Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Удиртгал > Хэрхэн ёс зүйтэй амьдрах вэ?

Хэрхэн ёс зүйтэй амьдрах вэ?

Дээрхийн Гэгээн 14-р Далай лам
Анли улс, Ноттинхам хот, 2008 оны 5 дугаар сарын 25
Хэсэгчлэн орчуулж, бичигт буулгаж, хянан тохиолдуулсан Александер Берзин
Тодруулгыг нил өнгөөр дөрвөлжин хаалтанд хийв.

Өөрийн сонирхлын өмнө бусдын сонирхлыг тавих нь ёс зүйтэй амьдралын үндэс

Бурханы шашныг тодорхойлох үндсэн ойлголт нь: Хэрэв бид бусдад тусалж чадах бол түүнийг хийх, чадахгүй бол гэм хор хүргэхийг хязгаарлах. Энэ бол ёс зүйтэй амьдралыг хөтлөх үндсэн тодорхойлолт юм.

Аливаа үйлдэл бүр сэдэл буюу ямар нэг үүссэн тодорхой сонирхлоос гарч байдаг. Хэрэв бид бусдад гэм хүргэж байвал энэ нь тодорхой сонирхлоос үүдэлтэй, хэрэв бид бусдад тус хүргэж байвал тэр нь ч мөн тодорхой сонирхлоос үүдэлтэй. Тэгэхээр бусдад туслах зорилгыг нь биелүүлэхийн цаана бидэнд сэдэл байх хэрэгтэй. Үүний тулд бид нэг зүйлийг ойлгосон байх ёстой. Яагаад бид тусалдаг, ямар учраас бид гэм хүргэдэггүй вэ?

Жишээлбэл, бид хэн нэгэнд гэм хүргэх гэж буй тэр үед бидэнд үүсэх нөхцөл байдлын талаарх ойлголт төрж болох ба тэр нь биднийг тухайн үйлдлийг хийхийг зогсооход хүргэж болно. Энэ юу гэсэн үг вэ гэвэл бидэнд тодорхой нэг эрс шийдвэр [бусдад гэм хүргэхгүй гэсэн] хэрэг болдог гэсэн үг. Сэтгэлийн нэг хэсэгт хэн нэгнийг хорлоё гэсэн бодол байхад, тодорхой нэг сэтгэлийн төлөв байдлаас үүдэлтэй сэтгэлийн өөр нэг хэсэгт буруу, энэ бол буруу гэж хэлж байдаг. Тухайн үйлдлийг буруу гэж харсан учраас бид үйлдлээ хянах чадвараа ашиглаж, тухайн үйлдлийг хийхийг зогсоодог [аливаа муу зүйлийг нөхцөлдүүлэх, эсвэл тэр үйлдлийг зогсоох]. Энэ хоёр сонголтын аль ч тохиолдолд бид тодорхой үйлдлүүд нь эцсийн үр дагавартай байдаг гэдэг ойлголтыг санаж байх хэрэгтэй. Хүн гэдэг үүднээсээ бид эцсийн үр дагаварыг цэгнэх оюун ухаантай. Ингээд бид тэдгээр үр дагаварыг харж байгаа бол өөрсдийн үйлдлээ яг дараах шатанд нь зогсоож чадна.

Бидний хэрэглэж болох хоёр арга байна. Эхнийх нь өөрийн сонирхлын үүднээс бодож үзээд, хэрвээ бид тус хүргэж чадахаар бол түүнийгээ хийх, чадахгүй бол ямар нэг гэм хүргэхийг хорих. Нөгөө нэг арга нь бусдын сонирхлын үүднээс бодож үзээд, мөн адил тус хүргэж чадахаар бол туслах, хэрэв үгүй бол хор хүргэхгүй байх. Бусдад гэм хүргэхийг хорих талыг нь авч үзье. “Хэрэв би үүнийг хийвэл хуулийн хариуцлага хүлээх зэрэг сөрөг үр дагавартай тулгарна.” гэж бодоод өөрсдийгөө хорьж байгаа нь өөрийн сонирхлын үүднээс өөрийгөө хорьж байгаа явдал. Тэгвэл бусдын зүгээс бодож өөрийгөө хорьж байгаа шалтгаан нь: “Бусад бол яг надтай адил. Тэд бэрхшээл зовлон хүсдэггүй. Тиймээс тэднийг хорлохоо больё.” гэсэн бодол байх юм.

