Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Удиртгал > Хутагтын дөрвөн үнэний ерөнхий тайлбар

Хутагтын дөрвөн үнэний ерөнхий тайлбар

Александер Берзин
Румын улс, Бухарест хот
2009 оны 6-р сар
Бичигт буулгасан эх

Энэ үдэш Хутагтын дөрвөн үнэний талаар ярьж энэ удаагийнхаа цуврал лекцийг эхэлнэ үү гэсэн хүсэлт хүлээн авлаа. Энэ бол эхлэх нэг тохиромжтой арга юм. Учир нь Бурхан багш сургаал тавьж эхлэхдээ ингэж эхэлсэн юм. Энэ талаар олон сургаал, номлол байдаг бөгөөд бид тэднийг шашин эсвэл гүн ухаан гэж нэрлэх эсэхээс хамаарахгүй, олон үзэл санааны тогтолцоо бий. Бурхан багш ч түүний цаг үед байсан тэдгээр олон үзэл санааны тогтсон баримтлалуудыг мэддэг байсан ба өнөөдөр бидэнд түүнээс олон үзэл санааны тогтолцоо байна. Бурханы шашны тухай ярих үед Бурханы шашны аргын бусад шашнаас ялгагдах ялгааг тодорхойлох нь нилээн чухал гэж би боддог. Бурханы шашинд мэдээж бусад үзэл санааны тогтолцоонд нийтлэг байдаг, эелдэг, сайхан, асрах сэтгэлтэй байх, хэнд ч гэм хор учруулахгүй байх тухай олон сургаал байдаг. Үүнийг бид бараг бүх шашинд байдгийг мэднэ, тийм биз дээ, бүх гүн ухаануудад. Иймд мэдээж Бурханы шашин үүнийг бас заана. Гэвч Бурханы шашин энэхүү асрах сэтгэл, энэрэн нигүүлсэх сэтгэлийг төлөвшүүлэх олон аргатай, түүгээрээ нилээн баялаг. Бурханы сургаалд байдаг бусад зүйлүүдийг нь хүлээн зөвшөөрсөн ч, зөвшөөрөхгүй байсан ч тэдгээр аргуудаас ач тусыг нь хүртэж болох онцлогтой хэдий боловч бид энэ бүхнийг сурахаар Бурханы шашинд ханддаггүй.

Тэгвэл “Бурханы шашны онцлог нь юу вэ?” гэж асуувал бид Хутагтын дөрвөн үнэнийг авч үзэх хэрэгтэй болно. Бүр Хутагтын дөрвөн үнэний сургаалд ч бусад шашинд нийтлэг байдаг олон зүйл байдгийг бид харах болно.

Бид “Хутагтын үнэн” гэдэг үгийг авч үзвэл, энэ нилээн өвөрмөц орчуулга л даа, үнэндээ энэ хэллэг нь бодит байдлыг ямар нэг төсөөлөл, үзэл баримтлал барилгүйгээр ойлгосон хүмүүсийн үнэн гэж үзсэн дөрвөн бодит баримт байдаг гэсэн утгатай гэдгийг хэлэх ёстой. Хэдийгээр эдгээр нь бодит байдал боловч ихэнх хүмүүс тэднийг ойлгодоггүй гэсэн утгыг илэрхийлдэг. Хүмүүс бүр тийм зүйл байдаг гэдгийг ч мэддэггүй. “Хутагт” (англи хэлний Noble) гэдэг үг бас миний хэлсэнчлэн тийм ойлгомжтой орчуулга биш, дундад зууны үеийн дээдэс гэж байгаа мэт сонсогддог боловч энэ нь өндөр эрдэмд хүрсэн хүмүүсийг хэлдэг.

Ингээд эхний үнэн бодит байдал нь “зовлон” юм. Бурхан багш бидний амьдрал зовлонгоор дүүрэн байдаг, бүр бидний эгэл жаргал гэж үзэж болох тэр зүйл хүртэл өөртэй нь холбоотой олон асуудалтай байдаг гэж хэлсэн. Хэрэв бид тухайн үгийг нь авч үзвэл, би орчуулагч учраас үгийг шинжих дуртай байдаг, “зовлон” гэж орчуулагдаж байгаа тэрхүү үгийг санскрит хэл дээр нь харвал “дука” гэдэг үг бий. Ка гэдэг нь орон зай гэсэн утгатай, ду гэдэг нь үгийн угтвар юм. Сука гэвэл аз жаргал, дука гэвэл зовлон гэсэн үг болдог. Ду гэдэг нь хангалтгүй, сайхан биш, таатай биш гэсэн утга бүхий үгийн угтвар. Би “муу” гэсэн муушаасан үг хэрэглэхийг хүсэхгүй байгаа боловч тэр нь иймэрхүү утгатай юм. Тэгэхээр тухайн үг нь энэ орон зайд ямар нэг буруу зүйл байдаг гэсэн утга санааг илэрхийлдэг ба орон зай гэдэг нь бидний сэтгэлийн орон зай, бидний амьдралын орон зайтай холбоотой. Энэ нь нэг таагүй нөхцөл юм.

Тэгвэл юу нь таагүй нөхцөл болдог вэ? Юуны түрүүнд бид өвчин, гуниг, баяр баясгалан үгүй байх гэх мэт биет, бодит зовлон амсдаг. Энэ нь бид бүхний ойлгож мэддэг, хүн бүрийн, бүр амьтдын зайлсхийдэг зүйл. Өвчин, зовлон бол хүсэх нөхцөл байдал биш, бид түүнээс ангижрахын тулд маш сайн номын дагуу байх хэрэгтэй гэж Бурханы шашинд үздэг нь тийм гоц гойд зүйл биш. Дараагийнх нь урвах зовлон гэж нэрлэгддэг нэг төрлийн зовлон байдаг. Энэ нь бидний эгэл, өдөр тутмын баяр баясгалангийн тухай юм. Тэгвэл үүнд ямар зовлон байдаг юм бэ? Удаан үргэлжилдэггүй нь зовлон. Тэр хувирдаг (уравдаг). Хэрэв бидний эгэл баяр баясгалан гэж үздэг зүйл жинхэнэ баяр баясгалан байсан бол түүнийг амсах тутам бид улам баяр баясгалантай болох ёстой. Хэрэв бид чихэр, шоколад идсэнээр баяр баясгалан амсдаг бол хэд хэдэн цагийн турш шоколад идэх хэрээр бид улам илүү баяр баясгалантай болох ёстой. Гэтэл тийм болохгүй нь ойлгомжтой. Хайртай хүмүүс тань таны гарыг илж таалах тохиолдолд, хэрэв тэд олон цагаар түүнийг хийвэл бидний гар удалгүй маш их өвдөж эхэлнэ. Ийм байдлаар уравдаг. Бид эгэл баяр баясгаланг хэзээ ч хангалттай хүртдэггүй, бидэнд хангалттай байдаггүй, бидний сэтгэл хэзээ ч ханадаггүй. Бид үргэлж илүү их чихэр идэхийг хүсэж байдаг, тэр даруйдаа биш байж болох ч, хэсэг хугацааны дараагаар дахин хүсэж эхэлдэг.

“Дуртай хоолноосоо таашаал авахын тулд та хэр их идэх хэрэгтэй бол?” гэж бодож үзвэл энэ нь маш сонирхолтой байдаг. Нэг үмх, маш бага амсах хангалттай, тийм биз дээ? Гэвч бид ихийг, илүү их, бүр ихийг хүсдэг. Ийм төрлийн зовлонг, эгэл, ертөнцийн баяр баясгаланг даван гарахыг хүсэх нь зөвхөн Бурханы шашны зорилго бас биш. Бидэнд буй энэхүү эгэл баяр баясгаланг даван гарч, ер бусын мөнхийн амгаланг олох зорилго нь гагцхүү Бурханы шашны зорилго биш. “Ертөнцийн таашаалаас цааш гарч, мөнхийн амгалан эдлэх тодорхой түвшний диваажинд хүр” гэж сургадаг олон шашин бий. Энэ нь Бурханы шашны тусгайлсан зүйл биш, тийм биз дээ?

