Хойд төрлийг чиглүүлэх: Түлкү тодруулах төвөд тогтолцоо

Энэ үдэш би дараа төрөлдөө авах төрлөө хэрхэн чиглүүлж болох талаар ярьж өгөөч гэсэн хүсэлт хүлээн авлаа. Энэ нь хойд төрлөө далайн эрэг дээр сайхан тохь тухтай зуны харшид, олон үйлчлэгчтэй, чинээлэг аж төрөл авч чадах байдлаар чиглүүлэх тухай биш, харин Төвдийн Бурханы шашны эрдэмт лам нарын хойд дүр, тэдгээрийг тодруулах үйл явцын тухай байх юм. Хойд дүрийн лам нарыг Төвдөөр түлкү (спрүл-скү) гэдэг. Тэднийг Ринбүүчи гэж өргөмжилдгийг бид мэднэ. Гэвч бүх ринбүүчи нар хойд дүрийн (авах төрлөө чиглүүлсэн) лам биш байдаг. Учир нь хийдийн хамба лам нарт ч бас Ринбүүчи гэдэг өргөмжлөл олгох нь бий.

Түүхэн сурвалж

Авах төрлөө чиглүүлж чаддаг лам нарын (эрдэмт багш) хойд дүрийг тодруулах зарчим нь зөвхөн Бурханы шашинд, тэр дундаа зөвхөн Төвдийн Бурханы шашны уламжлалд төдийгүй Төвдийн уугуул шашин болох Боны шашинд байдаг нь нилээн сонирхолтой санагдсан.

Бүр их гайхалтай нь би Төвдөөс их холгүй оршдог Төв Азийн орнуудын нэг Казакстанд явж байхдаа тэнд бас Лалын шашны нэг хэлбэр Суфисийн багш нарын хойд төрлийг тодруулдаг болохыг мэдэж авсан юм.

Авах төрлөө чиглүүлдэг энэ тогтолцоо нь Бурханы шашны бүтээл, тэр дундаа тарнийн бүтээлтэй маш их холбоотой. Энэ нь зөвхөн Төвдөд төдийгүй Төвдийн Бурханы шашинтай бүх бүс нутгуудад байдаг. Үүнийг бид Гималайн нуруу орчмын бүх бүс нутаг, Монгол туургатануудын амьдардаг бүх бүс нутагт харж болно. Үнэндээ Сафисчууд үүнийг Монголчуудаар дамжуулан Казахстанд дэлгэрүүлсэн байдаг. Боны хэв маягийг харахад Бурханы шашныхтай нилээд төстэй. Үүнээс харахад бид нэг том бүс нутгийг хамарсан соёл, түүний дундах энэхүү хойд дүрийн лам нарыг тодруулдаг уламжлалын тухай ярилцаж байна. Ингэж хойд дүрээр тодорсон лам нар нь ихэвчлэн тухайн газар нутгийнхаа эрдэмтэй багш нараар тооцогддог ба өөрийн сүм хийдтэй болж түүнийгээ удирддаг. Хийдийнхээ үндсэн багш, тэргүүлэх лам нь болдог.

Төрөл авах үйл явцыг хянах

Эдгээр хойд дүрийн лам нарын тухай ярих олон зүйл байдаг боловч эхлээд та өөрөө үүнийг хэрхэн хийж болох талаар ярилцъя. Бурханы шашинд хүн бүр хэрхэн төрлүүдийг авсаар байдаг, түүнийгээ бид ердөө хянаж чаддаггүй тухай үргэлж ярьдаг. Амьдралын туршид, тэр дундаа үхэх үедээ идэвхитэй байлгасан сэтгэл, сэтгэлийн төлөвтэй холбоотойгоор ялангуяа бидний үйлдэж байсан үйлдэл, зуршил болсон зан байдлын хүчний нөлөөгөөр бид дараа төрлөө авдаг. Иймд бидний өмнөх зуршлууд, зан байдлын хэв маягуудын үндсэн дээр дараа төрлийн тодорхой нөхцөлүүд татагддаг гэдэг утгаараа төрөл авах нь ихэнхдээ өөрийн эрхгүй явагддаг аж. Хэрэв бид Бурханы шашны, тэр дундаа Их хөлгөний зорилго болох “бусдад туслах”-ыг үнэхээр хүсэж байгаа бол зөвхөн өөрийн зуршлаар нөхцөл байдлуудад татагдахыг хүсэхгүй. Бид ирээдүйд бусдад хамгийн сайн тусалж чадах нөхцөлүүдэд байхыг хүснэ.

Хүмүүс заримдаа маш сайн зүйл хийх санаатай байдаг боловч, жишээлбэл гэр орондоо ямар нэг зүйл хийх, хүүхдүүддээ хичээлд нь туслахыг үнэхээр хүсч байсан ч телевизээр дуртай хөл бөмбөгийн тоглолт нь гарч, түүнд маш хүчтэй дурласан байдгаасаа болон хэрхэн тухайн тоглолтод өөрийн эрхгүй татагддагийг бид мэднэ. Үүнтэй адил ирээдүйд бусдад туслах их хүсэл бидэнд байж болох боловч хэрэв аливаад маш хүчтэй дурлах сэтгэл (шунал), зуршилтай байх юм бол телевизээр гарч байгаа хөл бөмбөгийн тоглолтонд хүн соронзон мэт татагдаж байгаатай адил бусдад туслахад үнэхээр тус дөхөм болохгүй байж магадгүй янз бүрийн нөхцөлд өөрийн эрхгүй татагдан төрөл авдаг аж.

Бид ийм байдлаар өөрийн эрхгүй маш таатай нөхцөлд эсвэл огтхон ч таатай биш нөхцөлд төрөл авч болно. Энэ нь бид юунд их зуршсанаас хамаарч байгаа юм. Үүнийг согтуу байхтай адилаар төсөөлж болно. Согтуу байхдаа бид ямарч хяналтгүй, найз нөхөдтэйгээ дуулж хуурдан зугаатай байх эсвэл зодолдох хоёрын аль аль руу нь татагдах боломжтой байдаг. Энэ ердөө бидний зуршлаас л шалтгаалах юм. Үүнтэй адил үхэх үе болоход бид ямарч хяналтгүй, согтуу байхаас ч бүр хамаагүй илүү хэцүү байдалд орж, хэрэв үүнд зориулан ямар нэг зүйл хийж бэлдээгүй бол нөгөө л зуршлынхаа нөлөөгөөр эсвэл их таатай, эсвэл маш муу нөхцөлтэй ирээдүйн төрөл авах болно.

Иймд хэрэв бусдад үнэхээр туслахыг хүсэж байвал бид ямар нэг байдлаар үхэх, дахин төрөх энэ үйл явцаа хянаж түүгээрээ ирээдүйд бусдад хамгийн ихээр тусалж чадах нөхцөлд дахин төрөл авах боломжтой. Үүнийг хийж чадахад, хойд төрлийн төлөв байдлаа тодорхой хэмжээгээр хянаж чадахын тулд бид заавал бүрэн гэгээрсэн Бурхан байх шаардлагагүй. Өөрийн хойд төрлөө чиглүүлэх боломж бүхий төлөвшсөн сэтгэлийн олон түвшин байдаг. Тэгэхээр үүнийг хэрхэн хийдэг зарчмын талаар бага зэрэг ярилцъя. Учир нь энэ нилээн сонирхолтой бөгөөд түүнийг бид бас хийж болох боломжтой юм байна гэсэн тодорхой урам зориг өгөх болно.