Сэтгэлээ ингэж сургах үед эхлээд бид өөрсдийн сонирхлын талаас бодоод, дараа нь бусдын сонирхлын талаар боддог. Сэтгэлийг жолоодож чадах үр дүнгийн хувьд бусдын талаар хүчтэй бодох нь илүү нөлөөтэй байдаг. Ангид тонилохуйн [Винайн ёс буюу Бурханы шашны сүм хийдийн журам болон ёс зүйн сургаал] сахилын хувьд үндсэн зарчим нь өөрийн сонирхлыг чухалчилж, бусдад гэм хүргэхээс өөрийгөө хязгаарладаг. Учир нь тэд нирваанд [зовлонгоос чөлөөлөгдсөн сэтгэлийн төлөв байдал] хүрэхийг зорьсон байдаг. Харин бодьсадвын явдлын хувьд бусдад гэм хүргэхгүй байх гол шалтгаан нь бусдын сонирхлыг анхаарч үзсэн явдал. Магадгүй энэ хоёр дахь өөрийн хэрэгцээ шаардлагын өмнө бусдын хэрэгцээг тавьсаны үндсэн дээр бусдад тусалж, гэм хүргэхийг хязгаарлах явдал нь миний байнга яриад байдаг нийтийн хариуцлагатай холбоотой байж болох юм.

Хүн төрөлтөн бидний үндсэн мөн чанар

Ерөнхийдөө хүмүүс бид нийгмийн амьтан. Хэн ч бай, түүний оршин байх нь бусад хүн төрөлхтөнөөс хамаарна. Хувь хүн бүрийн амьд орших, сайн сайхан байх нь нийгмээс бүхэлдээ шалтгаалдаг учраас бусдын сайн сайхны төлөө санаа тавих, тэр талаар бодох хэрэгцээ шаардлага нь бидний өөрсдийн суурь мөн чанараас [хувь хүн бүрийн орших, сайн сайхан байх нь бусдаас шалтгаалдаг] урган гарч байна. Жишээлбэл, сармагчинг авч үзвэл, хамгийн ахмад нь тухайн сүргийг бүхэлд нь хариуцана. Бусад нь хооллож байхад, өөр нэг эр ахмад сармагчин захад нь ажиглаж байдаг. Хүч чадалтай нэг нь нийтийн сайн сайхны төлөө үлдсэн хэсгээ асарч хамгаалахад тусалдаг.

Түүхэнд тэмдэглэгдсэнээс өмнөх үеүдэд хүмүүс бидэнд боловсрол, технологи гэж байсангүй. Хүний нийгэм маш энгийн байсан. Бүгд хамтарч ажиллаад, хувааж хэрэглэдэг. Коммунистууд бүгд ажиллаад, бүгдээрээ ач тусыг нь хүртэнэ гэдэг нь коммунизмийн анхны үзэл санаа байсан гэж хэлдэг. Улмаар боловсрол улам гүнзгийрч, иргэншил бий болсон. Хүний сэтгэл улам нарийн болж, улмаар шунал илүү нэмэгдсэн. Энэ нь атаархал, үзэн ядалтыг авчирч, цаг хугацаа өнгөрөх хирээр тэдгээр нь улам илүү хүчтэй болсон.

Өнөөдөр, 21-р зуунд хүний нийгэмд маш их өөрчлөлт гараад байна. Бидний хооронд маш их ялгаа гарч байна. Боловсрол, ажил мэргэжил, нийгмийн гарлын ялгаа г.м., бүр нас, хүйс, үндэстний ялгаа байна. Гэвч эдгээр нь бүгд хоёрдогч зүйл. Хамгийн чухал тулгуур мөн чанараараа бид бүгд яг адил, бүгд хүн хэвээрээ байна. Энэ бол хэдэн зуун мянган жилийн турш хэвээр байгаа чанар.

