Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Удиртгал > Бурханы ном өдөр тутмын амьдралд

Бурханы ном өдөр тутмын амьдралд

Александер Берзин
Морелиа хот, Мексик улс
2000 оны 6 дугаар сарын 6

Бурханы ном бол урьдчилан сэргийлэх арга хэмжээ

Надаас “Бурханы номыг өдөр тутмын амьдралд хэрэгжүүлэх тухай ярьж өгөөч.” гэж байна. Тэгэхлээр Бурханы ном гэж юуг хэлээд байгааг бид мэдэх шаардлагатай юм. “Бурханы ном” (Санскрит хэл: dharma) гэдэг нь “урьдчилан сэргийлэх арга хэмжээ” гэсэн утгатай санскрит үг л дээ. Асуудал бэрхшээлээс сэргийлэхийн тулд бидний хийдэг зүйл. Бурханы номыг хэрэгжүүлэх ямар нэг сонирхолтой байхын тулд бид өөрийн амьдралынхаа асуудал бэрхшээлүүдийг олж харах хэрэгтэй. Үүнд ихээхэн эр зориг шаардана. Олон хүмүүс өөрсдийнхөө тухай болоод амьдралаа буурь суурьтайгаар авч үздэггүй. Бүхэл өдөржингөө зүтгэж, зүтгэж, орой нь ядарлаа гэж зугаа цэнгэлээр өөрсдийгөө сатааруулна. Тэд өөрийгөө дотроос нь харж, амьдралынхаа асуудлуудад хариулт эрдэггүй. Асуудал бэрхшээлээ харлаа ч гэсэн, амьдрал нь хангалтгүй байгааг ойлгохыг хүсдэггүй. Учир нь ийм ухаарлыг тээнэ гэхэд дэндүү сэтгэлээр унамаар. Амьдралынхаа чанарыг буурьтайхан шалгаж үзээд, хангалтгүйг нь олж хараад, чин шударгаар хүлээн зөвшөөрнө гэдэг үнэхээр эр зориг шаардах зүйл юм.

Сэтгэл дундуур байдлууд ба тэдгээрийн шалтгаанууд

Сэтгэл дундуур байхын тодорхой төвшингүүд байх нь тодорхой. “Зарим үед миний сэтгэл баргар, харин заримдаа ажил төрөл бүтэмжтэй байдаг. Энэ яах вэ, амьдрал ийм юм чинь” гэж ярьцгаана. Үүндээ сэтгэл ханамжтай бол сайн л байна. Бидэнд аливаа зүйлийг арай дээр хийчихэж чадна гэсэн итгэл байвал, энэ итгэл биднийг тэрхүү арга замууд руу шууд хөтөлдөг. Амьдралынхаа чанарыг сайжруулах арга замыг олохын тулд, бид асуудал бэрхшээлийнхээ шалтгааныг олж тогтоох шаардлагатай. Ихэнх хүмүүс асуудлынхаа шалтгааныг гаднаас л эрж хайдаг. “Бидний харьцаанд чамаас л болоод бэрхшээл үүсчихлээ! Чи миний хүссэнээр байхгүй байна.” гэх мэтээр. Бид асуудал бэрхшээлээ бас улс төр, эдийн засгийн нөхцөл байдалд тохдог. Зарим Сэтгэл судлалын онолууд хүүхэд насанд сэтгэлд үлдэх, шарх цохилт өгсөн үйл явдлуудаас л өнөөгийн асуудлуудын шалтгааныг хайж болно гэж үздэг. Бусдыг золгүй зовлонт байдалдаа буруутгахад хялбархан л даа. Гэхдээ өрөөл бусад хүмүүс, улс төр, эдийн засгийн хүчин зүйлүүдэд хариуцуулснаар асуудлыг үнэндээ шийдэхгүй. Хэрэв бид ийм онол үндэслэлээр уучлагдан, энэ нь зарим талаар тустай байж болох ч, зөвхөн ингэснээр сэтгэл зүйн асуудлууд, зовлон нь хөнгөрдөггүйг олон хүн ухаардаг.

Бурханы сургаал “Хэдийгээр бидэнд асуудал бэрхшээл тохиолдоход хүмүүс, нийгэм болоод өөр бусад зүйлс нөлөөлдөг боловч, эдгээр нь бэрхшээлүүдийн хамгийн гүн уг үндэс нь хараахан биш.” гэж сургадаг. Бэрхшээлүүдийнхээ жинхэнэ шалтгааныг илрүүлэхийн тулд бид өөрсдийгөө дотроос нь харах ёстой юм. Хэрвээ бид амьдралдаа аз жаргалгүй санагдаж байвал, эцсийн эцэст, бид тухайн нөхцөл байдалд хариу үзүүлж байна гэсэн хэрэг шүү дээ! Янз бүрийн хүмүүс яг л нэг нөхцөл байдалд харилцан адилгүй хариу үзүүлдэг. Өөрсөд дээрээ аваад үзэхэд л, бидний асуудал бэрхшээлд хариу өгөх байдал өдрөөс өдөрт өөр өөр байдаг. Асуудлын үндэс шалтгаан зүгээр л гадаад нөхцөл байдалд байсан бол бид үргэлж нэг л янзаар хандах байсан. Гэтэл бид тэгдэггүй. Яаж хариу үзүүлэхэд нөлөөлдөг, тухайн өдөр ажил их бүтэмжтэй байсан гэх мэт хүчин зүйлүүд байдаг. Гэвч тэдгээр нь дөнгөж өнгөцхөн төдий л нөлөөлөл үзүүлдэг. Эдгээр хүчин зүйлүүд хангалттай шалтгаан болж чаддаггүй.

