Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Бурханы шашин дэлхий дахинд > Далай ламын хүн төрөлхтөнд оруулж буй хувь нэмэр

Далай ламын хүн төрөлхтөнд оруулж буй хувь нэмэр

Александер Берзин
Латви улс, Рига хот
2013 он

Бичигт буулгасан эх

Энэ үдэш би Далай ламын хүн төрөлхтөнд оруулж байгаа хувь нэмрийн талаар яръя гэж бодож байна. Учир нь хэрэв Далай лам өнөөгийн дэлхий нийтэд ямар нэг үүрэг гүйцэтгэж байгаа бол энэ нь аль болох олон хүнд ач тус хүргэх, утга учиртай зүйлтэй холбоотой байх ёстой. Түүний гүйцэтгэж байгаа үүрэг нь ердөө нэг олныг баясгах эсвэл олны танил учраас бидний сониуч занг хангах зүйл байдаггүй. Энэ нь Далай ламыг илэрхийлэх зүйл үнэхээр биш. Далай ламын энэ насны амьдралын цорын ганц зорилго бол бусдад тус хүргэх юм.

Бусдад туслах

Дэлхий дахинд бусдын сайн сайхны төлөө бүхнээ зориулж байгаа гэх олон тооны хүмүүс байдаг. Харин Дээрхийн Гэгээний хувьд бид түүнийг ихэнх тохиолдолд “Дээрхийн Гэгээн” гэж дууддаг ба тэрээр үнэхээр бүх зүйлд чин сэтгэлээсээ ханддаг зэрэг нь онцгой санагддаг юм. Тэрхүү чин сэтгэл нь бусад хүмүүс түүний дэргэд байх үед ойр дотно харилцааг бий болгож, түүний үр дүнд тэд түүнийг сонсож, түүнийг хийж байгаа зүйл үнэндээ юу болохыг ойлгодог. Тэрээр энэ насандаа хийхийг зорьж байгаа гурван үндсэн зорилгынхоо үүднээс үргэлж ярьж байдаг. Эхнийх нь иргэний ёс зүй, хоёр дахь нь шашны эв нэгдэл, гурав дахь нь Төвд орон болон төвдийн ард түмний сайн сайханд анхаарал тавих явдал. Энэ бол түүний өөртөө хүлээсэн үүрэг юм.

Ёс зүй

Иргэний ёс зүй болон шашны эв нэгдэл гэдэг сэдэв нь түүний байнга ярьдаг сэдэв бөгөөд үүний учир нь дэлхий дахинд ёс зүй маш их хэрэгтэй байгаа явдал юм. Ёс зүй байхгүй учраас маш их хээл хахууль, шударга бус байдал бий болж, хүмүүс хоорондоо эв түнжин муутай байна. Далай лам олон талыг харсан, нээлттэй сэтгэлтэй, цаг үргэлж энэ гариг дээрх долоон тэрбум хүнд юу тус болох талаас бодож, ярьж байдаг. Эдгээр долоон тэрбум хүний дотор зарим нь ямар нэг шашин шүтдэг, зарим нь шашин шүтдэггүй хүмүүс байгаа учраас бидэнд хүн бүрийн хүлээн зөвшөөрөх ямар нэг ёс зүйн зарчим хэрэгтэй, тэр нь ёс зүйн суурь зарчим байх юм. Үүнийг тэрээр шашнаас ангид “иргэний ёс зүй” гэж нэрлэдэг ба энэ нь ямар нэг шашин, нийгмийн тогтолцооны эсрэг гэсэн утга санаагүй, харин бүх итгэл үнэмшлийг хүндэтгэх гэсэн утга санааг агуулдаг. Энэ нь түүний “хүний суурь үнэт зүйлүүд” гэж нэрлэдэг тэр зүйл дээр суурилдаг. Зарим тохиолдолд түүний энэхүү сэдвийг иргэний ёс зүй гэхээсээ илүү хүний суурь үнэт зүйлүүдийг хөхүүлэн дэмжих сэдэв гэж хэлж болох ба тэдгээр нь биологийн суурь мөн чанар дээр суурилж байдаг юм. Шинэ төрсөн хүүхэддээ үзүүлдэг эхийн хайр халамж нь үндсэн, анхдагч хүчин зүйл бөгөөд зөвхөн хүн төдийгүй амьтдад ч мөн адил байдаг – бусдыг асарч хайрлах сэтгэл билээ. Бид үүнийг Далай ламын өөрийнх нь амьдрал дээр харж болдог. Энэ бол Далай ламын хэлдэг зүйлийн маш их сэтгэл хөдөлгөдөг утга санаа нь юм.

Түүний цагийн хуваарь

Дээрхийн Гэгээн дэлхийн олон орноор айлчилж явахдаа үнэхээр итгэхийн аргагүй цагийн хуваарьтай явдаг. Тэрээр 78 настай, ийнхүү дэлхийн орнуудаар явахдаа очсон орондоо хэд хэдэн өөр өөр газар очдог, жишээ нь Латвид гэхэд, нэг газар нэг өдөр болох жишээтэй. Түүний хуваарь үнэхээр шахуу байдаг. Би Дээрхийн Гэгээний мэдээлэл, харилцаа холбоо хариуцах, орчуулагч хийх зэргээр түүнтэй ажиллаж байсан учраас түүний хуваарь ямар байдгийг мэднэ. Итгэхийн аргагүй, нэг өдөр хэд хэдэн лекц, хэвлэлийн хурлууд, хувийн уулзалтууд байдаг бөгөөд түүнд хооллох зав ч бараг гарахгүй. Түүнээс гадна тэр цагийн зөрүү гэх мэтээс хамаарахгүйгээр өглөө бүр 3:30 цагт босож, дөрвөн цаг орчим гүн бясалгал бүтээл хийдэг. Тэрээр маш эрч хүчтэй, үргэлж хөгжилтэй, уулзаж байгаа хүн бүртээ санаа тавьж байдаг. Түүний хэнтэй ч уулзаж байсан, тухайн хүнтэй уулзаж байгаадаа үнэхээр их баяртай байгааг харах маш гайхалтай байдаг юм. “Энд бас нэг хүн байна. Ямар сайхан юм бэ!” гэж байгаа мэт л байдаг.

