Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Бурханы шашин дэлхий дахинд > Харилцан яриа чухал болох нь

Харилцан яриа чухал болох нь

Дээрхийн Гэгээн 14-р Далай лам
Европт зохион байгуулагдсан Төвдийн Бурханы шашны анхдугаар чуулга уулзалт
Цюрих хот, Швейцар улс
2005 оны 8 сар
Хянан тохиолдуулсан Александер Берзин

Хүчирхийллээс татгалзах ба харилцан яриа

Одоо бид 21-р зуунд амьдарч байна. Мэдээж материаллаг хөгжил маш өндөр, гүнзгий түвшинд хүрчээ. Гэвч хүн төрөлхтөний дунд шашны жинхэнэ итгэл үнэмшилтэй нилээд олон тооны хүмүүс байсаар байгаа боловч алан хядах гэх мэт зарим маш харамсалтай үйл ажиллагаа нь тэдний алсын хараа дутсанаас болдог нь илэрхий байдаг.

Иймд эдгээр эрүүл бус зүйлийн эсрэг арга хэмжээ авахын тулд бид хоёр түвшинд харах хэрэгтэй юм. Эхний түвшин бол ихэнх засгийн газрын авдаг түр зуурын арга. Хоёр дахь түвшнийх нь илүү эрүүл саруул, энэрэнгүй нийгэмд зорьсон урт хугацааны арга. Одоо боловсролын олон байгууллагууд хүчирхийллээс татгалзах, харилцан ярилцахыг илүү анхааралтай авч үзэх болжээ. Эдгээр ойлголтууд бол нийтэд түгээх шаардлагатай чухал ойлголтууд болно. Залуу үеийнхэн үүнд суралцсанаар харилцан ярилцах, үл хүчирхийлэх байдал нь тэдний амьдралын нэг хэсэг болох чухал ач холбогдолтой юм.

Бурханы сургаалыг хадгалж үлдэх нь

Төвдийн Бурханы сургаалыг хамгаалах, Төвдийн эрх чөлөө хоёр маш нарийн холбоотой. Төвд нь өргөн уудам газар нутагтай, харилцаа холбоо хөгжихөд бэрхшээлтэй байсан. Хийд бүр өөр өөрийн орон газартаа тогтнодог, нийгмийн бүлгийн үзэл санааг сонирхдоггүй байв. Харилцаа хамтын ажиллагаа байхгүй байснаас, нийтийн хариуцлага гэж байхгүй бөгөөд ийм учраас өнөөдрийн энэ эмгэнэлт байдал бий болсон гэж би үздэг. Иймд өөрсдийн үзэж туулсан зүйлээсээ бид ойр дотно харилцаа холбоотой, элгэн садан сэтгэлтэй байх маш чухал болохыг харж байна. Ямар нэг төвлөрсөн удирдлагаас ангид, бие даасан байдлаар Төвдийн Бурханы шашны өөр өөр оронд байгаа жижиг жижиг бүлгүүд хэрхэн илүү ойр ажиллах талаар уулзаж ярилцаж байх нь маш чухал байна.

Бид Бурхан багш, бүх Наландирийн мастеруудыг дагагчид. Бурхан багшийн сургаал нь бодит байдалд нийцсэн, Наландирийн сургуулийн мастеруудын бүх бүтээл нь бидэнд бодит байдлыг ойлгоход туслах гэж оршиж байдаг юм. Ямар учраас тэр вэ? Олон олон гай зовлон, хүсэшгүй зүйлүүд бодит бус арга хэрэглэсэнээс болж тохиолддог. Ямар нэг буруу хийсэн зүйл, алдаа нь үнэндээ бодит байдлыг мэдээгүйгээс болдог бөгөөд буруу арга нь бүр илүү эрүүл бус зүйлийг авчирдаг. Энэ бүхнийг арилгахын тулд, үүнийг хийхэд бидэнд зөвхөн харилцан ярианы үндсэн дээр бий болдог илэн далангүй ярилцлага, ойр дотно харилцаа, хоорондын хамтын ажилллагаа хэрэгтэй.

Бикшүнигийн сахилыг сэргээх

Тайланд, Бирм, Шри Ланк гэх мэт винайн ёстой Бурханы шашинтай орнуудад одоо бикшүни (бүрэн сахилтай эмэгтэй хувраг) байхгүй болсон байна. Хятадын тохиолдолд, Тайван дахь зарим хийдүүд бикшүнигийн сахилыг хүртээдэг. Намайг Тайванд хоёр дахь удаагаа зочилж байх үеэр уулзалтан дээр нэг хятад бикшү (бүрэн сахилтай хувраг) бусад ёснуудад бикшүнигийн сахилыг сэргээх хэрэгтэй байна гэж хэлсэн юм.

Өнөөдөр 21-р зуун, бүгдээрээ эрх тэгш байдлын тухай ярьж байна. Саяхан би Төвд, Хятад мөн Европ хүмүүсийн дунд ямар нэг шашныг, тэр дундаа Бурханы шашныг үнэхээр сонирхож байгаа олон тооны эмэгтэйчүүд байна гэж хэлж байсан. Гималайн бүс нутгуудаар ном тавьж явахад эрэгтэйчүүд цөөн, эмэгтэйчүүд олноор номонд суудаг.

Бидэнд энэ талаарх мэдлэг боловсрол хэрэгтэй, ахмад бикшү нартай ярилцах хэрэгтэй. Би төвд эмэгтэй хуврагуудыг энэ ажлыг хийхгүй байхыг илүүд үзэж байна. Харин барууны Бурханы шашинтай эмэгтэй хуврагууд үүнийг хийвэл илүү үр дүнтэй болох байх. Ер нь манай бикшүни нарын аль нь ч их чинээлэг байдаггүй, та нарт мөнгө хэрэгтэй болно, ийм болохоор би өөрийн оюуны өмчийн эрхийн шимтгэлээс хандив өргөе. Би мөнгө олох зорилгоор хэзээ ч ном бичиж байгаагүй. Харин мөнгө гараад ирдэг! Иймд би үүнд зориулж нэг сан байгуулъя.