Бурханы лагшин

Бидний хүрэхээр зорьж байгаа Бурханы хутгийг олсоноор бид өөр өөр түвшинд харагдах бие (скү, Санск. каяа, лагшин) гэж нэрлэдэг тэр зүйлд хүрдэг. Энэ үйл явцад бидний сэтгэл нь мэдлэгийн бие (лагшин) өөрөөр хэлбэл билгүүний бие (лагшин) болдог. Үүний дээр бусад амьтдад туслах физик бие махбодь бас байна. Үүнийг тайлбарлахад хэрэглэдэг жишээ нь нар, сар юм. Юуны түрүүнд бидэнд үзэгдэх нар, сар тэнгэрт байна. Нарны үндсэн гэрэл, дулаан гэх мэт байна, мөн тэр өөрөө харагдаж байна. Гэрэл, дулаан, энерги энэ бүхэн бол нарны хэсэг бөгөөд энэ нь нарыг байна гэж харуулж байна. Нар, сарны тэнгэрт байгаа байдал нь түүний үндсэн харагдах байдал мэт байдаг ба нар, сарыг бид бас газрын гадаргуу дээрх янз бүрийн хэмжээний усанд тусах тусгалаар нь ч харж байдаг.

Бурханыг харах үед бид үндсэн харагдах байдал, санскрит үг самбогакаяа (төгс жаргалангийн лагшин) гэдгээр нь буюу бидний мэдэх, бүх сургаалыг бодитойгоор харуулж чадах түвшний тэр биеийг нь хардаг. Гэвч энэ нь Бурханы эрхшээсэн маш нарийн бие (лагшин) бөгөөд ихэнх хүмүүсийн хувьд харахад хэцүү байдаг. Үүнийг харахын тулд маш өндөр түвшний эрдэмд хүрсэн байх ёстой. Харин түүний хувилалууд (цацраг) нь усан дээр туссан нар, сарны тусгал адил бидэнд харахад илүү хялбар байх юм. Үндсэн харагдах байдлын эдгээр хувилал, тусгалууд нь Бурханы нарийн бие (лагшин) бөгөөд санскритаар нирманакаяа (хувилгааны лагшин) буюу хойд дүрийн лам, түлкү гэдэг үгтэй адил утгатай. Иймд эдгээр хойд дүрийн лам нар нь тодорхой нэг түвшний илрэл, хувилал мөн боловч тэд бүгд Бурхад биш. Тэдний маш цөөн тооны хэсэг нь л Бурхад байдаг.

Бурханы ийм хэлбэрийн биеийг олох боломж олгодог олон төрлийн бүтээлүүд бий. Бага зэрэг ойртуулж жиших үүднээс (энэ зүйрлэл яг таарсан гэж бодохгүй байна) жишээ болгон авч үзвэл, Дээрхийн Гэгээн Далай ламтай биечлэн уулзахад үнэхээр хэцүү байдаг боловч олон хүмүүс түүнийг телевизээр харж болно. Телевизээр гарах, хэн нэг хүний ой санамжинд байх гэх мэт эдгээр нь тодорхой нэг өөр хэлбэрийн харагдах байдал байна гэдэг санаа бөгөөд энэ харагдах хэлбэр нь үндсэн харагдах байдлаасаа илүү их хүртээмжтэй байдаг. Иймд бидний зорьж байгаа зүйл бол үндсэн хэлбэрээрээ төдийгүй илүү өргөн хүрээний хэлбэрээр бусдад тусалж чадах байдлаар өөрийгөө үүсгэж чадах явдал юм. Цөөн тооны хүмүүст багшилж тус хүргэж болох боловч хэрэв ном бичвэл сая сая хүмүүс уншиж болохын адил та бүдүүн (бидэнд харагдах) түвшинд харагдаж илүү олон, олон хүмүүст тус хүргэж болно.

Ануттарайога (Ханьцашгүй дээд) тарнийн бүтээлээр Бурханы хутаг (Бурханы гурван лагшин)-т хүрэх

Ингээд бид бүх зүйлийг таньдаг, хүн бүрт хэрхэн туслахыг мэддэг, бодит байдлыг харж чаддаг сэтгэл бүхий Бурханы төлөв байдалд хүргэх бүтээл хийхийг хүсдэг. Улмаар шууд үзэгдэх мөн илүү өргөн хүрээнд үзэгдэхийг ч хүсдэг. Үүнд хүрэх арга нь нарийн, ур дүй шаардсан тарнийн бүтээлийн хамгийн өндөр түвшний арга байна. Бурханы эдгээр өөр өөр лагшин амьдрал дээр хэрхэн зэрэгцэн оршдогийг авч үзье. Үүнд:

  • Энэ зэрэгцэлт үхэх үед хамгийн тодорхой харагддаг. Үхэх үйл явцад бидний сэтгэл Бурханы сэтгэлтэй адил, маш нарийн төлөвт очно.
  • Үүний дараа төвд хэлэнд бардо гэж нэрлэдэг нэг төрлөөс нөгөө төрлийн хоорондох үе болох завсрын төрөлд байхдаа бид нэгэн нарийн дүрсийг авдаг.
  • Ингээд төрөх үед, үр тогтсон мөчөөс эхлэн бид бүдүүн (бидэнд харагдах) дүрс авна.

Энэ үйл явц унтах үед мөн давхцдаг.

  • Унтах үед нэгэн шилжилт явагддаг бөгөөд улмаар сэтгэл маш нарийн болно.
  • Зүүдлэх үед зүүдэндээ бид маш боловсронгуй, онцгой хэлбэрийн дүрс үздэг.
  • Сэрэх үед тэдгээр нарийн дүрсээс бий болдог бүдүүн дүрсийг санах болно.

Тэгэхээр тарнийн бүтээлд бидний хийхийг оролддог зүйл бол үхэх, завсрын төрөл авах, төрөх үйл явцтай төстэй бүтээл хийж Бурханы эдгээр өөр өөр хэлбэрээр харагддаг лагшинг бүтээх дадлага юм.

Энэ бүтээлийн хоёр үе шат байдаг. Энэ хоёр бүтээлийн өндөр түвшний бүтээлийг төгсгөлийн зэрэг (рдзогс-рим) гэж нэрлэдэг ба энэ бүтээлд бид биеийн энергийн нарийн системтэй ажилладаг. Энергийн энэ нарийн системтэй ажиллахдаа бид түүнийг маш, бүр маш нарийн түвшинд төвлөрүүлж, дараа нь түүнийгээ нэг хэлбэрт үүсгээд (хувилгаад) тэгээд илүү бүдүүн хэлбэрт оруулдаг. Энэ бүдүүн түвшний хэлбэр нь түлкү – хойд дүрийн лам – гэдэгтэй ижил үгээр илэрхийлэгддэг. Тарнийн энэ бүтээлийн өмнөх түвшинд үүсгэлийн зэрэг (бскиед-рим) гэж нэрлэдэг энэ бүх үйл явцыг төсөөлж хийдэг бүтээл бий. Энэ бүтээлд өөрийн энерги улам илүү нарийн болон төвлөрч, дараа нь нарийн дүрс, тэгээд бүдүүн дүрс авч байна гэж дүрсэлдэг. Тэр бүдүүн дүрсийг бас түлкү гэж нэрлэдэг юм.

