Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Удиртгал > Үйлийн үр ба дахин төрөл олох талаарх үндсэн асуудлууд

Үйлийн үр ба дахин төрөл олох талаарх үндсэн асуудлууд

Александер Берзин
Сингапур, 1988 оны 8 дугаар сарын 10

Berzin, Alexander and Chodron, Thubten.
Glimpse of Reality.
Singapore: Amitabha Buddhist Centre, 1999
номноос хянан засварласан ишлэл

Асуулт: Үйлийн үрийн тухай онол шинжлэх ухааны судалгаа, туршлагаар нотлодгсон зүйл үү, эсвэл түүнийг итгэл үнэмшлээр хүлээн авдаг юм уу?

Хариулт: Үйлийн үрийн утга олон янзаар ойлгогддог. Гэхдээ үйлийн үр гэж юу болох талаар зарим буруу зөрүү ойлголт байдаг. Зарим хүмүүс үйлийн үрийг хувь тавилан буюу урьдаас зурсан зураг төөрөг гэж боддог. Хэрэв хэн нэг хүн машинд дайруулах, эсвэл наймаанд их хэмжээний мөнгө алдвал “Золгүй юм, үйлийн үр нь тэр дээ.” гэцгээдэг. Энэ бол Бурханы номын дагуу ойлгодог үйлийн үр биш ээ. Үнэн хэрэгтээ, эзэн тэнгэрийн эрх зориг, өөрөөр хэлбэл бидний ойлгодоггүй буюу бид өөрсдөө хянах аргагүй зүйлд хандсан санаа болно.

Бурханы шашинд үйлийн үр гэдэг үгийг түлхээс гэсэн утгаар авч үздэг. Бидний урьд хийсэн үйлүүдээс үүдсэн түлхээс буюу импульсууд, тодорхой замаар үйлчилж, бидний энэ насанд илэрдэг. Үйлийн үрийг үнэт цаасаар хөрөнгө оруулалт хийе гэсэн санаа, ханш нь унах буюу эсвэл өсөхийн өмнөхөн хэн нэгнийг түлхэхтэй жишиж болно. Эсвэл хэн нэг хүнд зөн, мэдрэмж нь машинаар дайруулж болзошгүй яг тэр агшинд, таван минутын өмнө ч биш, таван минутын сүүлд ч биш, зам хөндлөн гарах түлхэц өгч болох юм. Яг л тодорхой тэр нэг агшинд түлхэц буюу импульс үүсч байгаа нь, уг хүний урьд нь үйлдсэн зарим үйлүүдийн үр дүн ажээ. Өмнөх амьдралдаа тэр хүн, жишээлбэл, хэн нэгнийг тамлан зовоосон буюу амь насыг нь бүрэлгэсэн байж болох юм. Иймэрхүү сүйтгэгч зан төлөв нь тэр хэргийг үйлдсэн хүнд ихэвчлэн өөр төрөлд нь богино насыг эдлүүлэх үр дагавартай. Тиймээс яг машинд дайруулах тэр агшинд зам хөндлөн гарах түлхэц өгчээ.

Хэн нэг хүнд өөр хүн рүү хашгичих, эсвэл түүнийг гомдоох түлхэц бий болж болно. Ийм түлхээс урьдах тийм зан авираас үүссэн зуршил дадлуудаас үүснэ. Хүн рүү хашгирч гуугачих буюу гомдоох нь ийм маягийн зан авир, хандлага, зуршлыг үүсгэн, ингэснээр, бид ирээдүйд түүнийгээ дахиад амархан үйлддэг. Уурласандаа хашгирч гуугачих нь, цаашид уур хилэнгээ задгайд нь тавих илүү нөөц, хандлага, зуршлыг үүсгэдэг юм.

Тамхи татах гэдэг бас нэг жишээ байна. Нэгийг татах нь дахиад нэгийг татах боломжийг үүсгэнэ. Энэ нь бас татах хандлага болон зуршлыг үүсгэнэ. Эцсийн дүнд нөхцөл бүрэлдээд ирэхэд, жишээ нь, биднийг энэ төрөлд маань хэн нэг хүн тамхиар дайлах ч юм уу, эсвэл хойт төрөлдөө бид хүүхэд байхдаа хүмүүсийн татаж байгааг үзэх ч юм уу, гэх зэргээр тамхи татах түлхэц толгойд орж, бид үүнийг хийдэг. Үйлийн үр тамхи татах түлхэц хаанаас гардаг болохыг тайлбарладаг. Тамхи татах нь энэ үйлийг давтах бодлыг бий болгодог төдийгүй, дахин давтах үйлдлийг өдөөнө. Мөн бие махбодид, тухайлбал тамхины улмаас хорт хавдраар өвчлөхөд нөлөөлнө. Үйлийн үрийг ойлгох нь бидний өдөөлөг, түлхээсүүд яаж үүсдгийг тайлбарладгаараа ихээхэн утга учиртай.

