Орчин үед Бурханы шашин дэлхий дахинаа

Өмнөд болон Зүүн Өмнөд Азийн Теравада Бурханы шашин

Энэтхэг

Бурханы шашин VII зуунаас Энэтхэгт нөлөөгөө алдаж эхэлсэн бөгөөд XII зуунд Пала эзэнт улс нуран унасны дараа Гималайн бүсийн хойд хязгаараас бусад бүх хэсэгт Бурханы шашин гэж бараг байхгүй болжээ. XIX зууны төгсгөлд Бурханы шашин сэргэх завшаан тохиож энэ үед Шри-Ланкийн Бурханы шашинт удирдагч Анагарика Дхармапала Британийн эрдэмтдийн тусламжтайгаар Маха Боди нийгэмлэгийг байгуулав. Тэдний гол зорилго Энэтхэгт байх Бурханы шашны ариун дагшин газруудыг сэргээн засварлах явдал байсан бөгөөд тус газруудад сүм хийд барьж байгуулах ажил амжилттай сайн явагдаж хийд бүрд лам хуврагууд суух болов.

1950-аад онд Амбедкар хавьташгүй кастын дунд шинэ-Бурханы шашинтны хөдөлгөөнийг эхлүүлсэн бөгөөд үүгээр хэдэн зуун хүн кастын ялгаварлалаас зайлсхийн Бурханы шашинд орсон байна. Сүүлийн арваад жилд хот суурин газрын дунд давхаргынхны дунд Бурханы шашныг сонирхох сонирхол нэмэгдэж байна. Одоогоор Энэтхэгийн нийт хүн амын ойролцоогоор 2% нь Бурханы шашинтан байна.

Шри-Ланка

МЭӨ III зуунд Энэтхэгийн эзэн хаан Ашокагийн хүү Махендра Шри-Ланкад Бурханы шашныг дэлгэрүүлснээс хойш өнөөг хүртэл Шри-Ланка нь Бурханы шашны сургалтын нэг өлгий нутаг байсаар ирлээ. Шри-Ланка нь Бурханы шашны хамгийн урт үргэлжилсэн түүхтэй орон юм. Дайны үеэр шашин удаан хугацаанд доройтож байсан үе тохиож байсан бөгөөд тус арлын колоничлогдсон XVI зуунаас эхлэн европ номлогчид Шри-Ланкад Христийн шашныг ухуулах болсон.

XIX зуунд Бурханы шашин Британийн эрдэмтэд, теософичдын тусламжтайгаар хүчтэй сэргэсэн бөгөөд түүний нөлөөгөөр сургалт болон лам хуврагуудын олон нийтэд үзүүлэх үйл ажиллагаа, энгийн иргэдэд зориулсан бясалгалын хөтөлбөрийг онцгойлон анхаарах болж, түүгээрээ Шри-Ланкийн Бурханы шашин нь зарим тохиолдолд “Протестант Бурханы шашин” гэж тодорхойлогдох болов. 1948 онд тусгаар тогтнолоо олж авснаас хойш Бурханы шашин, соёлыг сонирхох сонирхол хүчтэй сэргээд байна.

Өнөөдрийн байдлаар Шри-Ланкийн хүн амын 70% нь Бурханы шашинтан бөгөөд дийлэнх нь Теравада ёсыг баримтална. 30 жилийн иргэний дайны дараагаар Шри-Ланкад өнөөдөр үндсэрхэг Бурханы шашны үзэл нэмэгдэж, Боду Бала Сена (Бурханы шашны Хүчирхэг Хүчин) гэх мэт байгууллагууд Исламын шашны эсрэг бослого, Бурханы шашныг хүчтэй баримталдаггүй удирдагчид уруу хийх халдлага зэргийг зохион байгуулах болов.

Мьянмар (Бирм)

Түүхийн судалгаагаар Бирмийн Бурханы шашин нь 2000 гаруй жилийн түүхтэй бөгөөд өнөөдрийн байдлаар нийт хүн амынх нь 85 орчим хувь нь Бурханы шашинтан байна гэж тогтоогдоод байна. Хуврагуудын хүрээнд бясалгал болон сургалтыг тэнцвэртэй онцлон авч үздэг урт удаан хугацааны уламжлал тогтсон ба энгийн хүмүүс нь маш өндөр сүсэгтэй байдаг. Бирмийн Бурханы шашны нэр алдар бүхий хүмүүсийн нэг нь випассана бясалгалын гэргийтэн багш С.Н. Гоенка юм.