Хэрэв бид энэ төрлийн бүтээлийг хийх чадвартай бөгөөд зүй ёсоор нь хийх гэж байгаа бол энэ нь зүгээр нэг энергийг хянах асуудал биш, Бурханы шашны бусад бүтээлүүдэд байдгийн адил энэрэн нигүүлсэх сэтгэл, билэг ухаантай хослуулах ёстой гэдгийг ойлгох хэрэгтэй. Бидэнд энэрэн нигүүлсэх сэтгэлийн тодорхой сэдэл – бид энэ бүх үйл явцыг бүрэн хийж сураад бусдад тус болохыг хүсэж байна гэсэн сэтгэл – байх хэрэгтэй. Бид бас бодит байдлыг тодорхой ойлгохын тулд сэтгэлийн энэ маш нарийн болох боломжийг ашиглахыг хүсдэг. Хэрвээ бид тарнийн бүтээлийн энэ үйл явцаар Бурхан болохыг хүсэж байгаа бол үхэх, дахин төрөх үйл явцтай адил энэ үндсэн зарчмыг Бурханы хутагт хүрэх арга болгон ашиглана.

Бид бусдад туслахыг маш их хүсэж байна. Бусдад туслахын тулд бидний хийх шаардлагатай зүйл бол өөрсдийн төөрөгдөл, амьдрал дахь хорьж дийлдэггүй хүчин зүйлүүдийг даван туулах явдал, тийм биз? Хэрэв би телевиз, хөл бөмбөгийн хяналтанд байвал бусдад тусалж чадахгүй. Бидэнд бусдад туслах маш хүчтэй хүсэл, мөн “Энэ бол ердөө л нэг спортын тоглолт, дэлхий дээрх хамгийн чухал зүйл биш. Миний хэн болох миний дэмждэг багийн ялалтаар тодорхойлогдохгүй, миний хүн байх үнэ цэнэ тухайн баг ялах үгүйгээс хамаарахгүй” гэж харах тодорхой гүнзгий түвшний ухаан байх ёстой. Тэгэхээр би телевизэд өөрийн эрхгүй татагдах энэ байдлаа хэрхэн даван гарах вэ? Би ямар нэг байдлаар сэтгэлээ татаж төвлөрүүлэх ёстой. Миний сэтгэл хаа сайгүй явж, гадаа хөл бөмбөгийн талбай дээр очсон байдаг. Тэгэхээр соронз шиг биднийг татдаг эдгээр зүйлээс буцах сэтгэлийн маш нарийн түвшинд бид хүрэхийг хүснэ. Энэ нь үхэх эсвэл унтах үед тохиолддог эргэн тойронд болж байгаа эх адаггүй зүйлд өөрийн эрхгүй оролцох оролцооноос хөндийрөх үйл явцтай төстэй юм. Ингээд анхаарал төвлөрч энэ маш нарийн түвшин дээр сайн тогтворжих үед “За, одоо хүүхэддээ тусалъя” гэх байдлаар өөрийн эрч хүчийг (энерги) үүсгэж болно. Ингэж энерги нь [нэг үгээр хэлбэл] хэлбэр авна. Тэр сэтгэлийн эрч хүч нь (энерги) бидний дотоодод тодорхой хэлбэр авах юм. Бидний дотор бий болсон энергийн хэлбэрийн хэв маягийн дагуу бид босож [хүүхэддээ туслахаар] сэтгэлдээ байгаа түүнийгээ бүдүүн түвшинд бодитойгоор хийдэг.

Үүнтэй адил энэ бүгдийг дүрслэлдээ, эсвэл энергийн системдээ (гэвч бид үүнийг үнэхээр сайн ёсчлон хийж чаддаггүй), мөн Бурханы төлвөөр бүрэн дүүрэн хийх үйл явц бий. Эдгээр жишээн дээр, дүрслэлдээ, энергийн системдээ эсвэл Бурханы төлөв байдлаар аль алинаар нь хийж байсан ч бүдүүн (бидэнд харагдах) түвшний илрэлийг нь түлкү гэж нэрлэнэ. Энэ бол миний өмнө дурьдаж байсан хойд дүрийн лам гэдэгт хэрэглэдэг үг юм. Бид ийм хойд дүрийн лам, түлкү-ийн тухай ярьж байгаа үед тэр нь эдгээр гурван түвшний аль нэг хэлбэр дээр энэ хувилалыг үүсгэж чадсан хэн нэгэн байдаг. Тэд үүнийг дүрслэлээр эсвэл энергийн системдээ хийдэг байсан эсвэл бодитой Бурхан ч байж болно. Тэд урд нь үүнийг амьд байхдаа бясалгалдаа хийж мөн сэтгэлийн нарийн төлөвт ороод дараа нь түүнээсээ харьцангуй бүдүүн тэгээд бүр бүдүүн төлөвт орохтой адил нөхцөл болох унтах болон зүүдний төлөвтэйгөө ажилладаг байсан. Амьд байхдаа үүнийг бясалгалтай холбож үхэх үйл явцтай адил бясалгал хийж, унтах болон зүүдний төлөв байдалтайгаа ажилладаг. Ингэж бясалгаж байгаад үхэх үед үүнтэй адил зүйл тохиолдоход тухайн нөхцөл байдлыг тодорхой хэмжээний хяналттайгаар ашиглаж чаддаг байна.

Сэтгэлээ маш нарийн болгож түүнийгээ бодит байдлыг харахад хэрэглээд дараа нь сэтгэлээ тодорхой түвшний хэлбэрт оруулан үүний дараа тэр нь бүдүүн түвшний хэлбэр авах үйл явцтай адил бүтээл, бясалгалыг бид хийж байгаа. Энэ бол бидний бясалгалд хийдэг зүйл. Амьдралынхаа туршид бид унтах үйл явцаа бясалгах, үүнийг дадал болгох (давтах, сурах, бүтээх) боломж болгон ашигладаг. Учир нь унтах үед ямар нэг нөлөөгүйгээр сэтгэл өөрөө илүү нарийн болж, зүүдний үед тодорхой нэг нарийн дүрс үзэж, сэрэх үед бүдүүн дүрс санагддаг юм. Унтах, зүүдлэх, сэрэх үед энэ үйл явц аяндаа явагдана.

Бид энэ үйл явцыг маш сэрэмжтэй байдлаар өнгөрүүлж, тухайн нөхцөлийг Бурханы хутагт хүрэхийг зорин хийж байгаа бүтээлээ улам ахиулахад ашиглаж болно. Маш энгийнээр хэлвэл өөр өөр түвшинд үзэгддэг Бурханы тэр нарийн сэтгэл тэр үед бидэнд бий болох юм. Бясалгал болон зүүдэндээ энэ үйл явцтай танил болсон байдаг учраас бид үхэх үедээ тэр бүтээлээ хийж чадна. Энэ насандаа унтах, зүүдлэх, сэрэх явцаа хэрхэн мэдэж, туулах бүтээл хийдэг байсан түүний адил бид үхэл, завсрын төрөл, дараа төрлөө туулж чадна. Ингэж бид эдгээр хойд дүрийн лам нарын адил дараа төрлөө чиглүүлж болох юм.

Мэдээж хэн нэгэн нь үнэхээр Бурхан байх боломжтой. Бурхан өөрийгөө янз бүрийн байдлаар хувилгаж өөр өөр төрөл авдаг бөгөөд бүх зүйлд бүрэн хяналттай байдаг учраас үхэх үедээ бясалгал хийх шаардлагагүй юм. Гэвч миний өмнө хэлсэнчлэн маш цөөн хүмүүс Бурхан байдаг. Харин Бурхан болохоор тарнийн зам мөрөөр бүтээл хийж байгаа бол энэ үйл явцыг бүрэн хянаж чадахгүй, гэхдээ үйл явцыг нилээн өндөр түвшинд хянаж чаддаг ба ихэнх түлкү энэ түвшинд байдаг аж.

