Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Төвдийн-Бурханы шашны уламжлалын үндсэн ойлголтууд > 2-р түвшин: Лам-рим (Мөрийн зэрэг) > Биологийн мөн чанар, учир шалтгаан дээр суурилсан энэрэл нигүүлсэх сэтгэл

Биологийн мөн чанар, учир шалтгаан дээр суурилсан энэрэл нигүүлсэх сэтгэл

Дээрхийн Гэгээн 14-р Далай лам
Праг хот, Чех улс
2006 оны 10 сарын 11
Хянан тохиолдуулж бичигт буулгасан Александер Берзин

Ямар ч үйлдлийн үр дүн нь тухайн үйлийг хийх болсон сонирхлоос (сэдэл) шалтгаалдаг. Тухайн нэг үйлдлийн цаана байгаа сэтгэл хөдлөл эерэг байна уу эсвэл сөрөг байна уу гэдгээс шалтгаалж үр дүн нь өөр өөр байдаг. Энэрч хайрлах гэх мэт бүр нэг адилхан ерөнхий сэтгэлээр үйл өдөөгдсөн байхад ч тухайн сэтгэлийн цаадах сэтгэл хөдлөл болон оюуны суурь чиг хандлага нь үр дүндээ бас нөлөөлдөг.

Жишээлбэл энэрэн нигүүлсэх сэтгэлийг авч үзвэл түүний гурван хэлбэр байна,

  • Эхнийх нь ойр төрлийнхөн болон хайртай хүмүүс рүүгээ чиглэсэн байдаг. Энэ нь тэдэнд уягдаж хүлэгдсэн сэтгэл дээр суурилсан, цар хүрээгээрээ хязгаарлагдмал байдаг. Нөхцөл байдал яльгүй өөрчлөгдөхөд л энэ нь уур бухимдал бүр үзэн ядалт болж өөрчлөгдөж болдог.
  • Хоёр дахь хэлбэр нь зовж байгаа хүн амьтныг өрөвдсөн, тэдэн рүү чиглэсэн байдаг. Ийм сэтгэлээр бид өөрсдийгөө тэднээс дээгүүр тавьж тэднийг доорд үздэг. Эдгээр хоёр хэлбэрийн энэрэх сэтгэл нь сөрөг сэтгэлээс үүссэн байдаг учраас асуудал, бэрхшээлд хүргэдэг.
  • Гурав дахь хэлбэрийн энэрэн нигүүлсэх сэтгэл нь ялгавартай хандаж нэг талыг бариагүй байдаг. Харин ойлголт, хүндлэл дээр суурилсан байдаг. Ингэхдээ бусад бол бидэнтэй адил гэж үздэг. Тэд бидэн шиг жаргалтай байж зовохгүй байх ижил эрхтэй. Ингэж ойлгосон байдаг учраас бид тэдэнд энэрэл, хайр, халамж үзүүлдэг. Энэ гурав дахь хэлбэрийн энэрэх сэтгэл нь тогтвортой байдаг ба энэ нь сургалтаар, боловсролоор, учир шалтгааны ойлголтоор төлөвшдөг. Хэдий их тогтвортой байна төдий хирээрээ их тустай байдаг.

Эдгээр гурван хэлбэрийн энэрэх сэтгэл нь хоёр ерөнхий хэлбэрт хуваагддаг. Эхний хоёр хэлбэр нь сэтгэлийн мэдрэмж дээр аяндаа үүсдэг бол гурав дахь нь учир шалтгааныг ойлгосны үндсэн дээр үүсдэг.

Учир шалтгааны ойлголтон дээр суурилсан, ямар ч ялгаваргүй энэрэх сэтгэл нь бат бөх чанартай байдаг. Хүн ч бай хөхтөн амьтан эсвэл шувуу ч бай – усны яст мэлхий, эрвээхэйний тухайд би сайн мэдэхгүй юм байна – төрөхдөө бид бүгд өөрсдийн эхэд түүнийг танихгүй ч шууд ямар ч шалгуургүй хайрлах сэтгэл төрдөг. Бид бүгдэд түүнийг хайрлах, түүнд татагдах ойр дотно сэтгэл байгалиас төрдөг. Эхэд ч мөн адил шинэ төрсөн хүүхдээ хайрлаж энхрийлэх дотно сэтгэл байгалиас шууд төрдөг. Ийм болохоор эх нь хүүхдээ асарч халамжилдаг. Энэ хайр халамж нь хүүхдийн эрүүл бойжилтын үндэс болдог.

Үүнээс бид тэр төрөлхийн дотно сэтгэл, хайр энэрэл нь энэрэн нигүүлсэх сэтгэлийн үндэс гэж харж болно. Энэ дотно сэтгэл, хайр энхрийлэл бол бидний хүлээж авдаг хамгийн том бэлэг бөгөөд энэ нь бидний эхээс бидэнд ирдэг. Хэрэв бид энэ үрийг учир шалтгааны ухаан, боловсролоор тэтгэж өгвөл энэ нь жинхэнэ энэрэн нигүүлсэх сэтгэл – бид бүгдийн ижил тэгш байдлыг ойлгосоны үндсэн дээр хүн бүрт ялгаваргүй адил тэгш хандах сэтгэл – болж төлөвшнө.

