Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Өдөр тутмын бүтээл > Сахил ба хувийн бүтээл > Аюулгүй зам мөрд орох (Аврал одуулах) зарчимд суралцах

Аюулгүй зам мөрд орох (Аврал одуулах) зарчимд суралцах

Александер Берзин
Berzin, Alexander. Taking the Kalachakra Initiation.
Ithaca, Snow Lion, 1997.
Шинэчлэн найруулсан 2002 оны 3-р сар

Оршил

Аврал одуулах гэдэг нь Бурхан, Ном, Хуврагийн чуулган хэмээх Гурван эрдэний үзүүлсэн аюулгүй, эерэг зам мөрийг амьдралдаа гаргаж, биднийг гэтлэхүй, гэгээрэлд хүргэтэл тэрхүү зам мөрийг гуйвалтгүй баримтлах гэсэн утгатай юм.

Бодьсадвын санваар хүртэх үйл ажиллагаа, бүрэн хэмжээний авшиг (ван) эсвэл түүний зан үйлийн тайлбарын (жэнан) үеэр албан ёсоор аюулгүй зам мөрд орох нь (аврал одуулах нь) авралыг тусгайлан багшаас авах зан үйлтэй ижил. Үсэнд гар хүрэх, номын нэр өгөх зэрэг нь энэ үйл ажиллагааны чухал хэсэг биш. Эдгээр зан үйлүүдийг бодьсадвын санваар, тарнийн авшиг хүртээх үйл ажиллагааны үеэр хэдий тэдгээрийг анх удаа хүртээж байсан ч хийдэггүй.

Бид өөрийн амьдралд авралын аюулгүй, эерэг зүгийг албан ёсоор гаргах үедээ эдгээр зүг чигийг хадгалж байхад тус болох хоёр бүлэг үйлд суралцах үүрэг хүлээдэг. Үүнд:

(1) Бүхнийг хураангуйлсан сударт тусгайлан суралцах

(2) зүрхэн охь сургаалд тусгайлан суралцах.

Эхнийх нь дөрөв, тавдугаар зууны үеийн Энэтхэгийн их тойн Асангын (Тогмэд) Гүн явдалтны сэтгэлийн таван газрын аймаг (Скрт. Йогачаряабүми) зохиолын нэг аймаг болох Магадлахын бүхнийг хураангуйлсан судраас (Скрт. Винишчаяа-самграха) эхтэй.

Хоёр дахь нь хоёр хэсгээс бүрдэнэ. Үүнд:

(1) Гурван эрдэнэ тус бүрийг тусад нь судлах

(2) Гурван эрдэний нийтлэг чанарыг судлах

Суралцах эдгээр гурван бүлэг үйл нь сахил биш. Хэрэв бид эдгээр гурван үйлийн аль нэгийг биелүүлэхгүй бол ердөө амьдралын аюулгүй зам мөрийг бүдэгрүүлдэг. Зам мөрөөс албан ёсоор татгалзаагүй бол бид тэрхүү зүгээ алдахгүй.

Бүхнийг хураангуйлсан сударт тусгайлан суралцах

Асангын бүтээлээс авсан тэдгээр суралцах үйлүүд нь тус бүр дөрвөн хэсэгтэй хоёр бүлгээс бүрдэнэ. Эхний бүлэг нь Бурханд аврал одуулах утга бүхий нэг үйл, Номонд аврал одуулах утга бүхий хоёр үйл, Хуврагт аврал одуулах нэг үйлийг багтаана. Хоёр дахь бүлэг нь Гурван эрдэнийг нийтэд нь авч үзсэн дөрвөн хэсэгтэй.

Бурхадад аврал одуулах гэдэг нь (1) номын багшид өөрийгөө бүрэн даатгах тухай юм. Хэрэв бидний бүтээлийг чиглүүлэх багш бидэнд хараахан байхгүй бол үүнтэй холбоотой гарч ирэх үүрэг нь багштай болох явдал.

