Бурханы номонд ухаан санааг хандуулдаг дөрвөн эрэгцүүлэл

Урьдчилсан бэлтгэл дасгалууд

Хичээлээ би хэд хэдэн урьдчилсан бэлтгэл дасгалаар эхлэхийг хүсдэг. Энэ дасгалууд нь тайвширч, бясалгах буюу сургаалыг сонсохын тулд ухаан санаагаа зохих төлөвт оруулахад бидэнд тусалдаг төрөл бүрийн аргууд юм. Ямар нэг зүйлд бид бүрэн анхаарлаа хандуулахын тулд, түүнд аажмаар, зохистой байдлаар орох хэрэгтэй. Энэ бол урьдчилсан бэлтгэл дасгалуудын зорилго юм.

Ухаан санаагаа бясалгах буюу сонсоход тохиромжтой төлөвт оруулах ялгаатай, олон арга замууд бий. Би ихэвчилж олон боломжуудаас зөвхөн нэгийг нь баримталдаг. Энэ арга нь амьсгалаа тоолохоос эхэлнэ. Бид ажлаасаа юмуу аялж зорчсоноос болж сэтгэл санаа ба мэдрэмжийн хувьд их будилж, мунгинасан үедээ эхлээд төвийг сахисан төлөвт орж, тайвшрах нь маш чухал. Энэ нь бидэнд алжаалаа тайлахад тусална. Үүнийг хийх арга нь хэт хурдан бус, хэт удаан бус, хэт гүнзгий ч биш, хэт гүехэн ч биш, ердийн байдлаар, хамраараа амьсгалах болно. Энэ мөчлөг эхлээд амьсгалаа гаргаж, дараа нь ялимгүй завсарлаад, ялимгүй завсарлагаа авсан учраас бид аяндаа илүү гүнзгий амьсгалдаг. Энэ бол ухамсартайгаар гүн амьсгаа авснаас хамаагүй илүү чөлөөтэй илүү, гүн амьсгалах арга юм. Бид дахиад амьсгал авахдаа, өөртөө түүнийг нэг гэж тоолно. Тэгээд амьсгалаа барилгүйгээр гаргана. Бид энэ мөчлөгийг арван нэгэн удаа давтаад, дараа нь хурднаасаа хамааран тэр арван нэгээ хоёр юмуу гурван удаа давтана. Тоонууд нэг их чухал биш. Бид хэд хүртэл ч тоолж болох ба үүнд мухар сүсэгийн үүднээс хандах хэрэггүй. Гол утга нь, амьсгал дээрээ төвлөрч байхдаа, өөр ямар нэг зүйлийг бодохгүй байхаар, оюун санаан дахь үгийн энергийг ямар нэг зүйлээр сатааруулах юм. За одоо бүгдээрээ үүнийг хийцгээе.

Нэгэнт бид тайвширсан бол энерги, оюун ухаан, сэтгэлийн хөдөлгөөнөө эерэг байдалд чиглүүлэхийг хичээнэ. Үүнийг бид урамаа батлах замаар хийнэ. Бид яагаад энд байгаа юм бэ? Энд байж, бясалгаснаар юунд хүрч, юуг бүтээхийг хүсч байгаасан билээ? Бид зугаацаж, шагширхаар эсвэл амьдралаа сайжруулах арга ухааны мэдлэгийн төлөө л ирсэн биш юм. Бид энд ямар нэг практик амьдралд хэрэгтэй зүйлсийг мэдэхээр байж байгаа. Бясалгахын хувьд мөн адил. Бясалгал бол зөвхөн амарч тайвширхын тулд биш, биеийн тамир хийх, сонирхол хөөх ч бас биш юм. Бид өөртөө тусалж, амьдралдаа хэрэглэж болох ач тустай дадлуудыг хэвшүүлэхийг чармайхдаа л бясалгаж байгаа хэрэг. Бид үүнийг багшийгаа баясгах гэж хийдэггүй. Үүнийг ач тустай зүйл гэдэгт итгэж, үнэмшсэн учраас хийж байгаа юм. Бид амьдрал дахь бэрхшээлүүдээ илүү чадварлаг зохицуулж, амьдралаа арай дээрдүүлэх төдий биш, харин бүх замыг туулж, хамаг асуудал, зовлонгоосоо хэзээ нэгэн цагт ангижрахыг хүсч байгаа учраас л ямар нэг бодит, амьдралд тустай зүйлийн тухай сонсохыг хүсдэг. Бид хамаг амьтанд дээд зэргээр, үнэхээр тусалж чадахын төлөө Бурхан багш бидэнд Бурханы хутгийг олоход туслах аргуудыг сурахыг хүснэ.

Бид сургаал сонсож байхдаа, юу хийж байгаагаа бодож үзээд зогсохгүй, эцсийн зорилгоо гүнзгий судлахад урам зоригоо чангалах нь бас маш чухал байдаг. Хэдийгээр бид чөлөөлөлт ба гэгээрлийг зорьж байгаа ч, энэ нь нэг хоног дотор бүтчих зүйл биш бөгөөд ид шидийн үзэгдлүүд ердийн үед тохиолддоггүй. Бурханы ном бол ид шид, дом биш. Бид хамаг зовлонгоос маань гэнэтхэн чөлөөлөх дом, ид шидийн арга хэрэгсэлд сурах гэж байгаа бишээ. Бид зарим нэг аргуудыг сурснаар өдрөөс өдөрт сайжраад байх асуудал биш. Бид бодитой хандах хэрэгтэй. Бодитойгоор ярих юм бол, бидний амьдралд сэтгэл санааны байдал, үйл явдлууд нэг гийж, нэг барайж, уруудаж, өөдөлж байдаг ба уруудаж, өөдлөх нь ээлжлэн үргэлжилсээр л байх болно гэдгийг өөрсдийнхөө амьдралын туршлагаас сайн мэднэ. Алсдаа юмс илүү сайн болно гэж бид найдаж болох ч өдрөөс өдөрт хүнд бэрх агшнууд ирнэ. Гэв гэнэт бид хэзээ ч сэтгэл хямархааргүй болчихоно гэж байхгүй. Бясалгал ба өдөр тутмын амьдралдаа бодитой, буурь суурьтайгаар Бурханы номын практикийг хэрэглэж, сурч дадуулбал зориг мохохгүй. Тэгээд бидний амьдралд үнэхээр хүнд бэрх зүйл учирлаа гэхэд, хэдийгээр сэтгэл хямарсаар байсан ч, гольдролоосоо хэзээ ч хазайхгүй. Энэ бол бидний зорилго. Сургаал ном сонсохоор ирэх, бясалгах ба дадуулахаас бидний олж хүртэж болох зүйлийн тухайд бидний ойлголт энэ юм.