Бага хүүхдүүдийн хандлага яг ийм байдаг. Тэдэнд бусад хүүхдийн нийгмийн гарал, шашин шүтлэг, үндэстний ялгаа, арьсны өнгө, хөрөнгө чинээ ямар ч хамаагүй байдаг. Тэд бүгд хамт тоглодог, бие биетэйгээ найзууд байгаа үедээ тэд жинхэнэ хамтран тоглогчид байдаг. Гэтэл насанд хүрсэн бид илүү их оюун ухаантай, илүү их туршлагатай байтал, бусдыг нийгмийн гарлаар нь үнэлдэг. “Хэрэв би инээмсэглэвэл, би хүссэн зүйлээ авах уу?”, “Хэрэв би хөмсөг зангидвал, би ямар нэг зүйл алдах уу?” Үүнийг бид тооцоолж мэднэ.

Нийтийн хариуцлага

Нийтийн, глобал хариуцлага гэдэг нь хүний өөрийнх нь мөн чанартай холбогдсон бодит хариуцлагын тухай ойлголт юм. Бид бусдын талаар санаа тавьдаг учир нь: “Би бол тэдний нэг, миний сайн сайхан тэднээс хамааралтай. Бидний хооронд ямар нэг ялгаа байх нь чухал биш.” Мэдээж ялгаа үргэлж байдаг. Гэвч дээрх утгаараа илүү тустай байж болох юм.

Олон зууны турш дэлхийн хүн ам ердөө нэг тэрбум байж ирсэн бол одоо зургаан тэрбум гаруй болсон байна. Аль хэдийнэ хүн амын хэт өсөлтөөс нэг орон өөрийн хүн амаа хоол хүнс, бараа бүтээгдэхүүнээр хангаж чадахгүй болсон байна. Ингээд бид глобал эдийн засагтай болоод байна. Иймд өнөөдрийн бодит байдалтай уялдаад, дэлхий маш жижиг мэт болж, бие биеэсээ ихээр хамаарах боллоо. Энэ бол бодит байдал. Үүний дээр экологийн асуудал байна, дэлхийн дулаарал. Энэ бол манай гаригийн бүх зургаан тэрбум гаруй оршин суугчийн санаа тавих асуудал, зөвхөн нэг, хоёр үндэстний асуудал биш. Шинээр гарч ирж байгаа бодит байдал глобал хариуцлага гэдэг ойлголтыг шаардаж байна.

Жишээлбэл, хуучин цагт, Британичууд зөвхөн өөрсдийнхөө талаар бодож, заримдаа дэлхийн бусад хэсгийг шударга бусаар өөртөө ашиглаж байсан. Ингэхдээ тэд тэндхийн оршин суугчдын сонирхол, үзэл санааг анхаарч үздэггүй байсан. За тэр бол өнгөрсөн. Гэвч өнөөдөр байдал өөр болж, юмс өөрчлөгдөөд байна. Бид одоо бусад орнуудыг анхаарах ёстой болоод байна.

Үнэндээ Британий империалистууд зарим сайн зүйлийг бодитой хийсэн. Тэд Энэтхэгт Англи хэлээр дамжуулан сайн боловсрол авчирсан. Энэтхэг үүний ач тусыг олон зүйл дээр хүртсэн. Британи технологи, төмөр замын системийг бас авчирсан. Энэ нь та бүхний [Британчуудад хандав] буруугаа цайруулах сайн чанаруудын чинь нэг. Намайг Энэтхэгт ирэх үед хэсэг Гандигийн үзлийг баримтлагчид амьд сэрүүн байцгаасан бөгөөд надад Гандигийн хүчирхийллийн бус аргуудыг хэлж өгч байсан юм. Тэр үед Британий империалистууд их муу зүйл хийж байсан байна гэж бодогдож байсан. Гэвч би тэнд хараат бус шүүх, чөлөөт хэвлэл, үг хэлэх эрх чөлөө г.м байсныг олж харсан. Тэгээд нилээн тунгаагаад бодоход, тэдний нэвтрүүлсэн эдгээр зүйлүүд үнэхээр маш сайн зүйлүүд байна гэж бодсон шүү.