Нярай хүүхдийн хувьд хайрлах сэтгэл нь шашны, хуулийн эсвэл цагдан сахиулах үндсэн дээр бус ердөө байгалиас аяндаа гарч байдаг. Хэдийгээр энэрэн нигүүлсэх сэтгэлийг шашнууд сайшаан сургадаг боловч түүний жинхэнэ үр, суурь үндэс нь бидэнд төрөлхөөс байдаг. Энэ нь миний яриад байдаг “шашнаас ангид, иргэний ёс зүй” гэдгийн суурь үндэс юм. Шашин ердөө энэ үрийг бэхжүүлэх ёстой.

Зарим хүмүүс ёс суртахууныг зөвхөн шашны итгэл үнэмшилтэй холбож ойлгодог байхад зарим нь үүнийг сургаж төлөвшүүлж болно гэж үздэг. Зарим хүмүүс “шашнаас ангид иргэний” гэдгийг шашнаас татгалзах гэж ойлгодог бол нөгөө хэсэг нь “шашнаас ангид иргэний” гэдгийг Энэтхэгийн үндсэн хуулинд заасан шиг ямар ч ялгаваргүйгээр бусад шашнууд болон шашингүй хүмүүс бүгдэд тэгш хүндэтгэлтэй хандах гэсэн санааг илэрхийлдэг гэж үздэг. Сүүлд ярьсан ийм ёс суртахуун ялангуяа энэрэн нигүүлсэх сэтгэл нь үндэс сууриараа бидний дотоод мэдрэхүйд байдаг. Шинэ төрсөн хүүхэд, эх хоёрыг харахад энэ нь эсэн мэнд бойжих хэрэгцээ шаардлагын улмаас зөнгөөрөө гарч байдаг. Ийм төрөлхийн шинж чанартай учраас энэ сэтгэл илүү бат тогтвортой байдаг.

Хүүхдүүд хоорондоо тоглож байхдаа шашин, арьсны өнгө, улс төр эсвэл удам судрын талаар боддоггүй. Тэд хэн байх нь хамаагүй хамт тоглож буй хүүхдийнхээ инээмсэглэлд баярлаж хариуд нь тэдэнд сайн ханддаг. Тэдний сэтгэл зүрх нь үргэлж нээлттэй байдаг. Харин томчууд ихэвчлэнарьсны өнгө, улс төрийн үзэл баримтлал гэх мэт бусад хүчин зүйлүүдийг онцолж байдаг. Үүнээсээ болж тэдний сэтгэл зүрх нь илүү хязгаарлагдмал байдаг.

Энэ хоёрын ялгааг харъя. Илүү их энэрэх сэтгэлтэй үед бидний сэтгэл зүрх илүү нээлтэй байж бид бусадтай илүү хялбар ойлголцдог. Илүү их өөрийгөө анхаарсан үед бидний сэтгэл, зүрх хаалттай байж бусадтай харилцахадхэцүү байдаг. Уур бухимдал бидний дархлалын системийг сулруулж байхад энэрэх, сайхан сэтгэл түүнийг сайжруулж байдаг. Уур бухимдал, айдастайгаар бид унтаж чаддаггүй, хэрэв унтвал хар дарж зүүдэлдэг. Хэрэв сэтгэл тайван байвал бид сайн унтдаг. Тайвшруулах ямар ч эм хэрэггүй,энерги тэнцвэртэй байдаг. Сэтгэл санааны дарамттай үед энерги тогтворгүй болж сэтгэл байнга түгшдэг.

Юмыг сайн тодорхой ойлгохын тулд сэтгэл тайван байх хэрэгтэй. Сэтгэл түгшсэн үед бид бодит байдлыг харж чаддаггүй. Ийм учраас ихэнхи асуудал бэрхшээлүүд олон улсын түвшинд ч тэр хүний үйл ажиллагаанаас үүсдэг. Бид нөхцөл байдлыг буруу залуурдсанаас – бодит байдлыг хараагүйгээс – энэ бүхэн бий болдог. Бидний үйлдэл айдас, уур бухимдал, дарамт шахалт дээр тулгуурладаг. Сэтгэл санааны хямрал хэтэрхий их байна. Бидний сэтгэл төөрөлдсөн байдгаас болж бодит байдлыг харж чадахгүй байна. Ийм байдал нь биднийг хязгаарлагдмал явцуу болгож улмаар асуудал үүсгэхэд хүргэдэг ба энэ бүхэн нь сэтгэл ханамжтай үр дүнд хэзээ ч хүргэдэггүй.

Харин энэрэн нигүүлсэх сэтгэл нь сэтгэлийг нээлттэй, тайван амгалан болгодог. Энэ үед бид бүгдийн хүсэхгүй байгаа зүйлийг зогсоож хүн бүрийн хүсэж байгаа зүйлийг бий болгох аргууд, бодит байдлыг харж чаддаг. Энэ бол учир шалтгаан дээр суурилсан энэрэн нигүүлсэх сэтгэлийн чухал чанар, ач тус юм. Ийм учраас хүний төрөлхийн мөн учир шалтгаанаар тодорхойлогдох энэ үнэт зүйлийг бэхжүүлэхэд эхчүүд болон эх хүүхдийн хоорондын дотоод хайр элбэрэл амин чухал үүрэг гүйцэтгэдэг.