Түлкүг үргэлжлүүлэх урьдчилсан нөхцөлүүд

Хэрэв бид хараахан Бурхан болоогүй байгаа бол түлкүг үргэлжлүүлэхэд (хойд дүрийн 1-р лам, түүний дараагийн дүр, дараагийн дүр, дараагийн дүр гэх мэт) бидэнд гурван зүйл шаардлагатай болно. Бидэнд юуны түрүүнд маш хүчтэй бодь сэтгэл хэрэгтэй. Бодь сэтгэл бол хүн бүрт бүрэн дүүрэн тусалж чадах үүднээс Бурхан болоход бүх сэтгэл зүрх, эрч хүчээ зориулах сэдэл юм.

Бидэнд хэрэгтэй хоёр дахь зүйл бол бусдад тусалж чадах хамгийн сайн нөхцөлд төрөл үргэлжлүүлэн авахад энергиэ чиглүүлэх үүднээс хүчтэй ерөөл тавих юм. Сайн төрөл авахын тулд түүнийг хийхийг хүсэж байх хэрэгтэй. Ерөөл гэдэг нь өөрийн энергийг тодорхой нэг зүгт чиглүүлэх гэсэн утгатай бөгөөд тэр чиглэл нь бусдад туслахад хамгийн сайн боломж бүхий гэр бүл гэх мэт сайн нөхцөлүүд бүрдсэн төрөл байх юм. Ерөөл нь Бурхан эсвэл тэнгэрт залбирах гэсэн үг биш. Энэ бол ердөө өөрийн энергийг “Би бүх зүйлийг ойлгох сэтгэлийн төлвийг олж хүн бүрт туслах болтугай” гэж чиглүүлэх явдал юм. Бид хэн нэг хүнээс үүнийг бидэнд өгөхийг хүсээгүй. Харин сэтгэлээ өөрсдөө хөгжүүлэх маш хүчтэй шийдвэрийг гаргах юм. Энэ нь үнэндээ бидэнд огт байдаггүй харь сэтгэлгээ биш. Бид үүнийг хийж л байдаг. Гадны зүйл огт биш. Жишээ нь бид ядарсан эсвэл өөр ямар нэг зүйл тохиолдсон байсан ч хүүхдүүддээ бидний хэрэг гарах үед бид нэг ёсондоо маш хүчтэй хүслээр эрч хүчээ нөхөж авч чаддаг. Бид тэр хүслээ тодорхой томъёолдоггүй байж магадгүй боловч “Би хүүхдээ асран халамжлах ёстой” гэж боддог. Бид энергиэ цуглуулдаг. Энэ бол тодорхой зүгт чиглэсэн хүчтэй санаа (зорилго) юм. Үүнийг Төвдийн Бурханы шашны үүднээс ерөөл (залбирал) гэж үздэг.

Бидэнд ийм хүчтэй бодь сэтгэлийн сэдэл болон ерөөл хэрэгтэй. Гурав дахь зүйл нь тарнийн бүтээлийн үүсгэлийн зэрэг болох дүрслэлийн түвшинд бидний ярилцаад байгаа тэр зүйлийг хийх эсвэл төгсгөлийн зэрэг болох энергийн системийн түвшинд түүнийг хийхэд амжилт гаргах эсвэл тодорхой чадвартай болох явдал юм. Энэ нь үхэх үед бүтээл хийхэд дадалтай болгож байдаг бөгөөд тодорхой хэмжээгээр дахин төрөх үйл явцаа хянаж чаддаг болох юм. Энэ хангалттай.

Тэгэхээр үүнийг хийхэд бид Бурхан байх албагүй. Бид бүр бодит байдал, хоосон чанарыг шууд онож таньсан байх албагүй. Бидэнд тодорхой хэмжээний ойлголт байх ёстой нь мэдээж боловч хоосон чанарыг ойлголтын хэмжээнд бус шууд онож таньсан байх шаардлагагүй. Иймд түлкүг үргэлжлүүлсээр байх нь тийм хэцүү биш. Учир нь Төвдийн Бурханы шашинтнуудын дунд мянга орчим түлкү байгаа бөгөөд бидний сайн мэдэх нь Далай лам, Кармапа гэх мэт эдгээр лам хуврагууд юм.

Үүнээс харвал хамгийн хэцүү урьдчилсан нөхцөл нь бүрэн төгс бодь сэтгэл байж болох юм. Энэ хамгийн хэцүү нь байх. Үнэхээр бүх зүйл “Би бусдад туслахын тулд гэгээрэлд хүрэх ёстой. Би хойд төрлүүдээ хянаж чадах ёстой” хэмээх гэгээрэлд чиглэсэн байна. Энэ нь ихэнх хүмүүсийг хамгийн ихээр хямрааж, хяналт алдахад хүргэдэг үхэх үеийн айдсыг даван туулах боломж олгодог учиртай юм. Бид дүрслэл хийх арга барил эсвэл энергийн системээ хянах арга барилд чадварлаг байсан ч тэрхүү бодь сэтгэл байхгүй бол бид үхэх үед айж, хяналтаа алдаж болно. Харин бид дэлхий дээр хүмүүст нүүрлээд байгаа бэрхшээлийг харж зүрх сэтгэлээсээ өрөвдөн “Би үхэх үйл явцдаа тайван байх ёстой” гэсэн бодлоор сэтгэл дүүрэн байх үед л үүнийг хийж, бусдад тусалж чадна. Ийм тохиолдолд үхэх үед хэдий ур чадвартай байсан ч хяналтгүй болж, юу ч хийж чадахгүй болох шалтгааныг үүсгэдэг айдас бидэнд төрөхгүй юм. “Би үүнийг хийж чадах болтугай. Үүнийг хийхийн тулд энергиэ төвлөрүүлэх ёстой” гэх байдлаар энергиэ чиглүүлэхийг дахин дахин оролдсоор бид ерөөл маш их тавьдаг.

Өдөр тутмын нөхцөл байдлуудыг хянах

Бид энэ удаагийн лекцийг ердөө Төвдийн түлкү нарын нийгмийн тогтолцооны талаарх сонирхолтой мэдээлэл гэж харж болно. Хэрэв бид үүнийг арай өөр түвшинд авч үзэхийг хүсвэл өөрсөддөө хэрэглэж болох маш чухал санаа байна гэж харж бас болно. Учир нь энэ нь айдсыг хэрхэн даван туулж болохыг үнэхээр тодорхой үзүүлдэг үйл явц юм. Айдсыг бодь сэтгэл болон маш хүчтэй ерөөлөөр даван туулж болдог.

Жишээ нь байшинд гал гарч бүгд маш айн сандарч байшинд орж чадахгүй байна гэж бодъё. Гэтэл тэнд нэг хүүхэд байгаа. Хэрэв бидэнд тэр хүүхдийг хайрласан, санаа тавьсан сэтгэл дүүрэн байвал гал хэдий аймшигтай ч бид түүнээс эмээхгүй, бид айдсаа даван гарсан байдаг. Энэ тохиолдолд гүн амьсгал авч өөрийгөө төвлөрүүлэн, энергиэ гаргахаар зохион байгуулаад тэгээд хүүхдийг аврахаар гал руу гүйж орох ба энэ нь энергиэ хуримтлуулж гадагш гаргаж байгаагийн жишээ юм . Энэ бол үхэх үед түүнтэй нүүр тулахтай адил. Харин өдөр тутмын амьдралд үүнийг хийж сурахад (айдсыг даван туулж сурахад) гал гэх мэт ийм аюултай нөхцөл бидэнд хэрэггүй.