Хэрэв бид анзаарч харвал, өөрсөддөө болон амьралд хандах бидний хандлагууд нь мэдрэхүйд маань маш ихээр нөлөөлдөг болохыг ойлгож эхэлнэ. Жишээлбэл: Бид сайхан өнгөрүүлсэн өдрөө тэр болгон өөртөө харамсах сэтгэл төрдөггүй бол, таагүй өнгөрүүлж буй өдрүүдэд өөрийгөө өрөвдөх мэдрэмж төрдөг. Амьдралд хандах үндсэн хандлагууд амьдралыг хэрхэн туулж өнгөрөөхийг чиглүүлж өгдөг бөгөөд, бүр гүн судалж үзэх юм бол бидний хандлагууд төөрөлдөл дээр үндэслэсэн болохыг олж мэдэх болно.

Төөрөлдөл нь асуудал бэрхшээлийн шалтгаан мөн

Хэрэв бид төөрөгдлийг судалж үзвэл,зан авирын үр дагаврын талаарх төөрөлдөл түүний нэг тал юм гэдэг нь ойлгогдоно. Бид юу хийх, юу хэлэхэд үр дүн нь яаж гарах тухайд их будлиантай бодолтой байдаг. Ямар ажилтай болох, гэрлэх, хүүхэдтэй болох эсэх, гэх мэт асуудлаар маш ихээр будилдаг. Хэрэв бид хэн нэгэнтэй харьцаа холбоотой болвол ямар үр дүн гарах бол? Бид энэ тухайгаа мэддэггүй. Бидний сонголтоос юу дагалдан гарч ирэх тухай санаанууд маань зөвхөн ургуулан бодсон бодол төдий. Тодорхой хүнтэй гүн харьцааанд орлоо гэхэд “Бид цаашид шидэт үлгэрт гардаг шиг үүрд жаргалтай байх болно.” гэж санаж болно. Ямар нэгэн төвөгтэй байдалд орчихоороо хашгирч, гуугачсанаар байдал сайжирна гэж боддог. Бидний үйлдэлд бусад хүмүүс хэрхэн хариулах тухай маш ээдрээтэй бодолтой явдаг. Бид хашгичиж, доторхоо уудалснаар сэтгэлээ арай хөнгөлж, бүх юм гайгүй болно гэж санадаг ч, тэгж бодсоноор болдоггүй. Юу болохыг бид мэдэхийг хүсээд байдаг. Бид арга ядахдаа зурхай үзэж, өөрчлөлтийн тухай “И-Цзин” номоор зоос хаядаг. Иймэрхүү зүйлсийг бид яагаад хийдэг юм бэ? Бид тохиолдож байгаа зүйлсийг хянаж байхыг хүсдэг учраас л тэр.

Бурханы сургаалиар бол бид болон бусад хүмүүс, хорвоо ертөнц хэрхэн оршдог талаарх түвшний гүн төөрөлдөлд байдаг. Бид хяналтын тухай бүх асуудлаар будлиантай бодолтой байдаг. Бидэнтэй юу ч тохиолдсон гэсэн бид бүгдийг хянах боломжтой гэж боддог. Гэтэл ямагт хяналт тавих нь боломжгүй байдаг учир бид сэтгэлээр гонсойдог. Энэ бол бодит байдал биш. Бодит байдал бол маш олон талтай зүйл. Бидний үйлдлүүдээр ч зогсохгүй, олон хүчин зүйлс болж байгаа зүйлд нөлөөлөл үзүүлдэг. Гэхдээ бид ямар ч хяналт тавьж чадахгүй буюу гадаад хүчнүүдэд хөтлөгдөж байдаг гэсэн хэрэг биш. Бий болж буй зүйлд өөрсдийн хувиа оруулдаг хэдий ч, бид болж буйг бүгдийг шийдвэрлэдэг цорын ганц хүчин зүйл биш билээ.

Яагаад гэвэл, бидний төөрөлдөл болон болгоомжгүй байдлаас болж, эвдэн сүйтгэгч үйлдэл үйлдэж байна гэж саналгүйгээр, ихэвчлэн эвдэн сүйтгэх үйлийг хийж байдаг. Энэ нь бид бүхэнд зуршил болсон түгшүүрт сэтгэл, дайсагнасан хандлага болоод дадал, хэвшлээс маань үүсч байдаг. Бид зөвхөн өрөөл бусдад эвдэн сүйтгэх замаар ханддаг юм биш, өөрсдийгөө ч мөн эвдэн бусниулж харьцдаг. Өөрөөр хэлбэл бид өөрсөддөө улам их асуудал, бэрхшээлүүдийг бий болгож байдаг. Хэрвээ бид арай бага бэрхшээлтэй байхыг буюу зовлонгоосоо ангижрахыг хүсч байгаа бол, цаашлаад бусдад ч аль болох бэрхшээлээсээ гарахад нь туслах чадвартай болохыг хүсч байгаа бол хязгаарлалтуудынхаа уг шалтгааныг ойлгож мэдэх хэрэгтэй.

