Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Багш нар > Гампопагийн бүтээлийн эцэст хүрсэн түүх

Гампопагийн бүтээлийн эцэст хүрсэн түүх

Гэвш Наваан Даргэй
Лувсан Гелцэнгийн аман орчуулга
Энэтхэг улс, Дарамсала хот, 1979 он
Хянан тохиолдуулсан Самаяа Харт, Александер Берзин
2003 оны 11-р сар

Гэтлэхүйн эрдэнийн чимэг зохиолыг Гаадамба болон махамудра ёс хосолсон дамжлага гэж нэрлэдэг. Зохиогч Гампопа нь (Гампопа Содном Ринчен, 1079-1153 он) Гаадамбын ёсны их эрдэмт олон багштай байсан ба тэдний бүтээл бясалгал, гүн ухааны үзэлд суралцжээ. Гампопа өөрийн багш Милбогдоор (Миларэпа, 1040-1123 он) махамудра ёсны бүтээл, сургаалыг заалгасныхаа дараагаар эдгээр хоёр бүлэг сургаалыг нэгтгэсэн байна.

Энэхүү бүтээлд ач холбогдол өгч, түүндсуралцахын тулд зохиогч Гампопагийн талаар мэдэж байх хэрэгтэй. Зохиогчийнх нь амьдралын түүхийг мэдэхгүйгээр сургаал номд суралцах нь учир дутагдалтай юм. Бид Гампопа гэж хэн байсныг, тэрээр эгэл хүний амьдралаар амьдран бүтээл хийн, улмаар бүтээлийнхээ эцэст хүрсэн хүн гэдгийг мэдэх хэрэгтэй. Эдгээр сургаалууд нь түүний (номын) бүтээл, бүтээлээсээ олж авсан туршлагынх нь үр дүн юм.

Гампопагийн талаар урьдчилан хэлсэн иш

Милбогдыг (Миларэпа) өөрийн шавь нартайгаа учрахаас өмнө Важра-иогини бурханы дүр түүнд үзэгдэн тун ойрын ирээдүйд тэрээр нар адил нэг шавь, сар адил нэг шавь, ододын адил олон шавь нартайгаа учирна гэжээ. Нар адил шавь нь Гампопа байсан ба түүнийг бас Их оточ Дагпо хэмээдэг байжээ. Рэнчунпа нарын бусад олон шавь нарын адилаар Гампопа бас Милбогдын ойрын шавь нарынх нь нэг боллоо.

Гампопа эгэл хүн биш байсан гэдэг. Түүнийг тухайн цаг үед энэхүү Замбуутивд залрахыг олон сударт, тэр дундаа Цагаан Лянхуа сударт хэрхэн залрах талаар нь тодорхой өгүүлсэн байдаг. Цагаан Лянхуа сударт Шагжамүни Бурхан багшийн үе байв. Нэгэн өдөр Бурхан багш өөрийн шавь Анандад хандан "Анандаа, намайг нирваан дүр үзүүлснээс хойш, энэ тал бөмбөрцгийн хойд хэсэгт Бикшү оточ хэмээн олонд танигдсан гэлэн хувраг гарна" хэмээсэн тухай өгүүлдэг. Гампопа анагаах ухаанд гарамгай, чадварлаг эмч, мөн хуврагийн бүрэн сахилтай лам хүн байжээ. Бурхан багш цааш нь "Тэрээр урдын олон олон төрөлдөө номыг бүтээхэд (сэтгэлээ төлөвшүүлэн хөгжүүлэхэд) бүхнээ зориулж ирсэн, номын олон багштай байсан нэгэн хүн байх юм" хэмээсэн байдаг.

Гампопа айл гэрийн эзэн байсан нь

Гампопа Төвдийн өмнөд хэсэг, Дагпо нутгийн Балба улстай хиллэн орших нэгэн жижиг тосгонд төржээ. Эцэг нь нутагтаа алдартай оточ хүн байсан ба хоёр хүүтэй байсны ахмад нь Гампопа байв. Гампопа гайхалтай ухаантай хүүхэд байсан бөгөөд эцгээрээ заалган анагаах ухаанд суралцаж улмаар гаргууд сайн эмч болжээ. 15 орчим настайгаасаа Нингма ёсны бүтээлүүдийг судалж энэхүү ёсны талаар маш их мэдлэгтэй болов. Шашны олон олон ном судар үзэж байгаад 22 насандаа ойролцоох тосгоны нэгэн чинээлэг айлын охин болох Чогмэйтэй (Чогмэд) гэр бүл болжээ. Тэд хүү охин хоёртой болов. Үүнээс хойш хэдэн жилийн дараа хүү нь гэнэт өөд болжээ. Хүүгээ нутгийн уламжлалын дагуу хөдөөлүүлээд эргэн иртэл охин нь бас өнгөрсөн байлаа. Охиноо хөдөөлүүлснээс хойш удалгүй эхнэр нь олон өвчнөөр өвдөх боллоо. Өөрөө эмч тэрээр бүхий л эм тан өгч, өөр олон оточид үзүүлсэн баэдгэрэх тухайтад олон өөр хурал ном хуруулсан боловч аль нь ч тус болсонгүй. Бие нь муудсаар тэнхрэх найдваргүй боллоо. Ингээд Гампопа дэргэд нь суун нас эцэслэхэд нь бэлдэн сэтгэлийг нь амирлуулах үүднээс судар номнуудыг дуудан уншиж өгч байлаа. Гэвч тэрээр мөнх бусыг үзүүлж чадахгүй өвдөн ихэд зовох болов.

Гампопа, ямар учраас тэрээр ийнхүү мөнх бусыг үзүүлж чадахгүй байгаад гайхшран "Юу түүнийг ийнхүү хориод байгаа юм бол? Ямар ч итгэх найдвар байхгүй, тасралтгүй өвдөж зовох мөн чанартай энэхүү орчлонгийн амьдралд орхин явж чадахгүй юу түүнд байгаа юм бол?" хэмээн бодож байлаа. Ингээд маш хүнд өвдөн хэвтэж байгаа эхнэрээ ихэд өрөвдөн нигүүлсэж "Би чамайг анагаахын тулд хийж чадах бүх зүйлээ хийсэн. Олон оточид үзүүлж, олон эм тан барьж, эдгэрэх тухайд олон ерөөл уншиж, зан үйл хийсэн боловч бүгд нөлөөлсөнгүй. Өөрийн тань өмнө үйлдсэн үйлийн боловсролоос шалтгаалан энэ бүхэн үр дүн өгсөнгүй. Бидний өмнөх төрлүүддээ тавьсан ерөөл, үйлийн боловсролоор бид учирсан. "Харин одоо хэдийгээр би чамд их хайртай боловч юу чамайг энд ийнхүү хориод байгааг асуух ёстой. Хэрэв энэ гэрт байгаа ямар нэг эд хөрөнгө, бидний хамтдаа хураасан эд зүйл чамайг хорьж байвал, эсвэл тэдгээрт чи хүлэгдэж байгаа бол тэдгээрийг би бүгдийг нь тараая. Тэдгээрийг заръя, эсвэл хийдэд өргөж, эсвэл ядууст өгье. Мөнх бусыг үзүүлэхээс өөрийг чинь хорьж байж болох тэр зүйлээс чөлөөлье. Юу хийлгэхийг хүсэж байна, түүнийг чинь хийе" гэлээ.

