Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Түүх, соёлын болон харьцуулсан судалгаанууд > Төвд зурхай, анагаах ухаан > Төвд-Монголын Зурхайн ухаан ба Үйлийн Үр

Төвд-Монголын Зурхайн ухаан ба Үйлийн Үр

Александер Берзин
Мюнхен хот, Герман улс, 1996 оны 6 дугаар сарын 13

Зурхайн ухаанд суралцахын ач холбогдол

Бурханы шашин бидний хичээл сургаалийг сонсох зорилго бол амьдралд маань тус болох зүйлийг сурах явдал гэдгийг байнга онцолдог билээ. Гэхдээ, бид зөвхөн өөрсдийн бэрхшээлтэй асуудлыг шийдвэрлэхээр барахгүй, мөн бусдад аль болох ихээр туслах боломжийг олгох зүйлийг сурахыг эрмэлздэг. Бид Зурхайн ухааны тухай бодохдоо, үүнийг судалж, суралцаж, илүү зүйл мэдсэнээр юуг бодитоор олж авахаа тодорхойлох хэрэгтэй.

Зурхайн ухааны тухай мэдлэг нь нэг түвшинд ирээдүйд юу болох талаар мэдэхэд тусалдаг. Энэ мэдлэг дээр үндэслэж, бид ямар нэгэн зовлонгоос урьдчилан сэргийлэх арга хэмжээг авч чадна. “Бурханы ном” гэдэг үг маань урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүд гэсэн үг юм. Гэхдээ бид мухар сүсэгт итгэснээр, бүх зүйл урьдаас тодорхой, тухайн хүндрэл бэрхшээлтэй асуудал заавал үүснэ гэж бодохоос болгоомжилох нь зүйтэй. Бурханы шашны үзэл баримтлал энэ биш билээ. Бид зурхайн мэргийг авч үзэхдээ, үйлийн үрийг Бурханы шашны сургаалтай уялдуулж, хам хүрээнд ойлгох нь чухал юм.

Өөр нэг төвшинд Зурхайн ухааныг судласнаар өөрийгөө илүү сайн ойлгож, мэдэх дадлыг бий болгох төдийгүй, ингэснээр бид сэтгэл хөдлөлийн асуудлуудын талаар зарим ойлголтыг олж авдаг. Ерөнхий төвшин бидэнд од гаригийн байрлал, зурхайн шинж тэмдэг зэргийн онцлогоор бид амьдралаа болон хувь хүний шинж чанараа ажиглах, задлан шинжлэх бүтцийг өгдөг юм.

Бид хэн нэгэнд туслахыг хүслээ гэхэд, тэр хүнд ямар хүндрэл бэрхшээлтэй асуудал тулгарсан байж болох, эсвэл түүнтэй харилцах хамгийн ямар сайн арга зам байх тухай тодорхой мэдэх нь амаргүй байдаг. Өөрөөр хэлбэл уг хүний төрсөн од, гариг, зурлагын (Англи хэл: horoscope, гороскоп) талаарх мэдээллийг өөрийнхтэйгээ харьцуулах нь тухайн хүнтэй эхэлж харьцахад юуг анхаарахад тустай гэдгийг. Бид үүнийг Бурханы шашинтай уялдуулж, тэдгээрийн хүрээнд авч үзэх нь чухал юм. “Тэр хүн Жинлүүрийн ордных, харин би Арслангийн ордонд төрсөн, тэгэхээр би тэр хүнтэй тэгж харьцана. Энэ эмэгтэй Үхрийн ордонд төрсөн, би түүнд ингэж хандах хэрэгтэй.” гэх мэтийн алдаатай бодлууд нь хувь хүний онцлогт эрх чөлөө, орон зай үлдээлгүй, уян хатан байдлыг нь алдагдуулна. Тухайн нэг хүнтэй хэрхэн харьцах талаар бидэнд ямар ч ойлголт байхгүй нөхцөлд, Зурхайн ухаан нь уг хүнтэй харьцаж тоглох эхний хөзрийг бидэнд өгөх юм. Энэ үүднээс бид Зурхайн ухааныг авч үзэх хэрэгтэй ба үүнийгээ Бурхан шашны үйлийн үрийн ба хоосон чанарын сургаалтай уялдуулах нь зүйтэй.

Дэлхийн Зурхайн ухааны олон уламжлалын дотроос Төвд – Монголын уламжлал илүү иж бүрдсэнд тооцогддог. Энэ нь Өрнө дахины зурхайгаас илүү нарийн, төвөгтэй юм. Уг сэдвийн талаар, юуг агуулдаг тухай бага зэрэг ойлголт авах үүднээс энэ сэдвийг энгийн бөгөөд товчхон, тоймлон авч үзье. Монголын Зурхайн ухаан нь Төвдийн зурхайн үндсэн системийн ялимгүй өөрчлөгдсөн хувилбар тул оршил болгон Төвд-Монголын зурхайн тухай ерөнхийд нь ярьцгаая. Бид үүний дараа Зурхайн ухаан, Үйлийн үр болон Хоосон чанарын хоорондын харьцаанд анхаарлаа хандуулах болно. Энэ хэлэлцүүлэг нь Төвд-Монголын Зурхайн ухаантай холбоотой биш, зурхайн бүх системд хамаарна.

Төвд-Монголын Зурхайн ухааны цар хүрээ

Төвд-Монголын Зурхайн ухааныг судлах судалгаа нь олон сэдвийг хамардаг. Зурхайн ухаан зөвхөн хүмүүсийн төрсөн од, гариг, зурлагыг тооцоолж, тайлбарладаг гэж олонх хүмүүс боддог боловч тэр нь Төвд-Монголын Зурхайн ухаанд суралцахын нэг л хэсэг нь юм. Төвд-Монголын зурхай нь хувь хүний онцлогийг харуулсан зураг төөрөг, төрсөн өдрийн зургийг нь гаргадаг төдийгүй хүний амьдрал он жилийн урсгалд хэрхэн хувьсан өөрчлөгдөж болох, цаашид өрнөх төөргийг (Англи хэл: progressed chart) нарийвчлан бодож гаргадаг бөгөөд энэ нь Өрнийн улсуудын зурхайгаас их ялгаатай билээ.

Хэрэв та уг хүний төрсөн өдөр, түүний амьдралын өрнөлийг хуанлийн аргаар мэдэхгүй бол зурлагыг нь зурж чадахгүй. Иймд зурхайн сургалтын цагийн ихэнхийг математик тооцоолол, Төвд-Монголын хуанлиас сурахад зарцуулдаг. Тэдгээр хуанли (Англи хэл:

calendar) нь Өрнийнхөөс огт өөр юм. Цаашилбал, та төрсөн цаг болон цаашдын амьдралын явцын үеийнх нь од, гаригийн байршлыг тодорхой мэдэхгүй бол зурлагыг зурж чадахгүй. Зурхайн ухааны сургалтын өөр нэг томоохон хэсгийг Төвд-Монголын эфемерис (Англи хэл: ephemeris) буюу өдөр бүр гариг ямар байршилд байхыг тооцоолдог Тооны ухаан эзэлдэг. Өрнийнхний зурхайд хэрэглэдэгтэй адил оддын талаар зөвлөгөө авахад бэлтгэсэн зарим нэг хүснэгтийг Төвд-Монголын зурхайчид ашигладаг авч, орчлонгийн сав шимийн тохиолийг ихэвчлэн өөрсдөө шууд тооцоолдог.

Хуанлитай холбоотойгоор зурхайчид цаг тооны бичгийг (Англи хэл: almanac) зохиодог. Уг бичигт тариа тарих, ургац хураах болон нийгэмд чухал үйлийг хийхэд тохиромжтой өдөр, цагийг заасан байдаг.

Төвд-Монголын Анагаах ухааны нэгэн адилаар Зурхайн ухаан нь Энэтхэг, Эртний Грек, Хятад, Төв азийн улсууд болон орон нутгийн Бөөгийн уламжлалаас эх сурвалжтай талуудыг нэгтгэсэн байдаг. Зурхайг хоёр үндсэн хэсэгт хувааж үздэг: “Цагаан зурхай” болон “Хар зурхай” гэж. Энэ нэршлүүд хар болон цагаан ид шид гэдэг нэр томъёотой адил сайн, муу гэсэн ойлголттой холбоогүй юм. “Цагаан” ба “Хар” гэдэг нь Энэтхэг болон Хятад улсуудыг Төвд хэлээр нэрлэдэг нэрийн товчлол ажээ. Төвдөд Энэтхэгийг “цагаан хувцас өмсдөг хүмүүсийн өргөн, уужим нутаг”, Хятадыг “хар хувцас өмсдөг хүмүүсийн өргөн, уужим нутаг” гэж нэрлэдэг байсан байна.

