Шагжамүни Бурхан багшийн амьдрал

21:04
Бурханы шашны ямар уламжлал байхаас шалтгаалан Бурхан багшийг өөрийн хүчин чармайлтаар гэтлэхүйд хүрсэн энгийн хүн эсвэл гэгээрэлд хүрэх зам мөрийг үзүүлэхээр 2500 жилийн өмнө заларсан аль хэдийн гэгээрсэн Бурхан байсан гэж үздэг. Энд бид Бурхан багшийн амьдралын түүхээс суралцаж, өөрийн бүтээлийн зам мөрдөө тэр бүхнээс ямар үлгэр дуурайл авч болохыг харах болно.

Удиртгал

Уламжлалт он тооллын дагуу Шагжамүни Бурхан багш (Шагжтүв) [Гаутама Бурхан нэрээр бас алдаршсан] (Төвд: Gau-ta-ma) МЭӨ 566 – МЭӨ 485 оны хооронд Хойт Энэтхэгийн төв хэсэгт амьдарч байсан. Бурханы шашны бичгийн эх сурвалжуудад Бурхан багшийн амьдралыг ялгаатай олон янзаар дүрсэлсэн байдаг төдийгүй үйл явдлын дэлгэрэнгүй нь цаг хугацаа өнгөрөх хирээр алгуур дэс дараалан бичигт тэмдэглэгдэж байсан байна. Бурханы шашны хамгийн анхны судар бичвэр нь Бурхан багшийг бие барснаас хойш гурван зууны дараа бичигт тэмдэглэгдсэн байдаг учраас тэдгээр бүтээлүүдэд тэмдэглэгдсэн үйл явдал, нарийн утга санаануудын яв цав байдлыг тодорхойлоход төвэгтэй байдаг. Мөн цаг хугацааны хувьд бусад бүтээлүүдээсээ хойно бичигт тэмдэглэгдсэн нь тухайн бүтээлүүдийн үйл явдал, утга санааны хүчин төгөлдөр байдлыг үгүйсгэх эсвэл тооцохгүй байх хангалттай шалтгаан болохгүй. Учир нь нэг хэсэг нь бичигт тэмдэглэгдсэнээс хойш зөвхөн аман хэлбэрээр үргэлжлэн дамжиж аажмаар бичигт бууж ирсэн олон олон үйл явдал, нарийн утга санаанууд байсан байж болох юм.

Бурхан багш болон бусад олон бурханы шашны их бүтээлчдийн намтар түүхүүд нь түүх бичлэгийн бус харин дидактик (сургах, хүмүүжүүлэх) зорилгоор бичигдсэн байдаг. Тодруулбал их бүтээлчдийн түүх намтар нь бурханы шашинтнуудыг зовлонгоос гэтлэх, гэгээрэлд хүргэх зам мөрд сургах хүсэл эрмэлзлэл төрүүлэх арга хэлбэрээр бичигддэг уламжлалтай. Тиймээс Бурхан багшийн амьдралыг энэ утгаар нь ойлгож түүх, үйл явдлаар сургасан сургаалаас суралцаж тунгааж бодох хэрэгтэй.

Эх сурвалж

Бурхан багшийн амьдралын тухай өгүүлсэн хамгийн эртний эх сурвалжуудад Бага Хөтөлбөрүүдийн Цомирлогт багтдаг Теравада (Баттай оршин өгүүлэгч) бичвэрт хамаарах хэд хэдэн Палисутта болон Бага хөлгөний өөр өөр урсгалуудын сүм хийдүүдийн баримтлах ёс суртахууны талаарх Винайн хэд хэдэн бичвэрүүд ордог. Гэвч эдгээр бичвэрүүд Бурхан багшийн амьдралын ердөө тодорхой нэг хэсгүүдийг өгүүлдэг.

Хамгийн анхны илүү дэлгэрэнгүй үйл явдлууд нь МЭӨ II зууны сүүл үеийн Бага хөлгөний Махасангика урсгалын (Олонх аймаг) Эд Таваар Их гэх мэт шүлэглэсэн бүтээлүүдэд дүрслэгдсэн байдаг. Энэ зохиол нь Гурван Аймаг Савын Цомирлогт багтдаггүй бөгөөд Бурхан багшийг хааны гэр бүлд ханхүү болж төрсөн гэж энэ сударт тэмдэглэж үлдээсэн байдаг. Өөр нэг шүлэглэсэн бүтээл бол Бага хөлгөний Сарвастивада урсгалын (Бүгдийг байгаад өгүүлэгч) Агуу Их Цэнгэлийн Судар юм. Энэ судрын дараагийн Махаяана хувилбарт энэ өмнөх хувилбараа дэлгэрүүлж Шагжамүни бурхан хэдий нь гэгээрсэн байсан ба хан хүү Сидхартагийн (Тус бүтээгч) дүрээр хэрхэн гэгээрэлд хүрэх аргыг үзүүлсэн гэж тэмдэглэсэн байдаг.

Дээрх намтар түүхүүдийн зарим нь Гурван Аймаг Савын Цомирлогт орсон байдаг ба энэ дундаас хамгийн их алдаршсан түүх нь МЭ I зуунд яруу найрагч Ашвогошагийн (Морин эгшигт) бичсэн Бурханы Явдалтан Хэмээн Алдаршсан бүтээл юм. Хожим Чакрасамвара (Дэмчиг) гэх мэт тарнийн бүтээлүүдэд бүр өөр өөр хувилбарууд ч тэмдэглэгдсэн ба Бурхан багш Шагжамүнийн дүрээр Билгүүний Чанадад Хүрэх Нууц Утгын сургаалаа тавихын зэрэгцээ Очирдарын дүрд хувилж тарнийн сургаалаа үзүүлсэн гэж гардаг.

Эдгээр түүх намтруудын аль алинаас бид суралцаж, бидний зориг эрмэлзлэл ч нэмэгдэж болно. Ингээд Бурхан багшийг түүхэн хүн байсан гэж үзүүлдэг түүний намтрын нэгэн хувилбарыг харцгаая.

