Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Төвдийн-Бурханы шашны уламжлалын үндсэн ойлголтууд > 2-р түвшин: Лам-рим (Мөрийн зэрэг) > Нэгдүгээр өдөр: Номын багш, эрдэнэт хүний төрөл, үхэл ба мөнх бус

Бодь мөрийн зэргийн (Лам-рим) Бага төрөлхтөний сургаалын ерөнхий танилцуулга

I Цэнжаб Сэркон Ринбүүчи
Орчуулсан Александер Берзин
Хянан тохиолдуулсан Самаяа Харт
Голланд улс, Хёйзен хот
1980 оны 5-р сар
[Бичлэгийг бүрэн бус хэвээр бичигт буулгаж, хянан тохиолдуулав]

Нэгдүгээр өдөр: Номын багш, эрдэнэт хүний төрөл, үхэл ба мөнх бус

[Айлдварын эхний хэсэг дуу хураагуурт бичигдээгүй хэвээр бичигт буулгав]

Номын багш нартай харилцах эрүүл харилцаа

Шавийн хувьд багшаас ном сонсохын өмнө түүнийг судалж, шалгаж үзэх нь маш чухал. Том ном тавьж байгаа сургаар шууд очиж болохгүй. Тухайн ном тавих гэж буй багшийг сайтар судлах ёстой. Багш, шавь хоёр сайн харилцаа тогтоож чадах эсэхээ харахад арван хоёр орчим жил шаардлагатай гэж нэг сударт гардаг. Энэ хэдийгээр үнэн боловч маш урт хугацаа бөгөөд хэт удах нь олон сул талтай.

Эзэн хаанд ном заахаар Хятадад уригдсан нэг Сажийн их мастерын жишээ байдаг. Хятадын эзэн хаан тэр мастераар ном заалгахаар шийдэх хүртэлээ есөн жил түүнийг шалгажээ. Тэгээд есөн жилийн дараа түүнээс ном тавихыг хүсжээ. Их мастер түүнээс “Ном тавихыг асуухаасаа өмнө яагаад есөн жил хүлээсэн юм бэ?” гэж асуухад “Энэ бүх хугацаанд би таныг шалгасан юм” гэж эзэн хаан хариулжээ. Харин мастер “Одоо би чамайг шалгахад надад есөн жил шаардлагатай!” гэв. Ингээд тэрээр үнэндээ эзэн хаанд ном тавих боломж гараагүй юм. Хэрэв та хэт удаан хүлээвэл ийм зүйл тохиолдож болно.

Орчин үед багшийг шалгахын хувьд дараах хоёр асуултаар эхний санаа илэрхийлэгдэж болно. Тухайн багштай анх уулзахад танд ямар сэтгэгдэл төрсөн бэ? Таны сэтгэл тэр даруйдаа их баяртай сайхан болсон уу эсвэл ийм зүйл тохиолдоогүй юу? Мөн анх удаа тэрхүү багшийн нэрийг сонсоход таньд сайхан санагдсан уу эсвэл ийм зүйл болоогүй юу? Хоёр дахь санаа нь анх багштайгаа уулзахаар очиход багш тань байсан уу, эсвэл гадуур гарсан байсан уу? Зарим тохиолдолд багштайгаа анх уулзахаар очих үед багш нь гэртээ байдаггүй. Тэр тийм их бэлэг дэмбэрэлтэй тохиолдол биш. Гурав дахь санаа нь бусад хүмүүс тухайн багшийн талаар юу гэж хэлж байгааг, янз бүрийн үзэл бодлуудыг сонсох. Номын багш нар бүхий л сайн чанаруудыг бүрэн эзэмшсэн байх нь хэцүү хэдий ч гол зүйл бол тэд маш халуун дотно, хүн бүрийг маш их хайрлах сэтгэлтэй, шударга байх хэрэгтэй.

Багшаас ном сонсохын өмнө түүнийг зөв зохистой шалгах нь маш чухал. Ердөө ном тавихаар багш ирж байгаа гэдгийг сонсоод сэтгэл хөдлөлөөр, энэ талаар бодолгүйгээр очиж болохгүй. Ингэх нь зөв зүйтэй зүйл биш. Гэвч хэрэв та ямар нэг багшид чин сэтгэлээсээ итгэмжилсэн бол одоо түүнд эргэлзэж шалгах нь зөв зүйтэй зүйл биш юм.

Түүхэнд их орчуулагч Марпа гэх мэт төвд хүмүүс, орчуулагч нар Энэтхэг явж, номын багш нартай барилдлага тогтоохоор замд гарахын тулд алт цуглууах гэж маш их бэрхшээл туулдаг байжээ. Марпагийн шавь Милбогд гараараа есөн давхар цамхаг босгох хэрэгтэй болж байсан. Тэрээр чулууг үүрч зөөдөг байсан бөгөөд арьс нь зулгарч, ихээр шархалдаг байв. Үнэхээр их өвчин, хөндүүр амсаж байжээ. Цамхагийг барьж дуусгасны дараа ч Марпа түүнд авшиг хүртээж, сургаал ном тавьдаггүй байлаа. Марпагийн өөр нэг шавь Нгог Чокү-дорж түүнээс Чакрасамварагийн авшиг хүсжээ. Тэрээр мориор нэг өдөр явж хүрэх газар амьдардаг байв. Милбогдыг цамхагаа барьж дуусах үед Марпа багшийн гэргий Дагмэйма нь Дарма-додэй хүүгээ төрүүлжээ. Ингээд хүүгээ төрсний баяр, Милбогд есөн давхар цамхаг барьж дууссаныг тэмдэглэн Чакрасамварагийн авшиг хүртээх гэж байна хэмээн Нгог Чокү-дорж шавьдаа хэл хүргүүлэн үүнд ирэх хэрэгтэй хэмээн дууджээ.

Нгог Чокү-дорж ирэхдээ Марпад өргөл болгож өөрт байгаа бүх зүйлээ авчрав. Тэдгээрийн дотроос хөл нь хугарч явж чадахгүй болсон нэг ямааг үлдээжээ. “Чи ямаагаа авчраагүй байна. Юу болсон юм? Би Энэтхэг явж эдгээр сургаалыг авчрахын тулд маш их зовлон бэрхшээлийг туулсан. Энэ бол маш үнэт авшиг. Буцаж яваад, ямаагаа авчрах хэрэгтэй” гэж Марпа хэлжээ. Марпа Чакрасамварагийн авшгийг өгөх үед Марпагийн эхнэр Дагмэйма Милбогдыг өрөвдөж авшигт дагуулан ирэв. Марпа саваа авч түүнийг зэмлэн хөөн гаргахыг завдаж, авшиг авахыг нь зөвшөөрөхгүй байв. Харин Марпагийн эхнэр Милбогдод авшиг авахыг зөвшөөрөхийг Марпагаас хүссээр байсан юм.

Эхнэрээ өрөвдөн Марпа Милбогдод авшиг хүртээхээр болов. Милбогд ийнхүү зовлон бэрхшээл эдэлж байгаа нь Марпа Наропагийн дэргэд ном сурахын тулд энэ мэт маш их зовлон туулж эцэст нь гэгээрэлд хүрсэн, Наропа өөрийн багш Тилопагаас суралцахын тулд маш их зовлон бэрхшээл туулж байсантай адил юм. Гэгээрэлд хүрэхэд хялбар биш. Түүнд хүрэхийн тулд Милбогд бас зовлон бэрхшээл туулах ёстой болно.

“Милбогд миний дэргэд байх үед би үргэлж түүнд маш ширүүн догшин ханддаг. Гэвч үүний үр дүнд тэрээр энэ насандаа гэгээрэлд хүрнэ. Тэр цамхаг босгох үнэхээр хэцүү ажлыг аль хэдийнээ хийсэн” хэмээн Марпа хэлжээ. Гэвч Марпа эхнэр нь Милбогдыг үнэхээр их өрөвдөн хайрлаж байгааг харан эхнэрээ өрөвдөн түүнд авшиг хүртэхийг зөвшөөрчээ. Авшиг хүртсэний дараа Милбогд энэ насандаа гэгээрэлд хүрэхээр маш эрчимтэй, байнгын бясалгал, бүтээл хийхээр явав. Хэдий ийм боловч Марпад үнэнхүү чин сэтгэлээр сүсэглэж (үйлчилж) байсны үндсэн дээр гэгээрэлд хүрсэн байна. Түүнээс хойш ч тэрээр агуйд хийсэн бясалгалынхаа үеэр бас бэрхшээл эдэлсээр байсан юм.