Асуулт: Үйлийн үр бидний Бурханы шашныг хүлээж авах, түүний зарчмуудыг ойлгох ойлгоцыг нөхцөлдүүлж чадах уу?

Хариулт: Урьдаас нөхцөлдсөн ба тайлбарлаж болох зүйлүүдийн хооронд ихээхэн ялгаа бий. Бидний Бурханы шашныг хүлээж авах болон ойлгох чадвар үйлийн үрээр тайлбарлагдана. бид урьдын төрлүүддээ сурч, дадуулж байсан бол бид энэ насандаа сургаал, номыг илүү хүлээн авах чадвартай байна. Өнгөрсөн амьдралдаа бид сургаалыг сайн ойлгосон бол зөнгөөрөө, энэ төрөлдөө ахиад л сайн ойлгодог. Өөрөөр хэлбэл, урьдах төрлүүддээ ихээхэн төөрөлдөж байсан бол түүнийгээ энэ төрөлдөө ч авчрах болно.

Гэхдээ, Бурханы сургаалиар бол үзэгдэл юмс урьдчилан зурагдсан байдаг юм биш. Энд хувь заяа, зурсан зураг төөрөг гэж байхгүй. Үйлийн үрийг бодолд төрсөн түлхэц буюу санаанууд гэж тайлбарлавал, ямар нэг зүйл үйлдэх санаа төрсөн цагт түүнийг үйлдэх эсвэл эс үйлдэхээ өөрөө сонгох асуудал гэж ойлгоно. Энэ болоод өмнөх төрлүүддээ бидний үйлдсэн үйлүүд дээр үндэслэн, бид ирээдүйд юу болж болохыг урьдчилан хэлэх буюу тайлбарлаж чадна. Бүтээлч үйлүүд сайн үр дүнг авчирч, сүйтгэгч үйлүүд муу үр дагавруудыг бий болгодог. Тодорхой үйлийн үрээр үйлдэх үйлдэл яаж боловсрох нь олон хүчин зүйлээс хамаарна. Олон зүйлс түүнд нөлөөлж болно. Бөмбөгийг агаарт хөөргөн шидсэний дараа доошоо унана гэдгийг бид урьдчилан хэлж чаддаг нэг зүйрлэл байна. Үүнтэй адилхан урьдах үйлүүдээс үндэслэн, ирээдүйд юу болж болохыг бид урьдчилан хэлж чадна. Гэвч, хэрэв бид бөмбөгийг бариад авбал, тэр газар дээр унахгүй. Урьдын үйлүүдээс ирээдүйд юу болохыг мөн адил урьдчилан хэлж болох боловч, энэ нь туйлын бус бөгөөд заяагдсан, чулуун дээр сийлэгдсэн, зөвхөн ийм л үр дүнд хүрэхээс өөр аргагүй зүйл биш юм. Үйлийн үрийг боловсроход өөр бусад чиг хандлагууд, үйлдлүүд, нөхцөл байдлууд зэрэг зүйлс нөлөөлнө.

Ямар нэг үйлийг хийх түлхэц бидний ухаанд орж ирэхэд, бид сонголт хийнэ. Бид толгойд нь ямар ч түлхээс бий болсон, түүнийг үйлдэж байдаг бяцхан хүүхдүүд шиг биш юм. Эцсийн эцэст, бид зүй ёсоор бие засахыг сурцгаасан шүү дээ. Бид ямар ч түлхэцийг үүсэнийх нь зоргоор даруй үйлдэл хийдэггүй. Хэн нэгийг гомдоох зүйл хэлэх, эсвэл балмад явдал үйлдэхэд хүргэх түлхээсийн тухайд ч ийм билээ. Ийм өдөөлөг бодол ухаан санаанд ороод ирвэл бид “Би үүнийг хэлэх буюу хийх үү, эсвэл ингэхийг тэвчих үү?” гэж сонголт хийж болно. Ийм бүтээлч ба сүйтгэгч үйлдлүүдийг ялган салгах, эргэцүүлэн бодох чадвар бол хүн төрөлхтнийг амьтан адгууснаас ялгаруулдаг зүйл билээ. Энэ бол хүн төрөлхтөний агуу их давуу тал юмаа.