Асрал хайр

Бурханы шашинд хэн нэгэнтэй уулзахад тэр нь таны сэтгэлийг халуун дотно сэтгэлээр дүүргэж, та тэдэнтэй уулзаж байгаадаа үнэхээр баяртай байж, тэдний сайн сайхны төлөө чин сэтгэлээсээ санаа тавих ийм халуун дотно сэтгэлийн талаар ярьдаг. Үүнийг та Далай ламын бусадтай харилцаж байгаа харилцаанаас харж болно. Түүний олны дотор орж, уулзаж байгаа хүн бүртээ бүрэн анхаарал хандуулан, тэдэн рүү харж байгаа байдлыг ажиглаж болно. Энэ нь түүний бусдын сайн сайхан, хүн бүрийн сайн сайханд адил санаа тавьж байгааг харуулдаг. Хүний үнэт зүйлс, иргэний ёс зүй зэргийг хөхүүлэн дэмжих энэхүү санаа нь энэ бүгд бол хүн бүрт хамгийн их тус хүргэх зүйл мөн гэж үздэгтэй нь холбоотой юм. Тэрээр “зөвхөн Бурханы шашинтнууд” гэсэн явцуу байдлаар авч үздэггүй. Дэлхий нийтэд үнэхээр тустай хүний суурь үнэт зүйл болох үнэнч шударга байх, сайхан сэтгэлтэй байхын ач тусыг хүүхдүүдэд заах, дэлхий дахины боловсролын системийн иргэний түвшний нэг сургалт бий болгох талаар тэр маш их санаа тавьдаг юм.

Шашны эв нэгдэл

Шашны эв нэгдлийн хувьд, шашны бүлэглэлүүдийн хоорондын маргаантай асуудлаас болж үүссэн маш их хэцүү асуудлууд дэлхий дахинд байна гэж тэрээр хардаг юм. Үүнд үл итгэх байдал, айдас байдаг ба ийм хүчин зүйлүүд асуудалд хүргэж байна. Түүний хэлдэг зүйл бол бид бүхэнд боловсрол хэрэгтэй байгаа явдал. Боловсролыг ийнхүү онцлохдоо зөвхөн ёс зүйн боловсрол төдийгүй бие биеэ судлан мэдэх боловсролыг ч бас онцолдог. Бидний үнэхээр айдаг зүйл бол мэдэхгүй байх явдал ба нөгөө бүлгийнхээ, шашны бүлгийнхээ талаар бодит бус зүйлийг сэтгэн олж, тэдэн дээр шууд тусгах явдал юм. Тэрээр өөрийнх нь оролцсон шашны тэргүүн нарын уулзалтууд дээр хүн бүр хамтдаа байж бие бие рүүгээ инээмсэглэн, бие биедээ маш сайн хандаж, хамтдаа ерөөл залбирал тавьж, эсвэл чимээгүйн бясалгал гэх мэт зүйлүүдийг хийдэг гэж ярьсан. Энэ үнэхээр сайхан байдаг боловч тийм их үр дүнтэй биш юм. “Бид бүгд ижил зүйлийн тухай ярьж байна. Бид бол нэг адил” хэмээн үргэлж зөвхөн адил талуудаа онцлох нь бие биеийнхээ талаар ямар нэг зүйл сурахад бас тус болдоггүй ч байж болно.

Энэ оны 6-р сард Дээрхийн Гэгээн Суфи ёсны Ислам урсгалын хэдэн мастеруудтай уулзаад тэдний хоорондох адил төстэй зүйлүүдийн талаар бус ялгаатай зүйлүүдийг нь мэдэж авах хүсэлтэй байгаагаа хэлсэн юм. Тэрээр бид ялгаатай зүйлүүдээсээ ичих шаардлагагүй, харин ялгаатай зүйлүүдээсээ ямар нэг зүйлд суралцаж, тэр нь эргээд бидэнд өөрсдийгөө сайжруулахад тустай байж болох талаар хэлсэн юм. Бүх шашин адил зорилготой ба тэр зорилго нь тухайн шашныг баримтлагчдыг илүү аз жаргалтай амьдралд хөтлөх явдал. Энэ бол нийтлэг тал нь боловч хэрэгжүүлэх арга нь өөр байна, ийм ч байх шаардлагатай, учир нь хүмүүс бүгд ондоо болохыг дурдсан.

“Хэрэв бид бүгдээрээ өөрсдийн шашныг баримтлагчиддаа хайр энэрэл, сайхан сэтгэлийг төлөвшүүлэхийг зааж сургахыг оролдож байгаа бол, та бүхэн ямар арга хэрэглэдэг вэ? Бид ямар арга хэрэглэдэг вэ? Энэ нь бид бүхний бие биеэсээ сурах зүйл байж болно. Ялгаатай зүйлүүдийгээ харж, эдгээр ялгаагаа бидний суралцаж болох зүйл гэж харж хүндэтгэе. Шашин тус бүрийн маш нухацтай бүтээл хийдэг хүмүүсийн хоорондын уулзалтуудыг хийж, хамтдаа ярилцаж, бие биеийнхээ туршлагаас хуваалцаж, ингэхдээ олон нийтийн өмнө бус өөрсдийнхөө хүрээнд уулзсанаар шашны бүтээлчдийн түвшинд ярилцах боломжтой болох юм. Энэ маш их ач тустай байх болно” гэж тэр хэлсэн.