Номтой учрах нь ховор

Хэрэв бид үүнийг орчин үетэй холбож авч үзвэл дэлхий дээр бүр Ном (Дарма) гэдэг үг ч чихэнд дуулдах боломжгүй олон орнууд байна. Хуруун чинээ төдий ч Бурханы бие, хэл, сэтгэлийг илэрхийлсэн дүр байхгүй. Байсан ч тэднийг ариун шүтээн, үнэт зүйл гэж үзэхгүй. Эдгээр орнуудад хүн бүр энэ насныхаа амьдралын аливаа асуудлуудыг амжилттай сайн байлгахыг хичээн бүхий л талаараа үүнд бүрэн оролцох ба хүн бүр бүхий л хүчин чадлаа өөртөө зориулж байдаг. Ийм байдлаар тэд энэ бол амьдралд хийх ганц зүйл хэмээн бодож өөрсдийгөө хуурч байна. Үүний үндсэн дээр тэд маш их материаллаг хөгжил дэвшил гаргахыг хүсэж зам барьж, бүх зүйлийг хийдэг. Тэд хэдийгээр бүх зүйлийг хичнээн сайхан хийсэн ч, хэдий их материаллаг хөгжил дэвшилд хүрсэн ч тэдгээр нь ердөө улам илүү их асуудлууд, зовлон, сэтгэл ханамжгүй байдлыг л бий болгодог. Энэ бол та бүхэн бүгд мэдэх зүйл. Шагжамүни Бурхан багш өөрөө язгууртаны гэр бүлд төрсөн. Тэрээр хааны хүү байсан ба маш их эд баялагтай байв. Тэр энэ бүхэнд ямарч өөрийн мөн чанар байхгүй гэдгийг ойлгож, тэд бүхнийгээ орхин, өөрийн бүхий л шаргуу хүчин чармайлтын үр дүнд гэгээрэлд хүрсэн билээ.

Өөрийн бүх амьдралаа энэ насны амьдралын баяр баясгаланг бий болгох эд материал эрэн өнгөрөөх нь ямарч ач холбогдолгүй, утга учиргүй гэдгийг та бүгд бас мэднэ. Ийм учраас ч та бүхэн Номонд хандсан биз. Үүнийг би маш сайн хэрэг гэж бодож байна. Ном гэж юу болох тухайд, энэ нь та бүхний ирээдүйн төрлүүд болон зам мөрд ач тусаа өгөх үнэт зүйлс, бүтээлүүд юм. Үүнийг бүтээх хамгийн сайн аргуудыг анх Энэтхэгт зааж, Энэтхэгээс Төвдөд дэлгэрсэн.

Төвдөд нөхцөл байдал тэсэхийн аргагүй, Ном бүтээх боломжгүй болсон ийм зүйл тохиолдсон юм. Ном бүтээхгүйгээр амьдрах нь ямарч утга учиргүй санагдаж, бид Төвдийг орхин дүрвэн гарсан билээ. Бид танай орон гэх мэт орнуудад ирж, Ном, зам мөрд маш их сонирхолтой төвд хэл мэдэхгүй та нарын адил хүмүүстэй учирсан. Та нар Ном бүтээхийг маш их хүсэж, сонирхож байгаа учраас бид та бүхэнд аль болох чадахаараа тайлбарлахыг оролдож байна.

Тухайлбал, миний жишээг авч үзвэл, Төвдөд би Гэлүг ёсны лам багш нараас гол төлөв суралцаж байсан юм. Би мөн Саж, Гаржүд, Нингма ёсны багш нараас ном сонсож байсан. Би нийт тавин гурван багшаас ном сонссон байдаг. Иймээс би Ном сургаалын үргэлжлэл доройтож, тасрахгүй байх талаар их санаа зовдог. Та бүхэн Ном үзэж судлах сонирхолтой байна. Иймд би та бүхэнд тус болох сэтгэлийн үүднээс сургаал тавихыг хичээж байна.

Зөвхөн энэ насны амьдралын асуудлуудад оролцох нь тийм их ач холбогдолтой биш гэдгийг та нар ойлгож байгаа. Та нар бүгдээрээ зам мөрийн аргуудад суралцахыг сонирхож байна. Дээрээс нь та бүхэн төвд хэл мэдэхгүй. Иймээс ном үзэхэд хэцүү байх болно. Миний нас ч өндөр болж байна, хэрэв Ном тавихгүй бол энэ нь ирээдүйд байхгүй болох аюул бий. Иймд би хэдийгээр бүх зүйлийг бүрэн гүйцэд мэдэхгүй ч гэсэн та бүхэнд судар, тарнийн сургаалуудыг чадах чинээгээрээ тайлбарлахыг оролдсоор ирсэн билээ.

Та нарт эргэлзэх зүйл гарч болно. Юу гэвэл багшаас ном сонсохын тулд гурван жилийн хугацааны туршид хүсэлт гаргах нь зүйтэй хэмээн сонссон байх. Авшгийг хүртээхээс өмнө хүсэлтийг олон удаа гаргадаг удамжлалтай бөгөөд эхний хүсэлтээр шууд авшиг хүртээдэггүй гэдгийг та нар мэднэ. Тэгвэл энэ удаа яагаад сургаал ном, авшгийг ийм хурдан өгч байгаад гайхан эргэлзэж байж болох юм. Миний хувьд эдгээр сургаал, дамжлагыг тасарч алга болохгүй байхыг хүсэж байна. Та бүхэн бүгд бүтээл хийхийг зорьж, сонирхож, би өөрөө өндөр настай болж байгаа учраас хүмүүс сургаал, авшиг хүсэх үед нь би тэднийг удаан хүлээлгэхгүйгээр өгөхийг зөвшөөрч байгаа. Үүнийг бусдад тус болох сэтгэлээр хийж байгаа юм.

Номын утга ба Ном бүтээх гурван түвшин

Номын утга учир юу вэ? Ном бол бидний ирээдүйн төрлүүд, зам мөрд туслах урьдчилан сэргийлэх арга хэрэгсэл юм. Энэ насны амьдралын нөхцөлүүдийг сайжруулах, сайн хоол идэх, сайхан байшинд амьдрах зэрэгт гаргаж байгаа хүчин чармайлт тань урьдчилан сэргийлэх арга (Ном) болж чадахгүй. Тэдгээр нь зам мөрийн үйл биш. Хэрэв энэ насны амьдрал дахь аливаа зүйлийг амжилттай байлгахыг хүсэж нэг зуун мянган гилдерийн (мөнгөн тэмдэгт) үнэ бүхий алтыг нэг албан тушаалтанд өргөсөн ч тэр нь урьдчилан сэргийлэх арга болохгүй. Таны бодож байгаа бодол бол хэрэв та нэг зуун мянган гилдерийн үнэ бүхий алт өгвөл хариуд нь нэг саяыг авна гэсэн бодол байдаг. Энэ бол бизнес, зам мөрийн бүтээл биш. Хэрэв та амьтанд багахан талх өгөх гэх мэт ердөө нэг жижигхэн үйлийг ирээдүйн төрлүүддээ аз жаргалтай байх шалтгаан болох үүднээс хийвэл энэ нь жинхэнэ урьдчилан сэргийлэх арга, зам мөрийн бүтээл болно.

Хойд төрлүүдээ сайжруулах, зам мөрөөр урагшлахад тус болох урьдчилан сэргийлэх олон түвшний аргууд бий. Хэрэв та өөрөө ирээдүйн төрлүүддээ баяр жаргалтай байх арга хэмжээг авч байвал энэ нь сэтгэлийн багахан хүрээг хамарсан Бага төрөлхтөний бүтээл болно. Хэрэв та хүн бүр ирээдүйн төрлүүддээ аз жаргалтай байх арга хэмжээг авч байвал энэ нь сэтгэлийн өргөн хүрээг хамарсан Их хөлгөний бүтээл болох юм. Иймд хамгийн чухал зүйл бол цаг үргэлж бүх зүйлийг илүү сайн, хамаг амьтанд тус болох сэтгэлээр хийж байх явдал.

Хүн бүр хэрхэн аз жаргалтай байх тухай өөр өөр ойлголттой, аз жаргалд хүрэх өөр өөр аргатай байдаг. Үүнтэй адил ирээдүйн төрлүүдэд чиглэсэн олон өөр бүтээлийн арга бий. Эдгээрийн дотроос хүн бүрийн сайн сайхны төлөө, хамаг амьтны төлөө ялгалгүй хүсэл эрмэлзлээр бүтээл хийх нь чухал. Танд байх хэрэгтэй хамгийн бага хүсэл эрмэлзэл бол хойд төрөлдөө муу төрөлд төрөхгүй байхыг хүсэх хүсэл. Үүний тулд та сөрөг үр дагаварт хүргэдэг арван муу үйл, арван хар нүглийг хязгаарлаж сурах хэрэгтэй. Ном тавьж буй хэн бүхэн муу төрөлд төрөхөөс зайлсхийх үүднээс сөрөг үр дагаварт хүргэдэг үйлээс хэрхэн сэргийлэх тухай тайлбараас сургаалыг эхлэх байх.