Бидний оюун ухаанд хангалттай орон зай байдаг тул тодорхой түлхэцүүд бий болоход юу хийхээ бид сонгож чадах боломжтой. Бурханы сургаалиас суралцахад ихээхэн хэсэг нь ухамсрыг ингэж хөгжүүлэхэд оршдог. Бид тайвшрах тусмаа юу бодож, дараагийн хоромд юу хэлэх, хийх гэж байгаа талаараа илүү ухамсартай болдог. Амьсгалж байхдаа хийдэг, орж, гарч буй амьсгалаа чагнах бясалгал нь түлхэцүүдийг үүсч бий болж байхад нь анзаарч ажиглах чадвартай болдог орон зайг өгдөг юм. Бид хэн нэгнийг гомдоох ямар нэг зүйл хэлэх энэ өдөөлөг “надад” байна. Хэлчихвэл энэ нь бэрхшээл үүсгэнэ. Тиймд “би үүнийг хэлэхгүй” гээд ажиглаж, анзаарч эхэлдэг. Бид сонголт хийж чадна. Хэрэв бид ухамсаргүй, бодлогогүй бол, ухаалгаар сонгох чөлөө, завшаан олох аргагүй үймэрсэн бодол, түлхэцүүдэд эзэмдүүлсэн байдаг. Бид түлхэцдээ захирагдан тэр дор нь үйлдэл хийж, энэ нь бидний амьдралд хүндрэлүүд авчрах нь олонтоо байдаг.

Тиймээс бид юм бүхэн бидний Бурханы номыг ойлгож, хүлээн авах чадвар ч урьдчилан зурагдсан байдаг гэж хэлэх аргагүй. Бид урьдчилан хэлэх боломжтой боловч, бас өөрчилж солих нээлттэй орон зай бидэнд байдаг.

Асуулт: Өөр шашны итгэл үнэмшилтэй хүмүүс үйлийн үрийг бас л амсаж эдлэх үү?

Хариулт: Тийм ээ. Түүнийг амсаж, туулахын тулд үйлийн үрд итгэдэг байх шаардлагагүй. Бид хөлөө цохилоо гэхэд өвдөлтийг мэдрэхийн тулд шалтгаан ба үр дагаварт итгэх хэрэггүй. Хор бол амттайхан ундаа гэж бодсон ч түүнийг уувал бид үхнэ. Үүнтэй адил, бид тодорхой маягаар харьцсан ч гэсэн, шалтгаан ба үр дагаварт итгэсэн, итгээгүйгээс үл хамааран уг үйлдлийн үр дүн гарч л таарна.

Асуулт: Би өмнө нь амьдарч байсан хэн нэг өөр хүний үргэлжлэл мөн үү? Бурханы номын Дахин төрөл олох онол нь метафизикийн чанартай юу, эсвэл шинжлэх ухааны үндэстэй юу? Та Бурханы шашин нь арга ухааны болон шинжлэх ухааны чанартай гэж хэлсэн. Энэ нь дахин төрөхөд бас хамаарах уу?

Хариулт: Энэ нь хэд хэдэн асуултууд босгож ирдэг. Нэг нь: Ямар нэг зүйлийг шинжлэх ухааны үүднээс бид яаж батлах вэ? Эндээс юмсыг бид хэрхэн бат үндэслэлтэйгээр мэдэх вэ? гэсэн өөр сэдэв гараад ирнэ. Бурханы сургаалиудын ёсоор юмсыг бат үндэслэлтэйгээр хоёр замаар мэдэж болно. Шууд шулуун ухамсарлан хүртэх чадвараар мэдэж болно. Мөн лабораторд туршилт явуулсны үндсэн дээр дүгнэлт гаргаснаар, бид ямар нэг зүйлийн оршин байгааг шууд хүртэж ухамсарлах чадвараар нотолж болно. Бид сэрэл мэдрэхүйгээрээ энгийн замаар мэдэж авдаг. Гэхдээ зарим юмс тийм энгийн замаар бидэнд танигдах аргагүй байна. Тэгвэл бид логик, эрүүл ухаан, гаргалгаанд түшиглэх ёстой болно. Хэдийгээр эрт дээр цагт Энэтхэг оронд нэг Бурханы номын Их багш таалал төгсөөд, эргэж төрөхдөө, хаанд дахин төрөлт гэж байдгийг батлахын тулд “Би энд эргээд ирлээ” гэж хэлсэн тухай нэгэн түүх байдаг боловч дахин төрөхийг энгийн мэдрэхүйн арга хэрэгслээр батлахад маш хүнд. Урьдах төрлүүдээ санадаг, эдэлж хэрэглэж байсан зүйлсээ, өмнө нь таньдаг мэддэг байсан хүмүүсээ эргэн санаж, таньж чаддаг олон хүмүүсийн жишээ бас бий.