Шинжлэх ухаан

Түүний нэн тэргүүний хийхээр зорьж байгаа зүйл бол хүн бүрт туслах гэдгийг та мэдэж байгаа. Мэдээж түүнд төвдийн ард түмний өмнө хүлээсэн, төвдийн Бурханы шашны дотор хүлээж буй үүрэг байгаа боловч түүний онцгойлон санаа тавьдаг зүйл энэ биш юм. Энэ нь түүний шинжлэх ухаанд хэрхэн хандаж байгаа хандлагаас илэрхий харагддаг. Дээрхийн Гэгээн шинжлэх ухаан, механик хөдөлгүүрүүдийн тухай, юмс хэрхэн ажилладаг талаар хүүхэд байхаасаа маш их сонирхдог байсан. Тэрээр эрдэмтэдтэй, ... одоо хэдэн жил болж байгааг нь би сайн мэдэхгүй байна, 80-аад оны эхэн үеэс эхлэн уулзах болсон ба эрдэмтдээс суралцахыг үргэлж хүсдэг.

Бурханы шашинд баримталдаг үндсэн ойлголтуудын нэг бол бидний амьдралд тохиолдож буй асуудлуудыг бий болгодог шалтгаан болох аливаад бодит байдлаар ханддаггүй, бодит байдлыг хардаггүй, ойлгодоггүй ба түүний улмаас янз бүрийн уран зөгнөлийг дүрслэх явдал юм. Гол зорилго бол бид аливаад бодит байдлаар хандах. Бодит байдал нь мэдээж энэрэх сэтгэлийг бий болгодог. Учир нь жинхэнэ бодит байдал бол бид бүгд бие биетэйгээ хамт амьдрах ёстой. Хэрэв бид бие биетэйгээ хамт амьдрахаас өөр аргагүй юм бол энэ гариг дээр байгаа хүн бүртэй нийцэх хэрэгтэй. Энэ бол ердөө хамгийн анхан шатны бодит байдал юм.

Тэрээр хэрэв эрдэмтэд Бурханы шашны сургаалд байдаг, жишээ нь орчлон ертөнцийн талаарх тодорхойлолт, орчлон ертөнц хэрхэн үүссэн тухай гэх мэт сургаалуудыг үгүйсгэх ямар нэг зүйлийг батлан харуулж чадах юм бол тэдгээрийг Бурханы сургаалаас орхиход бэлэн байна гэж хэлдэг. Уураг тархи хэрхэн ажилладаг, түүнтэй холбоотой янз бүрийн химийн урвалууд, уураг тархины бүтэц зэргийн талаарх барууны шинжлэх ухааны ойлголтууд нь Бурханы шашны ойлголтонд маш сайн хувь нэмэр болж өгдөг. Бурханы шашны ойлголттой зөрчилддөггүй.

Үүнтэй адил Бурханы шашинд эрдэмтэдтэй хуваалцаж болох маш их мэдлэг бий. Энэ нь Бурханы шашны шинжлэх ухааны, Бурханы шашны мэдлэг, гүн ухааны бүлэгт багтаж байдаг юм. Жишээ нь бурханы шашинд сэтгэл хөдлөлийн маш нарийн зураглал байдаг. Сэтгэл хөдлөлийн бүхий л үйл явц хэрхэн явагддаг, тэдэнтэй хэрхэн ажиллах тухай энэ бүхнийг Бурханы шашны тайлбарт шинжлэх ухааны үндэстэйгээр системчилсэн байдаг. Энэ нь мөн барууны эрдэмтдэд маш тустай юм. Тэрээр сүм хийдүүдэд шинжлэх ухааны сургалтыг бий болгож, эрэгтэй, эмэгтэй хуврагуудын судлах хөтөлбөрт оруулсан. Мөн шинжлэх ухааны бүх салбарын сурах бичгийг англи хэлнээс төвд хэлэнд орчуулахыг даалгаад байна. Ийм байдлаар тэрээр дэлхийн нэг голлох шашны тэргүүний хувьд аливаад маш нээлттэй бөгөөд чин сэтгэлээсээ ханддаг юм. Үүнийг та бүхэн түүний энэхүү үйлдлүүд, авч байгаа арга хэмжээнүүдээс харж болно.

Бусад шашнуудтай хийх хамтын ажиллагаа

Дээрхийн Гэгээн Исламын ертөнцтэй хамтын ажиллагаатай байхыг хүсдэг. Иймд тэрээр миний Бурханы шашны архивт багтсан Бурханы шашны суурь сургаалууд болон түүний хүний суурь үнэт зүйлүүд, ёс зүйн талаар ярьсан материалуудыг ислам хэлэнд хөрвүүлэх ажлыг маань дэмжин санхүүжүүлж байгаа бөгөөд энэ ажил одоо хийгдэж байгаа. Олон хүн Исламын шашныг маш ихээр шүүмжилж ирсэн ба энэ үнэхээр харамсалтай хэрэг юм. Тэднийг аюул занал гэж үзэн гадуурхахгүй харин дэлхийн нэг хэсэг гэж үзэх нь маш чухал. Бид тэдэнд Бурханы шашны итгэл үнэшлийн талаар мэдээлэл өгөх хэрэгтэй. Энэ нь мэдээж тэднийг өөрийн шашиндаа оруулахыг оролдож байгаа явдал биш, ердөө тэдэнд суурь мэдээллээ өгөх, мөн тэдний мэдээллийг авах явдал юм. Боловсрол, энэ бол ойлголцлыг бий болгох арга зам юм. Таныг ойлгосноор тантай итгэлцэл бий болдог, нөхөрлөл бий болдог.

