Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Төвдийн-Бурханы шашны уламжлалын үндсэн ойлголтууд > 2-р түвшин: Лам-рим (Мөрийн зэрэг) > Лам-рим (Бодь мөрийн зэрэг) сургаалын “Номын үндсэн” болон “хялбарчилсан” утга

Лам-рим (Бодь мөрийн зэрэг) сургаалын “Номын үндсэн” болон “хялбарчилсан” утга

Александер Берзин
Мехико хот, Мексик улс
2001 оны 10 сарын 16, 18

Сургаал ном сонсохын өмнөх зэхэл

Энэ удаагийн сургаал номоо зэхэл бүтээлээр эхэлье. Сэтгэлээ тогтуун тайван болгох үүднээс эхлээд бид амьсгал дээрээ төвлөрдөг. Хэрэв сэтгэл их сарнисан байвал амьсгалаа тоолдог, харин харьцангуй тайван байвал ердөө хамраар орж, гарч байгаа амьсгал дээр төвлөрдөг.

Ингээд бид юунд зорьж байгаагаа бататгахаар сэдлээ нягталдаг. Бид энд өөрсдийн асуудлууд, тэдгээрийн шалтгааныг даван гарч, өөрсдийн бүхий л нөөц боломжоо олж харахын тулд өөр дээрээ ажиллах тийм амьдралын аюулгүй, эерэг зүгт явах алхам хийхээр ирсэн. Бидний энэ зорилгод хүрэхэд тус болох зам мөрийн үе шатууд, ламримд, суралцахыг хүссэн. Бид энэ бүхнийг дараа дараагийн төрлөө алгуур сайжруулан, улмаар бүх зовлонгоос бүрэн гэтэлж, цаашлаад гэгээрэлд хүрэх эхний алхам болгож, энэ насны амьдралаа сайжруулах сонирхолын үндсэн дээр, “Номын хялбарчилсан” түвшинд хийж болох юм. Энэ нь мэдээж дараа төрөл, гэтлэхүй (орчлонгийн зовлонгоос бүрэн ангижрах), гэгээрэл гэдгийн утгыг хамгийн энгийнээр ойлгох эсвэл наад зах нь энэ бүхнийг ойлгохын чухлыг хүлээн зөвшөөрч, ойлгохыг оролдох зорилготой байгаа тохиолдолд бодит зүйл болно. Эсвэл өөрөө хянаж чадахгүйгээр дахин дахин төрөл авах явдлыг зогсоож, Бурханы буюу гэгээрлийн төлөвт хүрч, түүгээрээ бусдад бас тэр төлөвт хүрэхэд нь туслах гэсэн “Номын үндсэн” утгаар энэ сургаалд суралцаж болно. Ямар түвшинд суралцаж байгаагаас үл хамааран бид энэ бүхэнд зөвхөн өөрсдийн тусад биш харин хүн бүрт хамгийн сайн тус болох зорилготой байх ёстой.

[Үзэх:Номын “хялбарчилсан” болон “үндсэн” утга]

Бүр тодруулбал бид энд Бурхан, Ном, Хуврагын заасан аюулгүй зам мөр болох бодь мөрийн зэргийн сургаалд суралцахаар ирсэн. Өөрөөр хэлбэл бид Номын авралын зам мөрөөр явж байна. Номын аврал гэдэг нь бидний асуудлууд болон тэдгээрийн шалтгааныг (жинхэнэ) зогсоох сэтгэлийн (жинхэнэ) зам мөр буюу бүх асуудлыг бодитой зогсоож, бүх нөөц боломжоо бүрэн ашиглах боломж олгодог бодит байдлын талаарх жинхэнэ үнэн ойлголт юм. Мөрийн зэрэгт суралцах нь Бурхан багшийн бүрэн гүйцээсэн, Хутагтууд (бодит байдлыг онож таньсан хүмүүс) хагаст нь хүрээд байгаа тэрхүү зам мөрөөр явахад бидэнд тусалдаг юм. Бид бусдад тэдний жинхэнэ асуудлууд, тэдгээрийн жинхэнэ шалтгаануудыг зогсооход нь туслах, энэрэн нигүүлсэх сэтгэлийн үүднээс үүнийг хийдэг. Тэдэнд бүх боломжоор туслахын тулд бид Бурханы хутагт хүрэх хэрэгтэй. Үүнд бас бодь сэтгэлийн сэдэл байдаг. Товчоор хэлбэл бид хүн бүрт маш сайн туслахын тулд бодь мөрийн зэргийн сургаалд суралцахыг хүсдэг.

Сэтгэлдээ ийм зорилготойгоор бид долоон гишүүнт соёрхол залбирлыг тавьдаг (уншдаг). Эхлээд бид мөргөлийг төсөөлөх байдлаар хийнэ. Энэ зам мөрөөр явж зорилгоо биелүүлсэн тэдгээр хүмүүсийг хүндэтгэж, бодь сэтгэлийн үүднээс хүрэхээр зорьж байгаа өөрсдийн ирээдүйн гэгээрлийг хүндэтгэж, мөн энэ зорилгод хүрэх боломж бүхий өөрсдийн Бурханы мөн чанараа хүндэтгэж энэ зам мөрд бид өөрсдийгөө бүрэн оруулж байгаа юм.

Тахил өргөнө. Өөрсдийгөө улам улам цааш хөгжүүлж түүгээрээ бусдад хамгийн их боломжоор туслахад бүхий л зүйлсээ – цаг, эрч хүч, зүрх сэтгэлээ – өргөхөд бид бэлэн байдаг.

Сажийн урсгалын их бүтээлч Чогел Пагпагийн үйлддэг байсны адил бид өөрсдийн бүтээлийн өөр өөр талуудаар бясалгалын өргөлийг өргөдөг. Бидний уншсан, судалсан бүх бүтээлийг бусдын тусад өргөдөг ба ингэхдээ тэдгээрийг рашааны хэлбэрээр өргөдөг. Суралцаж буй бүхнээ бид бусдад туслахад ашиглахыг хүсдэг. Үүний дараа уншиж судалсан бүхнээс олж авсан мэдлэгээ цэцгийн хэлбэрээр өргөнө. Энэ мэдлэг дээрээ тулгуурласан бясалгах дадлагаа хүжний анхилуун үнэрээр, энэ дадлагаар олж авсан ойлголтуудыг зулын гэрлээр төлөөлүүлж өргөдөг. Энэ ойлголтуудаар батажсан үзлийг үнэрт усаар, энэ үзэл дээр суурилан тогтоож чадах, ямар ч эргэлзээгүй төгс төвлөрөлийг идээ тахилын (балин) хэлбэрээр өргөнө. Ингээд энэ бүгд дээр суурилсан өөрсдийн бусдад хүргэх тайлбарыг яруу эгшгийн (хөгжим) хэлбэрээр өргөдөг.

Өргөлийн дараагаар, амьдралд энэ зам мөрөөр явахад бэрхшээлтэй байгааг бид үнэнч шударгаар хүлээн зөвшөөрдөг. Ихэнх тохиолдолд бид сургаал номыг хэрэгжүүлэхгүй байгаа мэт санагддаг. Ямар учраас сургаалыг хэрэгжүүлэх хэрэгтэйг бид ойлгодоггүй. Бид уурлаж бухимдах, аливааг зөвхөн өөрийгөө бодож хийх, шунах, хүсэж хүлэгдэх гэх мэт хандлагтай байдаг. Заримдаа амьдралд юу хийж байгаагаа мэдэхгүй байдаг. Үүндээ харамсдаг. Ийм байдалтай байхыг бид үнэхээр хүсдэггүй. Энэ бүхнийг даван гарч тэдгээр зүйлийг давтахгүй байхыг хичээе. Ингээд өөрсдийн дагаж буй эерэг зам мөрөө дахин бататгаж, мөрийн зэргээс суралцсан бүхнээ тулгарсан асуудал, бэрхшээлүүдийг даван туулах ерөндөг болгож хэрэглэхийг бид хичээе.

Үүний дараа, өөрийн чадварыг хөгжүүлж, бэрхшээлүүд болон түүний шалтгааныг даван гарах нөөц бололцоогоо мэдэх, Бурханы чанар – гэгээрэх мөн чанар бидэнд байдагт бид баярладаг. Сэтгэлийн мөн чанар нь хиргүй, цэвэр байдаг бөгөөд бидний төөрөгдөл (буруу ойлголт), асуудлууд сэтгэлийн угт байдаггүй. Тэдгээр нь тамхи татдаг хүний амьсгалаас гардаг үнэртэй адил гадаад хүчин зүйлийн нөлөөтэй, түр нэг бий болоод арилж байхгүй болдог. Тэд бол бидний сэтгэлийн өөрийн мөн чанар биш юм. Бид бүгд Бурханы мөн чанартай; бүгд өөрсдийгөө хөгжүүлэх чадвартай. Бид үүндээ баяртай байх хэрэгтэй.

Бид бас өөрсдийн Бурханы чанар, бүх нөөц боломжоо олж таньсан их номын бүтээлчид болон Бурхадад даган баясдаг. Хэрхэн энэ зам мөрөөр явахыг зааж өгсөнд нь баярлаж “Ямар гайхалтай юм бэ!” хэмээн талархалаа илэрхийлдэг.

“Би ном үзье. Ном сургаал үзэх үнээр хэрэгтэй. Бусдад болон өөртөө тус болж чадах чадварт суралцъя” гэсэн үүднээс тэднээс Ном тавихыг хүсдэг.

Үүний дараа энэ бүхэнд чин сэтгэлээсээ хандаж байгаагаа илэрхийлээд “Биднийг гэгээрэлд хүртэл саатан морилно уу!” хэмээн өлмий бат оршихыг ерөөдөг.

Эцэст нь энэ зэхэл бүтээлээр олж авсан ямар нэг ойлголт, эерэг эрч хүч болон энэхүү зэхэл бэлтгэлийн дараа сонсох сургаал ном, тэдгээрийг дадуулах энэ бүхэн нь Бурханы хутгийг олж хүн бүрт бодитой туслах шалтгаан болох болтугай. Энэ бүгд нь ердөө нэг орчлонгийн ажил, үйлийг тэтгэх шалтгаан битгий байгаасай гэдэг.

Ингээд бид сургаалыг сайн анхааралтай сонсохоор шийдвэр гаргадаг. Хэрэв анхаарал сарнивал, буцааж авчирна. Хэрэв нойрмогловол өөрийгөө сэргээнэ. Сэтгэлээ илүү хурц цэлмэг байхад нь туслах үүднээс суух байдлаа засаж биеэ цэх боловч хэт чангалахгүй сууна.

Хэрэв энерги (эрч хүч) бага зэрэг сул байвал толгой цэх, нэг түвшинд боловч нүдээрээ дээш харж хөмсөгний хоорондох цэг дээр төвлөрнө.

Хэрэв сэтгэлийн ямар нэг шаналалтай байгаа бол энергиэ (эрч хүчээ) дотогш авчрах хэрэгтэй. Ингэхийн тулд толгой цэх боловч нүдээрээ доош харж, амьсгалаа хэвийн авч өөрийн барьж чадах хугацаагаар бариад гаргана.

Эдгээр зэхэл бүтээлийг ердөө нэг хоосон зан үйл төдийд хийх бус тэдгээрийн ач холбогдлыг үнэхээр сайн ойлгосон байвал үүнд бид сэтгэлээ бүрэн зоиулан хийж түүнээсээ маш их урам зориг авдаг. Энэ бүхэн бол хэн нэгнийг тахин шүтэх үйл биш, үнэхэээр бидний эрч хүчийг зөв зүгт чиглүүлж өөрсөд дээрээ ажиллах, суралцах, ахиц дэвшил гаргах хүсэл эрмэлзлэлийг бий болгож өгдөг бүтээл юм. Энэ нь бүтээлийн гол ач холбогдол бөгөөд “зэхэл” гэж нэрлэдэгийн учир нь ч энэ юм. Бодь мөрийн зэргийн сургаалд суралцах болон бусад байдлаар мөрийн зэрэг дээр үйл бүтээл хийх бол ийм төрлийн зэхэл бүтээл хийж бясалгалаа эхлэхийг чухалчилдаг. Энэ нь бясалгахад сэтгэлийг үнэхээр сайн бэлдэж өгдөг. Бид ямар нэг зүйл сурч, ойлгохыг хүсэж байгаа бөгөөд эдгээр зэхэл үйлээр бид сэтгэлээ түүндээ оруулдаг. Үүнээс цааших бясалгалыг хийж чадахгүй байсан ч эдгээр бэлтгэл үйл нь өөрөө өдөр тутмын маш тустай бүтээл болдог.

