Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Түүх, соёлын болон харьцуулсан судалгаанууд > Бурханы шашны түүх, бөөгийн ёс > Зүүн Туркестаны Бурханы болон Исламын шашны талаарх түүхэн тэмдэглэл

Зүүн Туркестаны Бурханы болон Исламын
шашны талаарх түүхэн тэмдэглэл

Александер Берзин
1994 оны 9-р сар

Такла-Маканы элсэн цөлийн өмнөд зах ба Хотан

Зүүн Туркестан нь (Шинжаан, Хятад) Бурханы шашны урт түүхтэй юм. Бурханы шашин МЭӨ I зуунд Энэтхэгээс Такла-Маканы цөлийн өмнөд захыг даган Хотанд орж иржээ. Хотанчууд нь Иран хүмүүс байсан бөгөөд үүнээс хэдэн зууны дараа Энэтхэгт Их хөлгөний ёс дэлгэрсэнээр Хотан ч удалгүй Бурханы шашны Их хөлгөний ёсны төв болжээ.

МЭ I зууны үед Бурханы шашин нь Гандара (Пакистан), Кашмираас Кашгарт, мөн Гандара, Кашмирт, Хотанаас Хотаны зүүн хэсгийн Лобнорын ойролцоох Крораны энэтхэг-европ хүмүүсийн дунд дэлгэрчээ. Крораны нутаг цөлжсөнөөр IV зуунд тэндэхийн ихэнх хүмүүс нутгаа орхин Хотан руу нүүсэн аж.

Такла-Маканы элсэн цөлийн хойд зах ба Тохарууд

Цөлийн хойд захын дагуу Тохар хүмүүс Бурханы шашныг МЭ II зуунд Куча болон Турфанд авчрав.

Тохар хүмүүс нь эртний баруун энэтхэг-европ хэлээр ярьдаг, Кавказ угсаатны хамгийн зүүн захын үндэстний төлөөлөл болох Юэчжи нарын үр удам юм. Зарим эх сурвалжид хэсэг Юэчжи нар өнөөгийн зүүн Казахстан, улмаар Афганистан, Тажикистаны нутагт шилжин суурьших болсон гэж дурдсан байдаг. Тэндээ тэд мөн Тохарууд гэдгээрээ нэрлэгдэж Бурханы шашны Бага хөлгөний Сарвастивадин ёсыг баримтлах болжээ. Куча болон Турфаны Тохарууд мөн Сарвастивадин ёсыг дагах болов.

Уйгарын хүн амын ихэнх нь Баруун Монголын хойд хэсгийн Алтайн бүсийн Тувагаас ирсэн Түрэг хүмүүс байдаг боловч тэдний нэг багахан бүлэг нь IV зуунаас Турфанд амьдарч, Тохарын Бурханы шашныг баримталж байжээ.

Хятад болон Согд суурьшигчид

МЭӨ I – МЭ II зуун хүртэл Хятад цэргээ эдгээр баянбүрд улсуудад байршуулж байсан бөгөөд энэ нь Хятадад Бурханы шашин дэлгэрэхээс өмнөх цаг үе юм. Үүнээс хойшхи дараа дараагийн зуунуудад Хятадын Бурханы шашны нөлөө Торгоны замын хоёр салаа замын дагуух улсаар зорчиж, суурьшиж байсан Хятад худалдаачдаас түгжээ. Узбекстанаас мөн Бурханы шашинтай Согд худалдаачид эдгээр баянбүрд улсуудад, тэр дундаа хойд салаа замын дагуу суурьшин мөн л Бурханы шашин төлөвшихөд нөлөөлсөн байна. Согд хүмүүс нь Хотан нарын адил Иран хэлээр ярьдаг хүмүүс байв.

Төвдтэй харилцаж байсан нь

Хятад дунд хугацаанд нь нэг хэсэг эзлэн авсанаас бусад бүх хугацаанд буюу МЭ VII зууны эхнээс IX зууны дунд үе хүртэл Төвдүүд Кашгар, Яркандаас бусад Зүүн Туркестаны бүх баянбүрд улсууд, мөн Гансу мужийн ихэнх хэсэг, зүүн Кыргызстаныг захирч байжээ. Археологийн судалгаагаар энэ бүс нутагт Төвдийн нөлөө маш бага байсан гэж харагддаг боловч үүнийг цааш нь судлах шаардлагатай. Харин Төвд Хотанаас их зүйлийг, тэр дундаа цагаан толгой, Бурханы шашны үг хэллэгийг орчуулах хэв маяг зэргийг авсан байдаг.Тонми Самботагийн Кашмирт суралцаж улмаар Төвд бичигт ашигласан цагаан толгой бол Хотан бичиг байжээ. Хотан бичиг нь Энэтхэг бичгээс үүсэлтэй бөгөөд Төвд бичгийн адил Санскрит урт эгшгийг тэмдэглэхдээ а-чун-ыг хэрэглэдэг ба өөрийн эгшиг үсгүүдээ цагаан толгойнхоо хойгуур байрлуулдаг байна.