Энэ тухай шалган үзэж, эргэцүүлэн бодож байхыг, өөрсөддөө үүнийг сануулж байх нь чухал. Бясалгалын цуглааны өмнө бид маш их сэтгэл хөөрсөн байлаа гэж саная. Хоол унд, найз нөхөд, секс, телевиз, шар айрагнаас аврал эрэхийн оронд бид Бурханы сургаал, номлолд аврал одуулж, сэтгэлийн ийм хямралуудыг давж гарахын тулд бясалгана. Энэ нөхцөл байдалд ч бид тун хэрсүү, болгоомжтой байх хэрэгтэй. Бид суугаад бясалгахад баяр баясгалантай болж, мансуурлын байдалд орон, асуудлууд маань арилах нь хар тамхиар тариулсан юм шиг болно гэж найдахгүй байх хэрэгтэй. Хэрэв ийм зүйл тохиолдвол сэрэмжил. Хэрэв бясалгалыг зохих ёсоор хийх юм бол бидний сэтгэл хөнгөрнө гэдэг нь ойлгомжтой. Харин энэ нь биднийг заавал зуун хувь хөнгөрүүлэхгүй байх. Бид хэтэрсэн, тэргүүний шатанд гараагүй бол сэтгэл санааны таагүй байдал эргэн ирэх нь болзошгүй. Миний байнга давтан хэлдэгээр, “ Сансар хорвоогоос чи юугаа гэж горьдох вэ? “

Бид урам зоригоо чангалахдаа “Энэ надад тустай учир үүнийг би хийх гэж байна. Амсан туулж байгаа хүндрэлүүдээсээ ангижран, бусдад хэзээд, эцсийн эцэст тустай болохын тулд би эдгээр аргуудыг зохих ёсоор хэрэглэхийг чармайна.” гэж хэлнэ. Одооноос эхлээд хагас цагийн дараа сэтгэл хөнгөн байх уу, үгүй юу гэдэгт хэргийн учир байгаа юм биш. Энэ бол бидний гол төвлөрөх зүйл биш. Бид амьдралдаа тодорхой нэг чиглэлийг авдаг бөгөөд цаашдаа ч энэ чиглэлээрээ урагшлах болно. Энэ чиглэл бол аврал юм. Сургаал ном сонсож, эсвэл бясалгах бүрдээ, энэ чиглэл рүү дахиад бас нэг алхамыг хийдэг. Бид уруудаж, өөдлөх мөчлөгүүдийг үл харгалзан цааш үргэлжлүүлнэ. Энэ бол хийж болох зүйл. Одоо үүнийг нэг агшин хоромд дахин эрэгцүүлье.

Тэгээд бид төвлөрсөн бясалгалыг хийх тодорхой шийдвэрийг гаргана. Энэ бол бидний анхаарал сарниж байвал эргүүлэн буцааж хураана, хэрэв бид нойрмоглоод байвал сэрэхийг хичээнэ гэсэн үг. Ухаан санаагаа илүү тунгалаг болгоё гэвэл бид цэх сууж, ухаан санаа маань фокусыг нь тааруулж, дүрсийг нь тодруулсан камертай адил гэж төсөөлөн бодож болно.

Дараа нь бидний хийх нарийн тохиргоо байна. Эхлээд бидний бие баахан хүндэрч, эрчим хүч дэндүү сул дорой юм шиг байвал, бие дэх энергиэ ихэсгэхийг хичээнэ. Ингэхдээ бид харцаа дээш чиглүүлэн, хөмсөгний хоорондох цэгт төвлөрөн, толгойгоо ердийн цэх байлгана.

Тэгээд хэрэв бидний энерги бие дээгүүр догшрон, ачаалалд орсон бол, энергиэ газардуулахын тулд бид толгойгоо ердийн цэх түвшинд байлган, харцаа доош хүйсэн дээрээ төвлөрүүлнэ. Бид хэвийн амьсгалж, амьсгалаа өөрсдийн чадах хирээр буюу амьсгалаа гаргамаар болтол нь түгжинэ.

Оршил

Энэ үдэш намайг урьдчилсан бэлтгэл дасгалуудын өөр нэг талыг, тухайлбал, Бурханы номд ухаан санаагаа хандуулах урьдчилсан бэлтгэл дасгалуудын ярьж өгөөч гэсэн билээ. Эндээс онцгойлсон дөрвөн эрэгцүүлэл нь:

  1. энэхүү эрдэнэт хүний амьдралыг үнэлэх тухай эрэгцүүлж бодох,
  2. үхэл ба ертөнцийн мөнх бусын тухай одоо бидний эзэмшиж байгаа, энэ үнэт завшаанаар олдсон чөлөө учралууд мөнхөд үргэлжлэхгүй тухай эрэгцүүлэн бодох,
  3. үйлийн үр, шалтгаан, үр дагаврын зүй ёсны тухай, өөрөөр хэлбэл, туулж эдэлж буй зүйлд маань бидний үйлдэл, зан авир хэрхэн нөлөөлж байдаг тухай эрэгцүүлэн бодох,
  4. эргэх орчлон ба өөрийн эрхгүй дахин дахин эргэж дахин төрөхийн сөрөг талын тухай эрэгцүүлэн бодох зэрэг юм.

Хэрэв хүмүүний эрдэнэт амьдарлаар заяасан чөлөө, учралуудаа бид үнэлээд, хэрэв энэ амьдрал цаашдаа үргэлжлээд байхгүй, хэзээ нэг цагт бид үхэж л таарах үнэнийг хүлээн зөвшөөрч байвал, хэрэв бидний авир байдал энэ амьдралын маань болоод үхсэний дараах буюу ирээдүйн төрлүүдийн туулах туршлагуудыг цогцлуулах гэж байгааг таниад, ирээдүйд юу үзэж, амсах нь хамаагүй гэж байвал, энэ нь төөрөгдлөөс үйлдсэн явдал мөрөөс гарч ирэх учраас маш их хүнд бэрх зовлон угтаж буйг ухаарч байгаа бол, бид ухаан санаагаа Бурханы номд хандуулах нь зүй болно.