Эдгээр түүхийг харгалзахгүй гэвэл, дахин төрөл олохын илт харагдах логик бас байна. Дээрхийн Гэгээн Далай лам, хэрэв тодорхой санаанууд бодит байдалд нийцэхгүй байх аваас, тэдгээрийг Бурханы сургаалиас авч хаяхад бэлэн байна гэж айлдсан байдаг. Энэ нь дахин төрөлтөд бас хамаарна. Үнэндээ, тэрээр бүр анхнаасаа энэ мэдэгдлээ тухайн хам сэдвийн хүрээнд тавьсан юм. Хэрэв Шинжлэх ухаан, эрдэмтэд дахин төрөх байдаггүй гэж баталж чадах юм бол, бид түүнийг үнэн гэж итгэх итгэлээ орхих ёстой. Гэхдээ, эрдэмтэд эсрэгээр баталж чадахгүй бол, тэд шинэ зүйлсийг ойлгож ухаарахад нээлттэй, логик ба шинжлэх ухааны аргыг баримталдаг гэдэг утгаасаа түүнийг оршдог юм уу үгүй юу гэдгийг судалж, шинжлэх ёстой. Дахин төрөх гэж байдаггүй гэж батлахын тулд тэд түүний оршдоггүйг олж батлах ёстой болно. Ердөө “Дахин төрөх гэгч байдаггүй, учир нь би түүнийг нүдээрээ үзээгүй.” гэж хэлснээрээ дахин төрөл олох оршдоггүйг нээн илрүүлж байгаа юм биш. Бидний нүдээрээ үзэж чаддаггүй олон зүйлс оршиж л байгаа шүү дээ.

Хэрвээ эрдэмтэд дахин төрөх байдаггүй гэж баталж чаддаггүй бол тэд дахин төрөл олох гэж үнэхээр байдаг юм уу, үгүй юу гэдгийг судалж, шинжлэх шаардлагатай болноодоо. Шинжлэх ухааны арга нь тодорхой баримт дээр тулгуурласан онолыг дэвшүүлээд, дараа нь түүнийгээ баттай нотлогдох эсэхийг нь шалгах явдал юм. Тиймээс бид баримтыг авч үздэг. Бид нялх хүүхдүүд юу ч бичигдээгүй соронзон хальс шиг төрдөггүй нэг жишээг нэрлэж болно. Тэд тодорхой зуршил, хувийн шинж төрхтэй байх ба бүр маш багаасаа эдгээр нь ажиглагддаг. Эдгээр нь хаанаас бий болдог юм бэ?

Зөвхөн эцэг эхийн бодисын мөн чанар болох эхийн өндгөн эс ба эцгийн үрийн шингэнээс л бий болдог гэж хэлэх нь утгагүй юм. Умайд уулзах эр бэлгийн үр хөврөл, өндгөн эс бүр ураг болж хөгждөггүй. Тэгээд хүүхэд болох, болохгүйн хоорондох ялгааг юу шийддэг юм бэ? Хүүхдийн янз бүрийн дадал ба зөн совин хэрэг дээрээ чухам юунаас шалтгаалдаг юм бол? Бид үүнийг ДНА ба генүүд гэж нэрлэж болно. Энэ нь зөвхөн бодисын тал. Хүүхэд хэрхэн ингэж өвлөн авдгийг хэнбугай ч үгүйсгээгүй. Гэлээ гэхдээ, амьдралд тохиолдол, туршлагын талыг яах вэ? Ухаан санаа оршдогийг хэрхэн тайлбарлах вэ?

