Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Шамбал дахь шашнаа солих үзэгдэл

Александер Берзин
2001 оны 11-р сар
Нэмж засварласан 2006 оны 11-р сар

Товч илтгэл

Бурханы болон Библийн шашнууд аль аль нь бусад шашнаа хүлээн зөвшөөрсөөр ирсэн. Мөн аль аль нь бусдын шашны үзэл баримтлалд нөлөөлөх хүч түрсэн, нарийн үйл ажиллагаа өдөөж байсан бөгөөд тус бүрдээ өөр өөр арга хэрэглэдэг байжээ. Библийн шашнууд ариун дайн хийж байсан бол Шамбалын анхны Калки хаан Бурханы шашинтан бус хүмүүст өөрийн шид бүтээлийн эрдмийг үзүүлж тэднийг Цогт цагийн хүрдэний мандалд оруулж байжээ. Библийн шашнууд бусдыг шашиндаа татахын тулд эдийн засгийн урамшуулалыг нарийн арга болгон ашиглаж байсан бол Бурханы шашин учир шалтгааны ухаанаар мэтгэлцэх аргыг ашиглаж байв.

Бурханы шашны итгэл үнэмшлийг хүлээн зөвшөөрөх нь Библийн шашны итгэл үнэмшлийг хүлээн авахаас нэлээд ялгаатай байдаг. Бурханы шашинтан болох нь өмнөх шашны итгэл үнэмшлээсээ бүрэн татгалзах шалтгаан болдоггүй ба тэдгээр үзэл баримтлалыг Бурханы шашны зам мөрөөр урагшлах хүчин төгөлдөр ойлголт болгон үлдээх боломжтой байдаг.

Гэвч Дээрхийн Гэгээн 14-р Далай лам шашнаа сольж Бурханы шашинд орох явдлыг сайшаадаггүй. Бусад шашны болон шашин шүтдэггүй хүмүүс Бурханы шашнаас өөрт тустай аргуудыг сурч болох боловч өөрийн уламжлалт итгэл үнэмшлээ орхих нь урьдчилан хараагүй зарим асуудлуудыг авчирч болох юм. Цөөн тооны хүмүүсийг тооцохгүйгээр ихэнх хүмүүсийн хувьд өөрийн уламжлалт шашныг гүнзгийрүүлэн ойлгох нь илүү ач тустай байдаг.

Судалгаа

Оршил

Лалын, Христийн, Еврейн шашнуудад шашнаа солих гэдгийг өөрийн өмнөх итгэл үнэмшлээс бүрэн татгалзаж өөр итгэл үнэмшилтэй болох явдал гэж ойлгодог. Үүнийг өдөөгч хүчин зүйл нь тухайн шинэ шашин өмнөх шашнаас нь илүү үнэн гэсэн итгэл төрөх явдал байдаг. Хэдийгээр шашнаа сольсон тэдгээр хүмүүс өөрийн төрөлх соёлын шашны бус үйл ажиллагаанд оролцох боломжтой байдаг ч тэд шинэ шашнаа цорын ганц үнэн шашин гэж үзэх шаардлагатай болдог. Энэ нь Библийн шашны “Цорын ганц Үнэн, Цорын ганц Эзэн” гэсэн үзэл санаатай холбоотой юм. Зөв нь бол хүн тухайн шашныг судалж, түүний талаар гүн гүнзгий ойлголттой болсоны үндсэн дээр шашнаа солих шийдвэр гаргах ёстой. Гэтэл зарим хүмүүс ердөө л нийгэм, эдийн засгийн давуу байдал олж авах эсвэл өөр шашны хүнтэй гэр бүл болох зэрэг шалтгаанаар шашнаа сольдог.

Заримд тохиолдолд шашны хэт үзэлтнүүд бусдыг өөрийн шашиндаа хүчээр оруулж байсан. Ийм үйл ажиллагаа зөвхөн тодорхой нэг тохиолдлуудад албн ёсоор зөвшөөрөгдөж байжээ. Жишээ нь дайснаа хүчээр өөрийн шашинд оруулах нь тэдний учруулах хор хохирлыг багасгаж, зогсоох нэг арга юм. Энэ нь “нүгэлтнийг” тамд унахаас аварч, тэнгэрт илгээх бас нэг арга болдог. Хоригдлуудад явуулдаг нийгэмшүүлэх хөтөлбөр нь тэднийг барууны оронд бол нийгэмд хувь нэмрээ оруулах нийгмийн гишүүн, харин коммунист оронд бол бэлтгэгдсэн боловсон хүчин болгох зорилготай байдаг нь дээрхтэй адил юм. Зарим засгийн газруудын коммунизм, капитализм, тэр ч байтугай ардчилалыг дэлгэрүүлэхээр авч байгаа үйл ажиллагааг мөлжлөгийг зогсоох хүчний арга гэж хэлж болно.

Бурханы шашныг сонирхож эхэлж байгаа зарим идеалист хүмүүс тус шашин нь бусдыг шашиндаа оруулах, тэр дундаа хүчээр оруулах явдалд дархлаатай байсаар ирсэн гэж үзэхийг хүсдэг. Тэд ертөнцийг сайн, муу гэж хуваагаад, эрүү шүүлтийг харуулсан зураг, өшөө хорслоор явуулж байгаа үйл ажиллагаа, зэвсгийн хүчээр шашны итгэл үнэмшлийг нь зогсоох гэх мэтээс хүч хэрэглэн итгэл үнэмшлийг нь өөрчлөх явдлыг зөвхөн муу тал нь хийж байсан гэж боддог. Гэвч бусад шашин, засгийн газруудын түүхийнхээ хар бараан үеүдэд ийм үйл ажиллагаа явуулж байсныг буруутгахаасаа өмнө Бурханы шашин ч бас хүч хэрэглэн итгэл үнэмшлийг нь өөрчлөх үйл ажиллагааны эрхэнд орж байсан эсэхийг бид бодитойгоор нягтлан үзэх хэрэгтэй. Эс тэгвээс Төвдийг романтик диваажин, шашныг нь өө сэвгүй хэмээн төсөөлж байсан нь, Бурхан гэж бодож явсан багшийнхаа муу үйлдлүүдийг олж харахтай адил итгэл найдварыг нь бүрэн хугалж болох юм.

