Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Бурханы шашны үндсэн хэлбэрүүдийг судлах нь

Александер Берзин
Кайр хот, Египет улс
1996 оны 6 дугаар сар

Berzin, Alexander. Buddhism and Its Impact on Asia.
Asian Monographs, no. 8.
Cairo: Cairo University, Center for Asian Studies, June 1996
бүтээлийн хэсэг болж анх хэвлэгджээ.

Бурханы шашны одоогийн гол системүүдийн төлөөлөл болох Теравада ба хятад, түвдийн Буддизмын хэлбэрүүдийн зарим онцлог талуудыг авч үзье.

Теравада

Теравада нь бодол, анхааралтай бясалгалыг онцгойлон чухалчилдаг. Үүнийг сууж байхдаа амьсгал, биед үүсэх мэдрэмж сэрлүүд дээрээ, эсвэл маш аажуухан алхаж байхдаа хөдөлгөөн болон хөдлөх сэдэл дээрээ төвлөрөх замаар хийдэг. Хором бүрийн эхлэх, өнгөрөхийг ухамсарласнаар хүн мөнх бусыг мэдэрдэг. Энэ ухаарлыг өөрийн бүх туршлагыг задлан шинжилэхэд чиглүүлбэл мөнх хувиршгүй, хэзээ ч юунаас ч үл хамааран оршдог “би” гэж байдаггүйг ойлгоно. Бүх зүйл агшин зуурт өөрчлөгдөж байдаг. Ингэснээр хүн бодит байдлын тухай ухааралд хүрч, өөртөө төвлөрсөн сонирхлоос нь үүсэх золгүй байдал, зовлонгоос гэтэлгэж өгдөг юм. Теравада нь хайр, асрал, нигүүслийн бясалгалуудыг сургана. Гэхдээ сүүлийн хэдэн арван жилд Бурханы шашинтнууд нийгмийн болон хүрээлэн буй орчны асуудалд туслах хөтөлбөрүүдэд оролцуулахын тулд Тайландад эхэлж үүссэн “Үйл хэрэгт оролцох Буддизм” хэмээх хөдөлгөөн үүсгээд байна. Түүнээс гадна Теравадагийн хуваргууд Бурханы шашны Хөлгөн сударыг судалж, ном хурж, сүсэгтэн, эгэл олонд ёслолуудыг үйлдэнэ. Хуваргууд өдөр бүр бадар барин явж, гэрийн эзэд тэдэнд хоол идээнээсээ өргөж, өглөг буян үйлдэцгээдэг.

Зүүн Азийн Их хөлгөн

Зүүн Азийн Хятадаас үүсэлтэй Их хөлгөн уламжлал нь хоёр үндсэн талтай. Тэр нь Ариун газар ба Япон дахь Зэн хоёр юм. Ариун газрын уламжлал нь зах хязгааргүй гэрлийн Бурхан багш Амитабагийн нэрийг уншиж дуудан, түүний аз жаргалын ариун оронд очих арга хэрэгслээ болгохыг онцолж үзнэ. Зэн уламжлалд тогтолцоот үзэл бодлоо тайвшруулан, нигүүлсэнгүй билэг ухаанд заяамал ухамсрын цэвэр мөн чанар нь тодорч ирэх чанд хатуу бясалгалыг гол болгоно. Лам, гэлэнмаа нар энэ хоёр уламжлалын аль алинд Хөлгөн судраас уншиж, ном хуран Күнзийн сургаальд зааснаар эгэл сүсэгтэн олонд, ялангуяа өөд болсон өвөг дээдэст нь зориулж тахилга ёслолыг үйлддэг юм.

Төвдийн Их хөлгөн

Төв Ази даяар түгсэн Их хөлгөний Бурханы шашны Төвдийн хэлбэр нь логик болон эрчимтэй бясалгалыг мэтгэлцээнтэй уялдуулах замаар ухаан бодол, сэтгэлийн хөдөлгөөний мөн чанарыг гүнзгий судлахыг гол болгодог. Үүнийг ургуулан бодохуйн хүчийг ашиглаж, биеийн нарийн энергүүдтэй ажиллан, өөрийгөө Бурхан багш болгон, хувиргадаг Дандарын ёсны дадлагатай хослуулна. Үүний тулд хүн хоосон чанар ба нигүүсэл дээр төвлөрөн, энэ нөхцлийн хүрээнд өөрийгөө тусгай нэгэн Бурхан багшийн дүр болсноор төсөөлөн боддог. Ийм дүр хэлбэрүүдийг заримдаа Номыг тэтгэгч сахиусан бурхад гэж нэрлэдэг авч Бурхан багштай утгаараа ч, үйл ажиллагаагаарөө ч адил биш бөгөөд Бурханы шашин нь яагаад ч политеист буюу олон Бурхадтай шашин биш билээ. Бурханы шашны хэлбэр тус бүр Бурхан багшийн гэгээрлийг билэгдсэн мэргэн билэг ухаан буюу нигүүсэл гэх зэрэг билэг тэмдгийн төлөөлөл юм. Ийм хэлбэрт өөрийгөө дүрслэн бодож, түүнтэй холбоотой нууц нандин Маанийг (Мантра) унших нь өөрийн төөрөлдсөн сөрөг дүр төрхийг гэтэлж, энэхүү Бурхан багшийн дүрд агуулагдах чанаруудыг хөгжүүлэхэд тусалдаг. Ийм маягийн дадлагыг маш дэвшилттэй бөгөөд бүрэн дүүрэн мэрэгшсэн багшийн нарийн чанд удирдлага дор хийх шаардлагатай.

Төвдийн Бурханы шашин нь албин чөтгөрийн дүрээр дүрслэн бодох сөрөг хүч, түүнээс учруулах хөндлөнгийн саадуудыг арилгахын тулд бүтээн гаргасан их хэмжээний уншлага, зан үйл ёслолтой билээ. Иймэрхүү ёслолуудыг гүйцэтгэж байхдаа, бэрхшээлүүдийг гэтлэхийн тулд энергийг, бас итгэлийг олоход бясалгалын хэрэгсэл болгон туйлын хүчирхэг догшин дүрд өөрийгөө төсөөлөн боддог. Хайр энэрэл, нигүүслийг эрхэмлэн төлөвшүүлэх бясалгалын арга барилыг онцгойлон чухалчилдаг юм. Мөн ургуулан бодохуйг бас оролцуулна.