Англи хэлний “mind” (ухаан санаа) гэдэг үг Санскрит ба Төвд нэршил шиг хөрвүүлэгт гаргах гэсэн санаатай ижил утгыг агуулдаггүй. Бурханы номын эх хэлнүүдэд “mind” буюу ухаан санаа нь сэтгэн бодох үйл ажиллагааг хийж байгаа биетүүдийг биш, сэтгэн бодох үйлдэл буюу сэтгэн бодохын үйл явцуудыг илэрхийлнэ. Үйлдэл буюу үйл явдал нь, нэг талаас бодол, үзэл, дуу авиа, сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмж гэх мэт тодорхой зүйлсийн танин мэдэхүйн үзэдлүүдээр, нөгөө талаас уг зүйлсийг харж, сонсож, ойлгож, эсвэл ойлгохгүйгээр танин мэдэхүйд татагдан оролцдог хоёр талтай үйл явц юм. Энэ хоёр тал ерөнхийдөө “тодорхой байдал” (Англи хэл: clarity) ба “ухаарал” (Англи хэл: awareness) гэж орчуулагдах боловч уг Англи хэлний орчуулга нь төөрөлдөл үүсгэдэг.

Бодгаль хүний сэтгэн бодох энэ үйл ажиллагаа, танин мэдэхүйн объектуудын үүсэл болон танин мэдэхүйн үйл явцыг бас оролцуулаад, хаанаас гарч ирдэг юм бэ? Энд бид бие цогцос хаанаас бий болдог тухай яриагүй. Учир нь энэ бол илтэд эцэг эхээс олдоно. Бид үүнд генетик суурь байна гэсэн нотолгоог бас өгч чадах учраас оюун ухааны чадвар мэтийн тухай яриагүй. Гэлээ ч хэн нэг хүн шоколадтай мөхөөлдсийг илүү таашаах нь түүний генээс үүдэлтэй гэвэл хэтрүүлсэн хэрэг болно.

Бидний зарим сонирхолд оршиж байгаа гэр орон буюу эдийн засгийн, нийгмийн нөхцөл байдлууд нөлөөлдөг байж болно. Эдгээр хүчин зүйлс эргэлзээгүй нөлөөлөх боловч бид ийм маягаар хийж байгаа болгоноо тайлбарлах гэвэл төвөгтэй. Жишээлбэл: Би яагаад хүүхэд байхдаа Йогийг сонирхох болов оо? Миний гэр бүл миний эргэн тойрон, нийгэмд хэн ч ийм сонирхолтой байгаагүй. Миний амьдарч байсан газарт хэд гурван ном л олддог байлаа. Үүнийг нийгмийн зарим нөлөөлөл байсан гэж хэлж болно. Гэхдээ би яагаад заавал Хата йогийн номыг сонирхох болсон юм бэ? Яагаад би түүнийг сонгож авав? Энэ бол өөр асуудал юм.

Үүнийг түр орхиод, үндсэн асуудалдаа эргэн хандъя. Танин мэдэхүйн объектууд үүсэх явц болон зөвхөн танин мэдэхүйн үйл явц хаанаас гарч ирдэг юм бэ? Хүртэн ойлгох чадвар хаанаас үүдэлтэй вэ? Амьдралын оч хаанаас гарч ирдэг вэ? Амьдралд эр бэлгийн үр хөврөл ба өндгөн эсний хослол чухам юуг өгдөг вэ? Тэгээд чухам юу хүнийг юу бий болгов? Бодол, үзэл зэрэг нь юмсыг юу буй болгоод байгаа эсэх, тэдгээртэй цуг танин мэдэхүйд татагдан ороход юу нөлөөлдөг, тархины химийн ба цахилгаан идэвхжлийн туршлагын тал нь юу болох тухай асуудлууд байна

Хүүхдийн сэтгэцийн үйл ажиллагаа эцэг эхээс нь үүдэлтэй гэж хэлэх хэцүү, яагаад гэвэл тийм юм бол эцэг эхээс хүүхэд рүү ямар замаар дамжих вэ? Энд ямар нэг механизм байх ёстой. Ухамсраар тодорхойлогдох чанар бүхий амьдралын оч эр эр бэлгийн үр хөврөл ба өндгөн эстэй ижил замаар эцэг эхээс ирэх үү? Дур тавилттай хамт ирдэг юм уу?, Өндгөн эсэд байх уу? Хэрэв бид эцэг эхээс дамждаг тухай логикийн, шинжлэх ухааны шинж тэмдгийг олж чадахгүй бол, өөр шийд эрэлхийлэх хэрэгтэй болно.

