Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Багш нар > Цэнжаб Сэркон Ринбүүчигийн хөрөг > Наймдугаар хэсэг: Ринбүүчигийн жанч халсан ба эргэн төрсөн нь

Цэнжаб Сэркон Ринбүүчигийн хөрөг

Александер Берзин, 1998 он

Наймдугаар хэсэг: Ринбүүчигийн жанч халсан ба эргэн төрсөн нь

Эргэн төрсөн Сэркон Ринбүүчигийн гэрэл зурагСэркон Ринбүүчигийн өөд болсон нь түүний амьдралаас бүр ч илүү ер бусын байсан юм. 1983 оны 7 дугаар сард Дээрхийн Гэгээн Далай Ламтаны Спитигийн Табо хийдэд Цогт цагийн хүрдэний адислалыг хүртээх ажлыг Ринбүүчи зохион байгуулсан билээ. Үүний дараа Төвд зурхайн ёсоор энэ он Дээрхийн Гэгээнтэний тотгор жил (барцадтай) юм байна гэж Ринбүүчи нутгийн өвгөн лам Гачен Друбгелд дурсчээ. Дээрхийн Гэгээнтэний амьдрал, амь насанд аюул нүүрлээд байна. Эдгээр тотгоруудыг өөр дээрээ шилжүүлбэл сайнсан. Энэ ярьсан зүйлийг өөр хэнд ч үг цухуйлгахгүй байхыг тэр өвгөн ламаас хүсчээ.

Үүний дараа Ринбүүчи гурван долоо хоногийн хатуу дэглэмтэй бясалгал бүтээлд оров. Дараа нь тэр ойролцоох Төвдийн армийн хуаран руу “Бодьсадвагийн явдал мөрөнд орохуйг” цэргүүдэд номлохоор одов. Ринбүүчиг бүх эх бүтээлийг аажуухан урт хугацаагаар заана гэж бодож байтал тэрээр маш яаравчлав. Цэргийн хуарангаас төлөвлөснөөсөө хэдэн өдрийн өмнө мордохдоо, түүнд очих онцгой явдал гарлаа гэж тайлбарласан юм. Энэ өдөр 1983 оны наймдугаар сарын 29 байсан бөгөөд Дээрхийн Гэгээнтэн, Швейцарийн Женев рүү нисч, Палестины чөлөөлөх байгууллагын (ПЧБ) тэргүүн Яссир Арафаттай нэг цагт тэнд бас хүрэлцэн очихоор байв. Цагдаагийн эрх мэдэлтнүүд, Арафатын эсрэг чиглэсэн алан хядах үйл ажиллагаа гарч болзошгүй гэж зовницгоож байлаа. Швейцарийн тал Дээрхийн Гэгээнтэний аюулгүй байдлыг хамгаалах баталгаа өгч чадахгүй гэж сэрэмжлүүлсэн байсан юм.

Ринбүүчи Наваан хоёр цэргийн хуарангаас жийпээр довтолгож Табо хийд дээр богино зуур зогсов. Ринбүүчи Гачен Друбгелийг хамт явъя гэж гуйхад өвгөн ламтан лам дээлээ саяхан угаачихсан гэж тайлбарлав. Ринбүүчи, тэр хамаагүй банзалтайгаа машинд суу, дээлээ жийпний дээр уяад хатаачих гэсэнд өвгөн ламтан хэлснээр нь болов.

Спити хөндий рүү ороод давхиж явах үед Ринбүүчи, Наваанд Ум мани падми хум гэдэг нигүүслийг үргэлж хэлж бай гэдэг шүү дээ, харин чи хэзээ ч тоож байгаагүй гэж өгүүлэв. Энэ бол түүний үдэлтийн захиас байжээ.