Цагаан зурхай ба Цогт цагийн хүрдэн

Зурхайн олон тооны хоорондоо ойролцоо системүүд Энэтхэгт үүсч хөгжсөн ба нэг нь Бурханы шашны, нилээд хэд нь Хинду шашны уламжлал байжээ. Цагаан зурхай нь гол төлөв Энэтхэгийн Бурханы шашны системээс үүсэлтэй ба Цогт цагийн хүрдэний Дандарын аймгийн (Санскрит хел: Kalachakra Tantra) бичиг баримтад бичигдсэн байдаг. Цогт цагийн хүрдэн гэдэг нь “цагийн мөчлөг (Англи хэл: cycle)” гэсэн утгатай ба гадаад, дотоод болон өөр хувилбарын мөчлөг гэсэн гурван түвшинтэй байна. Гадаад мөчлөгүүдэд орчлон ертөнц эргэлддэг. Эдгээр мөчлөгүүдийг түшиглэн тэнгэрийн мандал дахь нар, сар, гаригуудын хөдөлгөөнийг ажиглан, цаг хугацааг гаднаас нь хэмжиж болох тул гадаад гэжээ. Бурханы шашинд цаг хугацааг ер нь өөрчлөлтийн хэмжүүр гэж тодорхойлдог. Түүнээс гадна огторгуйн биетүүд хөдөлгөөнийхөө улмаас бие биентэйгээ харилцан байрлах загварын мөчлөгүүдээс бид зурхайн тооцоог гаргаж авдаг. Одон орны болон Зурхайн судлал нь бүхэлдээ энэхүү гадаад мөчлөгүүдтэй холбоотой юм.

Дотоод бие дэх мөчлөгүүдээр цаг хугацааг хэмжиж болох юм. Жишээ нь: Авч буй амьсгалын тоогоор цаг хугацааг хэмжиж болдог. Түүнчлэн цаг хугацааг хүүхэд нас, өсвөр нас, идэр нас, өндөр настай хүний амьдралын мөчлөгөөр, эсвэл эмэгтэй хүний сарын тэмдгийн мөчлөгөөр хэмжиж болох. Цогт цагийн хүрдэний сургаалийн дагуу цаг хугацааны гадаад, дотоод мөчлөгүүд нь нэг нэгтэйгээ зэрэгцэн оршдог байна.

Бид Бурханы сургаалийн үүднээс харахад, ердийн амьд биетнүүд эдгээр мөчлөгүүдийг хянаж чаддаггүй. Мөчлөгүүд нь Үйлийн үр буюу энергийн түлхэцийн үр дүнд бий болдог. Тухайн өдөр огторгуйн биетүүд байрших, шилжих зураглалаар тооцоолох гадаад мөчлөгүүд нь ерөнхий, нийтийн Үйлийн үрээс боловсордог буюу үүддэг. Хүний төрсөн өдрийн болон цаашдын амьдралын зураг төөргийг тооцоолох дотоод мөчлөгүүд нь тухайн хувь хүний Үйлийн үрээс боловсордог. Бид Үйлийн үр боловсрох болон түүний бидэнд үзүүлэх нөлөөний алиныг нь ч хянаж чадахгүй учир бид янз бүрийн зовлонтой учирдаг.

Жишээлбэл, зарим хүмүүст төрсөн өдрийн хувь төөрөг нь хүчтэй нөлөөлж байдаг. Тэд өөрсдийн хувийн амьдралдаа зовох төдийгүй, урт удаан үргэлжлэх өвөл, тэргэл сартай зэрэг гадаад мөчлөгүүдийн үед хувь заяа нь суларч явдаг. Зарим хүмүүс бүтэн сартай үед жаахан солиотой, яг л хүн-чоно (Англи хэл: werewolf) шиг болдог! Хүмүүс мөн дотоод мөчлөгүүдтэй холбоотой бэрхшээлтэй учирдаг. Жишээ нь: бэлгийн бойжилын үед, дааврын хөгжлийн мөчлөг, сарын тэмдгийн мөчлөг, хөгшрөх үйл явцад гэх мэт. Бурханы сургаалийн дагуу бид сансар хорвоо (Санскрит хел: samsara) гэж нэрлэдэг эдгээр өөрийн эрхгүй эргэлдэх мөчлөгүүдээс ангижирч, гэгээрсэн Бурханы хутгийг олвол, бид хамаг амьтанд дээд зэргээр тусалж чадах болно.

Цаг хугацааны өөр хувилбарын мөчлөгүүд нь чөлөөлөгдөн ангижрах, гэгээрлийг олох Цогт цагийн хүрдэний бясалгалын төрөл бүрийн дадлагыг шаарддаг. Энэ чухал байр суурь нь Одон орны судлалд хандах Бурханы сургаалийн үндсэн чиг хандлагыг харуулж байгаа юм. Зурхайн зурлагын эрхшээлээс бид чөлөөлөгдөхийг хүсдэг. Бурханы сургаалиар бол хувь хүн бүрийн оюун ухааны урсгал буюу түүний үргэлжлэл нь эхлэл байхгүй бэрхшээлийг эдэлж, зовлонтой учрах ба хэрвээ бид энэ байдлыг өөрчилж чадахгүй, эсрэг нь юу ч хийх чадваргүй бол уг зовлонтой нэг төрлөөс нөгөө төрөлд байнга тулгаран, эцэс төгсгөлгүй үргэлжлэх болно. Энэ нь тухайн амьдралын хувийн зурхайн зурлагаас төдийгүй, ирээдүйн ямар нэгэн өөрийн эрхгүй дахин төрж болзошгүй бүх зурлагаас өөрсдийгөө чөлөөлж, ангижруулах ёстой гэсэн үг. Өөрөөр хэлбэл, бид зурхайн ордуудын (Англи хэл: zodiac, зодиак) нөлөөнөөс ангижрахыг зорьж байгаа юм.

Бид энэ сууринаас авч үзвэл, зурхайн мэрэг нь бидний заавал туулах ёстой амьдралын замыг зааж, тулгадаг ягштал заачихсан зүйл биш бөгөөд түүнийг өөрчилж болохгүй гэсэн үг биш юм. Иймээс бид оюун ухаандаа бий болгосон эдгээр хязгааруудаас чөлөөлөгдөхийг хүсч, ингэхийн тулд өөрсдөд маань тохирсон зурлагын нарийн ширийнийг болон ерөнхийдөө зурлагын талаар ойлголттой болох хэрэгтэй. Монгол, Энэтхэгийн Хинду, Хятад, Араб, Майя болон Өрнийн, ер нь аль ч зурхайг үүнтэй уялдаатайгаар судлах хэрэгтэй юм. Бид энэ амьдралынхаа хувийн зурхайн зурлагын хяналтнаас төдийгүй, огторгуйн биетүүдийн хөдөлгөөнөөр хэмжигддэг, ямагт хувирах цаг хугацааны мөчлөгүүдийн хяналтаас гэтлэн гарахыг хүсдэг. Энэ санааг ойлгох нь шийдвэрлэх ач холбогдолтой. Тэгэхгүй бол бид Зурхайн ухаан, ялангуяа Төвд-Монголын зурхайд хандахдаа мухраар сүсэглэн, алдааг амархан хийж болно. Учир нь энд “сайн буюу тохирсон өдөр”, “муу өдөр”-ийн тухай маш ихээр ярьдаг билээ.

Өрнийнхний Зурхайн ухаантай холбогдох нь

Цогт цагийн хүрдэний Дандарын ёс нь ирээдүйн таамаглалын гол эх үүсвэр бөгөөд Төвд-Монголын хуанлийг зохиох, тухайн өдрийн тэнгэрийн биетүүдийн байршлыг тогтоох болон “сайн өдөр”, “муу өдөр” гэх мэт цаг тооны бичгийн хүчин зүйлс зэргийг тооцоолон гаргах эх сурвалж болдог. Цогт цагийн хүрдэний сургаал нь Төвд ба Монголд дэлгэрэхээс өмнө Энэтхэгт хөгжсөн тул Хинду шашны Зурхайн ухааны системтэй ихээхэн ойр юм. Хинду зурхай болон эртний Энэтхэгийн соёлын олон талуудад Эртний Грекийн соёлтой нийтлэг зүйл их байдаг. Учир нь уг хоёр соёл, иргэншил, ялангуяа Их Александерын үеэс эхлэн хоорондоо нягт холбоотой байжээ. Эдгээр нийтлэг онцлогийн заримыг нь авч үзэхэд, орчин үеийн Өрнийхний зурхай нь Эртний Грекийн уламжлалаас улбаатай тул тэдгээр нийтлэг зүйлс уг зурхайд ч байдаг.