Бурхан багшийн сургаалын зохион байгуулалт

Энэ үдшийн ярианы сэдэв бол лам-рим буюу бодь мөрийн зэргийн бүтэц, зохион байгуулалт. Лам-рим гэдэг нь сэтгэлийн шаталсан зам мөр, тодруулбал, биднийг гэтлэхүй (орчлонгийн бүх зовлонгоос чөлөөлөгдөх) болон гэгээрэлд хүргэх зам болох ойлголтуудын үе шат бүхий түвшингүүд юм. Гэвч бид тэдгээрийг бодь мөрийн зэрэг гэдгээр нь хэлж ярьж болно.

Ламримын сургаалуудын эх сурвалж юу вэ? Бурхан багш олон өөр сэдвээр номоо тавьсан ба эдгээр нь судрын болон тарнийн аргад хуваагддаг. Судрын аргууд нь үндсэн аргад ордог. Судар гэдэг санскрит үг нь бүтээлийн (дадлагын) сэдэв гэсэн утгатай. Тарнийн сургаал нь судрын сургаал дээр суурилсан гүнзгий сургаалууд бөгөөд бүх өөр өөр судрын сургаалуудыг нэг зэрэг нэгтгэх байдаар өөрсдийн Бурханы чанаруудаа олж таних аргыг заадаг.

Бурхан багш судрын сургаалаа олон өөр шавь нартаа олон өөр аргаар заасан. Сургаалын ихэнх нь харилцан ярианы хэлбэртэй байдаг. Бурхан багш ярьж, хүмүүс асуулт тавьж, Бурхан багш хариулах гэх мэт байдлаар үргэжилсэн байдаг. Ийм учраас судрууд их системтэй биш харагддаг. Бурхан багшийн нэг газар хэлсэн зүйл нь нөгөө газар хэлсэн зүйлээсээ өөр юм шиг санагддаг. Энэ бүхэн хэрхэн өөр хоорондоо тохирохыг ойлгоход хэцүү байдаг. Мөн Бурхан багшийн үед юу ч бичиж тэмдэглэдэггүй, түүний хэлсэн зүйлийг цээжлээд тэгээд дуудаж уншдаг уламжлалтай байсан учраас гол санааг нь хүмүүст цээжлүүлэх зорилготой давталтууд судар дээр маш олон гардаг.

Цаашилбал сударт сургаалыг хэрхэн бүтээх (дадуулах) нь их тодорхойгүй байдаг. Ийм учраас Энэтхэгийн их бүтээлчид Бурхан багшийн хэлэх гэсэн санааг нарийвчилж тайлбарлах, ойлгож бүтээл (дадал) болгоход хялбар байх үүднээс судрууд дээр олон олон тайлбарууд бичиж байсан. Жишээлбэл, дараагийн залрах Бурхан Майдарын таван тайлбар байдаг. Эдгээр тайлбарууд Асангад дамжиж ирсэнээр тэдгээрийг бичигт буулгасан. Эндээс эхлэн Бурхан багшийн сургаалын бүтэц, зохион байгуулалтыг бид харах болсон. Энэ талаар Бурхан багшийн сургаалыг хураангуйлан харуулах арга аажмаар гарч ирсэн талаар бид дараа ярилцах болно. Энэ бүтэц нь удиртгал, товч танилцуулга, дэлгэрэнгүй танилцуулга, товч дүгнэлт гэсэн хэлбэртэй байдаг. Дэлгэрэнгүй танилцуулга нь хэд хэдэн дэд гарчигтай байдаг. Бурхан багш өөрөө ийм гарчиг хийж байсан учраас эдгээрийг Төвдөөс гарсан уламжлал гэж бодож болохгүй. Ийм зохион байгуулалтыг зам мөрийг харуулсан өөр олон зохиол бүтээлүүдэд тааралддаг.

Тодорхой хэдэн үндсэн сэдвүүд нь судрын сургаалын суурь сургаал бөгөөд тэдгээрийн дарааллыг өөр өөр аргаар мөн зохион байгуулж байсан. “Сэтгэлийг Номонд хандуулдаг дөрвөн ойлголт” гэж байдаг ба энэ нь жишээлбэл Нингма ёсных, “Гампопагийн дөрвөн сэдэв” гэдэг нь Гаржүдвийн ёсонд, “дөрвөн төрлийн хүлээснээс ангижрах” гэдэг нь Сажийн ёсонд байдаг. Сажийн ёс нь заримдаа тэдгээр сэдвийг хутагтын дөрвөн үнэний дагуу эрэмбэлдэг. Атишагаас эхэлсэн Гаадамбын ёс болон түүнээс хойшхи Гэлүгийн ёс, Шангпа Гаржүдвийг ёсонд мөн эдгээр сэдвүүдийг сэдлийн гурван түвшинд зохион байгуулсан байдаг. Энэ нь бидний нэрлэдэг “лам-рим” юм. Лам-рим нь дотроо багтсан сэдвүүдийг үзүүлэх онцгой нэг арга гэж бид бодож болохгүй. Түүнд буй сургаалуудыг үзүүлэх өөр олон аргууд бий.

Сэдлийн шаталсан гурван түвшин

Лам-рим сургаалд эрдэнэт хүний төрөл, аврал, үйлийн үр, магад гарах сэтгэл, бодь сэтгэл, хоосон чанар гэх мэт сэдвүүдийг сэдлийн шаталсан гурван түвшинд үзүүлсний онцгой ач тус юу вэ? Хамгийн гол давуу талын нэг нь бол “Номын үндсэн” утга руу орох боломжийг олгох урьдчилсан үе шатуудыг гаргаж өгөх давуу тал гэж би бодож байна. Үүнийг тодруулъя.

Бурханы шашны тухай ярих үед “амьдралын аюулгүй зам мөрд орох” гэж миний нэрлэх дуртай аврал одуулах тухай бид ярьдаг. Энэ зам мөрийг чухам юу бидэнд зааж өгдөг вэ? Ном эрдэнэ. Ном эрдэнэ гэдэг нь хутагтын дөрвөн үнэний гурав, дөрөв дэх үнэн болох зовлон болон түүний шалтгааныг зогсоох нь үнэн, хоосон чанарыг андууралгүй таних сэтгэлийн зам мөр нь үнэн гэсэн хоёр үнэний сургаал юм. Бурхад өөрсдийн сэтгэлийн үргэлжлэлдээ үүнийг бүрэн оносон байдаг. Өөрөөр хэлбэл Бурхад өөрсдийн сэтгэлийн үргэлжлэл дэх зовлонг бүрэн зогсоож, сэтгэлийн үнэн зам мөрийг бүрэн олсон байдаг. Харин Аръяа хуврагууд зовлонг бүрмөсөн зогсоох, сэтгэлийн үнэн зам мөрийг олоход суралцаж байгаа, бүрэн гүйцээгээгүй байдаг.

Жишээлбэл гуурсан эд ангитай хуучны сайн гарахгүй байгаа нэг телевизорыг аваад үзье. Хуучин гуурсан эд ангийг нь авахыг зовлонг бүрэн зогсоох гэж жишээд, шинэ эд анги тавихыг нь сэтгэлийн үнэн зам мөр гэж жишээлж болно. Гэгээрэлд хүрсэн Бурхад нь бүх гэмтэлтэй эд ангиасаа салж хамгийн сайн эд ангийг суурилуулсан байдаг. Архадууд зарим гэмтэлтэй эд ангиа сольсон байдаг. Энэ бол зовлонгоос бүрэн ангижрах, гэтлэхүй юм. Хоосон чанарыг андууралгүй онож таньснаар бид Аръяа түвшинд хүрч хамгийн эхний гэмтэлтэй эд ангиа сольдог. Аръяа түвшнээс эхлээд Архадаар дамжин Бурханы хутагт хүрэх нь бүхэлдээ Номын аврал юм.

Сэтгэлийг Номонд хандуулдаг дөрвөн ойлголт болох эрдэнэт хүний төрөл, үхэл ба мөнх бус, үйлийн үр, орчлонгийн гэмийн тухай сургаалууд нь бидний сэтгэлийг Ном авралд чиглүүлэх ойлголтууд юм. Тодруулбал, орчлонгийн зовлонгоос бүрэн гэтлэх хүсэл буюу магад гарах сэтгэлийг төрүүлэх алхамуудын тухай юм. Хэрэв бид сэтгэлийг номд хандуулдаг эдгээр дөрвөн ойлголтыг лам-римын сургаалын агуулгатай харьцуулж харвал эдгээр нь лам-рим сургаалын дунд түвшний магад гарах сэтгэл төрж зовлонгоос бүрэн гэтлэхийг зорих сэдэлтэй тохирдог. Эдгээр дөрвөн ойлголтын араас гэгээрэлд хүрэх үүднээс бодь сэтгэл төрүүлэх, хоосон чанарыг ойлгох тухай сургаалууд дагадаг. Бодь мөрийн зэрэг сургаалын онцлог давуу тал нь сургаалд орчлонгийн зовлонгоос гэтэлж улмаар гэгээрэлд хүрэхийн эхний шат болох ирээдүйн сайн төрлүүдэд зорих нэгдүгээр түвшний сэдлийг багтаасан явдал юм. Энэ нь бүх зовлонгоос гэтлэх, гэгээрэлд хүрэх Бурханы шашны бодит зорилгын эхний алхамыг харуулдаг.

Сажийн ёсны дөрвөн хүлээснээс ангижрах сургаал нь мөн сэтгэлээ энэ насанд хүлэгдэхээс буцааж ирээдүйн төрлүүдийнхээ талаар бодоход чиглүүлдэг учраас энэ бол зөвхөн лам-римын сургаалын онцлог биш юм. Гэвч ирээдүйн сайн төрлүүдийн төлөө ажиллах нь лам-рим сургаалын гурван түвшний нэг гэж харуулж байгаа нь түүнийг энэ бүгдийн эхний алхам болохыг илүү тодорхой болгодог. Энэ нь барууны хүмүүс бидний Номонд хандах хандлагат их чухал нөлөө үзүүлнэ гэж би бодож байна.

Номын хялбарчилсан утга сургаалын эхний шат болох нь

Лам-римын гүнзгий түвшний сэдэл нь Их хөлгөний судар, тарнийн ёсны аль алинд хамаардаг онцгой түвшин юм. Энд гэгээрэлд хүрэх тухай заадаг. Дунд түвшний сэдэл нь Бурханы шашны бүх урсгал, Их, Бага хөлгөнүүдэд адил байдаг орчлонгийн зовлонгоос бүрэн гэтлэх тухай сургаал юм. Харин эхний түвшин нь дараа дараагийн төрлүүдээ сайжруулах тухай сургаал бөгөөд энэ нь өөр бусад олон шашинд бас түгээмэл байдаг ойлголт юм.

Бурханы шашны олон эх бичвэрүүдэд бид ямар нэг зүйлийг дараа дараагийн төрөлдөө тус болох үүднээс хийж байна уу үгүй гэдгээс тухайн үйл Номын үйл болох эсэх нь тодорхойлогдоно гэж гардаг. Түүнчлэн Бурханы шашинтан хүн нь амьдралдаа аюулгүй зам мөр гаргасан, аврал одуулдаг хүмүүс байдаг. Бидний өмнө дурдсанчлан жинхэнэ аврал нь Ном эрдэнэ бөгөөд Ном эрдэнэ гэдэг нь гэтлэхүй (орчлонгийн зовлонгоос гэтлэх) болон гэгээрэл буюу гэтлэхүй, гэгээрэлд хүрэх хутагт (дээд) зам мөр юм. Эдгээр санаанууд хэрхэн хоорондоо холбогддог вэ? Хариуг нь аврал одуулах тухай сургаалыг эхний түвшний сургаалдаа үзүүлсэн байдгаас харж болно.

