Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Багш нар > Цэнжаб Сэркон Ринбүүчигийн хөрөг > Хоёрдугаар хэсэг: Ринбүүчигийн амьдрал, хувь хүний зан төлөв

Цэнжаб Сэркон Ринбүүчигийн хөрөг

Александер Берзин, 1998 он

Хоёрдугаар хэсэг: Ринбүүчигийн амьдрал, хувь хүний зан төлөв

Урьдах Сэркон Ринбүүчигийн гэрэл зураг Цэнжаб Сэркон Ринбүүчи нь үсээ хусуулсан, улаан лам дээлтэй, маш том хүн байсан бөгөөд гүн зураас болсон нүүр нь түүнийг наснаас нь илүү ахимаг харагдуулдаг байв. Даруухан, ухаалаг төлөв болоод хошин зан нь түүнийг үлгэр домогт гардаг мэргэдийн язгуур дүр шиг болгодог байлаа. Энэ чанар нь түүнтэй уулзсан Барууныхны анхаарлаас тойрч гардаггүйсэн. Жишээлбэл, “Оддын дайн” алдарт киноны бүтээлчид Дарамсалад түүнийг хармагцаа туульсын киноныхоо оюуны удирдагч Иодагийн дүр болгохоор шийдэж билээ. Ринбүүчи тэр киног ерөөсөө үзээгүй ч, тэрээр энэ хөгжилтэй дүрийг харвал эргэлзээгүй баясаж инээх л байсан нь лавтай. Ринбүүчигийн хамгийн гарамгай тал нь гэвэл түүний Дээрхийн Гэгээн Далай Ламтай харьцах харьцаа нь байсан юм.

Далай Ламтан бол Төвдийн шашны болоод төрийн тэргүүн. Түүний залгамж нь төрөл дамжин үргэлжилдэг. Далай Ламыг жанч халахад хамгийн ойр дотнын хүмүүс нь, түүнийг бяцхан хүү болж эргэн төрөхөд нь таньж тодруулан, төрсөн газрыг нь тогтоох нарийн ёс жаягийг мөрдөнө. Дараа нь шинэ Далай Лам хамгийн сайн мэрэгшсэн багш нараас боловсрол хүртэнэ. Эдгээр чиглүүлэгчдэд ахлах ба туслах зөвлөх багшаас гадна “Гэрийн багш” хэмээн орчуулагдах Чойрын гүн ухааны номын мэтгэлцээний удирдагч багш нар болох долоон Цэнжаб багтана.

Төвдийн Буддизм нь Энэтхэгээс янз бүрийн өөр өөр уламжлал дамжин ирсэн ч суурь үндсэн номлолууд нь зарчмын гол зөрчилгүй, гол дөрвөн урсгалтай. Далай Ламын есөн багш нар нь Гелугба урсгалынх, энэ нь тэдгээр дөрвөн урсгалын хамгийн том нь юм. Тэрээр үндсэн суурь боловсролоо гүйцээсний дараа гурван бусад уламжлал Нямаба, Гаржудба болон Сажаба ёсны багш нараас суралцана.. Долоон Цэнжаб нь Төвдийн нийслэл Лхасын ойролцоох долоон том Гелугба урсгалын хийд нэг бүрээс ирдэг. Тэднийг эрдэм мэдлэг, бясалгал бүтээлийн чадвар болоод юуны түрүүнд зан төлөвийн нь тогтоцыг харж сонгодог. Цэнжаб Ринбүүчи нь Гелугба урсгалыг үндэслэгч Богд Зонхов өөрөө байгуулсан Жанцей Гандан хийдээс томилогджээ. Тэрээр 1948 онд суудлаа хүлээн авахдаа гучин дөрөвтэй, Далай Лам гучтай байв. Тэр 1959 онд Дээрхийн Гэгээнтэнийг Энэтхэг рүү дүрвэн гарахад нь долоон Цэнжаб нараас хамт гарч амжсан цорын ганц Цэнжаб байлаа.