Бурханы шашны өөрийнх нь дотор “Их хөлгөн” гэж нэрлэдэг Энэтхэгээс үүсэлтэй Бурханы шашны бүтээлийн нэг хэлбэр болох Төвд урсгал, Зүүн Өмнөд Азид дэлгэрсэн Теравада урсгал гэж бий. Харамсалтай нь хоёр тал хоёулаа бие биеийнхээ талаар маш бага мэдээлэлтэй байдаг. Тэрээр миний найз болох америк үндэстэн, Бурханы шашны нэг эмэгтэй хуврагт энэ талаар маш дэлгэрэнгүй, харьцуулсан судалгаа хийхэд нь дэмжиж туслахыг надад даалгасан юм. Өөр өөр бүтээл тус бүрийн Их хөлгөний хувилбар нь юу болох, Теравада хувилбар нь юу болохыг энэ судалгаагаар судлах юм. Тэгээд түүнийг Зүүн Өмнөд Азийн хэл рүү хөрвүүлэхийг хүсэж байгаа. Тэрээр мэдлэгийг хуваалцахыг хүсдэг бөгөөд энэ нь маш чухал зүйл юм.

Эмэгтэй хуврагийн сахил

Бид төвдийн сүм хийдийн хөгжлийг авч үзэж байна. Эмэгтэй хуврагийн бүрэн сахилын уламжлал олон шалтгаанаар, тэр дундаа газар зүйн шалтгаанаар Төвдөд хүрээгүй юм. Эрт дээр цагт энэтхэг эмэгтэй хуврагууд бүтэн бүрэлдэхүүнээр Төвд рүү явган аялах нь маш хэцүү байжээ. Иймээс энэхүү сахилын дамжлага тасарсан юм. Дамжлагыг уламжлуулахад дор хаяж арван бүрэн сахилтай эмэгтэй хувраг байх хэрэгтэй байсан бөгөөд ийм боломж гараагүй аж.

Харин Далай лам Төвд уламжлалын бүрэн сахил хүртэх хүсэлтэй эмэгтэй хуврагуудад энэ боломжийг олгох үүднээс энэ дамжлагыг дахин эхлүүлэх боломжтой эсэхийг харах олон сургалт, төсөл хөтөлбөрүүдийг санхүүжүүлж эхлээд байна. Түүний бусдад хэрхэн санаа тавьж байгааг, бусад олон хүмүүст тус болох бүхий л хүрээг өргөжүүлэхийн тулд зөвхөн үгээр бус, бүр мөнгө санхүү, сэтгэл санаагаар дэмжин, техник хэрэгслээр тусалж байгаа зэргээс нь харж болно.

Би ердөө нэг энгийн хувраг”

Дээрхийн Гэгээний бусдыг өөртөө хамгийн их татдаг чанаруудынх нь нэг нь түүний амьдралд ойр бодит ханддаг, энгийн бөгөөд огт хуурамч дүр үзүүлж, сайрхдаггүй чанар нь юм. Тэр үргэлж “Би бол ердөө нэг энгийн хувраг. Би таны адил хүн” гэж хэлдэг. Ямарч хүнтэй уулзахдаа тэрээр “Би хэн нэг хүнтэй уулзах үедээ түүнийг би хүн гэдэг утгаар нь авч үздэг. Бидний харилцаа бол Далай лам хэн нэг энгийн хүнтэй уулзаж байгаа бус нэг хүн нөгөө хүнтэйгээ харилцаж байгаа харилцаа байдаг. Нэг төвд хүн гадаад хүнтэй уулзаж байгаа бус. Эдгээр хоёрдугаар түвшний ялгааны хувьд бус ердөө хүн, хүнтэйгээ гэсэн анхдагч түвшнийхээ үндсэн дээр ярилцдаг” гэж хэлдэг.

Хүмүүс түүнийг ямар нэг тэнгэр, хаан, эсвэл далдын хүчтэй, Бурхан гэх байдлаар хийсвэрлэн бодох юм бол тэр шууд үгүйсгэдэг. Тэрээр үргэлж танхим дүүрэн хүмүүсийн дунд орж, хэдэн арван мянган хүмүүстэй ярилцдаг боловч маш тайван, гэртээ байгаа мэт байдаг билээ. Тэр хүмүүс өөрийнх нь талаар юу гэж бодох бол гэж бодож, санаа зовдоггүй. Хэрэв бие нь загатнавал энгийн бусад хүний л адил мааждаг. Тэр ямар нэг дүр үзүүлэхийг оролддоггүй. Аль нэг орны ерөнхийлөгчтэй уулзахаар бол, хэрэв тэр резин сандаал өмссөн байсан бол түүнийг өмссөнөөрөө л байдаг. Тэр хэн нэгний анхаарлыг татахыг оролддоггүй, хүсдэггүй; тэр бол түүний л өмсдөг гутал хувцас.

Хошин хөгжилтэй байдал

Бүх зүйл хошигнолтой байдаг. Түүний юмсыг хошин байдлаар хэлдэг нь үнэхээр гайхалтай ... “Яаж ингэж онож хэлж чадаж байна!” гэмээр. Үнэхээр гайхалтай. Тэр нэг удаа нэг газар лекц тавьсан ба сууж байсан суудал нь маш тухгүй байжээ. Тэгээд ярианыхаа төгсгөлд зохион байгуулж байсан хүмүүст, мэдээж танхимд байсан бүх хүмүүст, бүх зохион байгуулалт маш сайхан байсан гэх мэтийг хэлээд харин дараагийн удаа надад илүү дээр суудал бэлдчихээрэй, энэ сандал үнэхээр эвгүй байлаа гэв! Тэрээр үүнд их ач холбогдол өгөхгүйгээр, хүн бүрийн инээд хүрэхээр тийм сайхан байдлаар хэлсэн. Нэг ч хүн тэр үгэнд гомдоогүй. Бас тэр хүмүүсийг зэмлэдэг ба тэр нь үнэхээр гайхалтай байдаг.

