодох хэрэгтэй. Өөрийгөө хүндээр өвчилж, таны арьс өнгөө алдан, та улам бүр эцэж, эмч ирж танд эм өгөөд, ердөө л “их муу байна” гэж шогшроно хэмээн дүрсэлж үзээрэй.

Хэзээ үхэх нь тодорхойгүй

Мөн түүнчлэн таны хэзээ үхэх нь тодорхойгүй байдаг. Үс нь бууралтаж нас өндөр болсон эцэг эхчүүд хүүхдүүдээ хөдөөлүүлэхийг харж болно. Олон хүмүүс ердөө л идэж буй зүйлдээ хахаж амиа алдах нь бий.

Юуны түрүүнд та дараах төвд жишээнүүдийн үүднээс бодож үзэж болно. Нэг хүн хэсэг мах хойш тавьж өглөө иднэ гэдэг. Гэтэл хойш тавьсан мах нь байж байхад тухайн хүн өөрөө амьсгал хураасан байх жишээтэй. Бас нэг жишээ байдаг. Симла нутгийн нэг төмс тарьдаг хүнийг би мэддэг байсан. Тэрээр өдрийн хоолондоо зориулан талх барих гэж байсан боловч талх нь болж байх зуур нас эцэслэсэн байдаг.

Иймд үхэл, мөнх бусыг ойлгох хамгийн сайн арга бол энэ талаар ном судраас унших бус харин өөрийн мэдэх нас эцэслэсэн хүмүүсийн тухай бодох явдал юм.

Үхэх цагт зөвхөн Ном бидэнд тусална

Үхэл мөнх бусыг бясалгах нь ямар ач холбогдолтой юм бэ? Энэ нь хийх хэрэгтэй цорын ганц үр дүнтэй зүйл бол Ном бүтээх (хэрэгжүүлэх) гэдгийг харуулдаг.

Материаллаг зүйлийн хувьд бид юу ч биедээ авч явж чадахгүй гэдгийг ойлгох байх. Жишээ нь, та их мөнгөтэй худалдаачин байг гэж бодоход таныг чандарлах үед биеийг тань ороох арай илүү үнэтэй даавуу л танд байх болно. Харин энэхүү эд баялгийг хураахаар орон орон дамжиж явахдаа хийсэн сөрөг үр дагаварт хүргэх үйлдэл маш их байх бий.

Танд олон үйлчлэгч, ажилчин байсан ч, та хэдэн зуун мянган цэргийн удирдагч байсан ч таныг үхэх үед хэн ч тантай хамт явахгүй. Нэг нутаг ус дүүрэн хамаатан садантай байсан ч тусалж чадахгүй. Тэд ердөө л таны сэтгэлийг хямрааж, түүгээрээ хойд төрөл болон үхэх үйл явцад тань түвэг учруулах болно.

Үхэх үед тус болох цорын ганц зүйл бол Номын бүтээл байдаг бөгөөд учир нь хэрэв та сайн үр дүнд хүргэх үйл хийж хангалттай эерэг үйлийн хүч хуримтлуулсан бол тэр нь таны хойд төрлүүдэд маш их тус болж чадна. Харин сөрөг үйлийн хүч хойд төрөлд муу нөлөө үзүүлнэ. Энэ бол үхлийн тухай бодохгүйгээр ойлгож болох зүйл. Төвдөд олон хүмүүс их баян чинээлэг байдаг байсан ч үхэх үед зөвхөн тухайн үед тэдэнд байсан дотоод чанар, мэдлэгээ аван бусдыг орхин явах ёстой болж байв. Иймд бид амьдралынхаа хугацаанд Номыг цэвэр ариунаар бүтээж, орчлонгийн үйл ажиллагаанд цагаа үрэхгүй байх хэрэгтэй.

Бид энэ насны амьдралын бүхий л ертөнцийн үйл ажиллагааг буудайны хальс мэт ач холбогдолгүй зүйлд үзэх хэрэгтэй. Орчлонгийн үйл ажиллагаанд ямарч шим байдаггүй. Орчлонгийн үйл ажиллагааг хүүхдүүдийн шавраар хийдэг дүрс адилаар бодох хэрэгтэй. Тэдгээр дүрсийг хийж дуусгаад, тэгээд шидэж орхидог. Хүүхдүүд элсэн цайз хийж, тоглож дуусахаараа тэднийг орхин явдаг. Орчлонгийн үйл ажиллагааг энэ адил авч үзэх хэрэгтэй.