Ринбүүчи Дээрхийн Гэгээнд эхлээд Лхаст хожим нь Дарамсалад 1983 оны 8 дугаар сард жанч халах хүртлээ үнэнчээр зүтгэсэн юм. Түүний гол үүрэг нь Дээрхийн Гэгээнтэний суух бүх хичээлд байлцаж, Дээрхийн Гэгээнтэний зөв ойлголтыг бататгахын тулд, дараа нь түүнтэй дагсал хаялцахад оршиж байв. Дээрхийн Гэгээн Ринбүүчиг суух хичээл болгондоо хамт байлцахыг хүсэж, шалдаг байсан нь үнэн хэрэгтээ, ингэснээр боловсрол дадлагын бүхий л өргөнийг нь ядахнаа өөр нэг лам түүнтэй хуваалцахад оршиж байжээ. Ийнхүү Ринбүүчи Дээрхийн Гэгээний адил Төвдийн бүх дөрвөн уламжлалын багш болов. Түүний туршлага, мэдлэг нь Бурханы сургаалийн дадлага, сургалтын хоёр үндсэн аймаг болох Сударын ба Дандарын аймгийн бүхий л цар хүрээг хамарсан юм. Сударын ёс нь үндсэн суурь сургаалуудыг дамжуулдаг байхад Дандарын ёс нь өөрийгөө хувилгах гүний ёзоор хүрсэн аргуудыг агуулдаг юм.

Түүнчлэн Ринбүүчи Төвдийн уламжлалт урлаг ба шинжлэх ухааныг эзэмшсэн хүн байв. Жишээлбэл, Тэрээр Дандарын ёсны зан үйлд хэрэглэгдэх хоёр ба гурван хэмжүүрт Билэгдлийн орчлонгийн системүүд (Мандал) ба шүтээнийг хадгалахад хэрэглэх янз бүрийн маягийн Дурсгалуудыг (Суварга) хэмжиж, босгон байгуулахад мэргэжлийн шинжээч байв. Цаашилбал тэрээр яруу найраг, цомнол, Төвд хэлний мастер нэгэн байсан юм. Түүний сургалтын хэв маяг, уран гоё мэдрэмж нь түүний техникийн нарийн ширийнийг анхаарах сонирхолтой нь сайхан хосолж байдагсан.

Сэркон Ринбүүчи бас Төвдийн Мэрэг төлгийн (Мо) системд бас мэрэгжсэн нэгэн байлаа. Энэ системд хүн бясалгалын төвлөрсөн төлөвт орж гурван шоо хэдэнтээ хаяад, онцгой шийдвэр гаргах болсон хүмүүст туслах үүднээс үр дүнг нь тайлж өгдөг. Түүнээс гадна тэрээр бас Төвдийн зурхайг мэддэг байв. Энд гаригуудын байрлалыг тооцоолохдоо нарийн төвөгтэй математикийг чадамгай эзэмших явдал багтана. Түүний эдгээр далдын (эзотерик) судалгаанд хандах маяг нь ямагт бодит амьдралд ойр, “буурьтай” байдаг байв. Тэдгээрийг нэмэлт хэрэгсэл болгохдоо хүний эрүүл ухааны дүн шинжилгээний оронд тавьж байсангүй.

Ринбүүчи хэдийгээр албан ёсны чухал байр суурьтай, өргөн мэдлэгтэй боловч үргэлж номхон даруу байдагсан. Яг үнэндээ Дээрхийн Гэгээний гол багш нарын нэгэн болох тэрээр ялангуяа Тарнийн (Дандарын) ёсны системүүдийн хамгийн нарийн төвөгтэй Цогт цагийн хүрдэний (Калачакра) багш байсан, өөрийн “Од болсон шавьдаа” Тарнийн ёсны олон адислалыг хүртээсэн мөртлөө тэр хэзээ ч “Зөвлөх багш” хэмээх англиар дуудуулах дургүй байсан юм. Тэрээр Цэнжаб цолыг үгчлэн “Дагсалын зарц” гэж орчуулуулахыг хүссэн бөгөөд гэхдээ эцсийн эцэст “Номын мэтгэлцээний удирдагч багш” гэж хөрвүүлэхийг зөвшөөрч билээ.

