Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Түүх, соёлын болон харьцуулсан судалгаанууд > Бурханы шашны түүх, бөөгийн ёс > Баруун Туркестаны Бурханы болон Исламыншашны талаарх түүхэн тэмдэглэл

Баруун Туркестаны Бурханы болон Исламын
шашны талаарх түүхэн тэмдэглэл

Александер Берзин
1994 оны 9-р сар
Нэмж засварласан 2006 оны 11-р сар
(Археологийн мэдээллийг Сергей Соколов бэлтгэв)

Парфи болон Бактри улс

Түүхээс харахад Бурханы шашин нь баруун Туркестаныг бүрдүүлж байсан хуучнаар Зөвлөлтийн Төв Азийн таван Бүгд Найрамдах Улс болох Туркменистан, Узбекистан, Тажикистан, Кыргызстан, Казахстанд бүгдэнд нь дэлгэрч байжээ. Анх дэлгэрэхдээ МЭӨ I зуунд Гандара (Пакистан) болон Афганистанаас эхлэн Парф [1], Бактрийн хаант улсуудад дэлгэрсэн байна. Энэ үед Парфийн хаант улсад Туркменистан болон Ираны зүүн хойд нутаг багтаж байсан бол Бактрийн хаант улсад [2] Узбекистаны зүүн хэсэг, Тажикистан, Афганистаны хойд нутаг багтаж байжээ.

Согд улс

Бурханы шашин нь Бактригаас цааш Узбекистаны төв хэсэг, Тажикистаны баруун хойд нутаг болох Согд улсад [3] дэлгэрсэн гэж ихэнх тохиолдолд үздэг. VI зууны Хятад мөргөлчин Сюаньцзан Согдын нийслэл Самаркандын хоёр том Бурханы шашны хийдийн тухай тэмдэглэж үлдээсэн байдаг.

Баруун Түрэгийн эзэнт улс

VII зуунд Монголын түрэг угсааныхан Төв Азийг эзлэх үед Бурханы шашин Согд болон зүүн Туркестаны зүүн хэсэг болох Кашгараас /Хотан/ Казахстаны өмнөд нутаг Тараз гол /Талас гол/ мөн Кыргызстаны хойд хэсгийн Чу голын хөндийгөөр дэлгэрчээ. Эдгээр бүс нутгууд нь баруун Түрэгийн эзэнт улсын [4] нэг хэсэг байжээ. VIII зуунд Төвд зүүн Туркестаныг захирч байхдаа зүүн Кыргызстаныг эзэлж тэнд эртний Төвдийн Бурханы шашныг дэлгэрүүлж байв. [5]

IX-X зуунд Төв Азийн эдгээр Бүгд найрамдах улсуудын өмнөд хэсгээр Исламын шашин орж ирж, XI зуунд хойд хэсэгт нь орж ирсэн боловч хойд хэсгийн Бурханы шашин бүрмөсөн устаагүй юм. Энд Исламын шашин сул байсан бөгөөд бөөгийн ёс болон Бурханы шашинтай холилдож байв. Энэ бүс нутагт бүхэлд нь тархаж байсан Исламын шашны голлох хэлбэр нь бясалгалыг онцгойлдог, сургаал баримталдаггүй Суфизм урсгал байсан бөгөөд тэд нэг багшийг хүрээлэн амьдардаг нийгмийн бүлэг байлаа.

Зүүнгарын Монголчууд

Зүүн Туркестаны Зүүнгарын Монголчууд нь [6] Төвдийн Бурханы шашны Гэлүг урсгалыг баримталдаг байсан бөгөөд тэдний зарим нь XVII зууны эхээс хойш Халимагууд гэгдэх болжээ. Зүүнгарын Монголчууд XVI-XVIII зууны дунд үе хүртэл Балхаш мөрний зүүн болон урд хөвөөнд байх зүүн Казахстаны Семиречье нутгаар, XVII зууны дундаас XVIII зууны дунд үе хүртэл Кыргызстаны Иссык-Куль нуур орчмоор нүүдлийн хийдүүдийг байгуулж байв. Халимагууд мөн Казахстаныг хөндлөн туулж Волга мөрөн хүртэл нүүдэллэхдээ Казахстаны олон газар нутгуудад нүүдлийн хийд байгуулсан байна.

Зүүнгарынхан Балхаш нуурыг тойрсон зүүн Казахстаны нутгуудаар бас чулуун хийдүүдийг [7] байгуулж байжээ. Эдгээр Гэлүг ёсны хийдүүд [8] XVIII зууны дундуур Орос Казахстаныг эзлэх хүртэл байсаар байв. Энэ хийдүүдийн заримыг Зүүнгарынхан XVIII зууны дундуур Манжид ялагдахаасаа өмнө эсвэл зүүн Туркестанд Хятадын Манжийн эзэнт гүрэн хомроголон устгах ажиллагаа явуулж тэднийг өөртөө нэгтгэсний дараагаар Казахстан руу дүрвэж ирсэн Зүүнгарын дүрвэгсэд байгуулсан гэж үздэг. Зарим хийдүүдийг нь XVIII зууны сүүлээр Волгагаас зүүн Туркестанд буцаж ирсэн боловч Казахстанд суурьшсан Халимагууд барьсан байх боломжтой юм. Эдгээр хийдүүдийг хэн байгуулсан нь их ээдрээтэй байдаг. Учир нь Оросод Зүүнгарынхныг бас Халимагууд гэдэг байна.