Үүний дараа гурав дахь төрлийн зовлон байдаг ба тэр нь зөвхөн Бурханы шашинд байдаг ойлголт бөгөөд түүнийг “түгээмэл хуран үйлдэхүйн зовлон” гэж нэрлэдэг. Энэ нь бидний амсаж, туулж байгаа бүх зүйлд түгээмэл оршдог ба бидний өдөр тутмын амьдралын сайн, муу бүх зүйлийн үндэс болсон хяналтгүй дахин төрөл авах явдалтай холбоотой байдаг. Өөрөөр хэлбэл, бидний энэхүү амьдрал, сэтгэл, бие гэх мэт бидэнд байгаа зүйлүүд нь дээрх хоёр зовлонгийн суурь болдог тийм төрлийг дахин дахин авах тухай ойлголт юм. Ийнхүү энэ нь төрөл авах тухай сэдэв рүү ордог. Энэ тухай бид маргааш ярилцах учраас одоо их нарийвчлан ярихгүй.

Энэтхэгийн олон гүн ухааны үзэл сургаалууд дахин төрлийн талаар зааж сургадаг ба Бурхан багш үүнийг заасан нь шинэ зүйл биш юм. Харин Бурхан багш тэр үзэгдлийг дүрсэлж, ойлгож, тухайн үеийн бусад шашин, гүн ухааны үзэл баримтлалуудын тайлбарлаж байснаас өөр аргаар, түүний үйл явцыг илүү гүнзгий ойлгосон юм. Тэрээр төрөл авах үйл явц хэрхэн явагддаг, бидний бие болон сэтгэл эдгээр сайн, муу зүйлүүд, өвчин, зовлон, эгэл баяр баясгаланг хэрхэн амсдаг талаар маш бүрэн тодорхой тайлбар гаргасан.

Энэ нь биднийг дараагийн хоёр дахь үнэн рүү, Хутагтын хоёр дахь үнэн рүү хөтөлдөг. Өмнө хэлсэнчлэн би дахин төрлийн үйл явцыг бүхэлд нь тайлбарлахгүй. Тэгвэл дахин төрөх шалтгаан юу юм бэ? Хэрэв бид жинхэнэ шалтгааныг нь авч үзвэл Бурхан багш юуны талаар ярьж байсныг ойлгож эхэлнэ. Энэ үдэш төрөл авах талаар заавал ярилгүйгээр Бурхан багш энгийн нэг учир шалтгааны ухаанаар юуг тайлбарласныг ойлгохыг оролдъё. Бид зовлон болон эгэл баяр баясгалангийн тухай ярьдаг ба эдгээр нь шалтгаанаас бий болдог, Бурхан багш “жинхэнэ шалтгааны” тухай ярьсан. Бид эдгээрийг ямар нэг шагнал, шийтгэл болж ирдэг эсвэл нэг тийм төрлийн зүйл гэж ойлгож болох юм. Харин Бурхан багш жинхэнэ шалтгаан гэдэг зүйлийн талаар, бидний сөрөг үр дагавартай, эерэг үр дагавартай зан байдлын талаар ярьсан.

Тэгвэл сөрөг үр дагавартай зан байдал гэдгээр бид юуг ойлгох вэ? Энэ нь ердөө гэм хор хүргэх явдал уу? Үнэндээ, гэм хор хүргэх тухай ярих үед бид бусдад эсвэл өөрт гэм хор хүргэх явдлыг авч үзэж болно. Бидний үйл байдал үнэхээр хэн нэгэнд хор гэм хор учруулах эсэхийг хэлэхэд маш хэцүү. Бид хэн нэгэнд их хэмжээний мөнгө өгч болох ба түүний үр дүнд өөр нэгэн тэрхүү мөнгийг хулгайлахаар тухайн хүний амь насыг хөнөөж болно. Бидний бусдад хийсэн зүйлийн үр дүн угтаа ямар байхыг бид үнэхээр мэдэхгүй. Бид хийсэн зүйлээрээ бусдад тус болохыг хүсдэг, тэр бол бидний зорилго, гэвч ямарч баталгаа байдаггүй. Харин юу тодорхой байдаг вэ гэвэл зарим нэг зан байдал бидэнд өөрт гэм хортой байдаг. Үүнийг Бурхан багш гэм хортой зан байдал гэж тодорхойлсон юм. Энэ нь өөрт гэм хор хүргэдэг.

Тэр нь юу вэ гэвэл сэтгэлийн тайван байдлыг алдагдуулдаг сэтгэл хөдлөлийн нөлөөнд орж үйлдэл хийх, ярих, бодох явдал юм. Сэтгэлийн тайван байдал алдагдуулдаг сэтгэл хөдлөл нь сэтгэлийг үймүүлдэг. Энэхүү сэтгэл хөдлөл нь сэтгэлийн амгалан тайван байдлыг алдагдуулж, өөрийгөө хянах хяналтаа алдахад хүргэдэг. Энэ бол уур, шунал, атаа, омог, мэдлэг туршлагагүй, шийдмэг бус байдал юм. Ийм бүхэл бүтэн урт жагсаалт байдаг ба бидний сэтгэл эдгээрт бүрэн автсан үед бид тэдний нөлөөнд орж ярьж, үйлдэл хийдэг. Энэ нь бидэнд зовлон бий болгодог. Тэр даруйдаа биш байж болох ч ирээдүйд урт хугацаанд үр дүн нь гарч болно. Учир нь цаашид дахин дахин ийм байх хандлага бий болдог. Харин юу эерэг үр дагавартай зан байдал болох вэ гэвэл эдгээр сөрөг сэтгэл хөдлөлийн нөлөөнд ороогүй зан байдал бөгөөд үнэндээ тэдгээр зан байдал нь асрах сэтгэл, энэрэн нигүүлсэх сэтгэл эсвэл тэвчээр гэх мэт илүү эерэг сэтгэл хөдлөлөөр өдөөгдсөн байж болдог.

Гэвч юуны түрүүнд бид эерэг үр дагаварт хүргэх байдлаар үйлдэл хийвэл тэр нь баяр баясгалан бий болгодог. Тэгнэ биз? Бидний сэтгэл илүү тайван, амгалан болно. Бид өөрсдийгөө илүү хянаж, утгагүй зүйл ярьж, буруу үйлдэл хийхгүй. Мөн энэ нь тэр даруйдаа биш ч гэсэн ирээдүйд урт хугацааны нөлөөтэй байдаг. Ийм эерэг үр дагавартай үйл байдлын бидэнд авчирдаг сайн сайхан зүйл бол бид хэрхэн оршдог, бусад хэрхэн оршдог, бодит байдлын талаарх мэдлэг, туршлагагүй байдалд нөлөө үзүүлэх тийм нэг зүйл байдаг.

Бидний эгэл баяр баясгалан, зовлон бэрхшээл нь хэн нэг шүүгчийн, ямар нэг нэр хүндтэй зүтгэлтэний бидэнд өгсөн шагнал, эсвэл шийтгэл биш юм. Тэдгээр нь бараг л физикийн хуулийн адил гарч ирдэг. Тэгвэл юун дээр суурилж гарч ирдэг вэ? Бидний төөрөгдөл дээр. Бид будилж төөрөлдсөн байдаг. Жишээ нь, өөрийнхөө тухайд, би үргэлж өөрийнхөө хүссэнээр байх ёстой гэж боддог. Тийм үү? Бид “Би хамгийн чухал хүн. Би үргэлж өөрийн хүссэнээр байх ёстой, супермаркетэд би дарааллын урдуур зогсох ёстой. Би хамгийн түрүүнд байх ёстой” гэх мэтээр боддог. Бид хэн нэгэн хүнийг удаж байна хэмээн тэвчээргүй аашилж, сэтгэл тэр хүний талаар янз бүрийн маш таагүй бодлуудаар дүүрдэг, тийм биз дээ? Бүр бид эерэг үр дүнд хүргэх үйлдэл хийж байсан ч түүний цаана “би”-гийн талаарх бас маш их төөрөгдөл байдаг. Ихэнх тохиолдолд бид бусдад таалагдах үүднээс тэдэнд тусалдаг. Бидэнд сайн байх эсвэл наад зах нь бидэнд талархахыг хүсдэг, эсвэл тэдэнд хэрэгтэй хүн мэт сэтгэгдэл төрүүлдэг учраас тэдэнд тусалж болно. Олон эцэг эхчүүд хүүхдүүддээ ингэж ханддаг бөгөөд хэдийгээр ийм байдлаар хэн нэгэндээ туслах нь бидэнд сайхан байдаг боловч үүний цаана ямар нэг таагүй зүйл байж байдаг. Бидний эдэлж байгаа баяр баясгалан нь тэр даруйдаа байхгүй болохгүй ч гэсэн ирээдүйд урт хугацаанд хэзээ ч үргэлжилдэггүй тийм баяр баясгалан байдаг юм. Тэр нь сэтгэлд хангалтгүй ямар нэг зүйл болж өөрчлөгддөг. Ийм байдлаар бидний амьдралын туршид үргэлжлэх ба Бурханы шашны үүднээс тэр нь бас ирээдүйн төрөл дамжин үргэлжилдэг гэж үздэг.

