Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Азид Бурханы шашин дэлгэрсэн байдал

Александер Берзин
Кайр хот, Египет улс, 1996 оны 6 дугаар сар

Berzin, Alexander. Buddhism and Its Impact on Asia.
Asian Monographs, no. 8.
Cairo: Cairo University, Center for Asian Studies, June 1996
бүтээлийн хэсэг болж анх хэвлэгджээ.

Түүхийн товч тойм

Буддизм нь хэзээ ч шашныг дэлгэрүүлэх хөдөлгөөн маягаар хөгжөөгүй ч Бурханы шашны сургаал нь Энэтхэгийн хойг даяар дэлгэрч дараа нь Азид түгжээ. Бурханы шашин нь шинэ соёл бүрд нэвтрэхдээ тухайн соёл дахь сэтгэлгээ, оюуны хандлагад зохицон өөрчлөгдөж байсан боловч мэргэн ухаан, нигүүлслийн амин чухал чанараа гээгээгүй билээ. Буддизм нэг удирдагчтай шашны зүтгэлтнүүдийн зиндааг бий болгоогүй юм. Дэлгэрсэн орон бүрдээ өөрийн онцлог хэлбэр, шашны бүтэц, удирдагчтай байсаар иржээ. Тэдгээр Бурханы шашны удирдагчдаас одоо хамгийн нэртэй, олон улсын хэмжээнд үнэлэгдсэн нь Төвдийн Дээрхийн Гэгээн Далай Лам юм.

Буддизмд үндсэн хоёр урсгал байдаг. Бага хөлгөн буюу Хинаяана нь өөрийн хувийн чөлөөт байдлыг чухалчилдаг байхад, Их хөлгөн буюу Махаяана нь бусдад илүү туслахын тулд төгс гэгээрсэн Бурхан багш болохын төлөө эрмэлзэхийг онцолдог. Хоёулаа өөр өөрийн урсгалуудтай. Өнөөг гэхэд үндсэн гурван хэлбэр үлдсэн нь; Зүүн Өмнөд Азид дэлгэрсэн Теравада гэгдэх Бага Хөлгөн, Хятад, Төвдийн уламжлал дахь Их хөлгөний хоёр хэлбэр болно.

Теравада уламжлал нь Энэтхэгээс Шри Ланка, Бирмад МТӨ гуравдугаар зууны үед дэлгэрчээ. Эндээсээ зүүн өмнөд Хятадын Юньнань, Тайланд, Лаос, Камбодж, Өмнөд Вьетнам болон Индонезид түгсэн байна. Бурханы шашинд орсон Энэтхэгийн худалдаачдын нөлөөгөөр Арабын хойгийн эрэг хавь, Египетийн Александерид төдөлгүй дэлгэрсэн байна. Бага хөлгөний бусад хэлбэрүүд энэ цагаас эхлэн өнөөг хүртэл одоогийн Пакистан, Кашмир, Афганистан болоод далайн эрэг даган Ираны зүүн хэсэг, Узбекистан, Туркменистан, Тажикстанд дэлгэрсэн юм. Дээр дурдсан улсууд нь эртний эзэнт улсууд болох Гандхар, Бактри, Парс, Согд болой. Төв Азиас цаашдаа МТ хоёрдугаар зууны үеэр Дорнод Туркестан буюу Шинжаанд мөн Хятадын зүүн талаар, долдугаар зууны сүүлээр Курдистан, Казахстанд дэлгэрчээ. Бага хөлгөний эдгээр хэлбэрүүд нь мөн Энэтхэгээс ирсэн Их хөлгөний хэлбэрүүдтэй хожим нь хосолсноор Их хөлгөн аажмаар төв Азийн ихэнх хэсэгт Буддизмын давамгайлах хэлбэр болжээ.

Их хөлгөний Хятад дахь хэлбэр хожим Солонгос, Япон, Хойд Вьетнамд дэлгэрсэн байна. Их хөлгөний Хиндуйзмын Шаивит хэлбэрүүдтэй ойролцоо өөр нэг эртний урсгал нь Энэтхэгээс Непал, Индонези, Малайз, зүүн өмнөд Азийн зарим нутагт тавдугаар зуунаас эхлэн дэлгэрэв. Энэтхэгийн Буддизмын түүхэн хөгжлийг бүтнээр нь уламжлан авсан Төвдийн Их хөлгөний уламжлал долдугаар зуунаас эхлэн Гимлайн уулын нутгуудаар, Монгол, Дорнод Туркестан, Киркизстан, Казахстан, хойд Хятад, Манжуур, Сибир, Оросын Европын хэсгийн Каспийн тэнгисийн хавийн Халимаг Монголд түгжээ.

Бурханы шашин түгэн дэлгэрсэн байдал

Азийн дийлэнх нутгаар Бурханы шашин энх амгалан байдлаар, хэд хэдэн хэлбэрээр дэлгэрч эхэлсэн юм. Бурхан багш эхлэлийг нь тавьжээ. Юуны түрүүнд багш байж, тэрээр хөрш хаант улсуудад хүлээж авах, сонирхолтой хүмүүстэй өөрийн нэвтэрхий ухааны нээлтүүдээ хуваалцахаар аялдаг байв. Түүнчлэн хуваргууддаа хорвоо дэлхий даяар таран явж, сургаалыг нь түгээн дэлгэрүүлэхийг зарлиг болгожээ. Тэр бусдыг шашнаа буруушааж, шашнаасаа нүүр буруулж, шинэ шашинд орохыг гуйж байсангүй. Үүгээр өөрийхөө шашныг бэхжүүлэхийг эрэлхийлж байгаагүй юм. Тэр зүгээр л ухаарал дутмагийн улмаас өөрсөддөө авчирч байдаг золгүй байдал, зовлон гачлангаас гэтлэхэд нь өрөөл бусдад туслахыг хичээж байв. Хожим нь хойч үеийн дагалдагч шавь нар Бурхан багшийн үлгэр жишээнээс онгод хийморь авч, өөрсдийнхөө амьдралд ашиг тусаа өгсөн Бурхан багшийн сургаалыг бусадтай хуваалцсан юм. Одоо Буддизм гэгдээд байгаа энэ шашин ингэж хаа сайгүй тархан түгсэн нь энэ билээ.

