Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Удиртгал > “Бурханы номын хөнгөн хувилбар,” “Жинхэнэ Бурханы ном” хоёрыг харьцуулах нь

“Бурханы номын хөнгөн хувилбар,” “Жинхэнэ Бурханы ном” хоёрыг харьцуулах нь

Александер Берзин
2002 оны 3 дугаар сар

Төрөл арилжихуйн ач холбогдол

Төвдийн Бурханы шашин Энэтхэгийн уламжлалыг баримталдаг бөгөөд Энэтхэгийн бүх уламжлалууд нь дахин төрөхөд итгэдэг. Төвдийн Бурханы сургаалийг баримтлагчид дахин төрөл олох нь юу өгдөг, яаж үйлчилдэг тухай гүнзгий ойлголтгүй байсан ч язгуур соёлоосоо түүний үзэл санааг уламжлан авч хүмүүждэг юм. Тэдэнд зөвхөн ойлголтоо төгөлдөржүүлэх шаардлагатай болохоос биш дахин төрөлт байдаг тухай итгэл олох хэрэгцээ байдаггүй. Иймээс ч Бодь мөрийн зэргийн (төвд: lam-rim) судруудад дахин төрөл олох байдаг талаар итгэл үнэмшил олох тухай сэдвийг огт хөндөөгүй юм.

Дахин төрөл олох тухай судлалгүйгээр эхлэл, төгсгөлгүй оюун ухааны тухай авч үзэх нь утга учиргүй юм. Бидний үйлийн үрийн үр дүн ихэвчлэн, тухайн үйлүүдийг үйлдэж байгаа тэр төрөлд маань боловсордоггүй тул эх адаггүй бодол, санаагүйгээр үйлийн үрийг илэрхийлэх боломжгүй билээ. Үйлийн үрийн учир шалтгаан хэд хэдэн амьдралыг дамжин үйлчлэхгүй бол учир шалтгаан, үр дагаврын болон нөхцөлдөхийн хоосон чанарын тухай хэлэлцэх нь утгагүй болж байгаа юм.

Үүнээс гадна Бодь мөрийн зэргийн сэдлийн гурван төрөлд зааснаар, дахиад амьдрал байдаг гэдэгт итгэхгүйгээр дараах төрлүүддээ буян хураах гэж бид чин сэтгэлээсээ зорих хэрэг байна уу? Дахин төрдөгт итгэхгүйгээр, өөрийн эрхгүй дахин төрөхөөс (сансар хорвоод) ангижрахын төлөө бид яаж хичээн зүтгэх билээ дээ. Дахин төрөл олох нь баримттай зүйл гэдэг итгэлгүйгээр бусдыг дахин дахин төрөл олохоос чөлөөлөгдөхөд нь туслах чадварт, гэгээрэлд яаж үнэнээсээ тэмүүлэх билээ?

Бодь сэтгэлийн бясалгалын хэллэгээр бол урьдах төрлүүдэд итгэхгүйгээр бид хамаг амьтан урьдах төрөлдээ бидний эх байсан гэж яаж үнэхээр зөвшөөрч чадах вэ? Аннуттара Йогийн Дандарын аймгийн хэллэгээр бол завсрын буюу зуурдын төрөл (төвд: бар-до) ба дахин төрөхөд итгэхгүй юм бол бид үхэл, сав шимийг бий болгож, дахин төрөхтэй нийцүүлэн хэрхэн бясалгал үйлдэж чадах билээ?

Ингэхээр дахиж төрөх нь Бурханы номлол, сургаалийн томоохон, шийдвэрлэх хэсэгт хүрэх үндэс суурь болох нь илт тодорхой байна.

Бурханы номын хөнгөн хувилбар ба жинхэнэ Бурханы ном

Олонх Өрнийн хүмүүс урьд нь дахин төрөл олоход итгэх итгэлтэй байгаагүй боловч Бурханы номлолд суралцдаг. Энэ амьдралынхаа чанарыг дээшлүүлж, сайжруулах, ялангуяа сэтгэл зүй, санаа сэтгэлийнхээ асуудлаа шийдвэрлэх зорилгоор Бурханы номыг судалж, хэрэгжүүлэх гэж хандах хүмүүс олон. Энэ хандлага нь Бурханы номыг Сэтгэл заслын Азийн нэг хэлбэр гэсэн хэмжээнд хүртэл жижигрүүлж байгаа хэрэг.