"Би бидний гэр доторх эд хөрөнгө, ямар нэг эд зүйлд хүлэгдээгүй. Энэ бол намайг энд хорьж байгаа зүйл биш. Миний санаа зовж буй зүйл бол чиний ирээдүй. Үүнээс болж би үхэж чадахгүй байна. Намайг өнгөрсний дараа чи дахин гэр бүл зохиож, бидэнд байснаас олон хөвгүүд, охидтой болоход амархан байх болно. Гэвч ийм амьдрал чиний хувьд утга учиртай зүйл болж чадахгүй гэж би бодож байна. Иймд би чамд маш их санаа зовж байна. Хэрэв чи ийм амьдралаар амьдрахын оронд өөрийгөө болон бусад хамаг амьтныг дээдийн амгаланд хүргэхэд хамгийн их нөлөө, үр дүн үзүүлж чадах арга болох номын бүтээлийн зам мөрд орвол би энэ насаа тайван орхиж чадах болно. Үгүй бол ийм байдлаар удаан амьдарсаар байх болно" хэмээн Чогмэй хариулав.

Гампопа үүний хариуд "Хэрэв шалтгаан нь энэ юм бол чиний хүсэлтийг бүрнээ хүндэтгэн хүлээн авч номын бүтээлийн зам мөрд орж, эгэл амьдралыг орхиё" гэлээ.

“Хэдийгээр би чамд итгэж байгаа боловч сэтгэлийг минь бүрэн амрааж, амлалтаа баталгаажуулах үүднээс нэг гэрч авчирна уу?” хэмээн Чогмэйг хүсэхэд Гампопа амлалтаа гэрчлүүлэхээр авга ахаа дуудан ирүүлж, түүгээр гэрч болгон гэр бүлийнхээ хүний өмнө амьдралаа дээдийн номонд зориулахаа амлав. Үүнд Чогмэй ихэд баярлан нас эцэслэснийхээ дараа ч түүнийг халамжлан анхаарсаар байх болно гэлээ. Ингэж хэлээд Чогмэй Гампопагийн гараас атган нулимс унагаад мөнх бусыг үзүүлэв.

Гампопа Чогмэйгийн биеийг чандарлах бэлтгэлийг хичээнгүйлэн хийв. Ингээд чандар болон ясыг нь оролцуулан, гэгээрсэн төрөлхтөнгүүдэд зориулан бүтээдэг суврагыг дуурайлган талархалын илэрхийлэл болгон олон дурсгалын чулуу босгожээ. Чогмэйг хүндэтгэн бүтээсэн “Чогмэйгийн суварга” өнөөг хүртэл Төвдөд байсаар байгаа юм.

Ганцаар үлдсэн Гампопа бүх эд хөрөнгөө хоёр тэнцүү хуваагаад нэг хэсгийг нь зарж түүгээрээ Гурван эрдэнэд (Бурхан, Ном, Хуврагийн чуулган) өргөл өргөж, ядууст өглөг болгон тараагаад нөгөө хэсгийг нь өөрийн ахуйн хэрэгцээ болон номын бүтээлийн нөхцөлийг хангах үүднээс өөртөө үлдээв.

Нэг өдөр Чогмэйд амлалт өгөхөд гэрч байлцсан авга ах нь Гампопаг эхнэрийнхээ араас гашуудаж байгаа байх гэж бодон түүн дээр очив. Тэрээр Гампопаг сэтгэлээр унахгүй байхыг зөвлөж, өөрийнх нь нөхцөл байдлыг үйлийн үрийн үүднээс тайлбарлаж гашуудлыг нь нимгэлэхийг оролдов.

Гампопа ердөө ч сэтгэлээр унаагүй, харин түүнийг өнгөрсөнд сэтгэл амгалан байна гэв. Ах нь үүнийг сонсоод ихэд уурлан газраас шороо авч Гампопагийн нүүр рүү цацан “Юу гэсэн үг вэ? Түүнээс дутахгүй сайхан хүн олж аваагүй байж” хэмээн хашгирав.

Авга ахаа ийнхүү бухимдахад Гампопа гайхашран түүнээс “Та чинь ямар гэгчийн гэрч вэ? Намайг дээдийн номыг бүтээх зам мөрд орно хэмээн амлаж байхыг та сонсоогүй хэрэг үү?”гэхэд тэрээр ихэд ичин “Энэ үнэхээр тийм шүү. Хэдийгээр би өндөр настай хэр нь ном бүтээх талаар санахгүй явахад бага залуу чи номын мөрд орно гэдэг үнэхээр зоригтой хэрэг. Чамд ямарч аргаар туслахдаа би дуртай байх болно шүү” гэлээ.

Хувраг болж Гаадамбын ёсны эрдэмт мэргэдээс суралцав

Нэг өдөр Гампопа хувцас, хүнсээ базаан авч даяанчлан амьдрахаар шийдэж найз нөхөд, хамаатан садандаа нэг ч үг хэлэлгүйгээр Пэнпо нутгийн зүг багшийн эрэлд гарав.

Тун удалгүй Гаадамбын ёсны их нигүүлсэнгүй багш Шава-линпатай учран равжун (хуврагийн эхний бүлэг сахил) болон гэлэн (хуврагийн бүрэн сахил) хүртэх хүсэлтээ илэрхийлэв. Сонам-ринчен хэмээх сахилын нэртэй болон олон Гаадамбын гэвш нараар сургаал, бясалгал заалган, эрчимтэй бүтээл хийж эхлэв. Тэрээр олон өдрийг хоол хүнс идэж, дусал ч ус амсахгүй, төгс төвлөрлийн үр дүнд гардаг амгаланд өнгөрөөдөг байв. Гампопа долоон хоногийн турш бясалгалд оршиж чадах хэмжээний самадийн төвлөрлийн түвшинд хүрч чадсан байлаа.

Ийнхүү Гампопа нь өөрийн багш Милбогдын эрэлд гарахаасаа өмнө нилээд их эрдмийг онож, номын бүтээлээ гүнзгийрүүлэхэд бэлэн болсон байжээ. Гаадамбын ёсны сургаалыг бүрэн судалж, мөн өөрийгөө аравдугаар газрын бодьсадва (бодьсадва нарын гэгээрэлд хүрэхэд гүйцээдэг арван эрдэм) болох тухай ер бусын гайхалтай зүүдүүд зүүдэлдэг байлаа. Тэрээр мөн нэг гартаа таяг барьсан, хөх царайтай нэг их бүтээлч (егүзэр) заримдаа түүнийг адислаж, заримдаа түүн рүү нулимах зүүдийг байнга зүүдэлдэг байв. Энэ хачин зүүд нь түүний номын бүтээлд саад учруулах гэсэн хорлолт зэтгэрийн шинж тэмдэг байна гэж бодоод Хөдлөшгүй бат хэмээх Ачалагийн бүтээлийг эрчимтэй хийлээ. Ачала нь догшин дүр бүхий бурхан бөгөөд Гаадамбын ёсонд гол төлөв бүтээлийн саад тотгорыг арилгах үүднээс түүний бясалгалыг хийдэг байна. Ингээд энэхүү бясалгал бүтээлийг хийсэн боловч өнөөх зүүдийг илүү их, хүчтэй, тод зүүдлэх болов. Тэрээр энэхүү зүүд нь өөрийн багш их егүзэр Милбогдтой удахгүй учрахын шинж байсныг гадарлахгүй байлаа.