1948 онд Их Британийн колониос гарч тусгаар тогтносноос хойш иргэний болон цэргийн аль аль засгийн газрууд нь Теравада Бурханы шашныг дэмжсээр иржээ. Цэргийн дэглэмийн үед Бурханы шашныг хатуу хянаж байсан бөгөөд засгийн газрыг эсэргүүцэгчдийг орогнуулсан сүм хийдүүдийг ээлж дараалан нураан сүйтгэж байлаа. Лам хуврагууд 8888 бослого, 2007 оны Улбар шар хувьсгал зэрэг цэргийн дэглэмийн эсрэг улс төрийн жагсаал цуглааны тэргүүн эгнээнд явж байв.

Сүүлийн арваад жил үндсэрхэг олон бүлгүүд бий болж Бурханы шашныг сэргээх, Исламын шашныг эсэргүүцэх оролдогуудыг хийх болсон. 969 бүлгэмийн толгойлогч, хувраг Ашин Вирату өөрийгөө “Бирмийн Бин Ладен” хэмээн зарлаж ислам эзэнтэй дэлгүүрүүдэд хориг тавихыг уриалж байв. “Бурханы шашныг хамгаалах” нэрийн доор исламын сүм хийд, ислам хүмүүсийн орон гэр уруу халдах нь олширч, исламчуудын хариу үйлдлээр нөхцөл байдал улам хүндрэх болсон.

Бангладеш

XI зууныг хүртэл Бурханы шашин голлох итгэл үнэмшил байв. Өнөөдөр хүн амын 1%-аас бага хувь нь Бурханы шашинтай бөгөөд тэд голлон Бирмийн ойролцоох Читтагонгийн уулын дүүрэгт төвлөрөн суудаг байна.

Нийслэл Дакка хотод Бурханы шашны дөрвөн хийд байх ба зүүн тосгодуудаар цөөнгүй тооны сүм хийдүүд байдаг. Гэвч Бирмээс ялгаатай нь Бурханы шашныг ойлгох, бүтээл хийх түвшин нэлээн доогуур.

Тайланд

Бурханы шашин нь Зүүн Өмнөд Азийн эзэнт улсуудад МЭ V зуунаас дэлгэрч эхэлсэн. Уламжлалт шашин болон Хиндү шашин мөн Бурханы шашны Их хөлгөний уламжлалын хүчтэй нөлөө бүхий Теравада ёсыг баримтална. Шри-Ланка, Бирмээс ялгаатай нь энд эмэгтэй хуврагийн уламжлал ердөө байгаагүй. Хүн амын 95% нь Бурханы шашинтай.

Тайландын сүм хийдийн хэв маяг нь Тайландын хаант засаглалын хэв маяг дээр суурилсан, уламжлалын цэвэр ариун байдлыг хадгалах үүрэгтэй Их тэргүүн хамба мөн Ахмадын зөвлөлтэй. Ойд оршин суух хуврагууд болон тосгодуудаар амьдрах лам хуврагууд байдаг. Аль аль нь энгийн ард түмний хүндлэл, дэмжлэгийг хүлээдэг.

Ойн уламжлалын хуврагууд бөглүү ширэнгэн ойд амьдарч хатуу сахил сахин, чанга бясалгалд сууна. Тосгодын хуврагууд гол төлөв эх зохиол цээжилж, орон нутгийн хүмүүст зориулан шашны зан үйлүүдийг гүйцэтгэж өгнө. Тайландын ад албинд итгэх соёлтой холбоотойгоор эдгээр хуврагууд энгийн хүмүүст ад зэтгэрээс хамгаалах сахиусуудыг бэлдэж өгдөг. Лам нарт зориулсан их сургууль байх ба лам хувраг хүмүүст сонгодог пали хэл дээрх Бурханы шашны судар бичгүүдийг орчин цагийн тайланд хэлэнд орчуулах сургалтыг голлон явуулна.