Хорвоод мэндэлсэн нь, бага нас, орчлонгоос уйссан нь

Хамгийн эртний сурвалж бичгүүдэд тэмдэглэсэнээр Шагжамүни (Шагжтүв) (Төвд: Shakya thub-pa() одоогийн Энэтхэг, Балбын хил дээр орших тухайн үеийн Капилавасту (Төвд: Ser-skya’i gnas) нийслэлтэй Шагжа улсад нэгэн чинээлэг цэргийн эрхтний гэр бүлд төржээ. Энд түүнийг язгууртны гэр бүлд хан хүү болж төрсөн гэж дурьдаагүй байдаг. Харин үүнээс хойшхи бүтээлүүдэд түүнийг Сидхарта (Төвд: Don-grub) хан хүү болж төрсөн, эцэг нь Шуддодана (Сайзан) (Төвд: Zas gtsang-ma) нэртэй байсан тухай гардаг. Үүний дараах хувилбаруудад түүний эхийн нэр Маяа-дэви (Их хувилгаант охин тэнгэр эх) (Төвд: Lha-mo sGyu-‘ phrul-ma) болон зургаан соёотой цагаан заан түүний биед ороход Азита гэгээн, аугаа их хаан эсвэл аугаа их гэгээнтэн болох хүү төрүүлнэ хэмээн иш үзүүлж буй ер бусын зүүд зүүдэлсэн тухай өгүүлдэг. Түүнээс хойшхи бүтээлүүдэд Лүмбэний цэцэрлэг дэхь Капилавасту гэдэг газраас холгүй Бурхан багш эхээс мэндэлмэгцээ “Би ирлээ” хэмээсэн ба эх нь түүнийг төрүүлээд өнгөрсөн гэж гардаг.

Бурхан багшийн бага залуу насны амьдрал нь маш элбэг хангалуун байсан. Тэрээр гэр бүлтэй, Рахула (Дажазин/Дайсойтан) (Төвд: sGra-gcan ‘dzin) нэртэй хүүтэй байсан. Гэр бүлийн хүн нь Яшодара (Алдрыг баригч эх) (Төвд: Grags ‘dzin-ma) нэртэй байсан гэж дараа дараагийн бүтээлүүдэд дурьдсан байдаг. Гэвч 29 насандаа гэр бүлийн амьдрал, хан хүү хэмээх хэргэм зэргээ орхиж үнэний эрэлд гарч (Төвд: dge-sbyong, Санск.: shramana), даянч болсон.

Бурхан багшийн энэ орчлонгоос уйссан сэтгэлийг тухайн цаг үе, нийгмийн нөхцөл байдлын хүрээнд харах нь чухал. Даянч болж байгаагаараа гэр бүлээ ямарч хайр халамжгүй орхиж байгаа явдал биш. Тэднийг Бурхан багшийн гэр бүлийнхэн асарч хамгаалах юм. Мөн Бурхан багш армид орсон нь нэг л өдөр эргэлзээгүй гэрээ орхин дайнд мордоно гэсэн үг байсан. Цэргийн гэр бүлүүд үүнийг эр хүний үүрэг гэж үздэг бөгөөд эртний Энэтхэгийн дайчид цэргийн бааз руу гэр бүлээ авч явдаггүй байжээ.

Дайн тулааныг гадаад дайсны эсрэг хийдэг ч жинхэнэ тулааныг бид дотоод дайсныхаа эсрэг хийдэг ба Бурхан багш ч энэ тулаанд мордсон. Бурхан багш гэр бүлээ энэ зорилгоор орхиж, шашны бүтээлийн зам мөрд орж байгаа нь үүнтэй адил зорилготой хүн бүрийн үүрэг гэдгийг харуулж байна. Гэвч орчин үед хэрэв бид сүм хийдэд сууж дотоод дайсантайгаа тэмцэхээр гэр бүлээ орхиж байгаа бол тэднийг сайн халамж асрамжинд үлдээх ёстой. Энэ нь зөвхөн бидний хань, үр хүүхэд төдийгүй өндөр настай эцэг эхийн нөхцөл байдлыг анхаарна гэсэн үг. Гэр бүлийн амьдралыг орхисон ч, орхиогүй ч Бурханы шашны бүтээлийн зам мөрд орж байгаа хүн бүрийн үүрэг бол Бурхан багшийн үзүүлсэнчлэн хүсэл таашаалд хэт дурласан сэтгэлээ дарснаар зовлонг багасгах явдал юм.

Зовлонг даван туулахын тулд Бурхан багш төрөх, өтлөх, өвдөх, үхэх, дахин төрөх, гуниг, төөрөгдөл, энэ бүхний мөн чанарыг ойлгохыг хүссэн. Хожим үүний дэлгэрэнгүй хувилбар нэг бүлэг бүтээлд тэрэгний хөтөч Чанна Бурхан багштай хотоор явсан тухай гардаг. Бурхан багш өвдсөн, өндөр настай, нас эцэслэсэн, даян хийж байгаа хүмүүстэй тааралдахад Чанна түүнд энэ бүхнийг тайлбарлаж өгдөг. Ингээд Бурхан багш хүн бүрийн туулдаг зовлон, түүнээс гарах аргыг олохыг хүссэн.

Үнэнийг олох зам мөрдөө тэрэгний хөтчөөс тусламж авч байгаа тухай энэ бүлэг Аржунагийн (Орчлонг бүтээгч) (Төвд: Srid-sgrub) өөрийн тэрэгний хөтөч Кришнагийн (Төвд: ‘Dom-pa nag-po) түүнд ярьж өгсөн төрөл төрөгсдийн эсрэг тулалдах тулаанд дайчны үүргээ гүйцэтгэх тухай гардаг Багавад Гита түүхтэй адил утгатай. Бурханы шашин, Хиндү шашин аль аль нь бидний төсөөлдөг тав тухтай амьдралын тухай ойлголтоос цаашилж үнэнийг олох үүргээ хэзээ ч орхиж болохгүй гэсэн санааг онцолсон байгааг бид харж байна. Ингэхдээ тэргээр сэтгэлийг зовлонгоос чөлөөлөх хөдөлгүүр, хөтчийн үгээр тэрхүү хөдөлгүүрийг жолоодох хөдөлгөгч хүч – бодит байдлын жинхэнэ үнэнийг төлөөлүүлсэн байж болно.