Милбогдтой учрав

Гампопа Милбогдын нэрийг зам дагуу байх нэгэн суварга бүхий байгууламжийг гороолж яваад гурван гуйлгачингийн ярианаас анх сонсжээ. Тэдний нэг нь тус оронд нүүрлээд байгаа өлсгөлөнгийн талаар, өөрөө олон хоног хоол олж идээгүй байгаа тухайгаа ярихад нөгөө нэг нь тэд өөрсдөөсөө ичиж, цаг үргэлж хоолны тухай ярихгүй байх хэрэгтэй тэгэхгүй бол суварга гороолж яваа энэ бикшү (бүрэн сахилтай хуварга) сонсвол ичгэвэртэй юм болно шүү гэв. “Тэгээд ч, идэх зүйлгүй байгаа нь зөвхөн бид биш. Ямарч хоолгүй, өөрийгөө зөвхөн номын бүтээлд зориулан ууланд амьдрах олонд алдартай, гэгээн, их егүзэр, Милбогд байна. Тэрээр хэзээ ч хоолгүй, ядарч байна гэж байгаагүй. Бид түүнийх шиг эгэл даруу амьдралаар амьдрах сэтгэл баттай төрүүлэх тухай ерөөл тавих хэрэгтэй” гэлээ.

Милбогдын нэрийг сонсоод Гампопад маш их амгалан төрөв. Энэ тухайгаа багшдаа айлтгахад “Чамайг их бясалгагчтай ойрхон үйлийн барилдлагатай гэдгийг чинь мэдэж байсан. Түүн рүү оч. Бүх зүйл өлзийтэй сайн болно” гэлээ.

Тэр шөнө Гампопа бараг унтаж чадсангүй. Шөнийн ихэнхи хугацааг их егүзэр Милбогдтой түргэн учрах тухай ерөөл талбиж, залбирал үйлдэн өнгөрөөв. Тэрээр зүүрмэглэж зүүдэндээ маш чангаар лавай үлээх дуу сонсов. Энэ тухайгаа мөн багшдаа хэлэхэд “Маш бэлэг дэмбэрэлтэй шинж тэмдэг байна. Явж нэн даруй Милбогдыг олох хэрэгтэй байна” гэв.

Гампопа өнөөх гуйлгачдын байсан газар гүйн очиж тэднээс Милбогдыг таньдаг, түүний хаана амьдардагийг мэдэх эсэхийг нь асууж, тийш нь хүргэж өгөхийг хүслээ. Гампопа өөрт нь 16 унц алтны тоос байгаа бөгөөд түүнийхээ талыг тэдэнд өгч, талыг нь багштайгаа уулзахаар түүнд өргөхөөр өөртөө авч үлдье хэмээн хэлэв. Хамгийн настай өвгөн нь Милбогдыг танина гээд Гампопаг агуйд нь хүргэж өгөхөөр зөвшөөрөв.

Өвгөн гуйлгачин түүнийг мэхэлснээ замдаа хүлээн зөвшөөрч агуйд очих замыг мэдэхгүй гэв. Тэрээр бие нь сайнгүй байна хэмээн цааш түүнд газарчлан явж чадахгүй гэлээ. Тэд ямарч хүн, айл амьтангүй, зэлүүд газар ирсэн байв. Гуйлгачин явж, Гампопа ганцаар үлдэв. Тэрээр олон хоног хоолгүй явсаар хэсэг худалдаачидтай тааралдав. Гампопа тэдний нэгнээс Милбогдыг хаанаас олж болохыг мэдэх эсэхийг асуулаа. Худалдаачин Милбогдыг сайн таних бөгөөд Милбогд бол их бясалгагч, их егүзэр хэмээв. Тэрээр Гампопад Милбогд нэг агуйгаас нөгөө агуйд, нэг хотоос нөгөө хотод байнга нүүж байгаа газраа өөрчилж явдаг бөгөөд одоогоор тэр газрын тэр агуйд байгаа гэлээ. Тэр хүн агуйг нь заан, хүсэл эрмэлзэл дүүрэн шавьд нь их егүзэрт хэрхэн хүрэх замыг тодорхой зааж өглөө. Баяраар бялхан Гампопа худалдаачинд талархаж түүнийг удаан тэврэв.

Хэд хэдэн өдөр аялан явж хүрэх ёстой байсан бөгөөд хоол хүнсгүй байсан учраас Гампопа ухаан алдан газар унав. Сэргэх үедээ тэрээр энэхүү их егүзэртэй уулзах үйлийн үр байхгүй юм байна, ингээд одоо үхэх нь гарцаагүй боллоо хэмээн бодоод алгаа хавсран маш гүн талархал, хүндэтгэлтэйгээр, дахин хүний төрөл авч Милбогдын шавь болон төрөх болтугай хэмээн хүчтэй ерөөл тавилаа.

Гампопаг үхэхээ хүлээн газарт хэвтэж байх үед нэг Гаадамбын ёсны эрдэмтэн түүнийг олж харав. Тэрээр газарт унасан Гампопад туслахаар ирээд юу хийж явсныг нь асуухад “Их багш Милбогдыг хайж явна. Олон өдөр хүнс, усгүй аялсны улмаас би одоо үхэх гэж байна. Багштай учрах хувьгүйдээ үнэхээр харамсаж байна”хэмээн хэлжээ. Гаадамбын ёсны эрдэмтэн явж хоол, ус авчирч өгөөд түүнд Милбогдын байгаа хотыг зааж өглөө.

Гампопа тус хотод ирээд олон хүмүүсээс тэрхүү багштай хэрхэн уулзах, эрж буй сургаалаа хэрхэн хүсэх тухай асууж байлаа. Эцэст нь бүтээлийн төгсгөлд хүрсэн тэр егүзэрийн шавь болох нэгэн эрдэмт хүнтэй уулзав. Гампопа тэрхүү багштай уулзаж, сургаал ном сонсохыг маш их хүсэж байгаагаа хэлэв. Эрдэмтэн түүнд их егүзэртэй шууд уулзаж болохгүй, хэдэн өдөр хүлээж ном сонсохоосоо өмнө шалгуулах ёстой гэлээ.

Үүнээс хэд хоногийн өмнө Милбогд өөрийн шавь нартайгаа уулзсан бөгөөд тэр үеэр тэдэнд Гампопаг ирж байгааг хэлжээ. Тэрээр нэгэн бикшү оточийг ирэхийг хүлээж байсан ба тэр оточ өөрийнх нь дэргэд ном үзэн сургаалуудынх нь бүрэн дамжлагыг авч тэдгээрийг арван зүгт дэлгэрүүлэх юм гэлээ. Милбогд урд шөнө зүүдэнд нь тэрхүү оточ хоосон шилэн сав түүнд авчирч өгсөн тухай ярив. Энэ нь тэр шинэ зүйлийг хүлээн авахад бэлэн, бүрэн нээлттэй сэтгэлээр ном сургаал хүлээн авахаар ирж харин Милбогд түүний шилэн сав мэт сэтгэлийг өөрийн бүхий л сургаал, онолын рашаанаар дүүргэхийг илэрхийлэн савыг усаар дүүргэн өгчээ.

Ингээд Милбогд ихэд баясан инээгээд “Бурханы сургаал бүх зүгт нар мэт цацарна гэдэгт би одоо итгэлтэй боллоо” гэлээ. Тэгээд өөрийгөө тойрон байсан тэдгээр хүмүүст “Цагаан арслангийн сүү тэжээллэг байх нь гарцаагүй. Гэвч түүнийг уухгүй бол тэжээлийг нь хүртэж чадахгүй. Бүр нэг дуслыг ч болов амсаж үзэх хэрэгтэй, тэгж түүний тэжээллэг нөлөөллийг мэдэх болно. Миний сургаалууд үүнтэй адил. Эхлээд оролдож, дараа нь амталж үзсэнээр тэдгээр нь шим тэжээлээ өгөх юм” хэмээн дуулал зохион хэлжээ.