Авралын найдвартай чиг зүг

Бурханы номын сургаалд оюун ухаанаа зориулах гэдэг ямар учиртай юм бэ? Энэ нь үндсэндээ аврал олох гэсэн үг юм. Аврал олох гэдэг нь, та шууд л хийгээд эхэлсэн зүйл буюу Бурханы номлолын төвд анх удаа ирсэн зэрэг үйлдлүүд биш болох нь тодорхой. Энэ бол ямар нэг нийгэмлэг, эсвэл аль нэг Бурханы номлолын төвд нэгдэхийн нэр биш. Аврал олох гэдэг нь оюун ухааны зохих төлөвийг шаарддаг маш дэвшилттэй зүйл. Үүнд " Англи хэл: taking refuge" гэдэг англи хэллэг төдийлөн тохирохгүй бөгөөд зөрүүтэй ойлголт өгдөг гэж би үздэг. Манай хэлэнд энэ нь ямар нэг идэвхгүй утга санааг агуулдаг ба аль нэг илүү хүчирхэг хүн юм уу, төрөлтөнд очоод, авраач намайг, хамгаалаач гэж гуйгаад, хамгаалуулж байгаа мэт утгатай байх юм. Тэгэхээр өөрсдийнхөө талаас нэг их зүйл хийгээд байх хэрэггүй болж байна л даа. Энэ бол Бурханы сургаалд өгүүлдэг зүйл бишээ. Бидний яриад байгаа зүйл бол идэвхтэй, найдвартай эерэг чиглэлтэй болох явдал. Миний “аюулгүй чиглэлийг” олох гэж нэрлээд байгаагийн учир нь энэ юм. Энэ чигийг чин үнэмшилтэйгээр амьдралдаа тавихаасаа өмнө эдгээр дөрвөн эрэгцүүллийн чин санаа буюу тэдний талаарх мэдлэгийг эзэмшсэн байх хэрэгтэй.

Энэ чиглэл гэдэг нь юу вэ? Энэ бол Бурхан багш, Бурханы ном, мөн Хувраг, (Бурханы багш, Дарма, Санга) гэсэн Гурван эрдэнэ юм. Энэ чинь тэгээд ямар утга учиртай юм бэ? Бид энэ Гурван эрдэнийг ихэвчилж маш энгийнээр хардаг. Бид Бурханы ном нь Бурхан багш сургаалиа үгээр болоод өөрийн биеэр үнэхээр өгсөнөөс үүссэн гэж үзэх ба Хувраг нь Бурханы шашны сүм эсвэл Бурханы номын төвийн цуглаантай хамааралтай юмаа гэж үздэг. Гэвч энэ нь Хуврагийн ойлголт биш. Хувраг гэхээр бид бодит байдлыг хэдийнээ шууд хүртэн ухамсарласан, ангижрах, гэгээрэх зам дээр баттай зогссон, маш дэвшилттэй, хөгжингүй дадлагажигсадын тухай ярьж байна. “Би Бурхан багшийн сургасан, агуу их дадлагажигсадын хэрэгжүүлж буй Бурханы номын чигийг барьж явна.” гэж хэлээд ч, Гурван эрдэнийн талаарх ийм эгэл ойлголт нь бид амьдралдаа энэ чигийг авахад тийм ч тогтвортой суурь болж чадахгүй.

Үүнийг эерэг чиглэл мөн гэж үнэмшсэнээ бид яаж тайлбарлах вэ? Бид Бурхан багш, Бурханы ном, Хуврагийн талаар арай илүү тодорхой ойлголттой болох хэрэгтэй. Бидний ойлголт хэдий илүү тодорхой байна, чиглэл маань төдий чинээ бат найдвартай байна. Энэ нь авралын тухай сэдвийг бүхэлд нь бид шалихгүй зүйл болгочих хэрэг биш гэсэн үг. “Би үүнийг тус Төвд анх ирэхдээ л эхлээд хийсэн бөгөөд одоо би хүзүүндээ улаан утсан сахиус зүүдэг.” Энэ бол бид цаашаа шүтлэгийн зам мөрөөр урагшлах тусам улам гүнзгийрүүлэх сэдэв юм. Бидний амьдралын чиг зам хичнээн гүнзгий байх тусам бид оюун билгийн зам мөр дээрээ төдийчинээ бат бөх байна.

Жинхэнэ чиг замыг Бурханы номын Эрдэнийн тусламжаар тогтоох ба үүнийг Хутагтын дөрвөн үнэний хам сэдвийн хүрээнд ойлгох ёстой. Энэ бодит байдлыг таньж чаддаг, дээд төрлөхтөн хүн бүрийн үнэн үнэн гэж үздэг дөрвөн бодит баримт юм. Эдгээрийг “Хутагтын” [Англи хэл: noble] (үгчилбэл, ариун шударга) гэж нэрлэдэг нь заримдаа Арьяа гэдэг Санскрит үгийг ингэж орчуулснаас үүдэлтэй. Бид бодит байдлыг шууд харах юм бол, бид эдгээр дөрвөн бодит баримтыг л олж харна. Эхний бодит баримт бол амьдрал дахь бэрхшээлүүд бөгөөд тэдгээр нь чухамдаа юу билээ? Тэгээд бид эдгээр бэрхшээлүүдийн жинхэнэ шалтгаануудыг олж хардаг. Үүний дараа амьдрал дахь бэрхшээлүүдийн төгсгөлийг, тэдгээрийн шалтгаанууд дуусахыг харна. Тэгээд бэрхшээлүүдийн гол шалтгаан болох төөрөгдлийг арилгаснаар, бодит байдлын тухай ойлголтыг хэрэгжүүлэх оюун ухааны зам, өөрөөр хэлбэл, ухаарлын замыг бид үзнэ. Бид асуудлуудынхаа шалтгаан болсон төөрөгдлөөс салах үедээ бид бэрхшээлүүдээсээ хагацдаг.

Үнэн чиглэл гурав ба дөрөв дэх Хутагтын үнэнүүдэд илэрдэг. Энэ бол ёстой жинхэнэ Бурханы номын авралын үнэхээр зорьж буй зүйл мөн. Хамаг асуудлууд, шалтгаануудтайгаа, тэдгээр нь хэзээ ч дахин эргэж ирэхгүйгээр арилсан энэ төлөвт орохыг бид эрмэлздэг. Тэгээд энэхүү оюун ухааны төлөв нь хэрэгжүүлээд зогсохгүй, түүнийг нөхцөлдүүлдэг үр дүн билээ. Хамаг хүнд асуудлууд, өө дутагдлууд арилахад, бид өөрсдийн бүх чадвараа ашиглах оюун ухааны төлөвт ордог юм.