Энэ бүгдийг бодож үзэх нь таны Номын бүтээлд их тустай байх болно.

Бага хөлгөн

Бага төрөлхтөн

Орчлонгийн бүх үйл ажиллагааг чухал ач холбогдолгүй, хэрэггүй гэж үзэх юм бол хамгийн чухал зүйл нь бидний Номын бүтээл гэдгийг ойлгодог. Ном бүтээх гэдэг бол өөрийн ирээдүйн төрлүүддээ ач тустай ямар нэг зүйл хийх гэсэн үг. Юуны түрүүнд “Би одоо эрдэнэт хүний төрөл авсан байна. Үүнийг ирээдүйн төрлүүддээ доод төрөлд төрөхгүй байх үүднээс ашиглая” гэсэн хандлагатай байх нь эрдэнэт хүний төрлийг хамгийн бага түвшинд нь ашиглаж байгаа хэрэг.

Биднийг гурван доод төрөлд төрөхөөс урьдчилан сэргийлэх зүйл нь ёс зүйн хувийн сахилга батыг хатуу баримтлах явдал. Хэдийгээр бид ёс зүйн сахилга батыг баримтлахаар хатуу шийдвэр гаргасан ч тэр нь аажим аажмаар суларч байдаг. Иймд доод төрөлд төрөхөөс өөрсдийгөө хамгаалахын тулд бид сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлөөс өөрийгөө чөлөөлөх хэрэгтэй. Энэ нь маш их хиртсэн хувцасыг угаахдаа эхлээд бид бага зэрэг хүч гаргаж, уламаар хүчээ нэмэх шаардлагатай болдогтой адил. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүдийг арилгахын тулд удаан, алгуур эхэлж, улмаар өөрийн хүчийг бүрэн дайчилдаг. Иймд ёс зүйн хувийн сахилга батыг баримтлахын тулд түүнийг алгуур хэрэгжүүлэх ёстой бөгөөд ийнхүү та алгуур тэдгээр сэтгэл хөдлөлүүдээс ангижирна. Үгүй бол таны хүчин чармайлт амархан сулардаг.

Хэрэв та дараа төрөлдөө гурван доод төрөлд төрөхөөс зайлсхийх үүднээс ёс зүйн хувийн сахилга батыг сахиж байгаа бол энэ нь Ном бүтээх хамгийн бага түвшин болно.

Дунд төрөлхтөн

Хэдийгээр бид гурван доод төрлөөс зайлсхийн тэнгэрийн төрөлд, бүр хүний төрөлд төрсөн ч орчлонгийн бүх төрлүүд зовлонтой гэдгийг ойлгохыг оролдох хэрэгтэй. Энэ талаар лам-рим сургаалд дэлгэрэнгүй тайлбарладаг хэдий ч дараах жишээгээр харуулж бас болно. Та гадаа наранд зогсоод тэгээд халууцахаасаа шалтгаалж дотогш ордог. Та халууцах зовлонгоос зугтаж байгаа боловч танд даарах зовлон үлдэж байна. Орчлонд зовлонгүй газар гэж байдаггүй.

Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлүүд нь бидний орчлонд эргэлдэх шалтгаан болдог. Үүний үндэс нь, модны үндэс адил тэр зүйл нь, үнэхээр бодит бие даан орших мөн чанар байдаг гэж үзэх явдал юм. Орчлонд эргэлдэх нь модон морин тойруулгаар эргэн, өөр хаашаа ч явахгүй байхтай адил. Үүнээс гарах цорын ганц арга нь өөрсдөө өөдөө болох, түүнээс дээш гарах. Энэ бол хутагтын тухай ойлголт бөгөөд бодит мөн чанар байхгүй гэдгийг, байж боломгүй “сүнс” гэдгийг байхгүй гэдгийг онож таньсан тэдгээр хүмүүс юм.