Лаос

Бурханы шашин МЭ VII зуунд Лаост анх хүрчээ. Одоогоор хүн амын 90% нь анимизмтэй (амьтан, ургамал, байгалийн зүйлсийг амьд гэж үзэх итгэл үнэмшил) холилдсон Бурханы шашинд итгэдэг гэсэн тооцоо байдаг. Коммунист дэглэмийн үед эрх баригчид эхэн үедээ шашныг шууд хавчин шахалгүй хуврагуудыг зорилгодоо ашиглаж байлаа. Цаг хугацаа өнгөрөх хэрээр Бурханы шашин маш хатуу хавчлага шахалтыг амссан юм. 1990 оноос эхлэн Бурханы шашин эрчимтэй сэргэж, ихэнх лаосчууд маш их сүсэг бишрэлтэй байж, эрчүүдийн олонх нь богино хугацаагаар боловч сүм, хийдэд суун, айл өрхүүд лам хуврагуудад цав барьж, бүтэн сартай өдрүүдэд сүм хийдийг зорих болов.

Камбож

Теравада Бурханы шашин нь XIII зуунаас эхлэн өнөөг хүртэл төрийн шашин байсаар ирсэн бөгөөд одоо хэр нь хүн амын 95% нь Бурханы шашинтан байна. 1970-аад оны үед Улаан кхмерүүд Бурханы шашныг бараг үгүй хийсэн бөгөөд 1979 он болоход лам нарыг буудан хороож, цөлж бүх хийд, номын санг эвдэн сүйтгэсэн байна.

Хунтайж Сианукийг хаан ширээнд эргүүлэн өргөмжилсний дараа хавчлага шахалт аажмаар суларч, Бурханы шашныг сонирхох сонирхол дахин сэргэв. Камбожууд мэргэ төлөг, зурхай, оюун санааны ертөнцийн талаарх итгэл үнэмшилд хүчтэй итгэдэг бөгөөд лам хуврагууд нь гол төлөв анагаагч домч хүмүүс байна. Бурханы шашны лам хуврагууд хүүхдийн угаалга, гэрлэх ёслол, оршуулах ёслол гэх мэт үйл ажиллагаанд оролцоно.

Вьетнам

Бурханы шашин Вьетнамд 2000 жилийн өмнө анх Энэтхэгээс, дараа нь гол төлөв Хятадаас дэлгэрчээ. Гэвч XV зуунд ноёрхогч ангийнхны дунд Бурханы шашны хэрэгцээ шаардлага буурч эхэлсэн. XX зууны эхээр эргэн сэргэх хандлага гарсан боловч бүгд найрамдахчуудын үеийн Католик шашныг дэмжигчдийн бодлогоор Бурханы шашинтнуудыг жигшин гадуурхах болов. Өнөөдрийн байдлаар хүн амын ердөө 16% нь Бурханы шашинтан гэж мэдэгдэж байгаа ч тус улсад Бурханы шашин хамгийн том шашинд тооцогддог.

Засгийн газар нь Бурханы шашны талаар илүү зөөлөн бодлого хэрэгжүүлж байгаа ч сүм хийдүүд төрөөс бие даасан үйл ажиллагаа явуулдаггүй.

Индонез, Малайз

Бурханы шашин нь эдгээр нутаг дэвсгэрт МЭ II зуунд худалдааны замаар дамжин Энэтхэгээс дэлгэрсэн. XV зуунд хамгийн сүүлийн Хиндү-Бурханы шашны эзэнт улс болох Мажапахит нуран унах хүртэлх түүхийн ихэнх хугацааны туршид Бурханы шашин Хиндү шашинтай үргэлж зэрэгцэн оршиж байжээ. XVII зууны эхэн болоход Исламын шашин дээрх шашнуудыг бүрэн шахан гаргасан байв.

Индонезийн засгийн газрын панчашила бодлогын хүрээнд албан ёсны шашнууд нь Эзэн тэнгэрт итгэдэг байх ёстой байжээ. Бурханы шашин нь Эзэн тэнгэрийг хүлээн зөвшөөрдөггүй харин тухайн үеэс нэг мянган жилийн өмнө Энэтхэгт дэлгэрч байсан Калачакра тарнид гардаг Адибудда буюу “Анхны Бурхан”-ыг хүлээн зөвшөөрдгөөрөө нийтэд танигдсан байжээ. Адибуддаг бэлгэдэл дүрээр илэрхийлэгддэг, төрөлхтөн биш, бүхнийг мэдэгч, цаг хугацаа болон бусад хэмжээсүүдээс цааших бүх үзэгдлийг бүтээгч, сэтгэлийн тод мөн чанараар амьтай бүхэнд байдаг зүйл гэж үздэг байв. Үүгээрээ Бурханы шашин нь Ислам, Хиндү шашин, Күнзийн сургаал, Католик шашин, Протестант урсгалын адил хүлээн зөвшөөрөгдөж байлаа.

