Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Түүх, соёлын болон харьцуулсан судалгаанууд > Бурханы шашин ба Лалын шашин > Хятад дахь Бурханы шашин болон Исламын шашны нөхцөл 1996 оны байдлаар

Хятад дахь Бурханы шашин болон Исламын шашны нөхцөл
1996 оны байдлаар

Александер Берзин
1996 оны 11-р сар

Хятад дахь шашны ерөнхий нөхцөл байдал

1994 оноос хойшхи хоёр жилийн хугацаанд БНХАУ дахь шашны нөхцөл байдал улам хүндрээд байна. Ерөнхийдөө өмнөхөөсөө илүү их хориг, хязгаарлалтууд бий болоод байгаа юм. Бурханы болон ислам, христийн шашны сүм хийдүүд, шашны сургуулиудад шашны үйл ажиллагаа, сургалтуудыг хүчтэй хязгаарлаж, ямар ч газар олон нийтэд болон хувь хүнд лекц уншихыг хүчлэн хориглоод байна. Зөвхөн чигон гэх тулааны урлагийн биеийн тамир, энергийн урсгал сайжруулах нэг хэлбэрийг олон нийтэд заахыг зөвшөөрсөн. Энэ нь олон нийтийн дунд маш хүчтэй дэлгэрч байгаа нь уламжлалт шашин, соёлаа ихээр үгүйлж байгаагийн нэг илрэл юм.

Төвдийн бурханы шашин

Бүх шашнуудын дундаас Бурханы шашин, тэр дундаа Төвдийн бурханы шашин, түүний Төвдийн автономит бүс нутагт баримталдаг ёс хамгийн их бэрхшээлтэй нүүр тулаад байна. Төвд хийдүүдэд суух эрэгтэй, эмэгтэй хуваргуудын тоог хатуу заан өгч түүнээс илүү гарсан тооны хуврагуудыг (хоёр жилийн өмнө энэ тоо маш олон байсан) хийдээс гаргаад байна. Энэ үйл ажиллагааг Амдо нутгаас (Цинхай) илүүтэй Төвдийн автономит бүс нутагт хүчтэй явуулж байгаа юм. Панчин ламын (1938-1989) байгуулсан таван сургуулиас Бээжин болон Лабранд (Гансу) үлдсэн, Төвд уламжлалт Бурханы шашны албан ёсны хоёр сургууль нь коммунист онол сургаал дээр илүү ач холбогдол өгөх ёстой болоод байгаа билээ.

Төвдийн голлох сүм хийдүүдийн хамба нар болон удирдлагуудыг 1996 онд Бээжингийн Төвдийн Бурханы шашны коллежид гурван сарын эрчимжүүлсэн улс төрийн сурталчлан ухуулах сургалтанд хамруулсан. Тэд олон нийтийн өмнө Далай ламыг дагах эсвэл коммунизмыг дагах хоёроос сонгох буюу “эх орныхоо нэгдлийг хадгалах”, “салан тусгаарлах” үзлийн аль нэгийг сонгох шаардлагатай болсон. Төвдөд эрэгтэй, эмэгтэй хуврагууд ийм мэдэгдэл бас хийх ёстой төдийгүй цэрэг, цагдаа нарын цуглуулж авчирсан Далай ламын зурагнууд дээр гишгэх үйлдлийг тэднээр хүчээр хийлгүүлж байв.