Тэрээр цааш нь “Энэхүү Тилопа, Наропа нараас уламжилж ирсэн сургаалын хүчин төгөлдөр байдал, гүн гүнзгий утгын талаар эргэлзэх зүйл байхгүй. Харин тэдгээр сургаалыг бясалгахгүй бол тэдний гүн гүнзгий утгыг ойлгохгүй. Тэдгээрийг бясалгаж жинхэнэ үр дүнг нь өөр дээрээ гаргасны дараа гүнзгий утгыг нь ойлгож чадна. Миний эцэг адил багш Марпа минь тэдгээр сургаалыг Энэтхэгээс авчирч егүзэр би тэднийг бясалгасан юм. Би эдгээр сургаал үнэн зөв эсэхийг нь шалгаж үзээд, тэрхүү сургаалын дагуу гарах үр дүнг өөрөө хүртээд байна” гэлээ.

“Цагаан арслангийн сүүг нэг саванд хийх хэрэгтэй болно. Ердийн нэг саванд хийж болохгүй. Жишээлбэл нэг шавар саванд хийвэл сүү савны гадаргууд хүрмэгц сав хагарна. Үүнтэй адил энэ ёсны гүн гүнзгий дээдийн сургаалыг бүтээн үйлдэгч нь онцгой нэгэн байх ёстой. Хэрэв энэ сургаалыг заахад бэлэн болоогүй хүн ном сонсохоор ирвэл би ном тавихаас татгалздаг. Энэ сургаалд суралцаж бүтээл хийхэд бэлэн болсон, сэтгэлээ бүрэн хөгжүүлсэн, номын сав болох хүнд л би сургаалыг тавьдаг” гэв.

Милбогдын шавь нар түүнээс “Таны зүүдэлсэн тэр хүн хэзээ ирэх вэ?” хэмээн асуухад “Тэр нөгөөдөр ирж магадгүй. Тэр ухаан алдаад надаас тусламж хүссэн. Түүний наашаа ирэх замыг нь би өөрийнхөө эрдмийг ашиглан зааж өгсөн” хэмээн Милбогд хариулав.

Дараагийн өдөр нь Милбогд бясалгалынхаа үеэр үе үе инээд алдан байв. Ийнхүү инээд алдахад нь санаа зовсон нэгэн үнэнч өглөгийн эзэн эмэгтэй түүн дээр ирж “Ингэж инээх болсоны шалтгаан нь юу юм бэ? Заримдаа та үнэхээр нухацтай, заримдаа та инээд алдаж байх юм. Та үүнийгээ тайлбарлах ёстой. Тэгэхгүй бол хүмүүс таныг галзуурсан гэж бодож магадгүй. Юу болоод байгаа юм бэ? Та ийм ойлгомжгүй байж болохгүй” хэмээн тайлбар шаардав.

Милбогд “Би эв эрүүл, сэтгэлийн төлөв байдал минь түв түвшин байна. Намайг ойлгоход тийм хэцүү юм байхгүй. Би наашаа ирж яваа нэг шавьд минь тохиолдож байгаа хөгтэй явдлуудыг харж байна. Тэр өмнө нь ухаан алдаад, одоо бүх бие нь өвдөж хөндүүрлэж байгаа боловч надтай ирж уулзахад маш их эр зориг, тэвчээр гаргаж байна. Үүнийг хараад би инээлээ. Энэ бүхэн үнэхээр инээдтэй санагдаж байна. Би бас их баяртай байна” гэлээ.

“Тэрээр энэ хотод удахгүй ирнэ. Түүнийг гэртээ урьсан хамгийн эхний хүн түүний адистэдээр маш түргэн гэгээрэлд хүрнэ. Тэрхүү өглөгч гэрийн эзэн зорилгодоо маш хурдан хүрэх эрдэм ихийг олно” гэж Милбогд нэмж хэллээ.

Хэдэн өдрийн дараа Гампопа өвдөж, ядарсан ирэв. Түүний хамгийн түрүүн хаалгыг нь татсан айл Милбогдыг шалгааж байсан өглөгийн эзнийх байлаа. Салхивчин дээрээсээ түүнийг харж байсан эзэгтэй хурдлан гарч ирэв. Түүний хэн болох, хэрэг зоригийг нь асуулаа. Гампопа Милбогдыг хайж яваа тухайгаа нэг бүрчлэн хэлэв. Эзэгтэй Милбогдын ярьж байсан нөгөө шавь нь болохыг шууд мэдэж дотогш орохыг урьж, Милбогдын урьдчилан түүний тухай иш хэлсэнийг санан түүнд өргөн дэлгэр өргөл барьлаа.

Эзэгтэй Гампопад Милбогдын ярьсан зүйлүүдийг хүүрнэн ярьж, “Багш чинь чамайг хүлээж байгаа. Бидэнд чиний тухай бүгдийг ярьж өгсөн. Тэрээр чамайг ухаан алдсан байхад чинь эрдмээ ашиглан чамд тусалж, одоо чамайг хүрэлцэн ирэхийг чинь хүлээж байгаа. Чи шууд очоод уулз, чамайг их дотно сайхан угтан авна” гэлээ. Гампопа энэхүү магтаалыг хэтрүүлэн “Би их том хүн байж таараа. Миний багш намайг хүлээж байгаа” хэмээн бодов. Милбогд, Гампопа тийнхүү омог төрүүлж байгааг болгоон мэдэж, хагас сарын турш түүн рүү бүр харсан ч үгүй. Тэрээр зориудаар түүнийг үл тоож, анхаарахгүй байв. Гампопа байрлах өөр газар олох хэрэгтэй боллоо.

Хоёр долоон хоног өнгөрсний дараа өнөөх эзэгтэй Гампопаг Милбогдын гэрт дагуулж очин Милбогдоос түүнтэй уулзах эсэхийг нь асуув. Милбогд зөвшөөрөв. Гампопаг ирэхэд Милбогд голлон сууж, нэг талд нь Рэчунпа түүнтэй адил түвшинтэй суудалд сууж, нөгөө талд нь өөр нэг шавь мөн адил түвшинд суусан байлаа. Тэд бүгдээрээ яг адил цав цагаан хувцас өмссөн байв. Тэдний суусан байдал, төрх, царай нь ч адилхан байлаа. Милбогд Гампопа өөрийг нь таних эсэхийг мэдэхийг хүлээж байлаа. Сэргэлэн Гампопа, Рэнчунпагийн Милбогд тэр гуравын дунд сууж байгааг заан бага зэрэг дохисоныг анзаарсан байж болох юм. Гампопа Милбогдод мөргөөд бүх өргөлөө түүний өмнө давхарлан тавив. Тэрээр багштай учран, сургаал сонсож, гэгээрэлд хүрэх туйлын хүсэлтэй байгаагаа хэллээ.

Милбогд хэдэн хором бясалгалд орж, Гампопагийн өргөсөн алтны тоосонд хүрч, хэсгийг аван агаарт орхин, “Үүнийг багшдаа өргөе” хэмээлээ. Гэнэт цахилгаан цахиж, тэнгэр дуугарав. Солонго татаж, өөр олон гайхалтай шинж гарлаа.

Милбогд эсгэсэн ундаа ууж байсан бөгөөд түүний өмнөх ширээн дээр гавал аягатай тавиастай байлаа. Хэсэг хугацааны дараа Милбогд түүнийг авч Гампопад өгөхөд хуврагийн бүрэн сахилтай тэрээр татгалзав. Бусад шавь нараас ч ичив. “Олон зүйл бодох хэрэггүй. Миний өгсөнийг уу” хэмээн Милбогдийг хэлэхэд цаашид таталзалгүй тэрээр бүгдийг нь уулаа.

Тэгээд Милбогд түүний нэрийг асуухад Гаадамбын ёсны багшийнхаа өгсөн “сайн хүч, их эрдэнэ” гэсэн утгатай Сонам-ринчен нэрийг хэллээ. Милбогд түүний нэр оролцсон магтаалын хэсгийг гурван удаа тааламжтай уншив. Гампопа түүнд өгсөн нэр их утга учиртай нэр юм болов уу хэмээн бодож суув.