Төөрөгдлөөсөө ангижрах нь

Асуудлуудын маань уг шалтгаан нь төөрөгдөл юмаа гэдгийг таньж болно гэж үзье л дээ. Энэ тийм ч бэрх зүйл биш. “Би ёстой яах учраа олохгүй байна. Би будилчихлаа.” гэж хэлэх үетэй олон хүн тулгардаг. Тэгээд яах вэ? Ямар нэгэн сургалт, дамжаа, мөргөлд явж мөнгө үрэхээсээ өмнө, бид ингэснээр төөрөгдлөөсөө гарах боломжтой гэдэгт итгэж байгаа эсэхээ маш ул суурьтай бодож үзэх хэрэгтэй. Будлиантай бодол, төөрөлдлөөсөө салах боломжтой гэж бодоогүй тохилдолд бид юундаа чармайх билээ? Бид төөрөлдлөөсөө салах боломжтой гэсэн найдвар төдийхөн зүйлтэй байх юм бол, энэ нь маш туйлбаргүй зүйл. Энэ бол хүсэл төдий л юм.

Эрх чөлөө янз бүрийн замаар ирдэг гэж бид бодож болно. Биднийг хэн нэг хүн аварна гэж бодож болох юм. Энэ нь Дээдийн, Бурханлаг, зүйрлэвэл Бурхан гэх мэт байж болно. Ийм үед бид мухар сүсэгтэнгүүд болно. Өөр сонголтоор бид Номын багш, найз нөхөр, өөр хэн нэгэнд биднийг будлиан төөрөгдлөөс авраач хэмээн хандаж болно л доо. Ийм тохиолдолд, өөр хэн нэгнээс хамааралтай болж, дутуу дулимаг алхам хийх нь хялбархан билээ. Биеэ авруулах хэн нэгнийг эрж цөхрөхдөө, уг авруулахаар хандаж байгаа хүнээ голж шилдэггүй тал байдаг. Тэр нь өөрөө төөрөгдөлтэй, түгшүүрт сэрэл мэдрэмж, хандлагатай хүн байгаад, бидний гэнэн хараат байдлыг элэг барьж ашиглах хэн нэгнийг сонгож ч болно. Энэ бол цаашдаа тогтвортой шийдэл биш. Бид бүх төөрөгдлүүдээсээ ангижрах гэж Номын багш эсвэл сүсэг бишрэлийн харилцааг эрэлхийлж болохгүй. Бид будлиан төөрөгдлөө өөрсдөө арилгах ёстой.

Номын багш буюу нөхөртэй тогтоосон харьцаа тустай нөхцөл байдлуудыг авчирч болох хэдий ч, энэ нь зөвхөн уг харьцаа эрүүл байгаа нөхцөлд л шүү дээ! Энэ харьцаа эрүүл бус бол харин ч нөхцөл байдлыг улам дордуулдаг. Энэ нь бүр илүү төөрөлдөлд хүргэх болно. Эхлээд Номын багш маань, хань нөхөр маань төгс төгөлдөр гэж итгэн, гүнээ өөрөөсөө татгалзах боловч нэг л мэдэхэд гэнэн бодол маань арилдаг. Нөгөө хүний сул талуудыг олж харж эхэлмэгц, биднийг төөрөгдөл будлианаас аврахгүй байгааг үзээд, бид хүнд цохилтонд ордог. Биднээс тэр хүмүүс уравсан мэт санагдана. Бидний итгэл, бидний найдвараар тоглосон байна гэж бодогдоно. Энэ бол аймаар мэдрэмж шүү! Бүр эхнээс нь л үүнээс болгоожлохыг хичээх нь их чухал. Бид урьдчилан сэргийлэх Бурханы номын үйлийг хэрэгжүүлэх шаардлагатай. Бид юу боломжтой, юу боломжгүйг ойлгох хэрэгтэй. Номын багш юу хийж чадах, юу хийж чадахгүй вэ? Бид өөрсдийгөө хүнд цохилтоос хамгаалахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээг авдаг.

Бид өөртөө будлиан, төөрөгдлөөс ангид орших оюун ухааныг эзэмшсэн байдалд хүрэх хэрэг гарна. Төөрөгдлийн эсрэг тал нь болох ойлголт ухаарал нь будлиан төөрөгдөл оюун ухаанд хөгжиж, босч ирэхээс сэргийлдэг. Номын үйлийг хийх нь бид өөрсдийнхөө чиг хандлага, түгшүүрт сэтгэл хөдлөл, биеэ барих чадваргүй, эсвэл албадсан зан чанарт анхаарч, өөртөө дүн шинжилгээ хийх боломжийг олгодог. Бид өөрсдийн доторх, тийм ч сайхангүй зүйлсийг ойлгохыг хүссэн ч, үгүйсгэдэг чанартай тул түүнийгээ давж гар гэсэн үг юм. Бидэнд бэрхшээл асуудал авчрах зүйлсийг болон тэдний шинж тэмдгүүдийг ажиглахдаа, бид тэдгээрийг гэтлэх сөрөг хүчин зүйлүүдийг сөргүүлэн тавих ёстой. Энэ бүхэнд сургалт, бясалгал шаардлагтай. Бид, самууруулагч сэрэл мэдрэмж, чиг хандлагууд хийгээд, тэдгээр нь хаанаас гарч ирдгийг таньж мэдэх ёстой болно.