Сэркон Ринбүүчи Дээрхийн Гэгээнтэнд албан ба албан ёсны бус хоёр маягаар үйлчилсэн юм. Жишээлбэл, Дээрхийн Гэгээнтэй тусгай бясалгал бүтээлийн дадлагууд, зан үйлийн ёслолуудыг (Пужа) бүх хорвоо дэлхийн болон тухайлан өөрийн ард түмний сайн сайхны төлөө байнга үйлддэг байв. Эдгээрийн заримыг тэрээр хувиараа, заримыг нь тоотой хэдэн шилмэл хуваргуудтай, заримыг нь чуулган олны өмнө хийдэг байсан. Дээрхийн Гэгээнтэн заншиснаараа Ринбүүчигээс эдгээр үйл ёсонд түүнтэй цуг оролцож, ёслол гүйцэтгэхийг эсвэл өөрөө бусад асуудлаар дэндүү завгүй бол өөрийнхөө өмнөөс уг ёслолыг тэргүүлэх буюу орлохыг хүснэ. Цаашилбал, Дээрхийн Гэгээнтэнийг номлол айлдаж байхад Ринбүүчи баруун талд нь сууж, шаардлагатай бол Дээрхийн Гэгээнд үг нэмэрлэж, Дээрхийн Гэгээнтэн хүсвэл ямарваа эргэлзээтэй асуудалд нь хариулдаг байв. Зарим хүмүүс Дээрхийн Гэгээнтэнд сургаал, уламжлалыг шууд хүргэх зориг хүрэхгүй бол Ринбүүчигээр дамжуулна. Ринбүүчи оюун билгийн юүлүүр мэт дараа нь тэдгээрийг Дээрхийн Гэгээнтэнд өргөнө.

Дээрхийн Гэгээнтэн зөвлөхөө болон түүний бодлогыг хийдүүд ба олон түмэнд хүргэх дарга, олон түмний удирдагч гэдэг утгаар Сэркон Ринбүүчид гол төлөв хандана. Үүний гол учир нь Ринбүүчи шашны ба төр, нийгмийн аль ч хүрээнд гаргууд дипломат байсных билээ. Тэрээр орон нутгийн маргаантай асуудлуудыг олонтоо бясалгаж, хэлэлцээр, тогтоол гаргахад өөрийн мэдэх цар хүрээнд Дээрхийн Гэгээнтэний яамуудад зөвөлгөө өгнө. Хошин шогийн мэдрэмж нь түүний дипломат ур чадварыг ихээр тэлнэ. Хүмүүс түүнд хошин наргиантай түүх ярьж өгөхөөр олонтоо ирнэ. Түүнийг хөхөрч маш их таалдагт нь биш, бусдад өөрөө тийм түүхийг маш сайхан ярьдаг болохоор нь тэр байв. Түүнийг инээж хөхөрхөд, хамаг бие нь хөдөлж эргэн тойрны хамаг амьтанд энэ нь бүхэлдээ халдварлана. Бодит мэргэн ухаан ба чин сэтгэлийн хошин зангийн энэ хослол уулзсан болгоны хайрыг булаадаг байлаа.

Ринбүүчи Хятадын халдлагаар Төвдөд устгагдсан олон арван хийдүүд ба гэлэнмаа нарын хийдийг Энэтхэгт дахин байгуулахад тусалсан юм. Уламжлалт зан үйлээ дахин үргэлжлүүлэх бололцоотой болоход нь тусалж, тэрээр адислал хүртээж, ном айлдаж үүнийг гүйцэтгэсэн юм. Амьдралынхаа туршид ойр харьцаатай байсан төрийн хоёр дагшинт Чойжин Нечун болон Гадон хийдүүдэд онцгойлон ном айлдаж, адислал хүртээж тусалсан. Ринбүүчи Дээрхийн Гэгээнтэнд гол зөвлөхөөр зүтгэж байсан шиг төрийн дагшинт Чойжингууд нь Дээрхийн Гэгээн Далай Ламтаны уламжлалт далдын хүчний зөвлөхүүд юм. Тэд трансын төлөвт орж Дээрхийн Гэгээн Далай Ламд зуучаар дамжуулж хэлнэ. Ринбүүчи тэдгээр зуучийн оюун билгийн сургалт, дээдийн мэргэн ухааны суваг цэвэр байхыг хянаж удирддаг байлаа.