Төвдийн түүхэнд тэмдэглэгдсэн баримт

Бурханы шашин зарчмын хувьд бусдыг ятган ухуулах үзэл баримтлал барьдаггүй нь үнэн. Мөн Төвд болон Монголын аль алиных нь түүхэнд дайнд эзэлж авсан улсынхаа ард түмнийг Бурханы шашин болон түүний аль нэг урсгалд олноор нь хүчлэн оруулж байсан түүх байдаггүй. Бүр эдгээр улсын хаад нар Бурханы шашныг төрийн шашин хэмээн зарлаж, МЭ IX зууны эхэн үед Төвдийн хаан Рэлпачений (Рaл-пa-кaн) адил сүм хийдүүдэд зориулан татвар ноогдуулж байсан байж болох ч шашны төлөөлөлүүд ч тэр, засаг тэргүүлэгчид ч тэр ард түмнийгээ Бурханы шашныг шүтэхийг албаддаггүй байжээ. Бурханы шашин ард түмний дунд алгуур, ямар нэг гадны нөлөөгүйгээр дэлгэрдэг байв.

Гэвч түүхэнд Төвд сүм хийдүүдийг Бурханы шашны нэг урсгалаас нөгөө урсгал руу оруулах, мөн түлкү нар (хойд дүрийн лам нар) өмнөх дүрийн урсгалаас өөр урсгалд тодрох тохиолдлууд байсан. Тодорхойгүй цаад шалтгаан нь гол төлөв арми, улс төрийн сөргөлдөх байдлыг сааруулахад оршиж байв. Жишээ нь XVII зуунд Жонангийн ёсны эрдэмтэн Таранатагийн хойд дүрээр Гэлүг ёсны монгол ханхүү тодорч байсан нь тодорхой тохиолдол болдог. Тараната нь дайтаж байсан нөгөө улсын хааны зөвлөх байжээ.

Цаашилбал, Бадамжунай болон хожмын хэд хэдэн Төвд мастерууд эрдмийн хүчээ ашиглан Нечунг гэх мэт лус савдгуудыг номхотгож Бурханы шашинд оруулан Бурханы сургаалыг сахих ам авахуулсан байдаг. Ингэж тэд лус савдгуудыг номын сахиус болгон шашинд албадан оруулж байжээ.

Цогт цагийн хүрдэнд тэмдэглэгдсэн баримт

Бурханы шашны судар бичгүүдийн үзэл санааны дагуу бол ингэж илэрхий, хүчлэх байдлаар шашинд нэгтгэх явдлыг зөвтгөх нь хэцүү. Тэгвэл нарийн утга санаа бүхий шашинд албадан оруулах хэлбэрүүдийг Бурханы шашны судар бичгүүдэд дурддаг уу? Цогт цагийн хүрдэний сургаал энэ тухай судалж үзүүштэй эх сурвалж болдог. Ийм үйл явдал МЭ X зууны сүүлч, XI зууны эхэн үед хойд Энэтхэг болон Кашмирт болсон бөгөөд энэ үед Лалын түрэмгийлэгчид баруун тийш Бурханы болон Хиндү шашинтай хүн ам оршин суудаг улсуудыг эзэлж эхлээд байлаа. Энэ үйл явдлын түүх нь зүүн Афганистан, Кашмирын хоорондох бүс нутгийн тухайн үеэс өмнөх хоёр зууны түүх болон эдгээр гурван шашны хоорондох харилцаатай яахын аргагүй холбогдож байдаг.

Уламжлалт түүхийн дагуу үйл явдлыг Шамбалын хаан Сучандра Цогт цагийн хүрдэний тарнийн сургаалыг өмнөд Энэтхэгт Бурхан багшаас өөрөөс нь суралцан, өөрийн хойд нутагт авчирсан гэж дүрсэлдэг. Үүнээс долоон үеийн дараа түүнийг залгамжлагч Манзушир Яашас Шамбалын брахман мэргэдийг өвөг дээдсийнхээ барьсан их цэцэрлэг дэх гурван хэмжээст Цогт цагийн хүрдэний мандалын ордонд цуглуулан ирээдүйд Меккагийн оронд гарах Энэтхэгийн уламжлалт бус шашны талаар брахмануудад анхааруулахыг хүсчээ. Олон судлаачид тэрхүү шашныг Лалын шашин байсан гэж үздэг. Учир нь тухайн шашин гарах тухай урьдчилан хэлсэн цаг хугацаа нь Лалын шашны он тоололын хоёрдугаар онтой тохирч байдаг. Мэдээж Цогт цагийн хүрдэний сургаалыг үндэслэгчидтэй тааралдах хамгийн их боломжтой байсан мессиа Лалын шашны хэв шинжтэй энэ нь тохирч байх нь чухал гэсэн хэдий ч яриагаа хялбаршуулах үүднээс тэдний дүгнэлтийг түр зөв гэж авч үзье. Энэ шашин нь X зууны сүүл үеийн Мултанд (Пакистаны хойд Синдийн нутаг) дэлгэрч байсан Исмайлийн Шиа урсгал байж болох бөгөөд магадгүй “буруу номтон” Мани Шиа урсгалтай холилдсон хэлбэртэй байсан ч байж болох юм.

Манзушир Яашас Энэтхэгийн уламжлалт бус шашныг баримтлагчид нь өөрийн тэнгэрийн нэр Бисмиллах-ыг (Арабаар “Аллахын нэрийн өмнөөс” гэсэн утгатай) дуудаж малыг нядлан махыг нь идэх болно гэж тэднийг дүрсэлжээ. Тэрээр брахман нарт хүмүүс Ведийн сургаалыг хэрхэн баримталж байгааг ажиглан буруу ойлголт, буруу зан үйлийг, ялангуяа тэнгэрт үхрээр тахил өргөн, махыг нь идэх явдлыг засах хэрэгтэйг сануулав. Хэрэв үгүй бол хойч үе нь өвөг дээдсийнхээ шашныг гадны шашнаас ялгаж харахгүй, улмаар гадны шашинд орж, улс орныг нь гадны түрэмгийлэгчид эзлэн авах нөхцөлийг бүрдүүлэх болно гэж байв. Мөн брахман нарын өөр өөр кастын (нийгмийн бүлгийн) хүмүүс хоорондоо гэр бүл болох, хамт хооллохыг хориглодог заншлыг зогсоох хэрэгтэй болов. Хэрэв шашны итгэл үнэмшил нь дотоод хуваагдмал байдлыг бий болгож, хүмүүс нь аливаа аюулын өмнө нэгдэж чадахгүй байвал нийгэм нь тэр чигээрээ гадны аюулыг сөрж чадахгүй юм.