Ирээдүйн сайн төрлүүдийн төлөө зүтгэхийг Бурханы ном гэж үзэж байгаа үед христийн шашинтны тэнгэрт төрөх эсвэл ислам хүмүүсийн диваажинд төрөхөөр зүтгэхийг Бурханы ном гэж хэлнэ гэж би бодохгүй байна. Ирээдүйн сайн төрлийн төлөө ажиллах нь Бурханы номын тодорхойлолт бөгөөд сайн төрөл нь дараа дараагийн төрөлдөө зам мөрөөр цааш үргэлжлүүлэн явсаар хутагт болж улмаар гэтлэхүй тэгээд гэгээрэлд хүрэхийн эхний алхам болдог гэж ойлгодог учраас авралыг эхний түвшний сургаалд үзүүлсэн юм шиг надад санагддаг. Ингэж харах үед Бурханы шашны ирээдүйд сайн төрөлд төрөх гэдэг нь бусад шашны зорилготой адил юм мэт санагдах байдал үгүй болж харин Бурхан багшийн сургаалын бусад шашнаас ялгагдах нь ялгаа нь болж өгдөг.

Эхний түвшний сэдэл нь Ном эрдэнэ буюу бидний бүх зовлонг жинхэнэ зогсооход чиглэсэн зам мөрийн эхний алхам юм. Энэ нь “Номын хялбарчилсан утга” гэж миний гаргаж ирсэн ойлголтын дараагийн үе шат. Лам-рим сургаалын бүтэц нь өөрийн эхний түвшний сургаалын өмнө барууны хүмүүст зам мөрд ороход нь илүү хялбар байж болох өөр нэг боломжийг олгодог гэж би боддог. Энэ нь ирээдүйн төрлүүдээ сайжруулах эхний алхам болох энэ насны амьдралаа сайжруулах сэдэл юм. Номын хялбарчилсан утга болгож энэ сэдэл дээр бид лам-рим сургаалын эхний түвшний сэдлийг төлөвшүүлэхийн өмнө ажилладаг.

Ном нь замд явж буй автобус адил бөгөөд түүнд үсэрч суух үнэхээр хэцүү. Лам-рим сургаалыг авч үзвэл ирээдүйн төрлүүдээ сайжруулах тухай түүний эхний түвшний зорилго нь ирээдүйн төрлийн (хойд нас) талаарх үндсэн ойлголт, итгэл үнэмшлийг багтааж байдаг. Уламжлалт эх бичвэрүүдэд урд, хойд төрөл байдаг талаар тайлбарлах эсвэл байдаг гэж батлахыг оролддоггүй. Хүн бүрт энэ ойлголт байдаг гэж үздэг. Харин ийм уламжлалгүй барууны хүмүүсийн хувьд төрөл эхлэлгүй гэх нь байтугай урд, хойд насыг хүлээн зөвшөөрөх нь хэцүү байдаг. Бурханы шашны уламжлалт эх бичвэрүүдэд ийм асуудлыг дурьдаггүй боловч Дээрхийн Гэгээн Далай лам энэ талаар ярьдаг юм.

Лам-римын эхний түвшний сургаал нь бусад шашинд нийтлэг байдгийн адил үүний урдах алхам болох энэ насны амьдралаа сайжруулах тухай номын хялбарчилсан утга Их, бага хөлгөний сургаал, иргэний болон хүмүүнлэгийн нийтлэг үзэл баримтлал, анагаах ухаан болон бусад шашинд ч адил байдаг. Энэ бол хамгийн түгээмэл тулгуур хүчин зүйл юм. Хэрэв үүнийг аврал, аюулгүй зам мөрийн хүрээнд ирээдүйн сайн төрөл, гэтлэхүй, гэгээрлд чиглэсэн эхний алхам болговол энэ нь номын хябарчилсан утгыг бүтээж (амьдралд хэрэгжүүлж) байгаа хэрэг болно. Бид номын (зөв) зам мөрд номын хялбарчилсан утгыг хэрэгжүүлэх байдлаар эхлэн орж болно. Хэрэв жинхэнэ аюулгүй зам мөрийг хурдны зам гэж үзвэл номын хялбарчилсан утга нь тэр хурдны замд орох гарц нь юм.

Сэдэл гэж юу вэ?

Шаталсан түвшинтэй сэдэл маш чухал байдаг. Сэдэл нь ямар нэг зүйл хийх сэтгэл хөдлөл биш юм. Харин энэ нь бидний зорилго, зорилттой холбоотой. Бидний сурч, бүтээл хийж байгаагийн цаана ямар санаа, зорилго байна вэ? Бид энэ бүгдийг хийж юунд хүрэхийг зорьж байна вэ? Лам-рим сургаалын бүтэц нь өсөх дараалалтай байдаг ба бид эхнээс нь эхлэх хэрэгтэй. Олон хүмүүсийн гаргадаг алдаа нь тэд сургаалын эхний түвшингүүдийг алгасаж шууд Их хөлгөний гүнзгий түвшинд ордог. Тэгээд бардамнаж би “Хамаг амьтны тусад гэтлэхүй, гэгээрэлд хүрэхийг зорьж байна” гэдэг. Гэвч үүний өмнө бид эхний түвшний сэдлийг төлөвшүүлээгүй бол хамаг амьтны тусад ажиллах сургаалын утгыг бууруулж, бүтээл нь номын хялбарчилсан утгатай болдог. Бид үнэхээр хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэхээр зорьж байгаа бус болно. Учир нь бид энэ бүхэн нь ямар утгатай болох, гэгээрэл гэдэг нь юу болох талаар ямар ч ойлголтгүй байдаг. Хэрэв бид хойд насанд итгэдэггүй бол дэлхий ертөнцийн шавьж бүрийг хянах боломжгүйгээр дахин дахин зовлонт төрөл авахаас чөлөөлөх гэж ажиллаагүй байж таарна! Хэрэв бид өөрийгөө үнэхээр сайн шалгаж үзвэл бид ердөө хэдэн хүнд туслах, тэдний энэ насны амьдралыг сайжруулахад тусалж байдаг. Энэ сэдэл нь үнэхээр эерэг, тустай боловч үүнийг Их хөлгөлний, гүнзгий түвшний сэдэл гэж нэрлэх юм бол энэ нь Их хөлгөнийг дутуу үнэлсэн, басамжилсан хэрэг болно. Хамгийн чухал зүйл бол угтаа ямар ч тийм сэдэл төрүүлээгүй атлаа илүү өндөр түвшний сэдэл төлөвшүүлсэн мэт дүр эсгэлгүйгээр лам-рим сургаалын түвшин тус бүрийн сэдлийг өөрсдийн сэтгэлийн угаас бодитой төлөвшүүлэх ёстой юм.

Номын хялбарчилсан утга болон сургаалын эхний түвшинд суралцаж байгаа нь бид хойд нас, гэтлэхүй, гэгээрлийн тухай ойлголт чухал болохыг маш сайн ойлгосон гэдгийг харуулдаг. Бид одоогоор энэ бүгдийг ойлгохгүй байгаа боловч ойлгохыг бүрэн зорьж байгаа гэдгээ илэрхийлж байдаг. Хэрэв бид хойд нас болон бусад ойлголтыг хүлээн зөвшөөрөхөд арай бэлэн биш байгаа бол үүнийгээ хадгалсан хэвээр, гэвч тэдгээрийг ойлгох зүгт явж байдаг.

Лам-рим сургаалд бид бүхэлд нь номын хялбарчилсан утга болон лам-римын эхний түвшний сэдлээр суралцаж болно. Ингэхэд ямар нэг асуудал байдаггүй. Бусдад санаа тавих, туслах, өглөг өгөх, хорт сэтгэлүүд болон хоосон чанарын талаар тодорхой нэг ойлголттой байх зэрэг нь бидний энэ насны амьдралд тустай, тийм биз дээ? Эдгээрийн гүн нарийн утгыг эхлэл үгүй төрөл гэх мэт ойлголтгүйгээр бид олж авч чадахгүй. Харин бид тэдгээрийн хялбарчилсан хувилбарт суралцаж болно.

Жишээлбэл урд болон хойд насны тухай ойлголтгүйгээр үйлийн үр (бидний үйлдлийн шалтгаан ба үр дагавар) гэдэг нь ямар ч утгагүй болох юм. Учир нь бид энэ насандаа хэдийгээр эерэг үйл хийж байсан ч газар хөдлөлтөнд амиа алдаж болох юм. Ийм тохиолдол нь зөвхөн нэг насны хувьд утгагүй болно. Гэвч үйлийн үрийн тухай сургаал нь нэг насны амьдралд тус болохгүй гэсэн үг биш. Тэд тус болдог. Урд болон хойд насны талаар бодоогүй тохиолдолд үйлийн үрийн талаар гүн ойлголт төрдөггүй. Цаашилбал дахин төрөл авах тухай ойголтгүйгээр хамаг амьтныг бидний эх гэж үзэх нь утгагүй зүйл болно. Бодь сэтгэлийн талаарх олон сургаал энэ ойлголтон дээр суурилдаг. Үүний адил сэтгэл эхлэлгүй мөн төгсгөлгүй гэдэг ойлголтон дээр үнэхээр сайн ажиллахгүй бол хоосон чанарыг үнэхээр гүнзгий сайн ойлгохгүй. Эхлэл үгүй сэтгэл гэдэг нь дахин төрөл гэдгийг илэрхийлнэ, тийм биз дээ?

Сургаалын түвшин тус бүрийн сэдлийг чин сэтгэлээс мэдрэх нь чухал. Эдгээр эхний түвшингүүдийн сэдлийг төлөвшүүлэлгүй алгасах нь лам-римын жинхэнэ утга санааг орхигдуулна. Сургаалын эхний түвшний сэдвүүдийг жишээ болгон авч үзье. Эрдэнэт хүний төрөл, үхэл ба мөнх бус гэх мэт сэдвүүдийг шууд судраас авсан байдаг ба Төвдийн Бурханы шашны өөр өөр ёс болон тэдний бүтээлчид олон өөр өөр зохион байгуулалттай хөтөлбөрүүдээр үзүүлсэн байдаг. Эдгээр сэдвүүд нь зөвхөн лам-рим сургаалын сэдэв биш. Харин эдгээрийг сэдлийн шаталсан түвшингээр үзүүлсэн нь Лам-рим сургаалын онцлог юм.

Лам-рим (Бодь мөрийн зэрэг) сургаалын хам утгыг ойлгох

Төвдийн Бурханы шашны өөр өөр ёсууд нь өөрсдийн зам мөрийн сургаалууд дотроо номын багшийн талаар өөр өөр хэсэгт үзүүлдэг. Жишээ нь, Гэлүгийн ёсны лам-рим сургаалд номын багшийн талаар мөрийн зэргийн сургаалынхаа өмнө үзүүлдэг.

Ярианы сэдэвтэй холбогдолгүй боловч лам-рим сургаал нь ердөө ганц байдаг эх бүтээл биш гэдгийг онцлон хэлэх хэрэгтэй гэж бодож байна. Гэлүгийн ёсны лам-рим сургаалын голлох долоо, найман хувилбар байдаг. Богд Зонхов өөрөө гурван бүтээл тууривсан байдаг бол 3-р Далай лам, 5-р Далай лам, 1-р Панчин лам, 2-р Панчин ламын бүтээлүүд, мөн хамгийн сүүлд гарсан лам-римийн бүтээл болох Пабонка Ринбүүчигийн бүтээл бий. 2-р Панчин лам, Пабонка Ринбүүчигийн бүтээлүүдийн хооронд хэд хэдэн бүтээл гарсан. Лам-рим сургаалын бүхий л түүх рүү орж болох боловч өнөөдөр ярилгүй өнгөрье. Харин нэг онцлог зүйл нь сургаалыг үзүүлэх хэв маяг нь цаг хугацааны явцад өөрчлөгдөж ирсэн явдал.

Дараагийн нэг дурдах хэрэгтэй зүйл бол Пабонка Ринбүүчигийн хөтөлж, түүний шавь Трижан Ринбүүчигийн бичигт буулгасан лам-римын сургаалын тухайд юм. Энэ хувилбар нь англи хэлэнд орчуулагдсан анхны лам-римын хувилбар, түүгээрээ ч их олны хүртээл болсон төдийгүй лам-римыг үндсэн зарчмынх нь дагуу нилээн сайн үзүүлсэн бүтээл болсон. Тэр нь ч Гэлүгийн үндсэн зарчим юм. Үүгээр тэр нь, энэ нь сайн муу гэж хэлэх гэсэнгүй. Ердөө энэ хувилбарыг тодорхойлж байна. Үүнийг бүх Гэлүг ёсны эсвэл бүх лам-римын уламжлалын төлөөлөл гэж битгий дүгнээрэй. Жишээ нь, энэ бүтээлд Боныг (бөөгийн ёс) шүүмжилсэн зарим маш хүчтэй үзэл санаа байдаг. Мөн хэрэв гараа атгасан байдлаар мөргөл хийвэл туурайтан болж төрнө гэх зэрэг зүйлүүдийг онцолсон байдаг нь түүний үндсэн хэв маягийг нь харуулж байгаа юм. Ямар нэг зүйлийг сайн, муу гэж үнэлж дүгнэх нь бидний хийх зүйл биш, харин бид чухам юу гэдгийг нь мэдэх хэрэгтэй. Олон хүмүүсийн хувьд энэ үндсэн зарчим нь тохиромжтой байдаг бол зарим хэсэгт нь тийм биш байдаг. Гэвч Гэлүг ёсны зонхилох лам-рим нь Богд Зонховын Лам-рим чэнмо юм. Хэрэв бид Гэлүг ёсыг судалъя гэвэл тэр нь энэ бүтээл байх болно. Дээрхийн Гэгээн Далай лам гол төлөв энэ хувилбарыг онцолдог. Энэ хувилбар мөн англи хэл дээр орчуулагдсан байгаа.