Номонд суралцаж, гэгээрэлд хүрсэн нь

Бурхан багш үнэнийг эрж даяан хийж амьдарч байхдаа тэгш агуулах болон дүрсгүй тэгш орших бясалгалын аргыг хоёр багшаар заалгасан. Ингэж тэр ертөнцийн эгэл таашаал эсвэл биет зовлонгоос бүрэн ангижирдаг энэ төгс төвлөрлийн гүнзгий үе шатанд хүрч чадсан. Эдгээр өндөр түвшний сэтгэлийн төлөв байдлууд зөвхөн түр нэг хэсэг агшинд тэдгээр зовлонгийн мэдрэхүйгээс амирлуулсан боловч түүний даван туулахыг эрэлхийлж байсан илүү нарийн түгээмэл тэдгээр зовлонг (өвдөх, өтлөх, үхэх гэх мэт) арилгаж чадаагүй. Тэгээд тэр өөрийн таван нөхрийн хамт хатуу чанд даяан хийсэн боловч өөрийн хяналтгүй дахин дахин зовлонт төрөл авах (Төвд: ‘khor-ba, Санск.: samsara) илүү гүнзгий асуудлуудыг бас арилгаж чадаагүй. Дараа дараагийн бүтээлүүдэд Бурхан багш Няранзана (Төвд: Chu-bo Nai-ranyja-na) мөрний эрэг дээр Сужата (Төвд: Legs-par skyes-ma) охин Бурхан багшид аяга сүүтэй будаа өргөснөөр 6 жилийн мацгаа зогсоосон тухай гардаг.

Бурхан багшийн энэ жишээ нь зөвхөн бүрэн амирласнаар, бясалгалд “мэргэжсэнээр” – эм тан мэт хиймэл арганд сэтгэл ханахгүй байхыг харуулж байна. Өөрсдийгөө залхаасан хатуу чанга даяан, сэтгэлийн хэт идэвхгүй төлөв байдалд орох нь бас зөв арга биш. Бидний эцсийн зорилгод хүргэж чадахгүй тийм арга, зам мөрд сэтгэл ханаад зогсохгүй биднийг зовлонгоос бүрэн чөлөөлж улмаар гэгээрэлд хүргэх тийм замыг бид дагах ёстой.

Хатуу чанд даяанаа зогсоосныхоо дараа Бурхан багш айдсаа дарахаар ширэнгэн ойд ганцаараа бясалгасан.

Өөрийгөө эрхэмлэх хандлага, “би”-д барих үзлээс үүдэлтэй айдас нь цэнгэл, таашаал эрэлхийлэх явцад үүссэн айдсаас илүү хүчтэй байдаг. МЭ X зууны Энэтхэгийн их мастер (бандид) Дармаракшита Оюун Судлахуйн Мэсэн Хүрдэн бүтээлдээ бодьсадва нар өөрийгөө эрхэмлэх хандлага, “би”-д барих үзлийг дарахын тулд уур, хүсэл, шунал, аливааг буруу таних зэрэг хорт сэтгэлүүдээ хувирган ашиглаж байгааг хортой ургамал бүхий ширэнгэн ойд алхаж буй тогос шувуугаар илэрхийлсэн.

Ингээд бясалгалынхаа үр дүнд 35 насандаа Бурхан багш төгс гэгээрэлд хүрсэн. Хожмын бүтээлүүдэд түүнийг Бодгаяад (Дорж дан) Төвд: rDo-rje gdan) нэгэн бодь модны дэргэд шулмын эсэргүүцлийг дарсныхаа дараа бүтээлийн төгсгөлдөө хүрсэн гэж гардаг. Атаач тэнгэр Мара (Дүд) (Төвд: bDud) Бурхан багшийн гэгээрэлд саад хийж бясалгалаас нь алгасруулахаар аймшигтай эсвэл сэтгэл татам дүрүүдэд хувилж байсан.

Эртний судруудад Бурхан багш дараах гурван эрдмийг эзэмшиж гэгээрэлд хүрсэн гэж гардаг. Үүнд: Өөрийн бүх урд төрлүүдээ санах, бусдын бүх төрөл, үйлийн үрийг мэдэх, Хутагтын 4 Үнэнийг онох эдгээр гурав юм. Хойшхи бүтээлүүдэд тэрээр гэгээрэлд хүрч илт мэдлийг олсон гэж гардаг.

Хуврагийн хүрээ байгуулж, cургаал ном тавьсан нь

Гэгээрэлд хүрснийхээ дараа Бурхан багш гэгээрэлд хүрсэн аргаа бусдад заахаас татгалзсан. Учир нь хүмүүс ойлгож чадахгүй гэж үзсэн. Харин Энэтхэгийн Эсрэн тэнгэр (Брахма/Бараман/Цанба) (Төвд: Tshang-pa), Хурмаст тэнгэр (Индра/Банбу) (Төвд: dBang-po) нар хүсэлт тавьсан. Хожим нь Хиндү шашин болж хөгжсөн Брахман сургаалын Брахма нь ертөнцийг бүтээгч харин Индра нь тэнгэрүүдийн хаан гэж үздэг. Брахма Бурхан багшид хүсэлт гаргахдаа хэрэв Бурхан багш ном тавихгүй бол ертөнцийхөн эцэс төгсгөлгүй зовох болно гэжээ.

