Энэрэн нигүүлсэх сэтгэл аз жаргалын эх сурвалж

Compassion as a source of happiness

Амьдралын зорилго бол аз жаргалын төлөө тэмцэх

Бид энд байна; бид оршиж байна, бид орших эрхтэй. Бүр цэцэг гэх мэт ухамсарт бус бодгаль хүртэл орших эрхтэй. Хэрэв тэдний эсрэг сөрөг хүч хэрэглэвэл, тэд амьд үлдэж хоцрохын тулд химийн түвшинд өөрсдийгөө нөхөн сэргээдэг. Гэтэл бид хүний төрөл, хорхой шавьж, бүр хамгийн жижиг амьд биет амёб зэрэг нь бүгд ухамсарт бодгальд ордог. [Ухамсарт бодгаль болохын хувьд бид амьд гарахын тулд өөрийгөө хамгаалах илүү нарийн тогтолцоотой.]

Миний бие эрдэмтэдтэй хийсэн уулзалтын үеэр “Ухамсарт бодгаль” гэдэг нь өөрийн хүсэл зоригийн эрхээр хөдөлж чадах зүйл гэсэн утгатай болох тухай ярилцаад байгаа юм. “Ухамсар” гэдэг нь заавал ухамсарлан ойлгож байх, эсвэл ухаан санаатай байгаа хүнийг хэлэхгүй. Үнэндээ “ухамсар”, “ухамсартай” гэдэг нь ямар утгатай болохыг тодорхойлоход хэцүү байдаг. Ихэвчлэн энэ нь сэтгэлийн хамгийн нарийн, хурц тал гэсэн утгатай боловч энэ нь ухаан алдах эсвэл хагас ухаангүй болох үед ухаан санаа байхгүй болох гэдэг тэр мөн үү? Шавьжинд энэ байдаг уу? Магадгүй ухамсар гэснээс “танин мэдэх чадвар” гэж ярьвал дээр байх.

Юутай ч бидний энд ярьж байгаа хамгийн гол зүйл [танин мэдэх чадвар] бол таашаалтай, хөндүүр, эсвэл тодорхой бус мэдрэмжүүдийг мэдрэх чадвар юм. Таашаал болон хөндүүр нь [жаргал, зовлон] чухамдаа бидний илүү гүнзгий шалгаж үзэх хэрэгтэй зүйлүүд байдаг. Жишээлбэл, бүх ухамсарт бодгаль амьд байх эрхтэй, амьд байх гэдэг нь аз жаргал эсвэл тав тухтай байх хүсэл эрмэлзэлтэй байх гэсэн үг бөгөөд ийм ч учраас бодгалиуд амьд үлдэх гэж зүтгэдэг. Ингэхлээр бидний амьд байх нь итгэл найдвар – ямар нэг сайхан зүйлд хүрэх эрмэлзэл: аз жаргал дээр суурилдаг байна. Ийм учраас би үргэлж амьдралын зорилго бол аз жаргал юм гэсэн дүгнэлтэд хүрдэг. Итгэл найдвар, аз жаргалыг мэдэрснээр бидний бие махбодь сайн байдаг. Тийм болохоор итгэл найдвар, аз жаргал нь бидний эрүүл мэндийн эерэг хүчин зүйл болдог. Эрүүл мэнд сэтгэлийн сайн төлөв байдлаас шалтгаалдаг.

Харин уур бухимдал нь итгэлгүй байдал дээр суурилж, бидэнд айдас авчирдаг юм. Ямар нэг сайхан зүйл тохиолдвол бидэнд аюул байхгүй мэт санагдана. Хэрэв ямар нэг зүйл түгшээж байвал бидэнд айдас төрж, тэгээд уур бухимдалтай болдог. Уур бол биднийг амьд үлдэхэд саад болох зүйлүүдээс өөрийгөө хамгаалах сэтгэлийн нэг хэсэг юм. Гэвч уур нь [биднийг хямрааж байдаг, тийм болохоор цаад утгаараа] бидний эрүүл мэндэд хортой.