Төвд-Монголын зурхайд бид гаригуудын байршлыг Санчир гариг хүртэл, түүнээс цааших гаригуудыг оруулахгүйгээр тооцоолдог ба долоо хоногийн гаригуудыг тэнгэрийн эрхэсийн нэрээр нэрлэж, Ням гаригийг нараар, Даваа гаригийг сараар нэрлэдэг. Санчираас цааших гаригуудыг энгийн нүдээр харах боломжгүй тул эртний хүмүүс тэдгээрийн тухай мэддэггүй байсан юм. Зурхайд тэнгэрийн эрхэсийг 12 ордод хуваадаг ба Грек болон Энэтхэгийн Хинду шашны системд тэдгээр нь ижил нэртэй байдаг. Ордуудын нэрийг Ариес, Таурус (Ариес-хонь, Таурус-үхэр) гэх мэтчилэн орчин үеийн Өрнийн улсуудын зурхайд хэрэглэж байна. Хинду шашны системд мөн 12 гэр байх бөгөөд үүнээс цөөн хэд нь Өрнийхний зурхайгаас ялимгүй ялгаатайгаар тайлбарлагддаг. Өрнийн зурхайн зурлагын нэгэн адил гариг тус бүр нь тухайн нэг орд, гэрт байх бөгөөд тэдгээрийн хослол нь тухайн гаригийн зурлагын утга, ач холбогдолд нөлөөлдөг.

Ордууд ба гэрүүд

Зурхайн талаар мэдлэггүй хүмүүст орд, гэр гэж юу байдгийг тайлбарлаж өгье. Тэдгээр нь хоёулаа Одон орны судлалтай холбоотой.

Хэрвээ та тэнгэр өөд харвал, огторгуйн биетүүд гэж бидний нэрлэх нар сар, гаригууд нь зүүнээс баруун руу тодорхой зурвас замын дагуу шилжин хөдлөхийг анзаарах болно. Эртний хүмүүс дэлхий эргэдэг гэдэгт итгэдэггүй байсан ба тэнгэр, огторгуйн биетүүд дэлхийг тойрдог гэж үздэг үзэлтэй байсан. Тэд нийт огторгуйн биетүүдийн шилжин хөдөлж буй зурвас замыг цагийн зүүний эсрэг маш аажуухан хөдөлж буй аварга хүрдэн замтай адилтган төсөөлж байсан юм. Уг хүрдны хагас нь дэлхийн дор оршино. Үүнийг орчин үеийн жишээгээр тайлбарлавал бид удаанаар эргэлдэх алсыг харагч аварга хүрдний төв хэсэгт зогсож байгаа бөгөөд уг тоглоомны нэг тал нь бидний дор, нөгөө тал нь дээр байна гэж төсөөлж болох юм.

Хэрэв та огторгуй дахь энэ зурвас замыг удаанаар эргэлдэх алсыг харагч хүрд гээд, энэ хүрдээ арван хоёр хэсэгт хуваавал, тэдгээрийн зургаа нь цаг ямагт харагдах болно. Хуваасан хэсэг тус бүрт алсыг харагч хүрдний суудал шиг тодорхой тогтмол нэр бүхий оддын ордууд байдаг ба тэдгээр нь зурхайн арван хоёр орд юм.

Одоо алсыг харагч хүрдээ аварга том бөмбөрцөг буюу тойрог хэлбэртэй асар том байшингийн дотор маш удаанаар эргэлдэж байна гэж төсөөлье. Хэрвээ алсыг харагч хүрд дотор нь эргэлдэж байгаа байшингийн дотор талын ханыг арван хоёр хэсэгт хуваавал тэдгээр нь арван хоёр гэр болох бөгөөд уг гэрүүд нь хөдөлгөөнгүй болно. Иймд бидний яг зүүн талаас бөмбөрцгийн зурвас даган баруун тийш зүглэх замын зургааны нэг нь эхний гэр юм. Дараагийн зургааны нэг нь хоёр дахь гэр гэх мэтчилэн эхний зургаан гэр нь бидний дор буюу тэнгэрийн хаяаны дор, үлдсэн зургаан гэр нь дээр нь байрладаг болно. Эхний суудал болох Хонины орд биднээс бөмбөрцгийн дотор хананы хамгийн зүүн талын цэгийн дараа өгсөж байгаа гэж үзье. Алсыг харагч хүрд маш удаан эргэдэг бөгөөд дараагийн суудал буюу Үхрийн орд энэ цэгт ирэхэд бүтэн нэг сар шаардагддаг байна. Хананы энэ цэгт Хонины орд дахин эргэж ирэхэд нэг жил өнгөрдөг.

Одоо алсыг харагч хүрд маань хөндий дугуйны хэлбэртэй бөмбөрцгөн байшингийн дотор удаанаар цагийн зүүний эсрэг эргэж байгаа бөгөөд түүний дотор мөн есөн бөмбөг өөр өөр хурдтайгаар цагийн зүүний дагуу өнхөрч байна гэж төсөөл. Эдгээр есөн бөмбөг нь огторгуйн биетүүд юм. Наран бөмбөлөг дугуйны дотор нэг өдрийн дотор бүтэн эргэдэг бол саран бөмбөлөг эргэлтээ нэг сард гүйцээдэг. Иймд тодорхой цаг үед огторгуйн биет тодорхой нэг орд, гэрт байрладаг ба энэ байрлал нь тогтмол өөрчлөгдөж байдаг. Зурхайн зурлага гэдэг нь тусгай нэгэн агшинд хэн нэгний төрөх үед авсан, дэлхийн дээр буюу доорх тэнгэрийн хэсэгт удаанаар эргэх ордуудын зурвас зам дээр орчих огторгуйн биет бүрийн агшин зуур авсан гэрэл зурагтай адил юм.

Энэхүү огторгуйн биетүүдийн гэр, ордуудын систем нь Төвд-Монголын, Энэтхэгийн Хинду шашны, Эртний Грекийн болон орчин үеийн Өрнийн улсуудын зурхайн системд ижил байдаг. Гэхдээ Энэтхэгийн болон Төвд-Монголын зурхайг Эртний Грекийн болон орчин үеийн Өрнийхний зурхайтай харьцуулахад, алсыг харагч хүрдний тойрог замыг мөн хоёр дахь хорин долоон ордод хуваана. Заримдаа хорин долоон суудлын оронд зөвхөн арван хоёрыг ашигладаг. Тэд хорин долоон ордыг хуанли, цаг тооны бичиг зохиох, тухайн өдрийн тэнгэрийн биетүүдийг тогтоох зэргийн тооцоололд гол төлөв хэрэглэдэг бол арван хоёр ордыг хүний зурлагыг гаргахад ихэвчлэн ашигладаг юм.

Хөдөлгөөнгүй одод буюу оддоос хамаарах тэнгэрийн ордууд

Энэтхэгийн ба Төвд-Монголын системд Эртний Грекийн ба орчин үеийн Өрнийн зурхайгаас ялгарах, тэнгэрийн ордуудтай холбоотой өөр нэг чухал онцлог байдаг. Тэдгээр нь тогтмол одны буюу оддоос хамаарах ордуудыг хэрэглэдэг бол Эртний Грекийн болон орчин үеийн Өрнийн улсуудын зурхайд Тропикийн буюу Халуун бүсийн ордуудыг хэрэглэдэг. Хэлэлцүүлгээ хялбар болгохын тулд дөрвөн системд дөрвүүлэнд нь нийтлэг байдаг арван хоёр ордоор эдгээр нэр томъёоны ялгааг тайлбарлая. Ялгаа нь системүүд арван хоёр суудлыг алсыг харагч хүрдний хаана байрлуулснаас, суудлууд нь хөдөлгөөнгүй, эсвэл маш удаанаар шилжиж байдгаас үүдэн гардаг.

Алсыг харагч хүрд арван хоёр хэсэгт хуваагддаг бөгөөд хэсэг тус бүр нь тухайн ямар нэгэн ордны нэртэй гэж төсөөлнө үү. Суудал тус бүр мөн нэг ордны нэртэй байдаг. Төвд-Монголын болон Энэтхэгийн зурхайн систем нь арван хоёр суудлыг алсыг харагч хүрдний мөн адил нэртэй ордны хэсгийн эхлэлтэй давхцуулж байрлуулдаг. Хонины суудал нь алсыг харагч хүрдний Хонины орднытхэсгийн эхэнд байрладаг ба энэ байрлалаасаа огт хөдөлдөггүй. Ингэж Төвд-Монголын болон Энэтхэгийн зурхай нь тогтмол одны зурхайн ордуудыг ашигладаг.