Өнөөдөр үндэстнээс үндэстэн, тивээс тив хооронд үнэхээр их харилцан хамаарал бий болсон байна. Энэ бодит байдалтай холбоотойгоор бидэнд глобал хариуцлага зайлшгүй хэрэгтэй байна. Та бүхний ашиг сонирхол бусдын хөгжил дэвшил, ашиг сонирхлоос шалтгаална. Тиймээс өөрийн ашиг сонирхлын тулд бусдыг анхаарах хэрэгтэй болж байна. Энэ нь эдийн засгийн салбарт аль хэдийн бодитой болоод байна. Улс төр, эдийн засгийн хувьд өөр өөр тогтолцоотой, бие биедээ итгэдэггүй, гэсэн хэдий ч глобал харилцан хамааралтай эдийн засагтай болсны хувьд бид хамтран ажиллах ёстой. Тиймээс бусдын сонирхлыг хүндэтгэх ойлголтон дээр суурилсан нийтийн хариуцлага маш чухал байна.

Бид бие биеэ ах, эгч шигээ тооцож, маш ойр дотно хандлагатай байх хэрэгтэй. Энэ нь шашинтай ямар ч хамааралгүй. Энэ үнэхээр бидэнд хэрэгтэй. “Бид, тэд” гэсэн ойлголт тодорхой нэг түвшинд мэдээж байна, гэвч дэлхий нийтээрээ бие биеэ “бидний” нэг хэсэг гэж үзэх зайлшгүй шаардлагатай байна. Манай хөршүүдийн сонирхол бол бидний өөрсдийн сонирхол.

Сэтгэл хангалуун байх

Хувь хүнийхээ үүднээс ёс зүйтэй амьдарна гэдэг нь бусдад гэм хор хүргэхгүй, хэрэв боломжтой бол тэдэнд тусална гэсэн үг. Хэрэв бид ийм байдлаар бусдын сайн сайхныг өөрийн ёс зүйн суурь болгох юм бол энэ нь ёс зүйн маш өндөр түвшин болно. Бидний амьдралын хэв маяг эдгээр хүчин зүйлүүдийг маш сайн харгалзаж үзсэн байх ёстой.

Баян, ядуугийн ялгаа маш их байна, бүр АНУ-д ч гэсэн. Дэлхийн хамгийн баян орон Америкийг аваад үзэхэд тэнд бусдаасаа онцгой ялгаатай ядуу хэсгүүд байна. Хамгийн баян орны нийслэл Вашингтонд нэг удаа очихдоо олон ядуу хорооллуудыг үзсэн. Тэдгээр хүмүүсийн суурь хэрэгцээ зүй зохистой хангагдаагүй байсан. Үүнтэй адил дэлхийн түвшинд өндөр хөгжилтэй, үйлдвэрлэл хөгжсөн хойд хэсэг нь баян чинээлэг амьдарч байхад, бөмбөрцөгийн урд хэсэгт олон орнууд өлсгөлөнтэй нүүр тулаад байна. Энэ нь зөвхөн ёс зүйн хувьд шударга бус төдийгүй, том асуудлын эх үүсвэр юм. Тиймээс тодорхой хэсэг баян улс орнууд өөрсдийн амьдралын хэв маягийг эргэж харах ёстой, тэд сэтгэл ханамжинд суралцах хэрэгтэй байна.

Би 15 жилийн өмнө Японд очихдоо тэндхийн хүмүүст жил бүр эдийн засгаа өсгөнө гэж тооцоолж байгаа та нарын тооцоо, төдий хэмжээний материаллаг ахиц гарна гэсэн хүлээлт чинь том алдаа. Нэг л өдөр эдийн засгаа илүү их хязгаарлагдмал болж байгааг харж магадгүй. Ийм зүйл тохиолдох үед сэтгэлийн гүн цочролд орохгүйн тулд бэлэн байх ёстой шүү гэж байсан. Хэдхэн жилийн дараа тэр нөхцөл байдал Японд үнэхээр тохиолдсон.