Энэ хэсэг нь Энэтхэгийн уламжлалт шашны урсгалуудын санал болгодог аргуудаас Бурхан багшийн сургаалын давуу байдлыг харуулж егөөдсөн элемент байж болох юм. Дээд тэнгэрүүдэд хүртэл бид бүгдийн зовлонд эцэс тавих арга байхгүй учраас Бурхан багшийн сургаалыг хүлээн зөвшөөрч байхад эгэл хүмүүс бидэнд энэ сургаал бүр илүү хэрэгтэй. Бурханы шашинд Брахмаг омог бардамын илэрхийлэл болгон дүрсэлдэг. Түүний өөрийгөө бүхнийг чадагч, бүтээгч гэж үздэг буруу үзэл нь “би” бүхнийг хянаж чадна гэсэн орших боломжгүй “би”-д барих үзлийн жишээ болж байна. Энэ буруу үзэл нь зовлон, бэрхшээлийг авчирдаг. Бид хийгээд юмс хэрхэн оршдгийг сургадаг Бурхан багшийн сургаал зовлон болон түүний жинхэнэ шалтгаан, түүнийг зогсоох үнэн зөв аргыг заадаг.

Брахма, Индра нарын хүсэлтийг хүлээж аваад Бурхан багш Сарнат рүү явж Гөрөөсний орон хэмээх газар (Ридагнай) (Төвд: Ri-dags-kyi gnas, Санск.: Mrgadava) өөрийн таван нөхөртөө Хутагтын 4 Үнэний сургаалаа айлдсан. Бурханы шашинд бодь гөрөөс уян хатан байдлыг илэрхийдэг ба Бурхан багш зугаа цэнгэлийг дээдлэх эсвэл хатуужил шаардахаас тусдаа уян хатан аргыг зааж өгсөн.

Удалгүй хэсэг залуу хүмүүс Варанасигийн (Барнаси) ойролцоо Бурхан багштай уулзаж бэлгийн болон гэр бүлгийн амьдралаас татгалзаж бүтээлийн зам мөрд орсон. Тэдгээр залуу хүмүүсийн эцэг эх нь Бурхан багшийн гэргийтэн шавь нар нь болж тэдгээр бүтээлчдийг харж хандах болов. Бүтээлчдийг сайн суралцаж тодорхой шаардлагуудыг хангасны дараа тэднээр ном заалгахаар илгээсэн. Ингэж Бурхан башийн номын шавь нар түргэн хүрээгээ тэлж өөр өөр газар шашны хүрээг байгуулж суурьшсан.

Бурхан багш эдгээр хүрээнүүдийг нийтийн практик жишгийг харгалзан зохион байгуулсан. Тухайн үед шашны хүрээнд хувраг болж орохоор бол шашны бус бусад нэр хүндтэй харшлахгүй байх үүднээс тодорхой хязгаарлалтуудыг тавьсан. Ингээд Бурхан багш арми гэх мэт хааны албатууд, эздээсээ чөлөөлөгдөөгүй боолууд, гэмт хэрэгтэн, уяман гэх мэт халдварт өвчтэй хүмүүсийг шашны хүрээнд орохыг зөвшөөрөөгүй. Мөн хорин наснаас доош настай хүмүүст хүрээнд орохыг зөвшөөрөөгүй. Бурхан багш үүсэж болзошгүй төвөгтэй байдлаас зайлсхийхийн зэрэгцээ бурханы сургаал ном, түүнийг дагагч нарт олон нийтээс үзүүлдэг хүндлэлийг хүндэтгэхийг хүссэн. Бурхан багшийн сургаалтан бид аливаа нутаг орны уламжлал, ёс заншилд хүндэтгэлтай хандаж дагаснаар тухайн нутгийн хүн ард Бурханы шашны талаар өндөр сэтгэгдэлтэй байж хариу хүндэтгэлтэй хандах юм.

Эндээс Бурхан багш Магада (Төвд: Yul ma-ga-dha) хаант улсад буцаж ирсэн. Энэ хаант улсын нутаг дэвсгэрт Бодгаяа багтдаг байв. Бурхан багшийг түүний шавь, өглөгийн эзэн Бимбисара хаан (Сүгжин нянбу) (Төвд: gZugs-can snying-po) нийслэл хот Ражагриха – одоогийн Ражгирт урьсан. Тэнд түүний шавь Шарипутра (Шаарибу), Маудгаляаяана (Монголживуу) (Төвд: Mo’u dgal-gyi bu) нар тэдний эгнээнд нэгдэж улмаар Бурхан багшийн хамгийн ойрын шавь нар нь болсон.

Бурхан багш гэгээрэлд хүрсэн тэр жилдээ өөрийн төрөлх хот Капилавастуд буцаж ирсэн ба түүний хүү Рахула мөн тэдэнтэй нэгдсэн. Бурхан багшийн эцэг нэгтэй дүү Нанда (Төвд: dGa’-bo) үүнээс өмнө орон гэрээ орхиж мөн тэдний эгнээнд орсон байдаг. Бурхан багшийн эцэг Шуддодана хааныг (Сайзан) залгамжлах гэр бүлийн гишүүн байхгүй байсан тул тэрээр Бурхан багшаас цаашид хүүхдүүд шашны хүрээнд орохоор бол эцэг эхээсээ зөвшөөрөл авч байх тухай хүсэлт гаргасныг Бурхан багш хүлээн авч хэрэгжүүлэх болсон. Энэ үйл явдал Бурхан багшийг эцэгтээ хайхрамжгүй хандсан гэж үзүүлэхээсээ илүү ялангуяа гэр бүлийн дотор Бурханы шашны талаар ямар нэг зөрчил үүсгэхгүй байхын чухлыг харуулсан.

Хожмын нэг бүтээлд Бурхан багш гэр бүлийн гишүүний оногдсон үүргээ хэрхэн биелүүлж байсан тухай түүнийг Гучин гурван тэнгэрийн оронд өөрийн эрдмийг ашиглан очиж (зарим эх сурвалжуудад Түшидийн орон (Төвд: dGa'-ldan) гэж дурьдсан байдаг) өөрийн ээждээ ном заасан гэж гардаг. Үүгээр эхийн ачийг санаж, хариулахын чухлыг үзүүлсэн.