Зам мөрийн олон өөр бүтээл, бас олон шашнууд ч бий. Тэд бүгдээрээ аз жаргал авчрах, асуудал, бэрхшээл, зовлонг арилгахад чиглэсэн байдаг. Бурханы шашинд гурван үндсэн арга бий. Эхнийх нь муу төрөлд төрөхөөс урьдчилан сэргийлэх үүднээс арван сөрөг үр дагаварт хүргэдэг үйлээс зайлсхийж сурах. Түүний дараа, хянах боломжгүй дахин дахин гарч ирэх асуудлуудаас, орчлонгоос гэтлэх боломж олгодог гурван дээд суртгаалд (эзэмших чадварт) суралцах. Гурав дахь арга нь хүн бүрт тус болох үүднээс гэгээрэлд хүрэхийн тулд бүхий л бүтээлүүдийг хийх явдал. Эдгээр нь бүтээлийн гурван түвшин юм.

Аз жаргалд хүрэх

Ном тавьж байгаа үед би эдгээр зорилгуудад хүрэх янз бүрийн аргыг та бүхэнд дамжуулж өгөхийг зорьдог. Би хүн бүрт Гэлүгийн ёсыг зааж Гэлүгпа болгохыг зорьдоггүй. Би бүр хүн бүрийг Бурханы шашинтан болгох санаа өвөрлөж ном тавьдаггүй. Миний хүсэж буй зүйл бол та бүхэн зовохыг хүсээгүй учраас та бүхний асуудал, зовлон өөрсдийн тань сөрөг үйлдлүүдээс болдог гэдгийг хэлж, тайлбарлах. Хэрэв та сөрөг байдлаар үйлдэл хийхээ зогсоовол танд дахин асуудал, зовлон гарахгүй. Хэрэв та баяр жаргалтай байхыг хүсвэл баяр жаргал нь эерэг үйлийн үр дүн учраас та эерэг байдлаар үйлдэл хийх хэрэгтэй. Энэ бол миний та бүхэнд заавал хэлэх ёстой зүйл юм. Хүн бүр аз жаргалтай байхыг хүсдэг, нэг ч хүн зовох, асуудалтай байх зэргийг хүсдэггүй гэдгээрээ хүн бүр адилхан. Хүн бүр боломжтой хамгийн их бөгөөд өнө удаан орших баяр жаргалыг хүсдэг.

Өнө удаан оршин, үргэлжид байх, маш их баяр жаргал авчрах тухайд бол энэ нь зөвхөн төгс гэгээрсэн Бурханы хутагт хүрснэээр бий болдог. Ийм хутагт хүрнэ гэдэг бол сэтгэл бүрэн төлөвшсөн, тув тунгалаг болж, дээд түвшнийхээ чадварт хүрнэ гэсэн үг. Нэг насанд сэтгэл нь тув тунгалаг, бүрэн төлөвшсөн Бурхан болохын хувьд түүнд хүрэх аргыг тарнийн сургаалд тайлбарлан үзүүлдэг. Энэ нь сэтгэлийг хамгаалах далд аргууд юм. Ийм бүтээл хийж чадах хүний хувьд бидэнд бүгдэд түүнийг хийх боломжтой суурь байдаг. Бидэнд энэхүү хүний төрөл бүхий суурь байна.

Хэдийгээр бидэнд хүний сэтгэл, бие гэх суурь байгаа боловч энэ насандаа гэгээрэлд хүрэхэд түүнийг ашиглах хамгийн сайн арга бол Милбогдын хийсний адил тийм бүтээлийг хийх явдал юм. Тэрээр зүрхнийхээ гүнээс өөрийн бүхий л хүч чадлыг гэгээрэлд хүрэхэд шаардлагатай ямарч хүндрэл бэрхшээлийг даван туулахад зориулж байсан. Бид ийнхүү өөрийгөө бүрэн зориулж, тийм их зовлон бэрхшээл даван туулахад бэлэн биш байгаа учраас бид нэг насандаа тув тунгалаг, бүрэн төлөвшсөн сэтгэлтэй болж чадахгүй байгаа юм. Хэрэв бид Милбогдын жишээг авч үзвэл тэрээр бүр ном, сургаал заалгаж эхлэхээсээ өмнө маш их зовлон бэрхшээл туулж, их хэмжээний хүнд ажлыг хийх ёстой болж байсан. Түүний дараа тарнийн бүтээл хийсний үндсэн дээр тэр энэ насандаа өөрийн бүрэн нөөц боломжиндоо хүрч, Бурхан болсон юм. Та бүхэн үнэхээр завшаантай хүмүүс, учир нь үнэндээ Дээрхийн Гэгээн, бүрэн гэгээрсэн төрөлхтөн баруунд ирж, та бүхэнд авшиг хүртээж байна. Үнэндээ та бүхэн ийм авшиг хүртэх завшаантай хүмүүс байна. Та бүхэн ийм авшиг хүртэх завшаантай байгаа явдал нь та бүхэн түүнийг хүртэх зохистой хүмүүс болох завшаантай гэдгийг харуулж байна.

Үхэл, мөнх бусыг санаж байх

Номыг үнэндээ юунаас хийж эхэлж хийдэг вэ гэвэл эхний зүйл бол энэ насны амьдралтай холбоотой зүйлээс бүрэн хамааралтай байж өөрийгөө хуурахгүй байх. Энэ насны амьдралтай холбоотой зүйлийг хийснээр яагаад бид өөрсдийгөө хуурч байгаа хэрэг болох вэ гэвэл бид өөрсдийгөө үхнэ гэдгийг санахгүй байгаа явдал юм. Бид үхэл, мөнх бус, амьдралын ямар ч нөхцөл байдал нэг хэвээр байж, мөнхөд үргэлжилдэггүй гэсэн бодит байдлын талаар бодохгүй байна. Юуны түрүүнд үхэл, мөнх бусын талаар бодож, түүнийг санаж байх нь туйлын чухал.

Та үхэлд дургүй учраас түүний талаар сонсохгүй байснаар үхлийг буцаадаг бол үнэхээр сайхан байхсан. Гэвч үхэл бодитой ирэх үед та үнэхээр их зовлон, бэрхшээл, асуудалтай тулгардаг. Энэ бол ердөө цаг хугацааны асуудал бөгөөд түүнийг зогсоох ямар ч арга байхгүй. Таны зогсоож чадах тэрхүү зүйл бол үхэх үеийн бүх зовлон, гуниг юм. Хэрэв та аль болох эерэг, сайн үр дүнд хүргэх байдлаар үйлдэл хийхийг оролдож, арван хар нүглийг чадах чинээгээрээ хорьж, амьдралаа ийм байдлаар өнгөрүүлвэл та насан өндөр болох хэрээр улам бүр баяр жаргалтай болдог. Насан эцэслэх үедээ гуниж, сэтгэлийн тайван бус байдалд орохгүй. Үүнээс Номын бүтээл эхэлдэг. Цаашлаад өөр өөр сэдэв бүхий судрын бүтээл болон мөнх үргэлжлэх тарнийн бүтээлийн олон арга бий. Дараагийн лекцээр би хоорондох ялгааных нь талаар бага зэрэг тайлбарлаж өгье.

Хэрэв та сэтгэлийн сайн зуршил суулгахын тулд бясалгал хийхийг хүсэж байгаа бол хамгийн эхэнд бодох зүйл бол төрсөн бол эцэст нь үхэхээс өөр зүйл байхгүй гэдгийг бодох явдал. Энэ бол төрсний жам ёсны үр дүн. Хэрэв та нэг л өдөр үхнэ гэсэн бодит байдлыг ойлгон санаж, түүнд нухацтай хандаж байвал та маш их эерэг сэтгэлийн төлөв байдлыг бий болгоно. Энэ талаар нухацтай бодох үед сэтгэлд ургах зүйл нь хэрэв би энэ насаа элдэв эд зүйл хурааж өнгөрүүлбэл, үхэх цагт эдгээр нь ямарч тус болохгүй гэх бодол байх болно. Хураасан эдгээр эд зүйлсээс биедээ аваад явах нэг ч зүйл байхгүй. Энэ бол таны сэтгэлдээ хатуу зуршил болгох бодол юм.