Аливаа зүйлд татагдах сэтгэл нь бидний амьд үлдэхэд тустай нэг хүчин зүйл. Бүр ургамалд ч хүртэл ямар нэг ухамсарт хүчин зүйлгүйгээр өөрийгөө хамгаалах, ургалтыг нь дэмжих зарим химийн шинж чанар байдаг. Бидний бие махбодын хувьд энэ нь адил. Гэхдээ хүнийхээ хувьд, сэтгэлийн түвшиндээ хэн нэгэнд татагдах, эсвэл өөрсдийн сайн сайханд тэмүүлэх эерэг хүчин зүйл бидэнд бас байдаг. [Эсрэгээрээ уур нь өөрийн сүйтгэх шинж чанараараа] биднийг аливаа зүйлээс [бидний аз жаргалыг оролцуулан] холдуулж байдаг. [Аз жаргалын авчирдаг] таашаал нь физикийн түвшингээрээ бидний бие махбодид сайн байхад харин уур нь [түүний үүсгэдэг зовлон хэмээх] хортой. Иймд [амьд байх зүтгэл талаасаа] амьдралын зорилго нь аз жаргалтай амьдрах юм.

Үүнийг би хүний суурь, үндсэн түвшинд ярьж байна. Би шашны, хоёр дахь түвшинд нь яриагүй байна. Шашны түвшинд мэдээж амьдралын зорилгын тухай өөр өөр тайлбарууд байгаа. Хоёр дахь тал нь үнэхээр нилээд ярвигтай, тиймээс зөвхөн суурь түвшинд нь ярих нь илүү дээр.


Видео: 14-р Далай лам — “Итгэл”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно. 

Аз жаргал гэж юу вэ?

Бидний зорилго, амьдралын утга нь аз жаргал юм бол аз жаргал гэдэг нь чухам юу юм бэ? Заримдаа бие махбодийн зовлон нь гүнзгий сэтгэл ханамжийг авчирдаг [тамирчны маш их хүч тамир шаардсан бэлтгэл сургуулилтын дараах гэх мэт]. Тэгэхээр “аз жаргал” гэдэг нь ихэвчлэн гүн сэтгэл ханамж байдаг. Тэгвэл бидний амьдрал, зорилгын гол цөм нь сэтгэл ханамж аж.

Аз жаргал, гуниг эсвэл зовлон – энэ бүхэнд хоёр түвшин байдаг: мэдрэхүйн болон сэтгэлийн түвшин. Мэдрэхүйн түвшин нь хамгийн жижиг хөхтөн амьтад, бүр шавьж ялаанд хүртэл адилхан байдаг. Сэрүүн цаг агаартай үед, нар мандахад ялаа их таатай шинж үзүүлэн, нисэж харагддаг. Хүйтэн өрөө тасалгаанд удаанаар нисэж, гунигтай байдал үзүүлдэг. Уураг тархи илүү нарийн байх тусам илүү хүчтэй мэдрэхүйн таашаалууд төрж байдаг. Бидний нарийн хөгжсөн уураг тархи хэмжээгээрээ хамгийн том нь, бас бид оюун ухаантай.

Бие махбодийн хувьд аюул заналхийлэл байдаггүй хүнийг авч үзье. Тэдэнд сайхан тав тухтай аж амьдрал, найз нөхөд, цалин, нэр төр гэж байна. Гэвч ийм байтал жишээ нь зарим нэг тэрбумтан хүмүүс өөрсдийгөө нийгмийн чухал хэсэг гэж үздэг боловч, голдуу маш зовлонтой хүмүүс байдаг. Дотооддоо гүнзгий ганцаардал, сэтгэлийн хямрал, шаналалтай, хэцүү байдалтай, маш чинээлэг нөлөө бүхий хүмүүстэй нилээд хэдэн удаа уулзаж байсан. Тэгэхээр сэтгэлийн түвшинд тэдэнд зовлон байна.