Гол сэдэвтээ буцаж оръё. Гэлүг ёсны лам-рим сургаалын эхэнд зэхэл бүтээл, багш садныг шүтэх ёсны тухай байдаг. Зарим хувилбаруудад башгаа шүтэх ёс нь эхэнд нь тэгээд зэхэл бүтээл нь орсон байдаг бол заримд нь зэхэл бүтээл нь эхэндээ орсон байдаг. Аль ч тохиолдолд яагаад эдгээр хоёр сэдэв эхэлж орсон байдаг вэ? Энэ талаар бодоод үзэхэд лам-рим нь Бурханы шашны талаар огт мэдлэггүй, Номын төвд анх ирж байгаа хүмүүст зориулагдаагүй гэдэг нь маш тодорхой. Анх ирж байгаа хүн мөргөл хийж, аврал одуулж, бодь сэтгэл үүсгэж, долоон гишүүнт соёрхол залбирал унших гэж үү? Төвд ирмэгцээ багшийг шууд Бурхан гэж харах ёстой юу? Эхлэн суралцаж байгаа барууны хүмүүс нь лам-рим сургаалын зорилтот сонсогчид биш гэдэг нь ойлгомжтой байна. Үүнийг илүү тодорхой харуулж байгаа зүйл нь Багшийг Бурхан гэж харах талаар ярихдаа лам-рим сургаалууд тарнийн сургаалаас “... гэж Очирдар хэлсэн” гэх байдлаар иш татдаг. Энд бидний ойлгох хэрэгтэй хэдэн зүйл байна.

Эдгээр сургаалуудыг анх хаана, ямар нөхцөлд тавьсан бэ? Сонсогчид нь сахил хүртэж Бурханы шашны зам мөрд бүрэн орсон хувраг хүмүүс байсан. Тэд тарнийн бүтээлийн эрх олгох, авшиг авах үйлд бэлдэж байсан. Тарнийн авшиг хүртээхийн өмнө тарнийн бүтээлийн суурь болох судрын зам мөрийн сургаалыг давтах шаардлагатай байдаг. Тэгэхээр тарнийн бүтээлийн эрх авах гэж буй бүрэн сахилтай лам нарт судрын үндсэн сургаалыг давтаж сэргээх зорилгоор лам-рим сургаалыг тавьсан байна. Мөн тэдгээр сонсогчид нь хойд насыг нийтээрээ хүлээн зөвшөөрдөг соёлын уламжлалтай, багштайгаа тодорхой харилцаатай байдаг, багшаасаа тарнийн бүтээлийн эрх, авшиг авахаар бэлдсэн хүмүүс байсан. Ийм тохиолдолд багшаа шүтэх тухай сургаал нь утга учиртай байх юм. Тэд лам хуврагууд учраас зэхэл бүтээл нь мэдээж ойлгомжтой. Тэд ийм зан үйлийг байнга хийдэг.

Өөр нэг учир нь номын багштай эрүүл саруул харилцаатай байхыг Богд Зонхов “зам мөрийн үндэс” гэсэн байдаг. Ургамалд хамгийн түрүүнд бий болдог зүйл нь үндэс биш. Ургалмал үрээс бий болдог. Тэрээр багш, шавийн харилцааг “зам мөрийн үр” гэж нэрлээгүй. Үндэс бол аль хэдийнэ ургасан ургамлын тулгуур болж, түүнийг тэтгэж байдаг. Номын багш бол бүх зам мөр ургаж гардаг тийм зүйл биш. Хэдийгээр Богд Зонховын үзүүлснээр багшаа шүтэх ёс нь сургаалын эхэнд орсон нь ч энэ нь эхлэн суралцаж буй хүмүүст эхэлж заана гэсэн утгатай биш. Богд Зонхов энэ сургаалаа аль хэдийн зам мөрд орсон хүмүүст зориулж тавьсан. Тэдний хувьд зам мөрийг тэтгэх түшиг тулгуур нь аль хэднийн тогтоосон багш шавийн харилцаа юм. Ийм учраас тэрээр үүнийг сургаалынхаа эхэнд үзүүлсэн.

Энэ бүгд нь лам-рим сургаалын бүтцийн талаар бидний мэдэх хэрэгтэй эхний ойлголтууд юм. Тодруулбал, яагаад энэ сургаал нь үе шаттай байдаг, уламжлалт гурван шаталсан түвшнийхээ өмнө нэг түвшинтэй байх боломжтой, уламжлалт гурван шаталсан түвшин нь энэхүү нэмэлт зэхэл үе шаттай байх боломжийг бүрдүүлдэг, энэ бүтэц нь багшаа шүтэх ёс болон зэхэл бүтээлтэй хэрхэн холбогддог зэрэг ойлголтууд юм.

Лам-рим сургаалын уламжлалт эхний түвшинд орохын өмнө хийх шаардлагатай зүйл

Асуулт: Лам-рим сургаалын сэдлийн эхний түвшинд орохын өмнө ямар ойлголттой байж, ямар бүтээл (дадал) хийх хэрэгтэй байдаг вэ?

Алекс: Сажийн ёсыг үндэслэсэн таван хүний нэг Сонам-цэмо сургаалд ороход хийх хэрэгтэй гурван зүйлийг жагсааж гаргасан. Эхнийх нь зовлонг таньж мэдсэн байх. Хоёр дахь нь зовлонгоос ангижрах боломжтой, гурав дахь нь Ном (Дарма) нь зовлонгоос ангижрах аргыг бидэнд үзүүлнэ гэсэн итгэл юм. Хэрэв энэ талаар сайтар бодож үзэх юм бол энэ үнэхээр утга учиртай зүйл байдаг. Хэрэв бид өөрсдийн амьдралд ямар нэг асуудал олж харахгүй байвал мэдээж бид Номонд (тэдгээрээс ангижрах аргад) хандахгүй. Хэрэв асуудлуудыг олж харсан ч тэднээс гарах арга байгаа гэж бодохгүй байвал бид мөн Номонд хандахгүй. Хэрэв Ном энэ бүхнийг шийдэх шийдлийг санал болгодог гэж үзэхгүй байвал бид мэдээж түүнд хандахгүй юм. Эдгээр гурван зүйл нь биднийг Бурханы шашны зам мөрд орох шалтгаан болдог. Гурав дахь санаа нь хэрэгжихүйц шийдэл өгдөг болох талаар шинж тэмдэг олж харахын тулд бид Номыг судалж үзэх хэрэгтэй. Өөрийн зүрх сэтгэлээ Номонд бодитой өгөхийн өмнө энэ талаар бид судлах хэрэгтэй.

Асуулт: Багшийн харилцаатай холбоотой үр болон үндэсний талаарх зүйрлэлийг тодруулж өгч болох уу? Үр нь аль нь вэ? Үр нь үндсэндээ хэрхэн нөлөөлдөг вэ? Хэрэв та Номонд өөрсдийгөө бүрэн зориулахаасаа өмнө Номын талаар мэдлэгтэй байх ёстой гэж хэлж байгаа бол эхэнд нь багшаа зөв шүтэх гэдэг нь юу гэсэн үг вэ?

Алекс: Нэг жишээ авъя. Сонам-цэмогийн үзүүлсэн гурван зүйл нь үр адил. Номонд суралцах нь энэ үрээс бий болдог. Тэгвэл энэ үрээс үндэс хэрхэн гардагийг ойлгохын тулд Сонам-цэмогийн гурав дахь санаа болох тодорхой хэмжээнд Ном үзэж түүгээрээ Ном бидний амьдралын асуудлуудыг шийдэх шийдэл санал болгож чаддаг гэдэгт итгэлтэй болох шаардагатай гэдгийг авч үзье.

Миний өөрийн хувьд, би Бурханы шашныг их сургуулд долоон жил үзсэн. Мэргэжил болох талаас нь гол гол сонгодог хэлнүүдийг нь судлах байдлаар үзсэн. Ингээд Энэтхэг явж, Дээрхийн Гэгээн Далай ламтай уулзахад л энэ бол үнэхээр зөв зам мөр байна гэсэн зөн мэдрэмж төрж түүнээс хойш Дээрхийн Гэгээний багш нарын хэд хэдтэй нь уулзсаны дараа Бурханы шашныг одоо ч хэвээр оршсоор байгаа уламжлал болохыг нь харсан юм. Энэ нь ердөө нэг эх бичвэр дээр тэмдэглэгдэж улирч өнгөрсөн, түүнийг их сургуулийн багш нар үгийн сүлжээ адил юу болохыг нь тайлбарлахыг оролддог тийм сэдэв биш байсан. Энэ нь 60-аад оны үед хэрэглэж байсан арга. Харин энд амьд сэрүүн багш нар сургаал номоо тавьж, түүнийг дагаснаар үр дүнд үнэхээр хүрч байсан. Миний үзэж ойлгосноор уламжлалт эх бүтээлүүд дээр тайлбарлсан байдаг шиг багшийн гол үүрэг, зорилго бол хүсэл эрмэлзлэл, бишрэл төрүүлэх. Бурханы шашны бүтээл нь хэрэгжүүлэх боломжтой, одоо ч гэсэн бодитой байгаа нь сургаалыг үнэхээр бүтээж, зүрх сэтгэлээ Бурханы шашинд зориулахад хүргэсэн юм.

Ийм учраас номын багш сургаал номонд суралцахад үнэхээр тустай, шаардлагатай. Ном сургаалтай холбоотой сурах бичиг, эх бүтээлүүд уншснаар зам мөрд татагдаж, бага зэрэг бишрэл хүндэтгэл төрж болох боловч ердөө уншснаар чин сэтгэлээсээ түүнд шамдана гэж би бодохгүй байна. Хамгийн хүчтэй бишрэл (сурах хүсэл эрмэлзэл) багшийн бодит жишээнээс төрдөг. Ингээд багшаасаа суралцах нь (Сонам-цэмогийн гурав дахь санаа) үр нь үндэс болж байгаа нь юм. Учир нь багшаасаа олж авдаг бишрэл, суралцах хүсэл эрмэлзэл нь биднийг бүхий л зам мөрийн турш тэтгэдэг. Номын багштай учрах үед үр, тэгээд үндэс бий болдог учраас багш нь үнэхээр эрдэм төгс байх хэрэгтэй, итгүүлэн бишрүүлэх авъяастай нэг зальт этгээд байж болохгүй.

Хэрэв ердөө “биднийг гайхшруулах”, ямар нэг эрдэм боловсролгүй багштай учирч, тэгээд Бурханы шашны талаар юу ч мэдэхгүй бол энэ нь зам мөрд ороход хангалттай юу? Би үүнтэй санал нийлэхгүй. Ямар нэг жишээ болох багшгүйгээр Бурханы шашны талаар ном унших нь биднийг номонд хандуулж, тодорхой бишрэл төрүүлж болно. Зүгээр л нэг багштай учрах, бүр эрдэм чадалгүй багштай учрах нь ч бас тодорхой бишрэл төрүүлж болно. Гэвч багш эсвэл номноос ямар нэг зүйл суралцахгүйгээр, зүгээр биширснээр зам мөрд орох нь бат тогтвортой байдаггүй.