Болж буй үзэгдлүүдийг бид зөвхөн логикоор харах юм бол бүгд өөрийн үргэлжлэлээс, өөрөөр хэлбэл ижил язгуурын үзэгдлийн урьдах мөчүүдээс үүсдэг болохыг бид тогтооно. Жишээлбэл: физикийн үзэгдэл, матери ч бай, энерги ч бай, зөвхөн өөрийнхөө урьдах агшнуудаас бий болдог. Энэ бол цогц үргэлжлэл юм.

Уур унтууг аваад үзье. Уурлаж байх үедээ бид бодисын энергийн тухай ярьж болно. Энэ нь нэг зүйл. Гэхдээ уурыг мэдэрч амсах сэтгэцийн үйл ажиллагааг, сэтгэлийн энэ хөдлөл үүсэхийг, ухамсартай ба ухамсаргүйгээр түүнийг амсахыг бодоод үзэгтүн. Хувь хүн уурыг амсах нь энэ насны хүрээн дэх үргэлжлэлийн өмнөх агшнуудаас нь улбаалан гардаг. Гэвч үүний урдах нь хаанаас гарч ирсэн юм болоо? Эцэг эхээс гарч ирж болох ч, эсвэл бүтээгч Тэнгэр эцгээс гарсан байлаа ч, хэрхэн ийм болдгийг тайлбарлах механизм байхгүй л юм шиг байна. Зарим хүний хувьд энэ нь бас логикийн хувьд тайлбарлаж болохгүй зүйлүүдийг агуулж байна. Өөрөөр хэлбэл, хүний амьдралд тохиолдох уур уцаар нь үргэлжлэх эхний агшнаас гарч ирдэг гэж хэлэх болж таарна. Дахин төрөл олох тухай онол ердөө үүнийг л тайлбарладаг юм.

Бид дахин төрөхийг кинотой зүйрлэн ойлгох гээд үзэж болно. Кино нь байнга солигдох хальснуудын үргэлжлэл байдаг шиг, бидний оюун ухааны үргэлжлэлүүд буюу ухаан санааны урсгалууд нь энэ насны болоод, нэг төрлөөс дараагийн төрөлд шилжих, байнга хувиран өөрчлөгдөх агшнуудын үргэлжлэлүүд юм. Энд “би” эсвэл “миний ухаан санаа” гэх мэт дахин төрдөг хатуу, цул, олж болохуйц, тусдаа орших зүйл үгүй. Дахин төрөл олох нь нэгээс нөгөө төрөлд шилжиж байдаг зөөвөрлөх бүсэн дээр суулгасан бяцхан шуумалтай зүйрлэмээр зүйл биш. Харин энэ бол байнга хувирч өөрлөгдөх кинотой адилхан зүйл. Хальсны зураг бүр нь өөр өөр бөгөөд тэд цувран үргэлжилдэг. Нэг хальсны зураг дараагийнхтайгаа холбогдоно.Үүнтэй адил ухамсарлах агшнуудын, тэдгээрийн зарим нь бүр ухамсарлагдаагүй байсан ч байнга хувиран өөрчлөгдөх үргэлжлэл юм. Цаашилбал, тэд хэдийгээр бүгд кино боловч бүх кинонууд яг нэг кино биш байдагтай адил ухаан санааны бүх үргэлжлэлүүд буюу “ухаан санаа” (mind) бүр нэгэн хэвийн цутгасан мэт байдаггүй. Үзэгдлийг ухамсарлах үргэлжлэлүүдийн тоо томшгүй олон бодгаль урсгалууд байна.

Эдгээр нь шинжлэх ухааны, оновчтой үзлийн үүднээс судлан шинжилж эхлэх нотолгоонууд юм. Хэрвээ онол логикоор ойлгогдож байвал, бид дараа нь өмнөх төрлүүдээ санадаг хүмүүс байдгийг илүү нухацтайхан судалж болж байна. Ингэж бид дахин төрөлт оршдог талаар шинжлэх ухааны байр сууринаас судална.

Асуулт: Бурханы номлолд сүнс гэж үгүй, биечилсэн өөрөө би гэж байдаггүй гэдэг. Тэгвэл чухам юу дахин төрөөд байдаг болж таарах вэ?