Вацлав Гавелтай хамт хийсэн айлчлал

Вацлав Гавел Дээрхийн Гэгээнийг урихад би түүнтэй хамт явсан юм. Чехсловак улс гэж байхад тэрээр Чех улсын ерөнхийлөгч эсвэл ерөнхий сайд нь байсан билүү би мартсан байна. Дээрхийн Гэгээн түүний урьсан хоёр дахь хүн нь байсан юм. Эхнийх нь рок од Франк Заппа байсан ба хоёр дахь нь Далай лам. Гавел Дээрхийн Гэгээнийг түүнд болон түүний кабинетийн гишүүдэд яаж бясалгахыг заахыг хүсэж, “Бидэнд ямарч туршлага алга. Бид засгийн газрыг хэрхэн удирдах талаар юу ч мэдэхгүй байна. Бид сэтгэлийн хямралд орж, унтаж чадахгүй байна. Бидэнд хэрхэн тайван байхыг зааж өгөхгүй юу? Тэгэхгүй бол бид засгийн газраа ажиллуулж, шинэ улс амжилттай байгуулж чадахгүй юм шиг байна” гэсэн юм.

Вацлав Гавел амьдралд маш ойр ханддаг, энгийн хүн байсан. Тэр Дээрхийн Гэгээн болон өөрийн сайд нарыг нэгэн зуны ордон руу явахыг урьсан нь яг юу гэж нэрлэхийг би сайн мэдэхгүй байна, Прагийн гадна байдаг цайз, нэг даяаны гэмэээр газар байв. Тэр үнэхээр том байгууламж байсан бөгөөд хүн бүр тэр байгууламжийг сайн мэдэхгүй байсан учраас дотор нь төөрч байлаа. Тэрээр Далай ламд “Энэ бол коммунист удирдагчдын янхны газар байсан юм” гэж хэлэв. Ийм төрлийн үг, ийм зүйл Далай ламд хэлж болохгүй л дээ. Гэвч тэр нэг талаараа маш ил шулуун хүн байсан. Тэгээд юу болсон гэхээр Далай лам болон бусад бүх хүмүүс тэндэхийн том өрөөнүүдийн нэгэнд цугласан ба Далай ламаас бусад нь, Гавел болон түүний сайд нар бэлтгэлийн хувцас өмсөн сууж, Далай лам тэдэнд анхан шатны амьсгал, энергийн бясалгал заасан юм.

Далай лам оройн цагаар хооллодоггүй ба энэ хуврагийн сахилаа нилээн хатуу сахидаг боловч аливаад маш уян хатан ханддагийнхаа улмаас Гавелийн Далай ламд зориулан бэлдсэн, (тэр өөрөө биечилж бэлдээгүй л дээ) оройн хоолыг энэхүү зуны ордонд түүнтэй хамт идэхээр зөвшөөрсөн юм. Тэд намайг хажуудаа байлцуулсан нь хажуугийнхаа ширээнд нэг амьд толь бичигтэй сууцгаасан гэсэн үг. Англи хэл дээр ярилцсан тэдний ярилцлагын үеэр хамгийн их сонирхол татсан зүйл бол Далай лам Вацлав Гавелийг зэмлэсэн явдал байв! Вацлав Гавел тамхийг угсруулан татдаг хүн байсан бөгөөд ширээнийхээ ард, Далай ламын дэргэд тамхиа татаж байлаа. Ингэж үнэхээр болохгүй л дээ. Энэ хүн бол нэг улсын ерөнхийлөгч. Гэтэл Далай лам түүнийг маш тайван дотно байдлаар “Чи маш их тамхи татаж байна. Энэ чамайг хорт хавдраар өвдөхөд хүргэнэ. Чи үүнийгээ багасгах ёстой” гэж зэмлэж байсан юм. Энэ зан чанарыг нь би Далай ламын сайхан сэтгэл гэж боддог. Үнэхээр Вацлав Гавел уушигны хорт хавдраар өвдсөн. Энэ бүхнийг би Дээрхийн Гэгээний гол санаа тавьдаг зүйл нь нөгөө хүндээ тус болох зүйл байдгийн жишээ болгож хэлж байгаа юм. Түүний санаа зовдог зүйл нь бусад хүмүүс миний тухай юу гэж бодох бол гэх явдал биш билээ.

Сэтгэхүйн чадвар, ой тогтоолт

Түүнээс гадна тэр миний уулзаж байсан хамгийн ухаантай хүн. Тэр бүх зүйлийг маш нарийн тодорхой санадаг ой тогтоолттой. Сургаал ном тавихын хувьд тэрээр бүх уламжлалуудын төлөөлөл дундаасаа Бурханы шашны сургаалын хамгийн том бүтээлүүдийг хамгийн сайн мэддэг хүн. Тэр бүх эх зохиолуудаас ишлэл татаж чаддаг. Төвд хүмүүс суралцахдаа голлох эх зохиолуудыг цээжилдэг. Ихэнх хүмүүс нэг мянга эсвэл тийм орчим тооны хуудас цээжилдэг байх, харин Далай лам бүх эх зохиолуудын тайлбарыг цээжилсэн байдаг нь үнэхээр итгэхийн аргагүй. Тэр сургаал тавихдаа энэ эх зохиолоос хэдэн мөр, тэр эх зохиолоос хэдэн мөр иш татаж заадаг, ингэж заах маш хэцүү. Хэрэв та нэг бичвэр цээжилсэн бол ихэнх хүмүүс тухайн эхийг эхнээс нь дуудаж унших байдлаар түүнийг санадаг ба харин эхийн дундаас нэг үг эсвэл хэдэн үг өгөхөд түүнээс хойш дуудан уншина гэж бараг байдаггүй. Харин Далай ламын ой тогтоолт ийм байдаг. Энэ бол түүний өндөр оюун ухааны илэрхийлэл юм. Юмсыг нэгтгэж, хоорондоо хэрхэн уялдаж байгааг нь харж, дүр зургийг нь гаргаж авдаг. Эйнштэйн гэх мэт хүмүүс e = mc² томъёогоо хэрхэн тооцоолж гаргадаг бол? Энэ нь бүх зүйлийг нэгтгэж, дүр зураг гаргаж авах чадвартай холбоотой. Далай лам асар их хэмжээний төвд эх зохиолууд болон мэдлэгийн сангаас энэ бүхнийг гаргаж ирж чаддаг.