Бид гайхалтай оюун ухаантай, тиймээс бидний сэтгэлийн түвшиндээ туулах мэдрэмж нь бие махбодийн түвшингээсээ илүү давамгай байдаг. Бие махбодийн өвчин зовиурыг багасгаж болдог эсвэл өөрөө аяндаа намддаг. Нэг жижигхэн жишээ гэвэл хэдэн жилийн өмнө би нилээн хүнд өвдсөн юм. Дотор гэдэс маш хөндүүр байсан. Тэр үед би Бихар мужид байлаа. Энэтхэгийн хамгийн ядуу нутаг. Тэндээс Бодгаяа, Наландагаар дайрч явсан юм. Тэнд аргал түүж яваа маш ядуу олон хүүхдүүдийг харж билээ. Тэдэнд ямарч боловсролын үйлчилгээ байдаггүй. Надад маш ихээр өрөвдөх сэтгэл төрж байсан. Дараа нь тэр мужийн нийслэл Патнагийн ойролцоо миний өвчний зовиур улам их болж, хөлөрч байх тэр үед би цагаан өнгийн маш их бохир болсон даавуун хувцастай, өндөр настай, өвчтэй эрэгтэй хүнийг харав. Нэг ч хүн тэр хүнийг анхаарахгүй. Үнэхээр маш харамсалтай санагдаж байлаа. Тэр шөнө зочид буудлын өрөөнд миний бие махбодийн өвчин улам хурц болж байсан ч сэтгэлдээ би тэдгээр хүүхдүүд, тэр настай хүний тухай бодож, тэдний талаар зовсон бодол миний бие махбодийн өвчнийг ихээр намдааж байсан юм.

Олимпод бэлдэж байгаа тамирчдыг аваад үзье. Тэд маш их ачаалалтай бэлтгэл сургууль хийдэг. Хэдий их хэцүү, бэрх байсан ч тэд сэтгэлийн түвшиндээ баяртай байдаг. Ийм учраас бие махбодийн түвшиндээ амсаж байгаа зүйлээс сэтгэлийн түвшнийх нь илүү чухал. Тэгэхээр амьдралын хамгийн чухал зүйл бол аз жаргал, сэтгэл ханамж юм.

Аз жаргалын шалтгаан

Одоо тэгвэл аз жаргалын шалтгаан нь юу вэ? Энэ бие махбодийн бүрэлдэхүүн хэсэг нь сэтгэл хямарсан бус сэтгэл амгалан байхад сайн байдаг юм бол тайван амгалан сэтгэл маш чухал байх нь. Бидний бие махбодын нөхцөл байдал ямар байх нь хамаагүй, сэтгэлийн тайван байдал хамгийн чухал. Тэгвэл бид яаж тайван, амгалан сэтгэлийг бий болгох вэ?

Одоо тэгвэл бүх асуудлуудаасаа салъя – энэ боломжгүй байх. Сэтгэлээ бүүдийлгэж бүх асуудлуудаа мартъя, энэчлэн бас болохгүй. Бид асуудлууд руугаа анхааралтай харж, арга хэмжээ авах ёстой, ингэхдээ сэтгэлээ тайван байлгаж, тэгсэнээрээ асуудалд бодитой хандаж, сайн арга хэмжээ авч, тэднийг шийдвэрлэж чадах юм.

