Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Түүх, соёлын болон харьцуулсан судалгаанууд > Бурханы шашин ба Лалын шашин > Хятадын исламын шашинт хуй үндэстний талаарх түүхэн тэмдэглэл

Хятадын исламын шашинт хуй үндэстний талаарх түүхэн тэмдэглэл

Александер Берзин
1995 оны 4-р сар

Хятадын исламын шашинт үндэстний цөөнх

1990 оны тооллогоор БНХАУ-д исламын шашинтай 17.6 сая хүн ам байгаагаас 8.6 сая хуй үндэстэн, 7.2 сая уйгар, 1.1 сая казах, 375 000 кыргыз, 33 500 тажик, 14 000 узбек үндэстэн байна гэж тоологджээ. Хуй хүмүүс гол төлөв хятад хэлээр, тажикууд перс хэлэнд харьяалагдах энэтхэг-европ хэлээр, бусад нь түрэг аялгаар ярьдаг байна. Хуй үндэстнүүд нь Хятадын албан ёсны 56 үндэстний исламын шашинтай үндэстэн дотроо ердөө исламын шашинтай гэдгээрээ ялгардаг цорын ганц үндэстэн юм. Тэдэнд нийтлэг үндэстний ялгарах онцлог гэж байдаггүй бөгөөд хан хятадуудтай ихээр гэр бүл болдог ба Хятадын бараг бүх хот сууринд тархан суурьшдаг. Тэд зүүн Гансу, Өвөр Монголын хооронд байх Нинся автономит бүс нутагт хоёр засаг захиргааны нэгж, долоон мужтайгаар суудаг байна. “Хуй” хэмээх хятад үг нь Хятад болон хятад хэлээр ярьдаг бусад орнуудад бүх мусульман хүмүүсийг илэрхийлэхэд хэрэглэгддэг.

Хуй үндэстний гарал

Хуй үндэстэн нь Хятадын үндэстний цөөнх боловч тэд тодорхой угсаатныг бүрэлдүүлдэггүй. Тэд Араб, Перс, Төв Ази, Монгол гаралтай бөгөөд хэд хэдэн урсгалаар ирж Хятадад суурьших болжээ. Анхны Арабын ислам төлөөлөгчид Хятадын Тан улсад МЭ 651 онд буюу Мухаммед таалал төгссөнөөс хойш 19 жил, Араб Персийг эзэлснээс хойш 1 жилийн дараа иржээ. Үүнээс хойш гол төлөв араб, мөн тодорхой цөөн тооны перс худалдаачид Хятадын зүүн урд эргийн дагуу ирж суурьших болсон юм. 758 онд Хятадын Тан улсын эзэн хаан Багдадын Аббасид халифыг 20 000 цэрэг бүхий арми илгээж Ань Лушаны бослогыг дарахад туслахыг хүсэв. Араб, перс цэргүүд үүний дараа Хятадад үлдэн Нинся, Гансу нутгийн баруун хойд хэсгээр суурьшжээ. 801 онд Төвд 20 000 араб, согд цэрэг хөлслөн авч Хятадын зүүн өмнөд хэсгийн Юньнань дахь Наньжао хаант улсын эсрэг дайнд оролцсон юм. Энэ дайнд Төвд ялагдсан ч мусульман цэргүүд тус бүс нутагт үлдсэн байна. Дараагийн 15 000 араб цэрэг 1070,1080 онуудад Хятадын Умард Сүн улсын эзэн хааны урилгаар зүүн хойд Хятад дахь түүний суларч буй хаант улс, хүчирхэгжин тэлж байгаа Кидан гүрний хооронд бамбай бүс байгуулахаар иржээ.

Гэвч хуй үндэстний дийлэнх хувь нь монгол хаан Хубилайгийн 1270-аад онд Хятадад цэргийн нэмэгдэл хүч болгон авчирсан 2-3 сая Төв Азийн мусульман хүмүүсийн үр сад юм. Тэд 1279 онд зүүн Хятадыг эзлэхэд түүнд тусалсан бөгөөд дайн дуусахад Хятад даяар тархан сууж худалдаа, газар тариалан, гар урлал эрхлэх болжээ.

Хубилай хааны ач нарын нэг Анандыг Персийн мусульман эцэг эх асран өсгөжээ. 1285 онд тэрээр Гансу, Нинся, Сычуанийг багтаасан Тангад улсын нутаг дэвсгэрийг хамарсан Аньсигийн ханхүү болов. Тангадууд Төвд болон Хятадын Бурханы шашныг хольж баримталдаг байв. 1295 онд ханхүү Ананд өөрийн үеэл, Персийн Ил Хан улсын Газан хааны хамт Исламын шашныг баримтлах болов. Улмаар Аньсигийн 150 000 хүний бүрэлдэхүүтэй хүчирхэг арми мөн Тангадын бараг ихэнх хүн ам Исламын шашныг баримтлах болов. Ингээд 1368 онд Монголын Юань гүрэн задрах үед хуй үндэстэн Хятадын хамгийн том үндэстний цөөнх болсон байлаа.