Бидний амьдралд тохиолддог маш аймаар, мөн энгийн боловч олон хүмүүст тохиолддог гэх мэт олон олон нөхцөлүүд байдаг. Та шинэ төрсөн хүүхэдтэй болно. Түүнийг анх удаа тэврэх, гэртээ анх авчрах үед “Би яахаа мэдэхгүй байна. Алдаа гаргах вий” гэж түгшдэг. Энэ бол та айдсыг даван туулахгүй гэсэн үг биш. Тэгвэл тэр айдсыг хэрхэн даван туулах вэ? Энэ нь нярай хүүхэддээ туслах хүчтэй хүсэлтэй холбогдоно. Мөн өөр ямарч төрлийн хэцүү нөхцөлд (ажил, гэр бүлийн харилцаа гэх мэт юу ч байж болно) их айдас түгшүүр бий болж болно. Бидний ярилцаж байгаа зүйл түүнийг даван гарахын тулд тухайн нөхцөлд тус болох хамгийн сайн байдалд өөрийгөө хувилгах аргыг үзүүлж байгаа. Бид энергиэ тодорхой хэлбэрт оруулж, ингэж хэлбэрт оруулсан түүнийгээ биеэрээ бодитой хийдэг. Ингэж бид эхлээд нарийн түвшинд ажиллаад тэгээд дараа нь бүдүүн түвшинд (бодит байдалд) ажиллаж байна. “Айх зүйл ердөө байхгүй. Гэрт энэ хүүхэд л байна” гэх мэт байдлаар бодит байдлын талаарх тодорхой сэтгэгдэл бий болгоод түүгээрээ эхлээд өөрийгөө төвлөрлүүлж энергиэ хэлбэрт оруулах ба түүний дараа та энергиэ дараагийн хэлбэрт оруулж чадна. Үүнийг бүрэн хийж чадахын тулд өмнө нь хайр, халамж анхаарал, энэрэн нигүүлсэх сэтгэл гэх мэт – хүчтэй сэдэл байх ёстой.

Энэ бүгд бол түлкүгийн энэ тогтолцооноос бидний суралцаж болох зүйл юм. Мөн энэ нь бидэнд тийм ч нарийн зүйл биш. Үүнийг хэрхэн хийх арга байдаг.

Барууны нөхцөлд түлкү нарт хэрхэн хандах вэ?

Бид Бурханы шашны багшид хандах хэв маяг, Төвдийн соёлын тогтолцооноос үүдэлтэй гэдэг утгаар нь түлкүд хандах хэв маяг хоёрыг хооронд нь нилээн тодорхой ялгах ёстой. Төвдийн уламжлалт нийгэм нь дундад зууны үеийн хэв шинжтэй. Дундад зууны үе гэдэг нь тухайн ямар нэг зүйл заавал сөрөг утгатай байна гэсэн үг биш. Гэвч бодит байдалд ийм байсан. Дундад зууны үеийн нийгмийн гол зарчим нь өөр өөр түвшний хүмүүсийн хоорондын нэг тал нь үнэнч үйлчлэх, нөгөө тал нь хамгаалах гэсэн үндсэн дээр суурилсан харилцаа байдаг. Төвдөд түлкү нар нь сүм хийд эсвэл дүүргийг захирдаг байсан. Ихэнх нь лам хувраг байдаг байв. Гэвч бүгд хувраг бас байгаагүй, заавал хувраг байх шаардлагагүй байсан юм. Ихэнх нь эрэгтэй хүмүүс байсан хэдий ч бүгд бас эрэгтэй байгаагүй, зарим нь эмэгтэйчүүд байжээ. Тэд дундад зууны үеийн эздийн адил байр сууринд байсан бөгөөд орон нутгийнхаа хүмүүсийн шашны (оюун санааны) болон заримдаа эд материалын найдвартай байдлыг хангадаг байв. Хүмүүс өөрсөддөө байгаа янз бүрийн асуудлуудын талаар тусламж, зөвлөгөө авахаар тэдэнд ханддаг байсан ба тэдний харилцаа нь дундад зууны үеийн маш үнэнч, дуулгавартай байх хэв маягтай байдаг байжээ. Энэ нь багшид Бурхан адил ханддаг Бурханы шашны сургаалтай ч холилдсон аж.

Одоо үед барууны хүмүүсийн Төвд багш нартаа хандаж байгаа хандлагын хувьд багш нар нь түлкү байсан ч үгүй ч Бурханы шашны энэ талыг (багшийг Бурхан гэж харах) дагах нь маш чухал, дундад зууны үеийн хэв шинжийг дагах шаардлага байхгүй юм. Энэ нь Төвдийн дундад зууны үеийн хэв маягийг үгүйсгэж байгаа явдал биш. Энэ хэв маяг нь тэдний нийгэмд маш сайн тохирч байсан. Харин манай нийгэм, бидний эдгээр түлкүтэй харилцах харилцаанд тохиромжтой биш байна.

Төвдийн нийгмийн хүрээнд түлкүгийн тухай бидний ярилцаж болох өөр олон зүйл бий. Юуны түрүүнд миний хэлсэнчлэн төөрөгдөл гарч болно. Түлкү нар бүгд Бурхад биш, тэдний бараг нэг нь ч үнэндээ Бурхан биш, гэвч энэ бол өөрийн багшийг Бурхан гэж харахаас огт өөр зүйл юм. Энэ бол тэс өөр асуудал бөгөөд энэ талаар амралтын өдрүүдэд ярих хэдий ч одоо хэдэн үг хэлье.

Хэрэв өөрийн Бурханы шашны бүтээлд илүү бодитой хандахыг хүсэж байвал бидний тодорхой болгох хэрэгтэй зүйлүүдийн нэг нь багштай харилцах харилцаа юм. Хэн нэгэн багшаа Бурхан гэж харж байгаа бол энэ нь багш юу хийж байгаа эсвэл хийж буй зүйлээ яагаад хийх болсон нь үнэхээр ямарч хамаагүй, миний хувьд бол Бурхан гэж үзнэ гэсэн багштайгаа хийсэн гэрээ байдаг. Энэ нь багшийнхаа хийж байгаа бүх зүйлийг сургаал гэж харна гэсэн утгатай. Мөн энэ нь би одоо армийн байлдагч: “Та жанжин, би ердөө тушаал хүлээн авна” гэсэн үг биш, харин “Таны хийж байгаа бүх зүйлийг намайг Бурханы хутгийг олоход туслах арга гэж би харна” гэсэн утгатай юм.

Нэг сонгодог жишээ байдаг. Бурхан багш нэг төрөлдөө нэгэн багшаас ном сурч байжээ. Тэр багш нь бүх шавь нарыгаа яваад хулгай хийгээд ир гэхэд нь бүгд “За!” гээд гарч багшийнхаа төлөө хулгай хийв. Харин Бурхан багш өөрийнхөө өрөөнд очжээ. Багш нь Бурхан багш дээр ирээд “Чи яагаад явж миний төлөө хулгай хийхгүй байгаа юм? Намайг баярлуулахыг хүсэхгүй байна уу?” гэжээ. Бурхан багш “Хулгай хийх нь яаж хэн нэгнийг баярлуулах юм бэ?” гэхэд багш нь “Тиймээ, энэ хичээлийг зөвхөн чи ойлгосон байна” гэсэн гэдэг.

Иймд байж боломгүй, хор хөнөөлтэй ямар нэг зүйл хий гэж багш бидэнд хэлж байсан ч багшийн сэдэл юу байж болохоос үл хамааран бид түүнийг “Үүнийг хийж болохгүй гэж зааж байна” гэсэн сургаал гэж харах ёстой. Багш нь олонд танигдсан түлкү эсвэл түлкү биш байсан ч өөрийн багшдаа ингэж хандана. Хэн байх нь хамаагүй, багшид хандах нэг л зарчим байна.