Бидний Бурханы номын чиг зүг гэж юу вэ? Энэ бол чөлөөлөлтийн ба гэгээрлийн төлөв. Чөлөөлөлт нь бидний хамаг зовлон, тэдгээрийн шалтгаанууд эцэслэн өндөрлөдөг төлөв. Гэгээрэл нь хамаг амьтанд аль болох их тус болох чадвартай болох бөгөөд ингэж чадахад маань бидэнд тотгор болж байдаг зүйлс эгнэгт зайлуулагдсан төлөв билээ. Бурханы хутагт нар гэдэг маань эдгээр хоёр төлөвийн аль алинд нь төгс хүрч, хэрхэн хийхийг бидэнд үзүүлэгсэд юм. Тэд өөрсдийн биеэр хэрэгжүүлж, мөн алхам алхамаар удирдамж өгөх замаар хэрхэн хийхийг бидэнд үзүүлжээ. Хувраг гэдэг нь асуудлууд болон тэдгээрийн шалтгаануудаас дор хаяж зарим талаар ангижирсан бөгөөд цааш ажиллаж буй хүмүүс, тиймээс тэд аль хэдийнээ ер бусаар цойлон түрүүлэгсэд юм.

Бурханы номд орох орц

Чөлөөлөлт ба гэгээрэл рүү ухаан санаа, хүчээ хандуулахын тулд бид хоёр зүйлийг мэдэх хэрэгтэй болно. Эхлээд бид гэгээрэл ба чөлөөлөлт гэж яг чухамдаа ямар утга учиртай болохыг мэдэх хэрэгтэй. Эдгээр нь ердөө л нэг сайхан дуулдах гоё үгс бишээ. Хоёрдугаарт бид эдгээрт хүрэх үнэхээр боломжтой гэдэгтээ итгэл үнэмшилтэй байх хэрэгтэй. Хэрэв бид гэгээрэл ба чөлөөлөлтөд хүрэх боломжгүй гэсэн итгэл үнэмшилгүй байх аваас түүнд хүрэхийн төлөө зүтгэхийг юунд хүсэх билээ? Энэ итгэл үнэмшлийг бид яаж олох вэ? Ямар алхамуудаар бид үүнд хүрэх вэ?

Сажаба уламжлалын Их багш Соном Цэмо “Бурханы номд хүрэх хаалга” хэмээх маш тустай зохиолыг бичсэн юм. Тэрээр энэ зохиолоо яг энэ асуудалд зориулж бичсэн байна. Тэрээр хэлэхдээ, бидэнд гурван зүйл хэрэгтэй гэсэн. Нэгдүгээрт, бид амьдралын зовлон бэрхшээлийг таньж, хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Энэ нь бид амьдралд маань юу тохиолдож байгааг шударгаар харж, үнэлэх ёстой гэсэн үг. Хоёрдугаарт, энэхүү зовлонгоос гарах хүслийг чин сэтгэлээсээ гаргаж, зөвхөн “энэ бүхнээс хамгийн сайныг нь гаргаж авъя” гэх биш, харин үүнээс үнэхээр чөлөөлөгдөхийг хүсэх хүсэл билээ. Гуравдах зүйл бол Бурханы ном, сургаал бидэнд зовлонгоос гарах арга замыг зааж өгнө гэсэн лавтай итгэл үнэмшилтэй байхын тулд Бурханы номын талаар тодорхой хэмжээний мэдлэгтэй байх явдал юм. Энэ итгэл үнэмшил нь бусдыг өөртөө татах увьдас бүхий хүний сайхан үгэн дээр суурилдаггүй. Бид зовлонгоос биднийг хэрхэн хөтлөн гаргах тухай Бурханы номын жинхэнэ мэдлэг ойлголттой болох хэрэгтэй.

Ямар зам мөр хөтөлж гаргах вэ? Энэ бол чөлөөлөлт ба гэгээрэлд хүрэх явдал. Бурханы ном бидэнд Хутагтын дөрвөн үнэний эхнийх нь болох зовлон дээр суурилсан Хутагтын үнэнийг харуулдаг. Энэ нь асуудлуудыг танин мэдэж, хүлээн зөвшөөрснөөр эхлэх ёстой болно гэж Соном Цэмогийн хэлээд байгаа зүйл юм. Тэдгээр асуудлуудын шалтгаан гэж байдаг нь хоёрдох Хутагтын үнэн болно. Тэгээд хаа нэгтэйгээс гарч ирдэг зовлонгийнхоо шалтгааныг арилгах гуравдах Хутагтын үнэнд хүрэхийн тулд бид ойлголт, ухаарлын зам мөрийг олох хэрэгтэй болно. Энэ бол төөрөлдлөөс хагацуулдаг дөрөвдэх Хутагтын үнэн юм.

Тулгамдсан хүнд асуудлуудынхаа шалтгааныг зайлуулах боломжтой гэдэг итгэл үнэмшил олох нь огт хялбаргүй зүйл. Бид шаргуу, цөхрөлтгүй ажиллах хэрэгтэй. Бид энэ нь юуны тухай өгүүлж байгааг ойлгохыг хичээх ёстой. Бид үүнтэй логикийн аргаар ажиллаж эхэлж болно. Бид одоо амьдралаа төөрөгдөлтэй туулж байна. Жишээлбэл, бид энэ дэлхийн хамгийн чухал хүмүүс бөгөөд орчлонгийн төв гэж төсөөлье л дөө. Үүнээс үндэслээд хамаг зүйлс бидний хүслээр болох ёстой гэж санан маш хомхой, ойворгон болцгоодог. Бид хамгийн чухал хүмүүс, тиймээс хүн бүр бидэнд анхаарал тавьж, биднийг хайрлах ёстой. Хэрэв хүмүүс бидэнд анхаарал тавихгүй, хайрлахгүй бол бид маш их унтууцдаг.