Эрдэнэт хүний төрөл

Мөн та бүхэн энэхүү эрдэнэт хүний төрөл авсан бодит байдалдаа баяртай хандахыг оролдвол сэтгэлд бас эерэг зуршлыг бий болгодог. Энэ бол өнгөрсөн төрлүүддээ хийсэн бүхий л эерэг зүйлийн үр дүн гэж бодох хэрэгтэй. Та ийм хүний төрөл авахад хүргэсэн өөрийн өнгөрсөнд хийсэн зүйлдээ баясан, маш их баяртай байх хэрэгтэй. Ийм хүний төрлийн үндсэн дээр ирээдүйн төрлүүддээ маш сайхан нөхцөл байдалд төрөх боломж олгодог Номын бүхий л урьдчилан сэргийлэх аргуудыг авч хэрэглэх боломжтой болдог. Үүнийг одоо бидэнд буй энэхүү суурь болох хүний биеэр хийж болно.

Мэдээж бидний хийж болох хамгийн сайн зүйл бол өөрсдийн нөөц боломжинд бүрэн хүрч, энэ насандаа тув тунгалаг, бүрэн төлөвшсөн сэтгэл бүхий Бурхан болох явдал. Энэ бол бидэнд одоо байгаа эрдэнэт хүний төрөл дээр суурилж хийж болох зүйл юм. Иймд өөрийн эрдэнэт хүний төрлийг үнэлж сурах, илүү их дэвшил гаргах боломжуудынхаа талаар баярлаж, сайшааж байх нь маш чухал. Одоо бидэнд байгаа хүний төрөл дээр суурилан өөрийгөө ирээдүйд муу төрөлд төрөхөөс урьдчилан сэргийлж байна гэж бодож бясалгах хэрэгтэй. Ингэж та орчлонгийн дахин дахин тохиолдох асуудал, зовлонг туулахаас өөрийгөө хамгаалж чадна. Үнэндээ та өөрийн бүхий л нөөц бололцоонд хүрч Бурханы гэгээрлийн хутагт хүрч хүн бүрт тус хүргэж чадах юм. Эхлээд та эдгээр бүх боломжийн талаар мэдэж, үүнд баяртай байх сэтгэлийн эерэг зуршлыг бий болгохыг хичээж бясалгах хэрэгтэй.

Ийм байдлаар ярих нь та нарт тус болох нь уу? Намайг өөр маягаар ярихыг хүсэж байна уу?

Шавь нар: Үгүй.

Хэрэв та бүхэн энэ талаар аль хэдийн мэдэх бол би өөр маягаар тайлбарлаж болох юм. Хэрэв үүнийг та бүхэн тустай гэж бодож байвал би ийм байдлаар үргэлжлүүлэн тайлбарлаж болно. Хэдийгээр та бүхэн энэ талаар бүгдийг мэдэх хэдий ч сургаалыг дахин дахин сонсох нь маш чухал байдаг. Та бүхэн энэ бүгдийг мэдэж байж болно, ингээд сургаал сонсож байхдаа багш одоо үүнийг тайлбарлаж байна, дараа нь түүнийг тайлбарлана, тэгээд тэр жишээг авна гэдгийг мэдэж байж болно. Гэвч бүр адилхан үг ч байсан шавь өөр өөр ойлголт авч болдог, ойлголтын түвшин нь өөрчлөгдөж болдог юм. Ном сонсох үедээ зөвхөн мэдээлэл цуглуулах сэтгэлээр сонсохгүй байх хэрэгтэй. Харин сонссон зүйлээ амьдралд хэрэгжүүлэх үүднээс сонсох хэрэгтэй. Энэ бол гол зүйл юм.

Зөвхөн энэ насны амьдралд зориулан амжилт гаргахын төлөө зүтгэх нь утгагүй

Гэвш Лангри-тангпагийн нэг түүх бий. Тэрээр амьдралынхаа туршид гуравхан удаа инээсэн. Өөрийн мандлын будаандаа тэр нэг том оюу чулуу хийсэн байдаг байжээ. Нэг удаа тэр таван хулгана харсаны нэг нь өөдөө харж хэвтээд өнөөх чулууг хэвлий дээрээ тавьсан байв. Бусад дөрөв нь нэг нэг хөлийг нь аманд хийн түүнийг чирж байжээ. Үүнийг хараад түүний инээд хүрчээ. Материаллаг эд зүйлс олж авах нь үнэхээр их амжилт биш юм байна. Бүр хулгана мэтийн амьтад хүртэл түүүнийг цуглуулж чаддаг байхад шүү.

Энэхүү их эрдэмт мэргэний хоёр дахь удаагаа инээсэн тохиолдол нь маргааш өдөр нь цаазаар авахуулах гэж байсан нэг хүн сүүлийнхээ үдшийг гутлаа засаж өнгөрүүлж байгаатай таарсан явдал байв. Гурав дахь удаа нь тэрээр хээр газар тулга босгохоор чулуу цуглуулж яваа хэдэн хүнтэй тааралджээ. Тэдний нэг нь дээр нь ургамал ургасан нэг чулуутай төстэй зүйлийг хараад түүнийг ухаж гаргахаар очтол тэр нь газар дээр хэвтэж байсан хүн иддэг махчин амьтны толгой байж таарав. Бидний харж байгаачлан энэ насанд аливаа амжилт гаргах нь үнэхээр гайхалтай зүйл биш байна. Ирээдүйн төрлүүд, зам мөрдөө тустай бүтээл сонирхдог хүн байх нь илүү их амжилт юм.

Ийм сонирхол бүхий хүний төрөл авсан бол бид түүндээ маш их баяртай байх хэрэгтэй. Ер нь бол хэрэв бид банкинд нэг зуун мянган гилдертэй бол их баяртай байна. Гэвч тэр мөнгөөр та өөрийгөө муу төрөлд төрөхөөс хамгаалж чадахгүй, та гэгээрлийн хутгийг худалдаж авч чадахгүй. Энэхүү эрдэнэт хүний төрөл дээр суурилж бид Бурханы гэгээрлийн төлөвт хүрч чадна. Иймд бид бидэнд байгаа зүйлд баясах хэрэгтэй. Мэдээж хамгийн сайн зүйл бол Милбогдын жишээг дагаж, энэ насны амьдралтай холбоотой бүхий л зүйлсээ орхин өөрсдийгөө нэг үзүүрт сэтгэлээр энэ насандаа гэгээрэхэд зориулах хэрэгтэй. Гэвч бүх Номын бүтээлчдийн хувьд ийм байх маш хэцүү юм. Хэрэв бид Милбогдын адил байж, энэ насны амьдралын бүхий л зүйлсийг бүрэн орхиж чадахгүй ч гэсэн бид наад зах нь энэ насны амьдралын асуудлуудтай хэт оролцож, санаа зовохгүй байх хандлагатай байж болно.

Жишээ нь бидэнд байгаа янз бүрийн эд хогшилд мөн чанар гэж ердөө байхгүй гэж харах хандлага төлөвшүүлэхийг оролдож болно. Учир нь биднийг үхэх үед тэр бүхэн бидэнд байхгүй болно. Нэг үгээр хэлбэл тэд аль хэдийн өөр хүнийх ажээ. Хэрэв бид ийм байдлаар бодвол өөрсөддөө байгаа зүйлстэй хүчтэй зууралдахгүй болно. Өөртөө байгаа зүйлээ зам мөрийн бүтээлд ашиглах хэрэгтэй. Жишээ нь ядуу зүдүү хүмүүст өглөг өгөх гэх мэт.

Хэдийгээр таньд энэ насны аливаа зүйлд баригдаж, хэт оролцохгүй гэсэн ийм хандлагатай байсан ч хэрэв, урд төрлүүддээ хийсэн эерэг үйлийнхээ үр дүнд материаллаг эд баялагтай орчин нөхцөлд төрсөн бол тэр бүхнийг үрэн таран хийж, хаяж болохгүй. Нөгөө нэг хэт туйлшрах хандлага нь өөртөө байгаа зүйлдээ хүчтэй зууралдан, хэзээ ч тэр зүйлээсээ салахгүй байхыг хүсэх явдал. Энэ бол үнэхээр аюултай. Учир нь хэрэв та өөртөө байгаа зүйлдээ хэт хүчтэй баригдаж, харамч өмчирхөг байвал өлсгөлөн бирд болж төрж болно. Энэ бүгд бол зам мөрөөр явж Номын бүтээл хэрхэн хийхтэй холбоотой анхаарах зарим нэг зүйл юм.