Сэтгэлийн үргэлжлэлдээ хоосон чанарын энэхүү ойлголтыг төлөвшүүлэхийн тулд сэтгэлийн төгс төвлөрөл, шамата-д хүрэх шаардлагатай бөгөөд үүнд хүрэхийн тулд бидэнд ёс зүйн хувийн сахилга бат шаардлагатай. Ёс зүйн сахилга бат, төвлөрөл, билиг билгүүн гэсэн эдгээр гурван дээд суртгаал нь бидэнд орчлонгоос гарах боломж олгодог юм. Хэрэв бид эдгээрийг бүтээвэл (эдгээрт суралцвал) орчлонд эргэлдэхэд цэг тавьж болно.

Өөрийгөө хөгжүүлсэн тэдгээр төрөлхтөнүүдийг гурван бүлэгт хуваадаг. Үүнд:

  • Үзэхүйн сэтгэлийн зам мөрд (Үзэхүйн мөрд) орсон төрөлхтөн
  • Суралцахуйн сэтгэлийн зам мөрд (Бясалгалын мөрд) орсон төрөлхтөн
  • Цааш үл суралцах сэтгэлийн зам мөрд (Чанагш үл суралцахуйн мөрд) орсон төрөлхтөн.

Сэтгэлийн үзэхүйн зам мөрд орсон төрөлхтөн нь хоосон чанарыг ойлголтын (мэдлэгийн) түвшин бус шууд анх таньсан байдаг. Сэтгэлийн суралцахуйн зам мөрд орсон төрөлхтөн нь цааш бясалган энэхүү хоосон чанарыг шууд таньсан эрдэмдээ сэтгэлээ дасгадаг. Бясалгасаар таны сэтгэл хоосон чанарыг шууд таньсан эрдэмд бүрэн зурших үед зовлонгоос гэтлэхийг хязгаарлаж байдаг сэтгэлийн тотгорууд бүрмөсөн арилж та архад, (зовлонгоос гэтэлсэн) төрөлхтөн болдог.

Их хөлгөн

Асрах ба энэрэн нигүүлсэх сэтгэл

Гэвч өөрөө ганцаараа зовлонгоос гэтлэх нь хангалттай бус. Учир нь хамаг амьтад тэрхүү зовлонт нөхцөлд байна. Хамаг амьтан бүгд зовж байгаа бөгөөд бүгд түүнээс ангижрахыг хүсэж байдгаараа ижил. Хэрэв бид бүх хамаг амьтныг зовлонгоос ангижрахыг хүсэх сэтгэл төрүүлж байвал үүнийг “энэрэн нигүүлсэх” сэтгэл гэдэг. Гэвч бүх амьтныг зовлонгоос ангижрахыг хүсэх сэтгэл төрүүлэхийн тулд удаан хугацааны турш өөрийн зовлонгийн талаар бясалгасан байх ёстой. Ингэж түүнийг хичнээн таагүй болохыг ойлгосноор түүнээс ангижрах, магад гарах сэтгэл төлөвшдөг. Зовлон ямар таагүй болохыг ойлгож, түүнээс өөрөө ангижрахыг хүссэнээр та түүнийг бусад руу хандуулдаг. Энэ бол энэрэн нигүүлсэх сэтгэл юм.

Магад гарах сэтгэл гэдэг бол өөрөө зовлонгоос ангижрах хүсэл байдаг бол энэрэн нигүүлсэх сэтгэл нь хамаг амьтан зовлонгоос ангижрахыг хүсэх сэтгэл юм. Харин энэрэн нигүүлсэх сэтгэл, асрах сэтгэл хоёрын ялгаа бол, энэрэн нигүүлсэх сэтгэл нь “Хамаг амьтан зовлон болон зовлонгийн шалтгаанаас ангид байвал ямар гайхалтай байх вэ!” гэдэг, харин асрах сэтгэл нь хамаг амьтан жаргал болон жаргалын шалтааныг олохыг хүсэх сэтгэл юм.

Тэгшид барих сэтгэл болон бодь сэтгэлийг төлөвшүүлэх

Бидэнд асрах болон энэрэн нигүүлсэх сэтгэл байхгүй байгаагийг шалтгаан юу вэ? Яагаад бид бусдыг зовлонгүй, аз жаргалтай байхыг хүсдэггүй юм бэ? Учир нь бидний сэтгэл тэгш бус байдаг. Юмсыг сайн, муугаар мэдэрч байдаг. Сэтгэлийн тэгш бус байдал гэж юу вэ? Өөрийн гэр бүл, найз нөхдийнхөө сайн талыг хэт үнэлж, дайснаа үзэхээрээ маш их дургүйцдэг.