Бид хайрламаар байж болох ч, энэ нь гэхдээ бүх хорвоо үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой гэсэн үг биш. Бид төөрөлдөн, хүн бүр үүнийг хүлээн зөвшөөрөх учиртай гэдэгт үнэмшдэг. Эсвэл бид эсрэгээр бодохдоо хэрэв хүмүүс биднийг хайрлахгүй, найдаж хүлээсэн хэмжээнд маань анхаарал тавихгүй бол, бидний ямар нэг юм болохгүй байна, бид муу хүмүүс гэж бодон, өөрсдийгөө дорд үзэцгээдэг. Үүнээс болж өөртөө итгэх итгэл алдагдана. Ямар ч тохиолдолд бид зовлон эдэлнэ. Бид ухаан бодолдоо айдас хүйдэс тээж явдаг бөгөөд энэ бүгд нь бид бол орчлонгийн төв, бидний л хүссэнээр юм бүгд болж байх учиртай гэсэн төөрөлдлөөс үүддэг юм.

Бид амсаж, туулах энэ бүх зовлон гачаалыг нөхцөлдүүлдэг төөрөлдлийн хандлагаас хагацаж байж, зовлонгоосоо салах боломжтой болно Бурхан багш Юу биднийг төөрөлдлөөс хагацуулах вэ? гэж хэлсэн. Энэ нь ойлголт. Хэрэв бид энэ хорвоо, бид болоод хамаг амьтан хэрхэн оршдог болохыг ойлгочих юм бол, бид энэ талаар төөрөлдөхгүй болно. Бид ухаан бодолдоо төөрөлдөл, ухаарал хоёрыг нэг зэрэг багтааж чадахгүй. Ухаарал ойлголт нь төөрөлдлийн яг эсрэг тал нь юм. Хоёуланг нь нэг дор агуулж болохгүй юм бол аль нь ялах болоо? Хэрэв бид төөрөлдлийг шинжлээд үзвэл, улам нягтлан шинжлэх тусам энэ нь задлан шинжлэлийг давж үнэндээ чаддаггүйг бид үзэх болно. Би үнэхээр орчлонгийн төв юм гэж үү? Үгүй ээ, учир нь өөр бусад хүн бүр өөрсдийгөө орчлонгийн төв гэж боддог. Нөгөө талаас, хэрэв бид ойлголтыг шинжилж үзвэл, энэ нь батлагдана. Хэн ч орчлонгийн төв биш. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл, хэн ч өөр хэн нэгнээс илүү чухал биш. Хэн ч гэсэн бүхний анхаарлын төвд байж, бүх хүмүүст хайрлагдах ёсгүй. Үүнийг судлах тусам, энэ нь ямар утга учиртай нь бидэнд улам илүү ойлгогддог. Энэ нь логик дээр үндэслэсэн учир үнэн төдийгүй, туршлага болон амьдрал дээр хэрхэн өрнөж байгаагаас харагдана.

Ойлголт ухаарлыг нотолж болдог. Судалж шинжээд үзэхээр төөрөлдөл задран нурдаг тул ойлголт ухаарал нь төөрөгдлийг түр зуур зөвхөн орлодоггүй, харин түүнээс мөнхөд чөлөөлж чадна. Орчлонд төв гэж үгүйг бид ухаармагцаа, хүн бүр бидэнд анхаарал тавьж хайрлаад байхгүй гэдгийг бид ойлгодог. Тэр ч байтугай Бурхан багшид хүн бүр хайрлаж анхаарал тавиагүй юм чинь яагаад бидэнд анхаарал тавьж хайрлах ёстой гэж? Энэ задлан шинжлэлийн үр дүнд бид сэтгэл хямрахаа больдог. Хүмүүс биднийг анхаарахгүй байх нь хамаагүй. Сансар хорвоогоос бид юугаа горьддог юм бэ? Бид хямрахгүй учраас хүн бүртэй халуун дотно, хайрлан, ойлгох гэх мэтээр биднийг сонсох, таалах эсэхэд сэтгэл зоволгүйгээр харьцах чадвартай болно. Бид чадах хирээрээ л хичээнэ. Ийм маягаар бид чөлөөлөлт, гэгээрэл үнэхээр боломжтой гэдэгт илүүтэй итгэл, үнэмшилтэй болох анхдагч түвшинд ажилладаг юм. Ингэснээр бид чөлөөлөлт ба гэгээрэлд хүрэх чиглэлээр зүтгэж байгаадаа хөөрөөд байхгүй.

Урвуу дарааллын дөрвөн эрэгцүүлэл

Бидний ухаан санааг Бурханы номд хандуулдаг дөрвөн эрэгцүүлэл нь чөлөөлөгдөх ба гэгээрэх бололцоотой гэдгийг арай гүнзгий түвшинд харуулж өгдөг. Бид Бурханы номд суралцахад, гурван үндсэн санаа байдаг ба тэр нь зовж шаналж, зовлонгоос хагацахыг хүсч, зовлонгоос хагацах боломжтой гэдэг итгэл үнэмшлийг базаан, чөлөөлөлт ба гэгээрэлд хүрэх бололцоотой гэдэгт үнэмших талаар бид хэлэлцсэн. Бурханы номд бидний анхаарлыг хандуулдаг дөрвөн эрэгцүүлэл нь, үнэндээ бидний оюун ухааныгэдгээр үндсэн гурван санаанд хандуулдаг ба, эдгээр гурвын эхнийх болох амьдрал зовлон бэрхшээлийг таньж хүлээн зөвшөөрөх шатыг онцгойлж үздэг. Дөрвөн эрэгцүүллийн сүүлийнх нь амьдрал дахь бэрхшээл ба асуудлуудыг жинхэнээр хүлээн зөвшөөрөх болон сансар хорвоотой сэтгэл үл нийцэх байдал юм. Дарааллыг үнэлж хүндэтгэн, алхам бүрийн зайлшгүйг ойлгохын тулд урвуулан тонгоруулж авч үзэх хэрэгтэй байна.

Бидэнтэй тулгарч байдаг хүндрэл бэрхшээл гэдэг нь юу вэ? Бурхан багш олон ялгаатай зүйлсийг тоочсон байдаг. Гэхдээ арай хураангуй нь гурваас бүрдсэн ойлголт юм. Бид тэдгээрийг гурван төрлийн зовлон гэж нэрлэдэг. Эхнийх нь бүдүүн бараг зовлон буюу өвдөлт ба гуниг зовлон. Энд бие махбодийн ба сэтгэлийн өвдөлт шаналал багтана. Ихэнх хүмүүс хэн ч золгүй, гунигтай байхыг хүсдэггүй, тиймд ихэнх хүмүүс түүнээс хагацахыг хүсдэг гэдгийг нэг их зүдрэлгүй таньдаг.

