Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Удиртгал > Номыг өдөр тутмын амьдралтай холбох нь

Номыг өдөр тутмын амьдралтай холбох нь

Александер Берзин
Бок хот, Польш улс
2002 оны 12 сарын 13
Хянаж бичигт буулгасан хувилбар

Ном амьдарлын асуудлуудыг шийдвэрлэхэд зориулагдсан

Энэ орой Номыг өдөр тутмын амьдралтай холбох талаар яръя. Дарма (Ном) гэдэг үг нь сэргийлэх арга гэсэн утгатай. Энэ нь аливаа асуудлаас сэргийлэхийн тулд ямар нэг зүйл хийх гэсэн санаа юм. Номыг хэвшүүлэхэд өөрсдийгөө татан оролцуулахын тулд хамгийн эхэнд бидний хийх ёстой зүйл бол бидний амьдралд байдаг олон янзын асуудал, бэрхшээлүүдийг таньж мэдсэн байх. Дараа нь Номыг хэрэгжүүлэх нь эдгээр асуудлуудаас гарахад туслах зорилготой гэдгийг ойлгосон байх.

Ном хэрэгжүүлэх гэдэг нь зөвхөн таашаал авах, сайхан хоббитой болох эсвэл сүүлийн үеийн хандлагыг дагах гэх мэт зүйлийн тухай биш юм. Бурханы номыг хэрэгжүүлэх нь бидэнд асуудлуудаасаа гарахад туслах зорилготой. Энэ нь номыг бодитойгоор хэрэгжүүлэх нь тийм таатай үйл явц байдаггүй гэдгийг ойлгосон байх хэрэгтэй гэсэн үг юм. Бид үнэндээ амьдрал дахь таагүй зүйлүүдийг харж нүүр тулах ёстой. Бидэнд байгаа бэрхшээлүүдээс зугтах биш харин одоо энэ асуудлуудыг шийдвэрлэхийг хичээе гэсэн хандлагаар нүүр тулах гэсэн үг.

Бидний асуудал янз бүрийн хэлбэртэй байж болно. Бид бүгдээрээ тэдний ихэнхийг мэднэ. Айдастай, бусадтай харилцах харилцаандаа бэрхшээлтэй, бусад хүмүүс биднийг түлхсэн мэт санагдах, сэтгэл хөдлөл, сэтгэл санааны асуудлуудтай байх зэрэг нь бид бүгдэд байнга байдаг зүйлүүд. Бид гэр бүл, эцэг эхийнхээ асуудлуудыг шийдэх тал дээр бэрхшээлтэй байдаг. Тэд өтөлдөг, өвддөг. Бид өөрсдөө өтлөх, өвдөх асуудлуудтай тулгардаг. Хэрэв бид залуу бол амьдралд хэрхэн хөлөө олох, яаж амьдрах, аль зүгт явах вэ гэх мэт шийдэх асуудлууд байдаг. Бид энэ бүх зүйлийг анхаарах хэрэгтэй.

Төөрөгдөл

Бурханы шашинд байдаг хамгийн чухал санааны нэг бол бид бүхэнд тулгардаг эдгээр бүх асуудлууд шалтгаанаас үүсдэг гэдгийг ойлгох явдал юм. Ямар ч шалтгаангүйгээр тэр бүхэн байгаа биш юм. Эдгээр асуудлын эх сурвалж нь бидэнд байдаг. Энэ бол маш том ойлголт, олон хүмүүст үүнийг хүлээн зөвшөөрөхөд хялбар байдаггүй. Энэ нь бидний ихэнх нь асуудлын бурууг бусдад эсвэл гадаад нөхцөл байдалд тохох хандлагай байдгаас болдог. “Чиний хийсэн зүйлээс болж би зовж байна, чи надруу утасдаагүй, чи намайг орхисон, чи надад хайргүй. Энэ бүгд чиний буруу” гэж бид боддог. Эсвэл бид бурууг эцэг эхдээ, биднийг бага байхад бидэнд хийсэн, хийгээгүй юманд тохдог. Эсвэл бид эдийн засаг, улс төр, нийгмийн нөхцөл байдлыг буруутгадаг гэх мэт. Мэдээж эдгээр хүчин зүйлүүд бидний амьдралд ямар нэг үүрэгтэй оролцдог. Бурханы шашин үүнийг үгүйсгэдэггүй. Харин бидний асуудлын илүү гүнзгий шалтгаан нь бидэнд – бидний хандлага, ялангуяа бидний буруу ойлголт – төөрөгдөлд байдаг.