Тэгвэл энхэл донхол замыг хэрхэн тэгшилдэг вэ? Бид дараах жишээгээр үүнийг ойлгож болно. Нэг хүн танд өчигдөр зуун рупий өгсөн бол өнөөдөр өөр нэг хүн танд зуун рупий өглөө. Өчигдөр зуун рупий өгсөн тэр хүн энэ өглөө таны нүүр өөд цохисон харин өнөөдөр танд зуун рупий өгсөн хүн өчигдөр таны нүүр өөд цохисон. Та хэнд дуртай, хэнд нь дургүй байх вэ?

Үүний адил бидний дайсан өнгөрсөнд бидэнд маш их тус хүргэж, ирээдүйд бас их тус хүргэж болно. Энэ мэт бидний найзууд өнгөрсөнд бидэнд маш их хор хүргэж байсан, ирээдүйд ч бас хор хүргэж болох юм. Энэ бол ердөө цаг хугацааны асуудал. Ийм зүйлүүд болдог ч хэзээ гэдгийг нь бид мэддэггүй.

Өөр нэг жишээ бол махчин, хүн чоно эсвэл цус сорогч янз бүрийн хүмүүс. Бид тэднийг аятайхан, сайхан гэж бодоод гэрлэж болно. Гэвч нэг шөнө тэдний араа соёо нь гарч биднийг идэж орхино.

Хэрэв та нохойг цохивол тань руу хуцаж, таныг урна. Хэрэв бид дайсан руугаа уурсах юм бол бид нохойны үзүүлэх адил тэр зүйлтэй учирч байна гэсэн үг. Иймд бид сэтгэлийн тэгш бус, хэт сайн үнэлж хүлэгдэх, эсвэл дургүйцэх хандлагуудаа багасгаж сэтгэлд тэгш авч үзэх хандлагыг төлөвшүүлэх хэрэгтэй. Ийм тэгш хандах хандлагын үндсэн дээр бид асрах, энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлж чадна, энхэл донхол замыг засан хучиж машин явахад тохиромжтой болгодогтой адил.

Бидэнд замыг тэсэлж тэгшилдэг тэсэлгээний бодис адил маш хүчтэй бодол байх ёстой. Ямар бодлууд? Бусад хамаг амьтны сайхан сэтгэлийг бодох. Тухайлбал, бид сүү уудаг. Үүнийг малаас авдаг. Мал бэлчээрт явж, ус уух хэрэгтэй ба бидний хийдэг зүйл бол зөвхөн сүүг нь авах. Туулай, хархуудыг бид туршилтанд ашигладаг. Эм тариа нь туулай, харх гэх мэт амьтдын амийг бидний төлөө гаргуунд нь гаргаж бий болдог билээ.

Дайснаа бидэнд хор хүргэсэн гэж үздэг зарим хүмүүс байдаг. Гэвч хэрэв бид тэдний бидэнд үзүүлсэн гэм хорыг тэдний сайхан сэтгэлтэй харьцуулах юм бол сүүлийнх нь өмнөхөөсөө илүү их жинтэй байх болов уу. Тэдний бидэнд хүргэж буй гэм зэм нь маш их тустай байж болдог. Бурхан болохын тулд бид тэвчээрийг төлөвшүүлэх хэрэгтэй. Харин үүний тулд бидний дургүйг хүргэх хүмүүс байх хэрэгтэй. Хэрэв хүн бүр бидэнд сайхан хандвал бид тэвчээрийг төлөвшүүлж чадахгүй. Бидэнд уурсаж бухимдаж байгаа хүмүүс бол эгэл хүмүүс байдаг, тэд бол Бурхад биш. Тэд бидэнд тэвчээрийг сургаж байдаг юм. Жишээ нь, Атиша гэгээн Төвдөд ирэхдээ түүний тэвчээрийг цаг ямагт шалгаж байдаг нэг хэцүү энэтхэг хүнтэй хамт ирдэг. Түүнээс яагаад тэр хүнийг дагуулж ирсэнийг асуухад тэрээр өөртөө тэвчээр дадуулах гэж хариулсан гэдэг. Тэгэхээр эгэл төрөлхтөнгүүд, Бурхад нар бидэнд үзүүлж байгаа тусаараа ижил. Үүнийг Шантидэвагийн Бодьсадвын явдалд орохуй зохиолд батлан харуулсан байдаг.

