Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Бурханы шашин дэлхий дахинд > Шашны Эв Нэгдэл, Энэрэн Нигүүлсэх Сэтгэл ба Лалын Шашин

Шашны Эв Нэгдэл, Энэрэн Нигүүлсэх Сэтгэл ба Лалын Шашин

Дээрхийн Гэгээн 14-р Далай лам
Милан хот, Итали улс
2007 оны 12 сарын 9
Бичигт буулгаж хянан тохиолдуулсан Александер Берзин

Шашны хоорондын эв нэгдлийн талаар хэдэн зүйл хэлье. Зөрчилдөөнд заримдаа шашны итгэл үнэмшил оролцсон байдаг. Жишээлбэл, Хойд Ирландад улс төрийн асуудал маш хурдан шашны асуудал болж хувирч байсан. Энэ бол их харамсалтай хэрэг. Өнөөдөр Шийт, Сунитууд бас заримдаа хоорондоо дайтаж байна. Энэ бас үнэхээр харамсалтай. Шри Ланкад бас үүссэн зөрчил нь улс төрийн асуудал боловч зарим тохиолдолд хүмүүс асуудлыг Хиндү болон Бурханы шашны хоорондын зөрчил гэсэн ойлголт авдаг. Энэ бол туйлын муу хэрэг. Эрт дээр үед өөр өөр шашныхан бие биеэсээ тусгаарлагдмал амьдарч байсан байна. Харин орчин үед маш ойр харилцаатай болсон болохоор шашны эв нэгдлийг хангахын тулд онцгой хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.

9 сарын 11 – ний үйл явдлын нэг дэх жилийн дурсгалыг хүндэтгэх залбиралын үйл ажилллагааг Вашингтоны Үндэсний Катедралд зохион байгуулсан. Энэ уулзалтан дээр өөрийн яриандаа би орчин үед харамсалтай нь цөөн тооны хорлон сүйтгэгч лалын шашинтнуудаас болж зарим хүмүүс бүх лалын шашинтнууд түрэмгийлэгч, хүчирхийлэгч гэсэн ойлголтыг бий болгодог тухай дурьдсан. Тэгээд тэд Барууны болон Лалын шашинт орнуудын хоорондын мөргөлдөөний тухай ярьдаг. Энэ бол бодит байдалд нийцэхгүй.

Цөөн тооны хорлон сүйтгэгч хүмүүсийн үйлдлээр бүхэл шашныг тодорхойлох нь туйлын буруу. Энэ нь Лал, Иуд, Христ, Хиндү болон Бурханы шашин гэх мэт бүх шашнуудын хувьд адил юм. Жишээлбэл, Шүгдэн сахиусыг шүтдэг хэдэн хүмүүс миний оршин суудаг газрын ойролцоо гурван хүнийг хороосон юм. Амь үрэгдэгсдийн нэг нь маш сайн багш, Шүгдэн сахиусыг шүүмжилдэг байсан тэрээр хутганы арван зургаан шарх авсан ба нөгөө хоёр нь түүний шавь байсан. Тэдгээр алуурчид маш хэрцгий байсан. Гэвч эдгээр хүмүүсээс болж Төвдийн Бурханы шашныг түрэмгийлэгч гэвэл хэн ч итгэхгүй. Бурхан багшийн үед ч бас түрэмгий хүмүүс байсан – энэ бол онцгой зүйл огт биш.

9 сарын 11 – ээс хойш хэдийгээр би Бурханы шашинтан, Лалын шашны хувьд гадны хүн боловч сайн дураараа Ариун Лалыг хамгаалах хүчин чармайлт гаргасаар ирсэн. Миний олон Мусалман ах дүүс, цөөн тооны эгч дүүс маань хэрэв хэн нэгэн цус асгаруулж байх юм бол тэр Лалын шашин биш гэж тайлбарладаг юм. Учир нь жинхэнэ Мусалман, Лалын шашинтан бол Аллахыг дээдэлдэгийн адил түүний бүхий л бүтээлийг хайрлах ёстой. Бүх амьд амьтан Аллахаар бүтээгдсэн. Хэрэв хэн нэгэн Аллахыг биширч, дээдэлдэг бол түүний бүх бүтээлийг хайрлах ёстой.