Бясалгал

Бясалгал гэдэг нь хяналттай нөхцөл байдалд янз бүрийн хүчин зүйлүүдийг сөргүүлэн тавьж, тэдгээрийг хэрхэн туршихыг танин мэдэж, цаашид бодит амьдралд хэрэгжүүлэх дадлагыг хэлнэ. Жишээлбэл: Хэрэв бид бусад хүмүүс хүссэнээр маань байсангүй гэж бусдад уурлалаа гэхэд, бид бясалгалд иймэрхүү байдлуудын тухай бодож, өөр өнцгөөс тэдгээрийг харахыг оролдоно. Нөгөө хүн янз бүрийн шалтгаануудаар тааламжгүй байдлаар авирладаг байж. Тэр бидэнд дургүй гэсэн шалтгаанаар заавал тийм зан гаргах албагүй. Бясалгалд бид “Миний найз намайг хайрлахаа больжээ. Тэр надруу утсаар ярихаа ч байжээ.” гэх мэт бодлоо орхихыг чармайдаг.

Хэрэв бид ийм байдлуудаар илүү тайвширсан, ойлгосон, тэвчээртэй ухаалаг байх дадлыг төлөвшүүлэх юм бол, хүн долоо хоног утсаар ярихгүй байсан ч, тэгтлээ хямраад байхгүй. Бид сэтгэл гонсойж эхэлмэгцээ, тэр хүн магадгүй их завгүй байгаа бөгөөд түүний амьдралд бид хамгийн чухал хүмүүс гэж бодох нь аминчхан хэрэг гэдгийг санах болно. Энэ нь бидний сэтгэлийн хөдөлгөөнийг намдуулж ,тайвширхад тусалдаг.

Бурханы номын үйл бол завсарлагагүй, байнгын ажил

Бурханы номын үйлийг хийх нь сонирхож, зугаацах зүйл биш. Энэ бол спорт шиг, эсвэл тайвширч, биеэ суллахаар хийдэг зүйл биш. Бид Бурханы номлолын төвүүд рүү ямар нэг бүлгийн нэг хэсэг болох гэж ч юм уу, нийгмийн уур амьсгалд орохоор очдоггүй. Тийшээ очих бидэнд сайхан байж болно. Гэвч энэ бол зорилго биш. Түүнчлэн бид Бурханы номлолын төвүүдэд бидэнд сайн сайхныг мэдрүүлж байдаг зугаатай, сонирхолтой, сэтгэл татах увдистай Номын багшийг сонсон, сэтгэл санаагаа засахаар дотносон очдоггүй. Хэрэв бид ийм бодол санаатайгаар очвол, гэртээ ирээд тун удахгүй уйтгарлан, дахиад өөр зүйлээр сэтгэл санаагаа засах хэрэгтэй болно. Бурханы номлол бол мансууруулах бодис биш. Номын багш нар ч мөн адил мансууруулах бодис бус. Бурханы номын үйлд дадлагажих нь байнгын ажил билээ. Бид энд амьдралд хандах бүх хандлагуудаа засах тухай ярьж байна. Бид эх болсон зургаан зүйл, хамаг амьтныг хайрлан нигүүслэх сэтгэлийг төлөвшүүлэхээр чармайж байгаа бол, энэ сэтгэлээ жишээлэхэд, өөрсдийн гэр орондоо хэрэгжүүлэх хэрэгтэй. Олон хүн өрөө тасалгаандаа хайрын тухай бясалган суудаг хэдий ч, эцэг эх болоод хамт амьдарч, ажиллаж байгаа хүмүүстэйгээ таардаггүй. Энэ нь их гунигтай явдал билээ.

Туйлширлаас зайлсхийх тухай

Бид Бурханы номын үйлийг амьдралынхаа бодит байдлууд болох гэр орондоо, ажил дээрээ хэрэгжүүлэхээр оролдохдоо, туйлширлаас зайлсхийх хэрэгтэй. Туйлширлын нэг нь бусдад бүх бурууг тохох, өөр нөгөө нэг туйл нь, өөр дээрээ бүх бурууг үүрэх явдал юм. Амьдралд тохиолдож байгаа зүйл нь маш олон талтай. Хоёр тал аль аль нь хувиа нэмэрлэж, бусад нь оролцож, бид ч бас нэмэрлэнэ. Бид бусдыг өөрсдөөр нь үйлдэл, авир хандлагуудаа өөрчлүүлэхийг чармайж болно. Гэвч бүгд л өөр өөрсдийнхөө туршлагаас энэ нь үнэхээр төвөгтэй гэдгийг мэддэг болдог гэдэгт би итгэлтэй байна. Ялангуяа өөрийгөө зөвтгөн, өргөмжилж, бусдыг нүгэлтэн гэж буруутгасаар байх юм бол… Өөрийгөө өөрчлөхийг чармайх нь хавьгүй амархан. Хэрэв бусад хүмүүс хүлээж авах чадвартай, хэлсэн ярьсныг эсэргүүцэж, уурладаггүй бол бид санал хүсэлтээ бусад хүмүүст тавьж болно. Гэвч үндсэн ажил маань бидний өөрсөд дээрээ хийх дадлага юм.

Өөртэйгээ ажиллахдаа туйлшралын өөр нэгэн хэлбэрийг анзаарах хэрэгтэй. Энэ нь өөрийн зөн мэдрэмжийг задалж шинжлэхэд тэр чигтээ автах, эсвэл түүнийг огт анзаарахгүй хаях туйлшрал болно. Эхнийх нь өөрөө өөртөө дурласан санаашрал. Бид юу мэдэрч байгаа тухайгаа л ганцхан сонирхоно. Бусдын юу мэдэрч буйг үйл ойшоох хандлагатай болно. Бусад хүмүүс юу бодож, мэдэрч байгаагаас бидний мэдэрч бодож буй зүйл хавьгүй амин чухал гэж бодох хандлагатай байна. Нөгөө талаас бид сэрэл мэдрэмжээсээ тэр чигтээ хөндийрөх буюу сэрэл мэдрэмж маань мэдээ алдуулагч тарьсантай адил бүх зүйлээс ямар ч мэдрэмж авахгүй болж болно. Эдгээр туйлширлаас зайлсхийхэд нарийн тэнцвэр шаардагддаг. Энэ тийм хялбар биш.