Үнэндээ жинхэнэ гэгээрсэн Бурхан Дээрхийн Гэгээн Далай ламтай уулзах боломж гарсан явдал нь, мөн бид зам мөрд сонирхож байгаа нь өмнөх төрлүүддээ маш их эерэг нөөц боломж бий болгох маш их эерэг зүйл хийсний үр дүн юм. Одоо энэхүү эрдэнэт хүний төрлийг ашиглан чин үнэн бодь сэтгэлийг төрүүлж Бурханы гэгээрлийн хутагт хүрэхийг хичээн шаргуу хөдөлмөрлөх хэрэгтэй. Ийм хол явж, энэхүү эрдэнэт хүний төрөл авах хүртэл бид өмнөх төрлүүддээ аль хэдийн маш их шаргуу хөдөлмөр гаргасан байна. Иймд бид үүнийг дахин хийх ёстой болохыг хүсэж байгаа эсэхээ бодож үзэх хэрэгтэй. Ийм хол явж ирснийх бид одоо бүх замыг явж дуусган чин үнэн бодь сэтгэлийг төрүүлэн гэгээрэлд хүрэх хэрэгтэй. Энэ амьдралыг ашиглан гэгээрэлд хүрэх боломжтой учраас амьдралыг дэмий үрэхгүй байх нь чухал.

Хэрэв танд гарын алгын чинээ алт байвал та түүнийг ердөө зүгээр хаяхгүй байх. Хэрэв энэ алтаа авч гол руу хаяад өөр нэг тэр адил алттай болъё хэмээн залбирч суувал тэр мөрөөдөл биелэх үнэхээр хэцүү байна биз. Энэ насандаа зам мөрийн бүтээл огтхон ч хийхгүй, амьдралаа үрэх атлаа дараа төрөлдөө дахин нэг эрдэнэт хүний төрөл авъя хэмээн залбирах нь дээрхтэй адилхан. Хэрэв “Миний авч хэрэглэж болох урьдчилан сэргийлэх аргууд нь юу байх вэ?” гэвэл хийж болох олон зүйл бий. Тэдний заримаас би тайлбарлая.

Бусдын амь таслахыг цээрлэх

Эхний зүйл бол биеэр үйлдэх үйлдэлтэй холбоотой. Ямарч амьтны амь бүү ав. Амь таслах үйлд дөрвөн зүйл гүйцэд бүрдсэн байх ёстой. Амь таслах үйлийн орон нь, жишээлбэл, хонь байж болно. Үйлдлийг хийх санаатай байх ба объектоо (орноо) мэдэж байх. Гурван төрлийн сэдлийн улмаас үйлдлийг хийдэг. Хүсэл, уур хилэн, мунхаг гурав. Хүслийн эрхээр хийж буй үйлийн жишээ нь мах идэх үүднээс амьтныг төхөөрөх явдал. Эсвэл ямар нэг амьтан, хүнд маш их уурсан үзэн ядаж амийг нь хөнөөдөг. Мунхагийн үүднээс амь хөнөөх нь учир шалтгааныг нь сайн мэдэхгүйгээр үйлдлийг хийх явдал. Тухайлбал, зарим тэнгэрт цус өргөх үүднээс амьтнаар тахил өргөдөг олон хүмүүс байдаг. Үүнтэй адил зарим хүмүүс өвдөхөөрөө мал амьтан төхөөрвөл өвчин нь эдгэрнэ гэж боддог. Харин орноо таних гэдгийн хувьд хэрэв та хонь төхөөрөхийг завдаж байгаа бол тэнд буй хонь, ямаа хоёроос ямааг биш хонийг нь авч төхөөрснөөр тухайн үйлдэл гүйцэд болно.

Амь таслах бодит үйлдлийнх нь хувьд зарим хүмүүс амьтдыг ам хамрыг нь дарж битүүлэх байдлаар боомилдог. Зарим нь гараа дотогш оруулан, дотрыг гаргадаг. Амьтдын хоолойг тасалж гаргадаг зарим нэг хэсэг бий. Тухайн хонины амь таслах үйлдэл гүйцэхэд хонь амиа алдсан байх ёстой, түүний амьдрал дууссан байх ёстой.

Эндээс дөрвөн шинж бүхий үр гардаг. Эхнийх нь тийн боловсролын үр. Амь таслах үйлийн тийн боловсролын үр нь тамын амьтан, бирд, адгуус болж төрөх. Тэр төрөл нь дуусаж та дахин хүний төрөл авсан ч тэрхүү урдны үйлийн үр дуусаагүй байдаг. Бидний туулж, амсаж байгаа зүйлийн хувьд амьсгалын уг зохилдуу үр гардаг. Бусдын амийг авч, насыг нь богиносгосноор та өөрөө өвчин зовлонгоор шаналсан маш богино настай байх болно. Төрөлхийн зан байдлын хувьд гардаг уг зохилдуу үр гэж бас байна. Амь тасалсны үрд хэрэв та хүний төрөлд төрвөл бүр бага наснаасаа амьтан алах дуртай маш их тарчилган зовоогч хүн болно. Мөн эзэмших үр гарах ба хүмүүс нь олноороо үхэх нөхцөлтэй эсвэл тийм орон газар төрнө. Таны төрсөн газар бүх зүйл амьдрал тэтгэх маш доогуур нөхцөлтэй байна. Хоол хүнс нь ховор тарчиг, чанаргүй, эм тан нь сул, үр нөлөө багатай байх гэх мэт.

Хэрэв та амь тасалснаас гарах эдгээр бүх муу, сул талуудыг харж, амь таслахгүй байхаар шийдэж, үүнээс өөрийгөө хорьвол энэ нь сайн үр дагаварт хүргэх үйл болно. Эерэг үр дүнд хүргэх үйлийн үрд та хүн эсвэл тэнгэрийн төрөлд төрнө. Таны эдлэх амьсгалын уг зохилдуу үр нь та хүн болон төрснөөр урт настай эрүүл, өвчингүй байх болно. Хүн бүр урт насалж, өвчин зовлонгүй байхыг хүсдэг, нэг ч хүн залуугаараа насан эцэслэж, өвдөж зовохыг хүсдэггүй бөгөөд үүнийг авчрах зүйл нь амь таслахыг үргэлж цээрлэх явдал. Зан байдлын уг зохилдуу үрийн хувьд бүр бага балчир байхдаа ч та үргэлж амь таслахаас эмээж байх болно. Та хэзээ ч амь таслахгүй ба бүр мах идэх тухай ч бодож чадахгүй. Эзэмших үрийн хувьд таны төрсөн газар хоол хүнс нь элбэг тэжээлтэй, эм нь хүчтэй, үр дүнтэй байна. Хэрэв зөвхөн нэг удаа амь таслахыг хорьсноор ийм бүлэг эерэг үр дагавар нэг гардаг бол, хэрэв та амь таслахгүй хэмээн бодитой амлалт авснаар түүний үр нь тасралтгүй, бүр унтаж байхад ч гарч байх болно. Энэ нь цаг үргэлжийн эерэг үйл болох юм.

Шагжамүни Бурхан багшид олон гайхалтай шавь нар, сургаал сонсогч шравака нар байсан. Тэд тус бүр нэг онцгой чадвартай. Зарим нь далд хүчний онцгой чадвартай байхад бусад нь билиг билгүүний гэх мэт. Алс холын зэрлэг бүдүүлэг газар орны хүмүүсийн сэтгэлийг сургах чадвараараа онцгой нэг шавь байсан нь хутагт Катяаяана байв. Нэг удаа Катяаяанаг бадар гуйж яваад нэг махны худалдаачны гэрт очжээ. Тэрээр худалдаачинд амьтны амь таслахын муу, сул талуудыг бүгдийг тайлбарлаж өгөхөд тэрээр “Би өдрийн цагаар мал төхөөрөхийг зогсооно гэж амлаж чадахгүй, харин шөнийн цагаар хэзээ ч төхөөрөхгүй гэж амлаж байна” гэжээ. Тэгээд тэр түүнийгээ биелүүлжээ.