Өдөр тутмын амьдралдаа Бурханы сургаалыг хэрэгжүүлэх гэдэг нь ямар хандлага болохыг нарийн тодорхойлох нэг хүчин зүйлийг олъё гэвэл тэр нь энэ гэж бодож байна. Бидэнд бэрхшээл байгаа үед эх сурвалжийг нь олохын тулд өөрсөд рүүгээ харж тэнд байна гэж тодорхойлсон тохиолдолд нөхцөл байдлыг дотроосоо өөрчлөхийг оролддог. Бид дотогшоо харж асуудлын эх сурвалжийг олох тухай ярих үед энэ нь би муу хүн, би сайн болж өөрчлөгдөх ёстой гэсэн буруу зөвийг тогтоох тухай байдаггүй.

Бурханы шашин ёс суртахууны зөв, буруу гэсэн дүгнэлт хийх зорилготой биш. Бид зовлонтой байдаг ба эдгээр асуудал бэрхшээлүүдээсээ гарахыг хүсч эх сурвалжийг нь ердөө дотоодоосоо олохыг хичээдэг. Тэгээд үүний хамгийн гол эх сурвалж нь бидний хандлага байдаг. Тэр дундаа бидний асуудал, зовлонгийн хамгийн гүнзгий цаад шалтгаан нь бидний төөрөгдөл – буруу ойлголт юм гэж Бурхан багш хэлсэн. Тэгэхээр бидний хийх хэрэгтэй зүйл бол болж буй зүйлийн талаар бид хэрхэн төөрөлдсөн байдаг, зөв ойлголт авч түүнийг яаж засаж болохыг олж мэдэх.

Бид юун дээр төөрөлдсөн байдаг вэ? Хэд хэдэн зүйл дээр. Нэг нь бидний хийж буй үйлдлийн шалтгаан, үр дагавар юм. Бид ямар нэг байдлаар үйлдэл хийхдээ тэр нь ямар ч үр дагавар огт авчрахгүй гэж боддог. Жишээлбэл, “Би уулзах цагаасаа хоцорч, чамайг үл ойшоож болно, яасан ч хамаагүй” гэж бид боддог. Энэ бол буруу. Төөрөлдсөн байна. Эсвэл ямар нэг зүйл хийх, хэрхэн аашлах нь зарим бодит байдалд нийцэхгүй, утгагүй, бараг болох боломжгүй үр дүнд хүргэнэ гэж боддог. Жишээ нь “Би чамд их сайхан хандсан, тийм болохоор хариуд нь чи надад сайн байна. Би чамд сайхан бэлэг авч өгсөн байхад чи яагаад надад одоо сайн байхгүй байна?” Ийм бодолтойгоор бидний үйлдэл, зан байдал ямарч боломжгүй үр дүн авчирна гэж төсөөлөх эсвэл тэдний авчирч болохоос илүү үр дүнг хэтрүүлж боддог. Бас зарим зүйлүүдийг тодорхой нэг үр дүн авчирч магадгүй гэж бодож байтал үнэндээ тэр нь яг эсрэгийг нь авчирдаг. Жишээлбэл, бид сайхан байхыг хүсэж, үргэлж халамцуу байхыг сайхан байх арга гэж боддог. Гэвч энэ нь сайхан байхаасаа илүү их асуудлууд авчирдаг.

Өөр нэг бидний будилж байдаг зүйл бол бид хэрхэн оршдог, бусад хэрхэн оршдог, дэлхий ертөнц хэрхэн оршдог тухай юм. Жишээ нь бид өтлөх, өвдөх тухайд зовж шаналж байдаг. Хүн гэдэг зүйлээс бид ондоо юу хүснэ гэж? Хүн гэдэг амьтан өвддөг, хэрэв залуугаараа нас эцэслээгүй бол өтөлдөг. Энэ бүхэн бол тийм гайхаад байхаар зүйл биш. Бид толинд үсээ буурал болж байгааг харахаараа цочиж, сэтгэл гонсойдог. Энэ бол ертөнц хийгээд бид хэрхэн оршдог талаар буруу ойлголттой байж, бодит бус хандаж байгаа хэрэг юм.

Жишээ нь бид өтлөх гэсэн асуудалтай байна гэж бодъё. Энэ талаар буруу ойлголттой, бодит байдлыг хүлээн зөвшөөрөхгүй – хямарсан сэтгэл, хандлагынхаа нөлөөнд орж буруу үйлдлүүдийг хийж байдаг. Жишээлбэл залуу сайхан харагдах гэж учир утгагүй хичээдэг. Биднийг асуудалгүй болгоно гэж найдсан зүйлээ авах гэж шунаж зүтгэдэг. Жишээ нь бусдын анхаарал, хайр, ялангуяа өөрсдийн аятайхан гэж бодсон залуу хүмүүсийн анхаарлыг татах гэх мэт. Энэ синдромын цаана ихэвчлэн би энэ дэлхий дээрх хамгийн чухал хүн, би ертөнцийн төв гэсэн төөрөлдсөн сэтгэл байдаг. Хүн бүр надад анхаарал тавьж байх ёстой. Би ямар байх нь хамаагүй, хүн бүр намайг аятайхан гэж бодож надад дуртай байх ёстой. Хэрэв хэн нэгэн биднийг аятайхан гэж бодохгүй, бидэнд дургүй байвал энэ нь биднийг галзууруулах шахдаг. Биднийг үл тоох – байгаа байдлаараа, ядаж ямар нэг байдлаар тэд биднийг аятайхан гэж бодохыг хүсэх үед анхаарал тавихгүй байх нь бүр улам илүү галзууруулах шахна. Гэвч бүгд Шагжамүни Бурхан багшид дуртай байгаагүй. Тэгэхээр хүн бүр надад дуртай байна гэж яаж бодож болох юм бэ!