Хэрэв бид байнга өөрсдийгөө ажиглаад байх юм бол, энэ нь бидний юу хийж байгаа, эсвэл юуг мэдэрч байгаа талаарх хоёрдмол байдал хиймлээр үүсэж, ингэснээр үнэндээ бид хэн нэгэнтэй харьцах буюу, хэн нэгэнтэй хамт байх чадваргүй болно. Жинхэнэ урлаг бол бидний анхаарлын нэгэн хэсэг нь, бидний цаад санаа зорилго дээр байхынхаа хажуугаар, байгаагаараа чин сэтгэлээсээ харьцаж, үйлдэх явдал юм. Ямар ч байсан бид бусадтай харьцахдаа, хүмүүсийн дунд байхгүй юм шиг хоёрдмол санаа, байдал гаргахгүйгээр хийхийг, харьцахыг хичээх хэрэгтэй. Хэн нэгэн хүнтэй харьцах үйл явц дунд санаа сэдэл, сэрэл мэдрэмжээ шалгаж байгаа бол зарим үед нөгөө хүндээ хэлэх нь тустай байдгийг би тэмдэглэн хэлэх ёстой. Гэхдээ, нөгөө хүнд хэлэх юм бидэнд байна гэдэг нь өөрт чухал боловч, ихэвчлэн бусад хүмүүс бидний юу бодож, мэдэрч байгааг сонирхдоггүй. Тэд энэ тухай мэдэхийг хүсч байгаа гэж бодох нь ихээхэн биеэ чухалд үзсэн явдал болно. Бид амин хувиа хичээх маягаар аашилж эхэлж байгаагаа анзаарсан тохиолдолд, түүнийг шууд зогсоож болно. Үүнийгээ бид зарлах хэрэггүй.

Туйлширлын өөр хэсэг тохиолдлууд нь бид тэр аяараа муу, эсвэл бид иж бүрдсэн сайн гэж бодох бодол юм. Хэрэв бид асуудал бэрхшээл, сэтгэлийн түгшүүрт байдалдаа хэт их ач холбогдол өгч, хэтэрхий санаа зовбол өөрсдийгөө муу хүмүүс хэмээн бодож эхэлдэг. Энэ нь маш амархан гэмшил болон хувирдаг. “Би дадлага хийх ёстой. Хэрэв би түүнийг хийхгүй бол би муу хүн.” гэж бодно. Энэ нь дадлагын эрүүл бус үндэс болон хувирдаг.

Бид түүнчлэн энэ туйлширлын өөр нэг тал нь болох эерэг, зөв санаа, талаа хэт их онцлохоос зайлсхийх хэрэгтэй. “Бид бүрэн төгс, өөрийнхөө Бурханлагийн мөн чанарыг хар л даа. Бүх юм гайхамшигтай.” гэвэл энэ нь тун аюултай туйлшрал. Учир нь энэ баримтлал, бид юу ч хаяж гээх явдалгүй, сөрөг чанаруудаасаа нэгийг нь ч орхих шаардлагагүй, бидэнд зөвхөн өөрсдийнхөө Бурханлагийн мөн чанарыг л хараад суухад хангалттай гэж бодоход хүргэнэ. “Би гайхалтай төгс. Би сөрөг зан үйлээ таслан зогсоох шаардлагагүй.” гэж Гэвч бидэнд тэнцвэр чухал. Хэрэв бид өөрийгөө хэт голсон үе гарвал, өөртөө Бурханлагийн мөн чанарыг сануулж байх хэрэгтэй. Хэрэв бид бусдаас өөрийгөө илүүд үзээд эхэлвэл, өөрийн сөрөг талуудаа онцолж авч үзэх хэрэгтэй.

Хариуцлага хүлээх

Үндсэндээ бид асуудал бэрхшээлээсээ ангижирч, хөгжихийн тулд өөрсдөө л хариуцлага хүлээх ёстой. Мэдээж, бидэнд тусламж хэрэгтэй. Өөрсдөө үүнийг хийх нь тийм ч амаргүй. Бид Номын багш нар, Шашны нийгэмлэг, адилхан үзэл бодолтой юм уу, өөрсөдтэйгөө ажилладаг, бусдыг өөрийн асуудал бэрхшээлдээ буруутгадаггүй хүмүүсээс туслалцаа авч болно. Нөхөрлөл, хамтын ажиллагаанд адилхан үзэл бодлоо хуваалцаж, үүний дотор ямарваа гарч ирж болох бэрхшээлд бусдыг буруутгадаггүй байх нь чухал билээ. Хоёр найз нөхөр бие биеэ буруутгадаг бол ажил хэзээ ч бүтэхгүй. Зөвхөн нэг нь л өөртэйгөө ажиллаад, нөгөөх нь буруутгаад байвал энэ нь бас л бүтэхгүй. Хэрэв бид нэгэнт нөгөө нь биднийг буруутгадаг харилцаанд орчихсон бол бид үүнд юу нэмэрлэж болох тухай эрэлхийлэх нь харилцааг таслах шаардлагатай гэсэн үг биш. Гэхдээ энэ нь илүү хэцүү. Ийм харилцааны үед үйлийн үрээ эдлэгч байхаас зайлсхийхийг оролдох хэрэгтэй. “Би энэ бүхнийг дааж ядаж байна. Энэ хэцүү байна” гэх зэрэг бодлууд ерөнхийдөө сүрхий бухимдалтай болгодог.