Түлкү нарын бага нас

Одоо түлкү нарыг хэрхэн олдог талаар хэдэн үг хэлье. Маш өндөр түвшинд хүрсэн тэдгээр бүтээлчид нь Кармапа захидал үлдээдэгийн адил угтаа хаана төрөхөө урьдчилан хэлж чиг өгч чаддаг. Ихэнх тохиолдолд маш өндөр түвшний бүтээлчдийн зүүдэнд үзэгдсэн шинж тэмдэг эсвэл сахиус буулгаж хүүхдийг хаанаас олох чиг авах гэх мэт аргын аль алинаар хайдаг байна. Мөн Төвдөд өндөр түвшний эрдэмтэй бүтээлчдийн очдог нэг нуур байдаг. Тэд нуурын ус руу харж тэндээс тодорхой дүр зураг олж авдаг. Далай лам нарыг энэ аргаар голдуу хайдаг ба нууран дээр дүр зураг үзэгддэг, гэвч энэ нь зөвхөн хаанаас хайх чигийг л өгдөг юм. Хамгийн чухал нь тэр хүүхэд өөрийнхөө зүгээс өөрийгөө хэн гэдгээ илэрхийлэх шинж тэмдэг өгөх явдал. Дээрхийн Гэгээн Далай лам үүнийг хамгийн чухал хүчин зүйл гэж хэлдэг. Ихэвчлэн хайж буй хүмүүс өмнөх дүрийн ламын хэрэглэж байсан зүйлүүдийг дуураймал хуулбартай нь хамт аваачдаг ба хүүхэд зөвийг нь таних ёстой байдаг. Энэ нь зөвхөн зүүд, сахиусанд найдаж хойд дүрийг тодруулахгүй байх хамгийн найдвартай шинж тэмдэг юм.

Зарим тохиолдолд бид маш анхаарал татахуйц шинж тэмдэг хардаг. Жишээ нь Далай ламын багш нарын нэг байсан, бас миний багш болох Серкон Ринбүүчи байна. Тэрээр Төвдийн хилтэй залгаа Энэтхэгийн нэг мужид жанч халж мөн тэр газраа төрсөн байдаг. Өмнөх дүрийн Серкон Ринбүүчи нь тэр нутгийнхаа голлох лам нь байсан бөгөөд айл бүр түүний дүрийг гэртээ залсан байдаг байжээ. Тэгээд тэр бага насны хүү ярьж чадах хэмжээний том болох үедээ эцэг, эхийнхээ гэрт байсан дүрийг зааж “Энэ бол би!” гэж хэлдэг байсан гэдэг. Ринбүүчигийн өмнөх дүрийн ойр тойрны хүмүүс түүнийг хайж тэр айлд ирэхэд тэр хүү туслахынхаа гараас барьж авч тэнд байсан хүмүүсийн нэгний нэрийг мэдэн хэлж байсан аж. Түүнээс хойш тэр хүүхэд эцэг эх, гэр бүлтэйгээ үлдэхгүй өөрийн туслахтайгаа хамт явна гэдэг болжээ. Тэр үед тэр гурван настай байсан. Тэгэхээр энэ бол хүүхдийн талаас үзүүлж байгаа маш тодорхой, хүчтэй шинжийн жишээ юм.

Дээрхийн Гэгээн Далай лам эдгээр түлкү нарын талаар хэлж болох цорын ганц тодорхой зүйл бол тэд өмнөх амьдралаасаа авч ирсэн маш их хэмжээний эерэг нөөц чадамжтай төрсөн хүүхдүүд гэж хэлдэг. Гэвч эдгээр авъяас, зуршлууд энэ насанд нь төлөвшихөд эерэг нөхцөлүүд шаардлагатай. Бодит талаас нь авч харвал эдгээр түлкү нарын дунд, шавь нар нь тэднийг Бурхан гэж хардаг ч, гэгээрсэн Бурхан бараг байхгүй гэж болно гэж байсныг санаарай. Энэ нь эдгээр түлкү нар маш их эерэг нөөц бололцоотой ч гэсэн тэд бүх муу үйлийн үрээ хараахан арилгаж дуусаагүй байгаа бөгөөд хэрэв эерэг нөхцөл байхгүй бол (тэдэнд зөв зохистой боловсрол олгох гэх мэт) эерэг нөөц чадамж нь төлөвшихгүй харин сөрөг тал нь төлөвшинө.

Заримдаа бид түлкү нар Бурханы шашны бус, ном сургаалаас хөндий байдлаар зарим зүйлд хандаж байгааг хардаг. Тэд бүр шашны амьдралыг бүрэн орхиж ч болох юм. Энэ нь тэд түлкү биш эсвэл тэдэнд эдгээр эерэг нөөц боломж байхгүй гэж хэлж байгаа биш. Ердөө энэ бүхэн төлөвших нөхцөл бүрдээгүй гэсэн үг юм. Бурхадад үүнтэй төстэй зүйл байдгийг бид бас хардаг. Жишээ нь Бурхад хэн ч тэднийг хүндэтгэхгүй цөвүүн цагт (хүний сэтгэл маш их доройтсон цагт) заларвал хэсэг хоромд байгаад тэгээд орхин явдаг. Ердөө нэг хоромд үзэгдэх нь орчин тойрондоо тодорхой эерэг үр нөлөө үзүүлж чадна. Харин түүнээс удаан байвал цаг үрсэн хэрэг болдог учраас тэд орхин явдаг ажээ. Бурханд ямар ч муу үйлийн үр гэж байхгүй учраас тухайн сөрөг нөхцөл байдлаас сөрөг зүйл гарна гэж байдаггүй. Гэвч Бурхан, түлкү аль нь ч байсан төлөвшиж, бусдад тусалж чадах эерэг нөхцөл байдал хэрэгтэй гэдгээрээ энэ бүгд адил болохыг бид харж байна. Иймд эдгээр бага залуу түлкү нар тэр дундаа Барууны оронд төрөл авч байгаа түлкү нартай (орчин үед олон түлкү баруунд төрж байгаа) холбоотой бид маш их хариуцлага хүлээнэ гэсэн үг юм. Тэдэнд Бурханы шашны зохих боловсрол олгох, зөв хүмүүжүүлэх гэх мэт эерэг чадвар нь төлөвшихүйц нөхцөлийг бүрдүүлж өгөх нь маш чухал.

Эдгээр бага түлкү нар хүүхэд гэдгийг бид сайн ойлгох хэрэгтэй. Тэд тэнгэр биш. Түлкүгийн зарчим нь Хиндү аватаруудын тогтолцоотой адил биш. Тэнд бага тэнгэр эсвэл тэнгэрийн хүү байдаггүй. Ердөө ч ийм биш юм. Харин эдгээр хүүхдүүд нь маш их хэмжээний эерэг нөөц боломжтой хүүхдүүд байдаг ба хэдийгээр тэдэнд өмнөх төрлийнх нь үргэлжлэл болох эерэг нөөц боломж байгаа боловч тэд өмнөх төрлийнхөө зан чанар, түүнтэйгээ адил хувь хүн биш. Надад хэд хэдэн түлкүг хоёр төрөлд нь мэдэх завшаан тохиолдоод байгаа. Бага насны түлкү нарт өмнөх дүрийнх нь адилаар хандахад тэд дургүй байдаг. Тэд өөрсдөд нь одоо хэн байгаа гэдгээр нь хандахыг хүсдэг. Хэрэв бид тэдэнд илэрхий их хүндэтгэлтэй мөн хүүхдэд хэрэгтэй тогтвортой амьдрах нөхцөл, боловсрол гэх мэт нөхцөлүүдийг бүрдүүлж өгвөл тэдний сайн чанар нь төлөвшиж бүгд тусыг нь хүртэх болно.