Эртний Грек болон орчин үеийн Өрнийн зурхайн системүүд Хонины суудлыг Энэтхэгт хавар өдөр, шөнө тэнцэх өдрийг тодорхойлж, алсыг харагч хүрдэнд нарны бөмбөлөг байрлаж байсан тухайн цэгт байрлуулдаг байна. Энэ өдөр нар Мэлхийн замаар хамгийн өндөрт, яг эгц дээгүүр нь өнгөрдөг учир тэнгэрийн ордуудыг түүний дагуу байрлуулахыг Халуун бүсийн зурхайн орд гэдэг.

Олон мянган жилийн өмнө, өдөр шөнө тэнцлийн цэг алсыг харагч хүрдэнд Хонины ордны хэсгийн эхлэл дээр байсан бөгөөд тэр нь уг үеэс хойш маш удаанаар ордуудын хөдөлгөөний эсрэг зүг рүү шилжсэн, өөрөөр хэлбэл ухарсан байна. Энэ үзэгдлийг өдөр, шөнө тэнцэх цэгийн шилжилт (Англи хэл: precession of the equinox) гэж нэрлэдэг. Өдөр, шөнийн тэнцлийн цэг алсыг харагч хүрдний Хонины ордны хэсгийн яг ард байрладаг Загасны ордны хэсэг рүү ойролцоогоор 23 градусаар ухарч байрласан байна. Иймд Эртний Грекийн болон орчин үеийн Өрнийн орнуудын систем Хонины суудлыг алсыг харагч хүрдний Загасны ордны хэсгийн 7 градуст одоогоор байрлуулаад байна. Тэд жил тутам Хонины суудлыг маш өчүүхэн зайгаар гэдрэг нь шилжүүлдэг. Тэд ийнхүү суудлаар тодорхойлогдсон зурхайн ордуудын дагуу огторгуйн биетүүдийн байршлын тухай ярьдаг бол Төвд-Монголын систем нь алсыг харагч хүрд өөрөө тодорхойлсноор зурхайн орднуудын байршлыг ярьдаг. Иймд Халуун бүсийн зурхайн ордуудын Хонины орд тэг градуст байгаа гариг нь тогтмол одны зурхайн ордуудын Загасны ордны долоон градуст байрлана. Өөрөөр хэлбэл, Халуун бүсийн байршилаас 23 градусаар хасагддаг байна.

Тэнгэр огторгуйг ажигласан ажиглалтаар Өрнийн системийн Хонины ордны хэсгийн тэг градус нь яг үнэндээ Хонины ордны ажиглагдах байршилтай тохирч байгаа болно. Энэ нь нарны аймаг болон зурхайн ордуудыг багтаасан тэнгэрийн заадас нь төвөө тойрон эргэлдэж байгаатай холбоотой бөгөөд үүнээс шалтгаалж өдөр шөнө тэнцэх цэгийн шилжилт явагддаг байна. Уламжлалт Төвд-Монголын болон Энэтхэгийн Хинду систем нь туршилт, ажиглалтад хэзээ ч түшиглэдэггүй, харин огторгуйн биетүүдийн байрлалыг гагцхүү математик загвараар боддог тул тооцоолж гаргасан байршлууд нь ажиглаж, тогтоох байршлуудтай нийцэж байгаа эсэх нь чухал биш байжээ. Уламжлалт Төвдийн, Монголын болон Энэтхэгийн зурхайчид өөрсдийн тооцоогоо тэнгэрийг ажиглаж, батлахыг сонирхдоггүй.

Гаригуудын тооцоолсон ба ажигласан байршил

Энэтхэг улс Одон орны судалгаа ажиглалтын талаар арван долоодугаар зуунд Могулын байлдан эзлэгчдээс анх мэдсэн бол харин Могул нар өөрсдөө үүнийг Арабаас сурсан ажээ. Ажиглалтаар тогтоосон огторгуйн биетүүдийн байршлууд нь уламжлалт аргаар тооцоолсон байршлаас ихээхэн зөрсөн байдаг. Хэдийгээр Энэтхэгчүүд тооцоолсон байршлууд дээрээ хорин гурван градус нэмсэн боловч математик загвар нь нарийвчилсан үр дүнг өгч чадахгүй байсан. Түүнээс хойш зуун жилийн дараа Британийн колони болсон Энэтхэг улсын Одон орны судлаачид гаригуудын байршлыг тогтоох Европын томъёололыг сурч, ажиглалтууд нь нотлогдох үр дүнд хүрч байгааг хараад, тэдний ихэнх нь Хиндугийн уламжлалт тооцооллын системүүд, түүгээр бодож гаргасан гаригуудын байршлыг ашиглахаас татгалзахаар шийджээ. Тэдгээрийн оронд шинэчлэгчид нь Өрнийнхний тооны ухаанаар тооцоолсон байршлуудыг ашиглах болсон бөгөөд ингэхдээ тогтмол одны зурхайн ордуудад хөрвүүлэхийн тулд уг байршлуудаас зөвхөн хорин гурван градус хасдаг болжээ.

Энэтхэгийн Хинду системийн Зурхайн ухаанд хэдэн зууны өмнө тохиолдсон хямралын асуудлыг Төвд-Монголын Зурхайн ухаан одоо шийдвэрлэх хэрэгтэй болоод байна. Төвд-Монголын зурхайчид Өрнийн болон Энэтхэгийн системтэй танилцахын хирээр Цогт цагийн хүрдэний математикийн томъёонуудаар гаргасан огторгуйн биетийн байршлууд нь сонгодог Хиндугийн системийн байршлуудаас ялгаатай боловч, ажиглалтад нийцсэн нарийн үр дүн гаргаж хараахан чадахгүй байна гэдгийг ойлгох болсон. Уламжлалт математикийн тооцооноос татгалзаж, Хиндугийн шинэчлэгчдийн жишээг даган, өдөр, шөнө тэнцэх өдрийн цэгийн шилжилтийг харгалзсан Өрнийн зурхайн ордуудын байршлыг авч хэрэглэх эсэх нь шийдвэрлэх ёстой томоохон асуудал болоод байна. Аль аль сонголт нь өөрийн давуу болон сул талтай. Одоо ч Энэтхэгийн Хинду зурхайчдын дунд энэ асуудал маргаантай хэвээр байгаа билээ.

Үйлийн үртэй холбогдох нь

Бурхад огторгуйн биетүүд дээр заларч, өөрийн хүчээр, биеэ даан, бидний амьдралд нөлөөлдөг тухай зурхайд ярьдаггүй гэдгийг Бурханы шашны сургаалд тодорхой заасан байдаг. Огторгуйн биетүүд өөрөө бодит нөлөөллөөр үйлчилдэг гэж. Ийм зүйл байдаггүй. Үүний оронд Бурханы шашин мэрэг дахь огторгуйн биетийн байршил нь тухайн хүн төрөхдөө авч төрсөн үйлийн үрийн нөөц хэсгийг тольдон байдаг хэмээн баталдаг.

Бидний үйлийн үрийн нөөц бололцооны хэсгүүд олон янзын толинд тодорхой хэв, загваруудын дагуу тусдаг. Эдгээр хэв загварыг хүний төрөх үеийнх нь огторгуйн биетийн байршил, генийн тогтолцооны онцлог, хувийн зан чанар, явдал мөр, амьдралын ерөнхий ноён нуруунаас харж болно. Эдгээр хэв загвар нь хүн бүрт нэгэн зэрэг, өөрөөр хэлбэл, урьдах төрлүүдэд нь цогцолсон үйлийн үрийн хүчээр нэгэн багц болон ирдэг. Үүнээс үүдэн тооцоолж гаргасан огторгуйн биетүүдийн байршил нь ажиглаж тогтоосноос өөр байх эсэх нь нэг их чухал биш. Иймд Цогт цагийн хүрдэний уламжлалт томъёонуудаар тооцоолсон огторгуйн байршилыг ашигласан хэвээр байх, эсвэл өдөр, шөнө тэнцэх өдрийн цэгийн шилжилтийг тусгасан Өрнийнхний ажиглаж тогтоосон байршилыг хэрэглэх эсэхээ шийдэх нь хялбар асуудал биш юм. Энэ нь хүмүүсийн амьдралд аль нь чамбай нийцэх зурхайн мэдээлэл өгч байгааг тогтооход ихээхэн хэмжээний судалгаа, шинжилгээний ажлыг шаардаж байгаа юм.