Энэ явдлаас хойш Сангаракшита хэмээх өөр нэгэн хутагт гарчээ. Тэр үед олон хүмүүс их эрдэнэс олохоор далайд гардаг байжээ. Тэдэнд одоогийнх шиг том том хөлөг онгоцнууд байдаггүй байв. Тэдэнд ердөө завь байдаг байв. Байгууллагад албан ёсны соён гэгээрүүлэх үүрэг бүхий шашны хүн байдгийн адил хөлөг дээрээ шашны хүн урьдаг уламжлалтай байжээ. Тэгээд тэд энэхүү Сангаракшита хутагтыг урьжээ. Тэд төөрч, үл мэдэх нэг бөглүү газарт ирэв. Сангаракшита нэг сайхан байшин олж очив. Шөнө байсан ч бүх зүйл сайхан байлаа. Идэж, уух зүйл элбэг дэлбэг, бүхий л зүйл нь тав тухтай байв. Харин гэрийн эзэн “Өглөөний нар мандахаас өмнө яваарай” гэж хэлжээ. Тэрээр өдрийн цагаар, нар мандмагц амьтад ирнэ, тэд бүгд түүн рүү дайрч, хазаж, өшиглөж, зарим нь эврээрээ мөргөнө гэв. Маш аймшигтай байх болно. Харин шөнө, нар жаргамагц бүх зүйл тайван амгалан болно. “Иймд нар мандмагц яваад, харуй бүрий болмогц дахин ирээрэй” гэв.

Тэгээд Сангаракшита буцаж ирээд, Шагжамүни Бурхан багштай уулзах үедээ юу үзсэнээ хэлэв. Бурхан багш тэр байшинд байсан хүн бол шөнийн цагаар мал нядлахгүй гэсэн сахил авч, өдрийн цагаар үргэлжлүүлэн мал нядалсаар байсан махны худалдаачны хойд төрөл хэмээв. Шөнийн цагаар мал нядлахгүй байсан учраас шөнийн цагаар бүх зүйл маш таатай сайхан байж, харин өдрийн цагаар амьтдыг үргэлжлүүлэн нядалсаар байсан тул амьтад түүн рүү үргэлж халдаж байжээ.

Амьтны амь таслахад тухайн амьтны хэмжээнээс шалтгаалан гарах сөрөг үр дагавар нь өөр байдаг. Шавьж алахаас хүн алах нь илүү муу. Хэрэв бүрэн гэтэлсэн архадыг, эсвэл өөрийн эцэг эхийн амь хөнөөхийг завсаргүй нүгэл гэдэг ба амь таслах хамгийн хүнд хэлбэр. Та нэг жижигхэн бөөс алж болох юм. Хэдийгээр энэ нь жижигхэн нүгэл боловч хэрэв та түүнийг өнөөдөр алж, түүнийг алсан нь буруу зүйл хэмээн хүлээн зөвшөөрч, наминчилж нүглээ арилгахыг оролдохгүй бол маргааш гэхэд сөрөг ул мөр нь нэмэгдэж та хоёрыг алсны адил болно. Түүнийг дахин нэг өдөр ийнхүү үлдээвэл дараагийн өдөр нь муу ул мөр нь дөрвийг алсны адил болно. Ийм байдлаар өдөр бүр хоёр дахин их болж үргэлжлэн нэмэгдсээр байна. Хэрэв үүнийг нэг жилийн хугацаанд үлдээвэл нэг жижиг бөөс алсны сөрөг ул мөр маш их болно.

Шавьж хорхойг хоёр хурууныхаа завсар хийн алсны үрд хураан дарагч тамд төрнө. Энэ тамд та маш том биетэй байх ба хоёр том уулын хооронд шахагдан няцарна. Үүнийг бид хүний төрөлд ч харж болдог. Хүмүүс хад цохион дээрээс унаж өөр нэг хад асганд цохигддог эсвэл хүмүүсийн байшин гэр нь тэдний дээрээс дарж нурдаг. Энэ бол бас өмнөх төрлүүддээ амьтныг няцалж алах үйлтэй төстэй үйлүүд хийсний үр юм. Хэрэв та амьтны амь таслахын бүхий л муу, сөрөг талууд, бүхий л тохиолдож болох зүйлүүдийг бодолцон ямарч амьд амьтны амийг хэзээ ч авахгүй гэж амлавал маш сайн. Та явж байгаад газар дээр олон шавьж хорхой харвал гишгэхгүй байхыг хичээх хэрэгтэй. Хэрэв та алхаж яваад гэнэт, харалгүйгээр шавьжийг гишгэвэл энэ нь санамсаргүй үйлдэл болно. Энэ тохиолдолд энэ нь дээрхтэй адил төрлийн сөрөг үйл болохгүй.

Амь таслахын сөрөг талыг харж, дахин амь таслахгүй байхыг амлах нь маш чухал. Ийм амлалтыг хийснээр та эрүүл, өвчин зовлонгүй, урт насална. Хэрэв та бодьсадвын хувиар бүтээл хийж байгаа бол маш өргөн цар хүрээтэй сэтгэл, зорилготой байх хэрэгтэй. Бурхан багшийн бодьсадва байсан үеийн урд насных нь амьдралын түүхүүдийг авч үзэж болох юм.

Маш их сувд, бусад эрдэнэс тээвэрлэсэн нэгэн хөлөг онгоцон дээр таван зуун зорчигч явж байжээ. Тэдний дотор Минаг Дунгдунг хэмээх нэгэн хэрэгтэн явж байв. Бурхан багш тэр үед нэгэн маш хүчтэй сэлүүрчин байжээ. Тэрээр Минаг хөлөг дээрх дөрвөн зуун ерэн есөн хүнийг хөнөөж, бүх эрдэнэсийг хөлгийн хамт булаан авахаар зэхэж байгааг мэдэв. Бурхан багшид тэдгээр бүх хүмүүст энэ нь ямар аймшигтай байх бол хэмээн үнэхээр их нигүүлсэнгүй сэтгэл төрж байлаа. Түүгээрч зогсохгүй хэрэгтэн түүний хувьд дөрвөн зуун ерэн есөн хүний амийг хөнөөсний үрээр маш их аймшигтай сөрөг ул мөр бий болгон маш муу нөхцөлд төрөл авна гэдэг үнэхээр аймшигтай зүйл. Чин сэтгэлт бодьсадвын хувьд Бурхан багш цорын ганц тус болох зүйл бол тэрээр өөрөө Минаг Дунгдунгийг хөнөөх явдал гэж харж байв. Тэрээр хэрэв тэр үүнийг хийвэл дөрвөн зуун ерэн есөн хүн амь насаа алдахгүй ба Минагийг ч маш их сөрөг ул мөр бий болгохоос урьдчилан сэргийлж чадна гэдгийг ойлгож байлаа. “Хэрэв би энэ хэрэгтний амийг хөнөөвөл би нэг хүний амь хөнөөсний сөрөг ул мөрийг бий болгоно. Гэвч энэ яахав. Би үүний үрд маш их зовлон, муу үр дагавар амссан ч хамаагүй. Бусад хүмүүсийн зовлонг багасгавал зохино” хэмээн боджээ. Энэхүү маш их зоригтой бодлоороо тэрээр Минаг Дунгдунгийг хөнөөжээ. Хэрэв та бодьсадва бол энэ тохиолдолд амь хөнөөж болно. Гэвч хэрэв та тэр түвшинд өөрөө хүрээгүй бол амь хөнөөх нь огтхон ч зөв биш.

Та өөрөө эсвэл өөр хүнээр хэн нэгний амь насыг хөнөөлгөвөл энэ нь маш сөрөг ул мөр таньд үлдээнэ. Үнэндээ өөр хүнээр үүнийг хийлгэх нь илүү муу байдаг. Энэ нь хоёр дахин их хэмжээний сөрөг ул мөр бий болгодог. Учир нь зөвхөн та өөр хүнээр энэ үйлийг хийлгүүлсний ул мөрийг бий болгох төдийгүй нөгөө хүн таны өмнөөс сөрөг үйлдэл хийсний ул мөрийг бас бий болгодог. Хэрэв та таван зуун цэргийн бүрэлдэхүүнтэй армийн нэг цэрэг болж дайнд орж, сэтгэлдээ бид дайснаа устгахаар явна хэмээн хүчтэй бодож байвал та хэдийгээр нэг ч хүн алаагүй ч армийн нийт устгасан хүний тоотой тэнцүү хэмжээний хүн алсан мэт ул мөрийг хувьдаа хураах болно. Бүр тэрхүү таван зуун цэрэгтэй армийн нэг хүн нь нэг мянган хүнийг хөнөөвөл та өөрөө нэг мянган хүн хөнөөсөнтэй адил сөрөг ул мөрийг бий болгоно.