Хүн бүрээр хайрлуулах гэсэн бидний хүсэл бодит байдлаас хол хүсэл байдаг. Энэ бол бодит байдал биш. Энэ нь хүн бүр бидэнд анхаарал тавьж, биднийг аятайхан гэж бодох ёстой гэсэн хүсэл, хүлээс, төөрөгдлөөс үүсдэг. Ингээд юмны учир сайн ойлгоогүй, сэтгэл үймрэх хандлага гарч ирдэг. Би үнэхээр хүн бүр надад сайн байх учиртай чухал хүн, хэрэв тэр надад дургүй байгаа бол түүнд ямар нэг буруу зүйл байгаа гэж боддог. Эсвэл илүү муугаар, “Энэ хүнийг надад дургүй болгож байгаа ямар нэг буруу зүйл надад байна” гэж өөрсөддөө эргэлзэж эхэлдэг. Ингээд бид гутарч эсвэл гэм буруутай юм шиг санадаг. Энэ бол бүгд юмны учир ойлгоогүй байдал.

Тэгээд хамгийн чухал нь өөр дээрээ ажиллах явдал. Энэ бол Ном хэрэгжүүлэхийн гол утга. Ямар ч нөхцөл байх нь хамаагүй – хүндрэл бэрхшээлтэй, эмээсэн эсвэл ямар ч байсан – бид юу болж байгааг нягтлахын тулд өөр рүүгээ харах хэрэгтэй. Миний энэ сэтгэл үймэрсэн байдлын цаана байгаа төөрөгдөл нь хаанаа байдаг юм бэ? Асуудал үүсгээд байгаа бидний оролцоо бүхий харилцааг харахдаа төөрөлдсөн хүмүүс нь зөвхөн бид биш гэдгийг бас ойлгох хэрэгтэй. Нөгөө хүн ч бас төөрөлдсөн байгаа. Үүний утга нь “Чи өөрчлөгдөх ёстой. Миний хийж байгаа бүхэн төгс, сайн. Өөрчлөгдөх ёстой хүн нь чи” гэж бид хэлдэггүй. Мөн нөгөө талаараа, өөрчлөгдөх ёстой хүн нь зөвхөн би гэж бас хэлдэггүй. Учир нь үүгээрээ өөрийгөө буруутайд тооцож доогуур үнэлэх байдалд хүргэж болдог. Бид асуудлуудыг бусадтайгаа нээлттэй хэлэлцэхийг хичээх хэрэгтэй. Гэхдээ мэдээж нөгөө тал үүнийг хүлээж авсан байх хэрэгтэй. Бидний аль аль нь будилж төөрөлдсөн байдгийг бид хүлээн зөвшөөрөх хэрэгтэй. Бидний харилцаанд юу болж байгааг хэрхэн ойлгох тал дээр бидний аль алинд асуудал байна, тэгэхээр бид бүгдэд байгаа тэр төөрөгдлийг арилгая. Энэ бол хамгийн бодит, цааш ахих номын арга юм.

Номыг амьдралд хэрэгжүүлэхийн өмнө ойлгох нь

Бурханы шашны олон өөр амьдралд хэвшүүлэх дадлууд байдаг. Илбэ үзүүлж сурахтай адил ердөө тэдгээрийн яаж гүйцэтгэх зааврыг авах нь хангалтгүй. Аливаа хэвшүүлэх дадал нь асуудлуудыг даван туулахад яаж тус болохыг ойлгох нь хамгийн чухал. Бид тухайн дадлыг зөвхөн хэзээ, яаж хэрэглэхийг сурах төдийгүй түүний цаад үүргийг бас ойлгох хэрэгтэй. Энэ нь бид гүнзгий бүтээлүүдээр эхэлдэггүй гэсэн үг юм. Бид эхнээс нь эхэлж сууриа тавьснаар ном сургаал ямар дараалалтай байгаагаас бидний бүтээл дадал ямар утгатай болохыг мэддэг.

