Хутагтын дөрвөн үнэнд суурилсан Бодь мөрийн зэргийн бүтэц

Дөрвөн үнэн баримт

Бурхан багш гэгээрэлд хүрснийхээ дараа, бидэнд мөн гэгээрэх янз бүрийн аргуудыг заасан болно. Үүний гол арга нь урьдчилан сэргийлэх, өөрөөр хэлбэл, Бурханы номыг хэрэгжүүлэх явдал юм. Эхлээд (1) хүн бүрт тулгардаг хүндрэл бэрхшээлүүд, (2) тэдгээрийн шалтгаанууд байдаг нь, гэхдээ, (3) үүсгэгч шалтгаануудыг нь тасласнаар, уг бэрхшээлүүдийг бид зогсоож чадах нь үнэн. Шалтгаануудыг үнэхээр таслахын тулд бид (4) санаа сэтгэлийн үнэн зөв мөрийг дагах хэрэгтэй.

Эхний түвшин

Эдгээр дөрвөн үнэн баримтыг (Хутагтын дөрвөн үнэн) хэд хэдэн өөр түвшинд ойлгож болно. Анхдагч шатанд муу заяаны төрлүүдэд төрөх асуудлууд байдаг. Бид хэт зовлон амсаж, туйлын ихээр өвдөж, шаналан, өлсөж, цангахыг амсаж, байнга энэлэн зовж, тарчилж байгаасан бол шүтлэгээ хэрэгжүүлэх цаг хугацаа буюу боломж бидэнд гарахгүй байхсан болов уу. Яагаад гэвэл бидний ухаан санаа хатуу, хэцүү тулгамдсан асуудал, хүнд бэрх зовлонд дарагдсан байх болно.

Үүний чинхүү шалтгаан нь хөнөөн сүйтгэх үйлдэл юм. Бурхан багшийн сургаснаар, хэрэв бид шаналал, зовлонг үүсгэх юм бол, энэ зовлонгоо бид өөрсдөө эдлэх ёстой. Нөгөө талаас, хэрэв бид туурвин бүтээж үйлдэх юм бол, аз жаргалыг үүсгэж, бүтээх юм бол, эрт орой хэзээ нэгэн цагт энэ жаргалаа өөрсдийн биеэр эдлэх л болно. Хэрэв бид эдгээр бэрхшээлүүдийг үнэнээсээ таслан зогсоохыг хүсч байгаа бол, бид өөрсдөө сөрөг, хөнөөн сүйтгэгч үйлүүдийг тэвчих үнэн зам мөрийг барьж замнах ёстой.

Эхлээд бид эрдэнэт хүний амь, биеийг олсноо ухаарах ёстой. Одоо бидэнд оюун ухаан, сүсэг бишрэлээ хөгжүүлж чадах бүх завшаанууд байна. Тухайлбал, бид бөөнөөр хорих газарт хоригдох буюу хүнд, хэцүү өлсгөлөнд нэрвэгдэж, зовоогүй байна. Эдгээр завшаанууд мөнхөд үргэлжлээд байхгүй. Учир нь, бид бүгд үхэж, хүний эрдэнэт амь, амьдрал үгүй болох нь дамжиггүй билээ. Хэзээ энэ тохиолдох тухай ямар ч барагцаа байхгүй. Ямар ч агшинд бид машинд дайруулж болно. Хэрэв бид одоо үхэх ёстой бол, ямагт хөнөөн сүйтгэх үйл үйлдсээр ирсэн бол, энэ нь биднийг хойтох төрөлд маань муу заяаны орнуудад аваачих болно. Бид өөрсдийнхөө хийсэн шаналал, зовлонг өөрсдийн биеэр туулах ёстой нөхцөл байдлуудад төрлөө олж төрөх болно. Тиймээс энэ ирээдүйгээс айж жихүүцэхдээ, бид энэнээс гарах ямар нэг арга зам байна уу гэж эрж хайдаг. Бид Бурханы хутагт нарыг харж хүлээдэг.