Зөвхөн Бурханы шашны талаар ном уншиж эхлэх эсвэл Номын багш бидэнд зөвхөн сайхан сэтгэгдэл төрүүлэх хоёрын аль нь илүү аюултай вэ? Аль аль нь өөрсдийн гэсэн аюул дагуулдаг. Хэрэв бид зөвхөн унших юм бол Номын талаар өөрсдийн ойлголтыг гаргаж ирж тэр нь жинхэнэ сургаалтай ямар ч холбоогүй зүйл болж болдог. Хэрэв зөвхөн багшийг дагах юм бол эрдэм мэдлэггүй боловч биднийг их гайхшруулдаг хэн нэгний идэш болох аюулд унана. Бид төөрөгдөлд орж болно. Тухайн хүн нь эрдэм мэдлэгтэй байсан ч бид түүний талаар маш их зохиомол зүйлүүдийг бий болгож түүндээ төөрөлдөж болно.

Бид хэрхэн эхэлсэн байсан ч суралцах, бишрэх аль алиныг нь хослуулахыг хичээх хэрэгтэй. Багшийг биширч эхлэх нь Номын багштай эрүүл харилцаатай байхтай адил зүйл биш. Энэ нь нилээн хойно, тухайн хүн зам мөрд тогтвортой суралцаж, бие сэтгэлээ зориулж, багшаа сайн шинжиж үзсэн үед бий болдог. Номын багштай албан ёсоор тогтоох харилцааг багшаас ангид гэтлэх (гэргийтний болон хурвагийн сахил), бодьсадвын, тарнийн сахил хүртснээр тодорхойлно гэж эх бичвэрүүдэд гардаг. Энэ хэмжээнд хүртэл нилээн их урьдчилсан нөхцөл шаардагатай байдаг. Ингэснээр бид сахилыг хамт олны шахалтаар эсвэл сэтгэл хөдлөлийн ямар нэг шалтгаанаар авахгүй байх, юу болж байгааг мэдэхгүйгээр албан ёсны зан үйлд оролцохгүй байх юм. Хэрэв бид үнэхээр ийм сахил авахаар чин сэтгэл гаргаж байгаа бол уламжлалт эх бичгүүд дээр гардаг тэр багшаа шүтэх ёсны тухай ярьж эхлэх юм. Багш зам мөрийн эхэнд, дунд, эцэст ч чухал гэж ярьдаг. Гэвч бид түвшин тус бүрд гэдэг юу гэсэн үг болохыг ойлгох хэрэгтэй. Энэ нь зам мөрийн эхэнд багшийг (гүрү) Бурхан гэж үзнэ гэсэн үг биш юм.

Эрдэнэт хүний төрөл авснаа ойлгож үнэлэх

Бидэнд өнөөдөр лам-рим сургаалын олон өөр онцлогуудыг нарийвчлан ярих цаг байхгүй байна. Харин түүний зэрэглэсэн үе шатын талаар, тэдгээр үе шатанд хүрэх хоёр арга болох бидний олонхийн сонирхол татдаг “Номын хялбарчилсан” утга болон үндсэн утгыг харьцуулах байдлаар яръя.

Бидэнд байгаа эрдэнэт хүний төрлийн талаар ярьж эхэлье. Эрдэнэт гэдэг төвд үг нь Гурван эрдэнэ гэдэгт хэрэглэгддэг эрдэнэ гэдэг үгтэй адил утгатай. Энэ үгний давхар утга нь бүх нөхцөл нь бүрэн бүрдсэн хүний төрөл нь үнэт төдийгүй бас ховор гэсэн утгатай юм. Хэрэв өөрсдийн нөхцөлийн талаар бодож үзвэл энэ үнэхээр гайхалтай байдаг. Энэ нөхцөл одоо байгаагаас илүү их муу байж болох байсан. Бид оюуны хомсдолтой, эрэмдэг, эрхтэний согогтой, галзуу биш байгаа нь үнэхээр ер бусын хэрэг. Бид дайны бүс нутагт эсвэл өлсгөлөнд нэрвэгдэж, хорих лагерьт тарчлаагүй байна. Олон хүмүүс ийм нөхцөлд байсан, одоо ч байж байгаа. Энэ бүгдээс ангид байгаа нь үнэхээр гайхалтай, гэвч бид үүнийг тийм байх ёстой юм шиг санадаг.

Өнөөгийн нөхцөл байдал үнэндээ эрдэнэт хүний төрөл гэдгийг ойлгож танихад маш тустай нөхцөл байдал юм. Өөрсөд дээрээ ажиллах аргууд нь боломжтой, бид үнэхээр тэдгээрт суралцаж, түүнийгээ амьдралд хэрэгжүүлэхийг сонирхож байна. Гэвч ийм боломж байсаар байхад олон хүмүүс сонирхох ч үгүй байна. Ийм арга олж авах боломж ч байхгүй олон хүмүүс байна. Бидэнд сонирхол байгаа төдийгүй эдгээр аргуудад суралцах, дадуулах боломж байгаа нь гайхалтай. Дэлхийн бусад хэсэгт байгаа хүмүүстэй өөрсдийн нөхцөлийг харьцуулах юм бол юмс хэрхэн илүү муу байж болохыг бид харж болно.

Өөрсөд дээрээ ажиллах үнэт боломж бидэнд байгааг мэдэх нь түүний хэргийг гаргах сэдэл төрүүлдэг. Ийм боломжийг үрэхгүй байх нь маш чухал. Ийм нөхцөлүүд нь үнэхээр хэврэг бас маш ховор. Өөрсдийн ихэнх цагийг телевизор үзэх, бааранд орох, өөр юу ч байж болно, ийм байдлаар өнгөрөөж боломжоо алдах нь үнэхээр байж боломгүй гарз юм. Амьдралдаа илүү их үр өгөөжтэй, тустай зүйл хийх эрх чөлөө бидэнд олгогдсон байна. Бидний ихэнх нь тодорхой хэмжээний мөнгөтэй байна. Бид боолчлогдоогүй байна. Бид эрүүл саруул байна. Бидэнд эрх ямба байна. Энэ санаа бид Номын үндсэн болон хялбарчилсан аль ч утгаар нь суралцаж байсан яг адил юм.

Энэ бол эхлэх цэг. Сургаалын үндсэн шаталсан сэдлийн өмнө үүнийг үзүүлдэг. Хэдийгээр бид зам мөрийн бусад сэдвүүдийг судалж эхэлж болох боловч энэ эхний ойлголт бидний сэтгэлд үнэхээр хүрч, ердөө нэг мэдлэгийн түвшинд биш, сэтгэлийн гүнд жинхэнэ бодитой суугаагүй бол бодит ахиц гарахад үнэхээр хэцүү. Хэрэв энэ бүгд нь жинхэнэ чин сэтгэлийнх болоогүй байвал бүх номын зам мөр нь ердөө нэг спорт адил болдог. Зүгээр нэг боулинг тоглох юм уу эсвэл дасгал хийхтэй адил үйл ажиллагаа болно. Бидний амьдралтай холбоотой байдаг гүн гүнзгий холбоо хамаарлыг нь олж хардаггүй. Бодит байдал дээр, өөрсөд дээрээ ажиллана гэдэг бидний амьдрал байх хэрэгтэй!

Энэ нь бид энэ түвшинд ирээд зогсоно, эрдэнэт хүний төрөл гэдэг ойлголт гүн гүнзгий суутал зам мөрийн өөр сэдвүүдийг судлахгүй гэсэн үг биш. Бидний сэтгэлд энэ нь гүн бат суух хүртэл хэд хэдэн жил шаарддаг. Гол санаа нь үүнийг түвэгтэй зүйл гэх гэсэнгүй. Өөрсдийн эрдэнэт хүний төрлөө зөв ашиглах, үнэлэх дээр үнэхээр ажиллах ёстой ч бид Ном сургаалын үнэнч шүтэн бишрэгч болж болохгүй. Энэ бол алдаа. Мэдээж бид амрах хэрэгтэй л дээ.

Бидэнд үнэхээр ховор боломж, хүний эрдэнэт төрөл байна. Хэрэв бид эрдэм төгс багштай учирсан, түүнээс суралцах боломж байгаа бол энэ боломж бүр илүү бодит болно. Яаж үүнийг зүгээр үрж болох юм бэ? Номонд суралцаж чадаж, ийм багш нартай учирч байгаа нь үнэхээр завшаантай хэрэг.

Илүү сайн төрөлд зорих

Эхний түвшний сэдэл нь ирээдүйд муу төрөлд төрөхөөс зайлсхийж илүү сайн нөхцөлтэй төрлүүд авахыг хичээх үүднээс бодох явдал юм. Энэ нь хүний төрлөөс гадна бидний төрж болох олон өөр төрөл байдагтай холбоотой. Гэвч тамын төрлүүдээс зайлсхийж тэнгэрийн төрлүүдэд зорих нь туйлын зорилго биш. Эдгээрийг туйлын зорилгоо болгох нь Бурханы шашны зорилго биш.

Өөрөөр хэлбэл нэг насанд бид зам мөрөөр хэр хол явах вэ? Нэг насанд бид бүх зүйлд хүрч чадахгүй. Бурханы шашны зам мөрд багахан ахиц гаргахад ч их цаг хугацаа орно. Ийм учраас бид эрдэнэт хүний төрлийг дахин дахин авах хэрэгтэй. Бурханы шашны өндөр зорилгуудад хүрэхэд тохиромжтой үе шат бүхий боломжуудыг үргэлжлүүлэн авах хэрэгтэй. Дараа дараагийн төрлүүдээ сайжруулах боломж нь эрдэнэт хүний төрөл авснаар бий болно. Бид одоо эрдэнэт хүний төрөл авсан байна, цаашдаа бас авсаар байх хэрэгтэй.

Хэрэв бидний нүдэнд үзэгдэхгүй тэнгэр, там гэх мэт төрөл байдаг гэдэгт байтугай дараа төрлийн талаар сайн ойлгохгүй эсвэл итгэхгүй байгаа бол номын хялбарчилсан хувилбар нь ирээдүй хойч үедээ тус болж чадах тийм зүйлийг санал болгож чадах байх. Бидний гэр бүл эсвэл илүү өргөн хүрээнд бодож байсан ч ялгаагүй хойч үеийнхэн маань бидэнд байгаагийн адил ийм сайхан хүний төрлийг эдлэхийг бид хүсэж болно. Хойч үеийнхэнд тус болох тухай ийм санаа Бурханы шашны эх бичгүүдэд үнэндээ байдаггүй боловч энэ нь сургаалын утганд нийцдэг. Иймд барууны хүмүүсийн хувьд бид энэ үүднээс нь номонд хандаж болно гэж би бодож байна. Үүнийг Бурханы шашны хэлдэг зүйл гэж зүтгэхгүй, Бурханы шашны ирээдүйн төрлүүдэд тустай гэж хэлдэг зүйлүүдийг үгүйсгэхгүй байгаа тохиолдолд ийм зорилго нь бүрэн төгс хүчин төгөлдөр, бүрэн төгс ач тустай байна гэж би боддог.

Үүний дараа бид үхлийн тухай ойлголттой ажилладаг. Бид үхлийг маш нухацтай авч үздэг. Бид үхэх нь эргэлзээгүй. Төрсөн хүн бүр үхдэг, гэвч бид хэзээ гэдгийг нь мэддэггүй. Түүнээс цааш ямар нэг зүйл байхгүйгээр үхлийн тухай бодох нь хэцүү байж болно. Номын үндсэн утганд түүнээс цааш дараагийн төрөл гэж байгаа гэдэг. Тэгвэл бид үүнд бэлтгэлтэй байна уу? Хэрэв бид яг одоо үхэх бол түүний дараа тохиолдох зүйлд бүрэн бэлтгэлтэй байгаа мэт санагдаж байна уу? Энэ амьдралдаа хийсэн ямар нэг зүйлд харамсах харамсал байна уу? Бид амьдралаа дэмий үрсэн байна уу? Хэрэв энэ бидний амьдралын сүүлийн нэг цаг байвал амьдралаа хэрхэн өнгөрөөсөндөө бид баяртай байх болов уу? Энэ бүгд бидний бодох чухал зүйлүүд юм.

Номын хялбарчилсан хувилбар нь ердөө бид хэзээ ч үхэж болно гэдгийг нухацтай авч үзэх тухай байдаг. Өнөөгийн нөхцөл байдалд энэ илүү их бодитой болж байна. Ирээдүй хойч үедээ бид юу үлдээж байна вэ? Бид юу хийсэн бэ? Бид сэтгэлийн болон санхүүгийн хямрал ардаа үлдээж байна уу эсвэл ямар нэг эерэг зүйл үлдээж байна уу? Хүмүүс биднийг хэрхэн дурсах вэ?