Миний нэг сурвалжлагч найз Аяатоллах Кхомейний үед Тегеранд ажиллаж байсан. Хожим нь тэр Исламын шашны муллах нар хэрхэн чинээлэг өрхүүдээс хандив цуглуулж ядуу буурай хүмүүсийн боловсрол, нийгмийн асуудалд нь тусалдаг тухай ярьж байсан. Энэ бол жинхэнэ нийгмийн үйл явц. Лалын орнуудад банкны хүүг хориглодог. Хэрэв бид Лалын шашны талаар мэдлэгтэй, бусад шашны адил хүмүүс нь ямар их чин сэтгэлээсээ шашны уламжлалаа дагаж мөрддөгийг нь харвал энэ үнэхээр гайхалтай байдаг юм билээ. Ер нь бид бусдын шашны талаар мэдэж байвал бид харилцан бие биеэ хүндлэх, бахдан бишрэх, үнэ цэнийг нь дээдлэх сэтгэл төрж болно. Ийм учраас бид цаг үргэлж шашин хоорондын ойлголцлыг бий болгох хүчин чармайлт гаргаж байх хэрэгтэй.

Саяхан би Лиссабонд нэг лалын шашны сүм дээр шашны төлөөлөгчдийн уулзалтанд оролцсон. Тэр бол шашны төлөөллүүд лалын шашны сүмд уулзсан анхны уулзалт байсан. Уулзалтын дараа бид бүгд гол танхимд нь орж аниргүйн бясалгал хийсэн. Энэ үнэхээр сайхан байсан. Иймд шашин хоорондын эв нэгдлийг хангах тал дээр цаг үргэлж хүчин чармайлт гаргаж байгаарай.

Зарим нь Эзэн тэнгэр байна гэдэг, зарим нь байхгүй гэдэг – энэ бол чухал биш. Юу чухал вэ гэвэл шалтгаан, үр дагаварын хууль чухал. Энэ бол бүх шашинд адил байдаг – амьтны амь таслахгүй, хулгай хийхгүй, буруу хурьцахгүй, худал хэлэхгүй байх. Өөр өөр шашнууд өөр өөр арга хэрэглэдэг байж болох ч бүгд адил зорилготой. Шалтгааныг нь харахгүйгээр зөвхөн үр дүнг нь харъя. Зоогийн газар очоод хоолны жоронд ийм, тийм орны бүтээгдэхүүн орсон гэж маргахаасаа илүү бид зүгээр тэр бүх хоолноос таашаал авдаг. Зүгээр идээд, таашаал авах нь дээр байдаг.

Тиймээс өөр өөр шашнууд – чиний миний шашин сайн муу философитой гэж маргахаасаа илүү бүгд өөрсдийн зорилгоо болгож энэрэн нигүүлсэхийг заадаг, бүгд сайн гэж хар. Өөр өөр хүмүүст өөр өөр арга хэрэглэх нь зөв зүйтэй хэрэг. Бид тохиромжтой арга, тохиромжтой үзэл баримтлал сонгож авах ёстой.

Дотоод амгалан энэрэн нигүүлсэх сэтгэлтэй холбоотой байдаг. Бүх гол шашнууд ийм санааг илэрхийлдэг – асрал хайр, энэрэл нигүүлсэл, уучлал. Бидэнд энэрэн нигүүлсэх сэтгэлийг хөхүүлэн дэмжих шашны бус арга хэрэгтэй байна. Шашин шүтдэг, түүндээ чин сэтгэлтэй хүмүүсийн хувьд тэдний өөр өөрийн шашинд энэрэн нигүүлсэх сэтгэлийг нь улам хөгжүүлэх чадамж их байдаг. Сүсэг бишрэлгүй хүмүүс – тодорхой нэг шашны сонирхолгүй эсвэл шашинд дургүй хүмүүсийн хувьд – заримдаа тэд энэрэн нигүүлсэх сэтгэлийг сонирхдоггүй. Учир нь тэд энэрэн нигүүлсэх нь шашны асуудал гэж боддог. Энэ бол маш буруу. Хэрэв шашныг ямар нэг буруу зүйл гэж харж байгаа бол тэр таны эрх. Харин энэрэн нигүүлсэх сэтгэлд сөргөөр хандах нь ямарч утгагүй.