Тэрээр зөвхөн эх зохиолуудыг ийнхүү тодорхой санах төдийгүй хүмүүсийг бас таньдаг. Үүнийг би баттай харсан. Үнэхээр итгэхийн аргагүй. Уулзсан олон өөр хүмүүсийг тэр санадаг. Тэр хэн нэг хүнтэй уулзаад ... намайг дэргэд нь байхад нэг удаа Дээрхийн Гэгээн Төвдөөс Дарамсалад ирсэн нэг настай хувраг хүнийг хараад “Энд нэг настай хүн байна” гээд “Би таныг санаж байна. Гучин жилийн өмнө бид Энэтхэг рүү явж байхдаа танай хийд дээр очсон. Та бүхэн нэгэн ёслолын арга хэмжээ зохион байгуулж, та нэг тавагтай идээг арга хэмжээний туршид өргөх хэрэгтэй болсон. Танд их хэцүү байсан. Санаж байна уу?” гэж байв. Гучин жилийн дараа нэг хувраг ирж, Дээрхийн Гэгээн түүнийг таньж, бүгдийг санаж байна. Энэ үнэхээр итгэхийн аргагүй. Миний багш Сэркон Ринбүүчи Дээрхийн Гэгээний багш нарын нэг байсан. Тэрээр Дээрхийн Гэгээнийг хүүхэд байхад аль нэг багш нь нэг зүйлийг нэг л удаа зааж, дахин тайлбарлах шаардлагагүй байдаг байсан, тэр түүнийг ойлгоод, тэгээд тогтоочихдог байсан гэж ярьдаг байсан юм.

Хүрсэн амжилт

Энэ хүн бол бидний цаг үеийн хамгийн гарамгай хүмүүсийн нэг ба түүний хүн төрөлхтөний өмнө гүйцэтгэсэн үүрэг юу байв? Түүний гүйцэтгэсэн үүрэг нь: хувь хүнийхээ хувьд түүний хийсэн зүйлүүд нь тэрээр өөрийгөө төлөвшүүлэхэд маш их хүчин чармайлт гаргасан ба бид ч үүнийг хийж болно. Түүний асуудлуудыг хэрхэн шийдвэрлэж байгаа аргыг та бүхэн харах хэрэгтэй. Энэ гаригийн бараг нэг тэрбум гаруй хүний нэг номерын дайсан гэж тооцогдох ямар байх вэ? Дээрхийн Гэгээн үүнд ердөө инээдэг. Учир нь тэр энэ бүхэн худал гэдгийг мэддэг. Түүний толгойд эвэр ч юмуу тийм юу ч байхгүй. Харин хэрэв биднийг орхимж нөмөрсөн буг чөтгөр, бүх нийтийн нэг номерын дайсан гэж нэрлэвэл бид түүнийг хэрхэн даван туулах байсан бол?

Тэр үүнд бухимдаж гутардаггүй. Тэр хэзээ ч сэтгэлээр унаж, гутарч үзээгүй гэж хэлдэг, хэзээ ч. Сэтгэлээр унаж, гутрах гэдгийг тэр ойлгодоггүй, сэтгэлээр унана гэж юу гэсэн үг вэ гэдэг. Сонирхолтой байгаа биз дээ? Тэр иймэрхүү зүйл хэлдэг. Өөрийгөө доогуур үнэлэх, эсвэл үзэн ядах тухай ойлголт байдгийг өмнө нь сонсож байгаагүй гэж түүнийг хэлэхэд би дэргэд нь байсан. Тэр хэзээ ч ийм зүйлтэй учирч байгаагүй. Тэр үүнийг өөрөө биеэрээ туулж үзээгүй гэдэг нь тодорхой, сонсож ч байгаагүй.

Тэр өөдрөг, аливаад бодитой ханддаг, нөхцөл байдлыг бодит хандлагаар даван туулдаг. Дэлхий дахинд одоо үүсээд байгаа нөхцөл байдлыг тэр “асуудлууд” гэж хэлдэг ба “Эдгээр асуудлуудыг хүн төрөлхтөн бий болгосон, хүн төрөлхтөн л түүнийг засаж чадна” гэж үздэг төдийгүй үүний тухайд ч тэр өөрөө ямар нэг зүйл хийж байдаг. Тэрээр хүний суурь үнэт зүйлсийг дэвшүүлэн тавьж, ингэхдээ хүүхдийн боловсролд ёс зүйн ойлголтыг оруулах, өөр өөр соёл уламжлал, шашнуудын хооронд шашны эв нэгдлийг бий болгохыг хичээж, харилцан бие биеэ судалж, мэдлэг боловсролтой болсноор айх айдас байхгүй болно гэдгийг үргэлж хэлдэг. Тэрээр энэ дэлхийн нийтийн сайн сайхны төлөө, хүн бүрийн сайн сайхны төлөө идэвхтэй хүчин чармайлт гаргаж, ингэхдээ маш даруу төлөв, үнэхээр бодит, “надад онцгой зүйл юу ч байхгүй” гэсэн хандлагыг баримталдаг юм. Энэ нь үнэхээр бусдын хайр хүндэтгэлийг хүлээж чаддаг. Үүний дээр тэрхүү хошигнол, итгэхийн аргагүй эрч хүч нь маш гайхалтай байдаг.