Урьдчилан таамагласан мэрэгүүд

Судлах ёстой зүйлүүдийн нэг сэдэв нь хүний амьдралын янз бүрийн замд юу тохиолдож болохыг урьдчилан таамаглах зурлагууд юм. Төрсөн өдрийн төөргийн зурлага болон гаригуудын байршлыг тогтооход, огторгуй дахь дараах есөн биетийг ашигладаг: Нар, Сар, Буд, Сугар, Ангараг, Бархасвадь, Санчир болон Өрнөдийнхний нэрлэснээр “сарны хойд болон урд зангилаа (Англи хэл: north and south lunar nodes)” орно. Дугуйн хэлбэртэй гэж төсөөлсөн алсыг харагч хүрд, түүний дотоод замаар нар, сар эргэж байдаг дүрслэлийг эргэн санацгаая. Энэ нь нар, сарны тойрог замыг дүрсэлж байгаа хэлбэр. Эдгээр тойрог зам нь яг зэрэгцээ биш, харин дугуйны хоёр эсрэг талд огтлолцоно. Энэхүү огтлолцлын цэгүүд нь сарны зангилааны хойд болон урд уулзвар юм. Хэрвээ аль нэг цэг дээр нар байгаад нөгөө цэгт нь сар байвал сарны хиртэлт болдог. Хэрвээ энэ хоёр цэгүүдийн аль нэгт нар, сар хоёул уулзвал, нарны хиртэлт болдог. Эртний олонхи Одон орны ба Зурхайн ухааны системд эдгээр сарны зангилаануудыг огторгуйн биетүүд гэж үздэг байсан. Бурханы шашинд тэдгээрийг Раху ба Калагни / Англи хэл: Rahu and Kalagni/ гэж нэрлэдэг бол Хинду системүүдэд Раху ба Кету гэдэг. Эдгээр нь огторгуйн найм дахь болон ес дэх биетүүдийг бүрдүүлнэ.

Төвд-Монголын зурхайн урьдчилсан таамаглал нь хүний амьдралын боломжтой хамгийн урт насыг тооцоолдог. Дараа нь огторгуйн есөн биет тус бүр байрлах дарааллынхаа дагуу уг амьдралыг эрхшээлдээ байлгах үеүүдэд хуваадаг. Тогтсон хувь, харьцаагаар биет тус бүр тодорхой хугацааны туршид хүний амьдралын тодорхой хэм хэмжээг эрхшээлдээ байлгадаг. Огторгуйн биетийн эрхшээлдээ байлгах хувь хэмжээнүүд өөр хоорондоо ялгаатай. Аль огторгуйн биет хүний амьдралын эхний үеийг эрхшээлдээ байлгахыг олсны дараа, тус биетийн хүний амьдралын замд эзлэх хувийн жинг тооцож, үүнээсээ эхний үеийн үргэлжлэх хугацааг тогтооно. Хүний амьдралын хугацааны хэсэг тус бүрийг сая дурьдсантай адил зарчмаар дотор нь хувааж болох бөгөөд хэсэг бүрээ дотор нь үед хуваана. Төрсөн өдрийн төөрөг, зурлага дахь хүний амьдралын тухайн хэсэг, дэд хэсэг, түүний доторх үеийг эрхшээлдээ байлгадаг огторгуйн биетийн хүч, нөлөөллийг харьцуулж үзсэнээр тухайн хүнд тодорхой цаг, хугацаанд юу тохиолдож магадгүй талаар тайлбарыг өгч болдог.

Энэтхэгийн Хинду системийн урьдчилан таамаглах зурхай нь Төвд-Монголынхтой төстэй боловч хэд хэдэн тал дээр сүрхий ялгаатай. Хинду системд хүний амьдралын үргэлжлэх хугацааг тооцоолдоггүй. Есөн огторгуйн биет Төвд-Монголын системтэй адил дэс дараалал болон хувь хэмжээгээр хүний амьдралыг эрхшээлдээ байлгадаг боловч, ямар ч тохиолдолд есөн биетийн эрхшээлдээ байлгах хугацаа нийлээд 120 жил болдог. Хэрвээ тухайн нэгэн огторгуйн биетийн эрхшээлдээ байлгах хэмжээ нь арван хувь бол уг биет арван хоёр жилийн турш хүн бүрийн амьдралыг эрхшээлдээ байлгана. Хүмүүсийн төөрөг зургийн ганцхан ялгаа нь тухайн огторгуйн биетийн эрхшээлд байж, эзэмдэх арван хоёр жил хүний амьдралын аль үед байхад л байгаа юм. Үүнийг 120 жилийн мөчлөгийн хаана нь уг хүний амьдрал эхэлж байгаа гэдгийг тооцоолж олсноор тодорхойлж болно. Гэхдээ хүмүүс 120 насыг наслаж чаддаггүй тул тэдгээрийг нас барахаас өмнө тухайн огторгуйн биетийн эрхшээлдээ байлгах хугацаа эхэлж амжихгүй ч байж болно. Төвд-Монголын уламжлалд огторгуйн биетийн эрхшээлд байх хугацаа бүр нь хүн болгонд тохиолдох ёстой ба хэрвээ огторгуйн биетийн эрхшээлдээ байлгах хувь хэмжээ нь 10 хувь, амьдрах нас нь 60 жил бол уг биетийн эрхшээлдээ байлгах хугацаа нь 6 жил юм.

Хар зурхай буюу Хятад зурхай

Хятадаас уламжилж авсан Төвд-Монголын системийн хар зурхайн тооцоолол болох урьдчилан таамаглах зурхайд хэд хэдэн хөдөлгөөнт хэмжээг нэмсэн аж. Эдгээр нь хулгана, үхэр, бар, туулай гэх мэт 12 жилийн мөчлөг болон шороо, ус, гал, мод, төмөр гэсэн таван махбодиос үүдэлтэй юм. Эдгээр нь нийлээд Төвдийн хувилбарт төмөр морь, модон бар гэх мэтийн 60 боломжийг үүсгэдэг аж. Монголын уламжлалд махбодийн нэрийн оронд түүнтэй холбоотой өнгөний нэрийг хэрэглэдэг. Тухайлбал, хар морь, хөх бар гэх мэт. Төрсөн өдрийн төөрөг зургийг төрсөн жил, сар, өдөр болон төрсөн агшны хоёр цагийн мөчлөгийн хослолоор гаргадаг. Тооцохдоо жил бүрийг эзэмдэж байдаг амьтны мөчлөг, махбодийн хослолтой олоод, түүнийг төрсөн цагийн боломжтой нь харьцуулан, дараа нь тухайн жилийн талаарх урьдчилж таамагласан мэдээллийг авдаг болно.

Хар зурхайн тооцоололд мөн найман гурвалж (триграм) болон шидэт дөрвөлжингийн есөн тооны систем багтдаг. Хятадын сонгодог “Чин өөрчлөлтийн сударт” (I Ching, Англи хэл: The Book of Changes) зааснаар, гурвалж гэдэг нь тасархай болон үргэлжилсэн гурван шугамын хослол юм. Шидэт дөрвөлжингийн есөн тоог гаргаж авахын тулд дөрвөлжинг есөн адил жижиг дөрвөлжин нүдэнд хуваах бөгөөд хөндлөн, босоо, ташуу шугамын дагуу яаж ч нэмсэн нийлбэр нь 15 байхаар, нэгээс есийн тоог нүднүүдэд байрлуулдаг. Төрсөн жилийн гурвалж болон шидэт дөрвөлжингийн тооноос тухайн жил бүрийн гурвалж ба шидэт дөрвөлжингийн тоог тооцоолон олдог бөгөөд тэдгээр нь урьдчилан таамаглах цаашдын мэдээллийг өгдөг байна. Төвд-Монголын зурхайн урьдчилан таамаглах бүрэн зурлагыг хийхийн тулд хар болон цагаан зурхайн тооцооллоос олж авсан бүх мэдээллээ уялдуулан нэгтгэж, тайлбар гаргадаг. Түүнийгээ улам нарийн, тодорхой болгохын тулд тааламжтай болон тохиромжгүй өдрийн цагийг хар болон цагаан зурхайн мэдээлэл, цаг тооны бичгээс дээр нь нэмж болох юм. Нэг тооцооллоор эерэг байсан хугацаа өөр тооцооллоор сөрөг байж болох тул тодорхой цаг үед нөлөөлж буй бүх хүчин зүйлсийг харьцуулан дэнслэх хэрэгтэй. Төвд-Монголын зурхайн зурлагуудыг тайлбарлах нь маш нарийн төвөгтэй урлаг билээ.