Хэн нэг багшаас албан ёсоор аврал авсан бол энэ нь тухайн багшийг өөрийн номын багш хэмээн заавал үзнэ гэсэн үг биш. Мэдээж амьдралын зөв замд орох үүдийг нээж өгсний хувьд тухайн багшид үргэлж талархал, хүндэтгэлтэй хандах нь чухал. Гэвч бидний аврал нь тухайн ёслолын үйл ажиллагааны үеэр тодорхой нэг Бурханаар төлөөлүүлсэн Гурван эрдэнэ болохоос тухайн зан үйлийг гүйцэтгэсэн хүн бидний аврал биш юм. Зөвхөн тарнийн авшгийн хувьд тухайн багш Авралын гурван эрдэнийг өөрөөрөө илэрхийлэх бөгөөд аврал одуулах үйл ажиллагаа нь багш, шавийн барилдлага тогтоодог.

Цаашлаад ямарч тохиолдолд бидний аврал нь ерөнхийдөө Гурван эрдэнэ байх бөгөөд Бурханы шашны тодорхой нэг ёс, уламжлал бас бидний аврал биш. Хэрэв аврал одуулах үйл ажиллагааг хөтөлсөн багш тодорхой нэг урсгал ёсны багш бол түүнээс авшиг хүртэж, аврал одуулах үйл ажиллагаанд оролцсоноор бид тэрхүү урсгал, ёсыг заавал дагна гэсэн үг биш.

Номонд аврал одуулна гэдэг нь (2) Бурханы шашны сургаалуудыг судлах, (3) ялангуяа сургаалын сөрөг сэтгэл хөдлөл, хандлагуудыг даван туулах талаарх сургаалуудыг голлон анхаарч судална гэсэн үг. Зөвхөн судлах нь хангаттай бус, бид Номыг өөрийн өдөр тутмын амьдралд хэрэглэх хэрэгтэй.

Өндөр эрдэмд хүрсэн (хутагт) бүтээлчид буюу Хуврагийн чуулганд аврал одуулна гэдэг нь (4) тэдний үлгэр дууриаллыг дагах гэсэн утгатай. Ингэхийн тулд заавал хувраг болно гэсэн үг бус харин амьдралын дөрвөн үнэнийг (Хутагтын дөрвөн үнэн) шууд, алдаагүй онож танихад бодитой хүчин чармайлт гаргана гэсэн үг. Эдгээр үнэн нь амьдрал зовлонтой; бидний зовлон шалтгаанаас, тухайлбал бодит байдлын талаарх буруу ойлголтоос бий болдог; бид асуудал зовлонгоо зогсоож чадна; үүний тулд бид хоосон чанарын ойлголтыг сэтгэлийн зам мөр болгох хэрэгтэй гэсэн дөрвөн зүйл юм.

Гурван эрдэнэд нийтэд нь аврал одуулах гэдэг нь (5) сэтгэл нь мэдрэхүйн эрхтэнүүдийн нөлөөнд орж таашаалд хөтлөгдөхөөс гаргах, үүнийг амьдралынхаа анхдагч үүрэг болгон хүн өөртэйгөө ажиллах явдал. Энэ нь цаг үргэлж үзвэр үйлчилгээ үзэн, амттан, бэлгийн таашаалаар хөөцөлдөж, илүү их мөнгө, эд хогшил хуримтлуулахаас илүүтэйгээр өөрийн цаг, эрч хүчээ сул талаа арилгаж, авьяас чадвар, нөөц бололцоогоо ашиглахад зориулах тухай юм.

(6) Бурхадын гаргаж тавьсан ёс зүйн хэм хэмжээг мөрдөх. Энэ ёс зүй нь тэнгэрийн хууль цаазыг дагахаас илүүтэйгээр амьдралын эерэг зам мөрд юу тустай, юу гэм хортой болохыг тодорхой ялгаж таних явдал дээр суурилна. Иймд Бурханы шашны ёс зүйг баримтлах гэдэг нь сөрөг үр дагаварт хүргэх болон бусдад болон өөрт тус болох бидний чадварт саад хийдэг тодорхой зан байдлын хэв маягаас татгалзаж, эерэг үр дагаварт хүргэх, бидний төлөвшилд тус болох зан байдлын хэв маягуудыг өөртөө төлөвшүүлэх гэсэн утгатай.