Хэрэв түлкү сөрөг нөхцөл байдлын үүднээс шашны амьдралаас хөндийрч явсан бол энэ нь түлкүгийн үргэлжлэл энд зогсож байгаа гэсэн үг биш гэдгийг дурьдах хэрэгтэй. Түлкү эхэлсэн төрлийн эерэг нөөц боломж тэндээ байсаар л байгаа. Хоёр дахь дүрийн төрөлдөө бага зэрэг доройтох байдал гарах эсвэл жанч халах үед ямарч бясалгал хийхгүй байсан ч энэ хамаагүй юм. Эхний эерэг нөөц боломжийн хүч, эхний энергийн системээ хянах чадвараараа дахин төлөвших боломжтой ба дараагийн нэг дүрийг авна.

Хэрэв өөрийн хойд төрлийг чиглүүлье гэсэн үүднээс авч үзвэл өөрийн хүрсэн түвшингээс хамаарсан түүнийгээ тодорхой нэг гэр бүл эсвэл нөхцөл рүү чиглүүлэх нэг үе шат байж болно. Гэвч энэ нь ихэнх тохиолдолд тийм байдаггүй. Ихэвчлэн ерөнхийдөө эерэгээр нөлөөлөх нөхцөл рүү гэр бүл нь ямар байхаас хамаарахгүйгээр чиглэдэг байна. Хэрэв бид тодорхой нэг гэр бүлд төрөхөөр сонгож байгаа бол энд ерөөлийн хүч ордог. Учир нь өөрийн энергийг “Би энэ гэр бүлд хүүхэд болон төрөх болтугай” хэмээн маш хүчтэй чиглүүлж байгаа юм. Энэ бол энергиэ хэлбэрт оруулж, маш хүчтэй холбоо үүсгэж байгаа явдал бөгөөд тодорхой нэг гэр бүлд хэрхэн төрлөө чиглүүлэх аргын нэг хэсэг байдаг. Гэвч эдгээр нь үнэхээр сайн тус дөхөмтэй нөхцөл болж чадах эсэхийг урьдаас харж мэдэх маш сайн чадвартай байх ёстой. “Ямар гэр бүл байх нь хамаагүй би маш сайн тус буян үйлдэж болох нөхцөлд төрөх болтугай” хэмээн ерөнхий болгох нь үүнийг илүү найдвартай болгодог. Энэ нь хамаагүй илүү найдвартай. Учир нь хэрэв та нэг гэр бүлийг сонгон бүтээл хийж байгаа бөгөөд хоосон чанарыг шууд онож таниагүй тохиолдолд танд тодорхой хэмжээний хүлээс (шунал) байдаг учраас тэр гэр бүлийг сонгох нь ямар нэг хүсэлтэй холилдож, энэ нь таны тооцоог будлиулж болно.

Энэ бол бусдад туслах, энэрэх сэтгэл дээр ажиллах, хүсэж хүлэгдэх сэтгэлээс (шунал) аль болох чөлөөлөгдөхөд хүчин чармайлт гаргахыг хичээхийн гол санаа юм. Бид “Би нэг том Мерседес-Бенз авч унаад түүгээрээ бусдыг хүргэж өгч тус болох болтугай” гэж бодож болох юм. Гэвч энэ нь бага зэрэг хүсэж хүлэгдэх сэтгэлтэй (шунал) холилдсон байх болно. Харин үүнийг нээлттэй байлгах нь илүү сайн бөгөөд “Би тэдэнд ердөө боломжтой байгаа аргаар нь тусалж чадах болтугай” – ийм аргаар нэг нөхцөлийг хэтэрхий их онцгойлох шуналын аюулаас зайлсхийдэг.

Видео: II дүрийн Цэнжаб Сэркон Ринбүүчи — “Хойд дүрийг тодруулах тогтолцоо хэрэгтэй юу?”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.

Дүгнэлт

Энэ бүгд түлкү буюу хойд дүрийн лам нарын тухай ойлголтын ерөнхий удиртгал байлаа. Бид үүнийг гадаадын соёлын талаарх нийгмийн шинжлэх ухааны сонирхолтой лекц гэж харахгүй байх хэрэгтэй. Энэ сэдэв бидэнд амьдрал, үхэл, дахин төрлийн талаар бодох их зүйлийг өгдөг. Бид бүгд дахин төрнө. Иймд өөрийн эрхгүй ямар нэг зүйлд татагдсанаа, жишээ нь телевизээр гарч буй хөл бөмбөгийн тоглолтонд татагдах адил үйл явцыг тодорхой хэмжээгээр хянах нь илүү их хэрэгтэй байна байх. Зориг мохож “Би энэ бүгдийг хийхээсээ өмнө Бурхан болох ёстой” гэж бодох шаардлага байхгүй. Энэ бол бидний хүрч болох нилээн дээгүүр түвшний зүйл юм. Энэ мэдээж тийм хялбар биш. Гэвч хүрэхээргүй тийм хол ч бас биш. Биднийг хэн нэг нь дараа төрөлд хайх, таних эсэх нь хамаагүй. Энэ ямарч ач холбогдолгүй. Хэрэв бид бусдад үргэлж туслах, үргэлж бусдад туслах боломжтой нөхцөлд байж чадахыг хүчтэй хүсэх сэтгэлтэй байвал бид үхэлтэй нүүр тулж, түүнийг ямар нэг айдасгүй туулж чадна. Учир нь бид сэтгэлдээ энэ үхэх үйл явцын үеэр болон түүний дараа хийхийг хүсэж байгаа маш хүчтэй зорилготой байгаа. Миний өмнө хэлсэнчлэн энэ нь зөвхөн үхэл төдийгүй бидний амьдралд тулгардаг айдас, түгшүүртэй нөхцөлүүдтэй нүүр тулахад бас тусалж болно. Ингээд энэ бүгд нь бусдад үнэнхүү тус болж чадах хамгийн боломжит дээд төлөвт өөрийгөө аваачих төгс зорилго болох бодь сэтгэл дээр буцаж ирдэг.

Асуулт

Түлкү нэг дор хэд хэдэн дүрс авч чаддаг уу?

Болно, түлкү зэрэг хэд хэдэн дүр авах боломжтой боловч энэ бол маш өндөр түвшин юм. Энэ нь түвшингээсээ шалтгаална.

Ихрүүд төрөх үед юу болдог вэ? Тэд дундаа нэг сэтгэлтэй байдаг уу?

Тэдний сэтгэлүүд, илүү тодруулбал ихрүүдийн сэтгэлийн үргэлжлэлүүд нэг биш. Хэрэв ихрүүдийн нэг нь хоолловол нөгөө ихрийнхээ ходоодыг дүүргэхгүй, энэ нь түүний өлсөх мэдрэмжийг ч хангахгүй. Тэд тус тусдаа сэтгэлийн үргэлжлэлтэй байдаг.

Завсрын төрөл (бардо) хэр удаан үргэлжилдэг вэ?