Хан үндэстэн хятадуудын дундах Бурханы шашин

Бурханы шашинт хан үндэстэн хятадуудын хувьд Төвдүүдийн адил тийм хатуу арга хэмжээтэй нүүр тулаагүй байгаа юм. Үйл ажиллагаа нь зөвхөн мөргөл хийхэд л нээлттэй сүм хийдүүдээр хязгаарлагдаж байна. Бээжин дэх 600 хан хятад сүм хийдүүдээс зөвхөн 3 нь, мөн нэг Төвд/Монгол хийд энэ ангилалд хамрагддаг бөгөөд бусад нь музей юм. Энэ жилийн Гуаньиний (Жанрайсиг) өдрөөр Хятадын Бурханы шашны холбоо байрладаг Бээжингийн Бурханы шашны гол сүм болох Гуанци Сид хоёр мянга гаруй хүн зочиллоо. Харин сар бүрийн дүйцэн өдрүүдэд зуу орчим хүн, ердийн өдрүүдэд цөөн хэдэн тооны хүмүүс ирж хүж өргөдөг. Тус хийдэд суух хуврагуудын тоо 30 байх хязгаартай. Өдөрт хоёр удаа нэг нэг цагаар тэд шашны зан үйл хийдэг ч бусад үед нь сахиул, жижүүрийн үүрэг гүйцэтгэдэг байна. Багш байдаггүй учраас сургалт явагддаггүй. Хуврагууд өөрсдөө бие даан суралцахыг оролддог. Багш нь амьд ахуй байсан 1988 оноос өмнө тэд бясалгал, бүтээлээ хамт хийдэг байжээ. Одоо бүтээлээ нийтээр хийхээ больж, зарим нэг нь л өрөөндөө тусдаа хийж байна. Нэг настай бясалгалын багш байдаг боловч тэрээр Хятадад байх үүнтэй адил 20 орчим сүм хийдүүдэд багшлах ёстой болдог учраас хааяа нэг ирдэг байна.

Жил бүр найм орчим хятад хуврагыг гадаадад сурахыг зөвшөөрдөг боловч Бурханы шашны уламжлал нь Хятадын Бурханы шашны уламжлалаас огт өөр Шри Ланка руу гол төлөв явуулдаг. Хан хятад үндэстнүүд Бурханы шашныг ихээр сонирхдог боловч засгийн газраас ердийн болон их дээд сургуулиудад шашин судлалын хөтөлбөр оруулахыг хориглодог. Шинээр сүм хийд барихыг зөвшөөрдөггүй ба хуучин хийдүүдийн засварын ажил удааширч байна. Үүнийг хийд барихаар цуглуулсан хөрөнгийг хандив цуглуулагчид ихээр шамшигдуулж байна гэж тайлбарладаг.

Бээжин дэх Хятадын Бурханы шашны улсын сургууль нь Фаюн Си хийдийн дэргэд байдаг. Энэ нь засгийн газраас хуврагуудыг Бурханы шашны хан хятад урсагалд суралцахад нь зориулж байгуулсан таван коллежийн нэг юм. Бусад нь Шанхай, Нанжин, Аньхойгийн Жюхуа, Фужяний Миньнаньд тус бүр байдаг. Хан Бурханы шашин хамгийн идэвхитэй үйл ажиллагаатай бүс нутаг болох Шанхай, тэр дундаа Фужяньд их хүчтэй байдаг. Бээжингийн коллежид 80 хувраг дөрвөн жилийн хугацаатайгаар суралцаж байна. Бусад дөрвөн коллежид ойролцоо тооны хуврагууд суралцаж байгаа бөгөөд бусад хотуудад хэд хэдэн арай жижиг сургуулиуд үйл ажиллагаа явуулж байна. Тэдний сургалтын хөтөлбөрийн ихэнх нь улс төрийн үзэл баримтлалын сургалт байдаг.

Бээжингийн бурханы шашинт энгийн иргэдийн нийгэмлэгт гол төлөв Төвд уламжлалыг баримтлан заадаг 70 орчим насны хоёр багш бий. Холбоо нь 1200 орчим гишүүнтэй. Тэд нэг хуучирч муудсан жижиг байранд байрладаг ба хэдийгээр газар дээр нь бололцооны барилга барихаар хангалттай хандив цуглуулсан байдаг ч засгийн газар барилга барих зөвшөөрөл олгодоггүй аж.