(7) Аль болох бусдын асуудлыг ойлгож, тэдэнд энэрэнгүй хандахыг хичээх. Хэдийгээр бидний зам мөрийн зорилго нь өөрийн хувийн асуудал, зовлонгоос гэтлэх гэдгээр хязгаарлагддаг гэсэн хэдий ч энэ нь бусдад хор хүргэнэ гэсэн үг ердөө биш.

Эцэст нь Гурван эрдэнэтэй барилдлагаа хадгалах гэдэг бол (8) Бурхан багшийн гэгээрсэн өдөр гэх мэт Бурханы шашны дүйчэн өдрүүдээр цэцэг, жимс зэргээр өргөл өргөж байх явдал. Шашны тэмдэглэлт өдрүүдээр уламжлалт зан үйлийг хийх нь бидэнд илүү өргөн хүрээтэй хамт олны нэг хэсэг гэсэн сэтгэгдэл төрүүлдэг.

Гурван эрдэнэ тус бүрийг тусад нь судлах

Зүрхэн охь сургаалын эхний хэсэг нь Гурван эрдэнэ тус бүртэй холбоотойгоор зайлсхийх гурван үйл, дадал болгох гурван үйлийг багтаадаг. Зайлсхийх гурван үйл нь амьдралын зам мөртэй харшилж байдаг бол дадал болгох гурав нь зам мөрийн зорилгыг сануулдаг.

Зайлхийх гурван үйл нь Бурхадад аврал одуулсан атал (1) өөр хаа нэгтээгээс дээдийн аврал эрэх. Амьдралын хамгийн гол зүйл нь аль болох их эд зүйлс цуглуулах, зугаа цэнгэл эдлэх бус харин асрал хайр, тэвчээр, төвлөрөл, билиг ухаан гэх мэт бусдад тус болох сайн чанаруудыг төлөвшүүлэх явдал юм. Энэ нь ядуу зүдүү байх, бүх зүйлээс татгалзах гэсэн үг бус харин амьдралын илүү гүн гүнзгий зам мөрд орж буйгаа илэрхийлж буй хэрэг.

Илүү тодруулбал энэхүү хүлээсэн үүрэг нь тэнгэр, лусад дээдийн аврал одуулахгүй байх гэсэн утгатай. Бурханы шашинд, тэр дундаа Төвдөд дэлгэрсэн ёсонд саад тотгоруудыг арилгах, эерэг үр дүнд хүрэх зорилгыг биелүүлэх үүднээс Бурхад (тарнийн ядам бурхад) болон догшин сахиуснуудад хандан хийдэг зан үйл (хурал) бий. Эдгээр зан үйлийг хийснээр сөрөг ул мөрүүд том саад тотгор болохгүйгээр бага болж боловсрох, сайн ул мөрүүд хожуу бус ойрын хугацаанд түргэн боловсрох таатай нөхцөл бүрдэхэд нөлөөлнө. Гэвч хэрэв бид маш их сөрөг ул мөр хуримтлуулсан бол эдгээр зан үйл нь тэдгээрийн үр дүн болох хэцүү бэрхшээлүүдээс зайлхийхэд нөлөө үзүүлэхгүй. Иймд тэнгэр, лус, сахиус бүр Бурхадыг аргадах нь сөрөг үр дагаварт хүргэх үйлүүдээс зайлсхийж, эерэг үр дагаварт хүргэх байдлаар үйл хийх энэхүү үйлийн үрд тулгуурласан зарчмыг хэзээ ч өөрчлөхгүй. Бурханы шашин бол сахиус тахин шүтэх, эсвэл бүр Бурханыг тахин шүтэх шүтлэг биш. Бурханы шашны аюулгүй зам мөр бол бид өөрсдөө гэтэлсэн, гэгээрсэн төрөлхтөн болох зам мөр юм.