Ринбүүчи Бурханы шашны ном сургаалыг хүртээж дуулгахын төлөө хэзээ ч бэрхшээлээс зугтаж байгаагүй юм. Жишээлбэл: Нэг зун Цогт цагийн хүрдэний талаар Куну лам Ринбүүчигээс удирдамж хүртэхийн төлөө Бодь Гаяагийн шатам халууныг туулж билээ. Энэтхэгийн Гимлайн хэсэг дэх Төвд соёлын бүс болох Киннаураас гаралтай энэ агуу Их багш хамаг олон Төвдүүдийн Бодьсадва хэмээн хүлээн зөвшөөрсөн орчин үеийн цорын ганц амьд Номын багш байсан юм. Бодьсадва гэгддэг нь, бусдын тусын төлөө гэгээрэлд хүрэхэд бүрэн өөрийгөө зориулсан, бүрмөсөн өөрийгөө умартсан нэгэн болно. Бодь Гаяа бол Бурхан багшийн бодь модны доор гэгээрэлд хүрсэн ариун газар юм. Энэ нь Энэтхэгийн хамгийн ядуу, хамгийн халуун нутаг, зундаа халууны хэмжээ цельсийн 50 градус хүртэл өгсдөг. байнгын цахилгаан тасалддаг, ус хомс, агааржуулагч байхгүй бөгөөд энэ газар байх нь маш хүнд сорилт бөгөөд Куну лам тэнд сэнс ч байхгүй, цонхгүй бяцхан өрөөнд тогтмол амьдарч байв.

Ринбүүчи Энэтхэг, Непал, Өрнөд Европт хоёр ч удаа Хойд Америкт ном айлдаж, ихээр аялж зорчсон. Том том хотуудад очиж байсан ч жижиг алслагдсан бөглүү, багш нар ховор, бусад хүмүүс явахыг хүсдэггүй газруудыг ямагт илүүд авч үзнэ. Тухайлбал, тэр заримдаа Энэтхэг Төвдийн дивизийн цэргүүдэд ном айлдахаар сарлаг унаад явдаг байв. Өндөрлөг газарт майханд хонож, тав тухыг огт харгалздаггүй байж билээ.

Энэ алс хол, бөглүү, хил хязгаарын нутгаас Ринбүүчи өндөрлөг, Энэтхэгийн Гимлайн хөндийтэй залгаа Киннаурын Спититэй онцгой нягт харьцаатай байсан. Энд л тэр жанч халсан, бас дахин төрсөн билээ. Мянган жилийн өмнө энэхүү нүцгэн сул шороо бүрхсэн дүүрэг нь Төвдийн нутагт багтаж, Бурханы шашны сэргэн мандалтын төв болж байв. Өнөө цагт харин мянган жилийн урьд байсанд хүрэхгүйгээр жишиг унажээ. Хуваргууд бэлгийн харьцааг тэвчих, архийг огоорох тангаргуудаа мартжээ. Тэд Бурхан багшийн жинхэнэ ном сургаалыг сурч, хэрэгжүүлэх нь тун барагтай болсон байв.

Энэ хөндийд Ринбүүчи таван удаа очсоноор хоёрдах сэргэн мандалтыг бүтээхийг оролджээ. Үүнийг хийхдээ тэрээр Спити дэх хамгийн эртний хийд Табо Гонпаг сэргээн өргөж, хуваргуудад нь адислал соёрхоон, уламжлалт зан үйлийг нь амаар дамжуулжээ. Тэд эрдэмт Номын багш нарыг гаднаас залж авчран, нутгийн хүүхдүүдэд зориулж сургууль байгуулав. Эцэст нь Ринбүүчи 1983 оны 7 дугаар сард Дээрхийн Гэгээн Далай Ламыг Табод Цогт цагийн хүрдэний авшиг хүртээлгэхээр залах ажлыг зохион байгуулав. 1027 онд Энэтхэг Төвдөд Цогт цагийн хүрдэний сургаалыг нэвтрүүлсэн нь уг нутагт болсон онцгой үйл явдал бөгөөд тэндэх төөрөгдлийн урт үеийн дараа Бурханы шашин дахин тогтохын баталгаа болсон юм. Энэ адислал ийм зорилгод хүрнэ гэж тэрээр найдаж байсан.