Шри-Ланкийн лам хуврагууд Бали болон Индонезийн бусад хэсэгт Теравада Бурханы шашныг сэргээхийг оролдож байв. Гэвч энэ нь маш хязгаарлагдмал хүрээнд явагдаж байжээ. Сонирхож байсан баличууд нь Хиндү шашин, Бурханы шашин болон нутгийн лусын шүтлэгийн холимог, уламжлалт бали ёсыг дагагчид байв. Индонезийн бусад хэсэгт байх хүн амын 5%-ийг бүрдүүлэгч Бурханы шашинтнууд нь хятад гаралтай индонезчууд байдаг. Мөн теравада, хятад, төвөд талуудын холимог индонез Бурханы шашны өөр жижиг урсгалууд бас бий.

Малайзын хүн амын 20% нь Бурханы шашныг дагадаг бөгөөд тэдгээрийг гол төлөв гадаадад оршин суух хятад иргэд нь бүрдүүлдэг. Хагас зууны өмнө Бурханы шашныг сонирхох сонирхол буурч байсан боловч 1961 онд Бурханы шашныг дэлгэрүүлэх зорилготой Бурханы шашин нэвтрүүлэх нийгэмлэг байгуулагдсан. Сүүлийн арваад жилд Бурханы шашинд суралцах том давалгаа залуу хүмүүсийн дунд ч өрнөж байна. Одоогийн байдлаар сайн санхүүжилт, дэмжлэгтэй Теравада, Их хөлгөн, Очир хөлгөний цөөнгүй тооны төвүүд үйл ажиллагаа явуулж байна.

Зүүн Азийн Их хөлгөний Бурханы шашин

БНХАУ

Бурханы шашин нь Хятадын сүүлийн 2000 жилийн түүхэнд онцгой үүрэг гүйцэтгэсэн бөгөөд Хятадын Бурханы шашин нь өөрөө Зүүн Азид Бурханы шашин дэлгэрэхэд хүчтэй үүрэг гүйцэтгэсэн юм. Эртний Тан улс (МЭ 616–907) урлаг, утга зохиол цэцэглэсэн, Бурханы шашны алтан үеийг гэрчилдэг.

1960–1970-аад оны Соёлын хувьсгалын үеэр Хятадын Бурханы шашны сүм хийдүүдийн ихэнхийг устгаж, өндөр эрдэм мэдлэгтэй эрэгтэй, эмэгтэй лам хувраг, багш нарын олонхыг цаазаар аваачиж, барьж хорьсон. Бурханы шашныг хяхан хавчих явдал Төвөд болон Өвөр Монголд бүр илүү хүчтэй байлаа. Хятадад өөрчлөлт шинэчлэлт явагдаж, улс орон нээлттэй болох хэрээр уламжлалт шашныг сонирхох сонирхол хүмүүсийн дунд дахин нэмэгдэх болсон. Шинээр сүм хийдүүд баригдаж, хуучныг сэргээн засах болов. Сүм хийдэд суух хүмүүсийн ихэнх нь хөдөөгийн ядуу буурай, боловсрол багатай гэр бүлээс гаралтай байх бөгөөд боловсролын түвшин нь доогуур хэвээр байсаар байна. Олон хийдүүд ердөө аялал жуулчлалд зориулсан газрын хэлбэртэй, лам хувраг нь тасалбар хураах, хийдийг таниулах үүрэгтэй байна.

Орчин үед олон хятад хүмүүс Бурханы шашныг сонирхох болж, тэр дундаа Төвөдийн Бурханы шашныг сонирхох явдал илэрхий нэмэгдэж байна. Одоогоор Бурханы шашинтай хүн ам нь нийт хүн амын 20%-ийг эзэлж байгаа гэсэн дундаж тооцоо гараад байгаа бөгөөд Хятад даяар сүм хийдийг зорих хүмүүсийн тоо нэмэгдсээр байна. Иргэд нь чинээлэг, завгүй болох хэрээр стресс бухимдлаас зайлсхийх үүднээс Хятад болон Төвөдийн Бурханы шашинд хандах болсон. Хятад хэл дээр сургаал айлдах төвөд лам нарын тоо нэмэгдэх хэрээр Төвөдийн Бурханы шашин нь олон хан хятад хүмүүсийн сонирхлыг онцгойлон татах боллоо.