Үүний үндсэн дээр Манзушир Яашас брахман нарыг Шамбалын бусад хүмүүсийн хамт Цогт цагийн хүрдэний мандалд нэгдэж, авшиг хүртэн, нэг “важра каст” (очир хүрээ) байгуулахыг уриалсан байна. Эхэндээ брахман нар татгалзаж Энэтхэг рүү зугтжээ. Хэрэв шашны тэргүүнүүд нь явсныг мэдвэл Шамбалын хүмүүс нэг каст үүсгэх нь буруу байсан байна хэмээн ойлгож, хуучин буруу ёс заншлаа үргэлжлүүлэх тул Манзушир Яашас хаан өөрийн эрдэм чадлыг ашиглан брахман нарыг мандалд буцаан авчрав. Брахман нар хааны мэргэн ухааныг дахин тунгаан үзээд, зөв хэмээн хүлээн зөвшөөрчээ. Ингээд Манзушир Яашас ард түмэнд Цогт цагийн хүрдэний авшгийг хүртээж нэг важра кастад нэгтгэж Шамбалын анхны Калки буюу анхдугаар “Кастын тэргүүн ” болжээ.

Шашинд албадан нэгтгэсэн эсэх

Ийнхүү анх удаа олноор нь авшиг хүртээсэн явдал нь брахман нарыг болон Шамбалын бүх хүн ардыг албадан Бурханы шашинд оруулсан жишээнд тооцогдох уу? Үүнээс хойш Цогт цагийн хүрдэний авшгийг бөөнөөр хүртээх болсон, мөн одоо ч үргэлжилсээр байгаа нь шашинд албадан оруулж буй далд хэлбэр болох уу? Анхдугаар Калкигийн авсан арга хэмжээ нь судар бичгийн үзэл санаа, түүхийн нөхцөл байдалтай нийцэж байсан уу? Бурханы шашныг гэмгүй, ариун харагдуулах үүднээс түүхэн баримтыг цайруулах, эсвэл үзэл санаагаа тулган шахдаг, муйхар шашин гэж хэтрүүлэх аль аль туйлширсан хандлагаас зайлсхийх үүднээс үйл явдлын талаар сударт юу гэж бичигдсэнийг нягталж үзье.

Учир шалтгааны ухааны үндсэн дээр шашнаа солих

Бурхан багш өөрийн сургаалыг сүсэг бишрэл, эсвэл Бурхан багшийг өөрийг нь хүндэтгэх үүднээс хүлээн авах биш хүн алт худалдаж авахдаа сайтар шалгаж үздэгийн адил сургаалыг шүүмжлэлтэйгээр нягталж үзэхийг сургасан. Ингээд манай эриний эхний мянганы Энэтхэгийн томоохон сүм хийдүүдэд Бурханы шашны хуврагууд гүн ухааны өөр өөр урсгал, сургуулийг (үзлийг) баримтлан хоорондоо болон Бурханы шашны бус эрдэмтэдтэй ном хаялцаж байв. Ингээд ялагдсан тал нь ялсан талынхаа гүн ухааны урсгал, сургуулийг хүлээн зөвшөөрч үүний үр дүнд ийнхүү логикийн хувьд илүү боловсронгуй урсгал, сургуулиа дагах болдог байжээ. Ингэж тэд “сургаалыг алт худалдаж авахдаа хайлуулж үздэгийн адил сайтар цэнэн үзэж” байжээ.

Тэдний шашнаа сольсон явдал нь сайн дурынх байсан уу эсвэл албадлагын хэлбэртэй байсан уу гэдэг нь эргэлзээтэй. Учир шалтгааны ухааныг (логикийг) хүлээн зөвшөөрдөг хүмүүс хамгийн боловсронгуй логик үзэл баримтлалыг сонгох ба ялагдсан хуучин байр сууриа баримтлан учир утгагүй зүтгэхгүй нь ойлгомжтой. Гэвч бид үүнд хэт туршлагагүй байдлаар хандаж болохгүй. Өндөр боловсролтой хүн бүр үйл ажиллагаандаа үргэлж бодлоготой ханддаггүй. Цаашилбал тухайн улс орны эзэн хаадууд ийм мэтгэлцээнд албан ёсоор байлцаж, ялсан тал болон тэдний байгууллагыг ивээлдээ авдаг байжээ. Ингэж санхүүгийн хувьд дэмжлэг үзүүлэх нь шашин болон гүн ухаан өөрчлөгдөхөд мөн нөлөөлсөн байж болох юм.

Төвдийн түүхэнд Три Сонгдэцэн (Кхри Сронг-лдэ-бцан) хаан VIII зууны сүүл үеэр алдарт Самеид (бСам-яас) Энэтхэгийн Бурханы шашны болон Хятад хувраг нарын хооронд хаялцсан дагсалд (учир шалтгааны ухааны мэтгэлцээн) ялсан Энэтхэгийн Бурханы шашныг сонгон авч байв. Хааны шийдвэрт мөн улс төрийн хүчин зүйлс нөлөөлсөн нь ойлгомжтой. Хааны эцэг хятад хатантай, тийм ч үүднээс Хятадтай ойр харилцаатай байсан учир ордны гадныханыг хэт эсэргүүцдэг бүлгийхэн амь насанд нь халдсан байдаг бөгөөд мөн тэр үед ордны Хятадын талыг баримталдаг бүлэг дахин хүч авч байжээ. Хаан болоод түүний шашны зөвлөх өмнөх явдал давтагдахаас зайлсхийж байв.

Шид бүтээлийн өрсөлдөөний үндсэн дээр шашнаа солих

Энэтхэг болон Төвдөд аль алинд нь шид бүтээлийн хүчээ сорьж үүний үр дүнд бас шашнаа солиход хүрдэг байв. Жинхэнэ алт болохыг хайлуулж эсвэл зүсэж үздэгийн адил сургаалын үнэн зөвийг шид бүтээлээр эсвэл учир шалтгааны ухаанаар харуулдаг байна. МЭ XIII зуунд Монгол хаан Хубилай Төвдийн Бурханы шашны Сажа урсгалыг сонгон авах болсны хамгийн итгэл үнэмшил төрүүлэхүйц шалтгаан нь тус урсгалын гүн ухааны үзэл нь хамгийн сайн учир шалтгааны үндэслэлтэй байсан явдалд биш юм. Түүний өвөг эцэг Чингис хаан Хятадын Бурханы шашинтан, Даогийн (Тао) болон Христийн нестори урсгалын санваартан нарыг өөрийн цэргийн бааздаа ялалтын болон насны цөв гаргах зан үйл үйлдүүлэхээр цуглуулаад байжээ. Гэвч Чингис хаан Монгол, Төвдийн дунд оршдог байсан Тангад улстай хийж байсан аян дайныхаа үер нас барсан. Тангадууд тухайн үед Төвдийн Бурханы шашны Махгал сахиусыг шүтэж түүний дээд хүчийг олооод байжээ. Библийн шашны ойлголтоор бол дайны ялалтыг Эзэн тэнгэр тэтгэсэн гэж тайлбарлаж болох юм. Сажа урсгал нь Хубилай хааны Махгал сахиусны нууц хүчийг олж авах улс төрийн зорилгод нь хамгийн их тохирох ёс байлаа.