Сэркон Ринбүүчи бас сургаал номлолыг их ивээн тэтгэгч нэгэн байсан юм. Жишээлбэл, тэрээр Спитид түүнд ямарч өргөл өргөсөн, тэр хийдэд нь эргээд хандивладаг байв. Түүний энэ харамгүй хандиваар Табо Гонпа хийдэд нутгийн хүмүүс гурван өдөр цуглан Маань хөгжөөх жил бүр болдог залбирлын наадмыг эхлүүлэх бололцоо нээгдсэн юм. Энэ ариун Маань нь (Мантра), нигүүслийн биелэл болсон Бурхан багшийн дүр (Ядам) Жанрайсиг Бурхантай (Авалокитешвара) холбоотой бөгөөд Төвдийн Буддизмын бүх сүсэгтнүүдэд онцгой ойр дотно билээ. Энэ Мантра буюу Маанийг унших нь хамаг амьтныг хайрлах сэтгэл дээр төвлөрөхөд тусалдаг.

Ринбүүчи Өрнө дахинд хийсэн анхны аялалаараа хүртсэн өргөлийг Цогт цагийн хүрдэний Бурхан багшийн дүрийг дүрсэлсэн, асар том зээгт наамлыг бүтээхэд зориулав. Түүнийгээ тэр Дээрхийн Гэгээнд бясалгалын энэ системд адислал хүртээхээр янз бүрийн газарт аялахдаа хэрэглэтүгэй хэмээн бэлэглэсэн юм. Тэрээр бас энэ мөнгөөрөө Богд Зонховын амьдралын тухай бүрэн хэмжээний зургийн цуглуулгыг бүтээлгэж, Гандан Жанцей хийддээ бэлэглэжээ. Хэдэн жилийн өмнө мөн Өмнөд Энэтхэгийн Мундгодод уг хийдийг сэргээн байгуулахад тусалсан билээ. Өрнөдөд хийсэн хоёр дах аялалынхаа үеэр хүртсэн хандиваараа Мундгодын Брэбун хийдэд хурах 4000 хувраг хандмаа нарт өргөн их өргөл барьж, 1983 онд Энэтхэгт анхны удаа бүтнээрээ хийгдсэн Монлам баярт зориулан өргөсөн юм. Монлам баяр бол уламжлал ёсоор Лхасад бүх сахил хүртсэн лам нар цугларч, нэг сар хамтран шашин шүтлэгтээ сүсэглэх залбиралын наадам билээ.

Хэдийгээр Ринбүүчи зан үйл ба зарлигийн багш байсан ч тэрээр дээгүүр зангүй, ёсорхог, албархаг байдалд дургүй байсан билээ. Баруунд тэрээр аялж байхдаа жишээ нь, хэзээ ч гоёмсог хээ угалзтай эд юмс буюу угалзтай зураг авч явдаггүй байв. Хаана ч адислал хүртээсэн тэрээр шаардлагатай ямарч дүрийг өөрөө зурж, тахилын балинг жигнэмэг бялуугаар орлуулж, зан үйлийн бумбаны оронд цэцгийн сав эсвэл бүр сүүний лонх ашиглана. Аялалынх нь үеэр болж байсан хоёр сар тутмын Цог ёслолд тусгай бэлдсэн зүйл болох адисласан архи, мах, балин, жимс, чихэр байхгүй бол оронд нь өөрсдийнх нь барьсан ямарч хоолыг чимээгүй л өрөгдөгсөн.

Түүнээс гадна Ринбүүчи Бурханы сургаалыг ямагт сонсогчиддоо тааруулан толилуулдаг байв. Нэгэн удаа Ринбүүчиг Нью Йоркийн Воодстокийн ойролцоох Тремпер уулын Зэн сургалтын төвд урьж билээ. Гишүүд түүнээс мэргэн ухааныг биелэл болгох Бурхан багшийн дүр Манзушрийн (Зөөлөн эгшигт) дадлагад зөвшөөрөл авах Женан буюу даган соёрхол авах ёслол хүртээхийг хүсэв. Зэн уламжлалын эгэл жирийн байдалтай нийцүүлэн, газар сууж, Ринбүүчийн сэнтийн дээр, гоё тансаг ёслолгүйгээр Женан ёслолыг хүртээсэн билээ.