Хэрэв бид илүү гүнзгий харвал бид бүх зүйл дээр будилсан байдаг. Бид хэн нэгэнд үнэхээр татагдсан үед тэдний сайн талыг бүрэн хэтрүүлэн хардаг. Эсвэл хэн нэгэнд маш их дургүй хүрвэл сул талыг нь ч бүрэн хэтрүүлэн үздэг. Тэднээс ямарч сайн зүйл олж хардаггүй. Илүү их нягтлаад харвал цаг үргэлж, бидэнд тулгарч байгаа бүхий л зүйлийн цаана ямар их төөрөгдөл байгааг олж хардаг. Одоо илүү цааш, гүнзгий харвал энэ бүхний үндэс суурь нь аливаад ямар нэг хязгаарлагдмал шинж байдагт оршиж байна.

Бидэнд байгаа энэ төрлийн бие, энэ төрлийн сэтгэл нь маш хязгаарлагдмал. Нүдээ аних үед дэлхий ертөнц гэж байдаггүй, зөвхөн би ганцаараа байдаг юм шиг санагддаг. Ийм сэтгэл толгойд эргэлдэж, тэр нь “би” юм шиг санагддаг бөгөөд гэвч тэр нь юун дотор байж болох вэ? Миний толгой дотор уу? Миний дотор уу? Миний дотор би байх, энэ үнэхээр хачин. Тэгээд тэр нь “Би түрүүнд байх ёстой. Би үүнийг хийх ёстой” гэж цаг үргэлж шаардаж байдаг учраас бид түүнийг тодорхойлж мэддэг. Бас цаг үргэлж санаа зовж байдаг. Ингээд би бол тусгай, би бусдаас хамааралгүй, ямар нэг байдлаар бие дааж оршдог гэх тэрхүү толгой дотор байгаа дуу хоолой нь “би” юм шиг санагддаг аж. Учир нь нүдээ аних үед юу ч байдаггүй, зөвхөн “би” байдаг.

Энэ бол үнэхээр төөрөлдсөн байдал, учир нь бид мэдээж хэнээс ч хамааралгүй бие даан оршдоггүй, хэн ч үнэндээ онцгой гойд биш юм. Бид бүгд хүмүүс. Өмнөд туйлд цасан дунд зогсож байгаа хэдэн зуун мянган оцон шувууг би төсөөлж байна. Нэгийг бусдаас нь онцлох юу байгаа юм бэ? Тэд бүгд адилхан. Бидний хувьд ч адил. Магадгүй тэдгээр оцон шувуунуудад хүмүүс бүгд адилхан харагдаж болох юм. Ингээд “Би үнэхээр онцгой, би хэнээс ч хамааралгүй” гэж бодсоны үндсэн дээр би өөрийн хүссэнээрээ байх ёстой гэх ба хэрэв болохгүй бол уурлаж бухимддаг.

Бидний сэтгэлийг агуулж байдаг биет зүйл болох бидний бие махбод зэрэг нь үнэндээ ийм төөрөгдөл үүсэхэд нөлөөлдөг. Ингэж хэлэхэд хачин санагдаж болох ч, жишээлбэл, бидний дотор “би” байдаг бөгөөд толгойны урд байгаа хоёр нүхээр гадагшаа хардаг гэж бодъё. Би ард байгаа зүйлээ харахгүй, зөвхөн одоо болж байгаа зүйлийг хардаг. Өмнө нь юу болсоныг харж чадахгүй, дараа юу болохыг харж чадахгүй, маш хязгаарлагдмал. Тийм үү? Би өндөр настай болж, сайн сонсож чадахгүй болдог. Та нэг зүйл хэлж, би түүнийг нь буруу сонсоно. Би таныг өөр зүйл хэлсэн гэж бодоод түүнээсээ болж уурладаг. Ингэж болохгүй биз дээ?

Энэхүү түгээмэл зовлон нь энэ төөрөгдлийг улам ужигруулж байдаг тийм төрлийн бие, тийм төрлийн сэтгэлийг тасралтгүй дахин дахин авах явдал юм. Тэр төөрөгдлийн үндсэн дээр бид гэм хор хүргэх байдлаар эсвэл ердийн, хязгаарлагдмал сайн үр дүнд хүргэх байдлаар үйлдэл хийснээр тэр нь зовлон бэрхшээл, урвах эгэл жаргалыг авчирдаг.

Үнэндээ, хэрэв бид илүү гүнзгий харвал (энэ нь маш нарийн учраас би тийм гүнзгий тайлбарлахгүй), дахин дахин хяналтгүйгээр төрөл авах үйл явц нь тэрхүү төөрөгдлөөс шалтгаалдаг. Тийм үү? Учир нь бид улам бүр илүү ихийг хүсэж байдаг. Тэр бол жинхэнэ асуудал, жинхэнэ зовлонгийн жинхэнэ шалтгаан нь юм. Энэ бол тэрхүү төөрөгдөл. Төөрөгдөл бол ... энэ үгийг би ерөнхийлж хэрэглэж байна. Илүү тодорхой үг бол “мэдэхгүй байх”. Мэдэхгүй байх гэдгийг ихэвчлэн “мунхаг” гэж орчуулдаг. Би “мунхаг” гэдэг үгийг хэрэглэх дургүй. Учир нь энэ бол бид тэнэг гэсэн утгыг илэрхийлдэг. Бид тэнэг байх нь асуудал биш. Тэр бол тус үгийн утга биш. Харин “мэдэхгүй байх” гэдэг нь бид хэрхэн оршдог, юмс хэрхэн оршдог гэдгийг мэддэггүй гэсэн утгатай ба энэ утгаараа бид юмсыг мэддэггүй гэсэн санааг илэрхийлдэг. “Би мэддэггүй” эсвэл “Би буруу мэддэг, эсрэгээр нь ойлгодог”. Жишээ нь, би энэ ертөнц дээрх цорын ганц хүн, би хамгийн чухал хүн гэх байдлаар бодит байдлыг яг эсрэгээр нь боддог. Бодит байдал бол бид бүгдээрээ энд хамт байна. Бид бие биетэйгээ харилцдаг. Энэ нь би тэнэг гэсэн үг биш, харин энэ нь бидний бие болон сэтгэлээс шалтгаалан бидэнд ингэж санагддаг. Нүдээ анихад миний толгойд тэрхүү дуу хоолой сонсогдож байдаг. Иймд бид мэдэхгүй, будилдаг гэж хэлж болно.

Ийм учраас тэдгээрийг бид “Хутагтын үнэн” гэж нэрлэдэг. Бодит байдлыг ойлгодог тэдгээр хүмүүс үүнийг хүн бүрийн хардгаас өөрөөр хардаг. Бид өөрсдийн төөрөгдөл, эдгээр төсөөллүүдээ бодит байдал гэж үздэг. Бид үнэн гэж бодож байдаг. Бид үнэндээ энэ талаар тунгааж боддоггүй, ердөө л тийм мэт санагддаг. “Би хамгийн чухал. Би өөрийн хүссэнээрээ байх ёстой. Хүн бүр надад сайн байх ёстой” гэх эсвэл эсрэгээр нь “Би муу хүн учраас хүн бүр надад дургүй байх ёстой” гэж боддог. Энэ адилхан зүйл, ердөө л зоосны хоёр тал гэж би бодож байна. Энэ бол (зовлонгийн) Үнэн шалтгаан.

