Сэтгэл дүүрэн, дотоод амар амгаланг олох

Study buddhism universal values 02

Үүссэн нөхцлийн бодит байдлыг нягталж тогтоох нь чухал

Дотоод амгалан сэтгэлийн тогтуун тайван байдалтай холбоотой. Бие махбодь хэрхэн хүртэж мэдэрсэнээр сэтгэлийн амар амгалан байдлыг тодорхойлох албагүй. Бидний сэтгэл тайван амгалан байгаа үед бие махбодийн оролцоо тийм чухал биш.

Тэгвэл бид ерөөл магтаал уншиж дотоод амар амгаланг бий болгодог уу? Үгүй, үнэхээр бас тийм биш. Биеийн дасгал хөдөлгөөнөөр үү? Үгүй. Зөвхөн мэдлэг олж эзэмшсэнээр үү? Үгүй. Мэдрэхүйгээ бууруулах байдлаар уу? Үгүй. Харин ямар нэг хэцүү нөхцөл байдалтай нүүр тулсан үед хэрэв үүнийг шийдвэрлэх ямар нэг боломжтой авах гэж буй арга хэмжээ болон түүнээс гарах үр дагаврын ашиг тус, хор холбогдлыг нь бүрэн ухамсарласны үндсэн дээр тухайн нөхцөл байдлыг шийдвэрлэж байгаа үед сэтгэл ямарч зовлонгүй болдог ба энэ нь жинхэнэ дотоод амар амгалан юм.

Энэрэн нигүүлсэх сэтгэл, бодит байдалд нийцсэн арга, энэ хоёр туйлын чухал. Ямар нэг тооцоолоогүй үр дагавар үүсэх үед маш их айж түгшүүрт автдаг нь нөхцөл байдалд бодит бус байдлаар хандсанаас болдог. Бид бүх гарч болох үр дагаварыг тооцоогүйгээс гадна бидний мэдлэг, ойлголт дутагдсан байдаг. Бидний айдас, түгшүүр аливааг сайн нягталж үзээгүйгээс үүдэлтэй байдаг учраас нөхцөл байдлыг бүрэн дүүрэн ойлгохын тулд бүх дөрвөн талаас нь, дээрээс нь, доороос нь харах хэрэгтэй. Бодит байдал, харагдах байдал хоёрын хооронд үргэлж зааг байдаг учраас бүх талаас нь сайн шалгаж үзэх хэрэгтэй.

Аливаа зүйлийг зүгээр нэг гадна талаас нь хараад эерэг, сөрөг зүйл байна гэж тодорхойлох боломжгүй. Харин тухайн зүйлийн талаар [бүрэн нягтлан шалгаж] үнэнийг олж тодорхойлсны дараа түүний эерэг, сөрөг болохыг үнэлж дүгнэж болно. Тэгэхээр бид нөхцөл байдлаа ингэж оновчтой зөв тодорхойлох хэрэгтэй. Хэрэв бид “Би ийм эсвэл тийм үр дүнг хүсэж байна” гэсэн өөрсдийн хүсэл эрмэлзэлтэйгээр тухайн зүйлийг шинжилж эхлэх юм бол бидний шинжилгээ алдаатай, нэг талыг барьсан болно. Энэтхэгийн Наландирийн сургуулийнхан бид шашин болон шинжлэх ухааны бүх салбаруудыг бодитойгоор шинжлэн судалж, үргэлж асуудлыг гарган тавьж байх хэрэгтэй гэж хэлдэг.

Бусдад сэтгэлээ нээх нь чухал

Видео: 14-р Далай лам — “Хүн төрөлхтөн бидний нийтлэг чанар”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно. 

Одоо сэтгэл тайван бус, ханамжгүй байхын тухайд гэвэл энэ бүхэн нь хэт хувиа бодсон хандлагаас бий болдог. Хувь хүн бүр зовлон бэрхшээлээ даван туулах, баяр баясгалан хүртэх эрхтэй. Гэвч бид зөвхөн өөрсдийнхөө талаар бодож байвал сэтгэл маш их сөрөг хандлагатай болдог. Жижигхэн асуудал гарахад тэр нь том асуудал мэт болж сэтгэл тогтворгүй болно. Харин бид бусдыг өөрсөд шигээ эрхэмлэх үед сэтгэл их уужуу, нээлттэй болдог. Улмаар нилээд хурц асуудал ч тийм их нөлөөтэй биш мэт санагддаг. Тэгэхээр бидний юмсыг хэрхэн харж байгаа цар хүрээнээс, өөрийн талаас харах эсвэл бусдын талаас харахаас шалтгаалан бидний сэтгэлд ч их ялгаатай төлөв байдлууд бий болдог.