Хариулт: Дахиад давтая, дахин төрөлтийг тодорхой сүнс, бяцхан нэг шуумал юм уу, хүн зөөвөрлөх бүсэн дээр нэгээс нөгөө төрөлд зорчин байдагтай зүйрлэж болохгүй. Зөөвөрлөх бүс цаг хугацааг, дүрс зураг нэг бат бөх зүйл, тогтсон хувь хүн юм уу “Би” хэмээх сүнсийг илэрхийлдэг. Тэрхүү “Би” нь цаг хугацаагаар дайран өнгөрөхдөө: “Одоо Би залуу, одоо Би хөгшин, одоо Би энэ амьдралд байна, одоо Би тэр төрөлд байна” гэх жишээтэй байдаг. Энэ нь Бурханы шашны төсөөлөл биш. Дахин төрөхийн зүйрлэл нь кинотой илүү адил. Кинонд үргэлжлэлтэй ба зургууд нь үргэлжлэлийг бүрдүүлдэг.

Бурханы шашинд би бол та болно, эсвэл бид бүгдээрээ нэг бие гэж сургадаггүй. Хэрвээ бид бүгдээрээ нэг юм бол, би та юм бол, бид хоёулаа өлссөн үед, та машинд суугаад хүлээж, би яваад хоёулангийнхаа төлөө хооллож болно. Энэ нь тийм биш. Бид бүгд өөрийн гэх үргэлжлэлийн урсгалуудтай. Миний кинон дахь зураглал, таны киноныход шилжин орохгүй. Харин бидний амьдрал хатуу тогтсон бус маягаар кино шиг үргэлжилнэ. Амьдрал нэг зурагнаас нөгөө рүү үргэлжилнэ. Амьдрал үйлийн үрийн дагуух дарааллыг мөрдөж, тийнхүү үргэлжлэлийг бүрдүүлнэ.

Асуулт: Ухаан санаанд янз бүрийн түлхэцүүд яаж хадгалагдаж байдаг, хэрхэн ил гарч ирдэг юм бэ?

Хариулт: Энэ нь маш ярвигтай. Бид тодорхой нэг үйлдэл хийж, тухайлбал, янжуур татдаг. Янжуур татахад тодорхой энерги орж байгаа учраас, энэ үйлдэл нь дахиад нэгийг татах нөөц хүч болж үйлчилдэг юм. Энд бол бүдүүн бараг энерги үйлчилж, үйл дуусмагц энэ энерги бас дуусаж байхыг,. Тэнд бас нарийн энерги байж, уг үйлийг давтан хийх нөөц энерги болдог юм. Илүү ахин хүсэх энэхүү тамхийг татах нарийн энерги нь, маш нарийн ухаан санааг дагалдан, нэгээс нөгөө төрөл рүү маш нарийн энергитэй цуг зөөгдөж байдаг. Хамгийн энгийн үгээр тодорхойлоход, хамгийн нарийн ухаан санаа нь яруу тод ба ухамсрын үйл ажиллагааны хамгийн дээд түвшинд хамаарч байхад, хамгийн нарийн энерги нь энэ үйл ажиллагааг дэмжигч маш нарийн амьдралыг тэтгэгч энергид хамаарна. Эдгээр нь нийлээд “амьдралын тэтгэгч оч” гэж нэрлэж болох тэр зүйлийг бүрэлдүүлнэ. Нэг төрлөөс нөгөө төрөлд шилжиж байдаг тэр зүйл юм. Амьдралын энэ очтой хамт үйлийн үрийн нөөц боломж шилжин зөөгдөж байдаг юм.

Хандлагууд, дадал зуршлууд бас цааш зөөгдөн шилждэг боловч тэдгээр нь бодисын чанартай биш ээ. Дадал зуршил юу юм бэ? Жишээлбэл: бид цай уух зуршилтай. Бид өнөөдөр өглөө, өчигдөр өглөө, уржигдар ч бас цай уусан. Энэ зуршил нь бодит аягатай цай биш. Энд бидний ухаан санаа “Цай уу!” гэж хэлээд байгаа биш. Энэ бол ердөө л цайг олонтоо уусан ижил үйлдлүүдийн дараалал юм. Бид түүнд “цай уух зуршил” хэмээх дарааллын шошгыг хаджээ. Зуршил бол бодисын чанартай зүйл биш, харин адил үйл явдлуудын дарааллын тухай ярихаас үүссэн хийсвэрлэл юм. Үүнээс үндэслээд ирээдүйд үүнтэй адил зүйл тохиолдоно гэж урьдчилан хэлж бид чадна.

Ирээдүйд давтагдах зуршил, зөн совин, хандлагуудын тухай яривал мөн адилхан. Ямар ч бодисын чанартай зүйл үргэлжлэн давтагддаггүй. Гэхдээ, ухаан санааны үргэлжлэлийн мөчлөгүүдийн үндсэн дээр, энэ цаг, тэр үед ижил явдлууд байна, тиймээс ирээдүйд ч ижил тохиолдлууд гарах нь гэж хэлж болох талтай.