“Хэрэв эмч эм өгвөл тэр яаж үйлчилдэг болохыг асуух хэрэггүй, зүгээр уу!” гэсэн сургаал байдаг нь үнэн. Хэдийгээр энэ сайн сургаал гэж мэдэх боловч, энэ нь туйлшрахгүй байхыг сануулсан утгатай гэдгийг ойлгох хэрэгтэй. Туйлшрах гэдэг нь сургаалуудыг зөвхөн судалж ойлгохыг хичээж, сурсан зүйлээ хэрэгжүүлж дадал болгохыг хичээхгүй байх гэсэн үг. Бид ийм туйлширлаас зайлсхийхийг хүсдэг. Бас тэнцүү зайлсхийх хэрэгтэй өөр нэг туйлшрал байдаг. Тэр нь бид зарим дадал, бүтээлтэй холбоотой заавар сонсохоороо харанхуйгаар, мухар сүсгээр юуг, яагаад хийж байгаагаа ойлгохгүйгээр хийдэг. Энэ туйлширлын гол асуудал нь бид тухайн дадлыг өдөр тутмын амьдралд яаж үнэхээр хэрэглэхийг огт ойлгохгүйд байгаа юм. Аливаа бүтээл, дадлын цаадах утгыг, түүний санаа юу байдаг, хэрхэн үйлчилдгийг ойлгосон бол түүнийг хэрхэн өдөр тутмын амьдралд хэрэглэхийг хэлж өгөх хүний хэрэг бидэнд байхгүй. Бид ойлгосон, яаж хэрэглэхээ өөрсдөө мэддэг.

Өөрсдийн асуудлыг арилгах тухай ярих үедээ бид зөвхөн өөрийн асуудлаа арилгах төдийгүй, бусдад туслахад тулгардаг асуудлуудыг арилгах тухай бас ярьдаг. “Бусдад туслахад би асуудалтай байдаг. Учир нь би залхуурдаг, хувиа хичээсэн байдаг эсвэл хэтэрхий завгүй байдаг.” Эсвэл “Чиний асуудал юу гэдгийг би ойлгодоггүй, туслахын тулд юу хийхээ мэддэггүй.” Энэ бол бидний хамгийн том хүндрэл, тийм биз дээ? Бусдад туслахад гарч байгаа энэ бүх асуудлууд нь бидний буруу ойлголт, төөрөгдлөөс бас болдог. Жишээлбэл, төөрөгдөл нь би бүхнийг чадагч шиг байх хэрэгтэй, тэгээд чиний бүх асуудлыг шийдэрлэх нэг л зүйлийг хийх ёстой гэсэн бодол байдаг. Хэрэв энэ нь чиний бүх асуудлыг шийдвэрлэхгүй бол чамд ямар нэг буруу зүйл байна. Чи түүнийг зөв хийсэнгүй, чи буруутай гэх эсвэл би чиний асуудлыг шийдвэрлэх ёстой байсан, тэгээд чадаагүй учраас би буруутай, муу хүн гэдэг. Энэ мөн л шалтгаан, үр дагаварын талаарх буруур ойлголт, төөрөгдөл юм.

Сургаалд итгэх итгэл үнэмшил

Өөр нэг санаа бол Номыг сэтгэл зовохгүй байдлаар үр дүнтэй өдөр тутмын амьдралдаа хэрэглэж чадахын тулд өөрсдийн асуудлуудаас гарах нь үнэндээ боломжтой гэсэн итгэл үнэмшилтэй байх ёстой. Бурханы шашны суурь аргыг дагаж төөрөгдлөөсөө гарах боломжтой гэдэгт бид итгэлтэй байх ёстой. Ямар нэг зүйлээс ангижрахын тулд түүнийг бий болгож байгаа шалтгаануудыг арилгах хэрэгтэй. Гэвч бидний бүх төөрөгдлийг дахин гарч ирэхгүйгээр арилгах боломжтой гэдэгт итгэх гүн, бат итгэл бий болох, мөн нирваан, гэгээрэлд хүрэх ч бас боломжтой гэсэн бат хатуу үнэмшил төрөх нь мэдээж маш хэцүү. Энэ нь ялангуяа бид нирваан, гэгээрэл гэдэг нь угтаа юу болохыг ойлгоогүй байгаа тохиолдолд бүр хэцүү. Тэгэхээр энэ бүгдэд хүрэх боломжтой эсвэл үгүй эсэхийг хэрхэн яаж авч үзэж болох вэ? Хэрэв бид тэдгээр нь боломжтой гэж үзэхгүй байвал, бидний байдаг ч гэж бодохгүй байгаа зүйлд хүрнэ гэж зорих нь хуурамч гоёсон зүйл болно биз дээ? Тэгээд энэ нь утга учиргүй, тоглоом тоглож байгаа мэт болно. Бидний ном сургаал хэрэгжүүлэх нь жинхэнэ болохгүй.