Даган баясах

Номын багшаас авах дэмжлэгийн хэлбэр, мөн ижил оюуны хандлагатай нийгэмлэг, нөхдөөс авах дэмжлэгийг “даган баясах” (Англи хэл: inspiration) гэж зарим үед нэрлэдэг. Бурханы сургаалийн Гурван Эрдэнэ болох Номын багш зэргээс урам зориг хүлээн авахад ихээхэн ач холбогдол өгдөг. “Жанлав” (Төвд хэл: byin-rlabs) хэмээх Төвд үг нь “адис” гэж орчуулагддаг ба тийм ч зөв орчуулга биш. Бидэнд урам зориг хэрэгтэй. Цааш урагшлахын тулд бидэнд хүчин чадал хэрэгтэй болно.

Бурханы ном сурах зам хялбар байдаггүй. Энэ нь амьдралын муу муухайгийн тухай болгоох асуудал юм. Бидэнд даган баясах тогтвортой эх булаг хэрэгтэй. Ид шидэт зүйлсийн тухай, үүнтэй холбоо бүхий өөрсдийнхөө тухай буюу Бурхан багшийн түүхэнд гардаг бусдын тухай багшийн уран зөгнөлт яриа хөөрөө нь бидний урам зоригийн тогтвортой эх булаг төдийлөн болж чадахгүй. Мэдээж сэтгэл хөдөлгөм зүйлс боловч, энэ нь бидэнд хэрхэн нөлөөлж байгааг шинжиж үзэх шаардлагатай. Олон хүний хувьд ид шидийн хүчээр чөлөөлөгдөхийг хүсдэг нь тэдэнд уран зөгнөлийн ертөнцийг сэргээн бэхжүүлнэ. Нэг их шидтэн шидэт хүчээрээ биднийг аврах гэж байна, өөрсдөө ч бид тийм шид, хүчийг гэнэтхэн хөгжүүлэх чадвартай болно гэх мэтээр төсөөлж бодож болно. Тиймэрхүү уран зөгнөлт, шидэт түүхэнд бид болгоомжтой хандах ёстой. Эдгээр нь бидний итгэлийг хөгжөөн, тодорхой хэмжээнд тун тустай байж болох боловч даган баясахын тогтвортой үндэс биш юм. Бидэнд тогтвортой байр суурь хэрэгтэй.

Төгс үлгэр жишээ бол Бурхан багш өөрөө. Бурхан багш уран зөгнөлт түүх ярьж, хүмүүсийг урамшуулахыг оролдож байгаагүй. Тэр энд тэндгүй явж, тоглолт үзүүлбэр тавьж, хүмүүсийг, эд юмсыг адислаж байгаагүй. Бурхан багш номлол сургаалиуддаа давтан давтан өгүүлсэн зүйрлэл нь Бурханы хутагт хүн бол “нар” шиг гэсэн үг өгүүлбэр юм. Нар хүмүүсийг дулаацуулахыг оролддоггүй. Нар байгаагаараа л бүгдэд халуун дулааныг аяндаа бэлэглэж байдаг. Уран зөгнөлт сонин гайхалтай түүх сонсоод, Бурханы шуумалд духаа хүргэж, хүзүүндээ улаан утсан сахиус зангидуулах замаар сэтгэл тайвширч болох боловч, энэ бүхэн найдвартай биш. Урам зоригийн тогтвортой эх булаг гэдэг нь Номын багш өөрөө байгаагаараа, хүнийхээ хувьд байгаа байдал, түүний зан авир, Бурханы номлолыг хэрэгжүүлж буй үр дүн зэрэг нь тэр өөрөө юм. Энэ бол биднийг хөгжөөхийн тулд хүний зориуд үзүүлж буй үйлдэл бус, харин жинхэнэ даган баясах юм. Хэдийгээр шидэт түүх ярьсан шиг сэтгэл догдлуулам биш ч, энэ нь даган баясахын тогтвортой утгыг өгдөг билээ.

Бид хөгжихийнхөө хирээр өөрсдийн дэвшлээс урам зориг авдаг болохоос, ид шидийн хүчин чадалд хүрснээс бус, бидний зан авирын удаан ч гэсэн өөрчлөлтөөс урам зориг авдаг. Сургаалд эерэг үйлдлүүддээ баярлаж байхыг үргэлж онцолдог. Дэвшил ямагт шулуун байдаггүйг санах нь маш чухал. Өдөр болгон бид улам сайжраад байдаггүй. Сансар хорвоогийн шинж чанаруудын нэг нь итгэх аргагүй хөгжингүй төвшин болох, сансраас бүрэн гүйцэд ангижирсан төлөвт орон ортол, бидний сэтгэл санаа аль нэгэн зүгт хүндэрч, хөнгөрч, хувирч, өөрчлөгдөж байдаг явдал юм. Бид заримдаа жаргалтай, заримдаа золгүй байдаг гэдгээ мэдэж байх ёстой бөгөөд заримдаа эерэг замаар үйл ажиллагаагаа явуулна, зарим үед бидний бухимдуу дадал хэвшлүүд бүгдийг давамгайлна. Нэг уруудаж, нэг сэхнэ гэж үг байдаг. Ид шид ердийн үед тохиолддоггүй.