Сүм хийд байгуулсан нь

Хуврагийн хүрээ нь эхэн үедээ цөөхөн, хориос илүүгүй хуврагтай байсан. Хувраг бүр өөр өөрийн бадар гуйх хэд хэдэн өрх өглөгийн эздүүдтэй байжээ. Аливаа явуулах үйл ажиллагаа, шийдвэрүүдийг гаргахдаа ямар нэг зөрчил үүсэхээс сэргийлж гишүүдээрээ хэлэлцэж зөвшилцдөг. Нэг ч хүн дангаараа шийдвэр гаргадаггүй. Шийдвэр гаргахдаа Бурхан багшийн сургаалыг баримтлахыг сургасан. Хэрэв шаардлагатай бол хүрээний журамд өөрчлөлт оруулдаг. Ингэхдээ бүх гишүүдийн хамтын зөвшилцөл дээр өөрчлөлтийг гаргаж болдог байв.

Бимбисара хаан Бурхан багшид бусад шашны бүлгүүдийн жишээлбэл, Жайны (Нүцгэнтэн) долоо хоног бүр хийдэг чуулганы туршлагаас суралцаж болохыг зөвлөж байсан. Энэ нь долоо хоног бүрийн эхэнд цуглаж сургаал номоо ярилцдаг уламжлал юм. Бурхан багш үүнийг хүлээн авсан нь тухайн цаг үеийн уламжлалыг дагах тухай саналуудад нээлттэй ханддаг байсныг харуулж байна. Бурхан багш өөрийн сургаал номын бүтэц, хүрээнийхээ зохион байгуулалтын зарим талуудыг Жайнын уламжлалын дагуу загварчилсан. Жайнизмыг үндэслэгч Махавира (Их эрхтэн) Бурхан багшаас бараг хагас зууны өмнө амьдарч байсан.

Үүнээс хойш удалгүй Шарипутра Бурхан багшаас хүрээний сахилгын хэм хэмжээг нарийвчлан боловсруулсан журам гаргахыг хүссэн. Гэвч Бурхан багш тодорхой нэг асуудал гарч ирэхийг хүлээж гарсан үед нь адил төстэй тохиолдол дахин гарахаас сэргийлсэн журам гаргахаар шийдсэн. Бурхан багш энэ шийдвэрийг гаргахдаа мөн чанараараа үйлдсэн хүн бүрт хор уршигтай үйлдлүүд, тодорхой нөхцөл байдал, шалтгааны улмаас тодорхой хүмүүст хориглосон ёс зүйн хувьд саармаг аль аль үйлдлүүдийг харгалзан үзсэн. Ийм учраас ёс зүйн дүрэм журам нь ичээж шийтгэхгүй харин аливаа асуудлуудаас зайлсхийх Бурхан багшийн санаатай нийцсэн бодит нөхцөл байдлыг харгалзсан, тодорхой тохиолдлуудад нарийвчлагдан хэлэлцэгддэг байсан.

Энэ үндсэн дээр Бурхан багш долоо хоног бүрийн хүрээний чуулган дээр бүх хуврагууд аливаа алдаагаа нээлттэй хүлээн зөвшөөрөх үүднээс сахилуудыг нийтээрээ дуудан уншдаг байхаар тогтоож өгсөн. Нилээн ноцтой алдаа гаргасан тохиолдолд хүрээнээс хөөх ба ихэнх тохиолдолд ердөө сануулах байдлаар хөдөлмөр хийлгэж шийтгэдэг байв. Хожим нь энэ чуулганыг сард хоёр удаа хийдэг болсон.

Бурхан багшийн гаргасан дараагийн уламжлал нь хуврагууд борооны улирлын үеэр нэг газар цуглаж, хөл хорьж, гурван сарын турш хийдэг байсан борооны улиралын даяан (төвд: dbyar-gnas, санск.: varshaka) юм. Зам усанд автсан үед хуврагууд тариан талбайгаар явахдаа ургац гэмтээдэгээс сэргийлэх үүднээс энэ даяаныг хийх болсон. Энэ борооны улирлын даяан нь улмаар зохион байгуулалттай хийд бий болоход нөлөөлсөн. Ингэж хийд болгож зохион байгуулах болсон нь энгийн хар хүмүүст ямар нэг байдлаар хор хохирол учруулахгүй байх, тэдний хүндлэлийг хүлээх явдал байсан юм. Ингэж зохион байгуулах нь бодит байдалд илүү их нийцэж байсан.

Хоёр дахь удаагийн борооны улирлаас эхлээд хорин таван удаагийн даяаныг Кошала хаант улсын нийслэл Шравасти хотын ойролцоох Жэтавана төгөлд хийсэн ба энд худалдаачин Анатапиндада (Гонмэд) (Төвд: mGon-med zas-sbyin) Бурхан багш болон түүний хуврагуудад зориулан хийд барьж өгсөн. Түүнээс хойш Прасэнажит хаан (Салжил) (Төвд: rGyal-po gSal-rgyal) тэдэнд дэмжлэг үзүүлэх болсон. Жэтавана дахь энэ хийдэд Бурхан багшийн амьдралын олон гайхалтай үйл явдлууд өрнөж байсан. Хамгийн их олонд алдаршсан үйл явдал нь тухайн үеийн зургаан гол шашны урсгалын тэргүүний хувилгааны хүчний тэмцээнд ялсан ялалт нь юм.

Орчин цагт бидний хэн нь ч ийм хувилгааны хүчийг үзүүлж чадахгүй байх. Гэвч Бурхан багш учир шалтгааны ухаанаа заахаасаа илүү ийм хүчийг үзүүлэх болсон нь бидний оюун санаа учирлах, оюун дүгнэлт хийх хязгаарлагдмал бололцоотой байгаа үед өрсөлдөгчөө ялах, сургаалын үнэнийг нотлох үүднээс тэдэнд үйл байдлаараа хүрсэн эрдмийн түвшингээ харуулах нь хамгийн сайн арга болдог учиртай.

