Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Багш нар > Цэнжаб Сэркон Ринбүүчигийн хөрөг > Тавдугаар хэсэг: Ринбүүчигийн бусад чанарууд

Цэнжаб Сэркон Ринбүүчигийн хөрөг

Александер Берзин, 1998 он

Тавдугаар хэсэг: Ринбүүчигийн бусад чанарууд

Сэркон Ринбүүчи өөрийгөө Йогич эсвэл ямарваа тусгай хүчин чадалтай мэтээр хэзээ ч зүтгэж байгаагүй. Тийм хүний жишээг хэлэхийг бид хүсэхэд, тэрээр зөвхөн эрт дээр цагаас хайх шаардлагагүй гэж хэлсэн юм. Түүний эцэг Сэркон Доржэй Чан бол үүний яруу тод жишээ юм. Гандан Жанцей дацангийн хувраг байхдаа түүний эцэг оюун ухааны хамгийн гүний түвшинд хүрэх Йогийн тусгай техникүүдийг өөрийн гэргийтэйгээ хийж, Тэнцэшгүй дандарын ёслолын (Аннутара Йога) шатанд хүрчээ. Бүрэн төгс шатандаа энэхүү тэргүүний дэвшилттэй практик нь нарийн энергийн системийг бүрэн эзэмдэж, гадаад ба дотоод бодис болоод энергийг бүхэлд нь хянахыг шаарддаг. Бэлгийн амьдралыг тэвчих тангарагтай хүн ийм практик хийх нь хориотой. Дээрхийн Гэгээн арван гуравдугаар Далай Лам түүнээс чадлаа нотлохыг хүсэхэд нь Сэркон Доржэй Чан сарлагийн эврийг зангидаад өргөн барьсан гэдэг. Арван гуравдугаар Далай Ламтан ингэж үнэмшээд Сэркон Доржэй Чанд ийм түвшинд практикаа хийж эзэмшсэн дацангаа удирдахыг зөвшөөрчээ. Ринбүүчи дурсахдаа, түүнийг хүүхэд байхад уг эврийг тэд гэртээ хадгалж байсан гэнэ.

Сэркон Доржэй Чанг арван нэгдүгээр зууны үеийн орчуулагч Марав ламтаны хувилсан дүр гэж нийтээр хүлээн зөвшөөрдөг байжээ. Эцгийнхээ уламжлалыг өвлөн залгахаар төрсөн Марав ламтаны алдарт хүү Дарма Додэйгийн хувилсан дүр гэж Сэркон Ринбүүчиг үздэг байв. Тийм боловч нэг ч удаа үүнийг Ринбүүчи надад цухуйлгаагүй, эцэгтэйгээ өөрийгөө хэзээ ч харьцуулж байгаагүй. Гэвч Ринбүүчигийн дув дуугүй байдгийг үл харгалзан, түүний ойр дотны хүмүүст нь тэр мөн нарийн энерги хийнүүдийг хянан эзэмддэг, жирийн бус чадалтай гэдэг нь илт байсан юм. Ринбүүчи хүссэн үед нойрсож чаддаг байдал нь үүний зарим шинж тэмдгийг харуулж байв. Нэг удаа Ринбүүчи Висконсин Холбооны улсын Мэдисоны эмнэлэгт зарим шинжилгээний хүрээнд цахилгаан зүрхний бичлэг хийлгүүлэв. Ринбүүчи шинжилгээ хийлгэхээр хэвтэхдээ эрч хүчтэй шалмаг сэргэлэн байв. Гэвч эмчийг биеэ сул тавиарай гэж хэлэх зуур л Ринбүүчи хэдхэн секунтын дотор хурхирч байв.

Ринбүүчигийн экстрасенс хэт мэдрэхүйгээр ирээдүйг мэдэх чадварыг нь хэд хэдэн жишээнээс харж болно. Ринбүүчи Дээрхийн Гэгээнтэний Номын багш нарын нэг төдийгүй, бас зарим үед Дээрхийн Гэгээний гэр бүлийн гишүүдэд зөвөлгөө өгдөг байв. Ринбүүчи, албан ёсоор уулзалт товлоогүй л бол зарлигийн журам ёсоор Эрхэмсэг Ээжид ердийн үед хэзээ ч очдоггүй байлаа. Гэвч Эрхэмсэг Ээжийг өөд болж байхад, Ринбүүчи түүний байдлыг мэдрээд, зарчмыг зөрчин, түүн дээр сүүлийн удаа гэнэт зочлон ирсэн юм.