Одоо тэгвэл Хутагтын гурав дахь үнэн бол ... үүнийг би “жинхэнэ зогсоох” гэж нэрлэдэг. Ихэвчлэн “ангижрах” гэж орчуулдаг боловч тэр нь их том үг, заавал тэгж хэрэглэх шаардлагагүй, тэр бол ердөө зогсоох гэсэн утгатай. Энэ нь тэрхүү төөрөгдлөөс ангижирч, түүнийг зогсоосноор дахин гарахгүй байх боломжтой гэсэн үг юм. Хэрэв бид жинхэнэ (үнэн) шалтгаан болох төөрөгдлөөс ангижирвал бид (жинхэнэ) зовлонгоос ангижрана. Түүний суурь болсон дахин дахин хяналтгүй төрөл авах, сайн, муу бүхнээс чөлөөлөгдөнө. Бид “гэтлэхүй” гэж нэрлэдэг тэр зүйлд хүрнэ. Хэрэв та бүхэн санскрит үгнүүд мэддэг бол дахин дахин хяналтгүй төрөл авах гэдэг нь санскрит хэлэнд самсара (сансар, орчлон), гэтлэхүй гэдэг нь нирвана (нирваан) гэдэг үг байдаг.

Бурхан багшийн үед Энэтхэгийн бусад үзэл баримтлалууд ч мөн адил орчлонгоос (самсара) гэтлэх тухай ярьдаг байсан. Энэ нь Энэтхэгт нийтлэг яригддаг сэдэв байв. Харин Бурхан багшийн харсан зүйл бол эдгээр бусад үзэл баримтлалууд (орчлонгийн) жинхэнэ шалтгааныг тодорхойлохоор хангалттай гүнзгий судлаагүй байсан явдал. Хэдийгээр та эдгээр дахин дахин хяналтгүй төрөл авах байдлаас хэсэг хугацаанд чөлөөлөгдөж, та зарим нэг өөр төрөлд төрж, таны мэддэгчлэн хэдэн галваар тэр төрөлд байж болох хэдий ч (үнэндээ энэ төрөлд таны сэтгэл ямарч идэвхгүй байдаг) тэр төрөл нь заавал дуусдаг. Иймд тэдгээр бусад үзэл баримтлалыг баримталснаар үнэндээ (орчлонгоос) гэтэлдэггүй байжээ.

Тэгэхээр, жинхэнэ зогсоох. Харин энэ удаад энэхүү төөрөгдлөөс чөлөөлөгдөж, тэр нь дахин хэзээ ч гарахгүй байх боломжтой гэдгийг ойлгож, түүнд итгэлтэй байх нь маш чухал. Хэрэв тэгэхгүй бол ямар учир шалтгааны үүднээс та түүнээс чөлөөлөгдхийг оролдоно гэж? Танд тэрхүү хэцүү нөхцөл байдлыг дуугүй хүлээн авах, эсвэл түүнийг сайжруулах гэсэн хоёр арга байна. Нөхцөл байдлыг сайжруулах, түүнийг зорилгоо болгодог ийм эмчилгээний олон арга байдаг. “Түүнийг өөрчилж чадахгүй гэж хүлээн зөвшөөрөх; эсвэл эм ууж эдгээх.”

Үүнийг ойлгохын тулд бид Хутагтын дөрөв дэх үнэнийг харах хэрэгтэй. Хутагтын дөрөв дэх үнэн нь Гурав дахь үнэнийг ойлгоход тусалдаг. Хутагтын дөрөв дэх үнэнийг ихэвчлэн “үнэн зам мөр” гэж орчуулдаг боловч бид бидний дээгүүр нь алхаж явдаг замыг хэлээгүй. Ийм утгатай биш. Түүний илэрхийлж буй зүйл нь бидний сэтгэлийн төлөв байдал, хэрэв бид тэрхүү төлвийг төлөвшүүлбэл тэр нь амгаланд хүргэх (орчлонгоос гэтлэх) зам болох юм. Иймд би үүнийг “зам мөр сэтгэл” гэж нэрлэдэг боловч үүнийг бусад ихэнх хэлэнд орчуулахад маш хэцүү. Гол санаа нь замын тухай яриагүй, харин сэтгэлийн төлөв байдлын тухай ярьж байна. Ойлгомжтой байгаа байх.

Тэгэхээр бид ямар ч хэрэггүй зүйлийг ургуулан бодож байдаг. Янз бүрийн түвшинд ургуулан боддог. Бид элдэв зүйлийн хэрэггүй зүйлийг ургуулан боддог. Сэтгэцийн хэт туйлширсан ургуулан бодох байдлын жишээ нь хүн бүр миний эсрэг гэж бодох буюу юу бодит, юу дүрслэл болохыг ялгахгүй байх шизофрени. “Энэ миний амьдралдаа үзсэн хамгийн сайхан шоколадтай бялуу. Хэрэв би үүнийг идвэл надад үнэхээр сайхан байх болно. Энэ миний үнэхээр хүсэж буй зүйл” гэх нь түүний харьцангуй сул хэлбэр. Тийм биз? Үүнийг би наашаа ирэх нислэгийнхээ үеэр анзаарсан. Би Венад онгоцоо сольсон. Вена хот бол алимны хучмалтай бялуугаараа дэлхийд хамгийн сайн нь байх ёстой. Би нэг зүсмийг захиалав. Тэр хамгийн сайн нь байсангүй. Тэр бол ургуулан бодсон зүйл, хэрэггүй зүйл байсан, бодит байдалд огт нийцээгүй байсан. Алимны хучмалтай бялуу байгаагаараа байдаг. Бялуу нь миний сэтгэлээс ургуулан бодсон зүйл биш, харин түүнийг хамгийн сайхан зүйл, түүнийг идсэнээр би маш их таатай байх болно гэж харж байгаа байдал нь миний сэтгэлээс ургуулан бодсон зүйл.

Ийм байдлаар би оршиж байдаг, та оршиж байдаг. Бурханы шашин биднийг оршдоггүй гэж хэлдэггүй. Харин бидний ургуулан бодож байгаа зүйл бол бодит байдалтай огт нийцэхгүй орших байдал юм. Тийм биз? Бүх зүйл өөрсдөө бие даан орших гэдэг бол ямарч байх боломжгүй тийм оршихын нэг хэлбэр биз дээ? Юмс шалтгаан, нөхцөлөөс бий болдог. Үргэлж өөрчлөгдөн хувирч байдаг. Гэтэл бид түүнийг нь хардаггүй, бид зөвхөн нүднийхээ өмнө байгаа зүйлийг л хардаг. “Миний найз ирэх ёстой байсан, тэгээд ирээгүй.” Тэгвэл энэ надад яаж харагдах вэ? “Чи бол маш муу хүн, чи үргэлж намайг гомдоож байдаг. Чи надад хайргүй болсон байна” гээд бид уурлаж бухимддаг. Бид тэдний амьдралыг замын хөдөлгөөн, ажил дээр нь ондоо ажил гарах, өөр юу байж болохыг хэн мэдэх билээ... энэ бүхнээс тусгаар оршдог гэж боддог. Гэвч энэ бүхэн нь шалтгаан, нөхцөлөөс бий болдог бөгөөд тийм учраас зөвхөн өөрийнхөө зүгээс, бүх зүйлээс хамааралгүй, маш муу хүн байх боломжгүй. Гэтэл бидний сэтгэл үүнийг ургуулан гаргаж ирдэг. Бид түүнд баригдаж, түүнийг орхидоггүй. Тэр нь уур бухимдал, сөрөг сэтгэл хөдлөлийг төрүүлж, дараа нь тэдэнтэй уулзах үед сөрөг зан байдлыг гаргадаг. Бид тэдэн рүү хашгичиж, бүр тэдэнд тайлбарлах боломж ч өгдөггүй. Бид хашгичин, тэр хугацаанд үнэхээр хэцүү, зовлонтой байдаг, тийм биз дээ?