Түүний нарийн бичиг, зөвлөхүүд нь “Дээрхийн Гэгээн, Та амар. Ингэж их айлчлал хийж явж болохгүй” гэж үргэлж хэлдэг. Дээрхийн Гэгээн айлчлал хийхдээ итгэхийн аргагүй шахуу цагийн хуваарьтай замд гардаг. Нэг уулзалтын дараа нөгөө уулзалт байхаар өдрийн бүх минут нь хуваарьт орсон байх болно. Тэрээр нэг долоон хоног эсвэл арван хоногийн хугацаатай айлчлал хийн онгоцоор явж байгаад Энэтхэг рүү буцдаг. Энэтхэг хүртэл тэр урт замыг бас онгоцоор туулна. Онгоцоор явсан ч, машинаар явсан ч олон цагаар явах хэрэгтэй болдог, жишээ нь машинаар Дарамсала хүртэл арван хоёр цаг явдаг. Ингээд Дарамсалад магадгүй нэг долоо хоногийн хугацаанд байж байгаад дахин дараагийн айлчлалийг хийхээр хөдөлдөг. Үргэлж л ийм байдаг. Тэд “Дээрхийн Гэгээн, Та амар” гэдэг боловч, Дээрхийн Гэгээн “Үгүй”, “Үүнийг хийх чадал байхад би иймэрхүү байдлаар айлчилсаар байя. Учир нь бусдад тустай байх болно шүү дээ” гэдэг юм.

Түүний оруулж байгаа гол хувь нэмэр бол бидэнд итгэл найдвар өгч буй явдал нь гэж би боддог. Үнэхээр чин сэтгэлээсээ аливаад ханддаг, тэгээд маш их хичээл зүтгэл гаргаж байгаа нэг хүн байна. Хүн төрөлхтөний дэвшлийг хэрхэн бий болгох талаар ярихдаа тэрээр маш бодит хүчин зүйл болох боловсрол, харилцан ойлголцол, ёс зүйн талаас нь авч үздэг. Энэ үнэхээр бодит, бид ямар нэг илбийн аргын талаар яриагүй байна. Хэрэв тэрээр манай оронд, манай хотод ирэх юм бол Дээрхийн Гэгээнтэй, Далай ламтай бодитой нүүр учрах маш гайхалтай боломж байх болно. Ийм боломжийг алдахгүй байх хэрэгтэй.

Та бүхэнд ямар асуулт байна?

Асуулт

Оролцогч: Дээрхийн Гэгээн ямар хэлээр ярьдаг вэ?

Алекс: Дээрхийн Гэгээн англиар ярьдаг, түүнийгээ өөрөө буруу хазгай ярьдаг гэж хэлдэг хэдий ч, тэр ярьдаг. Мэдээж өөрийн төрөлх төвд хэлээр ярина. Түүний төрсөн газар нь Хятадын нэг олон хүн амтай нутагтай ойрхон байсан ба бага байхдаа хятад хэл бага зэрэг сурч байсан учраас хятад хэл бага зэрэг мэднэ, гэвч ердөө л тоотой хэдэн үг дээ. Одоо цөөн хэдэн хиндү үг сурсан байх гэж би бодож байна.

Оролцогч: Дээрхийн Гэгээн Төвдийн шашны тэргүүний үүргийнхээ зэрэгцээ эдгээр дүрвэгсдийг зохион байгуулах гэх мэт ийм практик зүйлүүдтэй хэрхэн хослуулж чадаж байна вэ?

Алекс: Нэг гол түлхүүр нь ... Таны хэлсэнчлэн, тэрээр зөвхөн ихэнх хугацаанд суралцаж, бясалгал бүтээл хийдэг биш юм. Тэрээр дүрвэгсдийн засгийн газрын тэргүүн байсан боловч маш их зориг, маш их ухаан гарган, алсыг харж тэрхүү албан тушаалаас татгалзаж, Төвдийн дүрвэгсдийн засгийн газрыг ардчилсан засгийн газар болгосон юм. Хэдий тийм боловч олон олон жилийн турш дүрвэгсдийг суурьшуулах, олон нийгмийн институцыг бий болгох гэх зэргээр маш их хүчин чармайлт гаргаж энэ бүхнийг удирдан зохион байгуулсан. Түүний хэрэглэсэн хамгийн гол стратеги нь маш бодит байсан гэж би боддог. “Энэ дэндүү их ажил байна. Би үүнийг хийж чадахгүй, ямарч боломжгүй” гэх хэцүү бодлыг бий болгоогүй. Хэрэв ийм бодлыг нөхцөл байдалд тусгах юм бол “би хөөрхий амьтан, би үүнийг мэдээж хийж чадахгүй, миний хэрээс хэтэрсэн зүйл” гэж бодон та яахаа мэдэхээ больдог. Та ердөө хийх ёстой зүйлээ маш зохион байгуулалттай аргаар хийх хэрэгтэй. Тэрээр үнэхээр гайхалтай ухаантай, гайхалтай ой тогтоолттой. Тийм учраас бүх зүйлийг санаж, хэрхэн яаж хийх, хэрхэн хүн томилох гэдгийг мэдэж байдаг улс дамнасан компанийн сайн удирдлага адил хийх бүх төслүүдээ санаж чаддаг. Тэр ердөө л хийх зүйлээ хийдэг, энэ бол асуудал биш.