Зарим хүмүүсийн амьдралын хэв маяг дэндүү их, бодит байдлаас хэтэрсэн хэрэглээтэй байна. Тэд тэр их мөнгөө хулгайлж, мэхэлж, мөлжлөгийн аргаар олоогүй. Тэдний өөрсдийн нь зүгээс авч үзвэл мөнгө олсон арга нь ёс зүйтэй тохиолдолд буруу зүйл биш. Гэвч, бусдын талаас аваад үзэхэд тэдэнтэй холбоотой ямар нэг буруу байхгүй хэдий ч бусад нь өлсгөлөнд нэрвэгдэж байгаа үед ёс суртахууны хувьд буруу болно. Хэрэв бүгд адил өндөр хэмжээний амьдралын хэв маягтай байгаа бол зүгээр, байж болно. Гэвч тийм болох хүртэл илүү сайн байгаа амьдрах хэв маягтаа сэтгэл ханаж сурвал сайн болох байх. Япон, АНУ болон бусад олон чинээлэг нийгмүүд миний үзэж мэдсэнээр амьдралын хэв маягаа бага зэрэг өөрчлөх хэрэгтэй байна.

Олон оронд нэг гэр бүл хоёр, заримдаа бүр гурван машинтай. Энэтхэг, Хятад хоёр үндэстэн нийлээд хоёр тэрбум гаруй хүн амтай гээд үзье. Хэрэв хоёр тэрбум хүн бүр илүү олон машин эзэмшвэл энэ бүр маш их хэцүү болно биз. Түлш, байгалийн болон материаллаг нөөц, цаашлаад олон зүйлтэй холбоотой том асуудлууд, их бэрхшээл үүснэ. Маш түвэгтэй болно.

Байгаль орчны талаар

Ёс зүйтэй амьдралын өөр нэг тал нь байгаль орчны талаар, жишээлбэл, бидний усны хэрэглээний асуудал юм. Миний өөрийн хувь нэмэр олны заншсанаас өөр байж болох юм. Гэвч би ваннад усанд оролгүй олон жил болж байна. Би шүршүүрт ордог. Ваннад маш их ус хэрэглэгддэг. Өдөр бүр би хоёр удаа шүршүүрт ордог болохоор миний хэрэглэж байгаа усны хэмжээ адилхан байж болох юм. Магадгүй би буруу тооцоолж байж ч болох юм. Гэвч, цахилгааны хувьд, жишээлбэл, өрөөнөөс гарахдаа би үргэлж гэрлээ унтраадаг. Тэгж би экологийн асуудалд бага ч гэсэн хувь нэмэр оруулдаг. Тодорхой нэг ёс зүйтэй амьдрал глобал хариуцлага гэсэн ойлголтон дээр гарч ирдэг.

Бусдад хэрхэн туслах вэ?

Хэрхэн бусдад туслахын тухайд олон арга байна. Ихэнхдээ нөхцөл байдлаас шалтгаална. Намайг долоо, найман настай бага байхад, хичээл давтаж байх үеэр миний багш Лин Ринбүүчи үргэлж нэг шилбүүр барьж байдаг байсан. Тэр үед яг миний дээд талын ах бид хоёр хамт сурдаг байсан юм. Үнэндээ тэнд хоёр шилбүүр байдаг байсан. Нэг нь шар өнгөтэй, гэгээнтэний шилбүүр, гэгээнтэн Далай ламд зориулсан шилбүүр. Хэрвээ өөрийг чинь гэгээнтний шилбүүрээр ороолговол огт өвдөхгүй байна гэж би бодохгүй л байна! Энэ ширүүн арга шиг харагдаж болох юм, гэвч энэ үнэхээр тустай байсан.