Милбогд өөрийн түүхийг хүүрнэв

Ингээд Милбогд “Юуны түрүүнд би чамд өөрийн түүхийг ярьж өгье. Үүнээс өмнө бүгдээрээ бид бүгдийн баримталдаг ёсны бүтээлийн уламжлалыг эхлүүлсэн бидний их багш Марпад аврал одуулж, мөргөл үйлдье” гэлээ. Аврал одуулж, мөргөл үйлдсэний дараагаар Милбогд түүхээ өгүүлэв.

“Одоогоор Энэтхэгийн хамгийн алдартай, эрдмийг бодитойгоор бүтээсэн махасида нар бол Наропа, Матрипа нар байна. Марпа Энэтхэгийн эдгээр хоёр их махасида нарын шавь нь байсан юм. Бидний их багш Марпа бидний баримталж байгаа эдгээр сургаалыг эхлүүлсэн, түүнийг баригч билээ. Номын сахиус, баатар, дагинас нар түүний алдрыг зүг бүхэнд түгээснээр би Марпагийн тэрхүү яруу алдрыг сонсон ямарч бэрхшээл тулгарч байсан үл харгалзан түүнийг олохоор шийдсэн юм. Марпатай учрах үед надад өргөх ямарч материаллаг эд зүйл байгаагүй бөгөөд би бие, хэл, сэтгэлээ өргөсөн билээ. Миний чин сэтгэлийн хариуд өөрийнхөө их багш Наропагаас дамжин ирсэн нэг насны богино хугацаанд гэгээрэлд хүрэх үр дүнтэй арга бий хэмээн Марпа тааламжтайгаар миний хүсэлтийг хүлээн авсан юм.”

“Би хамаг амьтны тусад гэгээрэлд хүрэхээр хиргүй ариун сэдлээр, их тэвчээр, зориг гарган эгэл жирийн амьдралаар амьдран багшаараа сургаал ном, бүтээл шахуу дараалалтай заалган хэдэн жилийг өнгөрөөв. Би Марпа багшийн бүх сургаалыг бүрэн сонслоо. Багш минь надад хэлж өгөх өөр зүйл үлдээгүй гэлээ. Би сэтгэлийн саваа Марпа багшийнхаа номын рашаанаар дүүргэлээ.”

“Энэ цаг үе бол таваг цөвүүн цагийн үе бөгөөд тэр дундаа хүний насны хэмжээ багасаж байгаа үе юм. Хүний насны хэмжээ уртсаж биш, богиносож байгаа. Иймд бүх зүйлийг мэдэх гэж бүү зүтгэ. Номын бүтээлийн гол утгыг ойлгохыг хичээ. Тэгээд түүнийгээ бүтээхийг оролд. Ингэж л нэг насны богино хугацаанд гэгээрэлд хүрч чадах болно. Бүх салбарт амжилт гаргахыг оролдох хэрэггүй хэмээн Марпа хэлсэн нь маш чухал зөвлөгөө юм.”

“Багш Марпагийнхаа сургасаны дагуу хатуу шийдвэр гаргаж, мөнх бусыг бүрэн ойлгож, хүчтэй хичээнгүй сэтгэлээр оосорлуулсны үр дүнд эдгээр сургаалуудаас олон үр өгөөжтэй эрдмийг онож таньлаа. Өөрийн олж авсан туршлага, бүтээл, бясалгалаар Бурханы гурван лагшинг таньж түүнд эргэлзэх зүйлгүй болж, маш тодорхой ойлголттой болов. Эдгээр гурван лагшинг олж болно гэсэн итгэлтэй байлаа. Бүтээлийнхээ үр дүнд эдгээр туршлага, эрдмийг хэрхэн төрүүлсэн тэр адилаар би Марпа багшийнхаа заасан бүх сургаалыг чамд өгөхөд бэлэн байна. Чи эдгээр сургаалыг зөвхөн онол, мэдлэг болгон хүлээн авах бус миний бүтээсний адил өөртөө бодитой төрүүлэх ёстой юм шүү” гэлээ.

Ингээд Милбогд Гампопад хандан “Энэхүү өргөсөн алтны тоосоо одоо буцаан ав даа. Өндөр настай надад алтны хэрэг үгүй. Өргөсөн цайгаа мөн ав даа. Хөгшин надад цай чанах гал тогоо байхгүй, сав ч алга. Надад цай, алтны хэрэг байхгүй. Бүгдийг нь буцаан ав даа. Хэрэв чи надад өөрийгөө бүрэн даатгаж, миний заавар, сургаалын дагуу амьдрахад бэлэн гэж бодож байгаа бол чи миний амьдарч байгаа шиг амьдрах ёстой. Эгэл амьдарлаар амьдарч, миний бүтээл хийж байгаа, амьдарч байгаа хэв маягийг дагах ёстой” гэхэд Гампопа “Хэрэв та гал тогоо, цай чанах сав байхгүй учраас миний өргөсөн цайг хүлээн авах боломжгүй байгаа бол би өөр газар цайг чанаж авчиръя” хэмээгээд ойролцоох айлд очин цайг чанаж авчран багшдаа өргөлийн хамт барив. Милбогд ихэд баясан бусад шавь нараа цуглуулан бүгдээр Гампопагийн бэлтгэсэн аагтай цайг ууцгаан баясав.

Гампопад ном тавив

Милбогд Гампопагийн урд сонссон ном, бүтээлийнх нь талаар тодруулав. Гампопа бүх багш нар, сонссон сургаал, хийсэн бясалгалуудаа тодорхой айлтгав. Милбогд тэдгээр сургаалууд бүгд чухал сургаалууд байна. Гампопа жинхэнэ үнэн буюу хоосон чанарыг онож таних арга болох түммог заахад шаардлагатай үндсэн сургаалыг бүрэн сонссон байна гэж үзэв.

Милбогд цааш нь “Чиний өмнөх багш нараасаа авсан бүх сургаал, авшигууд миний ёсонд яг тохирох боловч амьдралын нөхцөл байдлаас шалтгаалан тэдгээр сургаалууд хүчин төгөлдөр байдлаа алдахгүй байх үүднээс би чамд өөр нэг авшиг хүртээх ёстой. Важраиогини бүтээлийн эрх авшиг хүртээе” гэлээ. Авшиг бүх тайлбарыг нь богино хугацаанд өгч гүйцээлээ. Гампопа бүтээлдээ нэн даруй орж, бүтээл нь үр дүнтэй болж тухайн сургаалын зорьсон эрдмийг сэтгэлдээ төрүүлэв. Өдөр өдрөөр түүний эрдэм соёолох мэт батжин нэмэгдэж байв. Энэхүү ахицандаа тэрээр сэтгэл ханамжтай мөн маш их баяртай байлаа.

Тэрээр түммо бясалгал хийж өдөр бүр шинэ туршлага олж авч байв. Нэг маш хүйтэн өвлийн шөнө өөрийнхөө хөгжүүлсэн дотоод хадгалах чадвараа шалгаж үзэхээр агуйд хувцасгүй бясалгав. Тэрээр шөнийн турш дулаанаа хадгалж чадсан боловч өглөө түммо бясалгалаа зогсоох үедээ бараг осгох шахав. Энэ бясалгалаа нэг долоон хоногийн турш хийж язгуурын таван бурханыг ч үзэв. Ингээд өөрт үзэгдсэн үзэгдэл, олсон туршлагынхаа талаар багшдаа танилцуулахаар очиход Милбогд, “Энэ сайн ч биш, муу ч биш. Бүтээлээ гүйцээх үүднээс улам илүү хүчин чармайлт гарга. Тэдгээр үзэгдлүүдэд бүү анхаар. Дотоод дулааныхаа хүчийг бүрэн төгс болго” гэв.