Тэгэхээр сэтгэлийн амар амгалан байдалд чухал нөлөөтэй хоёр хүчин зүйл байдаг. Эхнийх нь бодит байдлыг зөв таньсан байх. Хэрэв бид аливаа зүйлд бодитойгоор ханддаг бол бидний тооцоолоогүй үр дүн гарахгүй. Хоёр дахь нь бидний “дотоод” гэж нэрлэдэг үүд хаалгыг нээдэг энэрэн нигүүлсэх сэтгэл юм. Айдас, хардлага нь биднийг бусдаас тусгаарладаг.

Гадаад байдлынхаа талаар санаа зовохгүй байх

[Сэтгэлийн амар амгаланг эвддэг өөр нэг зүйл бол гадаад байдлынхаа талаар санаа зовох явдал юм.] Жишээ нь анх удаа би Бээжинд зочлох үедээ ямарч туршлагагүй байсан. Би бага зэрэг сандарч бас санаа зовж байсан. Гэвч тэнд зарим хүмүүс байгаа байдалдаа маш их санаа зовдгоосоо болж ямар нэг алдаа гарахад л нүүр нь их улайж, хэрэв тэд нээлттэй, ямар нэг зүйл болоход санаа зовдоггүй бол зүгээр байгааг би харсан.

1954 онд намайг Бээжинд байх үеэр Энэтхэгийн элчин сайд надтай уулзахаар миний өрөөнд ирсэн юм. Хятадууд цэцэг, жимс гэх мэтчилэн их зүйл бэлдсэн байсан ба биднийг хятад орчуулагч авахыг шаардсан. Ингээд манай зарим албаны хүмүүс англиар ярьдаг байсан хэдий ч уулзалтыг Төвдөөс Хятад, Хятадаас Англи хэл рүү орчуулан явуулсан. Уулзалтын үеэр гэнэт жимс нурж унахад өмнө нь маш ёсорхуу, албархаг байсан хятад албаны хүмүүс доош тонгойн өвдөглөн шалан дээр мөлхөж эхэлсэн. Хэрэв тэд өмнөх шигээ гадаад байдалдаа санаа зовохгүй байсан бол тухайн жимсний тохиолдол ямарч асуудал болохгүй байх байсан. Гэвч энэ нь тэдний хувьд маш ичгэвтэр зүйл байсан юм.

Нэг удаа Мехико хотод болсон шашны төлөөллүүдийн хамтарсан уулзалтын үеэр Японы хамба ламын гартаа барьж байсан эрхиний утас нь тасарсан юм. Шүрнүүд нь шалан дээр унасан ч тэр эрхээ хуруугаараа эргүүлсээр байсан. Тэр шүрээ цуглуулж авахаасаа үнэхээр ичсэн байсан. Өөрийн байгаа байдалдаа их санаа зовсон байсан учраас тэр их тухгүй байсан.

Юутай ч, энэрэнгүй, нигүүлсэнгүй сэтгэл, үнэнч, шударга зан чанар – энэ бүгд нь дотоод амгалан авчрах, гадаад төрх байдалдаа санаа зовохгүй байхад үнэхээр чухал. Би өөрийгөө онцгой нэгэн гэж хэлээгүй байна, харин өөрийн туршлагаас хэлэхэд, би мянга мянган хүмүүсийн өмнө биеэ хэрхэн авч явах талаар ердөө санаа зовдоггүй. Өнөөдрийнх шиг ийм лекцүүд дээр би хэдэн мянган хүмүүстэй ярьдаг ч миний хувьд энэ нь цөөн хэдэн хүмүүстэй ярьж байгаатай адил. Хэрэв алдаа гарвал түүнийг би мартдаг, ямарч асуудал байхгүй шүү дээ. Хэрэв бусад хүмүүс бас алдаа гаргавал би зүгээр л инээдэг.