Ном эрдэнэд аврал одуулсан хэр нь (2) хүн болон адгуус амьтанд хор, хөнөөл хүргэх. Бурхан багшийн сургасан хамгийн гол сургаалын нэг бол бусдад чадах хэрээр хамгийн их тус хүргэх, хэрэв бид тусалж чадахгүй бол ямар нэг хор хүргэхгүй байх тухай сургаал юм.

Хурваг эрдэнэд аврал одуулсан атлаа (3) сөрөг хүмүүстэй ойр нөхөрлөх. Ийм холбоо харилцаанаас зайлсхийх нь зам мөрд сайтар суралцаагүй байгаа үед өөрсдийн эерэг зорилгоос хялбар хазайхгүй байхад тустай. Энэ нь заавал Бурханы шашинтай хүмүүсийн дотор амьдрах ёстой гэсэн үг бус харин харилцан холбоотой хүмүүстээ анхаарал хандуулж, сөрөг нөлөөллөөс зайлсхийхэд тохиромжтой, шаардлагатай арга хэмжээг авч сурахыг оролдох тухай юм.

Хүндэтгэлийн хэлбэр болгон төлөвшүүлэх гурван үйл нь (4) Бурхадын аливаа дүр болон дүрслэлүүдийг, (5) бүхий л ном, тэр дундаа сургаал бүхий номыг, (6) Бурханы шашны хуврагийн сахилтай бүх хүнийг, бүр тэдний орхимжийг хүндэтгэх явдал. Уламжлалын дагуу бол тэдгээр эд зүйлсийн дээгүүр алхах, тэдэн дээр суух, гишгэх, дор нь ямар нэг даавуу гэх мэтийг тавилгүйгээр газарт эсвэл шалан дээр шууд тавих зэргийг хүндэтгэлгүй байгаагийн илэрхийлэл гэж үзнэ. Эдгээр нь авралын бодит орон биш хэдий ч бидэнд гэгээрсэн төрөлхтөн, тэдний дээдийн эрдэм, тэрхүү зорилгод хүрэх зам мөрийг сайтар бүтээн өндөр эрдэмд хүрээд буй бүтээлчдийг төлөөлөх ба тэднийг бидэнд сануулдаг.

Гурван эрдэний нийтлэг чанарыг судлах

Аюулгүй зам мөрд орохын сүүлийн бүлэг үүрэг нь Гурван эрдэнэтэй нийтэд нь холбоотой зургаан үйлд суралцах явдал юм. Эдгээр зургаа нь:

(1) Авралын гурван эрдэний чанарууд, тэдний хоорондын ялгаа, бусад боломжит зам мөрүүдийг өөртөө байнга сануулснаар аюулгүй зам мөрөө бататгах.

(2) Тэдний зам мөрд үзүүлж буй дэм, ач тусад талархаж Гурван эрдэнэд өдөр бүр хоол цайныхаа дээжийг өргөх. Хэдийгээр бид хоол цайныхаа дээжийг Бурхадын дүрийн өмнө өдөр бүр өргөж болох ч үүнийг гол төлөв дүрслэлээр хийж, дараа нь Бурхад түүнийг бидэнд буцаан өргөлөө хэмээн төсөөлөөд тэдгээрийг таашаан хүртэж болно. Өргөсөн идээгээ суултуур, тосгуур руу хийх нь маш хүндэтгэлгүйд тооцогдоно.