Насны хэмжээг урьдчилан таамаглах тухай

Зурлагыг тайлбарлах чадварыг тус системийн доторх төвөгтэй асуудлууд улам хүндрүүлдэг. Заримдаа математикийн тооцоогоор хэн нэг хүний амьдрах хугацааг гаргавал, уг хүн хэдэн жилийн өмнө нас барах ёстой байсныг тогтоож болно гэсэн үг. Өөр нэг тооцооллоор хэрвээ тухайн хүн буян сайн үйлдвэл, амьдралаа хэдэн жил, тодорхой хувиар уртасгах боломжтойг нээн илрүүлж болох юм. Гэсэн хэдий ч олон хүн аль хэдийнээ нас барсан байх ёстой байдаг. Түүнчлэн амьдрах хугацаагаа уртасгахын тулд хир зэрэг буян хураах ёстой вэ? гэсэн асуулт гарна. Ердийн болон уртасгасан амьдрал гэсэн хоёрхон бололцоо байдаг уу? Хорон муу сэдэлтэй боловч бага зэрэг буян үйлдвэл, амьдралын хугацаагаа тун өчүүхнээр уртасгаж болох уу? гэх мэт.

Төвдийн ба Монголын Их зурхайчдын үе үеийн, хөгжлийн түүхэн цагийн бүтээлүүдээс харахад, байдал улам будлиантай болдог. Тэр зурхайчид хүний амьдралын хугацааг тооцоолох талаар санал зөрөлдөөнтэй байсан. Зарим нь хүний амьдралын үргэлжлэх хугацааны дээд хязгаарыг 120 жил байна гэсэн байхад, зарим нь 100 жил, өөр нэг хэсэг нь 80 жил байна гэж үзсэн байдаг. Эдгээрийн алийг нь сонгосноос шалтгаалж, тухайн хүн хир олон насыг наслах, амьдралын туршид нь тохиолдох хүчин зүйлүүд өөр өөрөөр гарч ирдэг. Аль нь зөв юм бэ? Энэтхэгийн Хинду зурхайн жишээг дагаж хүний амьдрах хугацааг ерөөсөө тооцоолохгүй байвал дээр биш үү? Ийм алхам хийлээ гэхэд Төвд-Монголын зурхайн хэд хэдэн уламжлал байгаад, хуанли нь ялимгүй ялгаа, зөрүүтэй байдаг тул хүний хэтийн амьдралын тухай урьдчилсан таамаглал, зураг төөрөг нь маш олон янз гарах ажээ.

Үнэний эрэлхийлэл, түүнтэй зууралдах нь

Зөвхөн Төвд-Монголын Зурхай ухаан хэд хэдэн ялгаатай хувилбарын уламжлалтай гэдэг утгаараа хоорондоо ялимгүй зөрөөтэй төөрөг зургийг гаргадаг бус Өрнийн, Энэтхэгийн Хинду, Хятадын системд ч ийм талууд байдаг. Энэ талаар хүмүүс мэдэхээрээ ихэвчилж сэтгэл гонсойдог. Итгэл үнэмшилгүй болсон хүмүүс төрөлхөөс байсан ”Би” болон өөрсөддөө шунахайран, амьдралд нь цаанаасаа тогтоосон, өөрчилж, салгаж болдоггүй төөрөг байдаг гэдэг санаатай зууралддаг. Энэ төөрөгдөлдөө хөтлөгдөн, хүмүүс өөрийн биен даасан “Би”-гээрээ ирээдүйд тохиолдох зүйлийг хянах, ингэж чадахгүй бол дор хаяж, өөрсдийгөө бэлэн байлгахын тулд цаашид юу болох талаар мэдэхийг эрмэлздэг. Ирээдүйд юу болох талаар олон төрлийн зурлага, таамаглалтай учирхад, өөрсдийн бат бөхөөр оршиж байсан “Би” болон амьдрал нь өөрийн хяналтнаас нь гарчихлаа гэж бодож эхэлдэг.

Тэднийг шаналгасан энэ таагүй байдал нь Төвдийн буюу Монголын лам багш, Бурханы шашны сонгодог бүтээлээс айлдаж, тухайн нэг судрын номлолыг Гүн ухааны үндсээс нь тайлбарлахад, тэдний ханддаг байдалтай адил ажээ. Бусад судраас үзвэл, тэр зүйл нь арай өөр утгатай төдийгүй Төвд-Монголын уламжлалын судар бүр дахиад бас өөрөөр тайлбар өгдөг. Ийм олон сонголтуудтай учраад Өрнөдийн хүмүүс “Гэхдээ энэ чинь яг юу гэсэн утгатай юм бэ?” гэсэн асуултыг тавьж эхэлдэг. Магадгүй Ертөнцийн эзэн, нэг л Үнэн гэсэн библийн сэтгэхүйн нөлөөнд ухамсаргүйгээр автагдан, чухам юуг хэлээд байгаа тухай цорын ганц үнэнийг олохыг эрмэлздэг. Тэд энэ байдлаараа зурхайн мэдээлэлд ханддаг ба тохиолдох гэж байгаа зүйлийн талаарх тодорхой хариултыг эрэлхийлдэг.

Хэрэв бид бодит байдлыг огт бүтэлгүй замаар эрэлхийлвэл Төвд-Монголын зурхайгаас авах мэдээлэл бидний урмыг хугалж, итгэлийг алдуулна. Энэхүү өөр өөр үзэл бодлыг баримталсан мэдээллүүдээс ямар нэгэн зүйл олж мэдье гэвэл бид Бурханы шашны үйлийн үрийн болон хоосон чанарын сургаалийн үүднээс харах хэрэгтэй юм. Зурхайн ухааны мэдээлэл нь “сансар хорвоо” буюу дахин төрөл олох, одоогийн амьдралын явц нь урьд насны үйлийн үрийн нөлөөнд өөрийн эрхгүйгээр болж байдаг гэдгийг дүрслэн үзүүлдэг. Өөрсдийгөө энэхүү заналт орчлонгоос гаргахын тулд бид өөрийн хувь хүний шинж чанар, амьдралынхаа тэмдэглэлт үйл явдлуудыг бүгдийг нь хоосон чанарын сургаалд багтаагаад, тэдгээр нь түр зуур, бодит бусаар оршин тогтнох хоосон юмс гэдгийг ойлгох хэрэгтэй юм. Ийм учраас бид үйлийн үр болон хоосон чанарыг ойлгох хэрэгтэй билээ.

Үйлийн үрийн нөөц бололцоо, тавилантай харьцуулахад

Энэтхэгийн алдарт Их багш Хайдруб Жэй үүнийг маш сайхнаар тайлбарласан байдаг. “Цогт цагийн хүрдэний Тарнийн ёсны” тайлбарт тэрээр: Хэрвээ Зурхай ухаан нь хэн нэгний талаарх бүх мэдээллийг тогтоож чаддаг юм бол нэг цагт, нэг газарт төрсөн хүн нохой хоёр байлаа гэхэд, тэд адил зан чанар, амьдрах настай байж, ижил хувь заяа амьдралд нь тохиолдох ёстой билээ. Энэ нь мэдээж тийм биш юм. Шалтгаан нь зурхай хэн нэгний талаарх бүх мэдээллийг бидэнд өгч чадахгүй байгаатай холбоотой. Бусад олон хүчин зүйлүүд хувь хүний амьдралын явцад нөлөөлдөг. Үр дагавар нь маш олон шалтгаан, нөхцөл байдлын сүлжээнүүдээс үүсэлтэй. Үйлийн үр, зан үйлийн явдал, мөрийн шалтгааны зүй тогтлууд, үр дагавар нь онцгой нарийн иж бүрэн зүйл юм. Эхлэлгүй цагаас авахуулаад бид хойд төрөлдөө нөлөөлөх үйлийн үрийн шалтгааныг бий болгож иржээ. Хир зэрэг нарийн үндэслэлтэйгээс үл хамааран зурхайн зурлага нь бидний үйлийн үрийн бүтэц, төөрөг зургийн нэг талын өчүүхэн хэсгийг л чадан ядан харуулж байгаа болно. Уг зурлагын дагуу зарим үйл явдал тохиолдох магадлал өндөр байж болох авч түүн дээр нэмэгдэж, эсвэл түүний оронд тохиолдож болзошгүй арай бага магадлалтай зүйлүүдийг та бүхэн анзаарахгүй өнгөрүүлж болохгүй юм. Ямар ч зүйл хөдөлшгүй, тодорхой, тогтсоноор байдаггүй. Оршин амьдрахын энэ арга замаас татгалзснаараа юу болохыг урьдчилж, бодитойгоор мэдэж, бүх зүйлийг хяналтандаа байлгах гэж эрмэлздэг “Би” гэгчтэй зууралдах гүн гүнзгий хэвшсэн зуршлаасаа салж болно.