Тайвань, Хонконг ба хилийн чанад дахь хятад суугчид

Хятадаас гаралтай Зүүн Азийн Их хөлгөний Бурханы шашны уламжлал нь Тайвань, Хонконгт хамгийн хүчтэй дэлгэрсэн байдаг. Тайванийн эрэгтэй, эмэгтэй хуврагуудын аль аль хийд нь энгийн иргэдийн маш их дэмжлэгтэй байдаг. Нийгмийн хамгааллын чиглэлийн Бурханы шашны их сургууль, хөтөлбөрүүд байдаг. Хонконгт мөн сүм хийдүүд эрчимтэй хөгжиж байна. Малайз, Сингапур, Индонез, Тайланд, Филиппинд суудаг Бурханы шашинтай хятад иргэд өвөг дээдэстээ зориулсан мөн аж амьдралаа сайжруулах зан үйлүүдийг онцгойлон анхаардаг. Бурханы шашинтай зөнч нарын онгодтой ярих янз бүрийн арга байдаг бөгөөд энгийн иргэд тэдэнтэй эрүүл мэнд, сэтгэл зүйн асуудлаа зөвлөдөг. “Азийн бар” эдийн засгийн ард байх гол хөдөлгөгч хүчин болох хятад бизнесменүүд санхүүгийн амжилтаа даатган зан үйл үйлдүүлэхээр хуврагуудад өргөлийг тогтмол барьдаг. Тайвань, Хонконг, Сингапур, Малайзад мөн Төвөдийн Бурханы шашинтай хүмүүсийн тоо нэмэгдсээр байна.

Өмнөд Солонгос

Бурханы шашин Солонгосын хойгт Хятадаас МЭ III зуунд хүрч ирсэн байдаг. Хэдийгээр фундаменталист Христийн шашны байгууллагуудаас үзүүлж байгаа дарамт шахалт нэмэгдсээр байгаа ч Солонгосын Бурханы шашин харьцангуй хүчтэй хэвээр байсаар байна. Сүүлийн арваад жилд дээрх байгууллагуудаас явуулсан галдан шатаах үйл ажиллагаанд Бурханы шашны олон сүм хийдүүд эвдэрч сүйдсэн. Хүн амын 23% нь Бурханы шашинтай.

Япон

Бурханы шашин нь Японд Солонгосоос МЭ V зуунд хүрч ирсэн бөгөөд Японы нийгэм, соёлд онцгой үүрэг гүйцэтгэсэн юм. XIII зуунаас эхлэн архи уух зөвшөөрөгдсөн хийдийн гэргийтэн хамбуудын уламжлал тогтсон. Энэ уламжлал яваандаа бүрэн сахилтай лам хувраг хамба байх уламжлалаар солигдов. Түүхийн явцад Бурханы шашны зарим уламжлалууд нь хэт үндсэрхэг үзэлтэй байж, Японыг Бурханы шашны нэг Диваажин гэж үзэж байлаа. Орчин үед зарим хэт үзэлтэй бүлэглэлүүд Шагжамүни Бурхан багшийн сургаалтай бараг холбоогүй хэр нь өөрсдийгөө Бурханы шашинтан гэж нэрлэх болсон.

Нийт хүн амын 40 орчим хувь нь Бурханы шашинтай гэсэн тооцоо байх бөгөөд ихэнх япончууд Бурханы шашин болон Японы уламжлалт Шинто шашин холилдсон итгэл үнэмшилтэй байдаг. Хүүхдийн угаалга, гэрлэх ёслолыг Шинто ёсны дагуу хийдэг бол Бурханы шашны лам хуврагууд оршуулахыг ёслолыг гүйцэтгэдэг.

Хэдийгээр ашгийн хэлбэртэй ч Японд сүм хийдүүдийг зочлол, жуулчлалд зориулан маш цэвэр, тохитой байлгадаг. Гол үйл ажиллагаа болох сургаалд суралцах, бүтээл хийх тал нь сул. Дэлхийн хамгийн том Бурханы шашны байгууллагуудын нэг болох Сока Гаккай байгууллага Японоос гаралтай.

Төв Азийн Их хөлгөний Бурханы шашин

Төвөд

Бурханы шашин Төвөдөд МЭ VII зуунд иржээ. Зуун зуун өнгөрөх хэрээр Бурханы шашин нь язгууртан, дээдсийн ивээл, дэмжлэгтэйгээр Төвөдийн амьдралын олон талд гүн бат суух болсон.

