Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Түрэг угсаатны дундах Бурханы шашин

Александер Берзин
Кайр хот, Египет улс, 1996 оны 6-р сар
Анх хэвлэгдсэн:
Berzin, Alexander. Buddhism and Its Impact on Asia.
Asian Monographs, no. 8.
Cairo: Cairo University, Center for Asian Studies, June 1996

Исламын шашныг баримтлах болсон дэлхийн олон ард түмний дотроос Түрэг, Афган, Пакистан, Индонез, Малай зэрэг хэд хэдэн ард түмэн урд нь Бурханы шашны маш хүчтэй уламжлалтай байжээ. Эдгээрийн дундаас хамгийн түрүүн Бурханы шашныг баримталж байсан ард түмнийг авч үзье.

Түрэг шах нар

Бурханы шашныг хамгийн түрүүнд авч хэрэглэсэн түрэг хүмүүс бол Түрэг шах нар юм. Тэд МЭ III зууны дундаас IV зууны эхэн хүртэл баруун хойд Энэтхэгийг захирч байгаад баруун тийш эргэж одоогийн Афганистан, улмаар IX зууны дунд үе хүртэл төв болон умард Пакистаныг захирч байжээ. Тэд тус бүс нутгийн өвөг дээдэс болох Кушан болон Эфталитын (Цагаан хүннү) шах нарын баримталж байсан Бурханы шашны Их, бага хөлгөний ёсуудыг нэгтгэн уламжлан авч, өмнө нь байгуулагдсан байсан идэвхтэй сургалттай гол сүм хийдүүдийг дэмжиж байв. VIII зууны сүүлч, IX зууны эхэн үеэр Түрэг шах нар Төвдийн Эзэнт гүрний харьяаны холбоотон болж байсан бөгөөд тэнд Бурханы шашин дэлгэрэхэд нөлөөлжээ.

Зүүн, баруун Түрэгүүд

Бурханы шашныг авч дэлгэрүүлсэн дараагийн гол Түрэг хүмүүс бол өөрсдийн нэрээ Түрэг угсаатанд үлдээсэн Хуучин Түрэгүүд байв. Зүүн Түрэгийн Эзэнт улс нь VI зууны сүүлээс VIII зууны дунд үе хүртэл Монголыг захирч байжээ. Эзэнт улсын ивээл дор Энэтхэг, Төв Ази, Хятад эрдэмтэд олон олон Бурханы шашны судар бичгүүдийг хуучин Түрэг хэл рүү орчуулсан байна. Хуучин Түрэг хэлний Бурханы шашны хэд хэдэн үг хэллэг Төв Азид нийтлэг хэрэглэгдэх болж хожим нь Уйгар болон Монголчууд авч хэрэглэжээ. Хуучин Түрэгүүд өөрсдийн Бурханы шашиндаа Түрэгийн эртний уламжлалт “тэнгри” мөргөл мөн Төв Азийн ард түмнээс мэдэх болсон Зороастрийн шүтлэгийг нийлүүлсэн юм. Энэ хэд хэдэн үзлийг хольсон хэлбэрийг Уйгар болон Монголчууд өвлөн авч үргэлжлүүлжээ. VIII зууны эхээр Зүүн Түрэгийн хааны гэр бүлийн нэг гүнж Төвдийн эзэн хаантай ураг барилдсанаар Зүүн Туркестаны Хотанаас Бурханы шашны лам хуврагуудыг Төвдөд урих болжээ.

VII зууны эхнээс VIII зууны эхэн хүртэл Баруун Түрэгийн эзэнт улс мөн Бурханы шашныг ихэд дэмжиж байлаа. Эзэн хаадууд нь Узбекистанд шинэ сүм хийдүүдийг олноор байгуулсан байна. Баруун Түрэгийн нэг овог аймаг болох Түргэш овгийнхон VII зууны сүүлийн хагас, VIII зууны эхэн үед Кыргызстан, Казахстаны зүүн өмнөд хэсэгт Бурханы шашин дэлгэрэхэд чухал үүрэг гүйцэтгэжээ. Түргэшүүд мөн Төвдийн Эзэнт Улсын холбоотон байсан аж.