Би тоглоом болгож, Дүйнхорын хот мандлыг олон өөр төрлийн, их хэмжээний ажлыг хийж сурахад тус болдог гэж хэлдэг юм. Дүйнхорын мандалд, хэрэв та үүний талаар мэддэг бол, та 722 дүрийг дүрслэх хэрэгтэй болно. Далай лам 722 дүрийг дүрсэлж чаддаг байх, харин би бол үгүй, гэвч эдгээр маш олон дүрүүдийг өөрийгөө тойруулан бүлэг, хэсгүүдэд хувааж, өөрийн тань дүр тэднийг бүгдийг нь багтааж байх нэг бүхэл зүйлийн ерөнхий дүр зургийг та гаргах хэрэгтэй болдог. Түүний дотор жилийн 360 өдрийн бүх өдрүүдтэй холбогдох, нар сарны хөдөлгөөн, одны байрлалуудтай холбоотой, хүний биеийн янз бүрийн тал, тогтолцоотой холбоотой, бүгдийг нь хамрах бурхадууд байдаг. Өөрийгөө ийм том, нарийн нийлмэл тогтолцоонд авч үзсэнээр хэрэв ямар нэг шинэ зүйл, шинэ асуудал гарч ирвэл, мандлынхаа нэг хэсэгт өөр нэг арван дүртэй бүлэг үүсгэж болно. Энэ бол хэцүү асуудал биш. Энд нэг бүлэг байна, тэнд нэг хэсэг байна. Би үүнийг хийж чадна. Учир нь ингэснээр би асар том нарийн нийлмэл зүйлтэй ажиллаж чадах юм. Бүгд хоорондоо харилцан холбоотой, төвөггүй ажиллана. Та юунаас ч, ямар ч зүйл нэмэгдэж байсан эмээхгүй. Юу ч танд том асуудал болохгүй.

Амьдрал маш нарийн түвэгтэй гэдэг нь үнэн, зарим хүмүүсийн амьдрал бусдынхаасаа илүү нарийн түвэгтэй байдаг, гэвч бид бүгдийн амьдрал нарийн түвэгтэй. Түвгээс эмээхээс илүү түүнийг хүлээн авах хэрэгтэй. Хэдий их хүлээн авна төдий сайн. Яагаад болохгүй гэж? Ийм сэтгэлгээгээр, жишээлбэл би өөрийнхөө вэбсайттайгаа, 20 хэл дээр ажиллаж чаддаг. Том асуудал биш, хэрэв өөр хэл гарч ирвэл би хийх л болно. Өөр хэл нэмнэ, яагаад болохгүй гэж? Би үүнээс эмээхгүй байна. Далай ламын хариуцдаг төслүүдтэй харьцуулахад энэ маш жижигхэн төсөл. Энэ нь энэ бүхэн яаж болдгийг харуулж байна гэж би бодож байна. “Би хөөрхий амьтан” гэлгүйгээр, “энэ боломжгүй” гэлгүйгээр, зүгээр л хий. Манай ээжийн “Эргэлзэх юм байхгүй” гэж хэлдэг шиг. Зүгээр л хий! Санаа зоволгүй, “туйлбаргүй байдлаар ... би үүнийг хийх юм уу?” гэлгүйгээр. Шууд хий!

Оролцогч: Далай лам өөрийгөө тэр бол ердөө нэг энгийн хүн гэж байхад яагаад түүнийг Дээрхийн Гэгээн гэж нэрлэдгийг тайлбарлаж өгөөч?

Алекс: Далай лам өөрийгөө Дээрхийн Гэгээн гэдэггүй л дээ. Хэн анх энэ хэллэгийг (His Holiness) англи хэл дээр хэрэглэж эхэлснийг мэдэхгүй байна. Гэвч энэ үгийг Христийн шашны ямар нэг цол хэргэмээс хуулбарлаж авсан байх. Тэгээд л англи хэлэнд хэлэгдэж тогтсон байх. Хүмүүс энэ үгийг хааныг “Эрхэм дээдэс (Your Highness)” гэж хүндэтгэдэг адил хүндэтгэлийн үг болгож хэрэглэдэг. Төвд хэлэнд багшаа хүндэтгэж хэрэглэдэг олон хүндэтгэлийн үг байдаг. Мөн Далай ламд зориулан хэрэглэдэг үгнүүд бас бий. Ямар үгийг Дээрхийн Гэгээн гэж орчуулсан юм бол доо? Шууд үгчлэн ойлгох шаардлага байхгүй, энэ бол ердөө хүмүүсийн хэрэглэж хэвшсэн нэг үг, тэр өөрөө хүмүүс түүнийг ингэж дуудахыг зогсоож чадахгүй, гэвч тэрээр хүмүүс түүнийг ямар нэг эзэн тэнгэр мэт шүтэхэд дургүй байдаг.

Оролцогч: Та төвд хэл мэддэг учраас, төвдөөс нь англи хэл дээр Дээрхийн Гэгээн (His Holiness) гэхээс илүү тохиромжтой ямар нэг үгийг санал болгож болох байх.

Алекс: “Күндүн” гэдэг хэргэмийг голлон хэрэглэдэг ба энэ нь “Дээд оршихуй” гэсэн утгатай.

Оролцогч: Дээд оршихуй?

Алекс: Тийм. Үүнийг бусад хэлэнд хэрхэн орчуулахыг би сайн мэдэхгүй байна. Энэ тийм амар биш. Оршихуй гэдэг нь тэр дахин төрөх ба хамгийн дээд төрөлхтөний бүх сайн чанаруудыг илэрхийлж байх гэсэн утгатай. Үнэхээр өндөр эрдэмтэй хэн нэгэн хүн байна, Дээд оршихуй байх. Би тайлбарлахыг оролдлоо, гэвч сонирхолтой биш байх шиг байна.

Өөр асуух зүйл байна уу? За, энд хүрээд өндөрлөе. Хүрэлцэн ирсэнд их баярлалаа, энэ бүхэн ямар нэг талаар ач тустай байсан байх гэж найдаж байна. Баярлалаа.