Юуны түрүүнд бид эхээс төрсөн. Бусад хүн амьтан мөн адил эхээс төрж, эхийн хайр халамжаар өсөж торнисон. Биднийг холбож байдаг тодорхой нэг хүчин зүйл бол биологийн хүчин зүйл. Юу юунаас түрүүн биднийг бидний ээж хайрлаж халамжилж байсан. Тэгэхээр өнөөдрийн бидний энэрэн нигүүлсэх сэтгэлийн анхны үр бидний ээжээс эхлэлтэй, Бурханы шашнаас биш. Бурханы сургаалд суралцсанаар энэ ердөө нэмэгддэг. Хэрэв надад эхийн тэр хайр халамж байгаагүй, эсвэл эцэг эх маань биднийг хүчирхийлж, хайр халамжаар дутаасан байсан бол өнөөдөр бидэнд энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлэх хэцүү байж болох байх. Иймд энэрэн нигүүлсэх сэтгэл нь биологийн шинжтэй учраас оршин тогтнолд тэр мөн хэрэгтэй.

Хайр энэрэл бол зөв өсгөж хүмүүжүүлэх үндсэн хүчин зүйл. Эрдэмтэд бага сармагчинг эхээс нь тусгаарлаж туршилт хийсэн байна. Эхтэйгээ хамт өссөн нь ихэвчлэн тоглож наадаж, цөөн тохиолдолд муудалцаж байсан. Харин эхээсээ тусдаа өссөн сармагчингууд ихэвчлэн бачимдуу, баяр баясгалангүй байж, их муудалцаж байсан байна. Тэгэхээр бидний өсөж торних үйл явц бас бусдын хайр энэрэлтэй холбоотой. Анагаах ухааны эрдэмтэд бид хэдий их энэрэн нигүүлсэх сэтгэл төрүүлнэ төдий хирээр бид сэтгэлийн хямрал, шаналал багатай, тайван амгалан байдгийг олж тогтоосон. Бидний цусны эргэлт сайжирч, цусны даралтыг бууруулдаг байна. Зарим тохиолдолд дархлааны систем ч сайжирдаг. Харин байнгын уур бухимдал, хорсох сэтгэл нь бидний дархлааны системийг сулруулдаг. Ийм учраас энэрэх сэтгэл, уучлал өршөөл нь урт настай, эрүүл мэнд байхад тустай байдаг байна.

Үүнийг бид эрүүл мэндийн хичээлийн хэсэг болгож цэцэрлэгээс нь эхлүүлж зааж болох юм. Бид хүний үнэ цэнийг зөв дэвшүүлэн тавих хэрэгтэй байна. Зөвхөн шашнаар биш, иргэний боловсролоор дамжуулж. Орчин үеийн боловсолын тогтолцоо элэгсэг сэтгэл гэдэг дээр хангалттай анхаарал хандуулахгүй байна. Энэ дутагдаж байна. Зарим их дээд сургуулиуд орчин үеийн боловсолын тогтолцоонд сурагчдад элэгсэг сэтгэл төлөвшүүлэх нь чухал гэдгийг хэрхэн гаргаж тавьж оруулах тухай судалгаа явуулж байгаа нь үнэхээр сайн хэрэг.

Бидэнд иргэний ёс зүйг төлөвшүүлэх шашнаас ангид аргыг бий болгох шаардлага байна. “Шашнаас ангид” гэж ярихдаа би Энэтхэгийн үндсэн хуульд хэрэглэсэн утгаар нь ойлгодог. “Шашнаас ангид” гэдэг нь нэг шашныг бусдаас дээгүүрт тавихгүй байж бүх шашин болон шашингүй хүмүүст хүндэтгэлтэй хандах гэсэн утгатай. Тийм учраас бүх нийтийн нийтлэг туршлага, шинжлэх ухааны баримт нотолгоон дээр тулгуурласан шашнаас ангид боловсролоор шашнаас ангид иргэний ёс зүйг төлөвшүүлэх хэрэгтэй байна.

Асуулт: Өнөөдөр дэлхийн хаана ч материаллаг эд баялгийг эрхэмлэсэн үзэл хандлага маш их байна. Ийм үзэл хандлагатай хүмүүсийн талаар юу гэж бодож байна? Үүнийг яах ёстой вэ?