Үхлийн талаар бодсоны дараа бид үхлийн дараа юу болох талаар боддог. Бид муу төрлүүдийн талаар боддог. Хүн бүр харахаараа гишгэхийн хүсдэг жоом болж төрөхийг хүсэж байна уу? Бид илүү муу нөхцөлүүдийг цааш дүрслэн бодож болно. Энэ нь заавал амьтны төрөлд байх албагүй, хүний төрөлд ч байж болно. Хурцаар ялгаварлан гадуурхагдах, ямар ч боломжгүй байх гэх мэт. Бид ийм нандин боломжууд, ийм гайхалтай завшаантай байгаагаа ойлгох үед ирээдүйд ийм байхгүйгээр төсөөлвөл бидэнд аймшигтай санагдана! Бид ийм зүйл болохыг хүсэхгүй. Хэрэв бид үнэхээр ийм байдлаар бодох юм бол ирээдүйн төрлүүддээ бэлдэж маш хүчтэй ажиллах болно. Юмсыг сайхан байхаар бэлдэхийг хүснэ.

Дараа төрөл гэж юу гэсэн үг болох талаар ямар ч ойлголт байдаггүй учраас барууны хүмүүсийн хувьд ингэж бодох нь хэцүү байдаг. Хэрэв бидэнд энэ талаар ямар нэг ойлголт байгаа бол мэдээж энэ нь Бурханы шашинтай хүмүүсийн баталж хэлдэггүй энгийн хялбарчилсан ойлголт байх хандлагатай байдаг. Миний өмнө дурдсанчлан Номын хялбарчилсан хувилбар нь хойч үе гэсэн үүднээс бодох тухай байдаг боловч юмс энэ амьдарлын эцэст илүү муу байхаас зайлсхийх талаас нь бас бодож болох юм. Насныхаа эцэст асрамжийн газарт тэргэнцэр дээр амьдралдаа хийсэн учир утгатай нэг ч зүйлгүй, гутарч, ганцаардаж, өтлөх зовлонг даван туулах ямарч чадваргүйгээр амьдралаа дуусгахыг хүсэж байна уу? Ингэж бодох үнэхээр ой гутмаар байх болно. (Хэрэв бид маргааш зуурдаар үхэхгүй бол) өвдөх, оюун ухаанаа алдах, мэдрэлгүй болох, өтгөнөө зохицуулах чадваргүй болох, бусдын асрамжинд орох, үхэх гэсэн зайлшгүй зүйлүүдийг даван гарч чадах тодорхой нэг сэтгэлийн суурь төлөвшил, ойлголт бий болгоход бэлдэх хэрэгтэй. Ихэнх хүмүүсийн гаргадаг сэтгэлийн хямралд оролгүйгээр тайван байдлаа хадгалж энэ бүхнийг хэрхэн даван туулах вэ? Бид үүнийг үгүйсгэж болохгүй, нухацтай авч үзэх хэрэгтэй. Үгүйсгэх нь ямарч тус нэмэр болдоггүй. Энэ бол маш утга учиртай зүйл. Ном сургаал зөвхөн сайхан зүйлсийг хардаггүй. Бид хэцүү зүйлсийг харж, тэднээс зайлсхийх эсвэл тэр зовлонг багасгах аргаар тэднийг даван туулахыг оролддог.

Дараагийн алхам бол аюулгүй зам мөр буюу аврал. Бид муу төрлүүд, хойч үеийнхний эсвэл насны эцэс дэх зовлонгоос зайлсхийх аль алиныг хүсч байсан ялгаагүй Бурхан, Ном, Хувраг гарах замыг заана гэж үздэг. Бурхад хорт сэтгэл болон бэрхшээлүүдээс бүрэн ангижирсан байдаг ба бүрэн гэтэлсэн архадууд, эрдэм төгс хутагтууд үүний тал хэсгийг гүйцээсэн байдаг. Бид ийм зорилгод хүрэхийг хичээж байгаа бөгөөд энэ нь гэтлэхүй (зовлонгоос бүрэн ангижрах), гэгээрэл юм. Хэрэв бид дараа төрөлдөө сайн төрөл авахаар зорьж байгаа бол аврал нь үүнийг хэрхэн хийхийг харуулдаг бөгөөд үүгээрээ бид олон олон төрлийг туулж улмаар гэтлэхүй, гэгээрэлд хүрдэг. Энгийн үгээр хэлэхэд энэ бол бидний өөрсөд дээрээ ажиллах чиглэл юм.

Номын хялбарчилсан хувилбараар бид өөрсөд дээрээ ажиллаж энэ насандээ энэ зүгт явж байгаа нь эхний алхам болно. Бид бүх төөрөгдлөөсөө гарч, бүхий л нөөц бололцоогоо олж танина гэж итгэхэд үнэхээр хэцүү байдаг. Бүр энэ нь юу гэсэн үг болохыг ч ойлгодоггүй. Энэ бүхэнд хүрэхээр зүтгэхийн тулд үүнийгээ бид ойлгосон, гэтлэхүй, гэгээрэлд хүрэх нь боломжтой гэсэн бүрэн итгэлтэй байх хэрэгтэй. Номын хялбарчилсан хувилбарын хүрээнд бидний бүх төөрөгдөл, хорт сэтгэлийг даван туулах нь хэрхэн боломжтой болохыг ойлгож, боломжтой гэдэгт бүрэн итгэлтэй болохоор ажилладаг. Энэ хооронд бид тэр зүгт бага ч гэсэн дөхөж болох юм. Бид бүх замыг туулж чадах эсэхээ мэдэхгүй ч энэ зүгт явах нь тустай гэдгийг ойлгож болно.

Одоо бид амьдралын утга учир, зүг чигтэй боллоо. Бид номын хялбарчилсан хувилбарыг баримталж байна уу эсвэл үндсэн хувилбарыг баримталж байна уу гэдгээс шалтгаалсан том ялгаа байдаг учраас аврал гэдэг үе шатан дээр асар их онцгойлон анхаардаг. Амьдралдаа юу хийж байгаагаа мэдэж байна гэж үнэхээр мэдрэх нь нэг алхам юм. Энэ нь асар өндөр түвшний итгэл, эрч хүч өгдөг. Юу ч хийхгүйгээр “Бурхан минь, Бурхан минь, намайг авраач!” гэсэн сул дорой хандлагын тухай бид яриагүй байна. Тэр бол Бурханы шашин биш юм.

Бурхан, Ном, Хуврагийн үзүүлсэн аюулгүй зүгт явахын тулд бид үйлийн үрийг (зан үйлдлээс шалтгаалан гарах үр дүн) ойлгож, зан үйлдлээ түүний дагуу өөрчлөх хэрэгтэй. Хэрэв бид сөрөг хандлагаар үйл хийж байвал түүнийг таньж, хориод, илүү эерэг байдлаар хандах хэрэгтэй. Бидний хэрхэн яаж аливаа зүйлд хандаж, хийж байгаа нь бидэнд тохиолдох, бидний туулах зүйлд нөлөөлнө. Хэрэв бид тэнэг хүн шиг аашлах юм бол бусад хүмүүс бидэнд тэнэг хүн адил хандана. Хэрэв бид зэрлэг, хэрцгий байвал хүмүүс бидэнд сайхан хандах уу? Хэрэв бид зэрлэг байдлаар бусдыг хохироож, хуурч мэхлэх юм бол тэд эргүүлээд бидэнд тэгж л хандана. Хэрэв бид гэр бүлийн хүмүүстээ сайхан сэтгэлээр хандвал асуудлууд арай илүү төвөг багатай болно.

Номын хялбарчилсан утгын хүрээнд ямар байдлаар үйлдэл хийж байгаа нь бидний энэ насны амьдралд нөлөөлнө гэж бодож болно. Гэвч энэ нь тийм илэрхий байдаггүй. Бид гэр бүлдээ сайхан хандаж байсан ч их бэрхшээл хүндрэлтэй байсан хэвээр байдаг. Эсвэл бид хэт гажуудаж, авилгад автсан, авилгаар хөрөнгөжиж, баригдахгүй байж болно. Ер нь хэрэв бид энэ насандаа сайн зүйл хийвэл энэ насанд юмс сайн явагдана, хэрэв энэ насандаа муу зүйл хийвэл энэ насанд юмс муу байна гэж хэлж болох боловч ийм баталгаа байхгүй. Номын үндсэн утгаар, урд болон хойд насны түвшинд үүнийг авч үзэхийг шаарддаг. Учир нь ихэнх үр дагавар нь энэ насанд боловсордоггүй, энэ насанд боловсорч байгаа зүйл нь ихэнх тохиолдолд энэ насанд хийсэн зүйлийн үр дагавар байдаггүй.

Үйлийн үрийн тухай сургаалын номын хялбарчилсан өөр нэг утга нь бусдад туслахыг хичээж, хор хүргэхгүй байхыг оролдох. Энэ нь ном сургаалтай нийцдэг боловч бидний үйл ямар үр дүнд хүрэхийг хэрхэн мэдэх вэ? Нэг хүнийг баярлуулахаар сайхан хоол хийж өгтөл тэрээр хоолонд орсон ясанд хахаж үхэж болно. Хамгийн тодорхой нэг зүйл бол бидний үйлдлийн үр бид нарт өөрсдөд, бидэнд бодитой тохиолдох зүйлд л нөлөөлөх явдал юм. Энэ бол үйлийн үр гэж юу болохыг хэлж байгаа юм.

Энэ бүхэн нь ирээдүйн төрлүүдээ бодож ямар нэг байж болох дутагдлаас сэргийлж, эрдэнэт хүний төрөл бүрдээ гэтлэхүй болон гэгээрэлд хүрэхээр улам улам цааш ажиллах тухай юм.

Дунд түвшин

Дунд түвшний сэдлээр хянаж чадахгүйгээр олон дахин төрөл авахыг зогсоохыг зорьдог. Хэрэв бид хойд насанд итгэдэггүй, ойлгодоггүй бол түүнээс гэтэлнэ гэж яаж байж болох вэ? Энэ бол хошин яриа болно. Номын хялбарчилсан хувилбар нь энэ насны асуудлуудаас чөлөөлөгдөхийг зорьдог боловч энэ нь нилээн бүрхэг зүйл. Номын үндсэн утгын эхний түвшинд бид зовлонгийн бүдүүн (илэрхий) түвшин, ялангуяа муу заяаны (төрлийн) зовлонгоос зайлсхийх тухай боддог. Энд дунд түвшинд дээд төрлийн зовлон гэж тодорхойлогддог орчлонгийн жаргалын сул талуудын талаар боддог. Бүр тэнгэрийн төрөлд мөн хүн бидэнд бүх төрлийн зовлон бий. Бид орчлонгийн түгээмэл шниж чанар болох тодруулбал аль ч төрөлд бидний эдэлж, туулж байгаа бүх зүйл төөрөгдлөөр (буруу ойлголт) нөхцөлдөж, төөрөгдөлтэй хавсарч, илүү их төөрөгдлийн шалтгаан болж, илүү их төөрөгдлийг үүсгэж байдаг “түгээмэл хуран үйлдэхүйн зовлонг” авч үздэг. Гэвч номын хялбарчилсан утгаар эдгээр хоёр янзын зовлонг бид ерөнхий байдлаар авч үзэж болно. Үүгээрээ тэд энэ насанд бас хамаатай болдог.

Бидний жаргал гэж үздэг тэр зүйлд бас дутагдал байдаг. Ямар дутагдал? Тэр жаргал нь бидний сэтгэлийг хэзээ ч хангаж чаддаггүй. Бид тэр жаргалд хэзээ ч ханадаггүй. Бид нэг удаа секс хийхийг хүсдэггүй. Бид нэг удаа хооллохыг хүсдэггүй. Бид энэ бүхнийг дахин, дахин, дахин хүсдэг. Үнэхээр муухай нь бид дуртай зүйлдээ бүр дургүй болдог. Хооллох удаа бүртээ нэг төрлийн хоол идэхдээ дуртай байх эсвэл секс хийх удаа бүртээ таашаал авна гэсэн баталгаа байхгүй. Дараагийн удаа юу тохиолдохыг мэдэхгүй байх нь бүр илүү хэцүү. Нэг агшинд сэтгэл гайхалтай сайхан байхад дараагийн агшинд маш хэцүү байдалд орно. Энэ үнэхээр урамгүй.