Хоёрдох зовлон бол өөрчлөлт, хувиралтын зовлон юм. Энэ нь бидний аз жаргал маань төөрөгдлөөр булгингартсаныг амсах туршлагад хамаарна. Тэдгээр нь өөрчлөгдөн, үргэлжлээд байдаггүй. Жишээлбэл, бид хоол идээд, дүүрэн ходоодтой байх жаргалыг мэдэрдэг боловч энэ нь үргэлжилдэггүй бид ахиад л өлсдөг. Энэ зовлон ямар учиртай юм бэ? Аз жаргал үргэлжилдэггүйд асуудал оршдог юм биш. Энэ бол ийм төрлийн жаргалын мөн чанар юм. Хоосон чанарын тухай хамгийн гүнзгий шууд ойлголт ч ийм төрлийн жаргалын байнгын бус болох баримтыг өөрчилж чадахгүй. Юу ч үүнийг өөрчлөхгүй. Хэрэв бид хувирч өөрчлөгдөнө гэдгийг мэдэж байгаа бол энэ баримтад сэтгэл бага шиг хямарч болох авч, энд тусгагдаж байгаа санаа биш. Эргэлзээтэй, тодорхойгүй байдал энэ төрлийн жаргалын бодит асуудал нь юм. Энэ дуусахад дараа нь юу болохыг бид мэддэггүй. Нөхөдтэйгээ хамт байсан сайхан мөчүүд дуусахад бид жаргалтай, ядарсан, гунигтай, эсвэл ямар сэтгэгдэлтэй хоцрохыг мэдэхгүй. Үүнд бодит асуудал оршино. Түр зуурын жаргалын араас хөөцөлдөх нь хэдийгээр биднийг хэсэг зуур аятайхан байлгаж болох боловч энэ нь бидний асуудлыг шийдэхгүй, дараа дараа нь юу тохиолдох тухай мэдэхгүй, түүнээсээ болж итгэлгүй хэвээрээ үлдэх болно.

Үнэн зовлонгийн гуравдах хэлбэр нь бүхнийг хамарсан зовлон юм. Энэ нь бидний бусад асуудлуудад маань хадгалагддаг, бие, хэл яриа, сэтгэлийн хөдөлгөөний төрөл юм. Тэд өөрөө өөрсдийгөө мөнхжүүлдэг. Бид ийм төрлийн биетэй. Бид түүнийг хооллож, үргэлж анхаарч халамжлах ёстой. Бид идсэний дараа цадахын жаргал үргэлжлэхгүй, дахин дахин идэх л болно, ёстой захуутай. Бид хэн нэгэнтэй нэг төвөгтэй харьцаанд орж, сэтгэл шархдсан авч хашрахгүй, өөр бас нэг харьцаанд, бас дахиад орох гэх жишээтэй байдаг. Төөрөлдөл ердөө үргэлжилсээр л байдаг. Нөгөө хүн маань дур булаам Гүнж эсвэл Ханхүү мэт биш гэдэг нь тодорно. Ингээд л бид бас өөр нэг хэн нэгнийг хайж эхэлдэг. Итгэлгүй сэтгэл зовиносан хэвээрээ. Энэ бол бодит асуудал. Энэ нь ердөө л байнга давтагдсаар байдаг. Эдгээр гурван зовлонг ойлгож ухаарах нь зовлонгийн муу талууд ойлгох нь дөрөв дөх эрэгцүүлэл, юм. Энэ нь түүнчлэн, бас эхний Хутагтын үнэн буюу зовлонгийн үнэн.

Ямар үндсэн дээр Сансар хорвоогийн муу талыг ойлгож болох вэ? Үйлийн үр, шалтгаан ба үр дагаварын ухаарал болох гуравдах бодол үндэс нь гэж ойлгож болно. Энэ бол Сансар хорвоогийн зовлонгийн шалтгаан ба хоёрдох Хутагтын үнэн. Яагаад бид зовлонгийн нэгдэх төрөл гэгдэх бүдүүн бараг зовлонг эдэлдэг вэ? Эвдэн сүйтгэх замаар үйлдэл үйлдсэнээс болж, төөрөлдлөөс болж эвдэн сүйтгэл үйлддэг. Бид үйл явдлуудынхаа үр нөлөөг ойлгоддоггүй, ухаардаггүй, эсвэл бидний үйлдлүүд ямарваа үр нөлөөгүй гэж боддог.

Зовлонгийн хоёрдах төрөл нь хувиралт өөрчлөлт ба итгэл муутай, эргэлзээтэй явдалд хамаарна. Бид яагаад үүнийг эдэлдэгийн шалтгааныг ойлгохын тулд бид үйлийн үрийг ойлгох хэрэгтэй. Хэрэв бид үйлийн үрийг ойлговол, бидний туулж байгаа зүйл машид олон талтай болохыг ухаарах болно. Бид ямарваа эхлэлгүй цагаас эхлэн төөрөлдөлтэй холбоотой бүтээн туурвигч болоод сүйтгэгч үйлдлийг аль алиныг өчнөөн ихээр хийж иржээ. Бид орчлон ертөнцийн төв гэж итгэн, хүн бүртэй найрсаг, эсвэл хүн бүрт ширүүн хандаж болно. Бид эерэг ба сөрөг үйлийн үрийн нөөцүүдийг аль алийг нь сая саяар хураасан. Тиймээс бид агшин зуурт аз жаргалыг амсдаг. Энэ бол эерэг нөөцөөс гарч ирдэг. Тэгээд энэ нь дуусгавар болно. Одоо яах вэ? Боловсорхоо хүлээсэн тоолж баршгүй үйлийн үрийн нөөц бололцоонууд бий. Юу дараа нь боловсрох бол? Удаад нь юу боловсрох нь амар хэрэг биш бөгөөд олон ялгаатай хүчин зүйлүүдээс хамаарна. Бидний оюун ухааны хандлага, нөхцөл байдал, бусад хүмүүсийн хийж буй үйл, бидний эрүүл мэнд гэх мэтчилэн. Ямар ч гарцаагүй зүйл гэж байдаггүйд гайхах явдалгүй. Бид эргэх орчлон дээрх амьдралд туршлага маань өгсөж, уруудаж байдагт гайхах юм байхгүй. Харилцан хамаарч үүсэх арван хоёр холбоос нь үйлийн үр ба төөрөгдөл хэрхэн сансар хорвоог мөнх оршуулж байдгийг харуулдаг. Бид үйлийн үрийг гүн ойлгохоороо, үйлийн үрийн механизм бүхэлдээ хэрхэн өгсөн уруудаж, мандан буурч, өөрөө өөрийгөө мөнх хөдөлгөж байдгийг ойлгох бөгөөд энэ бол бүхнийг хамарсан зовлон юм.