Бидэнд итгэл үнэхээр төрсөн байх ёстой ба энэ нь маш их сурч судалж ойлгох бас сайн тунгааж бодох, бясалгал хийхийг шаарддаг. Зөвхөн нирваан, гэгээрэлд хүрэх гэдэг нь боломжтой гээд зогсохгүй би ч бас түүнд хүрэх боломжтой гэсэн итгэлтэй байх ёстой. Тэдгээрт хүрэх нь зөвхөн Шагжамүнид боломжтой байсан биш, би ч бас үүнийг хийж чадна. Бид төөрөгдлөөс гарахад хийх ёстой зүйл нь юу гэдгийг сайн ойлгох ёстой. Биднийг үүнээс гаргадаг зүйл чухам юу юм бэ? Биднийг төөрөгдлөөс гаргадаг зүйл нь зөв ойлголт. Тэгэхээр зөв ойлголт нь хэрхэн бидний төөрөгдлийг дарж, дахин буцаж ирэхгүйгээр арилгадгийг ойлгох ёстой. Энэ бүхний эцэст Бурханы ном хэрэгжүүлэх жинхэнэ газар бол өдөр тутмын амьдал гэж хардаг. Энэ нь хором тутамд амьдралд тохиолддог асуудал – төөрөгдөл, бэрхшээлүүдийгээ шийдвэрлэх явдал юм.

Номыг хэрэгжүүлэх нь өөрийгөө шинжихийг шаарддаг

Ном хэрэгжүүлэх нь зүгээр амьдралаас чөлөө авч нэг сайхан, нам гүм бясалгалын агуйд эсвэл өөрийн өрөөндөө орж олбог дээр сууж амьдрал дахь үүргээсээ зугтах гэсэн үг биш. Зугтах бол ном хэрэгжүүлэх үйл биш. Чимээгүй газар бясалгахаар явж байгаа нь амьдрал дахь асуудлуудыг шийдвэрлэхэд хэрэгтэй чадварыг бий болгох зорилготой. Гол төвлөрөх зүйл бол амьдрал. Анхаарах зүйл бол сууж бясалгаснаараа олимпийн медаль авах явдал биш! Ном хэрэгжүүлэх гэдэг бол тэр чигээрээ түүнийг амьдралд хэрэгжүүлэх тухай юм.

Цаашилбал Ном хэрэгжүүлэх гэдэг нь өөрийгөө шинжих явдал. Үүгээр бид өөрсдийн сэтгэл хөдлөл, сэдэл, хандлага, хорьж дийлдэггүй, сурсан зан төлөвүүдээ анхаарахыг хичээдэг. Ялангуяа бид амгаланг эвддэг сэтгэл хөдлөлүүдийг олж анхаарах хэрэгтэй. Амгаланг эвддэг сэтгэл хөдлөл эсвэл хандлагын шинж чанар нь үүсэхээрээ биднийг эсвэл бусдыг тав тухгүй болгодог. Бид сэтгэлийн тайван байдлаа алдаж хяналтгүй болдог. Энэ бол маш тустай тодорхойлолт. Үүнийг мэдсэнээр тэдгээр сэтгэл хөдлөлийн аль нэгнийх нь нөлөөнд орж үйлдэл хийж байгаа үед түүнийгээ танихад тустай. Бидэнд тав тухгүй байдал мэдрэгдэх үед сэтгэлд ямар нэг үймүүлсэн зүйл болж байна гэж бид мэдэж болно. Энэ үед дотоодод юу болж байгааг шалган үзэж түүнийг засах ерөндөгийг хэрэглэх хэрэгтэй.

Энэ нь өөрсдийн дотоодод юу болж байгаад маш мэдрэмжтэй байхыг шаарддаг. Хэрэв сэтгэл үймүүлсэн гэж үзэж байгаа бол тухайн сэтгэлийн төлөв байдлыг өөрчлөх талаар ямар нэг зүйл хийхэд амгалан тайван алдуулсан байдлаар үйлдвэл бид болон бусдад их зовлон бий болгодог гэдгийг ойлгохыг шаарддаг. Бид үүнийг хүсдэггүй. Бидэнд тэр хангалттай их байна. Хэрэв бид бухимдвал бусдад яаж тус болж чадах вэ?

Уян хатан байдал

Ном хэрэгжүүлэхэд бид бас олон өөр өөр сөрөх хүчийг мэддэг байхыг шаарддаг, ердөө нэг, хоёр биш. Бидний амьдрал маш нарийн төвөгтэй бөгөөд тодорхой ганц ерөндөг үргэлж үр дүнд хүргэдэггүй. Нэг тодорхой дадал, нөхцөл байдалд хамгийн үр дүнтэй цорын ганцхан арга гэж байдаггүй. Номыг үнэхээр өдөр тутмын амьдралд хэрэглэж чадахад олон өөр арга, маш их уян хатан байдал шаардлагатай. Хэрэв тэр үр дүн өгөхгүй бол, үүнийг хийдэг, хэрэв энэ үр дүнгүй бол түүнийг оролдож үздэг.