Бурханы хутагт нар гэдэг нь хамаг хязгааруудаа арилгаж, ингэснээр хэл яриа, оюун санаа, бие бялдрын чадвар нь юунд ч торохгүй, хязгаарлагдахгүй, цэвэр болсон төрөлтнүүдийг хэлнэ. Тэдний сэтгэл, оюун ухаан нь уур хилэн, шунал хүсэл, эсвэл мухраар сүсэглэх гэх мэт хөнөөлт сэтгэлийн хөдлөл, хандлагуудад хүлэгдээгүй байдаг. Тэд ухаан санаа дүйрэх, эсвэл үймрэн тэнүүчлэх бодлоор хязгаарлагддаггүй . Тэдний ухаан санааны нэг хэсэг болох зүрх нь амин хувиа хичээх, эсвэл алагчлах үзлийн хүлээсгүй. Мөн харилцах чадварт нь хэл ярианы хязгаар үгүй. Бие цогцост нь ч эрч хүч дутагдах зүйлгүй ажээ. Ингэж тэдний сэтгэл зүрх, оюун санаа, хэл яриа, бие, бүх юм нь цэвэр тунгалаг болсон байдаг. Цаашилбал, тэд хамаг нөөц, хүчээ ашигладаг тул боломжийн хамгийн дээд төлөвт хүрч чаддаг ажээ.

Бурханы хутагт нар үүгээр зогсохгүй, бидэнд хэрхэн ингэж хийх аргыг бас заасан юм. Өөртөө болон өрөөл бусдад зовлон үүсгэдэг шалтгаануудад хүлэгдэхээс зайлсхийх, урьдчилан сэргийлэх арга хэмжээ авах буюу Бурханы номыг хэрэгжүүлснээр бид үүнийг хийж болно. Ийм зорилгод санаа шулуудсан, үүндээ тодорхой дэвшилд хүрсэн Хуваргуудын (Санга) нийгэмлэг гэж бас байна. Тэгээд Бурханы ном (Дарма), Хуваргийн эрхэм сайн чанаруудыг мэдээд, бидэнд илүү зовлон үүсгэж байгаа энэ амьдралыг туулахыг хүсэхгүй, Бурханы номоор замнавал, бидэнд тэр зовлонгуудаас зайлах боломж олгоно гэж ойлгон, бид тэндээс амьдралын аюулгүй зүг чигийг олдог. Энэ бол амьдралаа аюулгүй чиг рүү зүглүүлж, аврал одуулан, итгэл олох явдал юм.

Учир шалтгаан ба үр дагаврын жамыг дагаснаар жинхэнэ, аюулгүйн чиг тодорно. Хэрэв бид ирээдүйд хүндрэлүүдээс зайлахыг хүсч байгаа бол бусдын амь нас бүрэлгэх, хулгайлах, худал хэлэх гэх зэрэг сөрөг үйлдлүүдийг тэвчиж, үнэний зам мөрийг баримталдаг байх хэрэгтэй. Тийнхүү бид бүтээх, туурвих замаар үйлийг бүтээнэ. Энэ бол дөрвөн үнэнийг ойлгож ухаарахын анхны түвшин юм.