Хорвоогийн найман сонирхлоос зайлах сургаалyуд, ажил үйлс бүтэмжтэй үед биеэ тоолгүй, муу үед толгойгоо ганзгалаад байхгүйг чухалчлан номлодог юм. Энэ бол амьдрал. Бид богино зуурын бус урт хугацааны үр дагавруудыг харах хэрэгтэй. Бид таван жилээр дадлага хийсэн бол таван жилийн өмнөх байдалтайгаа харьцуулаад үзвэл их дэвшил гарсан байна. Бид заримдаа нөхцөл байдлыг тайван, тунгалаг сэтгэл ухаанаар шийдэх чадваргүй байгаагаа мэдэж, бачимдахдаа ч бид тайвширч, зүрх сэтгэлээрээ хандаж, зарим дэвшилд хүрснийгээ мэдэрдэг. Энэ бол урамшуулал. Энэ нь тийм драмын чанартай биш ч, бид үүнийг хэцүү байлгахыг хүсдэг. Бид хэцүү байдлаа овойлгон дүрслэх дуртай. Энэ бол жинтэй даган баясах юм.

Прагматик байдал

Бид прагматик бөгөөд буурь суурьтай байх хэрэгтэй. Жишээлбэл, бид ариусах дадлага болох Базарсад бурхны бясалгал хийхдээ, “Гэгээн Базарсад бурхан биднийг ариусгаж байна” гэж бодохгүй байх нь чухал. Биднийг аварч, ариуслаар адислах гадаад хүчин зүйл, эсвэл агуу их гэгээнтэн байхгүй. Энэ ямар ч байсан биш. Базарсад бурхан бодол, ухаан самуурлын толбогүй, гэрэлтсэн ухамсрын төрөлхийн ариун тунгалгийн төлөө байдаг. Төөрөгдлийг арилгаж болно. Үүнийг ухамсрын уугуул, ариун чанарыг өөрсдийн чармайлтаар ойлгох замаар гэм буруу, сөрөг чадавх зэргийг арилгах замаар бүтээнэ. Энэ нь ариусах үйл явцад хөгжих боломжийг олгодог.

Түүнчлэн, эдгээрийг хэрэгжүүлж, Бурханы номыг өдөр тутмын амьдралдаа хэрэгжүүлэхийг оролдсоноор, бид цаашлан өөрсдийн байгаа түвшнийг хүлээн зөвшөөрч, ойлгодог болно. Бид одоо байгаагаасаа илүү өндөр төвшинд байгаа гэж бодох, ихийг санаархахгүй байх явдал шийдвэрлэх ач холбогдолтой юм.

Католик хүмүүжлийн хөрснөөс Бурханы номонд хандах нь

Бидний олонх нь Католик (Католик нь Христийн шашны нэг урсгал) хөрсөнд хүмүүжсэн. Бид Бурханы номонд хандаж, судалж эхлэхийн тулд Христийн шашны итгэл үнэмшлээ таягдан хаяж байж, Бурханы шашинд суралцах хэрэгтэй гэж бодож болохгүй. Гэхдээ, энэ хоёрыг хольж хутгахгүй байх нь чухал. Католикийн сүмд ороод, суухаасаа өмнө шүтээнд нь гурав сунаж мөргөдөггүй биз дээ. Үүнтэй адил Бурханы номыг хэрэгжүүлэхдээ Гэгээн Мариаг дүрслэн боддоггүй, Бурханы хутагтуудын дүрийг л ургуулан боддог. Бид өөртөө тохирсон байдлаар сүсэглэн биширдэг. Сүмд очихдоо бид сүмд л очдог. Бурханы номын бясалгал хийхдээ, Бурханы номын бясалгалыг л хийдэг. Хайр нигүүлсэл, бусдад тус хүргэхийг онцлон чухалчлах зэрэг олон нийтлэг шинжүүд энэ хоёр номлолд байдаг. Эхлэх төвшинд ямар ч зөрчил байхгүй. Хайр нигүүлсэл, буян, тус хүргэхэд бэлэн байдлыг хэрэгжүүлж байдаг бол бид сайн Бурханы номтон ч, мөн сайн Католик шашинтан ч мөн. Гэхдээ хэзээ нэгэн цагт бид сонголт хийх ёстой л болно. Гэхдээ үлэмж агуу оюун билгийн дэвшил хийхэд хамаг хүчин чадлаа дайчилхад бэлэн болсон тэр л үед шүү дээ. Хэрэв бид барилгын хамгийн дээд давхарт хүрье гэвэл яг нэг дор хоёр өөр шатаар өгсдөггүй биз дээ. Энэ бол их тустай харьцуулсан дүрслэл гэж би бодож байна. Хэрэв бид анхдагч суурь, даган баясах түвшиндээ үлдэнэ гэвэл өөр хэрэг. Тэгвэл энэ тухай санаа зовох шаардлага байхгүй. Бид аль алинаас нь ашиг тусыг нь хүртэж болно.