Бурханы номд хандах энэ хандлагыг томъёoлох хөнгөн хэлбэр (-лайт) Кока Кола гэдэг шиг хөнгөн Бурханы ном (Darma light) гэдэг шинэ үгийг хэрэглэв. Энэ нь “жинхэнэ зүйл” шиг хүчтэй бус харин сул хувилбар юм. Бурханы номонд хандах уламжлалт хандлага бол дахин төрөл олох тухай зөвхөн хэлэлцэх төдийгүй, там болон оршихын бусад зургаан орныг таниулахыг багтаадаг ба үүнийг л би “жинхэнэ Бурханы ном” гэж нэрлэсэн билээ.

Бурханы номын хөнгөн хувилбарыг хэрэгжүүлэх хоёр зам

Бурханы номын хөнгөн хувилбарыг хэрэгжүүлэх хоёр зам байдаг.

  1. Бид магадгүй Бурхан багшийн номлолд дахин төрөх ач холбогдолтой гэдгийг ойлгож, түүний талаарх чамбай сургаалyудыг чин санаагаар судлах гэж хичээж болох юм. Дараах төрлүүдээ сайжруулах, чөлөөлөлт, гэгээрэлд хүрэх замаа засах гэж, Бурханы номд суралцаж, энэ насны амьдралаа дээрдүүлэхийг бид зорьдог. Ийм учраас Бурханы номын хөнгөн хувилбар нь бидний гэгээрэлд хүрэх, дараах төрлүүдээ сайжруулах, чөлөөлөлт, гэгээрэлд хүрэх замын урьдчилсан бэлтгэл, анхдагч зэрэгт хүрэх шат болно. Энэ хандлага Бурханы шашны уламжлалтай бүрэн тохирч байгаа боловч Бурханы номын хөнгөн хувилбарыг “жинхэнэ зүйл” гэж нэрлэхгүй.
  2. Бид магадгүй Бурханы номын хөнгөн хувилбарыг нь жинхэнэ Бурханы ном биш, харин барууны Бурханы номтнуудад хамгийн тохирсон, сайн хэлбэр гэж ойлгож, хэрэгжүүлж болох юм. Гэвч энэ нь Бурханы шашны жинхэнэ уламжлалын хувьд бүдүүн тоймын, алдаатай хандлага бөгөөд биеэ тоосон соёлын байр сууринд амархан аваачиж болно.

Үүний улмаас бид тухайн үеийн шүтлэгийн болон түүний ойлгоцын түвшинд маань Бурханы номын хөнгөн хувилбар тохирч байгаа эсэхийг тодруулж, маш болгоомжтой хандах хэрэгтэй.

Бурханы номын хөнгөн хувилбарын бүдүүвчилсэн тойм

Бурханы сургаал дараах

  • зөвхөн энэ насны амьдралаа сайжруулах эрмэлзэлтэй бол;
  • шавь маань Бурханы дахин төрөл олох сургаалын талаар хомс буюу эсвэл ямар ч ойлголтгүй бол;
  • үүний дагуу шавь нь дараах төрлүүдэд итгэдэггүй, сонирхдоггүй бол;
  • шавь дахиж төрөхөд итгэдэг ч, төрөл авч төрөх зургаан ертөнц оршдог болохыг хүлээн зөвшөөрдөггүй бол;
  • Номын багш дахин төрөл олох тухай авч үзэхээс зайлсхийдэг, хэдийгээр тэр багш дахиэ төрөлтийн сэдвийг хэлэлцэвч, тамын тухай ярихаас зайлсхийдэг бол, дараа төрөл олж төрөх зургаан орныг хүний сэтгэл зүйд нөлөөлөх төдий зүйл болгон ач холбогдлыг нь бууруулдаг зэрэг тохиолдлуудад “Бурханы номын хөнгөн хувилбар” болно.

Жинхэнэ Бурханы номын бүдүүвчилсэн тойм

Жинхэнэ Бурханы ном бол доор дурдсан Бурханы сургаалийг хэрэгжүүлдэг, лавтай уламжлалт арга бөгөөд үүгээр замнаснаар

  • шавь нь сүсэг бишрэлийн замд дахин төрөхийн ач холбогдлыг дор хаяж мэддэг болж, энэ тухай зөв ойлголтод хүрэх чин эрмэлзэлтэй болно;
  • шавь өөрийн эрхгүй дахин төрөхөөс ангижрах буюу гэгээрэлд, мөн бусдад чөлөөлөгдөхөд нь туслах чадварт эрмэлзэнэ;
  • шавь нь хойт төрлөө сайжруулахыг эрмэлзлээ ч гэсэн энэ нь чөлөөлөлт ба гэгээрэлд хүрэх зам дахь бэлтгэл алхам л гэж ойлгодог болно;
  • шавь дараах төрлүүдээ сайжруулахыг зорьж байгаа ч, энэ нь чөлөөлөлт ба гэгээрэлд хүрэх зам дахь бэлтгэл алхам төдий юм.