Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Бурханы шашныг орчин үетэй нийцүүлэх нь > Төвдийн Бурханы шашныг Монголд зохицуулан авсан туршлагаас сурах зүйлүүд

Төвдийн Бурханы шашныг Монголд зохицуулан авсан
туршлагаас сурах зүйлүүд

Доктор Александер Берзинтэй хийсэн ярилцлага
“Бурханы номтнууд энх тайвны төлөө”, 12-р боть, 1-р хэсэг
Улаанбаатар хот 1990, 54.

Энэтхэгийн Дарамсалад суудаг Бурханы шашны Америк судлаач Доктор Александер Берзин Азийн Бурханы номтнуудын Энх тайвны бага хурлын (АВСР) Ерөнхий нарийн бичгийн даргын урилгаар саяхан Монголд ирсэн билээ. Тэрээр Энх тайвны төлөөх Бурханы номтнуудад дараах ярилцлагыг өгөхийг зөвшөөрсөн юм.

Асуулт: Монголд болон Азийн Бурханы номтнуудын Энх тайвны бага хурлын төв байранд зочлоод таны сэтгэгдэл ямар байна вэ?

Хариулт: Монголд болон Азийн Бурханы номтнуудын бага хурлын төв байранд зочлох завшаан олж, хүндэтгэл хүлээсэндээ маш баяртай байна. Би АНУ-ын Нью Жерсид өссөн. Тэндээс холгүй Халимаг Монголчууд амьдардаг байлаа. Миний анхны уулзсан лам нь Монгол Гэвш Ванжил байсан юм. Энэ бол 1967 онд болсон явдал. Үүнээс хойш Монголд очихсон гэсэн байнгын их хүсэл өвөрлөж явлаа. 1985 оны 12 дугаар сард би Энэтхэгийн Бодь Гаяад Хамба лам Гаадантай Дээрхийн Гэгээн Далай ламын соёрхсон Цогт цагийн хүрдэний авшиг хүртээх ёслол дээр уулзсан юм. Тэгэхэд би түүнд Монгол оронд зочлох хүсэлтээ илэрхийлж билээ. Өнөөдөр энэ хүсэл маань биелж байна.

Асуулт: Монгол улс Бурханы шашинтай улсын талаасаа танд ямар санагдав?

Хариулт: Монгол орон надад гүн гүнзгий сэтгэгдэл төрүүлж байна. Бурханы сургаалийн уламжлалыг ийм хүчтэй мөрдөж байгаа нь онцгой сайхан санагдлаа. Энд байх үедээ зөвхөн Улаанбаатар хотод төдийгүй, Хархорины Эрдэнэ Зуугийн хийд, Хужиртад очих боломж тохиолдсон юм. Хот, хөдөөгийн хаана нь ч Бурханы сургаал бишрэлд хүмүүсийн итгэх итгэл маш гүн гүнзгий байна. Зарим хуучин хийдүүдийг дахин сэргээснээс хойш настай лам нарын уламжлалаа сэргээх гэсэн урам зоригтой байгаа нь машид сэтгэл догдлуулам ажээ. Би хэд хэдэн боловсорч гэгээрсэн залуу лам нартай уулзсан. Тэдний надад төрүүлсэн сэтгэгдлээс үзэхэд, Монголын Бурхан шашны ирээдүй маш их итгэл найдвар төрүүлэхүйц байна гэж бодлоо.

Асуулт: Энэ айлчлалаас та өөрийн судалгааны ажилд ямар нэг сонирхолтой зүйл олж авсан уу?