Заримдаа энэ үйл явц жам ёсны дагуу өрнөдөг. Жишээ нь, Буддын шашны худалдаачид янз бүрийн нутагт очиж суурьшихад, нутгийн ард иргэд эдгээр хүмүүсийн итгэл үнэмшлийг аяндаа сонирхож эхэлдэг байсан нь Индонези, Малайзад Лалын шашин нэвтэрсэнтэй адил юм. Ийм байдлаар МТӨ болоод МТ-ыг дамнасан хоёр зуунд Төв Азийн торгон зам дагуух баян бүрдийн улсуудад Бурханы шашин түгсэн байна. Нутгийн эзэд, тэдний ард иргэд энэ Энэтхэгийн шашны талаар илүү ихийг мэдэх тусмаа уг худалдаачдын нутгаас лам, багш нарыг урих гэхчилэн, яваандаа Буддын шашинд ордог байжээ. Өөр нэг ердийн зам нь МТӨ хоёр зууны сүүлээс хойш одоогийн Төв Пакистан дахь Гандхарын Буддын шашинд Грекүүд орсон шиг ард түмэн эзлэн түрэмгийлэгчдийн соёлд алгуур уусах явдал билээ.

Гэхдээ, энэхүү түгэн дэлгэрэх явц нь юуны түрүүнд өөрөө Бурханы шашныг хүлээн авч, дэмждэг хүчирхэг эзэн хааны нөлөө, ач тустайгаар болдог байв. Жишээлбэл, МТӨ гуравдугаар зууны дундуур Ашока хаан Бурханы шашныг өөрөө шүтдэг болсны дүнд хойд Энэтхэг даяар дэлгэрсэн. Энэхүү эзэнт улсыг байгуулагч агуу хүн Бурхан багшийн итгэлийг хүлээн ав гэж хараат албат нараа албадаагүй боловч эзэнт улс даяар ард олныг ёс суртахуунтай амьдрахыг уриалсан зорилготой бичиг сийлсэн төмөр баганууд босгож, өөрөө эдгээр зорилгуудыг сахин мөрдсөнөөр бусдыг Буддын сургаалыг хүлээн авахыг хөхиүлсэн билээ.

Хаан Ашока алс газар оронд элч томилон өөрийн хаант улсын гадна идэвхитэйгээр шашнаа ухуулж байв. Хааяа гадаадын эрх баригч эзэд тухайлбал, Шри Ланкийн Тишья хааны урилгыг дагах зэрэг ч бас байдаг байлаа. Өөр бусад үед өөрийн санаачлагаар хуваргуудыг элч төлөөлөгчөөр илгээж байв. Эдгээр хуваргууд бусдыг шашиндаа оруулах гэж хүчээр шахаж байгаагүй, харин Бурхан багшийн сургаалуудыг хүртээмжтэй болгож, хүмүүс өөрсдөө сонгох боломжийг өгч байв. Өмнөд Энэтхэг, Өмнөд Бирмад Бурханы шашин тэр дороо суурьшиж байсан бол Грек улс Баруун Ази зэрэгт түргэн нөлөөлсөн тухай ямарч баримт байдаггүй.

Бусад шүтлэгтэй хаадууд, тухайлбал, арван зургадугаар зууны Монголын эзэн хаан Алтан Хаан улсдаа Бурханы шашны номч багш залж, ард олноо нэгтгэж, засаглалаа бэхжүүлэхийн тулд Бурханы шашныг төрийнхөө албан ёсны шашин болгон тунхагласан юм. Тэр үед Буддын шашны бус, уугуул шашнуудын тодорхой үйл ажиллагаануудыг хориглон, тийм шашин шүтэгчдийг бүр мөшгөн хавчиж байсан ч иймэрхүү балмад алхамууд нь юуны түрүүнд улс төрийн сэдэлтэй байлаа. Энэ өндөр эрмэлзэлтэй удирдагчид Буддын шашны итгэл буюу шүтлэгийн хэлбэрүүдийг албат хамжлагууддаа хэзээ ч хүчлэн тулгаж байгаагүй юм.

Бурхан багш мухар сүсгээр сургаалыг дагах биш, харин хүлээн авахаасаа өмнө сайтар шалгахыг хүмүүст сануулж байсан хэдий ч Бурханы шашны сургаалыг номлогчид, эсвэл хааны зарлигаар шахаж албадвал хүмүүс бүр ч хүлээн авахгүй байхсан. Ийм маягаар жишээлбэл, арван долдугаар зууны эхээр Нэйжи Тойн Дорнод Монголын нүүдэлчдийг Бурханы шашинд шүтүүлэхийн тулд хахуульдахыг оролдож, цээжилсэн Шад бүрийд мал өгнө гэхэд ард олон нь хамгийн дээд засаг баригчдад гомдол мэдүүлснээр эцэст нь энэ эрдүү, сэхүүн багш шийтгэгдэн хөөгджээ.