Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Түүх, соёлын болон харьцуулсан судалгаанууд > Бурханы шашин ба Лалын шашин > Төвдийн исламын шашинтнуудын талаарх түүхэн тэмдэглэл

Төвдийн исламын шашинтнуудын талаарх түүхэн тэмдэглэл

Александер Берзин
2001 оны 10-р сар

Төвдийн исламын шашинтнуудын талаарх судалгаа

1959 оноос өмнө Төвдөд ойролцоогоор 3000 мусульман хүмүүс (исламын шашинтан) амьдарч байжээ. Тэд гол төлөв XIV-XVII зууны хооронд Кашмир, Ладак, Балба, Хятад улсаас Төвдөд ирж төвд эмэгтэйтэй гэр бүл болж суурьшсан мусульман худалдаачдын үр сад юм. Тэд төвд хэлээр ярьдаг, ихэнх төвд ёс заншлыг баримталдаг байжээ. Лхасад дөрөв, Шигацэд хоёр, Цэтанд нэг исламын сүм байсан бөгөөд бүгд төвд архитектуртай байв. Мөн Коран сургаал, Урду хэл заадаг сургууль Лхасад хоёр, Шигацэд нэг байжээ. Энэтхэг дэх дүрвэгсдийн тосгонуудад одоо ч гэсэн Исламын болон Бурханы шашинтай төвд хүмүүс бие биеийнхээ шашныг хүндэтгэн харилцан зохицож амьдарсаар байна.

Кашмир болон Ладак угсааныхан

Кашмир, Ладак, Төвдийн хоорондох худалдаа, түүний явцад Төвдийн баруун болон төв нутгаар суурьших болсон худалдаачдын талаар урт түүх бий. Суфи эрдэмтэд Кашмир болон Ладакад Исламын шашныг танилцуулсан XIV зууны сүүл үеэс хойш дээрх шилжин ирэгчдийн дотор исламын шашинтнууд багтах болов. Гэвч Төвдөд суурьших болсон Кашмир, Ладак исламын шашинтнуудын гол урсгал XVII зууны дунд үе буюу V Далай ламын төр барьж байх үед орж ирсэн байна. Тэд гол төлөв Кашмирын олон газар нутгийг хамарсан өлсгөлөнгийн улмаас Лхасад ирэх болжээ.

V Далай ламын олгосон тусгай эрх

Бүх шашны бүлгүүдийг хүндэтгэх бодлогын хүрээнд V Далай лам исламын шашинтнуудад тусгай эрх олгожээ. Тэдэнд өөрсдийн дотоод асуудлаа эрхлэх таван гишүүнтэй зөвлөл сонгох, өөрсдийн аливаа маргаанаа Шариатын хуулийн дагуу бие даан шийдвэрлэх, Төвдийн бусад хотуудад худалдаа хийх, дэлгүүр нээх, татвараас чөлөөлөгдөхийг зөвшөөрөв. Мөн тэдэнд Бурханы шашны онцгой сар болох Бурхан багшийн дүйцэн, хаврын тэргүүн сарын үеэр мах идэх, Монлам номын хуримын үеэр тэргүүлэх хувраг нартай мэндчилэхдээ малгайтайгаа байж болохыг зөвшөөрчээ. Түүнчлэн V Далай лам исламын шашинтнуудад Лхасад исламын шашны сүм барих болон нас барагсдаа оршуулах тусгай газар олгон, засгийн газрын бүхий л гол баяр ёслолд тэдний лидерүүдийг урьдаг байв.

Ладактай хийсэн худалдааны хэлэлцээр

1684 оны Төвд-Ладакын энх тайвны хэлэлцээрийн нэг заалт болгож Төвдийн засгийн газар Ладакын худалдааны төлөөлөгчдийг гурван жилд нэг удаа Лхасад ирж байхаар зөвшөөрчээ. Энэ нь Төвд гадны бусад орнуудад хаалттай байх үед ч хэрэгжиж байсан. Энэхүү төлөөлөгчдийг дагалдан явах Кашмир болон Ладакын цөөнгүй тооны мусульман худалдаачид Төвдөд үлдэн, өмнө нь ирж суурьшсан мусульманчуудынхаа дэргэд суудаг байв.

Кашмирын мусульман худалдаачид мөн Балбад суурьшин тэндээ Балба болон Төвдөд суух Кашмир мусульманчуудын хоооронд худалдаа хийдэг байжээ. Притви Нараяан шах 1769 онд Катманду хөндийг эзлэн тэднийг Балбаас хөөн гаргасанаар тэдний олонхи нь Төвд рүү цагаачилжээ. 1856 оны Төвд-Балбын хэлэлцээрийн дараа тэд Энэтхэг, Балбатай худалдаагаа дахин эхлүүлсэн юм.

1841 онд Кашмирын Догра арми Төвдөд халдав. Тэд ялагдал хүлээж олон Кашмир болон Ладак олзлогдсон цэргүүд тэндээ үлдэхээр шийджээ. Мөн зарим Хиндү догра цэргүүд Төвдөд суухаар шийдэж улмаар исламын шашныг баримтлах болсон байна. Тэд тус улсад гүйлс, алим тариалахыг анх удаа танилцуулжээ.

Хуй мусульман суурьшигчид

Бүр XVII зуунаас эхлэн Нинсягийн хятад хуй мусульман худалдаачид Төвдийн зүүн хойд Амдо нутаг, Силиний голд суурьших болжээ. Тэд төвд хүмүүстэй гэр бүл болон Хятад, Төвдийн хооронд худалдаа хийдэг байв. Тэдний зарим нь хожим Лхасад суух болж тэндээ тусдаа исламын хийд, нас барагсдаа тавих газартай мусульман сууринг үүсгэжээ.

Бүгд Найрамдах Хятад Ард Улсын дэглэм тогтсоноор нөхцөл байдал эрс өөрчлөгдсөн. Төвдийн мусульманчууд Бурханы шашинтнуудын адил шахалт хавчлаганд байв. Амдо нутгийн ихэнх хотуудад одоо хятад хуй мусульманчууд гол төлөв сууж байгаа бөгөөд уугуул төвдүүд нь өндөрлөг тал газар руугаа шахагдаад байна. Мөн хуй худалдаачид маш олноор Төвдийн төв нутгаар суурьших болсон бөгөөд тэд төвд мусульманчуудын адил нутгийн ард түмний аж амьдрал, зан заншлыг дагахаасаа илүүтэйгээр өөрсдийн хятад хэл, соёлыг баримталж байна.