Дээрхийн Гэгээн: Материаллаг зүйл нь зөвхөн бие махбодын хэрэгцээг хангадаг, сэтгэлийн ая тухыг хангадаггүй. Материаллаг хүний уураг тархи, бидний уураг тархи адилхан. Тэгэхээр бидэнд адилхан сэтгэл санааны зовлон, ганцаардал, айдас, эргэлзээ, атаа жөтөө байдаг. Эдгээр нь сэтгэлийг хямраадаг. Үүнийг мөнгөөр арилгах боломжгүй. Ингэж хямарсан сэтгэлтэй, маш их стресстэй зарим хүн эм хэрэглэдэг. Тэр нь түр зуур стрессийг намдаах авч сөрөг нөлөө үзүүлдэг. Та сэтгэлийн амар амгаланг худалдаж авч болохгүй л болов уу даа. Хэн ч үүнийг зардаггүй, гэвч хүн бүр түүнийг худалдаж авахыг хүсдэг. Маш олон хүн тайвшруулах янз бүрийн зүйл хэрэглэдэг боловч хямарсан сэтгэлийн жинхэнэ эм нь энэрэн нигүүлсэх сэтгэл юм. Иймд материаллаг хүмүүст энэрэн нигүүлсэх сэтгэл хэрэгтэй.

Сэтгэлийн амар амгалан байдал эрүүл мэндийн хамгийн сайн эм юм. Энэ нь бие махбод дахь элементүүдийг илүү тэнцвэржүүлдэг. Унтаж амрахад ч энэ адил байдаг. Хэрэв бид сэтгэл амар унтвал нойр хулждаггүй, тэгэхээр бидэнд нойрны эм уух шаардага байхгүй. Бас олон хүмүүс сайхан зүс царайтай байхад анхаарал тавьдаг. Гэтэл хэрэв та уурлах юм бол хичнээн их будаг нүүрэндээ тавьсан байсан ч энэ тус болохгүй. Та муухай харагдсан хэвээр байна. Гэвч хэрэв та уур уцааргүй, харин инээмсэглэж байвал таны царай сайхан болж илүү дэгжин харагддаг.

Хэрэв бид энэрэн нигүүлсэх сэтгэл төлөвшүүлэхэд их хүчин чармайлт гаргавал уур төрөх үед тэр нь ердөө нэг богино хугацаанд үргэлжилдэг. Энэ нь хүчтэй дархлалын системтэй байхтай адил. Вирусны халдвар авсан ч их хүндрэл үүсдэггүй. Иймд бидэнд холистик үзэл (салгаж биш бүхэлд нь авч үзэх), энэрэн нигүүлсэх сэтгэл хэрэгтэй байна. Ингээд хүн бүр бие биетэйгээ ямар холбоо хамааралтай байдгийг шинжилж, таниж мэдсэнээр бид улам их эрч хүчтэй болдог.

Бид бүгд сайн хүн байх адилхан нөөц боломжтой. Та өөрийгөө нэг хар даа. Өөрийнхөө бүх эерэг чадамжаа хар даа. Муу талууд бас байгаа, гэвч сайн нөөц боломж ч бас байгаа. Хүний байгалиас заяасан чанар бол муу биш харин сайн чанар байдаг. Бидний амьдрал энэрэн нигүүлсэх сэтгэлээр эхэлдэг. Тийм учраас энэрэн нигүүлсэх сэтгэлийн үр нь уур бухимдлын үрээс илүү хүчтэй байдаг. Тиймээс өөрийгөө илүү эерэгээр харж бай. Энэ нь илүү тайван төлөв байдлыг авчирна. Тэгээд асуудал үүсэх үед илүү амар хялбар болдог.

Бурханы шашны их мастер Шантидэва асуудал тулгарахад шинжилж үзээд түүнээс зайлсхийх, эсвэл даван туулах арга замыг харж байвал түүнд санаа зовох хэрэггүй. Хэрэв бид даван туулж чадахгүй бол түүнд санаа зовох нь ямарч тус болохгүй, бодит байдлыг хүлээн зөвшөөр гэж бичсэн байдаг.

Ингээд хэрэв та нар миний ярьсан зүйлүүдийг сонирхож байвал өөр дээрээ туршаад үз. Хэрэв сонирхохгүй байвал зүгээр орхичих. Би маргааш яваад өгнө, харин та нарын асуудал та нартай хамт үлдэнэ.