Тэгэхээр бүх жишээн дээр ийм байдаг. Би оршиж байдаг, гэтэл миний оршиж байгаа нь яагаад ч юм хэнээс ч хамааралгүй, маш онцгой гэх мэт байдлаар надад санагддаг, энэ бол бүхэлдээ ургуулан бодсон зүйл. Энэ бол хэрэггүй зүйл, хог. Энэ бодит зүйлтэй огт нийцэхгүй байна. Түүнтэй холбоотой бодит зүйл байхгүй байгааг, тэрхүү байхгүй гэдгийг Бурханы шашинд бид хоосон гэж нэрлэдэг юм. Санскрит үг нь тэг гэдэгтэй адилхан үг байдаг. Энэ нь нэг хайрцаг байна, тэр нь хоосон гэсэн үг биш. Энэ нь “ямар нэг зүйл байхгүй”, ямар нэг бодит зүйлтэй холбоогүй гэсэн утгатай. Бодит ямар нэг зүйл байхгүй, тэг, түүнтэй холбоотой ямар нэг зүйл байхгүй. Бид тухайн хүнийг, өөрийн найз залуу, найз бүсгүйгээ, цагаан морьтой ханхүү, эсвэл гүнж, үлгэрт гардаг адил, жинхэнэ төгс, төгс төгөлдөр хүн гэж ургуулан бодож болно. Ийм байх боломжгүй. Ийм нэг ч хүн байдаггүй, гэтэл бид үргэлж хайж байдаг. Тийм биз дээ? Бид үргэлж ханхүү эсвэл гүнжийг хайж, хэн нэгэн дээр түүнийг тохож, хэрэв тухайн хүн тийм байж чадахгүй бол урам хугарч, өөр хэн нэгнийг хайдаг. Тийм биз дээ? Тэгэхээр энэ бол аливаа зүйлийн оршин байх боломжгүй хэлбэр. Үүнтэй холбогдох зүйл байна уу? Тэг, юу ч байхгүй; энэ бол хоосон чанар, юмс байхгүй зүйл.

Иймд сэтгэлийн үнэн зам мөр, үнэн зөв ойлголт гэдэг нь үүнийг хэрэггүй зүйл гэдгийг ойлгох ойлголт юм. Түүнтэй холбоотой ямар ч бодит зүйл байхгүй. Хэрэв та үнэн шалтгааныг авч үзвэл, зовлонгийн үнэн шалтгаан нь түүнтэй (ургуулан бодсон зүйлтэй) холбоотой ямар нэг бодит зүйл байдаг гэж итгэсэн итгэл юм. Үнэн зам мөр бол түүнийг ямар нэг бодит зүйлтэй холбоогүй гэх ойлголт. Нэг зэрэг байх боломжгүй, тус тусдаа ойлголтууд байдаг. Би давтаж хэлье. Төөрөгдөл нь тухайн (ургуулсан) зүйлийг ямар нэг бодит зүйлтэй холбоотой гэж бодох. Зөв ойлголт нь тийм (бодит) зүйл байхгүй гэж бодох. Тэр нь ямар ч зүйлтэй ердөө холбоогүй гэх ойлголт. Энгийнээр тайлбарлавал, байдаг эсвэл байдаггүй, бүр тодруулбал, тийм зүйл байдаг, тийм зүйл ердөө байдаггүй. Энэ хоёр нь зэрэг байх боломжгүй ойлголт. Эсвэл байна, эсвэл байхгүй; энэ хоёр ойлголтыг нэг дор хамт байлгах боломжгүй.

Ингээд одоо, та дүн шинжилгээ хийж үзэх хэрэгтэй. Аль нь илүү хүчтэй байна, “байдаг” гэдэг нь үү эсвэл “байдаггүй” гэдэг нь үү? Хэрэв бид учир зүйн үүднээс шалгаад үзвэл, “байдаггүй” гэдэг нь илэрхий. “Байдаг” гэдэг учир зүйн хувьд үгүйсгэгдэнэ. Намайг нүдээ аних үед бүх хүн байхгүй болох уу? Мэдээж үгүй. Үргэлж би өөрийнхөө хүссэнийг хийх, би дэлхий дээрх хамгийн чухал хүн байх нь зөв үү? Үгүй, энэ бол утгагүй. Тодорхой аргуудыг ашиглаад сайтар шинжилж үзвэл бидний толгой дотор яриад байгаа нэг жижигхэн “би” гэж байна уу? Хаана нь байна? Уураг тархийг шинжлээд үзвэл шийдвэр гаргах үйл явц хаана явагдаж байна? Ямар үйл ажиллагаа болж байна вэ? “Би” гэх ямар нэг биет зүйл олдохгүй байна. Мэдээж, би хөдөлж байна, үйлдэл хийж байна, ярьж байна. Бид үүнийг үгүйсгээгүй, харин бидний үгүйсгэж байгаа зүйл бол хүүхэлдэйн киноноос гаргаж авсан юм шиг дэндүү уран зөгнөлт, толгой дотор нэг жижиг зүйл байж, “би”, “би”, “би”, “би өөрийнхөө хүссэнээр байх ёстой” гэх тэр зүйл юм. Тэгэхээр ийм зүйл байхгүй гэдэг тал нь логик уялдаа, учир шалтгаан, судалгаа шинжилгээгээр батлагдаж байдаг бол бодит тийм зүйл байдаг гэсэн төөрөгдөл болох нөгөө тал нь юугаар ч батлагдаггүй.

Цаашилбал, би гэдэг нь ийм байх боломжгүй байдлаар оршдог гэж бодсоноор ямар үр дүн гарах вэ? Ингэж бодсоноор би өөрийгөө өрөвдмөөр, зовлонтой болгодог. Тийм зүйл байхгүй гэх нөгөө талаар нь бодсоны үр дүн юу байх вэ? Би өөрийгөө тэр бүх асуудлаас чөлөөлдөг. Түүнээс гадна, би “ийм зүйл байхгүй, энэ бол хэрэггүй хог” гэж бодож байх үедээ түүнийг ямар нэг бодит зүйлтэй холбоотой гэж зэрэг бодож чаддаггүй. Иймд энэхүү зөв ойлголт нь нөгөө буруу ойлголтыг орлодог. Хэрэв бид зөв ойлголтон дээр цаг үргэлж төвлөрч байвал тэрхүү төөрөгдөл, буруу ойлголт хэзээ ч гарч ирдэггүй.

Ингээд Бурхан багш зөвхөн Бурханы шашинд хамаардаггүй, нийтлэг сургаалуудыг авч хэрэглэсэн юм. Хэрхэн төгс төвлөрөлд хүрэх, “бясалгал” гэж нэрлэдэг аргаар өөсрдийгөө энэхүү зөв ойлголтонд хэрхэн сургах тухай эдгээр зүйлүүд Энэтхэгийн бусад үзэл баримтлалуудад бий. Ингэж бид зовлонгийн үнэн шалтааныг жинхэнэ (үнэн) зогсоосноор зовлон бүрэн (үнэн) зогсдог.

Энэ бүхнийг бий болгох хүч чадлыг сэтгэлд өгч, сөрөг үр дагавартай зуршлуудыг арилгадаг зүйл нь сэдэл. Сэдэл нь энэ бүхнийг хийхэд шаардлагатай сэтгэлийн хүчийг бидэнд өгдөг. Энд асрах сэтгэл, нигүүлсэх сэтгэл гэх зэрэг зүйлүүд боловсордог. Бид бүгд харилцан бие биеэсээ хамаарч байдаг ба мэдээж би аз жаргалтай байхыг хүсдэг адил бусдууд ч мөн адил аз жаргалтай байхыг хүсдэг. Бид бүгд адил, бид бүгд харилцан бие биеэсээ хамаарч байдаг. Хэрэв би бусдад туслахыг хүсвэл энэ төөрөгдлөөсөө гарах ёстой. Энэ бол Хутагтын дөрвөн үнэний үндсэн тайлбар юм. Хэрэв бид үүнийг, бидний ярилцсан зүйлийг илүү гүнзгий ойлгоё гэвэл үйлийн үр, дахин төрлийн талаар илүү судлах хэрэгтэй. Энэ талаар бид маргааш ярилцна.