Тэд тэгээд Куй хийд дээр зогсов. Ринбүүчи тахил өргөхийг хүслээ. Наваан одоо оройтчихлоо өглөө явж болно шүү дээ гэвэл, Ринбүүчи өөрийнхөөрөө зүтгэв. Ихэнхдээ Ринбүүчи маш удаан бэрхшээлтэй явдаг байсан. Гэвч заримдаа, Ринбүүчи гүйж чаддаг байлаа. Жишээлбэл, Ринбүүчи онгоцны буудал дээр бид нислэгээс бараг хожигдох гэж байхад, Ринбүүчи бидний хэн нь ч гүйцэхээргүй тийм хурдан гүйдэг байсан юм. Үүнтэй адил Бодь Гаяад нэгэнтээ Дээрхийн Гэгээнтэн Бурхан багшийн зарлигийн (Ганжуур) төвд орчуулгын зуун ботиос олноор унших уншлаганд оролцож байхад Ринбүүчи Дээрхийн Гэгээнтэний яг ар талд сууж байв. Салхинд Дээрхийн Гэгээнтэний судраас нэг хуудас хийсэхэд, Ринбүүчи суудлаасаа бараг нисэх шахуу очиж, шалан дээрээс хуудсыг агшин зуурт шүүрэн авсан билээ. Энгийн цагт тэрээр босохдоо түшүүлдэг байсан юм. Куй хийд дэх тохиолдолд Ринбүүчи бас л хэний ч туслалцаагүй уулын өгсүүр жимээр дээш хурдан гүйж байв.

Ринбүүчиг тахилаа өргөсний дараа Куйн хуврагууд түүнийг хоноод явахыг хүсэв. Тэрээр үгүй гээд, шөнөдөө Куйбар тосгонд хүрэх ёстой гэв. Хэрэв түүнтэй ахин уулзахыг хүсвэл, тэднийг тийш очиж болно гэв. Тэгээд юу тохиолдох гэж байгаа тухай битүүлгээр яриад, даруй эндээс мордсон юм.

Ринбүүчи болон түүний дагалдагсад уулын Куйбар тосгонд хүрч, танил тариачны гэрт нь очив. Гэрийн эзэн талбайдаа гараад эзгүй хэвээр, зочин гийчин ирнэ гэж хүлээгээгүй байв. Ринбүүчи түүнээс дараа долоо хоногт завтай эсэхийг нь асуулаа. Гэрийн эзэн завтай гээд, Ринбүүчиг үлдээч хэмээн урилаа.

Ринбүүчи угаалаа үйлдсэний дараа жаахан тараг зооглочихоод, хоёр цаг орчим Богд Зонховын бүтээл ”Тайлбарлагдах, тодорхойлогдох утгын гойд сайн тайлбарын охиос” цээжээр уншив. Уншиж гүйцээд, Навааныг дуудаж бие жаахан эвгүй байна гэв. Тэрээр Навааны мөрөн дээр тэргүүнээ тавьсан бөгөөд Ринбүүчи ер нь хэзээ ч ингэдэггүй байсан. Дараа нь дурсан санахад энэ үедээ тэр салах ёс гүйцэтгэж байсан юм билээ. Тэрээр Чонзэлаг энэ бүхнээс аль өмнө Симла руу явуулсан байв. Учир нь; болох гэж буй зүйлийг нүдээр үзэх нь Чонзэлад дэндүү хүнд бэрх байх байсан нь эргэлзээгүй. Тэр Ринбүүчитэй зургаан наснаасаа эхлэн хамт байсан бөгөөд Ринбүүчи түүнийг өөрийн хүү шигээ өсгөсөн билээ.

Наваан эмч авчрах уу, эм тан уух уу гэж асуухад Ринбүүчи үгүй гэв. Наваан өөр ямар нэг хийх зүйл байна уу гэвэл Ринбүүчи бие засах газар руу явахад нь туслаач гэж гуйсныг Наваан хэлснээр болгов. Тэгээд Ринбүүчи Наваанаас ор засч өгөөч гэж гуйв. Байнга унтдаг ердийн шар дэвсгэр ба хөнжлийн даавууны оронд Ринбүүчи цагааныг дэвсэхийг Наваанаас хүсэв. Дандарын ёсны үйлдэлд шарыг бусдад тус үйлдэх чадвараа нэмэгдүүлэх зан үйлд хэрэглэдэг бол цагааныг тотгорыг зайлуулахад хэрэглэдэг юм.

Тэгээд Ринбүүчи Наваан ба Гачен Друбгел нарыг унтлагынх нь өрөөнд орж ирэхийг хүсэхэд тэд ёсоор болгов. Ринбүүчи тэгээд баруун талаараа Бурхан багшийн нойрсох байрлалаар хэвтлээ. Ердийн үед унтахдаа, хоёр гараа хэвшмэл байдлаар зүүн гараа хажуугаараа тавьж, баруун гараа дэрлэн хэвтэхийн оронд Ринбүүчи Дандарын ёсны тэврэх байдлаар цээжиндээ зөрүүлэв. Тэгээд тэрээр гүн амьсгалж эхлэн “өгч авах” (тонглен) хэмээх бясалгалын явцаар амархан өөд боллоо. Тэрээр жаран естэй, цоо эрүүл байсан. Би хоёрхон сарын өмнө түүнийг Делид аваачиж, эмнэлэгийн шинжилгээгээр оруулсан байлаа.