Гампопа гурван сар эрчимтэй бясалгал хийн хугацааныхаа сүүлээр ертөнц тэр чигээрээ нэг асар том хүрд болон эргэлдэж байгаа мэт мэдрэмж мэдэрчээ. Энэхүү байдал хэсэг хугацаанд үргэлжилсний дараа Милбогд багшаасаа зөвлөгөө авахаар очлоо. Багш нь “Энэ сайн ч биш, муу ч биш. Энэ бол нарийн судлуудаар дамжиж байдаг олон бодол энергүүд одоо төл судалдаа орж байгаагийг шинж. Хичээл зүтгэл гарга, илүү их бясалга” гэлээ.

Хэсэг хугацаанд бүтээлээ үргэлжлүүлэн хийсний дараа Авалокитешвара тэргүүнийх нь оройгоор орж, өөрт нь шингэн түүнтэй нэг болж буй үзэгдэл үзэв. Энэ талаар Милбогдоос тодруулахад “Энэ бол сайн ч биш, муу ч биш. Оройн энергийн төв хүрд чинь нээгдэж байгаагийн шинж” хэмээлээ.

Бүтээлээ хийсээр Гампопа хэд хэдэн биеийн дотоод өөрчлөлтүүдийг туулав. Тэрээр хүчтэй хий болон халуун агаар нурууг нь даган дээш, доош урсахыг мэдрэв. Үүнийгээ Милбогдод айлтгахад тэрээр, “Энэ сайн ч биш, муу ч биш. Энергийн нарийн судлууд хоорондоо холбогдож байгаагийг шинж” хэмээн хариулав.

Өөр нэг удаа тэнгэрийн бүх төрлийг бүгдийг нь үзэв. Тэрээр дээд төрлийн тэнгэрийн төрөлтнүүд цагаан рашаан хүртээн доогуур төрлийн тэнгэрүүдэд авшиг хүртээж буй үзэгдэл үзлээ. Милбогд “Энэ сайн ч биш, муу ч биш. Энэ бол хоолойн энергийн хүрд нээгдэж байгаагийн шинж. Адистидийн өөр өөр эх сурвалж, төвүүд биеийн чинь тэдгээр хэсгүүдэд бүрэлдэж байгаа” гэв.

Энэ үед Милбогд Гампопад егүзэрийн хийх мутрууд (тахилыг бэлэгдсэн гарын хөдөлгөөнүүд) мөн бусад энергийн нарийн төвүүдийг нээх биеийн хөдөлгөөнийг өглөө. Ингээд “Эдгээр зүйлүүдэд хэт бүү хүлэгд. Ердөө л бүтээлийн ахицын илрэл гэж үз. Тэдгээрт сарнин алгасарч болохгүй. Бүтээлээ үргэлжлүүлэн, тэдгээрийг чанадад нь хүргэ (төгс болго)” гэлээ

Бясалгалын энэ түвшинд шавь багшдаа ойр амьдрах нь маш чухал. Учир нь шавь багшаас маш тодорхой, нарийн заавар авах шаардлагатай байдаг. Шавь багшаасаа хол амьдарч байгаа тохиолдолд шавийн бүтээлийн явцад маш чухал, цаг тухай бүрийн зөвлөгөөг өгөх боломжгүй юм. Мөн хэрэв багш өөрөө шавийнхаа бүтээж буй бүтээлийн тухайд хувийн туршлагагүй бол энэ нь том асуудал болно. Шавийн бүтээлийн явц тэр үед зогсоно гэсэн үг. Иймд маш өндөр түвшний туршлагатай багштай байж, бясалгалын үе шат бүрдээ өдөр тутмын зөвлөгөө авах нь туйлын чухал.

Гампопагийн бүтээлийн цаашдын явц

Бүтээлийнхээ энэ үед Гампопа хоолыг самади төвлөрлөөр бүрэн орлуулж, эгэл хоолноос хамаарахгүй байж чаддаг болсон байлаа. Нэг шөнө Гампопа нар, сарыг хиртэж буйгаар зүүдлэв. Төвдийн зурхайд нар, сарны хиртэлтийг буг чөтгөр тэдгээрийг иддэг гэж үздэг. Түүний зүүдэнд мөн нэг нь морины сүүлний хялгас мэт, нөгөө нь аалзны шүлс мэт нарийн хоёр төрлийн амьтан нар, сарыг залгиж байгаагаар үзэгдэв. Гампопа зүүднийхээ талаар Милбогдоос асуухаар очиход бүтээл чинь буруу болж байж магадгүй гэж бүү санаа зов, тэр сайн ч биш, муу ч биш. Тэрхүү зүүд бол бясалгалын явц ахиж буйн шинж тэмдэг бөгөөд хажуугийн хоёр энергийн судлын хий гол судал руу орж эхэлж байгаа гэсэн үг гэжээ.

Энэ бүгд түүний шавийн амжилтын илрэл байсан учраас Милбогд шавьдаа бүтээлээ цааш үргэлжлүүлэх урам өгөв. Бүтээл үйлдэж байгаа хүн хэрэв амьсгал болон нарийн энерги-хийг хажуугийн судлуудаас гол судал руу оруулж чадаж байвал тэрээр бясалгалын маш гүнзгий түвшинд хүрсэн байдаг. Энергийн ийм нарийн тогтолцоо бүх хүн, амьтанд адилхан байдаг. Эгэл төрөлхтөнүүд бид баруун судлаараа давамгай амьсгалж хүсэл шунал ихтэй, эсвэл гол төлөв зүүн судлаараа амьсгалан их бухимдалтай байдаг байна. Төв судал нь зангиран хаагдсан байдаг учраас тэндээс гарч байдаг эерэг, сайн нөлөөтэй бодол сэтгэлийг бид маш ховор төрүүлдэг. Туршлага суусан егүзэр гол судлаараа амьсгалж сурах үедээ тэрхүү зангилааг тайлдаг. Тэд амьсгал болон нарийн энергиэ хажуугийн судлаас гол судал руу чиглүүлж чадсанаар зөвхөн эерэг хандлагыг гаргаж байдаг байна.

Гампопа Милбогдтой уулзсаны дараа Милбогд их таатай байлаа. Гэвч Гампопагийн шинэ эрдэм, туршлагын талаар сонсох бүрдээ туршлага суусан учраас гэгээрэлд хүртэл дараа дараагийн бүтээлд суух ёстой гэдэг утгаар түүний Гампопад хэлдэг үг нь “Түүний дараа үүнийг, түүний дараа үүнийг, түүний дараа үүнийг” гэдэг үг байлаа. Бардам сэтгэл төрснөөр зам мөрийнх нь явцыг сааруулж магадгүй хэмээн болгоомжлон Милбогд түүнд ахицынх нь талаар шууд хэлдэггүй байжээ.

Ингээд Гампопа нэг сарын хугацаатай агуйд бясалгахаар явлаа. Даяаны сүүлээр Хэважра бурханыг түүний мандал болон бусад ядам бурхадын хамт үзэв. Үүнийг үзээд тэрээр лам багшийнхаа “түүний дараа үүнийг, түүний дараа үүнийг, түүний дараа үүнийг” гэж хэлсний учир нь ийм байжээ хэмээн бодлоо. Энэ нь бүтээл нь эцэстээ юунд хүргэхийг хэлж байжээ. Тэрхүү үзэгдлээс хойш өөр өөр мандалууд, өөр өөр Бурхадын дүрүүд дараалан үзэгдэв. Нэг удаа тэрээр ядам бурхадын цав цагаан өнгийн мандал бүхий Хэрукагийн дүрийг үзлээ. Милбогд түүнд үүнийг өндөр түвшинд хүрсэн гэж бүү бодоорой, энэ сайн ч биш, муу ч биш хэмээн сэрэмжлүүлэв. Энэ бол хүйн харалдаа байх хүрд нээгдэж байгаагийн шинж. Тэрхүү хүрд бүрэн нээгдэхэд бүх зүйл наранд цайрсан ясны адил цав цагаан өнгөтэй харагдах болно. Энэ нь бодь сэтгэлийн цагаан энерги бүрэн хөгжсөнтэй холбоотой юм.