Биднийг Бурханы номд хандуулдаг гуравдахь үндсэн санаа нь найдваргүй байдал яагаад оршдог тухай ухаарлын төлөвт бидний оюун санааг оруулдаг. Бид яаж түүнд хүрдэг вэ? Үхэл ба мөнх бусыг ухамсарлахаар хүрнэ. Бидний насны хэмжээ тодорхойгүй. Энэ бол бидний ухаан санааг Бурханы номд хандуулдаг хоёр дахь бодол. Үхэл ба мөнх бусыг буурьтай авч үзэн, бодисын бүдүүн тоймын түвшинд байр байдлууд үргэлжлээд байдаггүйг ухамсарлах юм бол бид үйлийн үрийн нэг агшнаас нөгөө агшинд тохиолдох зүйлс нь найдваргүй байдаг талаарх сургаалиудыг үнэлж эхэлдэг.

Үхлийн тухай бодол биднийг юунд хүргэх вэ? Бидэнд амьдрал ба аз завшаануудыг үнэлж, эрдэнэт хүмүүний амьдралыг хүндэтгэх хүндэтгэлийг өгнө. Тиймд одоо бидэнд байгаа эрдэнэт хүмүүний амьдралын тухай эрэгцүүлэх нь бидний ухаан санааг Бурханы номд хандуулдаг эхний эрэгцүүлэл юм.

Товч хураангуй

Энэ маягаар тонгоруу ажилласнаар, оюун санааны хандлага болгон урьдах хандлагаасаа хэрхэн үүсч байдгийг бид үзэж болно. Энэ нь эхнээсээ эцэс хүртэл логик дарааллаар явдаг гэж тайлбарлаж болно. Гэхдээ та нарын ихэнх нь үүнийг аль хэдийнээ судалсан учраас бодол бүр хэрхэн өмнөх бодлоосоо хамаарч байдгийг үзүүлэхийн тулд урвуу дараалаар үүнийг толилуулахыг би хүссэн юм. Өгсөх дараалаар бид хүмүүний эрдэнэт амьдралын тухай, тэрээр өнө мөнх үргэлжлээд байхгүйн тухай, үхлийн дараа дараах төрлүүдэд юу тохиолдох нь үйлийн үрээс хамаардаг тухай бодож эрэгцүүлдэг. Хэдий бид аятай таатай нөхцөлд төрлөө ч, өчнөөн олон асуудал байх л болно.Үүнийг бид ухаарвал зовлонгоосоо хагацахыг хүсдэг. Үүний тулд Бурханы ном бидэнд үнэхээр гарах замыг заадаг бөгөөд асуудлуудаас чөлөөлөгдөж, гэгээрэлд хүрэх боломжтой гэдэгт бид итгэл үнэмшилтэй болох хэрэгтэй. Энэ нь биднийг найдвартай чигийг олох, хамаг амьтанд ач тус хүргэхийн тулд гэгээрэлд хүрэхэд өөрсдийгөө бүр мөсөн зориулах бодь сэтгэлийг хөгжүүлэхэд маань хөтөлдөг юм.

Бид урвуулж харснаар, амьдралдаа итгэлтэй чиг, бодь сэтгэлийг үүсгэхийн тулд зовлон ба түүний шалтгаанаас хагацах боломжтой гэдэг итгэл үнэмшилтэй болох шаардлагатай. Үүний тулд бид төөрөгдлийн мөн чанарыг ойлгож, ухаарал төөрөгдлийг хэрхэн зайлуулдаг болохыг бид ойлгож мэдэх хэрэгтэй. Ингэхийн тулд бид амьдрал дахь бэрхшээлүүдээ, дахин дахин эргэж ирдэг сансар хорвоогийн хүнд бэрх асуудлууд ба тодорхойгүй байдлуудын чанарыг таних хэрэгтэй. Тодорхойгүй энэ байдал нь, үйлийн үрээс үүсдэг. Тодорхой бус байдлын талаар бодож эхлэхийн тулд бид эхлээд үхлийн бүдүүн тоймын түвшин дээр үүнийг эргэцүүлэх хэрэгтэй. Хэрэв бид одоогийн амьдралаа, түүний боломжуудын талаар эрэгцүүлж бодоод, тэдгээрийг алдахыг хүсээгүйсэн бол үхлийн тухай бодож, сэтгэл зовинохгүйсэн.

Эдгээр дөрвөн эрэгцүүллийг өрнөх буюу урвуу дараалаар харах нь өөрсөддөө болон өрөөл бусдад илүү тус хийх зам мөр дээрээ тогтвортой зогсоход зайлшгүй, амин чухал ажээ.

Асуулт

Зөвхөн үүнийг, эсвэл түүнийг олчихвол би жаргалтай болно гэж бодох явдал эгэл хорвоогийн сонирхолд болоод бидний бодлын тодорхой бус байдалд яаж тохирох вэ?

Бидэнд юу аз жаргал авчирна гэж бодож байгаагаас энэ нь хамаарна. Хэрэв бид “Зөвхөн гэгээрэлд хүрч чадвал л би аз жаргалтай болно.” гэж бодвол, энэ нь “Би төгс төгөлдөр амрагтай болж чадвал л мөнхөд жаргалтай болж, хэзээ ч зовлон үзэхгүй.” гэж санахаас огт өөр хэрэг билээ. Хэрэв бид нар шоколад, хань, эр эмийн ажил буюу секс зэрэг зүйлс зовлонг маань үндсээр нь таслана гэж горьдвол, энэ нь дараа дахин хэзээ ч буцаж ирэхгүй эдүүд тул тухай бүр эргээд л сэтгэл гонсойлгох болно. Гэхдээ үүнийг аз жаргалын эгэл төрөл гэж хүлээж авбал, түүндээ бид түр зуур туслах зорилго болгон тэмүүлж болно. Бид тодорхой хэмжээгээр аз жаргалыг олбол, үүнийгээ зам мөр дээрээ цааш урагшлах нөхцөл болгон ашиглаж болно. Бодь мөрийн зэрэгт суралцах шатны анхдагч цар хүрээнд азтай сайн төрөлд зорьдогийн учир энэ юм. Бид чөлөөлөлт ба гэгээрэлд хүрэхэд хорвоогийн ердийн жаргал зайлшгүй хэрэгтэй. Энэ бүхэн бидний ердийн аз жаргалыг байгаагаар нь, хий хоосон сүржигнэлгүй танихаас хамаарна. Бид бодитой сэтгэх шаардлагатай.