Чухам яг энэ агшинд Дээрхийн Гэгээнтэн Женевын чиглэлийн онгоцоор нисэж байсан бөгөөд Арафат гэнэт бодлоо өөрчлөн Швейцарт явахаа хойшлуулж шийдсэн байлаа. Онгоцны буудал дээрх алан хядах явдлын аюул ийнхүү зайлжээ. Хэдийгээр Дээрхийн Гэгээнтэний амьдралд заналхийлж байсан аюул өнгөрсөн ч, Дээрхийн Гэгээнтэний машины цуваа онгоцны буудлаас зочид буудал хүрэх замд төөрсөн байв. Гэсэн хэдий ч Дээрхийн Гэгээнтэнд ямарваа нэгэн хор хөнөөл учирсангүй. Дээрхийн Гэгээнтний амь насанд учирсан тотгорыг Сэркон Ринбүүчи амжилттайгаар өөр дээрээ авч, оронд нь өөрийн амьдралын энергийг өгсөн байжээ.

Өгөх, авах нь өрөөл бусдаас тотгоруудыг авч, тэдэнд аз жаргалыг өгдөг Бодьсадвагийн дэвшилтэт техник юм. Ринбүүчи энэ дадлагыг заах бүрийдээ, өрөөл бусдын зовлонд өөрсдийн амьдралыг золиослох гэсэн утгатай байсан ч өөрийн бие дээр үүрэхэд бид бэлэн байх хэрэгтэй гэж хэлдэгсэн. Тэр ямагт жишээ болгож Куну лам Ринбүүчигийн ярьдаг нутгийнх нь нэг хүн өөр нэгэн хүний толгойны гэмтлийг өөртөө үүрч, үүний үр дагавраар таалал болсон тухай дурьддаг байлаа. Рингбүчигээс бид, та бас үүнтэй адил үйл хийлээ гэхэд дэмий гарзтай хэрэг болох уу гэж асуухад тэрээр үгүй гэж хариулсан. Тэрээр тайлбарлахдаа, энэ бол дэлхийн хөгжил дэвшлийн төлөө өөрийн амь амьдралыг өргөдөг сансрын нисгэгчтэй адилхан гэдэг байв. Баатар зоригт огторгуйн нисгэгчийн жишээ, алдар цуу нь түүний гэр бүлд нилээд их төрийн тэтгэмжийн баталгаа өгдөг шиг, ламын золиос өргөлийн баатарлаг жишээ үлдэж, шавь нарт нь оюун санааны тэжээл болж өгнө.

Сэркон Ринбүүчи үхлийн шатны бясалгалын үед тунгалаг гэрэл дээр гурван хоногийн турш байрлав. Өөрсдийн төрөл арилжихуйг чиглүүлэн залах чадвартнууд энэ бясалгалд дахин төрөл олж, эргэн төрөгч лам нарын залгамж холбоог үүсгэн үргэлжлүүлж, залгуулах үйл явцын хэсэг болдог юм. Бясалгалын үед, тэдний зүрх халуунаараа, цогцосын амьсгал зогссон боловч задрал явагдахгүйгээр үлдэнэ. Энгийн үед их лам нар энэ байдалд хэдэн өдрөөр байж, үүний дараа тэдний толгой унаж, хамраас цус гарч, ухамсар нь цогцосоо орхин одсоныг харуулдаг.

Сэркон Ринбүүчигийн цогцсонд эдгээр тэмдгүүд гарахад, огторгуйд солонго гарч түүнийг шатааж оршуулах гэж товлосон нүцгэн толгой дээр ер бусын гэрэл цацрав. Дээрхийн Гэгээнтэний Дарамсалад байдаг Намгяал хийдээс оршуулгын ёслолд хуврагуудыг ирээч гэж хэлүүлсэн нь тэд цагтаа ирсэнгүй. Спитигийн лам нар ёсыг даруухан гүйцэтгэсэнийг Ринбүүчи өөрөө бас яг ингэж хүсэх байсан байхаа. Үүний дараахан удсан ч үгүй оршуулсан газраас анагаах увидастай цэнгэг уст булаг ундрав. Одоо ч ундарсаар буй энэ булаг мөргөлчдийн цугларч шүтдэг газар болоод байна. Яг есөн сарын дараа буюу 1984 оны 5 дугаар сарын 29-нд ахиад л Спитид эгэл нэгэн гэр бүлд Ринбүүчи дахин төрөл олов.