Та бүхэнд асуулт байж болох юм.

Оролцогч: [бүдэг сонсогдов]

Алекс: Би давтаж хэлье. Хэрэв би таны асуултыг зөв ойлгосон бол, та “Бид өөрсдийн үйлдлийн бусдад нөлөөлөх үр дүнг тодорхой мэдэж чадахгүй учир, юу тохиолдохыг мэдэхгүйгээр үйлдэл хийх нь хариуцлагагүй хэрэг үү?” гэж асууж байна. Энэ хүний хэлж байгаагаар, хэрэв бид хариуцлагын талаас ярьвал, бид юу тохиолдохыг өмнө мэдэж байсан учраас гарах үр дүнд хариуцлага хүлээнэ; эсвэл нөгөө талаараа, бид мэдээгүй болохоор энэ нь хариуцлагагүй хэрэг болно, энэ нь буу авах мөнгөтэй хүнд буу зараад, тэр хүн буугаараа юу хийхийг бид мэдэхгүй, тийм учраас буу авах мөнгөтэй хэн нэгэн хүнд буу зарах нь хариуцлагагүй зүйл биш үү гэдэгтэй адил. Үүнд бид эрүүл ухаанаар хандах хэрэгтэй гэж би бодож байна.

Хэн нэгэнд буу зарах жишээний эсрэг жишээг авч үзье. Хэн нэгний боловсролд зориулж мөнгө төлөх тухайд ямар байх бол? Жишээ нь, миний мэдэхээр олон оронд, Румынд ямар байдгийг би мэдэхгүй байна, их сургуульд сурахад маш өндөр төлбөртэй байдаг, ингээд хэн нэгэнд би их сургуульд сурахад нь тусалж мөнгө өгье гэж бодъё. Тэд үүнийг гадуур гарч, хүн бүрийг хуурч, маш сөрөг үр дагавартай зүйл хийхэд зарцуулж эсвэл ямар нэг эерэг үр дагавартай үйл хийхэд хэрэглэж болно. Би яахыг мэдэхгүй. Иймд хэн нэгэнд боловсрол олоход туслах нь тэдэнд тустай байдаг гэдэг нийтлэг ойлголтыг л бид ашигладаг гэж би бодож байна.

Хэн нэгэнд буу зарах нь, би хэлж мэдэхгүй, ... магадгүй тэд, хэрэв ямар нэг гэмт этгээд дайрах, эсвэл ямар нэг өөр зүйл болвол өөрсдийгөө хамгаалахын тулд түүнийг хэрэглэж болох юм, гэвч түүнээс гарах эрсдэл нь маш их аюултай. Иймд та энд бүх нийтийн нийтлэг зарчмыг баримталж, зөв санаа зорилготой байх хэрэгтэй. Харин хариуцлагын хувьд, үргэлж гэм буруутайд тооцох эсвэл цаг үргэлж омог бардам байхаас сэрэмжлэх явдал. Би сэдэлдээ хариуцлагатай байна, үүнд ямар нэг сөрөг үр дагвартай сэтгэл хөдлөл байгаа эсэх: сэдэл эерэг байна уу, эсвэл сөрөг байна уу гэдэгт хариуцлагатай байна. Энэ бол миний хариуцлагатай байх зүйл бөгөөд гарах үр дүнг амсана, харин хянаж чадахгүй. Тэр бол боломжгүй. Тохиолдох зүйлийг би хянана гэдэг бол байх боломжгүй зүйл. Та хэн нэгэнд тусалсан боловч тэд амжилтанд хүрч чадахгүй байж болно. Үүнд би буруутай биш. Би зөв сэдэлтэй байсан, би тэдэнд тусалсан. Тэдний өөрсдийн зүгээс, бусад нөхцөлөөс шалтгаалсан гэх мэт янз бүрийн шалтгааны улмаас амжилтанд хүрч чадсангүй. Хэрэв тэд амжилтанд хүрсэн бол тэр нь мөн олон хүчин зүйлээс шалтгаалсан, зөвхөн надаас бус. Бид шалтгаан болох хүчин зүйлүүдэд оролцсон. Бид нөхцөлийг бүрдүүлсэн гэх мэт, харин үр дүнд нөлөөлөх зүйл нь нэг шалтгаан, нэг зүйл байна гэдэг нь боломжгүй зүйл. Тэр боломжгүй. Үр нөлөө нь асар их шалтгаан, нөхцөлөөс гарах ба нэг шалтгаанаас гардаггүй. Тийм биз? Ердөө амжилттай, амжилтгүй болох гэдэг үүднээс авч үзэх хэрэгтэй. Мэдээж эдийн засагтай холбоотой, нийгэмтэй холбоотой, маш олон зүйлтэй холбоотой, зөвхөн би тэр хүнд сургуульд суралцахад тусалсантай холбоотой биш юм. Энэ бол Бурханы шашны сэтгэлгээ, дүн шинжилгээ бидэнд энэхүү асуудлаас гарах, гэм буруутайд бодох тэрхүү маш сөрөг сэтгэлийн төлвөөс зайлсхийхэд хэрхэн тусалдагийн жишээ юм.

За?

Оролцогч: [бүдэг сонсогдов]

Алекс: Бичлэгт тод буулгах үүднээс би асуултыг давтаж хэлье. Хэрэв бид, би онцгой, бусдаас хамааралгүй оршдог гэх зэргээр бодох нь бодит байдалд нийцдэггүй гэж ойлговол өөрийн хийх ёстой зүйлүүдийг хийх хувь хүнийхээ үндсэн үүргийг гүйцэтгэх чадварыг бууруулахгүй юу гэж тэр хэллээ. Тэгэхээр “Би бие дааж оршдог” гэж бодох, энэ ойлголтыг түүний нөгөө тал болох нэг ч хүн бусдаас хамааралгүй оршдоггүй гэдэг ойлголтоор бид өөрчилдөг ба иймд “Би бие дааж оршдоггүй” гэдгийн нөгөө тал нь “Би бие дааж оршдог” гэх ойлголт юм. Бурханы шашинд яригддаг энэ ойлголт нь “би” гэж байдаг гэдгийг үгүйсгэдэггүй. Мэдээж “би”, “та” гэж байгаа боловч бидэнд илүү бодит ойлголт бий.

Тэгвэл, бодит байдал гэж юу вэ? Миний сайн сайхан хүн бүрийн сайн сайхантай маш их харилцан холбоотой. Дэлхийн дулаарал, агаарын бохирдлын талаас авч үзье. Энэ зөвхөн миний асуудал эсвэл таны асуудал биш, энэ нь хүн бүрийн асуудал. Мэдээж өдөр тутмын амьдралын хувьд бид хангалттай хоол хүнстэй байх, гэр бүлээ тэжээх зэрэгт анхаарал тавих хэрэгтэй, гэвч тэр бүхнийг хийхэд бид бусад хүн бүрээс шалтгаалах болдог. Хэн хүнс ногоо тариалдаг билээ? Хэн зам тавьдаг билээ? Хэн бараа бүтээгдэхүүнийг үйлдвэрлэдэг билээ? Үүнийг ойлгох нь биднийг илүү бодит байдалд ойр ханддаг, зөвхөн өөрийгөө хичээх бус, бусад хүн бүрийн талаар илүү их санаа тавьж байгаа учраас үнэндээ илүү сайн үүргээ гүйцэтгэж чаддаг болгодог.

Оролцогч: Бид нэг утас ч юмуу нэг зүйлээр холбогддог гэдэг үзэл баримтлал байдаг ... [бүдэг сонсогдов]

Алекс: Тэгэхээр, бид бусад хүн бүртэй холбогдож байдаг гэж үздэг нэг онол байдаг, ингэхдээ бидэнд харагдахгүй нэг төрлийн утсаар холбогддог. Асуулт нь “Бид хэрхэн холбогддогийг ямар байдлаар ойлгох вэ?”