Дүгнэлт

Эдгээр эрэгцүүллүүдтэй ажиллахад маш тустай байдаг. Тэдгээр нь хичээлийн өмнө сургаал сонсоход бэлтгэж, дасгалаар ухаан санаагаа зохих төлөвт оруулдаг шиг биднийг сүсгийн зам мөр дээр ухаан санааны зохих төлөвт их баттай оруулж, бэлтгэж өгдөг гэсэн утгаар урьдчилсан бэлтгэл бодлууд гэж нэрлэгджээ. Бурханы номын зам мөрд орох гэдэг нь ямар утга учиртай юм бэ? Бид үүний тухай техникийн хэллэгээр ярьж болох авч энэ түвшинд ярьцгаая. Зам мөр дээр байх гэдэг нь, хийж байгаа зүйлдээ үнэхээр үнэмшилтэй, зүрх сэтгэлээ түүндээ бүрэн өгөх гэсэн утгатай. Тийм биш бол, бид тийм ч тууштай байж чадахгүй. Ингэвэл бид үүнийг сонирхол зугаа болгож бага сага хийх, эсвэл бусад хүмүүс үүнийг хийж байгаа учраас гэж, харин бид бодитойгоор зам мөрд ороогүй байдаг.

Үүнд үнэхээр орох явдал оюун ухааны хандлагаа өөрчлөхийг шаарддаг. Амьдралыг харах тодорхой арга замыг шаарддаг. Энэ нь амьдралынхаа байдлыг нухацтай харж, бэрхшээл хүндрэлүүд байгааг хүлээн зөвшөөрөхийг шаарддаг. Хүмүүний эрдэнэт амьдарлаа үнэлж, энэ нь өнө мөнхөд үргэлжлэхгүй гэдгийг мэдэх маш чухал. Бидний амьдралд байдаг асуудлууд нь төөрөгдөл ба үйлийн үрийн улмаас үндсэндээ бий болдог юм. Амьдралдаа аз жаргалыг амсаж болох хэдий ч, энэ үнэхээр сэтгэлийг хангадаггүй. Яагаад гэвэл, энэ нь үргэлжилдэггүй бөгөөд цаашид сэтгэл өндөр үлдэнэ гэдгийг бид баталж болохгүй. Хэсэгхэн хугацаанд л жаргалтай байх нь хангалттай биш ээ.

Бид эхлээд сэтгэл хөдөлгөсөн, хөөр баяртай байснаа хямралд орсон харьцаанаас дахиад өөр нэг харьцаанд, нөгөө хүн үүнийг мөн л адил талхлаад хаяна гэдгийг мэдсээр байж орох хандлагатай байж болно. Тэгээд бид өөр нэг, бас дахиад өөр нэг харьцаанд ордог. Эцсийн эцэст бид залхаж “За одоо ёстой больё.“ гэдэг. Үүнийг зогсоох боломжтой гэдгийг ингэж бид ойлгодог. Энэ үнэмшил дээр үндэслээд, бид таслан зогсоохын төлөө бодитойгоор ажиллаж чадна.

Зам мөрөөр илүү амархан урагшилхад, түр зуурын жаргалд хүрэхийг хичээх нь цаашдын замыг хөнгөлж туслана. Харин бидний туулж байгаа амьдрал өгсөж, уруудна. Дур булаам Ханхүү буюу Гүнжийн эрэлд байнга гарахын оронд, бид төгс биш боловч нэг харьцаанд орж (энэ түвшинд хэзээ ч төгс байдаггүй), үүнийгээ цаашид ажиллах үндсээ болгон ашиглаж болно. Мөнгөтэй харьцах ч бас адил. Хэрэв бид улам илүү их мөнгөний хойноос хөөцөлдөж, хамаг амьдралаа өнгөрөөвөл, энэ нь хэзээ ч дуусашгүй процесс юм.

Бид амьдархад тодорхой хэмжээний материаллаг тав тухтай, мөн үүнтэй адил өөртэйгөө ажиллахад дөхөмтэй нөхцөл байдалтай байхын тулд хайр, нөхөрлөл, ханилал зэрэг тодорхой түвшин шаардагдана. Ханилал буюу нөхрийн харьцаа хэзээ ч төгс байхгүй. Банкинд буй бидний мөнгөний хэмжээ хэзээ ч сэтгэлд хүрэхгүй. Гэрт байгаа ая тухын хэмжээ хэзээ ч бас төгс байхгүй. Энэ бол хувиралт өөрчлөлтийн асуудал юм. Эдгээрийг төгс байлгах гэж хичээн зүтгэх нь ердөө л хананд толгойгоороо мөргөхтэй адил юм. Хэрэв бидэнд эдгээр зүйлс оюунлаг амьдралдаа ахиц гаргахад маань хангалттай байгаа бол, бид оюунлаг амьдралаа цааш үргэлжлүүлэх хэрэгтэй. Эцсийн зорилгодоо заавал хүрэхийн тулд төгс бус түвшинг ашиглана гэсэн санаа юм. Бид төөрөлдлийг ухаан санаанаасаа арилгаж, зовлонгоосоо хагацаж чадна. Үүний утга нь ердөө л энэ. Ингэж бид өөрсдөө жаргалтай байж, бусдыг ч жаргалтай болгож болно. Бид бусдад илүү тусалж чадахын тулд төгс хань буюу нөхрийг олохыг үргэлж чармайх уу, эсвэл уур хилэнгээсээ ангижрахын төлөө ажиллах уу?

Ерөөл

Ерөөлийн үгсээр хичээлээ өндөрлөе. Эдгээр дөрвөн эрэгцүүллийн үзлээр юмсыг хардаг болохын тулд бидний олж авсан хүртэх ухаарал улам гүнээс гүн болж, аажмаар бидэнд нөлөөлж, эерэг нөөц чадавхийг маань нэмэгдүүлэх болтугай. Бид амьдрал дахь итгэлтэй чиг замаараа аажмаар, илүү тогтвортой замнаж, ингэснээр, эцэстээ хамаг амьтны тусын тулд чөлөөлөлт, гэгээрэлд хүрэх болтугай.

Top