Ямарч хамаагүй аргаар өөрсдийн хүртэж чадах ямар нэг таашаал авахыг оролдсон ийм бодол сэтгэлээс бид цааш гарах үнэхээр хэрэгтэй. Энэ сэтгэлийн цаана ихэвчлэн хоол, секс, найз нөхөр, мөнгө гэх мэт зүйлсээр төгс аз жаргал олж авна гэсэн үлгэр домог, хий хоосон мөрөөдөл байдаг. Ийм бодол, итгэл нь төөрөгдлөөс бий болж, тэдгээр зүйлийг олж авах хүсэлтэй нийлдэг. Улмаар тэдгээр зүйлүүд нь сэтгэл хангахгүй үед илүү их төөрөгдөл бий болж байдаг. Дараагийн удаа тэднийг олж авахад жинхэнэ жаргал өгөх байх гэж бид боддог. Бид “магад гарах (орчлонгийн зовлонгоос уйдах)” гэж нэрлэдэг тэр ойлголтыг олж авах хэрэгтэй. Энэ нь дээрх өөрөө эргэх мөнхийн тойргоос (орчил) чөлөөлөгдөх шийдвэр төдийгүй, энэ бүхнээс залхаж, дургүйцсэн байдал дээр суурилж байдаг. Толгойгоороо хана мөргөн, ийм зүйлүүдээс мөнхийн аз жаргал олж авах гэж зүтгэж байгаа нь тэнэг, залхмаар хэрэг. Магад гарах сэтгэлээр бид энэ бүгдээс чөлөөлөгдөхөөр шийддэг ба энэ нь тэр бүгдээс чөлөөлөгдөх боломж, өөр сонголт байна гэдгийг ойлгосон ойлголтон дээр суурилдаг.

Магад гарах сэтгэл төрөхөд энэ ертөнц дээр бидний очихыг хүсэх нэг ч газар байхгүй гэдгийг ойлгодог. Бүгд яг адил байдаг. Зарим газар нь нөгөө хэсэг газраасаа илүү сайхан байдаг ч авах зүйл юу ч байдаггүй. Баяр баясгалан авч байх, биднийх гэж санагдах нэг ч Номын төв байхгүй. Нэг ч төв төгс төгөлдөр биш, ямарч төв дотоод бохир улс төргүй байх боломжгүй гэдгийг ойлгодог. Харъяалагдаж байхыг хүсэх нэг ч сүм хийд байдаггүй. Ямарч хийд дотоод бохир улс төртэй байх нь бас гарцаагүй. Хадгалж үлдэх ямарч нөхөрлөл байхгүй учир нь аливаа найз нөхрийн харилцаа асуудал, хүндрэлүүдээр дүүрэх нь гарцаагүй байдаг.

Гэвч энэ нь бүх зүйл үнэхээр хэцүү учраас холдож яваад амиа хорол гэсэн үг биш. Харин бид ямар нэг зүйлд хүсэж хүлэгдээгүй сэтгэлээр, өв тэгш Номын төв, хийд, найз нөхөд, амьдрах газар, ажил мэргэжил, хань гэх мэтийг олно гэсэн үлгэр домог зохиогоогүй учраас гэтлэхүйн зам мөрд ахиц гаргахад хамгийн тохиромжтой нөхцлийг хайдаг. Номын төв, хийд, амьдрах газар зэргээ ийм шалгуураар гэвч дэлхий дээрх хамгийн гайхалтай газар гэж чухалчилгүйгээр сонгодог. Дэлхий дээрх ямарч газар тийм биш. Энэ бол орчлон (самсара, сансар). Орчлонгийн юмс (төлөв, мөн чанар) хэзээ ч сэтгэл хангадаггүй, хэзээ ч төгс төгөлдөр байдаггүй. Үргэлж сайнтай, муутай байдаг. Бид магад гарах (орчлонгийн зовлонгоос уйдах) сэтгэлийг ингэж ойлгох хэрэгтэй.

Магад гарах сэтгэлийн Номын хялбарчилсан хувилбар нь энэ насандаа зовлонгоос ангижрахыг хүсэх сэтгэл юм. Номын үндсэн хувилбар нь зөвхөн энэ нас биш бас ирээдүйн төрлүүдээ боддог. Хэрэв бид хянах боломжгүй дахин дахин гарах тэр тойргоос гарах ямар нэг зүйл хийхгүй бол зовлонгийн гурван төрөл нь ирээдүйн нэг төрлөөс түүний дараагийн төрөлд гэх мэт байдлаар үргэлжилсээр байдаг.

Энд бид эвлүүлдэг зурагт тоглоомын хэсгүүд шиг сургаалын хэсгүүд хэрхэн хоорондоо олон талаасаа холбогдож байгааг харж болно. Жишээлбэл, хэрэв бид эвлүүлдэг тоглоомын эрдэнэт хүний төрөл гэдэг хэсгийг магад гарах сэтгэлтэй холбохгүй бол ямарч сайхан газар байхгүй, хаашаа ч явах хүсэлгүй, бүгд бохир мэт санагдаж, юм хийж байгаа мэт санагдахгүй тийм байдалд хүрнэ. Энэ бол магад гарах сэтгэлийн утга биш. Магад гарах сэтгэл нь бидэнд байгаа эрдэнэт хүний төрлийн ач тусыг гаргахад бидэнд тусалдаг.

Дунд түвшний сэдэлтэй байгаа үед авч үзэх дараагийн нэг зүйл бол энэ бүх асуудал, бэрхшээлүүд, муу сэтгэлүүдийн шалтгаан юм. Энэ бүгд нь төөрөгдлөөс (буруу ойлголтос) үүсдэг. Ном (сургаал) энэ бүгд хэрхэн бий болдог талаар итгэхийн аргагүй гайхалтай нарийн тайлбарыг өгдөг. Зүгээр нэг энгийн жишээ нь цагаан морь унасан сэтгэл булаам ханхүү эсвэл гүнжийн тухай үлгэр нь бусдыг бүхий л байдлаар бодит байдлаас өөрөөр, төгс төгөлдөр гэж тусгах шалтгаан болдог. Тэгээд түүнд шунан хүлэгдэж, амьдрал бидний хүлээж найдаж байсанчлан (бидний төсөөлсөн ямарч боломжгүй байдлаар) болохгүй бол бухимдаж эсвэл хэн нэгэн бидний ханхүү эсвэл гүнжийг авах вий гэж хардаж эхэлдэг. Бурхан багшийн сургаал энэ бүхэн хэрхэн, хаанаас гарч байгааг бүрэн шинжлэн харуулдаг. Энэ үнэхээр гайхалтай.

Номын хялбарчилсан хувилбар нь энэ хам шинжийн шалтгааныг энэ насны амьдралын хүрээнд авч үздэг. Магадгүй шалтгааныг нь өнгөрсөн үеийн нөлөөнөөс хайх байдлаар хүрээг нь тэлж болох юм. Ингээд номын хялбарчилсан хувилбар нь сэтгэл судлалын дүн шинжилгээний хандлагатай болдог ба энэ нь гүн гүнзгий утгатай биш юм. Номын үндсэн хувилбар нь энэ хам шинж, түүний шалтгааныг урд төрлүүдийн үлдээсэн ул мөр гэдэг үүднээс авч үздэг. Зөвхөн энэ насанд бидэнд тохиолдсон зүйлсийн хүрээнд үүнийг авч үзэх нь бүгдийг бүрэн тайлбарлахад үнэхээр хангалтгүй. Энэ бол ердөө нэг хэсэг нь.

Лам-рим сургаалын дараагийн сэдэв нь 12 шүтэн барилдлагын тухай байдаг. Энэ нь дахин төрөл авах үйл явц хэрхэн явагддаг талаарх маш нарийн, цогц дүн шинжилгээ юм. Үүнд идэвхжихээрээ тухайн төрөлдөө хандлага маягаар дахин дахин тохиолддог, хувь хүний шинж чанар болж гарч ирдэг тодорхой ул мөрүүдийг бидний хорт сэтгэлийн төлөв байдлууд, өмнө хийсэн үйлдлийн үр дагавар хоёр хэрхэн идэвхжүүлдэг гэх мэт зүйлийг тайлбарладаг. Зөвхөн энэ зургаар орчлонгийн төрөл авах үйл явц ямар ой гутам, утга учиргүй болох талаар бид үнэхээр ойлголт авдаг уу? Номын хялбарчилсан утгаар энэ насанд бидний үйлийн үр хэрхэн боловсордог (өмнө хийсэн үйлдлийн ул мөр идэвхжих) талаар тодорхой ойлголт авч болох ч номын үндсэн утга дахин төрөл авах үйл явц хэрхэн явагддагийг үзүүлдэг. Энэ нь сургаал ямар гүн гүнзгий болохыг харуулж байна.

Энэ муухай тойргоос (орчил) гарахын тулд бидэнд (зам) мөрийн гурван эрхэм буюу ёс суртахуун, төвлөрөл, ялгах ухамсар (билиг ухаан) хэрэгтэй. Энд ёс суртахуун гэдэг нь ангид гэтлэх санаваар буюу гэргийтний болон хуврагийн сахилыг хэлдэг. Бид орчлонгийн хүрднээс (тойрог) үнэхээр гарахыг хүсч байгаа учир бидний эрх чөлөөнд саад тотгор болдог тодорхой зүйлүүдээс татгалзахад хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Өнөөдрийн хувьд сахил авах талаар их урт яриа өрнүүлэх хэрэггүй байх. Ангид гэтлэхүйн санаваар (гэргийтний болон хуврагийн сахил) авна гэдэг нь юуны түрүүнд гэтлэх нь (орчлонгийн зовлонгоос чөлөөлөгдөх) боломжтой, хорт (муу) үйл, зан байдлаас бүрэн зайлсхийх амлалт нь гэтлэх зам мөрд тус болно гэдэг талаар тодорхой ойлготтой байх хэрэгтэй гэсэн утгатай. Энэ нь аливаа муу үйлдэл, яриа, бодол нь биднийг зам мөрөөс холдуулдаг гэж үздэг учраас хорт үйлдэл, зан байдлыг зогсоох, магад гарах сэтгэл дээр их суурилдаг.

Муу сэтгэл, хандлагын тухай ярих үед сахил авах талаар ярьдаг нь “би сайн хүн болмоор байна”, “багшийн сэтгэлийг баясгая” гэх мэт сэтгэл хөдлөлийн шалтгаанаар сахилыг авдаггүй гэдгийг харуулж байна. Гэтлэхүй нь боломжтой, сахил нь тэр зорилгод хүрэхийн тулд нүгэл (муу үйл) үйлдэхгүй байх хил хязгаарыг тогтоож өгдөг гэдгийг мэддэг учраас сахил авах үед түүнийг хэрхэн дагах талаарх тээнэгэлзсэн, шийдмэг бус байдал байхгүй болдог. Жишээлбэл, бидний сэтгэлийн тодорхой байдлыг алдагдуулснаар бид төвлөрөх чадваргүй (анхааралгүй) болдог гэдгийг ойлгодог учраас бид архи уудаггүй. Энэ нь дуулгавартай байхтай ямарч холбоогүй зүйл. Сахил авах нь түүнийг дагах нь ач тустай гэдгийг маш сайн ойлгосон ойлголтон дээр суурилдаг. Тэгээд энэхүү хувийн сахилга бат дээр тулгуурлан бид төвлөрлийг төлөвшүүлж, ялгах ухамсраараа (билиг ухаанаараа) хянаж чадахгүйгээр дахин дахин төрөл авах шалтгаан болдог төөрөгдлөөс (буруу ойлголтоос) гарах бодит байдлын талаарх гүн үзэл, хоосон чанар дээр төвлөрдөг. Төлвөрөл болон хоосон чанарын тухай дунд түвшинд нарийвчлан ярьдаггүй, ердөө тэднийг дурддаг.

Гүнзгий түвшин

Гүнзгий түвшний сэдэл нь гэгээрэлд хүрэхийг зорьдог. Нэгэнт бид өөрсдийн хянаж чадахгүйгээр дахин дахин төрөл авах үйл явцаас ангижрах, гэтлэхүйд хүрэхээр зорьж байгаа бол үүнийгээ улам цааш хөгжүүлэн эргэн тойронд байгаа хүн бүрт бас тусалж чадах гүнзгий зорилгод хүрэх хэрэгтэй. Энэ сэдлийн номын хялбарчилсан хувилбар нь ердөө бүх хүмүүст элэгсэг байж, туслахыг хүсэх явдал. Харин бид зөвхөн үүнийг бус тэдэнд хянаж чадахгүйгээр дахин дахин төрөл авах үйл явцыг даван туулахад нь туслахыг хүсдэг. Энэ нь ердөө элэгсэг байхаас хамаагүй илүү зүйл юм.