Бид гариг ертөнцийг нэг үргэлжилсэн энергийн талбар гэдэг үүднээс мэдээж харж болно. Бид шинжлэх ухаан, физик гэж ярьдаг, нүх гэж байхгүй ... хар нүх гэж, гэвч бид энэ талаар ярилцахгүй. Юуны түрүүнд Бурханы шашин нь бид бүгдийг нэг, бид энэ их универсал шөлний нэг хэсэг гэж хэлдэггүй. Учир нь ийм байх нь хүмүүсийн өөрийн хувийн үйлдэлдээ ямар нэг хариуцлага хүлээх байдлыг маш төвөгтэй болгодог. Тэгнэ биз? “Бид бүгд нэг адил учраас би таньд юу хүссэнээ хийж болно, яагаад гэвэл бид нэг адил” гэдэг.

Бид бүгдээрээ нэг төрлийн энергийн талбар дээр амьдарч байна, бид түүнд оролцдог. Энэ бол биет түвшинд тэрхүү харилцан холбоог харах нэг хэлбэр. Гэвч Бурханы шашин үүнийг илүү шалтгаант харилцаа холбооны талаас, шалтгаан, нөхцөлийн талаас нь хардаг. Би дэлхийн дулаарлын жишээг авч ярья: дэлхийн бүх хүмүүсийн нүүрстөрөгчийн давхар исэлд оруулсан зүйлүүд, агаарын бохирдолд оруулсан тэр бүх зүйл надад мэдээж нөлөөлөх бөгөөд бусдад нөлөөлөх миний ч хийдэг зүйлүүд. Гэвч бид тэр шалтгаант харилцан холбооны тухай ойлголтыг зөвхөн физик түвшингээр заавал хязгаарлах албагүй. Энэ нь шалтгаан ба үр дагаварын маш нарийн анализ, шалтгаан болон үр дагавар хоорондоо хэрхэн хамаарч, холбогддог тухай юм. Энэ нь хоёр бөмбөлөг саваагаар холбогдохтой адил уу, нэг бөмбөлөг нь шалтгаан, нөгөө бөмбөлөг нь үр дагавар? Бурханы шашинд бид “үгүй” гэж хэлдэг. Бидний бусадтай холбогдох холбоог зөвхөн физик түвшинд, энергийн түвшинд ойлгох төдийгүй мөн шалтгааны түвшинд ойлгох хэрэгтэй. Учир нь бидний одоо туулж, үзэж байгаа зүйлүүд нь бидний өнгөрсөнд хийсэн зүйлүүдийн үр дүн бөгөөд энэ гариг дээр амьдрал үүссэн тэр цагаас эхлэлтэй.

Оролцогч: [бүдэг сонсогдов]

Алекс: За, би давтаж хэлье. Таны ярьж байгаа зүйл хоёр хэсэгтэй юм шиг байна. Нэг нь та Дотоод бурханлаг чанараа таних гэдэг ном уншсан. Энэ номонд Бурханы шашны бясалгал нь гадагш биш харин дотоод руугаа харах, өөрийн дотоод бодол, сэтгэлийг шинжилж үзэхтэй маш их холбоотой гэсэн санааг илэрхийлж байсан гэж хэлж байх шиг байна.

Бурханы шашны бүтээлийн нилээд хэсэг нь өөрсдийн төөрөгдөл, сөрөг үр дүнд хүргэх сэтгэл хөдлөлүүдийг шинжлэх, тэд хаанаас гардаг, төөрөгдөл юунд байдаг гэдгийг шинжлэхтэй холбоотой байдаг. Ийм зүйл мэдээж байдаг. Гэвч хэрэв бид өөрийгөө, төөрөгдлөөсөө болж бид өөрсдийн асуудлуудыг хэрхэн бий болгож байдгийг ойлговол бид бусад хүмүүс мөн адил төөрөгдлөөс болж өөрсдийн асуудлуудыг бий болгож байдгийг ойлгодог. Хэрэв тэд хор хөнөөлтэй байдлаар үйлдэл хийж байвал, бидэнд бухимдан уурлах гэх мэт юу ч болсон энэ нь “Энэ хүн муу хүн” гэж бодох хандлагыг даван туулах боломж бидэнд олгодог. Бид тухайн хүнийг будилж, төөрөлдсөн хүн, түүнд энэрэх сэтгэл төрүүлэх ёстой гэж ойлгодог.

Би тэр номыг уншиж байгаагүй боловч “дотоод Бурхан” гэдэг нь бидний “Бурханлаг чанар” гэж нэрлэдэг тэр зүйлийг хэлдэг. Бурханлаг чанар гэдэг нь бид бүхэнд Бурхан болох боломж бүхий хүчин зүйлүүд, бидний сэтгэлийн мөн чанарын нэг хэсэг болон оршиж байдаг тэр зүйл юм. Энэ нь зөвхөн боломжтой зүйл бус. Бурхан болох чадамж нь сэтгэлийн нэг хэсэг нь юм. Түүний нэг хэсэг болох энэ зүйл бидэнд байдаг. Бидний сэтгэл хүн бүрийг тэгш хайрлах чадвартай гэж хэлэх гэсэн юм. Бидэнд тэр чадавхи байдаг төдийгүй илүү гүнзгий түвшинд харвал энэ нь бодит зүйл байдаг. Төөрөгдлөөс шалтгаалсан тэрхүү бохирдол нь сэтгэлийн өөрийнх нь мөн чанар биш гэдэг нь ойлгомжтой.

Харин таны хоёр дахь асуулт Ертөнцийн эзэний талаар ... тэгэхээр, ингэж нэрлэгдэж болох олон зүйл байдаг. Маш олон тэнгэр байдаг, Грек тэнгэр, Хиндү тэнгэр, барууны гэх мэт. Бурханы шашин ийм тэнгэрүүд байдаг гэдэгт итгэдэг үү? Итгэдэг. Гэвч Бурханы шашин зөвхөн бидэнд харагддагаас гадна олон өөр төрөл байдаг гэж үздэг. Гэвч энэ бол таны асуулт биш. Хэрэв бид “Абрахам шашнууд”, Еврейн, Христос, Исламын шашинд байдаг Ертөнцийн эзэний тухайд авч үзвэл Бурханы шашны үгүйсгэдэг зүйл бол бүтээгч эзэн юм. Харин Ертөнцийн эзэний (бүтээгч гэдгээс) бусад чанаруудыг ондоо хэлбэрээр хүлээн зөвшөөрдөг. Орчлон ертөнцөд зүй тогтол гэж байгаа юу? Байгаа. Орчлон ертөнц дээр хайр, энэрэл гэж байгаа юу? Байгаа. Орчлон ертөнцийн сахин хамгаалдаг энэрэнгүй дээд төрөлхтөнүүд байдаг уу? Байдаг. Тэднийг “Ертөнцийн эзэн” гэж нэрлэж болохгүй байх, гэвч байдаг. Энэ нь үг, ойлголт, нэрээс давсан зүйл үү? Тийм. Гэвч эдгээр бүх чанарууд дээр, түүнийг бүтээсэн бүтээлүүдээсээ тусдаа оршдог бүтээгч гэж авч үзвэл ямар байх вэ? Логикийн хувьд ямарч утгагүй болно.

Бурханы шашин нь бүр эхлэлгүй гэдэг үзлийг баримталдаг. Тийм биз дээ? Их тэсрэлт, тэр бол зөвхөн бидний амьдрах болсон нэг орчлон ертөнц. Өөр олон их тэсрэлтүүд байдаг бөгөөд үнэмлэхүй эхлэл гэж байдаггүй. Өөрөөр хэлбэл, хэрэв бүх зүйл шалтгаан ба үр дагаварын хуулийн дагуу явагддаг бол тэдгээрийн өмнө ямар нэг зүйл байх боломж байна уу? Тэгвэл байхгүй зүйлээс ямар нэг зүйл эхлэнэ гэж байж болох уу? Байхгүй зүйлээс ямар нэг зүйл эхлэх боломжгүй. Хэрэв та шалтгаан, үр дагаварын холбоонд байгаа бол та тэрхүү холбооноос тусдаа байх боломжгүй гэж хэлэх гэсэн юм. Оюун ухааны загварчлал гэж авч үзвэл, өөрөөр хэлбэл, орчлон ертөнцийн зүй тогтол гэж байдаг, түүнийг хэн нэгэн төлөвлөсөн гэж үзвэл, яах гэж тэр вэ? Логикийн (учир шалтгааны) хувьд шаардлага алга, ердөө л хэн нэгний зохиосон орчлон ертөнцийн зүй тогтол байгаа учраас тэр. Бүх зүйл үйл ажиллагаатай, үйл явц явагдаж байдаг учраас орчлон ертөнцөд зүй тогтол байдаг. Хэрэв үйл ажиллагаа, үйл явц байдаггүй бол зүй тогтол байхгүй байх байсан. Энэ зүй тогтлыг төлөвлөх, ямар байхыг тодорхойлох ямар нэг гадаад зүйл яагаад байх хэрэгтэй вэ? Иймд Бурханы шашин нь ийм онцгой шинж чанар, бүтээл байдаггүй гэж үздэг. Та “Ертөнцийн эзэн” гэдэг үгийг хэрэглэж эсвэл түүнийг бусад чанараар нь ч авч үзэж болно.