Нэг удаа Ринбүүчи Францын Лаваур дахь Важра Йогийн хүрээлэнд багшилж байгаад Парис явахынхаа өмнө хэд хоног завсарлалаа. Би найзуудтайгаа уулзахаар хамт давхия гэж санал болгосон хүнтэй түрүүлээд явахыг хүсэв. Парис руу ням гаригт явах зөвшөөрөл гуйвал Ринбүүчи “Сайн байна, чи даваа гаригт явнаа.” гэв. Би “Үгүй, үгүй. Би маргааш явна, ням гаригт.” гэж хариулвал Ринбүүчи “Маш сайн, чи даваа гаригт явна гэв.” Тэгэхэд нь би асуулаа. “Ням гаригт явбал эвгүйтэх үү? Би оронд нь даваа гариг хүртэл хойшлуулах уу?” гэхэд Ринбүүчи инээд алдаад “Үгүй, үгүй ер нь ялгаагүй болов уу?” гэсэн юм.

Тэгээд би Парис руу ням гаригт гарав. Замын дунд машин эвдэрлээ. Ням гаригт Парист авто гаражууд хаадаг учир бяцхан тосгонд шөнө нь буудаллав. Бид даваа гаригийн өглөө нь машинаа засуулаад, Ринбүүчигийн урьдчилан харснаар Парист би хожуу даваа гаригт ирсэн юм.

Ринбүүчи заримдаа алс хол байгаа зүйлсийг үзэх чадвар үзүүлнэ. Нэг өдөр, Дарамсалад Тушита бясалгал бүтээлийн төвийн захирал нэг ёслолыг удирдуулахаар Ринбүүчиг залав. Жийп төвд дөхөж байхад Ринбүүчи “Хурдлаарай! Тахилын өрөөг очиж шалга! Нэг зүйл уначихлаа.” гэв. Захирал дотогш ухасхийн ороод, нэг зул үнэхээр өнхрөөд уначихсан, түймэр гарахад яг бэлэн болсныг харсан юм.

Ринбүүчи хүмүүстэй үйлийн үрийн ямар төрлийн холбоотой болохоо зөвхөн мэдээд зогсохгүй, танихгүй хүмүүсийн тухай элдэв юм ярилгүйгээр мэддэгээ үе үе илрүүлнэ. Нэгэнтээ Висконсин Холбооны улсын Мэдисонд миний хуучин нөхдийн нэгэн Ринбүүчиг анх удаа үзэхээр ирлээ. Миний найз зүв зүгээр байсан ба мөн би түүний марихуанд (хар тамхины төрөл) орсныг Ринбүүчид ер цухуйлгаа ч үгүй байхад Ринбүүчи түүнд хар тамхи татахаа зогсоох хэрэгтэй гэж хэлсэн. Энэ нь түүнийг хөгжихөд саад болж байна гэв. Ринбүүчигийн уулзсан бүх Барууныхан дотроос миний найз марихуаны талаар зөвлөгөө авсан цорын ганц хүн байв.

Ринбүүчи бусдын олон хөнөөлт зуршил, хандлага, сонирхлыг олж хардаг байсан ч тэдний алдаа дутагдал, эндлийг нь тэдэнд ямагт чадварлагаар зааж хэлдэг байсан. Нэгэн удаа Ринбүүчи Непал руу хэдэн сараар явсан хойгуур ажил дээр минь хувийн хүндрэлүүд гарлаа. Дээрхийн Гэгээнтэний “Бодьсадвын Явдалд Орохуй” хэмээх айлдварыг намайг орчуулж байхад, бид хоёр Бодь Гаяад уулзалдав. Намайг ажил хэргээ маш тэнэг хөтөлж байгааг шулуухан хэлэхийн оронд Ринбүүчи орчуулж байгаа эх бичигт хандав. Хуудсуудыг гүйлгэн хараад тэр хэд хэдэн үгсийг зааж эдгээр нь юу гэсэн үг болохыг мэдэх үү гэж асуув. Эдгээр үгс нь миний тулгараад байсан асуудлуудтай яг холбоотой байлаа. Ринбүүчи тэр үгсийн бүх хамаарах хоёрдох утгуудыг тайлбарлан, үйл явдлын өрнөлийг үүгээрээ чиглүүлэн нөхцөл байдлыг сайжруулав.

Нэг удаа чинээлэг, настай Швед эмэгтэй Ринбүүчиг таксигаар Цюрих хотын хамгийн үнэтэй чамин их дэлгүүрт аваачиж оруулав. Ринбүүчи их дэлгүүрээс гарахдаа, ямарваа хүнд үнэхээр хэрэгтэй нэг ч зүйл энд алга гэж тэмдэглэв. Тэр эмэгтэйгээс, Тролейбусаар гэртээ харьцгаах уу? гэж асуугаад, Хүмүүс нийтлэг жишгээр хэрхэн аялж явцгаадгийг харах нь хөгжилтэй байх болно гэв. Эмэгтэй ичиж сандран, амьдралдаа хэзээ ч тролейбусаар явж үзээгүй, яаж ашигладаг, хэрхэн ордог, гардаг болохыг мэдэхгүй гэдгээ хүлээв. Энэ маягаар Ринбүүчи түүнд маш зөөлнөөр эгэл амьдралаас хир тасарсныг нь харуулсан юм.