Тэгэхээр Цогт цагийн хүрдэний бичвэрүүдэд үзүүлсэн шашин солих явдлыг эдгээр уламжлалт учир шалтгааны ухаан болон шид бүтээлийн хүчний өрсөлдөөний хүрээнд ойлгох хэрэгтэй. Энэтхэгийн соёл нөлөөлсөн улс орнуудад аливаа шашин өөрийн сургаалын үнэн зөвийг нотлохын тулд дээрх хоёр салбарын аль нэгэнд эсвэл хоёуланд нь өрсөлдөж ялсан байх ёстой байжээ. Ердөө л өөрийн номлолоо хамгийн дээд гэж зарлаад, зэр зэвсэг барин түүнийгээ бусдад тулгах боломжгүй юм.

Бусдыг “өөрсдийнх нь сайн сайхны төлөө” шашинд нэгтгэх

Хэдийгээр Шамбалын брахман нар Калкигийн шид бүтээл, учир шалтгааны тайлбар дээр үндэслэж авшиг хүртэхэд хүрсэн ч, үнэн хэрэгтээ тэнд мэтгэлцээн явагдаагүй ба тэд үнэхээр сайн дураар шашнаа сольсон, эсвэл албадлагаар сольсон эсэх нь ч эргэлзээтэй юм. Тэд өөрсдийн санаачлагаар авшиг хүртэхээр цуглаагүй харин хаан зарлан дуудаж “тэдний тусын тулд” гэсэн тайлбараа сонсгосон байна. Гэвч бүхий л шашинд албадан нэгтгэх үйл ажиллагааг тэдгээр хүмүүсийн сайн сайхны төлөө гэсэн нэрийдлээр хийдэг. Хоёрдугаар Калки эцгийнхээ хийсэн үйлдийг “Брахман нар нэг кастад (нийгмийн хүрээнд) ороход бэлэн байсныг Калки олж харсан” гэж тайлбарласан байдгийг аливаа шашны болон улс төр, эдийн засгийн зүтгэлтнүүд хүч хэрэглэн үзэл баримтлал өөрчлөх үйл ажиллагаагаа зөвтгөхөд ашиглаж болох юм.

Гэвч МЭ XV зууны Төвдийн Гэлүг ёсны эрдэмтэн Хайдрубжей (mKhas-grub rje) өөрийн Цогт цагийн хүрдэний тайлбартаа Манзушир Яашас Хиндү кастуудыг өөрийн шашин, уламжлалаасаа татгалзаж, Бурханы шашинд орохыг хүчлээгүй гэж тэмдэглэсэн байдаг. Тэрээр цааш нь хэлэхдээ, хэнд ч аливаа нийгмийн бүлэгт ийм зүйл тулгах эрх байхгүй. Анхдугаар Калкигийн санаа нь хүмүүс өөрсдийн зан үйлдлийг Ведийн сургаалтай нийцэж байгаа эсэхийг шалгаж үзэх тухай байсан. Хэрэв нийцээгүй байвал түүнийг засах хэрэгтэй бөгөөд нийгэмд бүхэлд нь ямар нэг аюул занал нүүрлэхэд бүх шашныхан оюун санаагаа нэгтгэж, бие биеийнхээ итгэл үнэмшлийг ч бас хамгаалах хэрэгтэй гэжээ.

Хайдрубжейгийн тайлбар нь нэг кастад ороход бэлэн байсан гэдэг нь Бурханы шашинд нэгтгэхэд бэлэн байсан гэсэн утга биш юм гэдгийг харуулж байна. Нэг каст бий болгох нь шашны бус харин нийгэм-улс төрийн утгаараа Шамбалын ард түмэнд тустай байв. Анхдугаар Калки нэг шашинтай байх бус харин шашны эв нэгдэлтэй, нэг зорилготой байж нийгэмд тулгарах аливаа аюулаас зайлсхийх аргыг чухалчилж байжээ.

Гэвч Манзушир Яашасын Цогт цагийн хүрдэний сургаалд суусан хүмүүсийн дийлэнх нь авшиг хүртсэн брахман нар байсан. Хэдийгээр Бурханы шашинд хүн бүгдийг оруулах шаардлагагүй, бүр тэгэх ч ёсгүй боловч бүр өөр ч шашны зарим хүмүүс энэ зүйлд бас “бэлэн” байсан байж болно. Энэ нь ухаалаг үндэслэл гаргах хэлбэрээр шашинд оруулсан явдал бас болох уу? Эцэст нь хэлэхэд Манзушир Яашас нь Хиндү шашны Вишнү тэнгэрийн сүүлчийн, 10 дахь аватарын (хойд дүрийн) Калки хэмээх нэрийг авсан байдаг. Үүнийг Хиндү шашинтнуудын дэмжлэгийг авах гэсэн ухаалаг тактик гэж хялбархан дүгнэж болно.

"Сургаал заахад тохиромжтой” хүмүүст ном тавих

Сургаал сонсох хүсэлтээ тодорхой илэрхийлээгүй бол багш нар ном айлдахгүй байж болдог Бурханы шашны ерөнхий зарчим байдаг хэдий ч Бурхан багш сургаал заахад тохиромжтой шавь нарын хувьд үүнийг зөвшөөрсөн байдаг. Гэвч багш нь шавийн бэлэн эсэхийг мэдэх сайн ур чадвартай байх хэрэгтэй. Ийм чадвар дутсанаас энэхүү олгосон эрхийг буруу ашиглаж, бусдыг шашинд нэгтгэхийг оролдсон үйл ажиллагаа болгон хувиргаж болно. Бүр багш биш байсан ч, тэд бусад шашнууд эсвэл Бурханы шашны бусад ёсуудыг өөрийнхөөсөө доогуур үнэлж, тэдгээрийг илүү доогуур түвшний сэтгэлгээний төлөвшилд тохирсон төдийгүй ийм сул үзэл хандлагтай байж байгаад илүү сайн “боловсрох” үедээ Бурханы шашны (манай) ёсны илүү гүнзгий сургаалуудыг хүлээн авах боломжтой болно хэмээн бодож болох юм.