Уйгарууд

IX зууны дундуур Ландармагийн хаанчлалын дараа Төвдүүд Зүүн Туркестаныг орхихтой зэрэгцэн өмнөх зуунаас тус зууны дунд үе хүртэл Монголыг захирч байсан Уйгарын Алтайн салбарынхан бараг бүхэлдээ Турфанд очиж суурьшжээ. Тэд Кыргызын Алтайн салбарын түрэмгийлэгчдэд Монголыг алдаад Турфанд дахин ирж Кучагаас Хами хүртэл цөлийн хойд захыг бүхэлд нь, мөн Лобнор орчмын өмнөд захын зүүн хэсгийг хамарсан Уйгарын Кочо хаант улсыг байгуулав. Одоо Монгол Уйгарууд гэж нэрлэгдэх болсон тэд өөрсдийн шашин Манихаизмаас татгалзаж Турфан нарын Бурханы шашныг авчээ. Хэд хэдэн эрдэмтэд, зарим Уйгарууд Монголыг орхихоосоо өмнө Согдын Бурханы шашинтай худалдаачдаар дамжуулан мөн Монголыг тэднээс өмнө захирч байсан Бурханы шашинтай Түрэгүүдээс үлдсэн нөлөөгөөр аль хэдийн Бурханы шашинтай болсон байсан гэж үздэг.

Караханидууд

IX зууны дундуурТөвдүүд Зүүн Туркестаныг алдсаны дараа Хотан тусгаар тогтнож, Бурханы шашнаа үргэлжлүүлэн баримтлах болжээ. Кашгар орчмын нутгийн оршин суугч Түрэгүүд Караханид гүрнийг байгуулсан бөгөөд эхэн үедээ Кашгар мөн Кыргызстан, Казахстаны зүүн хэсгийг хамран захирч байжээ. Зарим эрдэмтэд эдгээр Түрэг хүмүүсийг энэ газар нүүдэллэн ирсэн өөр нэг хэсэг Монгол Уйгарууд юм гэж үздэг. Ингээд нэг зууны туршид Караханидууд Кашгарын Бурханы шашин, бөөгийн ёсыг холин баримталж байв.

Караханидууд нь Исламын шашинтан болсон анхны хүмүүс бөгөөд энэ үйл явдал X зууны сүүлээр болсон юм. XII зууны дунд үеэр тэд удаан хугацааны туршид Хотантай дайтаж ялаад тэднийг Исламын шашинд оруулав. Энэ дайнд Төвд цэргүүд Хотаны Бурханы шашинтан нарынхаа талд байлдаж байжээ. Харин Кочогийн Уйгарууд Бурханы шашинтай хэвээрээ үлдсэн юм. Тэд Согдоос авсан бичгээ Чингис хааны Монголчуудад дамжуулсан төдийгүй тэдэнд Бурханы шашныг танилцуулсан анхны хүмүүс болсон юм. Хожим нь Монголчууд Төвдийн Бурханы шашныг авах үед Уйгарууд мөн түүнийг дагах болжээ. Исламын шашин Уйгарт XIV-XVII зуунд орж ирэхдээ зүүнээс баруун тийш аажмаар дэлгэрсэн юм.

Зүүнгарын болон Халимаг Монголчууд

Зүүнгарын Монголчууд XVI зууны сүүлээс Манжид ялагдан Бурханы шашин бараг бүрмөсөн устсан XVIII зууны дунд үе хүртэл Зүүн Туркестаны хойд хэсэг, Казахстаны зүүн хэсэгт Бурханы шашныг тогтоож байлаа. Халимаг Монголчууд XVII зууны эхээр Зүүнгараас салж Европ Оросын Волга орчмын нутгийн зүг нүүжээ. Тэдний нэг хэсэг нь XVIII зууны сүүлээр буцан Зүүн Туркестаны хойд нутагт ирж тэр цагаас хойш тэндээ Төвдийн Бурханы шашныг баримтлан амьдрах болжээ. Хэдий тийм боловч Хятадын Хан, Хуй үндэстэнүүд олноор очин суурьших болсон үеэс өмнө Зүүн Туркестаны хүн амын дийлэнх ихэнхийг Исламын шашныг баримталдаг Уйгарууд бүрдүүлж байв.