Зарчмын хувьд аливаа үйлдэл тустай болох, эсвэл гэм хортой байх нь сэдэл буюу тодорхой өдөөсөн сонирхлоос шалтгаалдаг. Бусдын хэтийн сайн сайхныг бодсон, чин сэтгэлээс гарсан арга заримдаа ширүүн, заримдаа зөөлөн байж болно. Бүр заримдаа бага зэрэг худал хэлэх ч тус болж болно. Жишээлбэл, хэн нэгний хол орон нутагт амьдардаг дотно сайн найз эсвэл аав, ээж нь хүндээр өвдсөн эсвэл бүр эмчилгээгүй болсон байгаа. Түүнийг та мэдэж байгаа, гэвч тухайн хүнд энэ талаар хэлвэл тэр хүн маш их зовж, сэтгэлийн хямралд орно гэдгийг ч бас мэдэж байгаа. Тэгээд та “Тэд сайн байгаа.” гэж хэлнэ. Хэрвээ та зуун хувь нөгөө хүнийг хямраахгүй гэсэн сэтгэл гаргаж байгаа бол өөрийн чинь зүгээс худал хэлэх нь ёс зүйгүй хэдий ч, бусдын талаасаа энэ хамгийн тохиромжтой нь байж болох юм.

Хүчирхийллийн ба хүчирхийллийн бус арга

Тэгэхээр, яаж хамгийн сайнаар бусдад тусалж болох вэ? Энэ хэцүү. Бидэнд билэг ухаан хэрэгтэй. Бидэнд нөхцөл байдлын талаар тодорхой мэдлэг хэрэгтэй. Бас өөр өөр нөхцөл байдалд тохирсон өөр өөр аргуудыг хэрэглэх уян хатан чанар хэрэгтэй. Тэгээд хамгийн чухал нь бидний сэдэл буюу цаад сонирхол болох бидэнд бусдын төлөө гэсэн чин сэтгэл байх хэрэгтэй.

Жишээлбэл, ямар нэг арга хүчирхийллийн эсвэл хүчирхийллийн бус арга болох нь сэдлээс маш их шалтгаална. Бага зэрэг худал хэлэх нь нэг талаас хүчирхийлэл мөн боловч сэдлээсээ шалтгаалаад энэ нь бусдад туслах арга болж болох юм. Тэгэхээр энэ үүднээсээ дээрх нь хүчирхийллийн бус арга болж байна. Нөгөө талаар хэрэв бид бусдыг мөлжих зорилготой, тэгээд бэлэг өгч байх юм бол энэ харагдах байдал нь хүчирхийлэл биш; гэвч цаад утгаараа бид нөгөө талаа мэхэлж, мөлжих санаатай байгаа учраас энэ нь шууд хүчирхийллийн нэг арга. Тэгэхээр хүчирхийлэл мөн, биш байх нь бас сэдлээс шалтгаална. Хүний бүх үйлдэл сэдлээс шалтгаална. Мөн бас тодорхой хэмжээгээр зорилгоос шалтгаална. Гэвч, хэрэв бидний зорилго бидний хүлээж байгаа үр дүн байгаад, сэдэл нь таагүй байх юм бол тэр үнэхээр хэцүү. Тэгэхээр зарчмын хувьд сэдэл хамгийн чухал нь.

Шашин хоорондын нэгдмэл байр суурь

Энд ярьсан зүйлээс гэртээ авч харих нэг зүйл бол өөрийн дотоод амгаланг бий болгохыг хичээх явдал. Энэ талаар тунгаан бодоод, тэгээд түүнийгээ дотооддоо бий болгох. Нэмж хэлэхэд, хэрвээ энд ямар нэгэн шашин шүтдэг, баримталдаг хүмүүс байгаа бол тэдэнд миний үргэлж онцолж хэлдэг зүйлийн нэг бол шашин хоорондын нэгдмэл байр суурь. Бүх гол гол шашнууд, магадгүй нар сарыг шүтдэг цөөнхийн шашнуудад гүн ухаан гэж байхгүй байж болох юм, гэвч ихэнх нь өөрийн философи, сургаалтай байдаг. Тухайн нэг шашин тодорхой гүн ухаан дээр суурилдаг учраас тэр нь хэдэн мянган жилийн туршид ч хадгалагдсан хэвээр байдаг. Хэдийгээр өөр өөр гүн ухаантай ч гэсэн бүх шашин асрал хайр [бусдад сайн сайхныг хүсэх], энэрэн нигүүлсэх сэтгэлийг [бусдын зовлонг нимгэлэхийг хүсэх] төлөвшүүлэхийг хамгийн тэргүүний сургаал, номлолоо гэж тооцдог.