Бурхан бидэнд бухимддаггүй нэг шалтгаан бий. Учир нь тэрээр сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөлгүй нэг үзүүрт сэтгэлийн төвлөрлийг төлөвшүүлсэн байдаг. Бурхан нэг үзүүрт сэтгэлийн төвлөрөлтэй байдаг учраас бухимддаггүй. Бид үүнийг төлөвшүүлэх хэрэгтэй. Өглөөд бид хоёр бодолтойгоор сэрэх хэрэгтэй. Үүнд:

  • Өнөөдөр би бусдыг уурлуулахгүй.
  • Би өөрөөө бусдад уурлахгүй.

Хэрэв бид өөрсдөө үүнд дасах юм бол сэтгэлийн амгаланг эвддэг сэтгэл хөдлөлүүдийг багасгаж, улмаар эдгээр сэтгэл хөдлөлүүдээс бүрэн чөлөөлөгдсөн сэтгэлийн төлөвшилд хүрч, түүний үр дүнд Бурхан болж чадна.

Бурхадыг баясгах зүйл юу байдаг вэ гэвэл хамаг амьтанд туслах, сайхан сэтгэлээр хандах явдал. Энэ үнэхээр Бурханыг баясгадаг. Жишээ нь, хүүхэдтэй эцэг эх байвал зөвхөн эцэг эхэд нь сайн хандсанаас тэдний хүүхдүүдэд сайн хандах нь тэднийг илүү их баярлуулдаг. Үүнтэй адил бид Бурхад болон хамаг амьтдад сайн хандах нь тэднийг илүү их баясгадаг. Энэ бүхний үндсэн дээр бид “Хамаг амьтны тусад би Бурханы хутагт хүрье” гэсэн бодь сэтгэлийн эрхэм зорилгыг төлөвшүүлэхийг хичээх хэрэгтэй.

Энэ насанд гэгээрэлд хүрэх

Түүгээрч зогсохгүй бид хамаг амьтны тусад одоо, энэ насандаа Бурханы хутагт хүрэх маш хүчтэй хүсэл эрмэлзэлтэй байх хэрэгтэй. Бурхан багш нэг насанд гэгээрэлд хүрэх арга байдаг гэж хэлсэн. Тэр арга нь юу юм бэ? Энэ бол тарнийн зам мөр. Хэрэв та энэ зам мөрд орвол нэг насандаа гэгээрэлд хүрэх боломжтой.

Хэдийгээр бидэнд нэг насандаа гэгээрэлд хүрэх маш хүчтэй хүсэл эрмэлзэл байсан ч үүнийг хялбар гэж бодож болохгүй. Учир нь бид эхлэлгүй цагаас маш их сөрөг үр дагавартай үйл хийсэн байдаг. Тарнийн зам мөр нь хурдан байж болох ч энэ бол маш хэцүү зам мөр юм. Бид тарнийн зам мөрийг бүтээх нь онгоцоор нисэхтэй адил хурдан гэж бодож болохгүй, энэ тийм хялбар биш. Жишээ нь, Мил Богд Марпа багшийнхаа дэргэд маш их хатуужлыг эдэлсэн. Ганцаараа цамхаг босгож, зодуулж, маш их зовлон амссан. Үүний үр дүнд тэрээр нэг насандаа гэгээрэлд хүрсэн. Гэвч бид Мил Богдын эдэлсэн бэрхшээлийн багахан хэсгийг ч амсахад бэлэн биш байна.

Хэрэв бид нэг насандаа гэгээрэлд хүрэх хүчтэй хүсэл эрмэлзэлтэй, бэрхшээлийг даван туулахад бэлэн бол алгуур бүтээл хийсээр, улмаар Бурханы хутагт хүрч болох боломж байна.