Ингээд нэг удаа Гампопад жинхэнэ зүүд ч биш нэг мэдрэмж төрөв. Өөрөө маш аварга том болсон мэт санагджээ. Зургаан төрлийн олон янзын төрөлхлтөнүүд түүний хөл, гар, хуруу болон биеийн бүх хэсгээр нь мөлхөж байгаа мэт түүнд санагдав. Энэ нь энергийн нарийн системийг бүрэн хөгжүүлж гүйцсэний шинж байжээ. Энэ үе шат хүртэл тэрээр дотоод дулааны түммогийн бясалгалыг зөвхөн ерөнхий байдлаар хийж байсан бол одоо түммогийн хамгийн гүнзгий түвшний бүтээлийг заахад бэлэн болжээ.

Туулсан туршлагууд, зүүд ба бүтээлийн үр дүнгүүд

Милбогд Гампопагийн бүтээлийн явц дахь янз бүрийн түвшний үр дүнгүүдийн талаар сонсох бүрдээ үргэлж сайн ч биш, муу ч биш байна, үргэлжлүүлэн бясалга гэдэг байсныг тэмдэглэх хэрэгтэй. Тэрээр шавьдаа түүний хүрээд байгаа үр дүн нь юу болохыг бүрэн тайлбарлан өгч, хариг огт магтдаггүй байв. Энэ нь багш шавийг хэрхэн хөтлөх ёстойг харуулж байна. Хэрэв багш “Энэ бол үнэхээр чухал” гэх эсвэл “Маш их туршлага суулаа” гэх байдлаар хэтэрхий их магтах, хэтэрхий их итгэл хүлээлгэвэл сэтгэл хөдлөл, үйл байдлаа хянахаа больж, энэ нь бүтээлд маш их саад тотгор болдог. Цаашдаа ахиц гаргахгүй болж, суусан туршлагадаа хүлэгдэн түүнээс цааш хөгжиж чадахгүй болдог.

Хэдийгээр Гампопагийн амьдарлын түүхийг хэдэн хуудсанд багтаан дүрсэлж байгаа боловч тэрээр хэдэн арван сараар бясалгах ёстой болдог байсан. Ийм туршлага, үр дүнд хүрэх нь тийм хялбар биш, үүнд олон жилийн эрчимтэй бясалгал шаардлагатай байдаг. Энэ түвшинд хүртэл Гампопа 33 зүүдийг дараалан зүүдэлсэн бөгөөд тэдгээрийг нэг бүрчлэн ярихад их цаг орох учраас зөвхөн сүүлийнхийг нь дурдъя.

Милбогд ойрын гурван шавь Гампопа, Рэчунпа, Линрэпа нараас өөр өөрсдийнхөө зүүдийг ярихыг хүсэхэд Линрэпа нар мандаж байгааг зүүдэлсэн тухайгаа хэлэв. Тэрээр нар уулын оройгоос дээш мандмагц цацраг нь түүний зүрхэнд шингэснээр зүрх нь их гэрэл болон хувирсан хэмээн ярьлаа. Рэчунпа гурван хотыг цуурайтуулсан их дуу гаргасан тухай зүүдэллээ хэмээн Милбогдод айлтгав.

Гампопа Милбогдод зүүдээ ярихгүй байлаа. Тэрээр мөргөл үйлдээд, нулимс дуслуулан багшийнхаа өвөр дээр толгойгоо тавин зүүдээ ярихгүй байвал дээр хэмээн ихэд сэтгэл зовсон байдалтай хэлэв. Тэр бол маш муу зүүд бөгөөд түүнийг их муу хүн гэж харуулна. Өөрт нь их саад тотгор байгаа гэсэн утгатай зүүд байх хэмээн зовж Милбогдоос зүүдийг нь яриулахгүй байхыг гуйлаа. Сайн эсвэл муу зүүд болохыг нь Милбогд өөрөө мэдэх учраас зүүдээ ярь гэв.

Линрэпагийн зүүд хамгийн сайн нь байсан мэт санагдахад тэрээр өөрийгөө гурван шавийн дотроос хамгийн сайн шавь хэмээн бодож байв. Учир нь түүний зүүд бүхэлдээ бэлэг дэмбэрэлтэй зүүд байсан гэж бодож суув. Милбогд түүний зүүдийг хамгийн муу зүүд гээд Линрэпагийн энэрэх сэтгэл маш бага, түүний хамаг амьтанд хүргэх тус дэндүү хязгаарлагдмал байна гэдгийг харуулж байна гэв. Нарны цацраг түүний зүрхэнд шингэж байгаа нь энэ төрөлдөө тэрээр Важраиогини бурханы оронд очно гэсэн утгатай. Рэчунпагийн зүүд бол тэрээр нэг насандаа гэгээрэлд хүрэхгүй, багшдаа амласан амлалтаасаа гурван удаа буцсан учраас гурван төрөл гүйцтэл (гурван удаагийн амьдрал туулах) хүлээх хэрэгтэй болно хэмээн Милбогд тайлбарлав.

Гампопагийн зүүдэндээ нэг задгай тал газар олон амьтдын хамт байх бөгөөд тэр тэдний дундуур явж толгойг нь таслан хаяж байсан хэмээн ярихад нь Милбогд илэрхий тэр зүүдэнд нь таатай байсанд Гампопа гайхаж орхив. Багшдаа зүүдээ ярьж дуусахад Милбогд “Гараа нааш нь өг дөө” хэмээгээд гарыг нь дотно атгав. Тэрээр Гампопад их итгэж буйгаа илэрхийлээд энэ бүхий л хугацааг тэрээр Милбогдын хүссэнээр өнгөрүүлсэн. Амьтдын толгойг таслан хаяж байгаа нь Гампопа олон амьтдыг орчлонгийн хүлээснээс гаргаж чадна гэсэн утгатай хэмээлээ.

Милбогд “Одоо миний хамаг амьтны тусад хийх ажил, номыг уламжлуулан хадгалуулах ажил ингээд дууслаа. Энэхүү ажлыг залган авах хүн байна” гэлээ.

Гампопа жирийн хүмүүсийн адил амьсгалахаа больсон тийм түвшинд хүрсэн байлаа. Өдөрт нэг удаа амьсгал авч, гаргадаг байжээ. Тэр олон эрдмүүдийг дараалан төрүүлж, Оточ манал бурхан, Наминчлалын 35 бурханыг багтаасан бурхадуудын жинхэнэ дүрүүдийг үзэж байв.

Милбогд шавьдаа тэрээр одоо хоосон чанарыг хуурмаггүй таньсан аръя бодьсадва нарт зөвхөн харагддаг Бурханы төгс жаргалангийн лагшингаас ном сонсоход бэлэн болсон байна гэлээ. Удахгүй Гампопа зөвхөн гэгээрсэн хүмүүст үзэгддэг бүхнийг болгоогч (мэдэгч) Бурханы номын лагшинг олно гэв.

Салаа замын эхэнд ирлээ

Нэг өдөр Милбогд Гампопад “Би өндөр настай болж, амьдралынхаа үлдсэн хугацааг чамтай ойр өнгөрүүлэхийг хүсэж байгаа боловч өмнө тавьсан ерөөлийн эрхээр бид салж, чи төв Ү нутгийн зүг явах ёстой” гэлээ.