Сэтгэлгээний өөрчлөлт

Одоо сэтгэлгээний өөрчлөлтүүдийн талаар яръя. Сэтгэлгээний өөрчлөлтийг бид сэтгэл хөдлөлийн түвшинд ойлгодог. Ийм өөрчлөлтийн нэг хэлбэр нь нас ахих явцад гарч байдаг бол өөр нэг хэлбэр нь гадаад нөхцөл байдлын нөлөөгөөр үүсдэг. Эдгээр өөрчлөлтүүд өөрөө аяндаа тогтдог. Бусад нь бидний хичээл зүтгэлээр бий болдог ба энэ нь бидний бий болгохыг хүсдэг тэр өөрчлөлт, бидний хүссэн сэтгэлгээний өөрчлөлт. Энэ бол маш чухал.

Энд бид хойд төрөл, аврал эсвэл тэнгэрийн тухай яриагүй байна. Харин хэрхэн энэ насандаа асуудал, бэрхшээлтэй байсан ч илүү жаргалтай, тайван амгалан амьдрах тухай ярьж байна. Үүнд бидний шийдвэрлэх хамгийн гол хүчин зүйлүүдэд уур, хорсол, айдас, атаархал, хардалт, ганцаардал, сэтгэл санааны хямрал зэрэг багтдаг. Энэ хүчин зүйлүүд нь бидний сэтгэлийн суурь хандлага – хэт хувиа бодсон байдлаас үүддэг. Эдгээр сэтгэлийн төлөвүүд бий болоход би гэдгийг хамгийн дээгүүрт чухалчилж улмаар атаархал бий болж байдаг. Өөрсдийгөө чухалчилсанаас багахан цухал уур төрүүлж, уур нь айдас авчирдаг. Бид бусдын талаар огт санаа тавьдаггүй, бид зөвхөн өөрсөддөө анхаарал тавьдаг. Бид бусад хүмүүс бас зөвхөн өөрсдийн талаар санаа тавьж мэдээж бидний талаар анхаарахгүй байгаа гэж боддог. Үүнээс болж бид их ганцаарддаг. “Би бусдад итгэж болохгүй” гэж бодоод, өөрсдийн өмнө, дэргэдээ байгаа, ардаа байгаа хүмүүсээс бүр илүү их сэжиглэдэг.

Уг нь энэ талаар бодоод үзэхэд хүний мөн чанар бол хүн бүр нөхөрсөг байдлыг сайшаадаг байх юм. Хэрэв бид нөхөрсөг байдал гаргавал ихэнх хүмүүс бидэнд эерэг хандана. Түгшүүр, шаналал гэх мэтийг бий болгодог сэтгэлийн сөрөг хандлагуудын хувьд бид тэднийг сөрөх эсрэг арга хэмжээнүүдийг авах хэрэгтэй. Жишээлбэл, хэрэв бид халууцаж байвал температурыг багасгадаг. Хэрэв харанхуй байвал гэрэл асаахаас өөр ямар нэг арга байхгүй. Биет түвшний хувьд энэ бол үнэн. Өөрчлөлт нь эсрэг хүчин зүйлийг нь ашигласнаар гардаг. Энэ бол юмсын мөн чанар. Энэ нь зөвхөн биет зүйлийн хувьд төдийгүй сэтгэлийн түвшинд ч адил юм. Тэгэхээр бид өөрсдийн үзэл бодол, эсвэл харах өнцгийг сөрөх хэрэгтэй болж байна [хардлага, сэжиг, хувиа бодсон байдлаа бусдын талаар санаа тавих, нөхөрсөг байдлаар солих гэх мэт].

Шар өнгөтэй нэг цэцгээр жишээ аваад үзье. Хэрэв би зарим нэг шалтгаанаар түүнийг “цагаан” гэж хэлээд, дараа нь түүнийг шар гэж үзэхэд хоёр эсрэг харах өнцөг байдаг. Энэ хоёр эсрэг харах байдал нэг дор зэрэг байх боломжгүй. Шар гэсэн ойлголт гарах үед цагааны тухай ойлголт тэр даруйд алга болдог. Энэ хоёр нэг нь нөгөөтэйгөө шууд эсрэг. Ийм учраас дотоод сэтгэлийн өөрчлөлт гаргах нэг арга нь сэтгэлийн тухайн төлвийн эсрэг төлөв байдлыг нь хөгжүүлэх явдал.