Энд хэлэх гэсэн санаа нь өнөө үед “бусдын сайн үйлийн үр боловсорч Бурханы шашинтан болох нөхцлийг бий болгох”-оор Бурханы ном тавихдаа маш анхааралтай байх хэрэгтэй гэсэн санаа юм. Бурханы шашныг хэт онцгойлон үзэхгүй, бүх шашныг хүндэтгэх үл ялгаварлах хандлагтай байх хэрэгтэй. Хэрэв ингэхгүй бол туршлага дутсанаас болж сайн үйлдэл нь жинхэнэ үнэнийг хүргэх гэсэн сэтгэлийг нь дээрэнгүй үзэл болгон харуулж болно.

Бусдад шашных нь эх бүтээлүүдийн гүнзгий утгыг харуулах замаар шашиндаа нэгтгэх

Өөрийн шашиндаа оруулах зориолготой ч, зорилгогүй ч Бурханы шашинтнууд бусад шашны төлөөлөгчидтэй ном хаялцаж ирсэн уламжлалтай. Бурханы шашны учир шалтгааны ухааны гүн гүнзгий үндэслэлээ бусдад ойлгуулах арга нь юу байдаг вэ? МЭ VIII зуунд Энэтхэгийн их мастер Шантидева мэтгэлцэж буй талууд аль аль нь хүлээн зөвшөөрч буй жишээн дээр л мэтгэлцвэл үр дүнд хүрдэг гэж хэлсэн байдаг. Нийтлэг нэг үндэслэлгүй бол тэдэнд уулзах нэг цэг гэж байхгүй. Иймд судар бичигт тайлбарласнаар анхдугаар Калкигийн зорилго нь брахман нарт Ведийн сургаалын зарим сэдвүүдийг илүү гүн гүнзгий ойлгох аргыг үзүүлж сургаалыг үгчлэн ойлгох байдлаас нь салгах явдал байжээ.

Вед болон Бурханы шашны тарнийн сургаалын аль алинд нь нийтлэг байдаг нэг жишээ бол амьтны амь таслах, махыг нь идэх тухай зүйл байдаг. Бурханы шашны тарнийн сургаалд энэ үйлдэл нь илүү далд утгатай байдаг. Амь таслах гэдэг нь хорт сэтгэл хөдлөлийн амийг нь таслах буюу хийн энергийн амийг тасална гэсэн үг юм. Энэхүү хийн энергээр тэдгээр хорт сэтгэл хөдлөлүүд дамжин нарийн биед урсаж ордог байна. Үхэр нь мэдлэг туршлагагүй сэтгэл буюу мунхагийн (мэдэхгүй байхын) нэг төрлийг илэрхийлдэг бол түүний махыг идэх гэдэг нь мэдлэг туршлагагүй сэтгэлийн хийн эрчим хүчийг төв судалд авчран тэнд шингээх гэсэн үг юм. Ведийн сургаалын үхрээр тахил өргөөд, махыг идэх гэдгийг ч мөн биеийн нарийн эрчим хүчний дотоод йогтой холбоотой далд утгатай гэж ойлгож болно. Манзушир Яашас ийнхүү Ведийн сургаалын ойлголт, нэр томъёог брахман нарыг гэтлэхүй, гэгээрэлд хүрэх Цогт цагийн хүрдэний зам мөрд оруулахдаа ашигласан.

Бурханы шашны бусдыг “өөрийн шашинд оруулах” нэг сайн арга нь тэдний номлол, сургаалыг үгүйсгэх бус харин тэднийг илэрхийлэх өөр аргыг үзүүлэхэд оршдог. Алт худалдаж авахдаа шалгаж үздэг жишээтэй адил Бурханы шашны тусламжтайгаар өөрийн шашны сургаалын гүн, гүнзгий утга агуулгыг олж харвал тэд Бурханы шашны зам мөр үнэн зөв гэдгийг хүлээн зөвшөөрөх болно. Хэрэв тэд Бурханы шашны зам мөрөөр явахаар сонговол өөрсдийнх нь шашин нь Бурханы шашны зам мөрд орох гүүр болдог.

Гэвч гүйлгээ ухаантай хүн бол ямар ч итгэл үнэмшлийг бусдаасаа илүү гүн гүнзгий утга агуулгатай гэдгийг үзүүлэхийг тулд нямбай сайн дүр зураг гаргаж чадна. Тэгэхээр юунд анхлан зорьсон бэ гэдэг нь их чухал. Хэн ч би бусдыг гэтлэхүй, гэгээрлийн замд хөтлөхийг хүсэж байна гэж учирлаж болно. Үнэхээр хэн нэгэн энэрэх сэтгэлээр бусдыг тэнгэрийн орон эсвэл эдийн засаг, улс төр диваажинд хөтлөхийг адилхан хүсэж болно. Бардамнал, шашны дээрэнгүй үзлээс зайлсхийх үүднээс бид бусад итгэл үнэмшил, тэдгээрийг баримтлагчдыг чин сэтгэлээсээ хүндэтгэх хэрэгтэй.

Өмнөх шашныхаа үзэл баримтлалаас бүрэн татгалзахгүйгээр шашнаа солих

Бурханы шашинд суралцах нь өмнөх бүх үзэл баримтлалаасаа бүрэн татгалзах шалтгаан болохгүй. Энэ бол Библид үндэслэсэн шашинд ороход өмнөх шашнаасаа албан ёсоор татгалздагаас өөр юм. Бид бусад шашны тэнгэрүүд эсвэл эзэн тэнгэрээс чанагуух (туйлын) биш янагуух (харьцангуй, эгэл, орчлонгийн) аврал эрсэн хэвээр байж болно. Харин бүрэн татгалзах ёстой зүйл бол бидний өмнөх “буруу үзэл, төөрөгдөл” юм. Үүнийг Бурхан багшийн цаад үзэл санаанаас ялгаатай, түүнтэй зөрчилдөнө гэж үздэггүй. Зөвхөн Бурханы шашин гэхгүй бусад бүхий л шашин, итгэл үнэмшлийг ерөнхийд нь эсэргүүцэн үгүйсгэх үзлээ даван туулж чадвал тэдгээр өмнөх үзэл ойлголтуудын зарим нь тухайн зам мөрөөр орох гүүр болж болно. Төвдийн Бурханы шашин нь сургаалын зам мөрд орогчдоо Вайбашикагаас эхлээд Мадъямака хүртэлх Бурханы шашны гүн ухааны маш нарийн тогтсон таалалуудын (үзлийн) дагуу хөтлөхдөө ийм аргыг ашигладаг.