Анагаах ухааны төрөл бүрийн уламжлалуудаас авах мэдээллийг зөвхөн эрэгцүүлж үзэхэд л болно. Өрнийн Анагаах ухаанд хүний биеийг цусны эргэлт, мэдрэл, хоол боловсруулах эрхтний гэх мэтийн төрөл бүрийн системүүдийн нарийн сүлжээ гэж үздэг. Төвд-Монголын эмнэлэгт хүрд (чакра) ба энергийн сувгуудын систем гэж үздэг. Харин Хятадын анагаах ухаанд зүүний буюу мэдрэлийн цэгүүд, меридиануудаар дүрсэлдэг. Хэрэв та эсэргүүцэн, “Гэхдээ аль нь үнэн юм бэ? Аль систем нь биенд бодитой явагдах зүйлийг дүрсэлдэг вэ?” гэж асуувал, бүгд л зөв гэсэн хариултыг өгөх болно. Эдгээр нь тус бүрдээ эмчилгээнд амжилттай хэрэглэж болох хүний биений талаарх үнэтэй мэдээллийг өгдөг.

Зурхайд ч бас ийм билээ. Тропикийн буюу Халуун бүсийн зурхайн орд бүхий Өрнийн системүүд нь нэг төрлийн мэдээллийг өгдөг бол тогтсон хөдөлгөөнгүй одны зурхайн орд бүхий Энэтхэгий Хинду болон Төвд-Монголын уламжлалд өөр үр дүн гардаг. Хятадын уламжлалт зурхайн систем нэмэлт мэдээллийг өгдөг бол Хятадаас үүсэлтэй хар зурхайн тооцооллоор Төвд-Монголын зурхайчид түүнээс өөр илэрхийллийг гаргадаг. Төвд-Монголын зурхайн уламжлал дахь 120, 100 эсвэл 80 жилийн амьдралын дээд хугацаатай системүүдийг ашиглавал, тухайн хүний амьдралын явцын талаар гурван өөр зураглалыг гарах болно. Эдгээр хоорондоо зөрчилтэй юм шиг харагдах мэдээллийг ашиглахдаа, систем тус бүр нь үнэхээр тохиолдох тодорхой магадлал бүхий үйлийн үрийн боломжит нэг хэлбэрийг дүрсэлдэг гэж үзэх хэрэгтэй

Бид бүгдэд үйлийн үрийн тохируулгыг бий болгох үй түмэн боломж байдаг учир, асар олон тооны амьдралын хэлбэрээр бид замнаж болох юм. Маргааш хувьцаа авах хэрэгтэй юу үгүй юу, маргааш азтай өдөр байх уу, гэх мэтээр яг юу болохыг мэдэхийг оролдож, баримжаа авахад гол нь биш. Баримжаа авах нь магадлалын үүргүүдтэй огт хамаагүй. Хэрвээ бид арван жилийн өмнө үхэх ёстой байсан гэж зурхай гарсан байвал, урьд насандаа бид богино амьдрах үйлийн үрийг бий болгосон байна гэж үзэж болно. Энэ нь бидний үйлийн үрийг өвлөх нэг боломж, магадлал юм. Тодорхой амьдралын хугацаанд алив нэг зүйл гүйцэж, бүрэлдэх тохиолдол, нөхцөл байдлаас шалтгаалдаг юм. Газар хөдлөл, атомын бөмбөгийн дэлбэрэлт зэрэг байгалийн гамшигт үй олон хүн амиа алдаж байгааг аваад үз. Мэдээж хүн бүхний зурлагад яг тэр өдөр нас барна гэж байгаагүй л байх. Зурлагад заагдаагүй боловч, гадаад нөхцөл байдал нь болж байгаа зүйлд нөлөөлдөг.

Иймд зурхайн төөрөг зурлага нь цаг агаарын мэдээтэй адилаар, өндөр магадлалтай, тохиолдож болзошгүй явдлын талаарх мэдээллийг бидэнд өгдөг боловч бодит амьдралд тэр нь болохгүй ч байж болох юм. Хэрвээ өнөөдөр бороо орж магадгүй гэвэл бид урьдчилан сэргийлэх журмаар шүхэр авч гардаг бөгөөд бороо орохгүй бол үүнээс шалтгаалж ямар нэгэн хохирол бидэнд учирдаггүй. Үүний ижил, хэрэв бидний зурлагад өнөөдөр жинхэнэ хайр дурлалтай учирах буюу бизнест амжилт олно гэж заасан, түүнийг тохиолдох өндөр магадлалтай гэж үзвэл, бид энэ өдөр гарч ирэх боломжийг ашиглахад бэлэн байна. Хэрэв энэ өдөр юу ч тохиолдохгүй бол бид зурхайд зайлшгүй тохиолдох ёстой баталгаатай зүйл гэж байдаггүйг өөртөө сануулах хэрэгтэй.

Үйлийн үрийг ариусгах тухай

Хэрвээ бид өөрсдийгөө зурхайн боломж бүхий зурлагуудаас бүгдээс нь чөлөөлж, ангижруулахыг хүсвэл, бид өөрсдийн зурлагаас Бурханы номын (Санскрит хел: Dharma) сургаалыг судалж мэдэхийг хичээх хэрэгтэй юм. Энэ нь эцсийн эцэст Зурхайн ухааныг судлах Бурханы шашны зорилго болно. Бид ямар ч үед сайн боломжийг хүлээж авахад бэлэн нээлттэй, болзошгүй саад, аюулаас болгоомжилж сурах хэрэгтэй болов уу. Хэрвээ зурхайд биднийг арван настайдаа нас барна гэж заасан боловч ийм золгүй явдал тохиолдоогүй бол, ер нь урьд төрөлдөө богино амьдрах үйлийн үрийн шалтгаан бий болгох тухай эрэгцүүлж бодох хэрэгтэй. Хүн идэр залуугаараа нас барна гэдэг нь, урьд төрөлдөө бусдын амийг хөнөөсөн, эсвэл тэднийг гэмтээснээс үүдэлтэй юм. Хэдийгээр ийм үйлийн үрийн үр дагавар энэ амьдралд маань боловсроогүй ч, бид ийм үйлийн үрийг өмнөх насандаа тарьсан ба одоо ахиад нэмэгдүүлэх хандлага бидэнд байгаа гэдгийг өөртөө сануулж байх хэрэгтэй. Бид бодлогогүйгээр ялааг цохиж алахдаа, ингэх нь хал балгүй гэж бодож болох юм. Зурхайд богино насална гэж заасан нь ийм хандлагаас өөрсдийгөө ариусгахын төлөө зүтгэхэд түлхэж болох юм.

Төвд-Монголын зурхайн зурлагаас сурах гол зүйлийн нэг нь бидний дотоодод байгаа тодорхой үйлийн үрийн шалтгаануудаа зохицуулах явдал юм. Бидний амьдралын тодорхой өдөр болох зүйлийг яг нарийн олж тогтоохыг хичээх нь гол биш билээ. Сурч мэдэх нь биднийг хариуцлага муутай болгох биш, илүү хариуцлага хүлээх чадвартай болгодог. Хэрвээ ирээдүйд болох зүйл нь эхнээсээ бүгд шийдэгдчихсэн байдаг бол бидний хийж байгаа зүйлүүд бүгд ямар ч үр нөлөөгүй болох ёстой юм. Бид өөрсөддөө тохиолдож байгаа ямар ч зүйлд нөлөөлж чадахгүй байхсан билээ. Нөгөө талаас нь харахад, хэрэв заавал ч үгүй тохиолдох зүйлийн талаар биш, харин зөвхөн тохиолдож болзошгүй, тодорхой боломжуудын талаар л мэдэж байхад, бид хийсэн сонголтынхоо төлөө хариуцлага хүлээнэ. Зурхайн мэдээллийн талаарх мэдлэг бидэнд хувийн зан байдал, амьдралын өрнөл, бусад хүмүүс бидэнд хандах хандлага зэргийг ягшсан хэлбэрт оруулан, бидний оюун ухааныг явцууруулж байгаа биш, харин бидний ойлголт, мэдлэг эсрэг дүгнэлтэнд хүргээд байгаа юм. Бидэнтэй тохиолдож байгаа юм бүхэн тоо томшгүй олон шалтгаан, нөхцөл байдлаас хамааран, урган гарч байгаа бөгөөд үйл ажил маань амьдралын явцад нөлөөлж байгаа гэдгийг бид харж байна.