Хариулт: Би Бурханы сургаалийг дэлхий даяар номлох, хөгжүүлэх үйл ажиллагаанд, ялангуяа Төвдийн уламжлалын бүтээлүүдийн орчуулга ба түүнийг гадаад улс орнууд, тэдний соёлд тохируулах асуудалд гүнзгий татагдан орсон хүн юм. Би хойд ба өмнөд Америк, зүүн ба баруун Европ, ЗХУ, Африк, Ази, Австрали зэргийн 37 орчим улс оронд лекц уншсан. Монгол оронд зочилсон явдал миний ажилд туйлын тустай хэрэг болсон. Эндэх туршлагын жишээнээс сурах, мэдэх зүйл асар их байна. Тухайлбал: Гадаад орнуудад Санскрит нэршлийг орчуулж хэрэглэвэл зохих эсэх, Төвд хэл рүү орчуулснаар уншлагыг хэрхэн уншиж, дагсал хаях, хуваргийн хувцсыг өөрчилж болох эсэх, Анагаах ба Зурхайн ухааны системүүд цаашдаа орчин үед хөгжих, гэх мэтийн асуудлаар ихээхэн хэлэлцэж, шүүдэг. Энэ талаарх мөн тийм асуудлуудтай тулгарсан Монголчуудын туршлага бусад соёлд туслахад үнэлж баршгүй юм. Бас миний өөрийн хувийн судалгааны сонирхолын хүрээнд Төвдөөс Монголд Цогт цагийн хүрдэн буюу Зурхайн ухааны түгж дэлгэрсэн байдал болон язгуур гарлын салбаруудын талаар ихээхэн зүйлийг мэдэж авлаа.

Асуулт: Ирээдүйд Азийн Бурханы номтнуудын Энх тайвны бага хуралтай хамтран ажиллах хэтийн төлөвийн талаар та юу гэж бодож байна?

Хариулт: Би Монгол орноос мэдэж сурснаа дэлхийг тойрон аялж, янз бүрийн орны Их сургууль, Судалгааны хүрээлэнд уншдаг лекцүүддээ ашиглах болно. Бурханы номын төвүүдтэй мэдэж сурснаа хуваалцна гэж төлөвлөж байна. Монголын Анагаах ухаан нь Төвдийн Анагаах ухааны иллэг, бариа засал зэрэгт өөрийн гэсэн уламжлалаасаа нэмэрлэж, эм тан хийхдээ Монгол нутгийн өвс ургамлыг авч хэрэглэж байсан баримт байдаг. Монголд Зурхайн ухааныг газар орныхоо нөхцөл байдалд тохируулан Төвдийн системийг өөрчилсөн туршлага нь энэ тал дахь цаашдын судалгаанд түлхэц өгнө гэдэгт би итгэлтэй байна. Ялангуяа Хөлгөн их судрууд болох Ганжуур, Данжуурыг Төвд хэлнээс Монгол хэл рүү орчуулсан нь чухал туршлага бөгөөд энэ нь Монголын залуу хүмүүст сонгодог Төвд хэлийг сургах уламжлалт, тустай арга болсныг би олж мэдлээ. Монголын туршлагын талаар дэлхий даяар илүү олон хүн мэдэхийн хирээр цаашдын судалгаанд түлхэц өгнө. Азийн Бурханы номтнуудын Энх тайвны бага хурал нь дэлхий даяар иймэрхүү Бурханы сургаалийг орчуулж дэлгэрүүлэх талын судалгааны төслүүдийг хэрэгжүүлж, судалгааг боломжтой болгож, түүнийг зохицуулахад чухал үүрэг гүйцэтгэдэг билээ.

Асуулт: Та “Бурханы номтнууд энх тайвны төлөө” бүтээлийн уншигчдад зориулж хэдэн үг хэлэхгүй юу?

Хариулт: Бурханы шашин дэлхийд энх тайван байдлыг тогтооход туслах үйл явцад амин чухал байр суурь болон үүрэг гүйцэтгэдэг. Дээрхийн Гэгээн Далай лам хорвоо дэлхийд эд материал ба оюуны дэвшлийн аль аль нь хэрэгтэй гэж ямагт хэлдэг билээ. Зөвхөн эдийн үнэт зүйл байгаад, бид дэлхийг зуу дахин устгах бөмбөгийг эзэмшлээ гэхэд, өөр хэн нэг нь дэлхийг мянга дахин устгах бөмбөг гаргаад, үүнийгээ улам хөгжин дэвшсэн сайн зүйлд тооцох болно. Гэтэл бид бас хүмүүсийн эрхэм чанар үнэт зүйлийг, анхааралдаа авч үзэх ёстой болно. Нөгөө талаас, хэрвээ тэнд зөвхөн оюунлаг хөгжил байгаад, хүмүүс хоолгүй болчихвол бас л болохгүй. Тийм учраас, Бурханы шашин ба Шинжлэх ухаан гар гараасаа хөтлөлцөн, хамтран ажиллаж байж л дэлхий дээр өнө удаан, амар амгалан, аз жаргалтай тогтнохын бодит найдвар бий болно.