Манзушир Яашасын брахман нарт ном тавьсан арга нь дээрх аргын илрэл юм. Хэдийгээр брахман нарын шашны зарим ойлголтууд Бурханы шашны зам мөрд орох гүүр болж болох ч, бүх ойлголтууд нь тийм байж чаддаггүй. Бурханы шашны тогтсон таалалуудын тухайд дурдсаны адил брахман нарын зарим ойлголтуудыг, жишээ нь зурхайн тодорхой онцлог зүйлүүдийг шууд утгаар нь Бурханы шашны зам мөрийн ойлголтонд тохируулан хүлээн зөвшөөрч болно. Бусад ойлголтууд нь хэдийгээр илүү гүнзгий түвшний утгаараа тохирч болох хэдий ч шууд утгынхаа хувьд алдаатай гэж үзэн хүлээн зөвшөөрөхөөс татгалзах хэрэгтэй. Энэ үүднээс Манзушир Яашас мөн Ведийн сургаал доторх гүн утга агуулгатай ойлголтуудыг гүн утга санаагүй, ердөө л алдаатай гэсэн ойлголтуудаас ялгаж байжээ.

Жишээ нь МЭ XIX зууны Нингма ёсны Цогт цагийн хүрдэний сургаалын тайлбарыг хийсэн Мипам (‘Ju Mi-pham) нь Яажур Вед сургааалд гардаг үхрээр тахил өргөхын цаад гүн утга нь өмнөх үеийн Ведийн бүтээл үйлдэгчдэд ойлгомжтой байсан гэж үздэг. Харин цөвүүн энэ цаг үед дээрх бэлэгдлийн цаад утга болсон дотоод бүтээлийнх нь мэдлэг гээгдсэн учраас Манзушир Яашас төөрөлдсөн брахман нарт өөрсдийн уламжлалын гээгдсэн ухаанаа онож ойлгоход нь туслах үүднээс сургаал тавьсан гэж тайлбарласан байдаг. Үхрээр тахил өргөхийг шууд үгчлэн ойлгож, тийм үйлдэл хийж байгаа хүмүүс тэрхүү үйлийнхээ үрд зовлонгоос гэтлэх бус харин дараа төрөлдөө илүү муу төрөлд л төрөх болно.

Үүгээр Манзушир Яашас өнгөрсөн үеийн Ведийн сургаалын бүтээлчид Яажур Ведэд гардаг үхрийн амь таслах тухай сургаалын гүн утгыг ойлгодог байсны адил тэд бас Бурханы шашны Тарнийн ёсны дотоод бясалгал бүтээлийг ойлгодог байсан гэж хэлэх гэсэнгүй. Тэд Хиндү шашны Тарнийн ёсны дотоод бүтээлийг ойлгодог байжээ. Хиндү болон Бурханы шашны Тарнийн сургаалуудад чакра, судлууд, хийтэй холбоотой нарийн энергийн тогтолцоог хүлээн зөвшөөрөх гэх мэт олон адил, төстэй ойлголтууд байдаг. Энд хэлэх гэсэн гол санаа нь Бурханы шашны зам мөрд ороогүй байсан ч брахман нар үхрээр тахил өргөх ёс үйлдэхээ зогсоох ёстой гэсэн үг юм. Энэ бүтээлтэй холбоотой Ведийн сургаалын заалт нь үүнийг бүр Ведийн уламжлалт зан заншлын хүрээнд ч тэр шууд үгчлэн ойлгож хэрэглэх утга санаа ер агуулаагүй байжээ.

Үүнээс гадна Манзушир Яашас брахман нарын тивүүдийн хэмжээний талаарх гэх мэт шууд утгаараа тэс буруу ойлголтуудыг нь гаргаж ирж тавьсан. Тэрээр Цогт цагийн хүрдэний системийн дагуу уг хэмжээсүүдийг тодорхойлон, брахман нарт өөрийн буруу ойлголтонд бардамнан хүлэгдэх сэтгэлээ даван гарахад нь тусалсан. XIII зууны Сажа ёсны, Цогт цагийн хүрдэний сургаалын тайлбарыг тууривсан Бутон (Bu-ston) нь Манзушир Яашасын санааг тайлбарлахдаа Цогт цагийн хүрдэнийхээс бусад бүх сургаалд үзүүлсэн хэмжээсүүдийг, жишээ нь Бурхан багшийн абидармын бүтээлүүдэд дурдсан зүйлүүдийг үгүйсгэхэд бус, харин брахман нарт туслах гэсэн тодорхой нэг зорилготой байсан гэж дурджээ.

Хайдрубжей анхдугаар Калкигийн заасан хэмжээс, Ведэд гардаг хэмжээсүүдийн аль аль нь бодит байдалтай нийцдэггүй гэж нэмж хэлсэн байдаг. Тэгээд ч тэд хоорондоо их ялгаатай байдаг. Цогт цагийн хүрдэний сургаалд гардаг хэмжээсүүд нь хүний бие, Цогт цагийн хүрдэний мандлын хэмжээсүүдтэй яв цав тохирч байдаг. Хэдийгээр эдгээр нь алдаатай байсан ч Манзушир Яашасын ингэж заасан нь брахман нарыг гэгээрэлд хүрэх Цогт цагийн хүрдэний зам мөрд хөтлөх зорилготой байсан гэжээ. Ведийн сургаалд тивүүдийн хэмжээний хувьд адил төстэй зүйл байдаггүй. Харин анхдугаар Калки Ведийн сургаалд гардаг дугуй хэлбэр бүхий Сүмбэр уулыг тойрсон тивүүд, уулс, далай зэрэгтэй адилхан олон хэв шинжтэй ертөнцийн дүрслэлийг ашиглаж байв. Энэ нь брахман нарт дүрслэлийг ойлгон, цааш илүү гүнзгий түвшинд хүрч чадах боломж олгох арга байжээ.

Цогт цагийн хүрдэнд зориуд нэгтгээгүй гэж үзэх нь

Манзушир Яашас Хиндү шашинтнуудад Лалын шашинд тэд аажмаар уусан нэгдэнэ гэдгийг анхааруулан хэлж байсан ч Бурханы шашинтнуудад ингэж анхааруулаагүй байдгийг тэмдэглэж хэлэх нь зүйтэй. Үнэн хэрэгтээ Цогт цагийн хүрдэний сургаалд Лалын шашинтнууд хүч хэрэглэн эсвэл энх тайвны ямар ч аргаар бусдыг өөрийн шашинд нэгтгэх илэрхий оролдлого хийж байсан тухай дурддаггүй. Манзушир Яашас МЭ 2424 онд Энэтхэгийн, Энэтхэгийн уламжлалт бус удирдагч Шамбал руу халдсанаар, 25 дахь Калки Энэтхэгт түүний хүчийг ялах болно хэмээн урьдчилан хэлэхдээ армийн заналхийллийн тухай ярьж байсан бөгөөд ямар нэг шашныг онцгойлон дурдаагүй. Анхдугаар Калки зөвхөн брахман нарт Лалын шашинд уусан орохгүй байх тухай л анхааруулж байжээ.