Дунд түвшин

Дунд түвшинд бид ямар нөхцөлд дахин төрснөөс хамааралгүй төрөх, өвдөх, хөгшрөх, өтлөх ба үхэхийн үнэн бэрхшээлүүдийг туулна. Цаашилбал бид хэдийгээр хүчлэн чармайсан ч, хүссэн зүйл маань бүтэхгүйн зовлон бас байна. Мөн бид өөрсдөө бүү болоосой гэж бодсон авч болох явдал ч бий. Бидэнд бусадтай харилцах харьцаанд гонсойх мэтийн өөрийн эрхгүй дахин давтагдах бэрхшээлүүд байж болно. Эдгээрийн жинхэнэ шалтгаан бол юуны өмнө бидэнд бодит байдлын тухай ухамсар дутдагийнх. Бид хэн бэ?, Бид хэрхэн оршиж байна? гэдгийг бид ухаараагүй явдаг. Үүнээс болж бид Би-гээсээ бат зуурч авдаг. Гэхдээ энэ Би-тэйгээ бид итгэлгүй харьцдаг билээ. Эцэст нь уг Би-гээ хамгаалах буюу нотлохын тулд бидний ухаан санаа шунал хүсэл, уур хилэн, гэнэн болчимгүй буюу бардам зан, атаархал гэх зэрэг хөнөөлт сэтгэлийн хөдөлгөөн ба хандлагуудад эзлэгддэг. Үүнээс үүдэн ухаан санаанд маань янз бүрийн импульс буюу үйлийн үр үүсэж, тэр нь бидний бодлогогүй авир аашаар илэрдэг. Энэ үйлдлүүдийг бид өөрийгөө хамгаалах үүднээс хийдэг. Жишээлбэл, эд баялгийг, найз нөхдийг аль болохоор хураах буюу цуглуулах, эсвэл дургүй зүйлээсээ буюу хүмүүсээс зугатах буюу зайлахыг хичээх гэх мэт. Ийм маягаар цочмог үйлдэл хийж, хашгирч бахиран, эсвэл нэг нэгэндээ хэрцгий хандах зэрэг нь үнэхээр бэрхшээлтэй байдлыг үүсгэнэ.

Хэрэв бид эдгээр проблемуудаасаа заавал салахыг хүсч байгаа бол үнэний зам мөрийг хөөх хэрэгтэй. Эхлээд зөв санаа, сэдлийг үүсгэнэ. Энэ бол бэрхшээлүүдээсээ ангижрах зориг төгс шийдвэр бөгөөд үүнийг заримдаа татгалзал ч гэдэг. Үүнийг өөрсдийн урам зоригоо болгон, бодит байдал буюу хоосон чанарыг ялган, салгах ухамсартай болох хэрэгтэй. Ийм мэргэн ухаанд хүрэхийн тулд, бид ухаан санаагаа төвлөрүүлж, биеийн ба хэл ярианы бүдүүлэг байдлаа хянан жолоодох чадвартай байх ёстой. Тиймээс бид ёс суртахууны хувийн сахилгатай болох хэрэгтэй. Мөрийн гурван эрхэм зүйлийн дасгал гэгдэх ёс зүйн ер бусын сахилга, төвлөрөл ба мэргэн ухаанд дадлагажих замаар бид хоосон чанарыг танин мэдэж, өөрөөр хэлбэл, юм үзэгдэл мөн чанараасаа үүсэж бий болоогүй, харилцан шүтэлцээтэй бий болсон гэдэг ухамсарт бид хүрч чадна.

Бид бодит байдлын тухай мэдэхгүйгээсээ, мөн бид хэн болох, бид болон дэлхий ертөнц хэрхэн оршдог тухай төөрүү бодлоосоо болж, аливаа зүйлс нь тодорхой, биеэ даасан гэх мэт боломжгүй ойлголттой болдог. Гэтэл юу ч ийм бодит биш, боломжгүй байдлаар оршдоггүй билээ. Ямарч зүйл ийм боломжгүй аргаар бүрэлддэггүй. Энэ нь гэхдээ юу ч оршдоггүй гэсэн үг хараахан биш. Харин оршиж буй зүйл нь харилцан хамааралтай, шүтэлцээтэйгээр үүсэж гарч ирнэ. Юм бүхэн шалтгаан, нөхцөл байдлаас хамаарч, хэсэг хэсгээрээ буюу ухаан санаа, үйл явцтай холбоотойгоор, тур зуур үүсэх хэлбэрээр оршдог. Иймэрхүү ойлгож, танин мэдэх үнэний мөрөөр бид мэдрэмжид халтай мунхаг харанхуй буюу ухаан санааны саад хаалтуудаа давж, чөлөөлөлтөд хүрнэ. Энэ бол дөрвөн үнэний дунд түвшин юм.