Миний багш Цэнжаб Сэркон Ринбүүчи хэрэв амьдралд ямар нэг зүйл хийхээр төлөвлөж байгаа бол үргэлж хоёр эсвэл гурван өөр төлөвлөгөөтэй байгаарай гэж хэлдэг байсан. Хэрэв А төлөвлөгөө бүтэхгүй бол шууд бууж өгөхгүй, учир нь өөрт чинь Б, В төлөвлөгөө байгаа. Тэдний аль нэг нь бүтэх л болно. Үүнийг би маш тустай зөвлөгөө гэж бодож байна. Энэ нь ном хэрэгжүүлэхэд бас адил. Зарим тодорхой нөхцөлд А арга тохирохгүй байхад бидэнд нөөц төлөвлөгөө байж л байна. Бидний хандаж болох өөр олон зүйл байдаг. Энэ бүхэн мэдээж суралцах дээр, биеийн тамирын дасгал хийдэгтэй адил бэлтгэл болгож олон арга, бясалгал сурах дээр суурилна. Хэрэг болох үед нь өдөр тутмын амьдралдаа хэрэглэж чадах үүднээс өөрсдийгөө эдгээр арганд сайн сургах гэж ажилладаг. Ийм учраас бид ном сургаал хэрэгжүүлэхийг ямар нэг хобби биш, харин өдөр тутмын үүрэг гэж харах хэрэгтэй.

Туйлшрахаас зайлсхийх

Бид Номыг гэр бүлийн амьдалд хэрэглэдэг. Эцэг эх, үр хүүхэд, ажлын хамт олонтой харилцахдаа хэрэглэдэг. Ингэхдээ бид янз бүрийн туйлширлуудаас зайлсхийх хэрэгтэй. Энэ талаар бага зэрэг өмнө нь ярьсан. Бид өөрсдийн асуудлын бурууг бусдад тохох эсвэл бүгдийг нь өөр дээрээ авч туйлшрахаас зайлсхийх ёстой. Бид аль аль нь хувь нэмэр оруулсан байдаг. Бид бусдыг өөрчлөхийг оролдож болно. Гэвч өөрсдийгөө өөрчлөх нь хамгийн амархан байдаг.

Өөрийгөө өөрчлөх гэдэг нь гол анхаарал хандуулах зүйл. Гэвч ингэхдээ өөртөө санаа тавих хэт сонирхолоос зайлсхийх хэрэгтэй. Өөртөө санааширсанааар бид цаг үргэлж зөвхөн өөрсөд рүүгээ харж өөр бусдад анхаарал тавьдаггүй. Энэ нь би ертөнцийн төв, миний асуудал хамгийн чухал гэж үзэх сэтгэлийг батжуулж болно. Өөр бусад хэний ч асуудал чухал, хөндүүр зовлонтой биш.

Өөр нэг туйлшрал нь бид бүгд муу эсвэл бид бүгд сайн гэж бодох. Бидний бэрхшээлтэй, ажиллах шаардлагатай талуудыг олж таних хэрэгтэй гэдэг нь зөв. Гэвч өөрсдийн эерэг тал, эерэг чанарыг олж таних хэрэгтэй ба тэгснээрээ бид тэднийг улам илүү хөгжүүлэх юм. Барууны хүмүүс бидний олонхи нь өөрсдийгөө доогуур үнэлдэг. Хэрэв бид өөрсдийн асуудал, төөрөгдөл дээр хэт их анхаарвал энэ нь өөрсдийгөө доогуур үнэлэхэд амархан хүргэж болно. Энэ бол ямарч тусгүй.

Өөрсдийн амгаланг эвддэг сэтгэл хөдлөлүүдээ байнга анхаарахын зэрэгцээ үүнийг өөрсдийн сайн чанаруудаа санаж тэнцвэржүүлж байх хэрэгтэй. Бүр хамгийн балмад хүнд ч зарим сайн чанарууд байдаг. Тэд өвөр дээрээ муурын зулзага эсвэл гөлөг тавьж, тэднийг тэжээх, тэдэнд халуун дулаан сэтгэл гаргаж л байсан нь эргэлзээгүй. Бараг хүн бүр хамгийн наад зах нь ийм зүйлийг туулж үзсэн байдаг. Бид ийм байдлаар зарим дулаан сэтгэлийг өгөх чадвартай гэдгээ таньж бас өөрсдийн сайн талуудыг ч хардаг. Ном нь бид зөвхөн сөрөг талууд дээрээ ажиллах тухай биш, аль аль нь тэнцвэртэй байх ёстой. Бид өөрсдийн эерэг талуудыг бас батжуулж байх хэрэгтэй.