Бурханы шашин болон Исламын шашин хоорондын харилцан нөлөө

Бурханы шашин болон Исламын шашны хоорондын харилцан нөлөөлөл нь тус бүс нутгийн хүрээнд бүхэлд нь илэрч байдаг. Жишээ нь Казах суфичууд дараа төрөлд итгэдэг төдийгүй Төвд, Монголд багш нарынхаа хойд дүрийг тодруулдагтай адил суфи багш нарын хойд дүрийг тодруулдаг байна. Суфичууд багш нарынхаа чандарыг байрлуулан хорго урлаж, түүнийг гороолон зул өргөдөг нь Бурханы шашинтнуудын багшдаа зориулсан суврага гороолох бүтээлийг санагдуулдаг. Суфи бясалгалд Мухамед болон багш нарыг дүрслэх, амьсгал авч гаргахтай хамтатган уншдаг тарнитай төстэй Ислам уншлага байдаг.

 


 

[1] Туркменистаны Мары хот (Мерв), Ашхабадын орчмоос Парфийн үеийн Бурханы шашны хоёр суврагын үлдэгдэл мөн Ашхабад орчмоос Бурханы шашны агуйнууд олдсон.

[2] Узбекистаны өмнөд хэсэг Термез орчмын Кара Тепе, Фаяз Тепе, Далверзин Тепегээс Бактрийн үеийн Бурханы шашны хийдүүдийн үлдэгдэл олдоод байгаа бөгөөд Сурхандарьи дүүргийн Зормалагаас нэг суврага, Балалык Тепегээс Бурханы шашны ханын зургууд тус бүр олджээ. Тажикистаны өмнөд хэсэг байх Ажина Тепегээс Бурханы шашны нэг хийдийн туурийг малталт хийн гаргаад байна.

[3] Согдын соёлтой холбоотой Бурханы шашны олдворууд Узбекистаны Еркурганы Самарканд орчим болон Тажикистаны Пенджикентээс олдсон. Мөн зүүн Узбекистаны Фергана хөндийн Кувагаас олдоод байна. Дээр дурдсан Бактрийн олдворуудын ихэнх нь Согдын үетэй мөн холбогддог.

[4] Шымкентийн (Чимкент) ойролцоо Сайрам-Келегийн Тараз голын хөндий, Жамбыл (Жамбул) дүүргийн Тектур-Маз гэдэг газруудад судалгаа хийгээд байна. Археолгичид Таразын (Жамбыл, Жамбул) ойролцоох Кос Тобегоос Бурханы шашны холбогдолтой олдворууд олно гэж найдаж байгаа. Иссык-Куль нуурын хойд эргийн одоогийн Чолпон-Ата хотын ойролцоох Кызыл-узен дахь Чу голын хөндий, Токмок (Токмак) хотын ойролцоох Ак-Бешим (Суяб) болон Баласагун, Чу голд цутгадаг Краснояа голын дагуух газруудаас Бурханы шашны олдворууд олдсоор байна.

[5] Иссык-Куль нуурын орчим, Караколын (Пржевальск) ойролцоо усан доороос, Тамга хавцалын өмнөд эргийн дагуу, мөн нуураас урагшаа Жулку, Барскаоны даваа, хойшоо Иссыкатагийн давааны ойр орчмоос “маанийн” чулуунууд олдоод байна.

[6] Энэ үетэй холбогдох маанийн чулуунууд Семиречегийн Танглалы-Тас, Алма-Атагийн ойр орчмын газрууд болон Иссык-Куль нуурын өмнөд эргийн Занка хавцлаас тус бүр олдоод байна.

[7] Зүүнгарын Бурханы шашны чулуун хийдүүдийн туурь Казахстаны Алмаликаас, Казах-Хятадын хилийн ойролцоох Балхаш нуурын зүүн талаар урсдаг Или голын дагуу, Жезказган (Джезказган) хотын ойролцоох Кызыл-Кент, Балхаш нуурын баруун талаар урсдаг Сарысу голын дагуух газруудаас олдсон. Казах-Оросын хилийн ойролцоо, Балхаш нуурын араар, Эрчис мөрөний дагуух Семей (Семипалатинск) хотод Бурханы шашны нэгэн том хийд байдаг байжээ. Өөр нэг хийдийн туурь Өскемен хотын ойролцоох Аблайкетээс олдсон байдаг. Алма-Ата хотын зүүн зах, Казахстаныг Иссык-Куль нуураас тусгаарладаг Заилийский Алатау уулсын арыг даган одоогийн Хятадын хил хүртэл тэр дагууд олон Бурханы шашны хийдүүд байдаг байжээ. Тэдгээрээс Алма-Атагийн Талгар, хилийн бүсийн Нарынколын Сүмбийн тууриуд олдсон.

[8] XIX зууны эхээр Алма-Атагаас холгүй Медеугийн (Медео) хөндийд тэдний сүүлийн үеийн загвар бүхий нэг модон хийдийг байгуулж байжээ.