Та нэг цэргийн бүлэгт байна. Тэнд “өчиггүйгээр хорооно гэсэн тангараг” үйлчилнэ. Өөрөөр хэлбэл замдаа тааралдсан бүхнийг устгана, нэгийг ч амьд үлдээхгүй гэсэн хатуу шийдвэр гаргадаг. Энэ нь бүр улам илүү их сөрөг ул мөрийг бий болгох юм. Хэрэв хэн нэг хүн ийм төрлийн амлалт, тангараг гаргавал тэд сөрөг ул мөрийг тасралтгүй бий болгох ба бүр унтаж байх үедээ ч ийм ул мөрийг хураасаар байдаг. Нөгөө талаараа, хэрэв та цэрэг гэж нэрлэгдэх бөгөөд ямар ч хүний амь хэзээ ч хөнөөхгүй гэсэн бодолтой бол түүнд ердөө буруу байхгүй. Хэдийгээр та цэрэг боловч амь хөнөөх нь маш муу гэдгийг ойлгосон, амь хөнөөх ямар нэг санаагүй, бүр амь хөнөөхгүй гэж андгайлсан бол түүнд ямар ч буруу байхгүй. Хэрэв хэн нэг хүн олон тооны хүний амь нас хөнөөх гэж байвал, түүнийг хөнөөхөөс өөр арга байхгүй тохиолдолд Бурхан багшийн өмнөх төрлийн бодьсадвын жишээний адил зөв сэдлээр түүнийг хийх нь хэдийгээр амь хөнөөсний сөрөг ул мөр үлдээх боловч эерэг үйл болно.

Энэ бүгд бол амь таслах үйлийг хорихтой холбоотой анхаарах зүйлүүд юм. Хэрэв та амь таслахгүй гэж амлавал энэ нь маш эерэг зүйл болдог. Гэтэл зарим тохиолдолд, маш их бухимдал төрүүлдэг шумуул зэрэг шавьж байх ба тэдгээр нь танд хумхаа гэх мэт өвчин халдааж болно. Тэднийг устгах зориулалт бүхий цацлага, химийн бодис та тавьж болох юм. Хэрэв та тийм бодис хэрэглэх гэж байгаа бол гэрт ямарч шавьж байхгүй үед тэднийг орж ирэхээс сэргийлж тавих юм бол буруу зүйл байхгүй. Харин гэрт тань шавьж олноороо үүрэлсэн үед түүнийг хэрэглэвэл амь таслах гэм гарна. Амь таслахаас хэрхэн сэргийлэх тухайд бүтээлийн олон тал хандлагууд бий.

Хулгай хийхийг цээрлэх

Хоёр дахь санаа бол хулгайч байж болохгүй, хулгай хийхгүй байх. Тухайн зүйл, орон нь, хэн нэг хүний эд зүйл байх ёстой. Сэдэл нь хүсэл эсвэл уур хилэн байна. Өмнө бид ярьсны адил та ямар нэг эд зүйлийг их хүссэн, эсвэл та хэн нэгэнд их уурлаж бухимдсан учраас хэн нэгнээс хулгай хийж болно. Хулгай хийх үйл нь миний авсан зүйл одоо минийх болсон гэх сэтгэл, хандлагатай болох үед гүйцдэг. Ийм үйлийн үрд тамын амьтан эсвэл бирд болж төрдөг. Та хэдий хүн болон төрсөн ч маш ядуу, ямарч эд хөрөнгөгүй хүн болон төрж болно. Эсвэл ямар нэг зүйл болоход тэр нь үргэлж хулгайд алдагдана. Энэ нь таны биеэрээ туулж буй уг зохилдуу үр юм. Зан байдлын уг зохилдуу үр нь тухайлбал, хэдий баян чинээлэг гэр бүлд төрсөн ч гараад хулгай хийдэг бага насны хүүхдүүд байдаг. Эзэмших үрийн хувьд та хүн бүр нь маш ядуу улс орон, газар нутагт төрнө. Нөгөө талаараа хулгай хийхийг үргэлж цээрлэж байсны үрд маш баян оронд маш чинээлэг хүн болж төрнө.

Энэ тухайд би та бүхэнд Пэнпо нутгийн их бандид, гэвш Пэн Күнгелийн амьдралын нэг жишээг авч ярья. Та нар түүний амьдралын түүхээс сонсож байсан уу? Хэн хэн сонссож байсан бэ? Хэнээс сонссон бэ? Намайг уучлаарай, би үүнийг сонсож байгаагүй хүмүүст зориулан дахин ярьж өгье. Сэтгэлд маш их тустай байдаг учраас би эдгээр түүхүүдийг ярьдаг. Маш их утга санаа агуулдаг бөгөөд эдгээр нь ердөө нэг үлгэр домог, зохиосон зүйлүүд биш юм.

Пэн Күнгел гэдэг нь “Пэнпогийн хаан бандид” гэсэн утгатай. Тэр зартай хулгайч байжээ. Тэрээр тариа тариалдаг дөчин акр газар бүхий нэг байшинд амьдардаг байв. Бас анд явж, загас, амьтны амь хөнөөн, хулгай хийнэ. Нэг удаа өөрийн гэр, Лхас хоёрын хооронд байх нэг өндөр даваан дээр нэгэн морьтонтой таарчээ. Тэр морьтон түүнийг танихгүй учраас “Нөгөө Пэн Күнгел бандид ойр хавьд байхгүй биз дээ?” хэмээн асуухад нь Пэн “Би байна” гэхэд нөгөө морьтон маш их айн, мориноосоо унан уулын уруу өнхөржээ. Түүнийг нэрийг сонсох нь хүнийг уулын уруу унахад хүргэх хүчтэй байна хэмээн тэр ихэд бухимдан тэр цагаас хойш хэзээ ч хулгай хийхгүй байхаар шийджээ.

Түүнээс хойш тэрээр Ном бүтээж, арван муу үйлийг хийхгүй, арван эерэг үр дагаварт хүргэх үйлийг хийхийг хичээж байв. Нэг эерэг үйл хийх удаа бүрдээ тэр нэг хадан дээр нэг цагаан, харин сөрөг, муу үр дагаварт хүргэх үйл хийх бүрдээ нэг хар зураас татаж байжээ. Эхэндээ тэр маш цөөхөн цагаан зураас, маш олон хар зураас татдаг байж. Улмаар тэр цөөн хар, илүү олон цагаан зураас татдаг болов. Орой болоход хэрэв тэр цагаанаасаа олон хар зураас татсан байвал баруун гараа зүүн гараараа барьж “Пэнпогийн хаан бандид чи! Маш муу хүн! Өнгөрсөнд чи маш аймаар хулгайч байсан, одоо ч чи бас муу хүн хэвээр байсаар байна!” хэмээдэг байв. Тэр өөрийгөө маш их зэмлэдэг байлаа. Хэрэв өдрийн төгсгөлд, илүү олон цагаан зураас татсан байвал зүүн гараараа баруун гараа атган гар барин өөртөө баяр хүргэдэг байжээ. Тэрээр өөрийгөө Номынхоо нэрээр Цүлтрим Гялва (“Ёс зүйн хувийн сахилга батаараа ялагч”) хэмээн дуудаж, “Одоо чи үнэхээр эерэг хүн болж байна” хэмээн өөртөө баяр хүргэдэг байсан юм.

Ингээд хожим нь тэрээр маш сайн Номын бүтээлч хэмээн нэрд гарчээ. Нэг удаа нэг өглөгийн эзэн эмэгтэй түүнийг гэртээ хоолонд урьжээ. Түүнийг гадагшаа гарахад, тэрээр хулгай хийх үнэхээр маш хүчтэй төрөлхийн зантай байсан болохоор тэр эмэгтэйн цайгаа хийдэг сагс руу нь гараа явуулж өөрөө өөртөө үйлчилж эхлэв. Тэрээр өөрийгөө барьж, нэг гараараа нөгөө гараа барьж аван “Хөөе эгчээ, хурдлаарай, би нэг хулгайчийг бариад авлаа!” хэмээн хашгирсан гэдэг.

Бас нэг удаа тэрээр өөр олон Номын бүтээлчдийн хамтаар нэг айлд уригдан, тэнд тарагаар дайлуулж байжээ. Тэрээр ард суун, гэрийн эзэн урдуур сууж байгаа хүмүүст таргийг маш их хэмжээгээр аягалан өгч байгааг харж байв. Тэрээр санаа зовж эхлэн түүнд ирэхэд бараг тараг үлдэхгүй нь хэмээн бухимдан боджээ. Тэрээр таргийг аягалан дуусч байна хэмээн харж, сөрөг сэтгэл бодолтой сууж байлаа. Нөгөө хүн түүн дээр ирэх үед тэрээр ямар сэтгэлтэй байснаа ойлгож, аягаа доош харуулан “Үгүй ээ, баярлалаа. Би аль хэдийн бусдыг харангаа өөрийн хувиа идчихсэн” гэж хэлжээ.