Бэрхшээлийн өөр нэг шалтгаан нь ердөө зөв ойлготгүй, төөрөлдслөн байх явдал. Үүний эсрэг хүчин зүйл нь судлах, нягтлах, шинжих. Учир нь төөрөгдөл бол бодит байдлыг олж харахгүй байх дээр суурилдаг. Төөрөгдлийг багасгах хүчин зүйл нь нягтлан шалгах. Үүний адил өөрийгөө эрхэмлэх байдлыг багасгах хүчин зүйл нь бусдыг анхаарах ба үүнд сэтгэлээ сургана [хандлагаа өөрчлөнө] гэсэн үг.

Шашнаас ангид иргэний ёс зүй

Хэрхэн сэтгэлээ сургах – хандлагаа өөрчлөхийн тухайд гарч болох нэг асуулт бол энэ нь заавал шашин эсвэл сүсэг бишрэлтэй холбогдох ёстой эсэх тухай асуудал юм. Угтаа шашинтай ямарч хамааралгүй гэж би бодож байна.

Сүсэг бишрэлийн хувьд шашин шүтлэгтэй, шашин шүтлэггүй гэсэн хоёр хэлбэр байна. Шашин шүтлэггүй байна гэдгийг би “шашнаас ангид, иргэний ёс зүйн хэм хэмжээтэй байх” гэж ойлгодог. “Шашнаас ангид” гэдэг нь шашныг хүлээн зөвшөөрөхгүй гэсэн утгатай биш, харин бүх шашинд адил тэгш хандаж, хүндэтгэнэ гэсэн үг. Жишээ нь Энэтхэгийн үндсэн хуулинд бүх шашныг хүндэтгэнэ гэж заасан байдаг. Энэ бол шашнаас ангид үндсэн хууль. Энэтхэгт Парс, Зороастри хүмүүс үндэстний маш бага хувийг эзэлдэг. Энэтхэгийн тэрбум гаруй хүнтэй харьцуулахад ердөө хэдхэн зуун мянга боловч тэд цэрэг, улс төрийн хүрээнд адил тэгш байр суурьтай байдаг.

Шашнаас ангид, иргэний ёс зүй нь шашин шүтлэггүй хүмүүсийн ёс зүйн тухай ойлголтыг бас илэрхийлнэ. Шашнаас ангид, иргэний ёс зүйн үүднээс бид өөрсдийн ёс зүй, хүндэтгэлийг амьтад руу тэлж болно. Бас өөр нэг үүрэг нь байгаль орчны асуудал юм. Шашнаас ангид, иргэний ёс зүйн үүднээс бид өөрсдийн оюун санаагаа хөгжүүлэх хэрэгтэй; Иргэний ёс зүйгээ төлөвшүүлэх хэрэгтэй. Энэ дэлхийн зургаан тэрбум хүн үүнийг хийх шаардлагатай байна. Шашнууд энэхүү бүх нийтийн иргэний ёс зүйг хүчтэй болгоход хувь нэмэр оруулж чадна. Тэд бол энэ өсөлтийг хангах бас нэг арга юм. Мэдээж шашнууд үүнийг бууруулах үзэл санаатай байдаггүй нь ойлгомжтой.

Шашнаас ангид, иргэний ёс зүйн тухай яриа нь шашны явцуу хандлагагүй байх тухай юм. Хэрэв ямар нэг шашны үзэл баримтлал баримталдаг хүн иргэний ёс зүйг гүнзгийрүүлэх талаар ажиллаж байвал тэр жинхэнэ шашны хүн байх юм. Хэрэв үгүй бол хэдийгээр тэд Христ, Лал эсвэл Еврейн шашинтан гэх боловч жинхэнэ шашны хүмүүс биш байдаг [Үзэх: Ёс зүй гэж юу вэ?].

Top