Ингэж өөрсдийн сул тал болон сайн чанаруудын хоорондох тэнцвэрийг хадгалахыг оролдохдоо өөр нэг хос туйлширлаас зайлсхийх хэрэгтэй. Нэг туйлшрал нь гэм зэмтэйд тооцох, “Би муу хүн. Ном хэрэгжүүлсэн нь дээр. Түүнийг хэрэгжүүлэхгүй байгаа учраас би улам муу болж байна” гэдэг байдал. Дээр гэдэг үгийг ном дадуулахыг бид хэрхэн харах байдлаасаа авч хаях хэрэгтэй. “Дээр” гэх ямарч учир шалтгаан байхгүй. Хэрэв бидэнд байгаа асуудлаас өөрсдөө гарахыг хүсвэл цаашдын асуудлуудаас зайлсхийх хэрэгтэй. Хамгийн эрүүл хандлага бол ердөө “Хэрэв би асуудлаасаа гарахыг хүсэж байвал номыг дадуулж болно” гэж бодох. Дадуулах, дадуулахгүй нь бидний өөрсдийн сонголт. “Чи ном дадуулах нь дээр, хэрэв дадуулахгүй бол муу хүн болно” гэж хэн ч хэлэхгүй.

Бид мөн “Бид бүгд төгс төгөлдөр. Өөрийнхөө Бурханлаг чанараа хар, бүгд зүйл төгс сайхан” гэх нөгөө туйлшралаас зайлсхийх хэрэгтэй. Энэ бол маш аюултай туйлшрал. Учир нь энэ биднийг өөрчлөгдөх шаардлага байхгүй гэсэн хандлагад хүргэж болно. Бид төгс төгөлдөр учраас муу сөрөг байдлаа зогсоох, болих шаардлага байхгүй. Бид энэ хоёр туйлшралын – бид муу эсвэл бид төгс гэж санах – аль алинаас нь зайлсхийх хэрэгтэй. Бид өөрсдийгөө хариуцах хэрэгтэй. Энэ бол номыг амьдралд хэрэгжүүлэх гол түлхүүр. Өөрсдийн амьдралын чанарын тухайд ямар нэг зүйл хийх хариуцлагыг бид өөрсдөө хүлээдэг.

Эрмэлзэл

Өөрсөд дээрээ ажиллаж байх үед багш нараас бас бусад ном бүтээж буй нөхдөөс бидэнд эрмэлзэл төрдөг. Гэвч олон зууны өмнө амьдарч байсан мастеруудын агаарт нисч чаддаг байсан тухай гайхалтай түүхүүд зэрэг нь ихэнхи хүмүүсийн хувьд багш нараасаа авах эрмэлзэлийн тогтвортой эх сурвалж биш юм. Учир нь эдгээр зүйлүүд нь тайлбарлахад үнэхээр хэцүү бөгөөд биднийг ид шидийн аялалд хөтлөх хандлагатай байдаг. Бидэнтэй ойр байдаг, бүр багахан ч гэсэн холбоотой байдаг амьд жишээ хамгийн сайн байдаг.

Бурхад эсвэл эрдэм чадал бүрдсэн багш нар биднийг татах эсвэл эрмэлзэл төрүүлэхийг оролддоггүй. Тэднийг нараар жишээлж болно. Нар хүмүүсийг дулаацуулах гэж оролддоггүй, харин нар байгаагаараа л хүмүүсийг дулаацуулж байдаг. Энэ нь бидний багш нарын хувьд яг адил байдаг. Тэд амьдралд хэрхэн ханддаг, тэдний зан чанар, асуудлыг хэрхэн шийдвэрлэж байгаа нь бидэнд аяндаа эрмэлзэл төрүүлж байдаг. Энэ бол илбийн үзүүлбэрүүд биш. Амьдралд илүү ойр, бодитой зүйлүүд хамгийн их эрмэлзэл төрүүлдэг.

Би Дүжом Ринбүүчийг санаж байна. Хэдэн жилийн өмнө жанч халсан. Ринбүүчи Нингма урсгалын тэргүүн, миний багш нарын нэг байсан. Багш маань астматай байлаа. Би бас астматай болохоор амьсгалахад ямар хэцүү байдгийг мэднэ. Хангалттай амьсгал авахын тулд бүх энергиэ дотогш хандуулах ёстой болдог учраас хэвийн амьсгалж чадахгүй байгаа үед ном тавих ямар хэцүү гэдгийг би мэднэ. Ийм үед үнэхээр хэцүү байдаг. Гэвч Дүжом Ринбүүчи астма нь маш хүнд байхад ч тайзан дээр гарч номоо тавьж байсныг би хардаг байлаа. Тэрээр астмадаа бага ч болов түүртэлгүй, түүнийгээ итгэхийн аргагүй гайхалтай даван туулж, хажуугаар нь номоо ч гайхалтай сайхан тавьдаг байсан. Энэ бол ямар ч ид шид биш, үнэхээр бишрэмээр, маш амьдалд ойр үйл явдал байсан. Энэ бол амьдралын бодит нөхцөл байдлыг шийдэж байгаа байдал, энэ нь бишрэл, эрмэлзэл төрүүлдэг.