Хятад улс Төвөдийг түрэмгийлэн эзэлснээс хойш Бурханы шашныг хүчтэй хавчин шахаж эхэлсэн. 6500 сүм хийдийн 150-аас бусад бүх сүм хийдийг эвдэн сүйтгэж, өндөр эрдэм мэдлэгтэй лам хуврагуудын дийлэнх ихэнхийг цаазаар аваачиж, зарим нь хорих лагерьт амь үрэгдсэн байна. Соёлын хувьсгалын дараа сүм хийдүүдийг сэргээх ажлын ихэнхийг өмнө нь лам хувраг байсан хүмүүс, орон нутгийн ард түмэн, дүрвэгч төвөд хүмүүс хийсэн бөгөөд Хятадын засгийн газар ердөө хоёр, гурван сүм хийдийг сэргээхэд тусалжээ.

Хятадын коммунист засгийн газар шашингүй үзэл баримтлалтай боловч “нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн” таван шашныг зөвшөөрдгийн нэг нь Бурханы шашин байдаг. Шашны дотоод асуудалд оролцохгүй гэж мэдэгддэг ч Далай ламын Панчин ламаар тодруулсан төвөд хүү, түүний гэр бүл удалгүй сураггүй алга болж, түүний дараагаар Хятадын засгийн газар өөрийн эрлийг явуулан хятад-төвөд цусны нэг хүүг ламын хойд дүрээр тодруулсан байдаг. Далай ламын тодруулсан хүү тэр цагаас хойш сураггүй байна.

Өнөөдрийн байдлаар сүм хийд бүр засгийн газрын ажлын хэсэгтэй. Тэд бол олон янзын ажилд “туслах” үүрэгтэй энгийн хувцастай эрэгтэй, эмэгтэй цагдаа нар юм. Тэд лам хуврагуудыг ажиглаж, мэдээлэл дамжуулна. Засгийн газрын оролцооны хажуугаар Төвөдийн Бурханы шашинтнуудад тулгарч байгаа өөр нэг асуудал бол эрдэм мэдлэгтэй багш ховор байгаа явдал юм. Эрэгтэй, эмэгтэй лам хуврагууд, энгийн иргэд илүү ихийг сурахыг хүсэх боловч ихэнх багш нарын сурсан зүйл нь хязгаарлагдмал. Өнгөрөгч арван жилд засгийн газар Лхасын ойролцоо Бурханы шашны нэг “их сургууль” байгуулав. Энд хойд дүрийн залуу лам нар төвөд хэл, бичиг, анагаах ухаан, зүү эмчилгээ болон Бурханы шашны гүн ухаанд суралцах юм. Цахим эрин үе төвөд залуу хүмүүсийг Бурханы шашинд ойртуулах боллоо. Тэдний олонх нь Бурханы шашны сургаал, үлгэр түүхийг харилцан хуваалцдаг Wechat, Weibo-гийн бүлгийн гишүүд байдаг. Тэдний дунд Бурханы шашинд илүү их суралцах нь өөрийн “жинхэнэ төвөд хүн” гэсэн тодорхойлолтыг батлах нэг хэлбэр болоод байна.

Зүүн Туркестан

Зүүн Туркестанд (Шиньжян) амьдардаг халимаг монголчуудын сүм хийдийн ихэнх нь Соёлын хувьсгалын үеэр эвдрэн сүйджээ. Хэд хэдэн сүм хийдийг сэргээн зассан ч багш нар дутагдалтай байдал Төвөдтэй харьцуулахад илүү хүнд байна. Шинэ залуу лам хуврагууд сургалтын орчин байхгүйн улмаас сүм хийдийг орхин явж байна.

Өвөр Монгол

Гэвч Хятадын хяналтан дахь Төвөдийн Бурханы шашинтнуудын хамгийн хэцүү нөхцөл байдал Өвөр Монголд байлаа. Нутгийн баруун хагаст байх сүм хийдийн ихэнх нь Соёлын хувьсгалын үеэр устаж үгүй болсон бол өмнө нь Манжуурын хэсэг байсан зүүн хагас дахь сүм хийдүүдийг Сталины цэргүүд Дэлхийн II дайны сүүлээр оросууд Хятадын хойд хэсгийг япончуудаас чөлөөлөхөд туслах үеэр аль хэдийн эвдэн сүйтгэсэн байжээ. 700 сүм хийдээс ердөө 27 нь үлдсэн байна.