Хэдэн жилийн өмнө Ринбүүчи Цэрэн Чодраг ба Гүнсэн Чодран нэртэй эхнэр нөхөр хоёртой уулзсан юм. Тэр хоёр Ринбүүчид их сайхан сэтгэгдэл төрүүлсэн байв. Бурханы сургаалыг маш чанд хэрэгжүүлэгч тэд Ринбүүчид тэдний хамгийн гүн хүсэл бол хувраг ба гэлэнмаа болох юм гэж ярьжээ. Тэндэх тосгоны дарга нь тэдэнд хэрэггүй, хуврагийн амьдралд залуудаа гэр бүлтэй болж, насанд хүрснээр орох нь олон асуудал үүсгэнэ гэж зөвлөжээ. Тэд эхлээд хүүхдүүдээ халамжлах ёстой гэж, Ринбүүчи ч даргын зөвлөгөөг дэмжсэн байна. Эд бол дөрөв дэх хүүхэд нь болж дахин төрсөн Ринбүүчигийн эцэг эх нь байлаа.

Шавь нар нь үхлийн шатны бясалгалыг чадамгай эзэмшсэн Их ламтны хойд дүрийг тогтоох янз бүрийн аргуудыг хэрэглэдэг. Эдгээр аргуудад чадвараараа хамгийн өндөрт хүрсэн багш нарын зүүдийг шинжих зэрэг багтана. Сүүлийн нэр дэвшигч нь олон, яг адилхан харагдах эд зүйлс дотроос өөд бологч ламын хэрэглэж байсан хэд хэдэн зүйлийг таних хэрэгтэй. Дээрхийн Гэгээн Далай Лам ийм арганд ганцхан найдахаас сэрэмжлүүлсэн билээ. Буурьтай нэр дэвшигчээр тооцогдохын өмнө хүүхэд өөрийгөө таниулах тод томруун тэмдгүүдийг өгөх хэрэгтэй.

Спитигийн олон түмэн Сэркон Ринбүүчиг гэгээнтэн гэж үздэг, айл өрх бүрт түүний зураг бий. Бяцхан Сэркон Ринбүүчи хэлд ормогцоо, Ринбүүчигийн эцэг эхийн гэрийн ханан дээрх зургийг заагаад “Энэ бол би.” гэж хэлжээ. Наваан хожим нь хүүхдийг шалгаж үзэхээр очиход хүү тэр дороо өвөр дээр нь гүйгээд очжээ. Хүү түүнтэй буцаад хийддээ очъё гэж дагасан юм.

Түүний хэн болох гэдэгт хэн ч эргэлзсэнгүй. Спитигийн нэртэй эмэгтэйчүүд хэдэн жилийн өмнө энэ хөндийд дараагийн удаа төрөөч хэмээн Ринбүүчигээс гуйсан байлаа. Энэтхэгийн засгийн газраас тэдний алс холын бөглүү, хилийн мужид очих зөвшөөрөл авна гэдэг үргэлж асуудалтай байдаг юм. Ингэж төрлөө олох нь юм бүхнийг амар болгох байв. Түүний эцэг эх гүн хүндэтгэл хүлээж, хүүгээ дөрвөн нас хүрмэгц нь зөвшөөрлөө өгч, бяцхан Ринбүүчи Дарамсала руу одов. Эцэг эх нь түүн дээр үе үе ирдэг байсан ч, хүү тэднийг хэзээ ч асуудаггүй, бүр санадаггүй юм шиг санагддаг байлаа. Эхнээсээ л тэр хуучин гэрийнхээ гишүүдтэйгээ, яг гэртээ байгаа юм шиг байсан юм. Тэд түүний чин зүрхний гэр бүл байлаа.