Өөр нэг удаа Ринбүүчиг Цюрихийн ойролцоо маш том тансаг харшид буухыг урьсан бөгөөд энэ харшид амьдардаг эмэгтэй, ийм баян тансагт умбах нь өөрийг нь маш тавгүйтүүлдэг байжээ. Тэр энгийн амьдарч, газар дээр буухыг илүүтэйд үздэг байв.Тэр царсан хавтангаар ханыг нь доторлосон номын сангийн өрөөг, байшин дахь хамгийн сүрлэг гоё өрөө болохоор Ринбүүчид зориулж бэлтгэсэн байв. Ринбүүчи өрөөг ганцхан хараад л үүний оронд хаалттай нарны сүүдрэвчинд хононо гэж зүтгэв. Тэр эмэгтэйд майханд амьдрах хичнээн их дуртайгаа ярилаа. Нарны сүүдрэвч нь түүнд цэцэрлэгийн үзэгсгэлэнт байдал, доор харагдах нууртай газар нэг майханд байсныг нь санагдуулжээ. Ийм маягаар Ринбүүчи харшийнх нь олгож буй илүү энгийн таашаалуудыг үнэлж баясахад нь тэр эмэгтэйд тусалсан юм.

Ринбүүчи бусдад ямар арга зам шаардлагатай, боломжтой байна тэр бүхнийг ашиглан тусална. Италийн Помаяад эд баялагт хүрэхтэй холбоотой Бурхан багшийн дүр болох Шар дарь эхийн дадлагад зөвшөөрөл хүртэх ёслолыг хийж байхдаа Ринбүүчи ёслолыг явуулахад зориулж Шар дарь эхийн дүрийг Итали ядуу зураачид өгч зуруулахаар гуйсан юм. Түүнийг зурснаар энэхүү бясалгалын дадлагаас цэцэглэн дэвжихийн ашиг тусыг тэр зураач хүртэх үйлийн үрийн холбоо тогтох болно. Энэ төвд болсон өөр нэг тохиолдол бол Ринбүүчи эцэг эхийнх нь гэрт хулгай орсон нэгэн залууд жаахан мөнгө өгсөн явдал юм. Энэ нь тэдний гэр бүлийн хишиг, эд баялгийг сэргээхэд ивээлт эхлэл болж үйлчлэх болно. Төвд хэл сурах ямар ч сонирхолгүй, чадна гэдэгтээ итгэлгүй Алан Тернер хэмээх Британиас гаралтай ойрын шавьдаа ирээдүйд хэзээ нэг цагт соёолох, үрийг суулгах Төвд цагаан толгойг амаар дамжуулсан юм. Мөн миний Төвд хэлний судалгаа уналтанд ороод, цааш ердөө явцгүй болоход Ринбүүчи надтай хамт Төвд толь бичгийг нарийвчлан үзэж эхэлсэн бөгөөд үг бүрээр надаар өгүүлбэр бичүүлэх болов.

Ринбүүчи бас маш сайн дипломат байв. Тэрээр хэн нэг хүний үнэн сэтгэлээсээ өргөж буй зүйлийг үргэлж хүлээн авах хэрэгтэй, ялангуяа бидний татгалзал тэр хүний сэтгэлийг эмзэглүүлэх тул бидний хүлээн авах нь гэм хал учруулахгүй бол авч бай гэж хэлдэг байв. Тийнхүү Ринбүүчи чихэрлэг зүйлд дургүй байсан ч, түүнд зориулан бялуу жигнэсэн бол тэр зүйлийг урам зоригтойгоор идчихнэ. Үнэндээ нөгөө хүний өөртөө итгэхэд нь тустай тул Ринбүүчи Наваанаас жорыг бичиж ав гэж хүсэх болно.

Юуны өмнө Ринбүүчи туйлын нээлттэй, ухаантай, олон талтай хүн байлаа. Буддын шашны ямар бүлэг урсгал Гаржүдба, Нямаба, Сажаба, Гелугба, Зэн аль нь ч түүнийг залсан тэр тухайн уламжлалын хэв маягаар сургана. Энэхүү уян хатан чанар нь Бурханы шашны хязгаараас давж гарна. Нэг удаа Милан хотод католик шашинтай эмэгтэй “Би Аварлыг болон бодь сэтгэл, Дандарын ёс хоёуланг нь хүлээгээд авчихсан юм чинь сүмд очих нь буруу болов уу?” гэж асуув. Ринбүүчи, “Буруу юм алга. Өөр шашны хайр ба нигүүлслийн сургаалиуд дээр та төвлөрөх юм бол, Аврал ба Дандарын ёстой адил чигэлэлээр л явж байгаа хэрэг биш гэж үү?” хэмээн хариулсан юм.