Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Шүтлэг сүйдэх гэж үү?

Доктор Александер Берзинтэй хийсэн ярилцлага
Newsweek Magazine, Asia & Atlantic editions,
January 13, 1997, 56 -аас ишилж авав.

Монголын Бурханы шашин Сталины хэлмэгдүүлэлтийн олон арван жилүүдийг арай ядан тэсэж давсан. ЗХУ задран унаснаас хойш 5 жилийн хугацаа өнгөрч байгаа одоо үед Монголын шашны уламжлал өөр нэгэн аюултай тулгарах болоод байна. Энэ нь Христийн шашны Авралын зар түгээгчдийн түрэн эзлэлт мөн. Ингэж 52 настай Америкийн нэртэй Буддист, Харвардын Их сургуулийг төгссөн эрдэмтэн доктор Александер Берзин ярьж байна. Тэрээр саяхан Монголын эртний шүтлэгийн талаар цуврал лекц тавих зорилгоор Монгол оронд зочлоод ирсэн бөгөөд энэ айлчлал нь харийн Евангелистүүдийн нөлөөг нүдээр үзэх боломж түүнд өгсөн гэж хэлсэн юм. Доктор Александер Берзин Бээжинд Ньюсвийк сэтгүүлийн сэтгүүлч Жорж Веерфрицтэй уулзаж, түүнтэй ажиглалтуудынхаа талаар сэтгэгдлээ хуваалцсан билээ. Энд зарим хэсгээс дурдвал:

Веерфриц: Та яагаад саяын айлчлалаа хийх болов?

Берзин: Би Монгол Улсын Их сургуулийн урилгаар Буддизмын талаар цуврал лекц уншихаар очсон юм. Коммунист дэглэм нуран унаснаас хойш Монголд, Америкийн Христийн шашны янз бүрийн урсгалын номлогчид бөөн бөөнөөрөө орж иржээ. Тэд Христийн шашинд хүн амыг татан оруулахын тулд, ялангуяа залуучуудад асар хүнд дарамтыг үзүүлж байна. Энэ нь Монголын уламжлалт соёл ба шашныг сэргээн цогцлуулахыг хичээж байгаа үйл явцыг туйлын ихээр сарниулан бусниулж, садаа болж байна.

Веерфриц: Авралын зар номлогчид хэрхэн саад болж байна гэж?

Берзин: Монгол хүмүүст ардчилал, зах зээлийн эдийн засагт дасан зохицохын тулд өөртөө итгэх итгэл маш чухал. Өөрийн үнэ цэнийн энэ мэдрэмж соёлынхоо хөрсөн дээр баттай зогсож байгаа тохиолдолд л бий болно. Тиймээс тэднээс хуучин Зөвлөлтийн соёлыг авч хаяхдаа, Монголын уламжлалт соёл, үнэт зүйлийг нь хамт авчихвал ард олон гар хоосон үлдэнэ, үүнийг л Авралын зар түгээгчид хүсээд байна шүү дээ. Тэд өөрсдийгөө дэмий цаг хүчээ үрж, амьдралдаа өнгөрүүлсэн бүхэн нь оргүй хоосон зүйл болон хувирч, үнэ цэнээ алдсан гэж бодож байна.

Веерфриц: Монголын уламжлалт үнэт цэнийг чухам яаж сүйтгэж байна гэж?

Берзин: Тэд ирээд л Монголчуудын ядуу зүдүү, хоцрогдсон байгаа нь Бурханы шашны гай гэж ойлгуулдаг. Зүүн өмнөд Ази, Тайван, Өмнөд Солонгос, Япон, Хонконг зэрэг газруудын Бурханы шашны хөгжлийг харсан ч энэ хэлж байгаа нь шал дэмий утгагүй зүйл билээ. Гэвч олон Монголчууд гадаад ертөнцийн талаар бага мэдээлэлтэй байдгийн улмаас үүнд үнэмшдэг. Бас Христийн шашны Авралын зар тараагчид англи хэлний багшийн дүрээр ирцгээдэг. Тэд Христийн шашны талаарх үнэгүй ном зохиолыг ярианы Монгол, Англи хэлээр хэвлэн, тарааж хэлний чиглэлээр сурч байгаа оюутнуудыг татдаг. Тэд мөнгө, комьпьютерийг Их сургуулиудад хандивлан, олон нийтэд нөлөө бүхий түшмэд, албаны хүмүүсийн хүүхдүүдэд тэтгэлэг олгоно. Ийм маягаар хүмүүсийг “худалдаж” авдаг. Бурханы шашинтнууд үүнтэй өрсөлдөж чаддаггүй.

Веерфриц: Яагаад чаддаггүй гэж?