1980-аад оноос хийдүүдийг сэргээх, шинээр барих оролдлого хийгдэх болсон. Эдгээр сүм хийдүүдийг монголчуудаас гадна бас хан хятадууд зорин очдог.

Монгол

Монголд хэдэн мянган сүм хийд байснаас бүгдийг 1937 онд Сталины заавраар бүхэлд нь зарим тохиолдолд хэсэгчлэн устгажээ. 1946 онд Улаанбаатарт нэг хийдийг бэлгэ тэмдэгийн байдлаар нээж, 1970-аад онд лам нарт зориулсан 5 жилийн сургалттай дээд сургууль байгуулав. Сургалтын хөтөлбөр нь маш товч, Марксист сургаалыг түлхүү онцолсон, лам хуврагууд нь олон нийтэд зориулан цөөн тооны зан үйл хийх зөвшөөрөлтэй байв. 1990 онд коммунист тогтолцоо нурж эхэлснээс хойш дүрвэгч төвөдүүдийн тусламжтайгаар Бурханы шашин хүчтэй сэргэх болов. Олон залуу лам нар суралцахаар Энэтхэг улсыг зорьж, 200 гаруй сүм хийдийг боломж нөхцөлийн хэрээр сэргээн босгов.

1990 оноос хойш Монголын Бурханы шашинд тулгарсан хамгийн ярвигтай асуудлуудын нэг нь англи хэл заах нэрийн доор орж ирсэн Мормон, Адвентист, Баптист Христийн шашны шахан түрэмгийлэх хандлага бүхий номлогчид байлаа. Тэд эцэг эхчүүдэд шашинд орсон тохиолдолд хүүхдүүдийг нь Америкт суралцахад туслах, санхүүгийн дэмжлэг үзүүлэх санал тавьж, Есүсийн тухай орчин цагийн монгол хэл дээр үзэмжтэй хэвлэсэн товхимолуудыг үнэгүй тараах болов. Санхүүгийн бэрхшээлээс шалтгаалан ихэнх Бурханы шашны сүм хийдүүд тэдэнтэй өрсөлдөж чадахгүй байлаа. Олон залуу хүмүүс Христийн шашинд орох болсноор Бурханы шашны байгууллагууд Бурханы шашны тухай орчин цагийн хэл дээр мэдээлэл хэвлүүлэн, телевиз, радиогийн нэвтрүүлэг хүргэж эхлэв. Монгол улсад одоогоор шахан түрэмгийлэх замаар шашинд оруулах явдлыг хориглоод байгаа бөгөөд 2010 оны байдлаар нийт хүн амын 53% нь Бурханы шашинтан, 2.1% нь Христийн шашинтай гэсэн тоо гарч байв.

Төвөд дүрвэгсэд

Төв Азийн төвөд урсгал дотор хамгийн хүчтэй байгаа Бурханы шашинтнууд нь 1959 оны Хятадын Ардын чөлөөлөх арми Төвөдийг булаан эзэлснийг эсэргүүцсэн Төвөдийн бослогоос хойш Энэтхэгт дүрвэгсдийн хуаранд Дээрхийн гэгээн Далай ламын дэргэд амьдарч байгаа төвөд дүрвэгсэд юм. Тэд Төвөдийн гол сүм хийдүүдийн ихэнхийг, мөн хэд хэдэн эмэгтэйчүүдийн хийдийг дахин эхлүүлж, эрдэмтэн хувраг, эрдэмтэн бүтээлч, багш нарт зориулсан уламжлалт сургалтыг цогцоор явуулж байна. Төвөдийн Бурханы шашны бүх уламжлалыг бүрэн хамгаалах боловсрол олгох, судалгаа шинжилгээ явуулах, хэвлэн нийтлэх бүхий л нөхцөлийн бүрдүүлээд байна.

Төвөд дүрвэгсэд Ладак, Сикким зэрэг Энэтхэгийн Гималайн бүс, Балба, Бутанд багш нар илгээн, дамжлагыг уламжлуулан өгч тус бүс нутгуудад Бурханы шашин сэргэхэд мөн туслаад байна. Эдгээр бүс нутгийн эрэгтэй, эмэгтэй олон лам хувраг төвөд дүрвэгсэдийн сүм хийдүүдэд боловсрол эзэмшиж байна.