Сургаал номонд суралцаж ахиц гаргахын хирээр бид бас өөрсдөөсөө урам зориг авч болдог. Энэ бол бас эрмэлзэлийн нэг чухал эх сурвалж. Бид өөрсдийн гаргаж буй ахицаасаа урам авдаг. Ингэхдээ бид маш мэдрэмжтэй байх ёстой. Ихэнх хүмүүсийн хувьд үүнийг сэтгэл хөдлөлийн хувьд даван туулж чаддаггүй. Учир нь бид ахиц гаргах үедээ омог, бардам болох хандлагатай болдог. Тэгэхээр бид ахиц гаргах гэдгийг юу гэж ойлгохыг маш анхаарч тодорхойлох ёстой.

Зам мөрөөр урагшлах

Юуны түрүүнд бид ахиц үргэлж нэг шугаманд байдаггүй гэдгийг ойлгох ёстой. Үргэлж дээрдэж, доордож байдаг. Энэ бол ертөнцийн үндсэн шинж чанар юм. Энэ нь зөвхөн дээд, доод төрлийн тухай биш. Дээшилж, доошлох нь бас өдөр тутмын амьдралд гарч байдаг. Одоо би баяртай байна, одоо би зовлонтой байна. Бидний сэтгэл санааны байдал дээшилж, бас унаж байдаг. Одоо надад номоо хэрэгжүүлж байгаа мэт санагдаж байна, одоо надад номоо хэрэгжүүлэхгүй байгаа юм шиг санагдаж байна. Ингэж цаг үргэлж дээш, доош болж байдаг. Тэгэхээр гайхах зүйл байхгүй. Энэ нь биднийг архад, бүх зовлонгоос гэтэлж, орчлонгоос чөлөөлөгдсөн төрөлхтөн болтол ийм байдлаар үргэлжилнэ. Ийм гүнзгий түвшинд хүртэл орчлон нэг дээш, нэг доош болж үргэлжилсээр байна. Тэгэхээр олон жилийн турш ном үзэж дадуулсаны дараа хувийн амьдралд чинь гэнэтийн том бэрхшээл гарвал битгий гонсойж хямраарай. Гэнэт бид маш их бухимддаг, ийм зүйл тохиолддог! Энэ нь бид муу номын бүтээлчид байсан гэсэн үг биш юм. Энэ бол ердөө жам ёсны, орчлонгийн бодит байдал.

Ном хэрэгжүүлж бүтээхэд ид шид гэж байдаггүй. Хэрэв бид номыг амьдралдаа хэрэгжүүлэхийг хүсэж байгаа бол илбэ, ид шид хүлээх хэрэггүй. Тэр дундаа бидний ахих үйл явцад. Бид ахицыг хэрхэн бодитойгоор хэмжих вэ? Дээрхийн Гэгээн Далай лам ном бүтээж, дадуулахыг нэг эсвэл хоёр жилээр битгий хэмж гэж хэлдэг. Тав эсвэл арван жилийн хугацаагаар “Тав, арван жилийн өмнөхөөсөө би илүү тайван болсон байна уу?” гэх байдлаар харж шалга. Хэрэв тийм байвал бид ахиц гаргасан байна гэж урамшдаг. Гэхдээ бидэнд асуудал байсаар байх боловч энэ нь бидэнд цааш явах хүч өгч байдаг. Бид хэцүү нөхцөл байдал үүсэхэд бухимдахгүй байж илүү хурдан тайвширч чаддаг.

Бид өөрсдийгөө эрмэлзэл, урмын эх сурвалж гэж үзэхийн гол утга бол энэ нь бидэнд улам цааш ахих хүч өгдөгт байдаг. Учир нь бид зөв зам мөрөөр явж байгаа гэдэгтээ итгэлтэй байдаг. Ийм зам мөрөөр явах нь, тухайлбал энэ ерөнхий зам мөрөөр явж байхдаа бид ямагт өгсөж, уруудсаар байх болно гэдэг ямар утгатай талаар бодит ойлголттой болох үед л бид зөв зам мөрөөр явж байгаа гэдэгтээ итгэлтэй болно.

Энэ бүгд бид хэрхэн номыг өдөр тутмын амьдралтай холбох тухай ерөнхий санаа юм. Тус болно гэж найдаж байна.

Баярлалаа.