Цай, хоолныхоо дээжийг өргөхдөө утгыг нь мэдэхгүй байгаа тохиолдолд гадаад хэл дээр уншлагыг нь заавал унших шаардлагагүй. Ердөө л “Үүнийг хүртэнэ үү” хэмээн бодох нь хангалттай. Хэрэв бидний хамт хооллож буй хүмүүс Бурханы шашинтан биш бол бусдад мэдэгдэхгүйгээр ил биш байдлаар түүнийг гүйцэтгэх нь хамгийн сайн. Өөрсдийн бүтээлийг ил хийх нь ердөө бусдын дунд таагүй байдал бий болгох эсвэл тэдний доог тохуу болоход хүргэнэ.

(3) Гурван эрдэний энэрэх сэтгэлийг санаж байх нь шууд бус байдлаар бусдыг тэрхүү зам мөрд татдаг. Энэ үүрэг нь бид элч болж, бусдыг энэхүү зам мөрд оруулах зорилготой бус. Гэвч амьдралд төөрч будилсан, зүг чиггүй болсон эсвэл буруу зам мөрд орсон, биднийг сонсох хүсэл эрмэлзэлтэй хүмүүст аюулгүй, эерэг зам мөрөөс хүртсэн ач тус, түүний ач холбогдлыг тайлбарлаж өгвөл ихэнх тохиолдолд энэ зам мөрийг тэд тустай хэмээн үзнэ. Тэдгээр бусад хүмүүс Бурханы шашинтан болох эсэх нь гол зорилго бус. Бидний өөрсдийн үлгэр жишээ тэдэнд өсөн сайжрах үүднээс өөр дээрээ ажиллаж амьдралдаа ямар нэг эерэг зүйл хийх урам зориг өгнө.

(4) Аюулгүй зам мөрд орсны ач тусыг санаж өдөр бүр өглөө сэрсэн даруйд гурван удаа, орой унтахын өмнө гурван удаа түүнийг бататгана. Ийнхүү бататгахдаа ердөө “Багш, Бурхан, Ном, Хуврагийн чуулаганд аварл одуулж байна” хэмээн хэлдэг. Номын багш нь дөрөв дэх эрдэнэ болохгүй, харин Гурван эрдэнэтэй холбож өгдөг. Тарнийн бүтээлийн хувьд номын багш нь тэдгээр гурван эрдэнийг өөртөө агуулна.

(5) Юу ч тохиолдож байсан ч аюулгүй зам мөрд найдна. Аливаа хямралын үед аюулгүй зам мөр хамгийн сайн аврал болдог. Учир нь энэ зам мөр асуудлыг түүний шалтгааныг арилгах замаар шийдвэрлэдэг. Найз нөхөд биднийг ойлгох боловч хэрэв тэд гэгээрсэн төрөлхтөн биш л бол биднийг орхих нь гарцаагүй. Тэдэнд тэдний өөрсдийнх асуудлууд бий, тэдний хийж чадах зүйл хязгаарлагдмал. Гэвч сул тал, хүндрэл бэрхшээлүүдийг эрүүл саруул, бодит байдлаар даван туулахыг хичээх нь бидэнд хамгийн их тусламж хэрэгтэй цагт гарцаагүй тус болдог.

Энэ нь (6) юу ч тохиолдож байсан амьдралын энэхүү зам мөрөөс гарахгүй байх сүүлийн үүрэгтэй холбогдоно.