Милбогд Гампопад омоггүй, тэр дундаа олон олон ер бусын хүчээрээ бардамнахгүй байхыг сануулан олон зөвлөгөө өгөв. Мөн өнгөрсөн болон ирээдүйг харах эсвэл ер бусын далд хүчний чадварынхаа эрхэнд орохгүй байхыг зөвлөв. Эс тэгвэл өөрт нь их саад тотгор болох болно гэв. Ялангуяа бурууг бусдаас хайхгүй, өөрөөр хэлбэл эргэн тойрныхоо хүмүүсийнхээ алдааг хайхгүй байхад анхаарах хэрэгтэй. Нэг ч хүн бусад хүмүүс үнэхээр ямар хүн болохыг мэддэггүй, зөвхөн өөрийгөө л ямар хүн гэдгийг мэддэг. Гампопа тэднийг, тэдний үйлдлийн сайн, мууг дүгнэх ямарч арга байхгүй хэмээн захив.

Ингээд Милбогд Гампопаг нэг газар руу явуулан тэндээ хийд байгуулахыг зөвлөв. Тэрээр тэнд өөрийн бүх шавь нар, Бурханы сургаалыг дэлгэрүүлэх үйлийн барилдлагатай бүх хүмүүстэйгээ учирна гэлээ. Мөн Гампопад өөрт нь муу нөлөөтэй учраас сэтгэлийн гурван хор болох шунал, уур хилэн, мэдлэг туршлагагүй, хязгаарлагдмал сэтгэлтэйхүмүүстэй ойр амьдрахгүй байхыг анхааруулав. Түүнээс гадна хэт сэтгэл татам, бас сэтгэлд таагүй хүмүүстэй амьдрахгүй байхыг сануулав. Хармын сэтгэлээс зайлсхийж байх хэрэгтэй. Хэрэв харамч нарийн амьдралаар удаан амьдарвал эцэстээ нэг ширхэг түлээний модыг ч хэмнэхийг хүсэх болно. Маш их тэвчээртэй байж, өөрийгөө гэгээрсэн гэж үзэж байсан ч лам багш нараа хэзээ ч үл тоомсорлохгүй байх, цэвэр нямбай байж, хүмүүстэй нөхөрсөг харилцахыг сургав. Эцэст нь Милбогд Гампопад эцсийн зорилго болох гэгээрэлд хүртлээ бясалгал бүтээлээ үргэлжлүүлэн, оносон эрдмийнхээ хүчийг улам нэмэгдүүлж байхыг зөвлөлөө.

Милбогд Гампопаг өөрийн багш Марпатай салах ёс хэрхэн хийсний адилаар үдэж өгөв. Тэрээр бэлтгэлийг нь сайн хийж, хүнс базааж өгөөд бусад шавийнхаа хамтаар тодорхой газар дагалдан явж үдлээ. Багшаа буцаж хөдлөхөөс өмнө, энэ насандаа Милбогдтой учирсан нь завшаантай хэрэг байсныг илэрхийлэн олон бадаг магтаал уншлаа.

Давж гарах сүүлийн гүүр

Тэд явсаар нэг гүүрэнд дөхөж ирэхэд Милбогд “За одоо цаашаа өөрөө яв даа чамайг ингээд явахыг зөвшөөрье. Бэлэг дэмбэрэлийг бодоод би гүүр давалгүй үлдье” гэлээ. Тэрээр Гампопаг адислаж, Гампопа ч гүүр давав. Түүнийг гүүр давмагц Милбогд “Дахин нэг удаа ирээрэй. Чамд өгөх маш онцгой нэг сургаал бий. Тэрхүү номыг чамд өгөхгүй юм бол өөр хэнд өгөх вэ?” хэмээн хашгирав.

Гампопа, “Тэрхүү онцгой сургаал, зөвлөгөөг авахад би мандал өргөх шаардлагатай юу?” хэмээсэнд Милбогд өргөл шаардлагагүй гэв. Милбогд түүнд өгсөн зөвлөгөөг хэрэгсэхгүй орхиж болохгүй, харин зүрхнийхээ угт хадгалж явахыг сануулаад эргэж харан орхимжоо өргөн суудлын хэсгээ харуулав. Гампопа түүний арьс хатууран эвэршсэн байхыг харлаа.

Милбогд “Бүтээлд бясалгалаас өөр илүү сайн зүйл байхгүй. Чамд юун дээр яаж бясалгахыг заасан. Олон өөр бясалгалын аргаар мэдлэг ойлголт олж авсан би суудлынхаа арьсыг шир болтол бясалгасан. Чи ч бас тэгэх учиртай. Энэ чамд өгөх сүүлийн сургаал” гэлээ.

Ингээд Милбогд мордож, шавь ч багшаасаа салан Лхасын өмнөд нутгийн зүг хөдөллөө. Тэнд тэрээр Милбогдын иш үзүүлсний (урьдчилан хэлсний) дагуу өөрийн хийдийг байгуулсан юм.

Дүгнэлт

Гэтлэхүйн эрдэнийн чимэг зохиол нь Гампопагийн Гаадамбын ёсны эрдэмт багш нараасаа болон Милбогдын сургаал бясалгалаас олж авсан туршлагаас гарсан бүтээл юм. Тэрээр энэхүү бүтээлээ туурвихдаа дээрх хоёр ёсны дагуу бүтээл хийн эрдмийг олсон байсан бөгөөд тэдгээр ёсноос олж авсан гүн үзлээ буулган бичжээ.

Аливаа сурах бичигт суралцахын өмнө зохиогчийн үг уншигчид илүү хүчтэй нөлөө үзүүлэх үүднээс зохиогчийн товч түүхийг хөтөлбөр болгодог уламжлалтай. Зохиогчийнх нь талаар мэдэхгүйгээр ямар нэг ном унших, ямар нэг зүйлд суралцах нь учир дутагдалтай. Иймд би дээрх уламжлалыг баримталж байна.

Үнэндээ, Гампопа, Милбогд болон бид бүхэн бүгд адилхан. Милбогд бидний адил эгэл, бүхий л муу үр дагавартай үйл үйлдсэн, нүгэл хилэнцээр дүүрэн хүн байсан. Гэвч тэрээр сөрөг сэтгэл хөдлөл, төөрөгдлөө арилгахаар хүчин чармайлт гарган туршлага олж авч, улмаар үлэмж үзлийг (гүн үзлийг) оносон юм. Гампопа ч мөн адил, бүтээлийнхээ эцэст хүрэхийн тулд маш шаргуу зүтгэх хэрэгтэй болж байв. Тэд энэ бүх бүтээлийнхээ эхэнд гэгээрсэн байгаагүй. Бясалгал хийх, гүн үзлийг онох, эрдэм төрүүлэхэд тэд бүхэнд хялбар байгаагүй. Бид бүгдийн дотроос Милбогдын нөхцөл байдал хамгийн хэцүү байсан нь хэрэв бид хичээл зүтгэл гаргавал бүтээлийн эцэст хүрэх боломж ямагт байдаг гэдгийг баталдаг. Хэрэв бид их мэргэдийн адил эр зориг, хичээнгүй чанарыг төлөвшүүлбэл бид өөрсдөө Милбогд, Гампопа нарын адил түвшинд хүрч болох юм.

Гэтлэхүйн эрдэнийн чимэг зохиол нь тэрхүү нэгэн эрдэмт мэргэний Гаадамба, махамудра хоёр ёсыг бидний тусад нэг тодорхой зам мөрд нэгтгэн бүтээсэн бүтээл юм.