Төвд-Монголын Зурхайн ухааны систем их нарийн төвөгтэй санагдаж болох авч, амьдрал түүнээс ч илүү хязгааргүй төвөгтэй билээ. Цөөн хэдэн огторгуйн биет, зурхайн орд, гэр, жил, махбодь, триграм, шидэт дөрвөлжингийн тоо зэргийн илэрхийлж байгаагаас хавьгүй илүү олон хүчин зүйлүүд болж буй юмс, үзэгдэлд нөлөөлж байдаг. Бидний амьдралд тохиолдож буй зүйлд тоо томшгүй олон хүчин зүйлс нөлөөлдгийг ухаарах нь дэлхий, амьдрал, өөрсдийнхөө болон бусдын талаар хэвшсэн явцуу үзэл бодлоос салгаж, биднийг илүү өргөн цар хүрээтэй сэтгэдэг болгоно. Энэ нь хоосон чанарыг харилцан хамааралтай үүсэлтэй холбож танин мэдэх боломжийг бидэнд нээнэ гэсэн үг. Ингэснээр бидний амьдралын өрнөл хараат бус, хувиршгүй тогтсон зүйлүүд байхаа больж, сая сая хүчин зүйлсээс хамааралтай гэдгийг мэдэх болно. Зурхайн мэдээлэл ба зурлага нь амьдралд нөлөөлж байгаа хувьсалуудын өчүүхэн хэсгийг тусгаж байдаг. Гэхдээ өндөр магадлалтай, болзошгүй зарим үйл явдлыг нээн илрүүлэх нь үйлийн үр, хоосон чанар, харилцан хамааралтай байдлын талаарх ухаарлыг маань бататгаж, хөгжүүлэхэд тустай байж болох юм. Энэ үүднээс Төвд-Монголын зурхайгаас олж авах мэдээлэл нь зарим тохиолдолд нарийн биш байж болох авч тустай юм. Энэ нь амьдрал хувиршгүй, ягшмал, нэг хэвийн бус гэдгийг харуулж байна. Үйлийн үр олон янзаар боловсрох боломжтой.

Асуултууд ба хариултууд

Асуулт: Төвд-Монголын зурхайд жилийг сараар, харин Өрнөдөд нараар тооцоолон гаргадаг. Ялгаа нь юунд байна вэ?

Алекс: Төвд-Монголын хуанли нь сар, нарны хөдлөх замын онцлогийг хослуулан зохиогдсон байдаг. Бурханы номлолд тодорхойлсноор цаг хугацаа нь, өөрчлөлтийн хэмжүүр юм. Иймд та өөрчлөлтийн төрөл бүрийн мөчлөгүүдийг хэмжих хэмжилтэнд үндэслэн жил, сар, өдрийг тодорхойлж болох юм. Төвдийн ба Монголын хуанлийн нэг сарын хэмжүүр нь шинийн нэгний сараас дараагийн шинийн нэгний сар хүртэл хугацаа ажээ. Шинийн нэгний сарны арван хоёр мөчлөг буюу сарны арван хоёр сар нийлээд нарны нэг жилээс бага хугацаатай байдаг. Нарны жил гэдэг нь нар өөрийн тойрог замыг туулан, зурхайн ордны нэг цэгт буцаж ирэх хугацаа юм. Төвдийн ба Монголын хуанлид сарны сар гэж байдаг нь, түүнийг нарны жилтэй уялдуулахын тулд нөхөн зохицуулах шаардлага гардаг юм.

Өрнийн хуанлид нарны нийт өдрийн дутуу өдрийг нөхөх зорилгоор дөрвөн жил тутам нэг жилд нэг өдөр нэмдэг, өндөр жил байдгийн адилаар Төвд-Монголын хуанлид нарны жилийг сарны сартай зохицуулах төстэй аргууд байдаг. Зарим үед тэд илүү сарыг нэмдэг бол зарим үед тухайн аль нэг өдөрт шинэ, тэргэл сарыг тааруулах зорилгоор сарын зарим өдрийг хасдаг, эсвэл сар дээр шинээр өдөр нэмдэг. Үүнд зориулсан математикийн томъёо, дүрэм нь ихэд төвөгтэй.

Асуулт: Зурхайн арван хоёр болон хорин долоон ордыг яаж гаргаж, тогтоосон юм бол?

Алекс: Жилийн шинийн нэгний сар тутам нар мандахад тэнгэрийн зүүн хэсэгт хамгийн тод байдаг ордыг зурхайн арван хоёр ордод оруулсан байдаг. Шинийн нэгний сараас дараагийн шинийн нэгний сар хүртэл хугацааг хамарсан сарын хорин долоон (зарим тооцооллоор хорин найм) шөнө бүр сар мандахад, тэнгэрийн зүүн хэсэгт хамгийн тод байдаг ордыг зурхайн хорин долоон (хорин найман) ордод багтаасан болно.

Асуулт: Төвд-Монголын Зурхайн ухаан дэлхийн бөмбөрцгийн хойд болон өмнөд хэсэгт мэндэлсэн хүмүүсийн төрөлтөд ялгавартай ханддаг уу?

Алекс: Үгүй ээ, ингэж ялгавартай авч үздэггүй. Төвд-Монголын Зурхайн ухаанд дэлхийн бөмбөрцгийн хойд болон өмнөд хэсэгт мэндэлсэн төрөлт, дэлхийн бөмбөрцгийн хойд хэсэгт өөр өөр газрын буюу цагийн бүсэд мэндэлсэн төрөлтийг хооронд нь ялгаж үздэггүй. Дахин хэлэхэд, энэ нь тус системийг Энэтхэгийн Хинду уламжлалт зурхайн адилаар шинэчлэх шаардлагатай юу, хэрэггүй юу гэдгийг шийдэх асуудлыг босгож ирж байгаа юм.

Үүнийг шийдэхэд дэлгэрэнгүй судалгаа, шинжилгээ хэрэгтэй болдог. Төвдийн хуанлид хамгийн өргөнөөр хэрэглэдэг цагаан зурхайн үзүүлэлтүүдийг тооцоолох программыг би хамтран ажилладаг хүмүүстэйгээ зохиосон бөгөөд тэдгээр тооцооллууд нь төсөл хэрэгжүүлэх үндсэн хэрэгсэл болоод байна. Дараагийн алхам бол хар зурхайн тооцооллын материалуудыг нэмээд, ялгаатай үйлчилдэг хувьсалуудын алгоритмыг өөрчлөн, Төвд-Монголын системүүдэд тооцоолол хийхээр програмчлах явдал юм. Дараа нь харин судлаачид амьдрал, хувийн зан байдлыг нь мэдэх хүмүүсийн нас барсан болон төрсөн мэдээг статистикийн тооцоолол хийхэд хангалттай хэмжээгээр программд оруулан, Төвд-Монголын зурлагын системүүдийн хувилбаруудаас хувьсал нэг бүрийн аль нь илүү үнэнд ойртож байна гэдгийг тогтоох юм. Мэдээж зурхай нь хэзээ ч бүрэн нарийн нягт тооцоолж чаддаггүй гэдгийг тэд анхааралдаа авах ёстой. Мөн өдөр, шөнө тэнцэх өдрийн цэгийн шилжилтийг тусгасан Өрнийн эфемерис дэх тэнгэрийн биетүүдийн байршлыг Төвд-Монголын системд нийцүүлсэн хувилбараар гаргасан үр дүнг шалгах хэрэгтэй ба дэлхийн бөмбөрцгийн хойд, өмнөд хэсэг, өөр өөр газар, цагийн бүсэд төрсөн хүмүүсийн зурхайн зурлагыг харьцуулж судлах хэрэгтэй болдог.

Үйлийн үр болон хоосон чанарын сургаалийг ухаарч, танин мэдэхэд Төвд-Монголын зурхайн систем нь Өрнийн, Энэтхэгийн Хинду болон Хятадын зурхайн зурлагын мэдээлэлтэй адил ашигтай ердийн мэдээлэл өгч чадна гэдэгт би хувьдаа итгэдэг. Эцэст нь Төвд-Монголын урьдын алдарт зурхайчид дээр дурьдсан зурхайд тулгуурлаж байсныг нь өнөөдөр ч өндрөөр үнэлж болох аж. Тэд тэнэг улс байгаагүй шүү дээ.

Өргөл

Та бүхэнтэй хийсэн ярианыхаа төгсгөлийг өргөлийн үгээр дуусгая. Бидний сонссоноос үүссэн эерэг эрч хүч, ухаарал, чадвар, биднийг оролцуулаад, зурхайн төөрөг дэх бүх бэрх талууд, түүний хяналтнаас гадуур илрэх үйлсийг даван туулахад нь тус болох болтугай! Бидний зурхайн зурлага бол чадмагаар тоглож, хожиж сурахад маань зориулж тарааж өгсөн хөзөр биш юм. Бид өөрсдийн чадвар, боломжоо бүрэн ашиглан хамаг амьтанд тус буяныг бүтээхийн тулд хөзрийн утгагүй ямар ч тоглоомыг огт тоглохгүй болж, өөрийгөө түүнээс ангижруулах болтугай!

Баярлалаа.