Тайвшруулах эм хэрэглэдэг хүмүүсийн хувьд, надад тэгж байсан туршлага байхгүй тул, тайвшруулах эм хэрэглэсэн үед оюун ухаан хурц эсвэл бүүдгэр ямар байдгийг би сайн мэдэхгүй байна. Асуух ёстой юм байна. Нэг удаа 1959 онд, намайг Мүссоорийд байхад миний ээж эсвэл өөр хэн нэгэн байсан байх маш их хямарч, шаналж, нойр нь муудсан. Эмч зөвлөхдөө нэг төрлийн эм ууж болно, гэвч энэ эм сэтгэхүйн идэвхтэй үйл ажиллагааг бага зэрэг сулруулж болно гэж хэлсэн юм. Тухайн үед би түүнийг сайн зүйл биш байна гэж бодож байлаа. Нэг талаас сэтгэл бага зэрэг тайван болох боловч, нөгөө талаас үр дүн нь сэтгэлийн тодорхой биш байдлыг үүсгэвэл, тэр тийм ч сайн биш. Би өөр байдлыг илүүд үзнэ. Оюун ухаан бүрэн ажиллагаатай, анхааралтай, соргог, гэхдээ хямраагүй байхыг илүүд үзнэ. Хямралгүй сэтгэлийн амгалан байдал хамгийн сайн.

Үүнд хүнд байдаг энэрэн нигүүлссэн хайр энхрийлэл үнэхээр чухал: сэтгэл хэдий энэрэнгүй, нигүүлсэнгүй байна төдий чинээгээр уураг тархи ажилладаг. Хэрэв сэтгэлд айдас, уур бухимдал байвал уураг тархи сул ажилладаг. Би нэг тохиолдлоор нэгэн ная гаруй настай эрдэмтэнтэй уулзсан юм. Тэр надад өөрийн нэг номоо өгсөн нь Бид уур бухимдлын хоригдлууд гэсэн нэртэй ном байсан шиг санагдаж байна. Түүнд тохиолдсон зүйлүүдийн тухай тэрээр ярихдаа, бид ямар нэг зүйлд уурлах үед тухайн зүйл бидэнд маш сөргөөр харагддаг, гэвч тэр сөрөг байдлын ерэн хувь нь ердөө бидний сэтгэлийн өөрийнх нь тусгал байдаг гэж хэлж байв. Энэ бол түүнд тохиолдсон зүйл байсан юм.

Бурханы шашин үүнтэй яг адил зүйлийг хэлдэг. Сөрөг сэтгэл хөдлөл бий болоход бид бодит байдлыг харж чаддаггүй. Хэрэв шийдвэр гаргах хэрэгтэй үед сэтгэлд уур бухимдал давамгайлж байвал, буруу шийдвэр гаргах боломжтой. Хэн ч буруу шийдвэр гаргахыг хүсдэггүй, гэвч тэр үед бидний уураг тархи, оюун ухааны буруу зөвийг ялгаж шийдвэр гаргадаг хэсэг нь муу ажиллаж байдаг. Бүр их удирдагчдад бас ийм зүйл тохиолддог.

Харин энэрэн нигүүлсэх сэтгэл, хайр халамж нь уураг тархи илүү төвөггүй ажиллахад тусалдаг. Хоёрдугаарт энэрэн нигүүлсэх сэтгэл нь бидэнд дотоод хүч чадал өгдөг. Бидэнд өөртөө итгэх итгэл өгч, тэр нь айдсыг багасгаж, эргээд сэтгэлийг тайван болгодог байна. Үүнээс харахад энэрэн нигүүлсэх сэтгэл нь хоёр үүрэгтэй: уураг тархи сайн ажиллахад нөлөөлдөг болон дотоод хүч чадал авчирдаг. Эдгээр нь тэгэхээр аз жаргалын эх сурвалж, шалтгаан нь болно. Надад ингэж санагдаж байна.