Өөр нэг удаа түүний нэг өглөгийн эзэн түүний гэрт зочлохоор ирэх гэж байжээ. Тэрээр өглөө эртлэн босож өрөөгөө маш сайн цэвэрлэж, цэцэг, олон сайхан хүж бүхий сайхан тахил тавьжээ. Тэгээд суугаад хийсэн зүйлийнхээ тухайд өөрийн сэдлээ сайтар нягтлав. Тэрээр ердөө өглөгийн эзэн ирэх гэж байгаа учраас түүний сэтгэлийг татахын тулд маш их түвэг эдлэн байж сайхан тахил тависнаа ойлгов. Тэрээр гадагш гарч атга үнс аван орж ирж түүнийг хаа сайгүй цацав. Тэрээр “Өмнө нь би хулгайч байхдаа үнэхээр их хөдөлмөрлөж ам минь өөрийгөө тэжээх хангалттай хоол олж чаддаггүй байсан. Харин одоо Номын бүтээл хийж, олон хүн ирж, өргөл барин хоол хүнс миний амыг олж орж чадахгүй байна” хэмээжээ.

Хэрэв гэвш Пэн Күнгелийн амьдралаар гаргаж байгаа эдгээр санаануудыг сайтар бодож үзэх юм бол танд их зүйлийг бодогдуулж, жинхэнэ бүтээл ямар байх ёстойг ч харуулна. Та өөрийгөө муу хүн байх, сөрөг үр дагаварт хүргэх байдлаар үйл хийх зэргээс шууд өөрчилж чадахгүй. Та түүнд алгуур хүрэх ёстой.

Хэрэв та өөрийн чадах чинээгээр бүтээл хийвэл илүү эерэг, сайн хүн болно. Ингээд нас эцэслэх үедээ ямарч асуудал, зовлон, гуниг амсахгүй юм. Хүн бүр үхнэ. Үүнтэй нүүр тулж буй цорын ганц хүн бол та биш. Хэрэв та амьдралын туршид илүү сайн хүн болоход хичээж байгаад насан эцэслэж байгаа бол танд “Туулж өнгөрүүлсэн амьдралдаа надад харамсах зүйл үнэхээр алга. Би сайн хүн байхын тулд хичээн, бүхий л хүчин чармайлтаа дайчилсан” гэж санагдана. Ингээд та ямарч айдас зовнилгүй тайван амьсгал хурааж чадна. Ингэвэл маш сайн.

Зохисгүй бэлгийн харилцааг цээрлэх

Бид биеэр үйлдэх эхний хоёр сөрөг үр дүнд хүргэх үйлийн тухай ярилцлаа. Гурав дахь биеэр үйлдэх сөрөг үр дагаварт хүргэх үйл нь зохисгүй бэлгийн харилцаа юм. Жишээ нь гэрлэсэн эрэгтэй өөр нэг бүсгүйг сексийн харилцагчаа болгох. Үүний үрд хэрэв та дахин хүний төрөлд төрвөл таны эхнэр үнэнч бус, гэр бүлээс гадуур их амрагийн холбоотой байх болно. Цаашлаад та бүхэн бие засах газар эсвэл маш их хог хаягдал бүхий газарт байх өт хорхойг мэднэ, жишээ нь ялаа, авгалдай гэх мэт, энэ бүхэн нь гол төлөв зохисгүй бэлгийн харилцааны үр дагавар байдаг.

Хутагт Катяаяана нэг удаа үргэлж зохисгүй бэлгийн харилцаанд ордог, гэр бүлээсээ гадуур амрагийн холбоотой нэг хүнтэй тааралджээ. Тэрээр ийм зүйлийг өдрийн цагаар хийхгүй байхаар амалж, харин шөнийн цагаар бол ийм харилцаанд орохыг зогсоож чадахгүй гэжээ. Тэгээд тэрээр өдрийн цагаар хийхгүй байхаар сахил авчээ. Хожим нь хутагт Сангаракшита өдрийн цагаар маш баяр баясглантай байх боловч шөнийн цагаар нөхцөл байдал үнэхээр аймшигтай, тэсэхийн аргагүй болдог нэгэн айлтай таарчээ. Тэрээр маш таагүй асуудалтай байдаг байв. Сангаракшита Бурхан багшаас энэ талаар асуухад тэрээр энэ бол тэр хүний өдрийн цагаар зохисгүй бэлгийн харилцаанд орохгүй гэж сахил авч, шөнө түүнийг сахихгүй байсны үр гэжээ.

Худал хэлэхийг цээрлэх

Одоо хэлний үйлийн талаар. Хэрэв та худал, үнэн биш зүйлийг хэлбэл энэ бас сөрөг ул мөр үлдээдэг. Худал хэлэх гэдэг нь жишээлбэл, үнэн зүйлийг үнэн биш гэж хэлэх, үнэн биш зүйлийг үнэн гэж хэлэх, эсвэл байхгүй зүйлээ байгаа гэж хэлэх болон байгаа зүйлээ байхгүй гэж хэлэх явдал. Худал хэлсний үрд та бидний амьдралд байдаг хүн бүрт хууртан, мэхлэгдэж явдаг хүмүүстэй адилхан болж болно. Худал хэлэхийг цээрлэснээр та хүн бүр нь үнэнч шударга газар төрж, та хэнд ч мэхлэгдэхгүй. Танд нэг ч хүн худал хэлэхгүй.

Бурхан багшийн үед Кево-судэй хэмээх нэг хүн байжээ. Огт худал хэлдэггүй учраас түүнийг инээх бүрт түүний амнаас сувд унадаг байв. Хүн бүр түүнийг инээлгэхийн тулд түүнд онигоо ярьж өгдөг байв. Гэвч тэр ховор инээдэг байлаа. Нэг өдөр хуврагийн шар орхимжийг ихэмсэг өмссөн нэг хувраг хуврагийн эд зүйлс барин орон нутгийнхаа хааны ордон руу явж байжээ. Хаан түүнийг дагуулан ордоныг сонирхуулав. Хаа сайгүй олон алтан зоос байх бөгөөд заримдаа бүр овоолгоотой байх ажээ. Хувраг өөрийн барьж яваа зүйлийн доор зөгийн бал түрхжээ. Түүнийг ордоноос гарах үед орхимж нь дээр нь шувууны өд мэт нэг хялгас наалдсан байв. Тэрээр энэ түүнийг сайхан харагдуулахгүй байх хэмээн бодож түүнийг авч үлээн хаяв. Кево-судэй тэр ихэмсэг хуврагийг хааны ордноос эд зүйлсийнхээ доор алтан зоос наалдуулан гарах боловч ямар харагдах болон хэмээн санаа зовон орхимжин дээрээсээ жижигхэн цагаан хялгасыг авч үлээн хаяж байгааг харжээ. Зөвхөн иймэрхүү үйл явдалууд Кево-судэйг инээд алдахад хүргэдэг байсан аж.

Энэ орны хатан нь маш сул бэлгийн ёс суртахуунтай байжээ. Тэрээр ордоны агтачийн адууны чүжээнд очдог байв. Нэг өдөр тэр агтачийн дургүй зүйлийг хийхэд агтач хатныг алгадаж орхижээ. Гэвч хатан юу ч тоосонгүй. Өөр нэг удаа хаан бөгжөө хуруунаасаа авч түүнийг хатан руу тоглоом тохуу хийн шидэхэд хатны хацар дээр зөөлөн бууж, хатан ч уйлж гарчээ. Судэй үүнийг хараад инээд алджээ. Хэрэв та худал хэлэхийг цээрэлбэл та ч бас ийм адил үр дүн хүртэх боломжтой; таныг инээх бүрт таны амнаас сувд унана. Ийм үрүүд гарна.

Хов хэлэхийг цээрлэх

Хов хэлсний үрийг та зарим гэр бүлүүд дээр харж болно. Гишүүд нь бие биетэйгээ үргэлж муудалцан маргалдаж, эцэг эх, үр хүүхэд нь таарамжгүй байдаг. Энэ бүгд бол хов хэлэн, бусдыг бие биеэс нь холдуулж байсны үр дүн юм. Үүний адил хэрэв таны амьдарч буй газар маш их энхэл донхол, газар зүйн байдал нь тэгш бус, маш хэцүү нугачаатай бол энэ бас хов хэлсний үр. Хов хэлэхийг цээрлэснээр та маш тэгш, жигд, үзэсгэлэнтэй газар төрж, та хүн бүртэй маш эвсэг харилцаатай байх болно.