Берзин: Тэд өөрсдөө сэргээн байгуулах гэж хичээсээр л байна. Сталины үед 700 орчим сүм хийд устгагдаж, нураагдсан. Коммунист засаг зөвхөн ганцхан хийдийг үйл ажиллагаатай үлдээхийг зөвшөөрчээ. Одоогоор 155 сүм хийд дахин сэргээгдсэн ч, одоо байгаа өндөр настай лам нар залуу хуваргуудад зөвхөн ёслолыг заахаас цаашгүй. Ярианы монгол хэлнээ орчуулах буюу хэвлүүлэх мөнгө тэдэнд байдаггүй. Гэтэл Христийн шашны Авралын зар тараагчид залуучуудад хөгжимтэй, үнэгүй хоолтой үдэшлэгүүд зохион байгуулж, сүрхий амжилттайгаар шашиндаа татан оруулсаар байна.

Веерфриц: Тэд юунд хүрэх гэж хичээгээд байгаа юм бол?

Берзин: Христийн шашны номлогчид эдгээр хүмүүсийн сүнсийг аварч, диваажинд хүргэнэ гэдэгт чин сэтгэлээсээ итгэдэг. Энэ нь удаан үргэлжилбэл тэд Монголын нийгмийг сүйрүүлж ч мэднэ.

Веерфриц: Бурханы шашныхан үүний хариуд юу хийвэл болох вэ?

Берзин: Янз бүрийн алхамууд байдаг л даа. Одоо би Төвд хэлнээс, Англи хэлнээс, эсвэл сонгодог Монгол хэлнээс ярианы (монгол) хэл рүү хөрвүүлэх нэг төсөлд оролцож байна. Хийгдэж байгаа бас нэг арга хэмжээ нь Дээрхийн Гэгээн Далай Лам Бурханы шашны боловсролын системийг сэргээн бий болгоход туслахаар Энэтхэгээс багш нар илгээж байгаа явдал юм. Монгол орон өөрсдийн Бурханы шашны хэлбэрийг Төвдөөс арван гуравдугаар зуунаас эхлэн авсан билээ. Энэ нь маш урт удаан хугацааны харилцаа.

Веерфриц: Өөр нэг бодлого нь өөр шиг тань Америкаас Буддистууд илгээх явдал, тийм үү?

Берзин: Авралын зарыг түгээгчид Америкчууд байдаг. Монголын залуучууд барууны соёлын тулгуур бол тэдний Христийн шашны зүтгэл юм гэсэн сэтгэгдэлтэй болжээ. Үүнтэй маргах нь Монгол ба Төвдийн Бурханы шашны багш нарт үр ашиггүй. Харин Америк хүний хувьд миний очсон нь өөр нэг илгээмжийг тээж байгаа юм. Энэ бол Америк хүн бүхэнд энэхүү Христийн шашныг номлох гэж улайрсан зүтгэл байдаггүй, АНУ-д олон өөр шашин байдаг ба Христийн шашнаас гадуур олон хүчин зүйлсээс бид хүч тэнхээгээ авч болно гэдгийг харуулах явдал юм билээ.

Веерфриц: Монголд Христийн шашин байрлах орон зай бий юу?

Берзин: Би нэг жишээ хэлье. Олон жилийн турш Далай Лам, Пап ламтан хоёр дотно харьцаатай явж ирсэн. Тэдний төлөвлөсөн зүйлүүдийн нэг нь хуваргуудаа солилцох явдал байлаа. Нилээд тооны католик хуваргууд Энэтхэг дэх Төвдийн сүмүүдэд бясалгалын арга барилыг сурч, төвлөрлөө хэрхэн сайжруулахаар очсон. Далай Лам ч хуваргуудаа Христийн шашны сүмүүдэд, өнчин хүүхдийг асрамжлах газар, өндөр настны асрамжийн байр, сургууль эмнэлэгийг хэрхэн байгуулдагт суралцуулахаар илгээсэн. Төвдөд уламжлалт ёсоор тосгон, өрхүүд ийм зүйлд санаа тавьдаг. Харин Энэтхэгт цагаачлан гарсан тэдэнд ийм бүтэц байхгүй болсон тул сүм хийдүүд үүнийг хийх хэрэгтэй болсон. Христийн шашны хуваргууд, Энэтхэгт очоод мэдээж хэрэг Буддист болоогүй, Бурханы шашинт хуваргууд ч Христийн шашинтан болоогүй. Гэхдээ тэд өөрсдийнхөө шашин ба нийгмийг бэхжүүлэхэд бие биенээсээ суралцаж чаджээ. Хоёр талын харилцан хүндэтгэлийн суурин дээр тулгуурласан солилцооны ийм хэлбэр Монголд байж болох юм.