Мэдээж өөр хүчин зүйлүүд бас аз жаргалтай байхад нөлөөлнө. Жишээ нь хүн бүр мөнгөнд дуртай. Хэрэв бидэнд мөнгө байвал, бид сайн эд зүйлс, тоног хэрэгсэл эдэлж болно. Ихэвчлэн бид үүнийг хамгийн чухалд тооцдог. Гэвч би үүнийг тийм гэж бодохгүй байна. Материаллаг тав тух биеийн хүчин чармайлтаар бий болж болно, харин сэтгэлийн тав тух сэтгэлийн хүчин чармайлтаар л бий болдог. Дэлгүүрт очоод худалдагчид мөнгө төлөөд сэтгэлийн амар амгалан авъя гэвэл мэдээж байхгүй л гэж хэлнэ. Олон худалдагчид энэ нь утгагүй санагдаж, тэд шоолж инээнэ. Зарим эм, тариа түр зуурын жаргал, сэтгэлийн тайвшрал авчирч болох юм. Гэвч бүрэн дүүрэн бол үгүй. Бид сэтгэл хөдлөлийг хэлэлцэх, тунгааж үзэх байдлаар даван гарах хэрэгтэй гэсэн сэтгэл судлалын зөвөлгөөнүүдийн жишээг хардаг. Бид ийм сэтгэлийн аргыг хэрэглэх ёстой. Тийм ч үүднээс би яриа болгондоо орчин үеийн хүмүүс бид гадаад хөгжил дэвшлийн талаар хэтэрхий их бодож байна гэж хэлдэг. Хэрэв бид зөвхөн тэр түвшиндээ анхаарч байвал энэ нь хангалттай биш. Жинхэнэ аз жаргал, сэтгэл ханамж дотоодоос ирэх ёстой.

Үүнийг бүрдүүлэгч үндсэн хүчин зүйл нь энэрэн нигүүлсэх сэтгэл болон хүний хайр халамж юм. Эдгээр нь төрөлхийн биологийн шинж чанартай. Нярай хүүхдээр аваад үзвэл бидний амьд, эсэн мэнд байх нь зөвхөн хайр халамжаас шалтгаалдаг. Хэрэв хайр халамж байвал бидэнд аюулгүй санагддаг. Хэрэв байхгүй бол бид зовниж, айдастай байдаг. Биднийг ээжээс нь холдуулвал бид уйлдаг. Хэрэв ээжийнхээ гар дээр дулаахан, чанга тэврүүлээд байж байвал бид жаргалтай байж тайвширдаг. Энэ бол нярай хүүхдийн төрөлхийн шинж чанар. Миний нэг багш, эрдэмтэн, цөмийн энергийн хүчирхийллийг эсэргүүцдэг, биологч тэрээр, хүүхэд төрснөөсөө хойш хэдэн долоон хоногийн хугацаанд эх нь хүүхэдтэйгээ харьцах байдал хүүхдийн уураг тархи, өсөлт бойжилтонд маш чухал нөлөөлдөг гэж хэлж байсан. Энэ нь хүүхдэд аюулгүй, тав тухтай мэдрэмж төрүүлж, улмаар уураг тархи болон биеийн зөв зохистой өсөлт бойжилтонд нөлөөлдөг байна.

Тэгэхээр энэрэн нигүүлсэх сэтгэл, хайр халамж нь зөвхөн шашинтай холбоотой зүйл биш. Энэ нь бидний биологитой холбоотой. Бид бүгд эхийн хэвлийгээс гарч, эхийн хайр, халамжаар хүн болдог. Энэтхэгийн уламжлалд ариун оронд лянхуа цэцэгнээс төрөх тухай гардаг. Тэр үнэхээр сайхан сонсогдож байна. Гэвч тэндэхийн хүмүүс хүнээс илүү лянхуа цэцгийг хайрлаж халамжилдаг байж болох юм. Иймд эхийн хэвлийгээс төрөх нь илүү сайн хэрэг. Тэгэхээр аль хэдийн бидэнд энэрэн нигүүлсэх сэтгэлийн үр суусан байна. За, энэ бүгд нь аз жаргалын шалтгаанууд юм.

Видео: Гэвш Лхакдор — “Хэрхэн жаргалтай амьдрах вэ?”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.
Top