Судар бичвэрүүдэд төрөл хоорондын зай болох завсрын төрөл (үе) – бардо нь долоон хоног, арван дөрвөн хоног гэх мэт дөчин ёсөн хоног хүртэл байна гэж гардаг. Гэвч энэ нь заавал долоо, долоо хоногоор бүлэг байна гэсэн үг биш юм. Эдгээр дөчин есөн хоногийн аль нэг өдөр байж болно. Миний багш Серкон Ринбүүчигийн жишээ байна. Тэр жанч халснаасаа яг есөн сарын дараа төрсөн байдаг. Бардо гэж байгаагүй эсвэл ердөө хэдхэн минут байсан. Төрсөн өдөр нь хүртэл яг л есөн сар байсан. Тэр завсрын төрөлд байгаад байхыг хүсээгүй байх. Ямар ч амралт байхгүй. Маш хүчтэй шаргуу байдлыг харуулж байгаа юм. Мөн дөчин есөн хоногоос илүү урт хугацаанд байдаг зарим хэсэг нь байна. Хэд хэдэн жил байж болно. Кармапагийн нэг дүр ба (хэд дэхь дүр байсныг нь би мартсан байна) дараагийн төрлийнх нь хооронд хэд хэдэн жил болсон үе бий. Ийм тохиолдол бас байдаг байна. Үүнийг “Тэд аль нэг Бурханы оронд очиж төрөл авсан эсвэл тус их болох өөр газар төрөл авсан” гэж тайлбарладаг. Есөн сараас бага хугацааны дотор дахин төрөл авсан жишээнүүд бас байдаг. Энэ бол ойлгоход илүү хэцүү.

Завсрын төрөл дөчин есөн хоногоос илүү удаан үргэлжлэх боломжтой юу?

Хүн бүр дөчин есөн хоногийн дараа ямар нэг төрөл авна. Харин хэрэв та төгс гэгээрсэн Бурхан бол бардо гэх мэт энэ бүх тогтолцоо ямарч шаардлагагүй болно. Тэд хүссэн үедээ харагдаж чадна. Хэрэв бид Бурханы хутгаас өмнөх тухай ярьж байгаа бол дээд тал нь дөчин ес хоног байна, тэгээд хаа нэг газар ямар нэг дүрс авах ёстой болно (заавал энэ дэлхийд байх албагүй).

Далай лам Бурхан уу эсвэл түлкү юу?

Далай лам бол түлкү. Гэвч миний өмнө хэлж байсанчлан түлкү ямарч түвшинд байж болно. Бурханы хувьд ч тэрээр түлкү байж болно. Одоо асуулт бол Далай лам Бурхан уу гэсэн асуулт. Миний багшийн хувьд тэр бол Бурхан. Гэвч бодит байдалд тэр Бурхан уу? Ер нь зөвхөн Бурхан Бурханаа таньж чаддаг. Эгэл түвшинд байгаа хэний ч хувьд “Энэ хүн бол Бурхан” гэж яг тодорхой хэлэхэд маш хэцүү. Тэгэхээр энэ хамаагүй. Ямар ч тохиолдолд бид түүнийг танихгүй гэж хэлэх гэсэн юм. Гэвч Дээрхийн Гэгээн бол миний учирч байсан хамгийн өндөр түвшинд хүрсэн төрөлхтөнүүдийн нэг юм. Тэгэхээр энэ бол хангалттай гэж бодож байна.

Энэ үнэхээр сонирхолтой асуулт. Далай ламд хандаж байна уу, Кармапад хандаж байна уу, хэнд ч хандаж байсан энэ үнэхээр сонирхолтой асуулт. Тэд үнэхээр Бурхан мөн үү? Барууны хүмүүсийн хувьд бид аливааг маш хатуу чанд тодорхой болгохыг хүсэх хандлагатай байдаг. Жишээ нь бид нэг Төвд бичвэр, Бурханы шашны бичвэрийг уншаад “Энэ юу гэсэн үг вэ?” гэж асууж болох юм. Төвд багш “Энэ талаас нь авч үзвэл энэ нь ийм утгатай юм. Үүнийг тэр тайлбар зохиолын үүднээс авч үзвэл энэ тийм утгатай. Энэ түвшинд авч үзвэл тийм нэг утгатай” гэх ба тэд өөрт чинь юу гэсэн утгатай байж болох боломжуудын жагсаалтыг гаргаж өгнө. Гэтэл барууны хүмүүс бид “Энэ үнэхээр юу гэсэн утгатай юм?” гэж асуудаг. Энэ нь барууны шашны ганц Эзэн тэнгэр, ганц үнэн байдаг, “Энэ бол тухайн зүйлийн байх ганц арга” гэсэн сургаалаас үүдэлтэй гэж би боддог.

Энэ нь “Энэ хүн үнэхээр Бурхан уу?” гэх талаар ярилцаж байгаатай адил юм. Үүнийг хоосон чанарын хүрээнд ойлгох ёстой. Учир нь бүх зүйл тухайн хам хүрээнээсээ шалтгаална. Хэрэв тухайн хүнийг өөрийнхөө багш гэдэг үүднээс авч үзэж байгаа бол энэ нэг зүйл. Хэрэв өөрийн хүрсэн түвшнийхээ үүднээс авч үзэж, багшийгаа энэ эсвэл тэр гэж харж байгаа бол энэ нь өөр зүйл юм. Тэгэхээр “Энэ бичвэр үнэхээр юу гэсэн утгатай юм бэ?” гэдэгт нэг тодорхой хариулт авч болохгүй байсантай адил энэ асуултанд та нэг тодорхойлсон хариулт авч болохгүй. Энэ бол яг л адил асуудал юм. Гэвч энэ нь барууны хүмүүст хүлээн зөвшөөрөхөд хэцүү байдаг. Ийм учраас хэлж болох цорын ганц хариулт нь “Битгий санаа зов” гэдэг хариулт юм. Асуудлын гол нь тухайн багштай холбоотой өөрийн харилцаа бөгөөд багшаа харилцааныхаа хам нөхцөлд харах явдал чухал.

Зориулга ерөөлөөр яриагаа дуусгая. Эндээс олж авсан аливаа ойлголт, эерэг зүйл бүхэн улам улам батжиж, бүгдэд тус болох гэгээрэлд хүрэх шалтгаан болох болтугай.

Төгсгөлийн үг 2013 оны 6 сар

Дээрхийн Гэгээн Далай лам, ялангуяа өөрийн Далай ламын дүрүүдтэй холбоотойгоор, түлкүгийн дараалалд байгаа гишүүд нь заавал нэг сэтгэлийн үргэлжлэлийн дараалсан гишүүд байх албагүй гэж тайлбарлаж байв. Шашны их багштай маш хүчтэй холбоотой (жишээлбэл түүний ойрын шавь байх гэх мэт) хүмүүс хүчтэй бодь сэтгэл, ерөөл, маш их эерэг хүчин зүйлийн үндсэн дээр тэр багшийнхаа хойд дүрийн хувилалыг авдаг. Жишээ нь тэдний ерөөл нь багшийнхаа хийж байсан зүйлийг үргэлжлүүлж чадах тухай байдаг.

Иймд хэрэв шашны их мастерууд нэг зэрэг хэд хэдэн биед (бие, хэл, сэтгэлийн аль нэг талаар) төрөл авбал эдгээр түлкү нар ямарч эргэлзээгүй өөр өөрийн сэтгэлийн үргэлжлэлтэй, тус тусдаа хүмүүс байна. Тэд бүгдээрээ тухайн мастертай хүчтэй шашны үзэл санааны холбоотой болох ба түүний шашин номын үйл хэргийг үргэлжлүүлэхийг маш их хүсэж байсан байдаг.

Цаашилбал Дээрхийн Гэгээн хэрэв түлкүгийн дараалалууд Авалокитешвара, Манзушир, Амитаба гэх мэт бурханы хувилал гэж тооцогдож байвал тэд үнэхээр хувилалууд эсвэл ердөө эдгээр Бурхад тэдний нэрийн өмнөөс энэ дэлхий дээр үйл хийх сэтгэлийн дамжих суваг нь байж болно.

Top