Эмэгтэй хуврагуудын хүрээ байгуулсан нь

Сургаал ном тавьсан он жилүүдийнхээ сүүлээр Бурхан багш өөрийн авга эгч Махапражапатигийн (Их Гэрлийг Сахигч) (Төвд: sKye-dgu’i bdag-mo chen-mo) хүсэлтээр Вайшалид эмэгтэй хуврагуудын хүрээг эхлүүлсэн. Эхэндээ Бурхан багш ийм хүрээ байгуулахаас татгалзаж байсан боловч хэрэв тэд эрэгтэй хуврагуудаас илүү олон сахил сахивал боломжтой гэж шийдсэн. Ингэхдээ Бурхан багш эмэгтэйчүүд эрэгтэйчүүдээс илүү олон сахил сахиж байгаа нь тэдэнд илүү хатуу сахилга бат, сургалт шаардлагатай гэж харуулж байгаа хэрэг биш юм. Харин эмэгтэйчүүдийн шашны хүрээг бий болгох нь түүний ном сургаалийн нэр хүндэд нөлөөлж, сургаал ном цагаасаа эрт доройтохоос болгоомжилсон. Учир нь Бурхан багш юуны түрүүнд тухайн цаг үеийн нийгмийн хандлагыг дагахыг хүсч байсан ба тийм ч учраас эмэгтэйчүүдийн шашны бүлэг ёс суртахууныг хатуу чанд баримтлахаас илүү өндөр түвшний ёс жаягтай байх хэрэгтэй болсон.

Гэвч Бурхан багш дүрэм журам тогтоохоос татгалзаж чухал биш гэж үзвэл жижиг жижиг дүрэм журмуудыг хүчингүй болгохыг зорьж байсан. Тэрээр тухайн ард түмний уламжлалтай нийцсэн янагуух (заншсан) үнэнийг харгалзсан чанагуух (туйлын) үнэнд тулгуурласан зарчмыг бодлого болгож байсан. Чанагуух (туйлын) үнэнд эмэгтэй хуврагийн хүрээ байгуулахад ямар нэг асуудал байхгүй боловч тухайн үеийн нийгмийн хандлагын дагуу хүмүүс Бурханы сургаалийг доогуур үнэлэхээс зайлсхийж байсан учраас эмэгтэй хуврагуудын сахих сахил илүү олон байх шаардлагатай болсон. Мөн чанагуух үнэний хувьд нийгмийн юу гэж хэлэх нь хамаагүй боловч янагуух (заншсан) үнэнд Бурханы шашинтнууд олон нийтийн хүндлэл итгэлийг даах нь чухал. Ийнхүү орчин цаг үед хэрэв эмэгтэйчүүд, эмэгтэй хуврагууд эсвэл үндэстний цөөнхүүдэд Бурханы шашны уламжлалын дагуу ямар нэг байдлаар ялгаварлан гадуурхах хандлага байвал энэ нь Бурханы шашныг үл хүндэтгэх хүчин зүйл болж болно. Бурхан багш шашны дэг жаягуудыг тухайн цаг үеийн хэм хэмжээнд нийцүүлэн өөрчилж байхыг гол болгож байсан.

Нөхцөл байдлыг ойлгон хүлээн авах чадвар, энэрэх сэтгэл хоёр Бурхан багшийн сургаалийн гол санаа байсаар ирсэн. Жишээлбэл, өмнө нь өөр шашны бүлгийг дэмждэг байсан шинэ шавь нараа тухайн шашны бүлгээ үргэлжлүүлэн дэмжихийг Бурхан багш зөв гэж үздэг байсан. Бурханы шашны хүрээн дотор ч гишүүд нь бие биеэ халамжлан анхаарахыг сургадаг байсан. Бурханы шашинтай нэг гэр бүлийн гишүүд учраас нэг хувраг өвдөхөд бусад хуврагууд асрах нь бидний үүрэг. Энэ нь мөн гэргийтэн хүмүүсийн үүрэг юм.

Бурхан багшийн сурган хүмүүжүүлэх арга

Бурхан багш бусдад өөрийн амьдралын бодит жишээ болон аман сургаалиараа аль алинаар нь зааж байсан. Аман сургаалаа бүлэг хүмүүст, эсвэл хувь хүмүүст зааж байгаагаас шалтгаалж өөр өөр аргаар зааж байсан. Бүлэг хүмүүст ном тавихдаа лекц ярианы хэлбэрээр, ингэхдээ илүү сайн тогтоогдох үүднээс нэг санааг өөр өөр үгээр олон давтдаг. Харин хувь хүмүүст, ихэвчлэн гэрт нь өдрийн зоогонд уригдан очихдоо хоолны дараа ганцаарчилсан зөвлөгөө өгөхдөө өөр арга хэрэглэдэг. Тэрээр сонсогчын үзэл бодлыг үгүйсгэж шүүмжилдэггүй харин түүний байр сууринаас түүний санааг тодорхой болгоход нь туслах үүднээс асуултуудыг асуудаг. Ингэж тухайн сонсогчийг байр сууриа улам тодорхой болгоход нь туслаж, улмаар бодит байдлыг илүү гүнзгий ойлгож харах тал руу нь чиглүүлдэг. Бурхан багш чинээлэг брахман номлогчийн гэр бүлээс гаралтай нэгэн маш бардам хүнд түүний давуу тал төрсөн гэр бүлээс нь хамаарахгүй, харин тухайн хүн сайн чанараа хэрхэн хөгжүүлэхээс шалтгаалдагийг ойлгуулсан тухай түүх байдаг.

Өөр нэг түүх нь хүүгээ алдсан нэгэн эх Бурхан багшаас хүүхдийг нь буцааж амьдруулж өгөхийг гуйхад түүнд өгсөн сургаал байдаг. Бурхан багш тэр эхэд гэр бүлээс нь нэг ч хүн өнгөрөөгүй айлаас гичний үр авч ирэхийг хүсээд тэр үед нь юу хийж болохыг харъя гэдэг. Тэр эх айлаас айлд очиж асуухад айл бүр хэн нэгнийгээ алдсан байдаг. Энэ зуур тэрээр хүн бүр нэг өдөр нас эцэслэдэгийг ойлгодог.

Бурхан багшийн заах арга нь хүмүүстэй биечилж уулзаж байгаа тохиолдолд санааг нь сөргөхгүй байж өөрсдөөр нь бодуулах нь үр дүнтэйг харуулж байна. Гэвч сургаал номонд суралцахыг хүссэн бүлэг хүмүүст шууд тодорхой тайлбарлаж өгөх хэрэгтэй байдаг.