Зохимжгүй үнэнч чанараас зайлсхийх нь

Бурханы номлолыг амьдралдаа хэрэгжүүлэхдээ, өөрсдийн язгуур шашныг муу дорд, хэрэггүй гэж таягдан хаяхаас болгоомжлох нь зүйтэй. Энэ бол том алдаа болно. Ингэснээр бид ухаан жолоогүй Бурханы шашинтан бөгөөд улайрсан Христийн шашныг эсэргүүцэгч болж хувирна. Хүмүүс Коммунизмд ба Ардчилалд мөн ийм байдлаар ханджээ. Үүгээр тохиромжгүй үнэнч чанар гэдэг Сэтгэл зүйн арга зам өвлөгддөг. Гэр бүлдээ, соёлын үндэс сууриндаа үнэнч байдаг шигээ бид хэдийгээр татгалзсан боловч, Христийн шашинд үнэнч үлдэхийг хүсдэг. Хэрэв гарал үүсэлдээ үнэнч биш, түүнийг бүхэлд нь муу хэмээн татгалзсан бол бид тун ч муу хүмүүс гэж өөрсдийгөө боддог. Яагаад гэвэл, энэ нь туйлын таагүй зүйл, бид үнэнч үлдэх ёстой ямар нэг зүйлийг урьдах үндэс хөрснөөсөө эрж олох хэрэгтэйг зөнгөөрөө мэдэрч байдаг.

Бид гарал үүслийнхээ зарим нэг аятайхан биш зүйлүүдэд үнэнч үлдэх хандлага нь санаатай биш зүйл. Жишээлбэл, бид Христийн шашнаас татгалзсан боловч, Бурханы шашин руу тамаас сүрдэх хүчтэй айдсаа хамт авч очдог. Миний найз нарын нэг Христийн шашны маш гүн шүтлэгтэн байснаа, эрс сэтгэлээр Бурханы шашинд орж, эс оршихуйн хүнд хямралд автсан юм. “Би Христийн шашныг орхиод, одооноос Христийн шашны тамд унана, Бурханы шашнаас гараад, Христийн шашинд буцаж орвол, би Бурханы шашны тамд унана.” Энэ нь их сонин сонсогдож болох хэдий ч, түүний хувьд энэ бол үнэхээр хүнд проблем байсан юм.

Бид Христийн шашны зарим хандлагыг Бурханы шашны дадлагад өөрсдөө мэдэлгүй өвлөн авч ирэх нь олонтоо байдаг. Хамгийн түгээмэл нь гэвэл гэм буруу, ид шидийг эрэлхийлэх, аврах гэж хэн нэгнийг хайх, эдгээрүүд болно. Бурханы номыг хэрэгжүүлээгүй бол дадлага хийх ёстой гэж бодно, тэгээгүй бол гэм хийсэн гэж санана. Ийм үзэл ерөөсөө ямар ч ашиггүй. Ингэж бодогдоод ирэхээр, түүнийгээ бид мэддэг байх хэрэгтэй. Бид сөрөг биш, эерэг зүйлд үнэнч байхын тулд гарал үүслээ шинжилж, түүний эерэг талуудыг таньж, ойлгох хэрэгтэй болж байгаа юм. “Би төрөлхийн гэм буруутай гэсэн бодол, ид шидийн эрлийг өвлөж авсан юм.” гэж бодсоноос “Би хайр, буян өглөг, зовсон зүдэрсэнд туслах Христийн шашны уламжлалуудыг өвлөн авсан.” гэж бодвол зохино.

Бид өөрсдийн гэр бүлдээ дээрх маягаар хандаж болно. Бид тэднээс татгалзаж, эерэг талуудад нь ухамсартайгаар үнэнч байхаасаа илүү ухамсаргүйгээр сөрөг уламжлалд нь үнэнч байж ч болно. Жишээлбэл, Христийн шашны үндэс хөрсний бидэнд өгсөн зүйлүүдэд маш талархахын сацуу, өнгөрсөнтэйгээ зөрчилдөхгүй, дэвшилд маань саад болох сөрөг сэтгэгдлүүдгүйгээр өөрсдийн замаар урагшилж болно.

Үүний Сэтгэл зүйн зүй тогтлыг ойлгохыг чармайх нь чухал. Хэрэв бид гэр бүл, унаган шашны тухай, өнгөрсөн улирснаа сөрөг гэж бодвол, өөрсөддөө ч бид сөрөг хандлагатай болох талтай. Нөгөө талаас бид гарал үүсэл ба өнгөрсөн амьдралынхаа эерэг зүйлүүийг таньж, ойлгож чадвал, өөрсөддөө бид илүү эерэгээр хандах болно. Энэ нь оюун билгийн зам мөртөө илүү тогтвортой байхад тусалдаг юм.

Төгсгөлийн дүгнэлт

Бид алхам алхмаар удаан урагшилж, маш дэвшилтэт номлолуудыг сонсохдоо, Дандрын аймгийн эрх адислал авах зэрэг зүйлстэй учирдаг бөгөөд хэдийгээр өнгөрсөн үеийн агуу Их багш нар, сургаалыг сонсмогцоо, амьдралд шууд хэрэгжүүл гэж сургасан ч, бидэнд хэтэрхий ахадсан эсэх, яг одоо бид үүнийг амьдралд хэрэгжүүлж чадах эсэхээ бид шийдэх хэрэгтэй. Хэрэв хэт дэвшилттэй бол сургаалыг хэрэгжүүлэх чадвартай болоход биеэ бэлтгэхийн тулд хийх ёстой алхмуудаа ялгаж, дараа нь түүгээрээ замнах хэрэгтэй. Товчоор хэлбэл, миний багш нарын нэг Гэвш Наваан Даржейгийн хэлснээр, “Хэрэв бид уран зөгнөлийн аргаар дадлагажиж байгаа бол, бид төсөөллийн үр дүнд л хүрнэ. Хэрэв бид бодит аргуудыг хэрэгжүүлбэл, бодитой үр дүнд хүрнэ.” гэж хэлсэн юм.