Цэнжаб Сэркон Ринбүүчи нь жинхэнэ Кадампа Гэвш гэж Дээрхийн Гэгээн хэлэх нь олонтоо байв. Кадампа Гэвш нар нь арван нэгээс арван гуравдугаар зууны Төвдийн Бурханы номлолын багш нар бөгөөд дадлагаа чин үнэнч, шууд хэрэгжүүлдэг, хүлцэнгүй, дуулгавартай чанараараа алдартай байжээ. Нэг удаагийн уулзалтанд Дээрхийн Гэгээн жишээлбэл, Ринбүүчигийн талаар, даруухан байх ямарч шаардлагагүй нэг л хүн энд даруухан сууж байхад өөр бусад нь бүгд ихэмсэг сууж байна гэж байсан юм. Нэг удаа Римбүчигээс, Таны өгөх хамгийн гол сургамж юу вэ? гэж асуухад, ямагт даруухан, дээгүүр зангүй байж, халуун сэтгэлийг өвөрлөн, хүн бүрийг жинхэнэ ёсоор үзэж бай гэж хэлсэн юм.

Ринбүүчи өөрийн амьдарлаа бүхэлд нь энэ л сургамжийнхаа дагуу өнгөрөөсөн. Нэг удаа Ринбүүчи Италийн Милан хотод нэгэн айлын сайхан том байранд буусан билээ. Энэ хотод ирэхдээ, ихэнх өндөр дээд зэргийн лам нар энэ л айлд буудаг байлаа. Энэ айлын эмэг эх өөрт нь эдгээр бүх лам нар дотроос Сэркон Ринбүүчи хамгийн их таалагдсан гэж билээ. Бусад нь өөрсдийн өрөөндөө маш ёсорхог сууж, тэрүүхэндээ хоололцгоодог гэнэ. Гэтэл Сэркон Ринбүүчи өглөө эрт гал тогооны өрөөнд дотуур банзал, дотуур цамцтайгаа орж ирэн, хоолны ширээнд сууж, ердийн байдлаар цайгаа ууж, эрхээ эргүүлэн, тарни тоолох бүрнээ амарлингуй инээмсэглэн суухад, айлын эмээ өглөөний цай бэлдэж байдаг байлаа.

Ринбүүчи түүнчлэн ихэмсэг зан гаргахгүй байх тухай бусдад зааж сургадаг байв. Нэгэн удаа Францын Лаваур дах Наланда дацангийн Барууны гаралтай хуваргууд гурван өдрөөр ном айлдахаар Ринбүүчиг урьсан юм. Тэд наймдугаар зууны үеийн Энэтхэгийн их багш Шантидевагийн “Бодь садын явдал мөрд орохуй” (Санскрит хел:Bodhicharyavatara) гэдэг зохиолын туйлын хүнд бүлгийг тайлбарлуулахыг хүсэв. Ринбүүчи хоосон чанарыг хэн ч гүйцэж чадамгүй, нарийн боловсронгүй, төвөгтэй түвшинд тайлбарласнаар яриагаа эхлэв. Тэгээд Ринбүүчи яриагаа зогсоож, ийм дээгүүр санаатай байгаа лам нарыг зэмлэн загнав. Тэр тэдэнд Богд Зонгхов хоосон чанарын тухай зөв ойлголтонд хүрэхэд маш төвөгтэй тул урьдчилсан бэлтгэл дадлагад маш их чармайлт зүтгэл зарцуулсан байхад, тэд яаж ийм амархан гэж санаж, гуравхан өдрийн дотор суудалд суухыг бүхэлд нь ойлгож чадах юм бэ гэж хэллээ. Тэгээд Ринбүүчи номыг хуврагууд мөрдөж чадах, арай энгийн түвшинд үргэлжлүүлэн заав.