Биднийг гэгээрэлд хүргэх төвлөрөл, хоосон чанарын тухай ойлголтын цаана бидэнд маш их эрч хүч байх хэрэгтэй байдаг ба энэ хүч нь бодь сэтгэлээс гардаг. Энгийнээр хэлбэл бодь сэтгэл гэдэг нь “Би хүн бүрт бүрэн дүүрэн туслах ёстой, тэгэхийн тулд би гэгээрэлд хүрсэн байх ёстой. Иймд тэр төлөвт хүрье” гэсэн сэтгэлийн төлөв байдал юм.

Одоогоор бидний сэтгэл хязгаарлагдмал, бие махбод хязгаарлагдмал байна. Энэ нь бид шумбагч онгоцонд сууж, перископоор (яндан дуран) харж байгаатай адил. Бид зөвхөн нүднийхээ өмнө харагдаж байгаа зүйлийг л харж чаддаг. Оршиж байгаа болон бий болох бүх зүйлийн туйлын харилцан хамаарлын бид харж чаддаггүй. Бид бусдыг харах үедээ тэдний сэтгэлийн одоогийн төлөв байдал амьдарч байсан бүхий л хүн, амьтан, түүх, эдийн засаг, нийгэм гэх мэт энэ бүх зүйлээр хэрхэн нөлөөлөгдсөн байдгийг хардаггүй. Тэдэнд тохирох зөв сургаалыг сонгохын тулд бид энэ бүгдийг мэдэх хэрэгтэй. Бидний заах зүйлийн сонсох бүх хүнд үзүүлэх нөлөө, тэр сургаалын нөлөөгөөр хожим уулзах бараг бүх хүнд үзүүлэх нөлөөллийг бид мэддэггүй. Энэ талаар бодоод үз. Бид зөвхөн тэр дурангийн хүрээнд л хардаг. Хүн тус бүрийн өнгөрсөн болон ирээдүйн төрлүүдийг дурдах нь байтугай хэрхэн энэ бүхэн хоорондоо харилцан хамааралтай байдгийг мэддэггүй. Хэрэв энэ бүгдийг мэдэхгүй бол хэн нэгэнд заах хэрэгтэй хамгийн сайн зүйлийг бид яаж мэдэх вэ?

Үүний номын хялбарчилсан хувилбар нь хүн бүр нэг насны амьдралтай, иймээс зөвхөн нэг насны амьдрал дахь шалтгаан, үр дагаварын талаас нь авч үздэг. Номын үндсэн хувилбар нь хүн бүр тоолшгүй олон насны амьдралтай (төрөл) гэж үздэг учраас энэ нь илүү нарийн төвөгтэй байдаг. Бүгдэд хэрхэн хамгийн ихээр тус болж чадахыг мэдэхийн тулд бид энэ дурангаасаа салах буюу гэгээрэх хэрэгтэй. Хэдий бид орчлонгийн бүх зовлонгоос бүрэн ангижирсан ч дурангийн хүрээнд харсан хэвээр байдаг. Гэвч бид үүнд хууртдаггүй, юмс оршиж байгаа мэт харагддаг шигээ оршдоггүй гэж үздэг. Бид энэ дурангаасаа ангижрах үед шумбагч онгоцоор зорчигч байхаа больдог. Гэгээрэл гэж юу болох, яагаад бид гэгээрэлд хүрэх ёстой талаарх хамгийн энгийн ойлголтгүйгээр яаж бид бодь сэтгэл үүсгэж чадах вэ? Энэ бол бидний үндсэн ажил.

Номын хялбарчилсан хувилбар нь “Энэ үнэхээр гайхалтай юм байна, би Бурхан болмоор байна. Энэ хамгийн өндөр түвшин, би хүн бүгдэд тусалж чадах болно!” гэж байж болох юм. Энэ нь үлгэр адил. Магадгүй бид ингэж эхэлж болох боловч үүнээс илүү гүн гүнзгий зүйл явагдаж байдаг гэж ойлгож байх ёстой.

Ингээд бид бодьсадвын сахил авдаг. Энэ нь бусдад хамгийн сайн тусалж чадахын тулд гэгээрэлд хүрэхийн тулд хийх хэрэгтэй зүйлүүд болон зайлсхийх хэрэгтэй үйлдэл, хандлагуудыг тодорхойлж өгдөг. Энэ үнэхээр гайхалтай. Бидний зам мөрд юу саад болохыг мэдсэнээр түүнээс бид зайлсхийнэ.

Энэ зам мөрөөр явах үед бид ихэвчлэн зургаан барамид (төгс төгөлдөр чанар) гэж нэрлэдэг зургаан чанадад хүрэхүйг төлөвшүүлэхийг зорьдог. Бид үүнийг хоёр байдлаар авч үзэж болно. Нэг нь бусдад тус болж чадахын тулд өөртөө туслах үүднээс, нөгөө нь бусдад бодитой туслах үүднээс. Бид бүхнээ өгөхөд бэлэн байх ёстой. Энэ бол өглөг. Ийм хандлагагүйгээр бид яаж энэ зам мөрөөр явж чадах вэ? Тэгээд бидэнд сахилга бат хэрэгтэй. Хэрэв тиймгүй бол өөрсдийн хүч, цаг хугацаагаа хэрхэн ашиглах вэ? Сахилга бат (сахил, ёс суртахуун) нь бидэнд бясалгах, бүтээл хийх зэрэг дээр төвлөрөх, тэдгээрийг хийх нөхцөл болдог. Энэ нь илүү хэцүү. Ингээд бидэнд тэвчээр хэрэгтэй. Зам мөрийг бүтээх үедээ урам хугарч, уур бухимдал төрүүлэхгүй байх хэрэгтэй. Дараа нь хичээл зүтгэл хэрэгтэй. Бүтээл хийж, өөрсөд дээрээ ажиллах үед бүх зүйл сайнтай, муутай янз янз байдаг. Энэ бүгдээс болж замаасаа гарч болохгүй. Юу ч тохиолдож байсан хийж байгаа бүтээлээ үргэлжлүүлж, түүнээсээ баяр цэнгэл авдаг. Учир нь бид ном ямар их ач тустай болохыг ойлгож байдаг.

Бид хичээл зүтгэлийг юунд хэрэглэдэг вэ? Юуны түрүүнд төвлөрч сурахад. Энэ үг нь зөвхөн төвлөрөл төдийгүй сэтгэлийн ерөнхий тогтвортой байдлыг илэрхийлдэг. Сэтгэл тогтвортой байгаа үед сэтгэл сарниж эсвэл идэвхгүй болдоггүй төдийгүй сэтгэлийн янз бүрийн хөдлөлд автаж дээш, доош болж догдолдоггүй. Бидний сэтгэл болон сэтгэлийн төлвүүд тогтвортой болдог. Ингээд сэтгэлийн санааны хувьд хэцүү нөхцөл байдал үүссэн ч төвлөрлөө алддаггүй. Өнөөгийн сэтгэл санааны хямрал, дарамттай нөхцөлд бид юмсыг зовлон бэрхшээлтэй гэж хүлээн зөвшөөрч байгаа ч төвлөрлөө алддаггүй. Бид төвлөрлийг зөвхөн амьсгал дээр төлвөрөхөд биш, харин бодит байдлыг ялгаж харах ухамсар дээр төвлөрч, орших боломжгүй байдлуудыг бий болгож харах (тусгах) байдал, бүх хий хоосон төсөөллүүдээсээ гарах, хамгийн гол шалтгаан дээрээ төвлөрсөн хэвээр байхад хэрэглэдэг.

Бусдад туслана гэдэг нь өглөгч сэтгэлээр бусдад материаллаг эд зүйлс өгөхөөс гадна хүндлэл мөн сурах боломжийг өгөхийг хэлнэ. Бид бусдад зааж сургаж тусалдаг. Бид тэдэнд биднээс эмээхгүй байх – тэднийг үл тоох, хаяж орхих, тэдэнд дургүйцэх, тэднээс зүүгдсээр байх вий гэх айдасгүй байх – эрх чөлөөг өгдөг. Тэдэнд чин сэтгэлийн хайр халамж үзүүлдэг. Тэднийг аз жаргалтай байхыг үнэхээр хүсдэг. Бид тэднийг өөрийн таатай байдалд ашигладаггүй. Тэдэнд үнэндээ чадах чинээгээрээ туслах, хор хүргэхгүй байх үүднээс бид сахилга бат сахидаг. Бид өөрсдийн чадах бүхнээ хийдэг. “Уучлаарай, би завгүй байна. Өнөөдөр би танд тусалж чадахгүй нь” гэхгүйгээр туслахыг хичээдэг. Юмс илүү хүнд хэцүү болох учраас бид тэвчээртэй байх хэрэгтэй. Хүмүүс бидэнд хэцүү цаг хугацааг өгөх болно. Бид тэнгэр биш учраас хүн бүрийн асуудлыг хуруугаа инчдээд л арилгаад байж чадахгүй болохоор бухимдаж хямрахгүйн тулд бидэнд тэвчээр хэрэгтэй. Бусад сайжирсан ч үгүй ч, сайн муу юу ч тохиолдсон ч оролдсоор, тусалсаар, үргэлжлүүлсээр байх хичээл зүтгэл бидэнд хэрэгтэй.

Хэн нэгэнд татагдаж, хэн нэгэнд хөөгдсөн ч сэтгэл сарнилгүйгээр бусдад туслахдаа анхаарсан хэвээр байх хэрэгтэй. Үүний дараа бусдын талаарх хий хоосон бодол, тусгалууд болон тэд үнэндээ хэрхэн оршиж байдгийг таних ялгах ухамсар (билиг ухаан) бидэнд хэрэгтэй. Юу тус болдог, юу хор хүргэдгийг ялгаж мэдэх хэрэгтэй.

Номын хялбарчилсан утгаар бид энэ насандаа ердөө бусад хүмүүст туслахыг хичээдэг. Үндсэн Ном бол бусдад тусалж түүнээсээ гарсан эерэг хүчийг өөрийн дурангийн хүрээнд харах байдлаа даван туулахад зориулж тэгснээрээ тэдэнд асрал хайр, энэрэн нигүүлсэх сэтгэлээр бүрэн дүүрэн тусалж чадах явдал.

Дүгнэлт

Энэ бол бодь мөрийн зэргийн үндсэн бүтцийн талаарх ерөнхий ойлголт юм. Үүнд үнэхээр их хөдөлмөр шаардагддаг. Номын хялбарчилсан түвшинд суралцаж байгаа бол ичиж, эмээх хэрэггүй. Учир нь бидний ихэнх нь энэ түвшинд байдаг. Хэрэв энэ түвшинд байгаа бол өөрийн зүрх сэтгэлээ зориулахыг хичээж, чин сэтгэлээсээ гэвч үргэлж үүнийг эхний алхам гэж бодож хийгээрэй. Бид дараа төрөл гэх мэт ойлголтууд дээр ажиллах нь чухал гэдгийг ойлгож хүлээн зөвшөөрөх хэрэгтэй бөгөөд үүгээрээ бид цаашдаа гэтлэхүй, гэгээрэлд хүрэхээр ажиллаж чадна. Эдгээр сургаалуудын ач холбогдлыг бууруулах, дүр эсгэх байдал гаргах эсвэл өөрсдийн сэдлээс илүү гүнзгий түвшний сэдэлтэй гэсэн дүр эсгэж болохгүй. Ямарч түвшинд байсан бид үргэлж бусдад хамгийн сайнаар туслахыг хичээдэг.

Зориулга

Миний олон удаа ярьж байсанчлан хэрэв бид эдгээр ярьсан зүйлүүдээс ямар нэг эерэг эрч хүч, ойлголт авсан бол түүнийгээ тэр чигээр нь зүгээр үлдээвэл тэр эерэг хүч ердөө л орчлон өсөн нэмэгдэх шалтгаан болдог. Энэ сайхан ч бид тэр эрч хүчээр илүү их зүйл хийж болно. Амьдралаа бага зэрэг хялбар болгох гэж бид энэ бүхнийг хийдэггүй. Тэр бол хялбарчилсан ном болно. Бидний хүсэж буй зүйл бол энэ эерэг хүчээ хорт муу сэтгэлүүдээ төдийгүй дурангийн хүрээнд харах байдлаа даван туулж, гэгээрэлд хүрч, түүгээрээ бүгдэд хамгийн сайн, жинхэнэ туслах шалтгаан болгохоор зориулах явдал юм. Баярлалаа