Балба

Балбын хүн амын ихэнх нь Хиндү шашинтай боловч Бурхан багшийн төрсөн энэ газар Бурханы шашны соёлын хүчтэй нөлөө байсаар байдаг нь ажиглагддаг. Невар, гүрүн, таманг зэрэг ястнууд Балбын Бурханы шашны уламжлалт хэлбэрийг дагана. Нийт хүн амын 9% нь Бурханы шашинтан байна.

Бурханы шашин, Хиндү шашныг хольж баримталдаг Балба улс нь сүм хийдийн хүрээнд кастын ялгаа баримталдаг цорын ганц Бурханы шашинтай орон юм. Сүүлийн 500 жил хийдийг эзэмшдэг, зан үйлийг удирддаг удам дамжсан гэргийтэн хуврагууд гарах болсон.

Орос

Буриад, Тува, Халимаг нь Орос дахь Төвөдийн Бурханы шашны уламжлалтай бүс нутгууд юм. 1930-аад оны сүүлээр Сталины заавраар эдгээр бүс нутаг дахь бүх сүм хийдүүдийг бүрэн устгасан ба тэдний дотроос Буриадад ердөө гурван хийд эвдэрч сүйдэж үлдсэн байна. 1940 онд Сталин КГБ-ийн хатуу хяналтан дор Буриадад хоёр хийдийг бэлгэ тэмдэгийн байдлаар нээхийг зөвшөөрөв. Өмнө нь лам байсан хүмүүс зан үйл үйлдэх үүднээс хуврагийн хувцасыг өдрийн цагаар дүрэмт хувцас байдлаар өмсдөг байв. Коммунист тогтолцоо нуран унасны дараа эдгээр бүс нутагт Бурханы шашин хүчтэй сэргэх болов. Төвөдийн дүрвэгсэд багш нар илгээн, залуу лам хуврагуудыг Энэтхэгт төвөд сүм хийдүүдэд суралцуулахаар илгээв. Буриад, Тува, Халимагт 20 гаруй сүм хийдийг дахин байгуулав.

Бурханы шашинтан бус орнууд

Бурханы шашны мэдлэг нь XIX зуунд европын колони Бурханы шашинт орнуудаас, Христийн шашны номлогч, эрдэмтэдийн бүтээлээр дамжин Европт иржээ. Энэ үйл явдалтай зэрэгцэн Хятад, Японы цагаач ажилчид Хойд Америкт сүм хийдүүдийг барьж эхлэв.

Бурханы шашны бүх хэлбэрүүдийг уламжлалын хувьд Бурханы бус шашинтай дэлхийн олон оронд харж болно. Бурханы шашинтнууд нь Бурханы шашинт ази цагаачид, ази бус Бурханы шашинтнууд гэсэн үндсэн хоёр бүлэгт хуваагдаж байна. Ялангуяа Америк, Австрали дахь, зарим тохиолдолд Европ дахь ази цагаачид өөрийн уламжлалын хийдийг олноор барьж байгуулсан байдаг. Эдгээр хийдийн анхаарч авч үздэг зүйл нь сүсгийн талын бүтээлийн нөхцөлийг бий болгох, цагаач иргэдэд соёлын онцлогоо хадгалж үлдэхэд нь туслах олон нийтийн төвийн үүрэг гүйцэтгэх явдал. Одоогийн байдлаар Америкт дөрвөн сая гаруй, Европт хоёр сая гаруй Бурханы шашинтан байна.

Дэлхий даяар, тив болгонд, нийт 100 гаруй оронд Бурханы шашны бүх уламжлалын хэдэн мянган “Номын төвүүд” байна. Эдгээр Төвөд, Зэн, Теравада ёсны төвүүдийн ихэнхийг ази бус үндэстнүүд зорих ба тэд бясалгал, сургалт, зан үйлийн бүтээлийг онцгойлон авч үздэг. Багш нар нь барууны мөн ази үндэстэн Бурханы шашинтан аль аль нь байна. Олон хүмүүс сургаалыг гүнзгийрүүлэн судлахаар Азийг зорьдог. Түүнчлэн дэлхий даяар олон их дээд сургууль Бурханы шашин судлалын хөтөлбөрүүдийг санал болгож, Бурханы шашин болон бусад шашин, байгалийн ухаан, сэтгэл судлал, анагаах ухаан хоорондоо мэдлэг солилцох, харилцан ярилцах явдал нэмэгдсээр байна. Энэ тал дээр Дээрхийн гэгээн Далай лам голлох үүргийг гүйцэтгэж байна.

Top