Нэгэн удаа Ринбүүчи Өрнө дахинд ийм олон хүн Бурхан багшийн сургаалыг чин сэтгэлээсээ сонирхож байгаагаас өөр сайхан сэтгэгдэл төрүүлсэн зүйл үгүй гэж хэлсэн билээ. Тиймээс удирдамж хүссэн хэний ч болов сонирхлыг тэрээр хүндэтгэн үздэг байлаа. Хэдийгээр тэдний ойлгож чадах түвшинд л зааж сургах мөртлөө, уг хүний өөрийнх нь төсөөлж байсан чадлын хүрээнээс арай илүү түвшинд татан гаргаж ирдэг байв. Ринбүүчи циркэд дуртай байсан ба баавгай хүртэл дугуй унаж сурч байхад чадварлаг арга тэвчээртэй хүн төрөлхтөн ямар ч зүйлийг сурна гэж ярьдаг байж билээ.

Нэг удаа хиппи маягийн Барууны орны Бурханы сургаалийн тухай мэдлэггүй хар тамхинд мансуурсан нэгэн Ринбүүчигээс Наропагийн зургаан дасгалд сургахыг гуйдаг юм байна. Ердийн тохиолдолд энэ туйлаас дэвшилттэй сэдвийг эрчимтэй бясалгалд олон жилийг өнгөрөөсний дараа судалдаг юм. Залууг шал дэмий сэхүүн хэмээн үл тоомсорлохын оронд түүнийг сонирхсон нь гойд сайн хэрэг гээд Ринбүүчи зөвшөөрөв. Эхлээд тэр өөрийгөө бэлдэх хэрэгтэй болноо доо. Тиймээс Ринбүүчи түүнд урьдчилсан дадлагуудыг сургаж байв. Хүмүүсийн өөрийгөө хөгжүүлэх сонирхолыг анхааралтай хүлээн авснаар Ринбүүчи барууны олон хүмүүст биеэ жинхэнэ ёсоор буйр суурьтай авч үзэхэд нь урам хайралсан билээ. Энэ нь тэдэнд оюун билгийн зам мөрөөр урагшлахад нь асар ихээр тусалсан юм.

Дээрхийн Гэгээнтэн, Пап ламтан, гудамжинд хөлчүүрсэн хүн, эсвэл бүлэг бяцхан хүүхэд, хэнтэй ч уулзаж учирлаа гэсэн Ринбүүчи бүгдтэй нь уужуу тайван, адилхан, хүндэтгэж харьцдаг байв. Тэрээр хэзээ ч басамжилж, ивээл хишиг эрэлхийлж, хэн нэгэнд сэтгэгдэл төрүүлэхийг оролддогүй байсан. Нэг удаа, Нью-Йоркийн Итака дахь “Мэргэн ухааны алтан бэрээ (саваа) төв”-ийн гишүүд хүүхдүүдэд нь зориулж үг хэлэхийг Ринбүүчигээс хүслээ. Тэрээр хүүхдүүдийг залуу, нээлттэй ухаантай учир тэднийг ямар ихээр хүндэтгэдгээ ярьсан юм. Тэд өөрсдийн эцэг эхээсээ давсан нөөц бололцоотой гэв. Ийм маягаар тэрээр хүүхдүүдэд өөрсдийгөө хүндэтгэж явахыг хэлж, урам өгөв.

Хэдийгээр Сэркон Ринбүүчи уулзсан хүмүүсийнхээ үйлийн үрийн харьцааг харж чаддаг байсан ч, өөрийн чадахаас илүү туслах чадвартай мэт дүрийг хэзээ ч үзүүлж байгаагүй. Нэг удаа Дарамсалад нэгэн Швед хүн түүн дээр ирж, хий үзэгдлээс болоод тарчилж байгаагаа тайлбарлав. Ринбүүчи ийм асуудлаар туслах үйлийн холбоо байхгүй гэж хариулаад ийм зүйлийг хийдэг өөр ламыг түүнд зааж өгөв. Зарим хүмүүсийг Ринбүүчи агшин зуурт эхний уулзалтаараа л таньж байх шиг санагддагсан. Тэрээр эдгээр хүмүүсийн хаягийг тэмдэглэж авахыг бараа бологсдоосоо хүсдэг байв. Зайлшгүй гүн харьцаатай болсон би тэдгээр хувьтай хүмүүсийн нэг нь байсан юм. Ринбүүчи миний хаягийг авах шаардлагагүй гэж үзсэн нь, би эргээд түүнтэй уулзах байжээ.