Видео: Доктор Алан Валас  — “Бид сэрүүн байна уу эсвэл зүүдэлж байна уу?”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно. 

Бурхан багшийн эсрэг хуйвалдаж, хуврагийн эв эвдсэн нь

Бурхан багшийг бие барахаас долоон жилийн өмнө түүний үеэл Девадата (Лхайжин) (Төвд: Lhas-byin) түүнд атаархаж түүний шашны хүрээний тэргүүний байр суурийг авахаар хуйвалдаан зохиосон. Мөн Ажаташатру (Майжэда / Үл төрөх дайсан ) (Төвд: Ma-skyes dgra) ханхүү өөрийн эцэг Магадагийн хаан Бимбисарагийн суудлыг авахаар бас хуйвалдаан зохиодог. Тэр хоёр тохиролцож Ажаташатру эцгээ хороох оролдлого хийж улмаар хаан эцэг нь хүүгийнхээ хүссэнээр хаан ширээнээсээ татгалзсан. Ажаташатругийн зорьсондоо хүрсэнийг Девадата харж түүнээс Бурхан багшийн амийг хороож өгөхийг хүсдэг боловч бүх оролдлогууд нь амжилтгүй болсон.

Девадата дараа нь өөрийгөө Бурхан багшаас илүү ариун гэж харуулж түүний хуврагуудыг өөртөө татахаар хатуу чанга дэг жаягуудыг гаргаж ирсэн. МЭ IV зуунд амьдарч байсан теравадагийн их мастер Буддагошагийн Тийн Арилсан Мөр(Пали: Visuddhimagga) зохиолд Девадатагийн хуврагуудад зориулж гаргасан дэг жаягийг дурьдсан байдаг. Үүнд:

  • Хуучин хувцсаар зүйж хийсэн орхимж өмсөх
  • Зөвхөн гурван орхимжтой байх
  • Бадараар хооллох, зоогийн урилгыг хэзээ ч хүлээж авахгүй байх
  • Бадар гуйх үедээ айл алгасахгүй
  • Цуглуулсан бадараа нэг суудал дээр иднэ (олон босч суухгүйгээр)
  • Зөвхөн өөрийн бадар аяганаас хооллоно
  • Бадараас өөр бусад хоол хүнс идэхгүй
  • Зөвхөн ой хээр газар амьдарна
  • Модны дор амьдарна
  • Ямар нэг гэр сууцанд амьдрахгүй, ил задгай газар амьдарна
  • Ихэвчлэн оршуулгын газар байх
  • Бадарчилж явахдаа хоноглохоор буусан аливаа газартаа сэтгэл хангалуун байх
  • Хэзээ ч хэвтэж унтахгүй суугаагаараа унтах.

Бурхан багш хуврагууддаа хэрэв эдгээр нэмэлт жаягуудыг дагахыг хүсвэл дагаж болно, гэвч заавал тэднийг дагах ёстой биш гэж сургасан. Ингээд тэдний хэсэг хувраг Девадатаг дагахаар сонгож Бурхан багшийн хүрээнээс гарч өөрсдийн хүрээг байгуулсан.

Девадатагийн гаргасан нэмэлт жаягуудыг Теравадагийн урсгалд хуврагийн 13 гишүүн бүтээл (суралцахын гишүүн) гэж нэрлэдэг. Одоогийн Тайланд улсад баримталдаг хуврагийн даяаны уламжлал нь энэ дэг жаяг дээр үндэслэсэн мэт байдаг. Бурхан багшийн шавь нарын дотор энэ хатуу дэг жаягийг дагадаг хамгийн их нэрд гарсан шавь нь Махакашяпа (Төвд: ‘Od-bsrung chen-po) байсан. Ийм хэлбэрийн дэг жаягийг Хинду шашны олон бүтээлчид бас мөрддөг. Тэдний хийдэг бүтээл нь Бурхан багшийн үеийн даяанчдын уламжлалын үргэлжлэл юм шиг байдаг.

Их Хөлгөний уламжлалд бас ийм 12 зүйл дэг жаяг байдаг. Энэ жагсаалтанд “бадар гуйх үедээ айл алгасахгүй” гэдгийг хасаж “хог дээр хаясан орхимж өмсөх” гэж нэмж оруулсан. Мөн “бадар гуйх”, “зөвхөн өөрийн бадар аяганаас хооллоно” гэдгийг нэг зүйлд оруулсан байдаг. Эдгээр дэг жаягийг Энэтхэгийн олон тарнийн их бүтээлчид мөрдөж байсан ба Бурханы шашны Их Хөлгөний уламжлал, Хинду шашны уламжлалын аль алинд нь хэрэглэж байжээ.

Бурханы шашны тогтсон хүрээнээс салж өөр хүрээ байгуулах, жишээ нь орчин үед тусдаа номын төв байгуулах нь буруу биш. Ингэж хүрээнийхээ дотооддоо, эсвэл түүнээс гадуур хүрээ байгуулах нь хамгийн хүнд таван нүглийн нэг “хуврагийн эв эвдэх” үйл болохгүй. Харин Девадатаг дагаж салж гарсан бүлэг нь Бурхан багш болон түүний хүрээнийхийг хурцаар шүүмжилж, тэдний эсрэг дайсагнасан сэтгэл агуулж байсан учраас Девадатагийн хийсэн үйл хүнд нүгэл юм. Зарим эх сурвалжуудад тэмдэглэснээр хуврагийн эв эвдсэн энэ зөрчил хэд хэдэн зуун дамжиж үргэлжилсэн байдаг.