VIII зууны эхээр Бурханы шашныг баримталдаг Төвдийн холбоотон Зүүн Түрэгийн нэг аймаг болох Карлук нар Түргэшүүдэд Кыргызстан, Казахстаныг захируулав. Карлук нарын нэг овог аймаг болох Караханидууд IX зууны дундуур Зүүн Туркестаны баруун урд нутаг Кашгар болон зүүн Кыргызстанд нэгэн эзэнт улсыг байгуулав. Караханидууд Кашгар Бурханы шашин болон өөрсдийн уугуул бөө шүтлэгийг хослуулан нэг зуун гаруй хугацаанд дагажээ.

Уйгарууд

Гэвч түүхэнд хамгийн тодорхой тэмдэглэгдсэн Түрэгийн Бурханы шашны хэлбэр бол Зүүн Туркестаны (Шинжаан) Уйгар нарын баримталж байсан хэлбэр юм. Тэд IX зуунд одоогийн Шинжааны зүүн хойд нутаг болох Турфанд Монголоос очиж суурьшсаныхаа дараа тус бүс нутгийн уугуул Турфан, Хятад худалдаачид болох Тохарууд буюу одоогийн Узбекстаны Согд худалдаачдын шүтлэгийн зарим шинж чанартай холилдсон Бурханы шашны хэлбэрийг авч хэрэглэжээ. Энэ нь одоогийн Шинжааны зүүн урд хэсэгт байх Кашгар, Хотанаас бусад бүх нутгийг нь багтааж байсан Уйгар Кочо улс даяар дэлгэрчээ.

Харин Уйгаруудын хэрэглэж байсан Бурханы шашны хэлбэр мөн тэдний цагаан толгой, засаглалын аргууд нь XIII зууны эхээр Чингис хааны үед Монголд дамжжээ. XIII зууны сүүлийн хагаст Уйгарууд мөн тэдний холбоотон Монголчууд шашныхаа хэв маягийг өөрчилж Төвдийн Бурханы шашныг авчээ. Уйгарууд маш олон тооны Бурханы шашны судар бичгүүдийг Санскрит, Согд, Тохар, Хятад, Төвд эх сурвалжуудаас өөрсдийн Түрэг хэлэнд хөрвүүлэн мөн Бурханы шашны судар бичгийг Монгол хэлэнд хөрвүүлсэн анхны орчуулагчид болсон юм. Тэдний Санскрит хэлний үг хэллэгийг тэр чигээр хадгалах орчуулгын хэв маягийг Монголчууд мөн адил баримталж байжээ. Бурханы шашин Уйгаруудын дунд ойролцоогоор XVII зууныг хүртэл дэлгэрч байжээ.

Уйгарын өөр гурван овог аймаг бас Бурханы шашныг баримталж байсан байна. Нэг аймаг нь X зууны дундуур Монголоос Кыргызстаны баруун хойд нутаг Чу голын хөндийд ирж суурьшин өмнө нь Түргэш Түрэг, дараа нь Карлук нарын ивээл доор хөгжиж байсан тэндэхийн Бурханы шашны хэлбэрийг баримтлах болсон бол өөр нэг хэсэг нь тэр үед Зүүн Туркестаны Кашгар нутагт ирж, нэг зууны дараа тус бүс нутгийг захирах болсон Караханид Түрэгүүд ч мөн дагасан Бурханы шашны Кашгар уламжлалыг баримтлах болжээ. Гурав дахь хэсэг нь IX зууны дундуур тухайн үед Төвдийн Эзэнт улсын захиргаанд байсан одоогийн Хятадын төв Гансу мужид Монголоос очиж суурьшсан Шар Уйгарууд юм. Хэдийгээр хүн амын тоо цөөн ч Шар Уйгарууд одоог хүртэл Бурханы шашны Төвд уламжлалыг баримталсаар байна.

Тува

Бурханы шашныг авч дэлгэрүүлсэн сүүлчийн Түрэг хүмүүс бол баруун Монголын яг хойд хэсэг, одоогийн Сибирт нутаглах Тува нар юм. Тэд Бурханы шашны Монголд дагаж байсан Төвд хэлбэрийг XVIII зуунаас хойш баримталсаар байна.