Мин улсын үед хуй үндэстнийг хамгаалсан нь

Олон эрдэмтэд монголчуудын дараа Хятадыг захирч байсан төрөлх хан хятад эзэнт гүрэн болох Мин улсыг үндэслэгч нь үнэндээ хуй угсааны хүн байсан хэдий ч үүнийг чандлан нууцалж ирсэн гэж үздэг. Монголчуудыг ялсны дараа тэрээр хуй үндэстнүүдэд улс төр, шашин шүтлэг, эдийн засгийн эрх чөлөө олгожээ. Гэвч хан хятадын зүгээс гарах ялгаварлан гадуурхах байдлаас хамгаалах үүднээс тэрээр хуй хүмүүс хятад хэлээр ярьж, хятад заншлаар гэр бүл болж, хувцаслах ёстой гэсэн зарлиг гаргав. Ингэж хуй үндэстэн өөрсдийн ялгарах соёлын уламжлалаа гээжээ.

Чин гүрний үеийн Манж нарын хавчлага

Мин улсын үед хуй үндэстнийг хамгаалж байсныг Хятадыг захирах болсон дараагийн улс Манж Чин гүрэн (1644-1912) хүчтэй эсэргүүцэж Хятад дахь мусульманчуудыг хавчиж эхлэв. Энэ шахалт хавчлага нь Зүүн Туркестан дахь мусульман уйгаруудыг бас хамрав. 1648-1878 оны хооронд Чин гүрний шахалт хавчлагыг эсэргүүцсэн 10 удаагийн амжилтгүй бослогод 12 сая гаруй хуй болон уйгар үндэстэн амь үрэгджээ. Харин манж нар болон хан хятадуудад бас хавчигдаж байсан төвдүүд хуй үндэстэнтэй сайн харилцаагаа хадгалж байлаа. Жишээ нь V Далай лам 1652 онд Бээжин дэх Манжийн хааны ордонд зочлох замдаа, одоогийн Нинсягийн нийслэл болох Иньчуаньд хуй исламын шашинт удирдагчидтай уулзаж шашин болон гүн ухааны талаар ярилцсан байдаг.

Кыргызстан руу нүүдэллэсэн нь – Дунганчууд

XIX зууны сүүлээр хуй үндэстэн хоёр ч удаа Оросын захиргаанд байсан Баруун Туркестан руу олноороо шилжин суурьшжээ. Эхний хэсэг нь 1878 онд Гансу болон Шаньсигаас, Манжийн дэглэмийг эсэргүүцэн бослого гаргасан нь амжилтгүй болсны дараа ирсэн бол хоёр дахь хэсэг нь 1881 онд Зүүн Туркестаны баруун захын Ил мөрний хөндийгөөс иржээ. Тус бүс нутгийг Орос 1871 онд эзлэн авсан байсан ч 1881 оны Санкт-Петербургийн хэлэлцээгээр Хятад буцаан авахад оршин суугчдад нь иргэншлээ өөрсдөө сонгох боломж олгосон юм. Эдгээр хоёр бүлэг хуй үндэстэнгүүд гол төлөв Кыргызстаны Чу голын хөндийд, Бишкекээс холгүй нутаглаж, өөрсдийгөө Дунганчууд гэж нэрлэх болжээ.

Баруун, зүүн хуй нар

Одоогийн Хятадын хуй үндэстэнгүүд хоёр үндсэн бүлэгт хуваагддаг. Нинсяд төвлөрөх баруун хуй нар Гансу (Амдо мужийн хүрээнд болон түүнийг тойрон), Цинхай, Өвөр Монголын баруун хагас, Хятадын хойд мужууд болох Шэньси, Шаньси, Хэнань, Хэбэй мужуудад мөн оршин суудаг. Төвдийн төв нутаг руу олноороо очин суурьшиж байгаа мусульманчууд бол тэд бөгөөд одоогоор Лхасын дэлгүүр хоршоодын гуравны нэгийг эзэмшиж байна. Тэдний шашин, соёлын төв нь Гансугийн Ланжоу хот болон Лабран хийдийн хооронд байх Линся юм. Харин зүүн хуй нар нь гол төлөв Өвөр Монголын зүүн хагаст амьдардаг байна.