Магадгүй Калки Бурханы шашинтнуудад ингэж анхааруулах шаардлагагүй гэж үзсэн нь тэрээр Бурханы шашны тогтвортой байдалд итгэлтэй байсны дээр өөр шашинд уусна гэж мөн хараагүй байх. Гэвч энэ нь Калки мэдлэг, туршлагагүй байж, ирээдүйг харахдаа алдаа гаргасан гэсэн утга бүхий болж болох ба Бурханы шашинтнуудын хувьд ч гаргаж болох тийм таатай дүгнэлт болохгүй юм. Тухайн үед буюу Энэтхэгт Цогт цагийн хүрдэний сургаал дэлгэрэх үе хүртэл Бурханы шашнаас Лалын шашинд орох явдал тодорхой хэмжээгээр гараагүй байсан байх. Гэвч түүхэн баримтаас харвал МЭ X зууны сүүлээр зөвхөн Хиндү шашинтнууд төдийгүй олон Бурханы шашинтан газрын эзэд, худалдаачид, хотын боловсролтой иргэд эдийн засгийн давуу байдлыг харах гэх мэт олон шалтгаанаар Лалын шашинд орсон байдаг. Нэн ялангуяа Төв Азид хойд Афганистан, өмнөд Пакистанд их тохиолдож байжээ. Лалын шашинтан эрх баригчид тэднийг татгалзсан тохиолдолд цаазлах ял тулган шашиндаа хүчлэн нэгтгэж байсангүй. Хэрэв тэд сонгууль өгөх эрхийн татвараа төлвөл шашнаа хэвээр хадгалж болдог байжээ.

Магадгүй Манзушир Яашас бүх шашны хүмүүс Цогт цагийн хүрдэний мандал дор нэгдэж, Бурханы шашинд орох нөхцөл нь бүрдсэн хэсэг нь нэгдэж чадвал хүнд хэцүү цаг үеийг даван гарч чадах хамгийн сайн шийдэл гэж харж байсан байж болох юм. Нэгдсэн нэг фронт бий болгосон үед аливаа үндэстэн гадны халдлага, түрэмгийллийн эсрэг зогсож чаддаг. Бурханы шашинтнуудын хувьд бол Цогт цагийн хүрдэний авшигт өөрсдөө шууд хүрч ирэх байжээ. Тийм учраас анхдугаар Калки зөвхөн Шамбалын Бурханы шашинтан бус хүмүүст хандах хэрэгтэй болжээ. Энэ нь Бурханы шашныг “хүлээн авахад тохирох” хүмүүсийг шашиндаа нэгтгэхийн цаад санаа байсан мэт санагдаж байна.

Энд нэг сонирхолтой зүйлийг дурдаж болно. Сүүлд нь Исмайлийн Шийт Лалын шашинтнууд анхдугаар Калкигийн Хиндү болон Бурханы шашинтнуудыг хооронд нь нэгтгэсэн аргыг Хиндү шашинтнуудыг Лалын шашинд оруулах цаашдын үйл ажиллагааныхаа эхний алхам болгон ашигласан байдаг. МЭ X зууны Дасаватара сударт тэмдэглэснээр Пир Шамс-ал-Дин нь Вишнүгийн 10 дахь буюу сүүлийн дүр Калкиг анхны Имам Али гэж нэрлэсэн байдаг. Исмайлийн Имамууд нь Алигийн залгамжлагчид байсан бөгөөд тэд Калкиг Али гэж хүлээн зөвшөөрснөөр Хиндү нар Исмайлийн залгамжлагчдийг хүлээн зөвшөөрөх болжээ. Үүнтэй адил Манзушри Яашас өөрийгөө Калки гэж нэрлэсэн нь Хиндү шашинтнуудад хүлээн зөвшөөрөгдөх гэсэн хэрэг байв.

Бурханы шашинд Лалын шашныг хүлээн зөвшөөрсөн нь

Манзушир Яашас бусдын итгэл үнэмшлийг гүүр болгон ашиглах арга нь хэрхэн Энэтхэгийн уламжлалт бус шашныг дагагчид хүртэл Бурханы шашинд ороход нөлөөлж чадсаныг тайлбарласан байдаг. Тэрээр Лалын шашинд өөрийн шашнаа орхин өөр шашинд нэгдэхийг хатуу хориглодгийг үл харгалзан зөвхөн Хиндү болон Бурханы шашинтнууд бус бүр бүх шашны дагагчдыг нэгтгэх бодолтой байсан мэт санагддаг. Шамбалд Лалын шашинтнууд ч мөн байсан бөгөөд тэд ч бас гаднын түрэмгийлэлтэй бусдын адил нүүр тулж байсан байж таарна. Нэн ялангуяа зүүн Афганистан болон Оддияана (Пакистаны баруун хойд газар нутаг) гэх мэт Лалын шашны мэдлэг бий болсон байж болох газар нутагт ийм нөхцөл үүсэж байжээ.

Анхдугаар Калки Энэтхэгийн уламжлалт бус шашныг гадаад материаллаг зүйл нь атомоос бүтдэг, түр хугацаанд төрөл авдаг мөнх орших сүнс гэж байдаг, мөн тэнгэрийн төрлийн амгалан жаргаланд хүрэх нь туйлын зорилго гэж үздэг шашин хэмээн тодорхойлсон байдаг. Тэрээр Бурхан багш ийм итгэл үнэмшлийн байр суурийг мэддэг байсан учир тэдний хүлээн зөвшөөрөх боломжтой зүйлс дээр тулгуурлан сургаалаа тавьж байсан гэж тайлбарлажээ. Зарим сударт Бурхан багш гэгээрэлд хүрэх гэж буй бодь сэтгэлтний бие нь атомоос бүтдэг хэмээн заасан гэж гардаг. Бусад сударт, тэрээр үйлийнхээ үр дүнг (үйлийн үр) эдлэх үүрэг бүхий “би”-гийн үргэлжлэл гэж байдаг гэж тайлбарласан боловч “би” гэдэг нь мөнх эсвэл мөнх бус орших талаар дурдаагүй байдаг. Бурхан багш мөн тэнгэрийн сайн төрөлд төрөх эгэл (янагуух, харьцангуй) зорилгын тухай заасан. Энэтхэгийн уламжлалт бус шашны ойлголтууд нь дээрх судар бичгүүдийг хүлээн зөвшөөрч улмаар Бурханы шашны илүү нарийн тайлбаруудыг ойлгох гүүр болох боломжтой юм.