Гүнзгийрсэн түвшин

Гүнзгийрсэн түвшинд бид зөвхөн өөрсдөө хүнд бэрхийг туулдаг төдийгүй, бас бусад хүн тус бүр мөн адил зовлон эдэлцгээдэг болохыг ойлгоно. Тиймээс энэ түвшинд хүн бүртэй тулгардаг бэрхшээлүүд нь жинхэнэ хүнд асуудлууд юм. Цаашлаад өөр бас нэг тун тулгамдсан асуудал бол бусад хүмүүсийг саадаа гэтлэхэд нь туслах чадваргүй байх явдал. Эдгээр асуудлуудын жинхэнэ шалтгаан нь эхлээд зөвхөн өөрсдийгөө бодоод, бусдыг үл ойшоох аминч үзэл байдаг. Дараа нь бусдад ач тус хүргэх бүх сайн аргуудыг мэдэхэд бидэнд саад болдог ухааны мунхаг харанхуй буюу сэтгэлгээний хаалт боолтууд, өөрөөр хэлбэл, бидэнд бүхнийг мэдэхэд саад болдог мунхаглал бас бий. Үүнийг яг таслан зогсоосноор зөвхөн асуудлаасаа ангижрах төдийгүй, харин бүр үүнээс цаашлан Бурханы хутгийн төлөвт хүрнэ. Бурханы хутгийг олсон энэ төлөвт, бид хамаг хүлээсүүдээ гэтэлж, хамаг нөөц бололцоогоо ашиглан, ингэснээрээ боломжийн хирээр хамаг амьтанд маш ихээр ач тусаа хүргэх чадвартай болсон байна.

Үүнд хөтлөх үнэн зам нь эхлээд, бодь сэтгэлийг барьж, хамаг амьтанд ач тус хүргэх чадвартай болохын төлөө, хамаг олонд болоод Бурханы хутгийг хүртэх төгс гэгээрэлд зүрх сэтгэлээ нээх явдал юм. Ийм санаа сэдэлтэйгээр бүгдээрээ асрагч энэрэл нигүүсэл, хайран дээр суурилах, өргөн хүрээтэй хандлагууд, төгөлдөр чанаруудыг бид үүсгэж, хэрэгжүүлнэ. Эдгээр нь өгөөмөр сэтгэл, өөрийн сахилга, тэвчээр хүлцэл, баяраар бялхах цөхрөлтгүй оюун санааны тогтуун байдал (төвлөрөл) болон ялган салгах ухааны (мэргэн билэг ухаан) хандлагууд юм. Алсын хараатай, ялган салгах ухаанаар бид бодит байдал буюу хоосон чанарыг танин мэдэж, саад бологч сэтгэлийн хөдлөлөө дарж, чөлөөлтөнд хүрэх боломжтой. Гэвч бодь сэтгэлийг хөдөлгөх хүчит санаа сэдлээ болгох нь эрх чөлөөтэй байх зориг шийдвэрээс илүү хүчтэй, үүнийг ухаарч ойлгоход илүү энергийг авна.

Хэрэв бид зөвхөн өөрсдийнхөө хүндрэл асуудлуудаас чөлөөлөгдөхөөр шийдсэн бол, энэ нь бидэнд бодит байдлыг ойлгож, ухаарахад маань хэрэгтэй энергийг хязгаартай хэмжээгээр нийлүүлнэ. Хэрэв бидний бодит байдлыг таних гэсэн хүсэл дээр маань нэмээд хамаг амьтанд ач тус хүргэхийн төлөө хүсэл байх аваас, үүн дээр хавьгүй их энерги нэмэгдэнэ. Ийнхүү ухаарал, ойлголт маань мунхаглалын хоёр түвшнийг хоёуланг нь, зөвхөн саатуулагч сэтгэлийн хөдлөлийг төдийгүй бас бүхнийг мэдэхэд саад болдог мунхралыг сэт дайран гарах чадалтай болох юм.