Одоо 1998 онд эргэн төрсөн Сэркон Ринбүүчи арван дөрвөн настай. Тэр Мундгод дахь өөрийн хийддээ амьдарч, суралцаж, Дарамсалад жилд нэг юмуу хоёр удаа Дээрхийн Гэгээнтнийг гол сургаалиудаа хайрлахад хүрч ирдэг. Чонзэла болон Ринбүүчигийн хөгшин тогооч өөд болсон, Наваан хар болж гэрлээд одоо Непалд амьдарч байгаа. Ринбүүчи өөрийг нь тойлох, аж ахуй хөтлөх шинэ хуваргуудтай, тэднийг бүгдийг тэр өмнөх амьдралдаа сонгож авсан. Жишээлбэл, тэрээр өөрийн биеэр хоёр арван настай хүүг Спити, Киннаураас сонгож гэртээ авчран амьдралынхаа сүүлийн хэдэн сарын турш дэргэдээ байлгасан юм.

Хэдийгээр урьдах хүн шигээ адилхан хошин шогийн мэдрэмжтэй, буурьтай, бодит хандлагатай ч залуу Сэркон Ринбүүчи өөрийн гэсэн хувь хүний зан төлөвтэй. Нэг амьдралаас удаах төрөлд үргэлжлэх зүйл бол авъяас чадвар, дур сонирхол ба үйлийн үрийн холбоо байдаг. Түүнтэй харилцах харилцаандаа би ямар нэг байдлаар “Оддын хөлөг Энтерпрайс” киноны багийн нэг гишүүн Ахмад Керк удаах үеийнхэн болох “Стар Трек: Дараах мянган жил” киноны Ахмад Рикардтай хамт байгаатай төстэй байдаг.

Одоог хүртэл Сэркон Ринбүүчигийн хүмүүжилд би арын суудал дээрх үүргийг гүйцэтгэж ирэв. Урьдах Ринбүүчи өөрийнхөө ард түмэнд үйлчлэхийг голлон хүсэх байсан байх гэж би мэдэрсэн юм. Хэтэрхий олон том лам нар цаг, хүчээ Баруунд ба уламжлалт соёлын хүрээнийхээ гадна хэсэгт орших Азийн бүс нутгуудад номлож сургахад зориулсан. Буддизмийн Төвд хэлбэр бүрэн хэлбэрээрээ үлдэх ёстой юм бол төвдийн ирээдүй хойч үеийнхнийг сургах нь амин чухал билээ. Энэ нь яагаад вэ гэвэл, өнөөдөр Бурхан багшийн сургаал бүрэн бүтнээрээ зөвхөн Төвд хэлээр л хүртээмжтэй байгаа билээ. Ринбүүчи миний сургуулилт ба өөрийгөө хөгжүүлэхэд минь байж болох хамгийн сайн нөхцлийг бүрдүүлж өгсөн юм. Түүний сайхан сэтгэлийг хариулахын тулд би түүнд ингэж л хандахыг эрэлхийсэн.

Соёлын зөрчлөөс урьдчилан сэргийлэхийг хичээж, Ринбүүчигийн шинэлэг боловсролд би оролцоогүй. Үнэндээ түүнтэй дэндүү их харьцахаас зориудаар зайлсхийлсэн. Хэдийгээр бидний хоорондох ойр дотно холбоо биднийг учрах тоолонд анзаарахгүй өнгөрөх аргагүй илт мэдэгддэг. Өөрөө хичээллэхийн оронд би түүнд англи хэл, шинжлэх ухаан, нийгмийн ухааныг Энэтхэг дэх Төвдийн сургуулиудынхтай ижил хөтөлбөрөөр нутгийн Төвд багш нараар заалгахаар зохицуулж тусалсан. Ингэснээр Ринбүүчи өөрийн ард түмэнтэйгээ ойр байж чадна. Би бас түүнийг Баруун руу ерөөс авч яваагүй, түүнд компьютор эсвэл видео тоглуулагч авчирч өгөөгүй бөгөөд бусад хүмүүсийг ч ийм зүйлс түүнд өгөхийг хориглосон. Дахин төрөл олсон маш олон залуу лам нар, уламжлалт хуврагийн судалгаа, номонд автахаасаа компьютор тоглоом, байлдаантай видеонд илүү хорхойсдог.

Миний залж чиглүүлсэн маань хэр хувь нэмэр оруулсныг би мэдэхгүй, гэхдээ л Ринбүүчи аюулгүй байдлын гүн утгыг илэрхийлсэн өөрийнхөө унаган соёл дунд бүрнээ ая тухтай байгаа. Энэ нь түүнд болоод ирээдүйд түүнтэй учрах хүн бүрийн хувьд ач тустай байх болно. Өрнө дахины тухай эх сурвалжтай тэр дараа танилцаж болно. Удаах төрөлдөө дахин нэг удаа түүний шавь болохсон гэж би залбирнам.