Лалын шашинд Бурханы шашныг хүлээн зөвшөөрсөн нь

Манзушир Яашас Лалын шашныг тайлбарласантай адил тухайн үеийн Лалын шашны бүтээл туурвигчид Бурханы шашныг өөрийн дагалдагчдад ойлгогдох байдлаар тайлбарлаж байв. Жишээ нь МЭ VIII зууны эхээр ал-Кермани хойд Афганистаны Балхад байдаг Нава Вихара хийдийн тухай тэмдэглэл бичсэн байдаг. Уг тэмдэглэлдээ тэрээр Бурханы шашинтнууд даавуугаар ороосон дөрвөлжин чулууг гороолж, түүнд сунаж мөргөдөг нь Мекка дахь Каабад Лалын шашинтнууд мөргөл үйлддэгтэй адил юм гэж бичиж үлдээсэн байдаг. Дөрвөлжин чулуу гэдэг нь хийдийн төв хэсэгт байрлуулсан суваргын суурь байсан ажээ. Лалын шашинтнууд ингэж адил төстэй зүйлийг гарган ирж тайлбарласан нь Бурханы шашинтнуудыг Лалын шашшны зам мөрд оруулах зорилгогүй байв. Тэд Бурханы шашинтнуудад ердөө л хялбар хоёр сонголт олгож байв. Нэг нь шашнаа хадгалж үлдээд, татвар төлөх, нөгөө нь Лалын шашныг дагаж татвараас чөлөөлөгдөх явдал байлаа. Хэдийгээр Лалын булаан эзлэгчид түрэмгийлэлийнхээ нэг хэсэг болгон ард түмнийх нь эсэргүүцлийг мохоох үүднээс Бурханы шашны сүм хийдүүдийг нурааж байсан ч, мөргөлийн татвар авах зорилгоор дараа нь сэргээн босгохыг нь зөвшөөрдөг байв.

Дүгнэлт

Хэд хэдэн чухал асуудал үлдээд байна. Цогт цагийн хүрдэний сургаалд домогт Шамбалын газар нутагт бусдыг олноор нь Бурханы шашинд оруулах үйл ажиллагаа явагдсан тухай өгүүлсэн нь ердөө л МЭ IX – МЭ XI зуунд Афганистан болон Энэтхэгийн хойгт юу хийх нь чухал, шаардлагатй байсныг дүрслэв үү, эсвэл ямар нэг цаг хугацаагаар хязгаарлагдахгүй зөвлөгөө байв уу? Нийгэмд бүхэлд нь заналхийлж буй аюулаас зайлсхийх үүднээс шашны урсгалууд оюун санааныхаа үнэт зүйлийг баталгаажуулах нийтлэг ашиг сонирхлоор Бурханы шашинд аль болох олноороо нэгдэх нь нийгмийн аюулгүй байдлаа хангах хамгийн оновчтой арга мөн үү? Шашны дээрэнгүй үзэл баримтлахгүйгээр дээрх байр суурийг зөвхөн тухайн цаг үетэй нь холбон эсвэл ямар нэг цаг хугацаагаар хязгаарлагдахгүй ерөнхий зөвлөгөө байсан ч дээрх байр суурийг хамгаалахад тун амаргүй байх болно. Аль нэг талыг баримтлахгүйгээр дүгнэлт хийе гэвэл тухайн цаг үеийн нөхцөлийг харахад ойлгомжтой байгаа гэсэн хэдий ч Шамбалын домгийн өнгө аяс нь үнэхээр шашны дээрэнгүй үзэл хандлагатай болохыг хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Гэвч энэ нь Бурханы сургаалыг тайлбарлаж байгаа өнөөгийн багш нарын хувьд Бурханы шашинтан бус хүмүүст ном тавихдаа шашны дээрэнгүй үзлээр хандах хэрэгтэй гэсэн үг биш юм.

Дээрхийн Гэгээн 14-р Далай лам Бурханы шашны талаар Бурханы шашинтан бус хүмүүс ярихдаа тэднийг өөрийн шашинд оруулах ямар ч зорилгогүй гэдгээ үргэлж онцлон тэмдэглэж байдаг. Тэрээр ялагдсан тал нь ялсан талынхаа үзэл баримтлалыг дагах шаардлагатайгаар бусдыг мэтгэлцээнд дуудаж байгаагүй. Зөвхөн бусдад Бурханы шашны талаар ойлголт өгөхийг хичээж байна гэж тайлбарладаг. Өөр өөр нийгмийн бүлгүүдийн хооронд энх тайван оршиж байх нь бие биенийхээ итгэл үнэмшлийг ойлгохоос шалтгаалдаг. Бусдад мэдлэг олгох нь шашинд нэгтэх оролдлогоос их ялгаатай. Хэрэв тэд Бурханы шашинд ямар нэг тустай зүйл байна гэж үзвэл Бурханы шашинтан болохгүйгээр түүнийг авч хэрэгжүүлэх эрх чөлөө байна. Онцгойлон сонирхож байгаа хүмүүсийн тухайд цаашид судалж, бүр Бурханы шашинтан болоход ч цааргалах зүйл үгүй бөгөөд хамгийн гол нь удаан хугацаанд бодож үзсэний үндсэн дээр үүнийг хийх хэрэгтэй гэдэг. Гэвч Дээрхийн Гэгээн ихэнх тохиолдолд шашнаа солихгүй байхыг хатуу сануулдаг.

Бурханы шашин бусад шашин, гүн ухааны адил өөрийн үзэл сургаалыг хамгийн гүн гүнзгий, үнэн сургаал гэж үздэг. Гэвч Бурханы шашны ойлголтонд “Ганц Үнэн” байдаг гэсэн зарчим байдаггүй. Бурханы шашин юмс тодорхой хэсэг бүлэг хүмүүсийн хувьд, эсвэл тодорхой нөхцөл байдлын хувьд үнэн байж болдог гэсэн харьцангуй үнэний ойлголтыг хүлээн зөвшөөрдөг бөгөөд тухайн хүн харьцангуй үнэн ойлголтоо хэт сөргүүлэн тавихгүй байгаа тохиолдолд тэр нь Бурханы шашны тодорхойлдог хамгийн гүнзгий үнэнд дөхөх гүүр болно гэж үздэг. Мөн энэхүү харьцангуй үнэн нь бусад шашны сургадаг гүн үнэнд хүрэх гүүр бас болж болно. Бурханы шашны туйлын үнэний ойлголтыг шашны дээрэнгүй үзэл, бусдыг шашинд нэгтгэх гэсэн оролдлогоос ангид байлгавал энэхүү сургаал тохирох тэдгээр хүмүүст ач тустай байж болох юм.