Оролцогч: [бүдэг сонсогдов]

Алекс: Бичлэгт буулгах үүднээс таны хэлсэн зүйлийг би нэгтгэж хэлье. Танд санаа зовох зүйлүүд их болсон, таны эргэн тойронд байгаа хүмүүс бас сэтгэлийн зовлонтой байна. Та өөрийгөө зовоож байгаа зүйлийг өөртөө авч, түүнийг даван туулахын тулд бясалгалд суун тайвширч өөрийнхөө энергийг сэлбэж байна. “Намайг энэ талаар юу гэж бодож байна?” гэж асуулаа.

Бурханы шашинд хэрэглэгддэг олон олон арга байдаг. Таны дүрслэхийг оролдож байгаа зүйл тань түүнийг даван туулах түр зуурын арга мэт санагдаж байна. Энэ нь тайвшрахад тусалж, та бага зэрэг эрч хүч олж авч болох боловч асуудлыг арилгахгүй. Бурханы шашинд бусдын зовлонг өөртөө авч байгаагаар дүрсэлж, тэдэнд асрах сэтгэл төрүүлдэг бүтээл байдаг. Үүнийг төвд хэлэнд тонлэн гэж нэрлэдэгийг та бүхэн сонссон байх. Энэ бол маш өндөр түвшний бүтээл. Харин та бүхэн үүнийг хийж байгаа мэт оролдож үзэж болно, харин түүний жинхэнэ утга нь өөр зүйл байдаг. Би таны зовлонг авч, өөрөө туулж үзнэ гэсэн утгатай юм.

Гэвч, хэрэв бусдын асуудал нь тэдний ухаангүй хэрэг байх ба та хүн бүрийн энэ байдлыг өөр дээрээ авдаг бол би нэг солиотой хүн адил болж тэнд сууна гэсэн үг үү? Үгүй юм. Бидний хийх зүйл бол ... та үнэндээ хүмүүсийн асуудлыг тэднээс авч чадахгүй шүү дээ. Хэрэв та тэгж чадах байсан бол Бурхан багш үүнийг бүр өмнө нь хийж хүн бүр асуудал, зовлон бэрхшээлгүй болсон байх байсан гэж хэлэх гэсэн юм. Бидний төлөвшүүлэхийг зорьж байгаа зүйл бол хүн бүгдийн асуудлыг өөрийн асуудал мэтээр давж гарах зориг юм. Ингэж бид асуудлыг өөр дээрээ авдаг; “ямарч асуудал нь үнэндээ хүн бүрт байдаг нийтлэг асуудал байдаг”-ын жишээг авдаг. Нэг ч хүнд зөвхөн өөрийн гэсэн тусгай асуудал байдаггүй. Нөхцөл гэдэг үүднээс нь хэлэх гэсэн юм, ... ингэж авч үзье, тэдэнд гэр бүлийн асуудал байна гэж бодъё. Хүн бүрт гэрийн бүлийн асуудал байдаг. Тэдэнд хүүхдүүдтэй нь холбоотой асуудал байна. Ажил дээр нь асуудал байна, хүн бүрт энэ асуудал бий. Нарийн зүйлүүд нь үүнд хамаагүй. Эдийн засгийн асуудлын хувьд бид бүгд нэг завин дээр байна. Ийнхүү бид асуудлуудыг авдаг. Энэ нь би одоо эдгээр асуудлыг шийднэ гэсэн утгатай юм.

Одоо дэлхий дахинд нүүрлээд байгаа эдийн засгийн хямралыг жишээ болгож авъя гэж бодъё. Хэдийгээр танд бүх засгийн газруудын бүх мөнгө байсан ч тэрхүү асуудлыг бодит материаллаг түвшинд нь шийдвэрлэж чадахгүй. Иймд асуудлыг хэд хэдэн зүйл дээр шийдвэрлэхийг оролдох хэрэгтэй. Сэтгэлийн түвшин, сэтгэл хөдлөлийн түвшинг нь авч болно. Иймд нэг түвшин нь ажилгүй болж, санхүүгийн асуудалтай тулгарах үеийн сэтгэл зүйн асуудлыг хэрхэн даван туулах байж болно. Энэ бол нэг түвшин; “би ажилгүй болсон, үр хүүхдээ хэрхэн тэжээх вэ” гэдгийг шийдэх; нөгөө нэг түвшин нь “Шунал гэх мэт энэ асуудлыг бий болгосон эхний сэтгэл зүй нь юу вэ?” гэсэн түвшин байх юм.

Ингээд тэрхүү асуудлыг өөр дээрээ авна. Та үүнийг, нэг үгээр хэлбэл, энэ бол тийм аймшигтай, биет зүйл биш гэдгийг ойлгох байдлаар түүнийг арилгах юм. Ойлгож байна уу? Тэрхүү ойлголтыг эвдэнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, шунал гэх мэтийн үүднээс бодож асуудал хэрхэн бий болсон, яагаад бий болсон гэдгийг ойлгож, түүнийг хүн бүрт хүрч байна гэж дүрсэлдэг. Хялбар болгож хэлбэл, шунал энэ асуудлыг бий болгосон; Та “Энэ үнэхээр хэцүү асуудал” гэх ба энэ асуудал таныг хэмлэж, та түүнийг шийдвэрлэж чадахгүй байна. Та энэ биет асуудлыг арилгана. Та энэ бүхэн шуналаас бий болсон, ирээдүйд ийм зүйл бий болохоос сэргийлэх арга бол бид байгаль орчиндоо хянамгай хандах, өөсрдийн хэрэгцээнээс хэтрүүлж худалдан авалт хийхгүй байх, илүү их ашиг олох, илүү ихийг авахыг хүсэхгүй байх явдал гэдгийг ойлгож болно.

Өөрсдийнхөө бодол санаандаа бид энэ асуудлыг, энэ аймшигтай бэрхшээлийг биет зүйл болгодог. Ингээд сэтгэл хямардаг. Ямарч зүйл тийм байдлаар оршдоггүй. Бүх зүйл шалтгаан, нөхцөлөөс бий болдог ба хэрэв бид нөхцөлийг нь өөрчилвөл тухайн зүйл өөрчлөгдөнө. Ингээд бид хүмүүсийн сэтгэлгээтэй ажилладаг, амьдралын дундаж хэв маяг гэх мэт. Та үүнтэй үнэндээ хэрхэн ажиллах вэ? Хүмүүс нөөц боломжоо нэгтгэх хэрэгтэй. Үүнийг шийдвэрлэх хүчтэй сэтгэл зүйн арга юу байж болох талаас нь та бүхэн бодох хэрэгтэй гэж хэлэх гэсэн юм. Гэх мэт.

Юутай ч, цаг нилээн явсан учраас энд хүрээд өндөрлөе. Бидний яриагаа өндөрлөдөг нэг хэлбэр бол “зориулга ерөөл” тавих явдал юм. Энэ удаагийн бидний ярианаас ойлгосон аливаа ойлголт, эерэг энерги улам бүр батажсанаар бид бүхэн Бурханы хутагт хүрч, хамаг амьтанд хамгийн сайн тус хүргэх шалтгаан болох болтугай.