Энэ хуврагийн эв эвдсэн үйл явдлаас харахад Бурхан багш аливаа үүссэн хувьсал өөрчлөлтөнд хатуу үзэл баримтлал барьдаггүй уян хатан ханддаг байсан байна. Хэрэв түүнийг дагалдагч нар түүний тэдэнд зориулж гаргасан дэг жаягаас илүү хатуу чанд дэг жаяг мөрдөхийг хүсвэл, энэ нь боломжтой, хэрэв тийм сонирхол байхгүй бол дагахгүй байх боломжтой. Хүн бүр Бурхан багшийн сургасаныг заавал дагах албагүй. Эрэгтэй, эмэгтэй хуврагууд аль нь ч шашныхаа хүрээнээс гарч болно. Харин Бурханы шашны бүлгүүдийг, тэр дундаа хийдийн хүрээн дотор эв эвдэж, хэд хэдэн хэсэгт хувааж, тэдгээрийн аль нэг нь эсвэл аль аль нь нэг нэгээ хорлох сэтгэл агуулж нэр хүндийг нь унагах, хохирол учруулахыг оролдоход хүргэх нь хамгийн их хор уршигтай. Дараагаар нь эдгээр дайсагнасан бүлгүүдийн нэгэнд нь нэгдэж үйл ажиллагаанд нь оролцох нь хамгийн их хортой. Гэвч эдгээр талуудын аль нэг нь ийм хор хөнөөлтэй үйлдлүүдийг хийж, хэт хатуу ширүүн дэг жаягуудыг өөрсдийн биедээ бүтээж байгаа талаар бусдад энэрэн нигүүлсэн сэтгэлийн үүднээс тэдгээр бүлгүүдэд нэгдэж орохгүй байхыг анхааруулах ёстой. Энэ тохиолдолд сэдэл нь уур, өширхөл, үзэн ядах сэтгэлтэй огт холилдоогүй байх ёстой.

Бурхан багш жанч халсан нь

Бурхан багш бүх зовлонгийн (өтлөх, өвдөх, үхэх) шалтгааныг зогсоож, ердийн биднийхтэй адил нас барах үйл явцаас хэтэрсэн байсан ч 81 насандаа шавь нартаа мөнх бусыг сургах үүднээс биеэ орхиж үзүүлэхээр шийдсэн. Ингэхийн өмнө Бурхан багш өөрийн туслах Анандад (Төвд: Kun-dga’-bo) түүнээс урт удаан наслаж, номоо үргэлжлүүлэн тавихыг хүсэх боломж олгосон боловч Ананд Бурхан багшийн өгсөн санааг ойлгоогүй юм. Энэ нь Бурхан багш зөвхөн хүсэлт тавьсан үед ном тавьдаг, хэрэв нэг ч хүн хүсэлт гаргахгүй, сонирхохгүй бол илүү их тус хүргэж чадах газар хаа байна тэнд очихоор явдгийг харуулж байна. Багштай байж багшаар ном хөтлүүлэх нь шавь нараас шалтгаалдаг.

Бурхан багш Кюшинагара-д (Зачогдун / Гүш хот) (Төвд: Ku-sha’i grong-khyer, gNas rtsva-mchog) Чундагийн гэрт хэсэг хуврагийн хамт зоог барьсаны дараа бие нь гэнэт муудах үед хуврагууддаа хэрэв тэдэнд ямар нэг эргэлзээ, хариулагдаагүй асуулт байвал өөрсдийн сахил санваар, ном сургаалаараа хэрхэхийг тогтоохыг захисан. Одоо та нарын сахил санваар, сургаал ном багш чинь байх болно гэж хэлсэн. Ингэж Бурхан багш хүн бүр сургаал номноосоо аливаа хариултаа өөрсдөө олж авах ёстой, бүх асуултад хариулдаг цорын ганц бүхнийг мэдэгч байхгүй гэж сургаад жанч халжээ.

Чунда өөрийгөө Бурхан багшийг хордуулчихлаа хэмээн ихэд санаа зовоход Ананд тэдгээр гэр бүлийнхнийг Бурхан багшид хамгийн сүүлийн зоогийг нь барьж маш их буян хураалаа хэмээн сэтгэлийг нь засч байсан.

Бурхан багшийн биеийг чандарлаж, чандарыг Бурханы шашны дөрвөн гол мөргөлийн газар болох

  • Бурхан багшийн төрсөн газар болох Лүмбини
  • Бурхан багшийн гэгээрэлд хүрсэн газар Бодгаяа
  • Жанч халсан газар Кюшинагара дахь суврагуудад байрлуулсан.

Дүгнэлт

Бурханы шашны олон урсгалууд Бурхан багшийн сургаалийн тухай ялгаатай өөр өөр үйл явдлуудыг өгүүлдэг. Энэ ялгаатай байдал нь урсгал тус бүр Бурхан багшийг хэрхэн ойлгож үзэж, түүний амьдралаас юуг жишээ болгодогийг харуулж байгаа юм.

  • Бага хөлгөний хувилбарууд нь Бурхан багшийг түүхт хүнийх нь хувьд гэгээрэлд хүрэхээр хэрхэн өөр дээрээ шаргуу ажилласныг дүрсэлдэг. Үүнээс бид өөрсдөө хэрхэн хүчин чармайлт гаргахад суралцдаг.
  • Ихэнх Их Хөлгөний хувилбаруудад Бурхан багш аль хэдийнэ олон галавын өмнө гэгээрэлд хүрсэн ба төрөл авч Бурханы 12 зохионгуйг үзүүлснээр гэгээрэл гэдэг нь хамаг амьтны тусын тулд мөнхөд ажиллана гэсэн утгатай гэж гардаг.
  • Ханьцашгүй дээд тарнийн бүтээлүүдэд Бурхан багш Шагжамунийн дүрээр Билгүүний Чинадад Хүрэх Нууц Утга (Билгүүний Чинадад Хүрэх) сургаалаа, Очир дарийн дүрээр тарнийн сургаалаа нэгэн зэрэг туурвисан гэж гардаг. Энэ нь тарнийн сургаал нь хоосон чанарыг сургадаг Төв үзлийн сургаал дээр бүрэн суурилдаг гэдгийг харуулж байна.

Ингэж бид Бурхан багшийн амьдралын талаарх өөр өөр хувилбаруудаас олон зүйл суралцаж, өөр өөр түвшний олон ойлголт авч болно.

Top