Бусдын зовлонг нимгэлэх гэсэн энэрэн нигүүлсэх сэтгэл төрөхөд, уучлах сэтгэл аяндаа төрдөг, тэгээд тэвчиж, хүлээж авах сэтгэл төрж, улмаар сэтгэл амирладаг. Эдгээр гурав нөхцөлдөхөд сэтгэл ханамж үүсдэг байна. Энэ ойлголт бүх шашинд бий. Энэ бүхэн бидний яриад байгаа хүний суурь ёс зүйн ойлголтыг тэлэхэд бас чухал. Энэ үүднээс бүх шашин бидний аз жаргалын үндэс нь ёс зүйтэй амьдрах гэсэн санааг дэвшүүлж байдгаараа тустай. Тиймээс бүх шашин нэг ижил санаа агуулж байдгаараа хүн төрөлхтөнд туслах ижил нөөц бололцоотой.

Өөр өөр цаг үед, өөр өөр газар оронд, өөр өөр сургаал номлолууд гарч байсан. Энэ бол зайлшгүй шаардлагатай. Эдгээр өөр өөр он цаг, байршил, орчны ялгаатай байдлаас өөр өөр амьдралын хэв маягууд үүссэнээс өөр өөр шашнууд дэлгэрсэн байна. Эдгээр өөр цаг үе тус бүрт тодорхой нэг үзэл санаа тохирч байсан байна. Тийм учраас мянга мянган жилийн настай эдгээр шашнууд тус тусын уламжлалтай. Бидэнд ийм олон янзын баялаг уламжлал хэрэгтэй – тэр нь бүхий л олон янзын өөр өөр хүмүүст үйлчилдэг. Нэг шашин бүгдэд тохирч, үйлчилж чадахгүй.

Бурхан багшийн үед Энэтхэгт Бурханы шашнаас өөр олон шашны урсгалууд байсан. Бурхан багш энэтхэгчүүдийг бүгдийг бурханы шашинд оруулахыг оролдоогүй. Бусад шашнууд зэрэгцээд байж байсан. Заримдаа тэд хоорондоо ном хаялцаж, мэтгэлцдэг байсан. Ялангуяа, Бурхан багшаас хойш олон зууны турш эрдэмтэн мэргэд бие биетэйгээ ном хаялцсаар ирсэн юм. Нэг шашны эрдэмтэн нөгөө шашны үзэл баримтлал, гүн ухааныг шүүмжлэн, нягталж үздэг байсан нь хүн бүрийг өөрийнхөө шашин, уламжлалын талаар бодож үзээд, эргэж мэтгэлцэхэд хүргэдэг байжээ. Энэ нь цаагуураа ахиц гаргадаг. Зарим нэг тохиолдолд бага зэрэг хүчирхийллийн оролцоо байсан байж магадгүй. Тэр бол харамсалтай зүйл. Гэвч ерөнхийдөө маш эрүүл үйл явц байсан.

Энэтхэг улс үнэхээр бараг уламжлал болж олон зуун дамжин ирсэн олон шашныг хүлээн зөвшөөрөх чадварын бодит жишээ улс. Энэ нь дэлхийн бусад орнуудад үнэхээр сайн үлгэр дууриал болж болно.

Эрт дээр үед хүмүүс тус тусдаа бөглүү амьдарч байсан. Тэр нь тухайн үедээ болж байсан. Харин одоо бид өөр нөхцөл байдалд байна. Юуны түрүүнд Лондоныг авч үзье. Тэр өөрөө бараг олон шашинтай нийгэм. Шашин шашнаа хүлээн зөвшөөрөх чадвар маш чухал. Ямар нэг шашин шүтдэг хүмүүст хандаж хэлэхэд, бие биеэ хүлээн зөвшөөрөх, харилцан зохицох нь туйлын чухал. Хэрэв та бүхэнд боломж байгаа бол энэ тал дээр хувь нэмрээ оруулаарай.