Хятадууд Бурхан багшийн төрсөн газар Балбын Лүмбинид нэг хийд байгуулаад байгаа юм. Энэ жил анх удаа Хятадын засгийн газар хятадын бурханы шашинтнуудад энэ хийдийг нээсэнтэй холбогдуулан Балба болон Энэтхэгт мөргөл хийхээр явахыг нь зөвшөөрчээ. Зөвхөн 80 эрэгтэй хувраг байхаар тоог нь заагаад байгаа бөгөөд үүнээс 10 нь Төвд-Монгол хийдээс, бусад нь Хан хятад хийдээс байх юм. Төвд-Монгол уламжлалын 10 хуврагт Далай ламтай холбоо тогтоохоос сэргийлэх үүднээс Энэтхэг рүү мөргөлөөр явахыг нь хориглосон. Хоёр долоо хоногийн аялалын хөтөлбөр нь 3000 доллар байгаа нь ихэнх хүмүүсийн хувьд төлөх боломжгүй өндөр үнэ юм.

Исламын шашин

Исламын шашны хувьд нөхцөл байдал огт өөр юм. Хятадад уйгар болон хуй үндэстнүүдийг оролцуулсан 20 орчим сая исламын шашинт хүн, тус бүр 100 гаруй суралцагчтай 9 том исламын коллеж байна. Бээжинд эдгээр коллежийн нэг, мөн Хятадын исламын шашинтнуудын холбооны удирдах байгууллага нь үйл ажиллагаагаа явуулдаг. Бурханы шашинтнуудын байрладаг байрнаас эрс ялгаатай том, тоног төхөөрөмж сайтай байранд Бээжингийн Исламын коллеж, холбоо нь хамт байрлажээ. 1950 оны үед баригдсан барилга боловч саяхан шинэчлэн засварласан. Анхны барилга болон шинэ засварын ажлын хөрөнгө мөнгөний тал хувийг улсаас санхүүжүүлсэн байдаг. Хуй үндэстнүүдийн Нинся автономит бүсийн нийслэл Иньчуань дахь коллеж хамгийн том нь бөгөөд Саудын Арабын хөрөнгө оруулалттай маш том байгууламж байдаг. Бурханы шашинтнуудтай харьцуулахад эрс ялгаатай, 50 гаруй хятадын исламын шашинт сурагчид жил бүр Египет, Саудын Араб, Пакистан, Ливи, Малайзад очиж суралцдаг.

Хятадад 42 000 исламын шашны сүм байх бөгөөд Бурханы шашны сүм хийдүүдтэй адил музей мэт байдаггүй, шашны үйл ажиллагаа нь нээлттэй байдаг. Тус бүрдээ энгийн хүмүүст шашны сургалт явуулах имам тэргүүнтэй. Соёлын хувьсгалын үеэр Бурханы шашинтнуудтай харьцуулахад нилээд олон боловсролтой мусульман хүмүүс амьд үлдсэн байдаг. Энэ жил 6000 хятад мусульман хүмүүс Мекка руу хажийн мөргөл хийхээр явж байгаа бөгөөд үүнийг Соёлын хувьсгалаас эхлэн зөвшөөрчээ. Энэхүү 40 хоногийн аялал нь 2500 доллар байдаг.

Хятадын засгийн газар Далай ламыг аливаа “салан тусгаарлах” хөдөлгөөний ард байдаг гэж үзэн түүнийг ард түмний нэг номерын дайсан гэж цоллодог. Төвдийн Бурханы шашны эсрэг эрс хатуу арга хэмжээ авч байгааг Дээрхийн гэгээнийг дэмжих үзлийн эсрэг авч байгаа арга хэмжээ гэж ойлгох хэрэгтэй. Үүнээс гадна эрх баригчид Бурханы шашнаас ерөнхийд нь эмээж байдаг. Хятадад мусульманчууд бусдыг шашиндаа оруулах үйл ажиллагаа идэвхтэй явуулдаггүй учраас хүн амын 92 хувь болох хан хятадуудад ямар нэг заналхийлэл учруулдаггүй юм. Харин ихэнх хан үндэстнүүд Бурханы шашныг тодорхой хэмжээгээр ойлгодог учраас Бурханы шашин ард түмний итгэлийг олох гол холбоотон болох боломжтой гэдгээрээ коммунизмд шууд аюул учруулж байдаг.