Бусад шашин, үзэл баримтлалыг баримтлах, тэдэнд аврал одуулах

Авралын сахил авснаар Бурханы шашинтан болж, өөрийн төрөлх шашнаа бүрмөсөн орхих ёстой болно гэсэн үг үү гэж зарим хүмүүс асуудаг. Хэрэв бид хүсэхгүй байвал тэгэх албагүй. Төвд хэлэнд “Бурханы шашинтан” гэдэгтэй утга дүйх үг байдаггүй. Энэхүү зам мөрөөр явдаг хүмүүсийг “хэм хэмжээний хүрээнд амьдардаг хүмүүс” буюу амьдралын аюулгүй, эерэг зам мөрийн хил хязгаарыг баримталдаг хүмүүс гэсэн утгатай үгээр ойлгодог. Ийм амьдралын хэв маягаар амьдрахад улаан өнгийн зангилаа бүхий утас хүзүүндээ зүүх, христ, еврей, хиндү сүм хийд, күнзийн шүтээний өрөөнд хөл тавихгүй байхыг шаардахгүй. Харин өөрийн сул талыг даван туулж, нөөц бололцоогоо нээхийг хичээх, өөрөөр хэлбэл, Бурхадын хийж гүйцээсний адил, өндөр эрдэмд хүрсэн бүтээлчид буюу Хувраг нарын бүтээж байгаагийн адил Номыг бүтээхийг хичээх гэсэн утгатай юм. Бид өөрийн хүчин чармайлтыг нэн түрүүнд энэ зам мөрд чиглүүлнэ. Миний өөрийн багш талийгаач Цэнжаб Сэркон Ринбүүчи болон Бурханы шашны олон мэргэдийн хэлсэнчлэн хэрэв бид Христийн шашин гэх мэт бусад шашинд байдаг буяны, хайрын тухай сургаалуудыг судалж үзвэл тэдгээрийг баримтлах нь Бурханы шашинд сургадаг зам мөртэй харшлахгүй гэдгийг ойлгоно. Бүх шашны хүмүүнлэгийн тухай сургаал нь адилхан.

Бидний авралын аюулгүй, эерэг зам мөр нь хамгийн их сөрөг үр дагаварт хүргэх үйл болох амьтны амь таслах, өгөөгүй зүйлийг авах, зохисгүй бэлгийн харилцаанд орох, худал хэлэх, үнэн худал хов хэлэх, ширүүн үг хэлэх, чалчих, бусдын зүйлийг өөрийн болгох, бусдад хор хүргэх болон тэрс сэтгэлтэй байхаас (арван хар үйл) юуны түрүүнд зайлсхийх явдал юм. Бурханы шашны амьдралын зам мөрийг баримтлах нь бусад шашин, гүн ухаан, улс төрийн тогтолцооны зөвхөн эдгээр сөрөг үр дагавартай, өөрт болон бусдад хор хүргэх үйлдэл, яриа, бодлыг хөхүүлсэн үзэл баримтлал, сургаалаас нь зайлсхийхийг шаарддаг. Цаашлаад хэдийгээр христийн шашны сүмд очихыг хориглодоггүй ч гэсэн зам мөрийг тууштай баримтлах гэдэг нь бидний үзэж судлах Бурханы шашны сургаал, хийх бүтээлтэй харшлах амьдралын тэдгээр тал хандлагуудад өөрийн бүх хүч нөөцийг хандуулахгүй байх тухай юм.

Тарнийн авшгийн үеэр аврал одуулснаар зэн бүтээл эсвэл хатха йога, тулааны урлаг гэх мэт биеийн дасгалууд хийхийг зогсоох шаардлагатай болдог эсэх талаар зарим хүмүүс асуудаг. Үүнд үгүй гэж хариулъя. Учир нь эдгээр нь бидний эерэг нөөц боломжийг илрүүлэх аргууд болдог бөгөөд амьдралын аюулгүй зам мөртэй зөрчилдөхгүй. Гэвч бүх эрдэмт мэргэд бясалгал бүтээлүүдийг хооронд нь хольж чанарыг нь алдагдуулахгүй байхыг зөвлөдөг. Хэрэв бид өдрийн хоолондоо шөлтэй хоол идэж, кофе уухаар бол кофег шөлөн дээрээ хийж хольж уухгүй. Өдөрт хэд хэдэн өөр дасгал хийж болно. Гэвч тэднийг тус тусад нь цаг гарган, бүтээл тус бүрийн уламжлалыг хүндэтгэн хийх нь хамгийн сайн. Христийн шашны сүмд ороод шүтээнд нь гурван удаа мөргөх нь зохисгүйтэй адил зэн эсвэл випассана бясалгалын үеэр тарни унших нь зохимжгүй.