Жишээлбэл, хорт могойд хатгуулсныг яаж эмчлэх тухай анагаах ухааны лекц тавьж байна гэж санацгаая. Хэрэв зөвхөн мөнгө олж санхүүгийн асуудлаа шийдэхийн төлөө эмч болохоор суралцаж байгаа оюутан лекцэн дээр сууж байгаа бол, тэр энэ лекцэнд зөвхөн тодорхой хэмжээний энергийг л зарцуулж сонсох болно. Харин могойд саяхан хазуулсан хүүгийн эх хичээлд гүйн орж ирвэл, тэр хүүгээ эдгээх гэж хүчтэй зовниж, санаа тавьж байгаа учраас могойн хорыг эмчлэхийг мэдэх гэж маш их хүчтэй, эрчимтэй хүсэх болно. Бодь сэтгэлийг хөдөлгөгч хүчинд бидний ойлголт суурилж байгаа бол бас ийм байдал үүснэ. Энэ нь бидний ойлголтод хавьгүй их хэмжээний хүчин чадлыг нэмж, ингэснээр бидний ухаарал, ойлголт, оюун ухааны хамаг харанхуйг даван гарах чадалтай болно.

Энэ баримтлал нь арга хэлбэрүүд (бодь сэтгэлийн) ба мэргэн санааг хослуулсан оюун ухааны зам мөрийг дагуулна. Гэвч арга билэг хослуулах энэ хэлбэр нь Сударын түвшинд нэг зэрэг хоёул тохиолддоггүй. Харин хоёулаа, нэг нь нөгөөгийнхөө хам сэдвийн хүрээнд тохиолддог. Арга билэг буюу бодь сэтгэл гэдгийг бид хамаг амьтанд зүрх сэтгэлээ нээх, тэдэнд тус буяныг хүртээхийн тулд гэгээрэлд хүрэхийн төлөө байх гэж ойлгодог. Энэ арга мэргэн ухаантай буюу бодит байдалтай хосолно. Өөрөөр хэлбэл, бидний оюун ухаан бодит байдал руу тэлж байхад, зэрэгцэн зүрх сэтгэл маань мөн хамаг амьтанд дэлгэн нээгдэнэ. Ийм маягаар, нэг нь нөгөөтөйгөө зэрэгцэн оршдог энэ хүрээнд биднийг Бурханы хутгийг олтол оюун санаанд хоёулаа нэгэн зэрэг учирдаггүй.

Арга ба билгийг хослуулах энэ маягаар, ухаан санааныхаа харанхуй мунхаглалаа даван гарах чадвартай болтол бидэнд маш урт хугацаа шаардагдана. Үнэндээ үүнд гурван тоолшгүй галба (эонс) өнгөрнө. Тоолшгүй нь 10-ын араас 60 тэгэн төгсгөлтэй хамгийн их тоо юм. Үүнийг зиллион гэж нэрлэе. Энэ бол аварга урт хугацаа бөгөөд, хамаг амьтад биднийг хүлээсүүдээ гэтэлж, ач тус хүргэхийн төлөө хамаг нөөц чадавхиа хэрэгжүүлтэл тэгтэл удаан хүлээж чадахгүй. Энд л яг Дандарын буюу Тарнийн ёс орж ирнэ. Дандарын ёс бол оюун ухааны хамгийн өргөн цар хүрээтэй Их хөлгөний дадлага. Энэ дадлагыг аль болох түргэн, үр ашигтайгаар Бурханы хутгийг олж, бусдад аль болох сайн, алгуурлалгүй тус хүргэх чадвартай болохын тулд хийдэг. Тус Дандарын ёс нь бидний саяын хэлэлцсэн дөрвөн үнэний бүх аргууд дээр суурилдаг юм.

Top