Асуулт: Хэрвээ амьдрал нь ухамсрын шилжилтийг агуулдаг юм бол, ямар нэг эхлэл гэж байна уу?

Хариулт: Бурханы сургаалд заахдаа эхлэл гэж байхгүй гэж сургадаг. Эхлэл нь логиктой бус. Матери, энерги, бодгаль сэтгэлүүдийн (ухаан санаа) үргэлжлэлд эхлэл байхгүй. Хэрэв эхлэлтэй байсансан бол, тэр нь хаанаас гарсан байх вэ? Эхлэлийн өмнө юу байдаг юм бэ?

Зарим хүмүүс хэлэхдээ “Бидэнд эхлэл хэрэгтэй. Тиймээс, Эзэн тэнгэр бүхнийг бүтээсэн.” гэдэг. Тэд өөр өөр шашинд янз бүрийн нэртэй болсон Бүтээгч эзэн байдаг гэдэг үзлийг баримталдаг. Бурханы шашинтан “Эзэн Тэнгэр хаанаас үүссэн юм бэ? Эзэн Тэнгэр эхлэлтэй юу?” гэж асуух байх. Эзэн Тэнгэр эхлэлгүй гэж хариулах болсон ч, Бурханы шашинт хэлцэгч маань “Аан, энэ чинь эхлэлгүй юм байна.” гэж хэлэх буюу Эзэн Тэнгэрийн бүтээсэн нэг зүйл юм уу, хэн нэгэнд анхаарлаа хандуулах болно. Энэ нь тэдний өөрсдийн гүн ухаантай зөрчилдөх юм.

Бурхангүй үзэлтэн “Эзэн тэнгэр гэж байхгүй. Юм бүхэн юу ч үгүйгээс үүссэн. Орчлон юу ч үгүйгээс, оргүйгээс хувьсан хөгжсөн юм. Бидний ухаан санааны үргэлжлэл ч оргүйгээс гарч ирсэн” гэдэг. Тэгвэл бид “Оргүй, юу ч үгүй юм чинь хаанаас гарсан юм бэ?” гэж асууна. Тэд “Юу ч үгүй, оргүй бол эргэн тойронд ямагт байна. Оргүй, юу ч үгүй ямагт байсан. Энэ оргүйд чинь эхлэл байдаггүй.” гэж хэлнэ. Дахиад л бид эхлэлгүй рүү буцаад ирлээ. Ямар хариулт өгсөнөөс үл харгалзан бид эхлэлгүйд эргээд ирж байна.

Хэрэв эхлэлгүй нь бидний логикийн ганцхан дүгнэлт төдий юм бол “Хөдөлж буй ямар нэг зүйл оргүйгээс гарч ирэх боломжтой юу? Оргүй, юу ч үгүй юм ямар нэг зүйлийг бүтээж гаргаж хэрхэн чадах вэ?” гэдгийг нягталж үзье. Энд ямар ч утга алга. Бүх юм шалтгаантай байх учиртай. Туурвигчийн тухай өөр тайлбарт утга учир байна уу? Энэ нотолгоонд бас л олон логикийн зөрчил байна. Жишээлбэл: Бүхнийг чадагч, эсвэл бүр цэвэр бодисын их тэсрэлтээр хамаг юм бүтээгдсэн байлаа гэхэд сэдэл санаа, зорилго, нөхцөл байдлын нөлөөгөөр тодорхой нэг цэгт туурвил болсон юм уу? Тийм бол бүхнийг туурвигдахаас өмнө оршиж байсан юм бүрийн туурвилд юу тэгээд нөлөөлсөн байх нь вэ? Үүнээс ямар ч ойлголт гарахгүй байна. Хэрэв туурвигч маань нигүүслэлгүй бөгөөд эхлэлгүй байсан бол тэрээр яаж нигүүслийг бүтээсэн байх вэ?

Анхааралдаа авч үзэх гурав дахь зүйл бол юмс эхлэлгүйгээр үргэлжлэн орших уу? гэсэн асуудал юм. Энэ бол матери бүтээгдээгүй, бас усташгүй зөвхөн хувирч хувьсдаг гэсэн санаатай нийцэх илүү шинжлэх ухааны баримтлал юм. Бодгалийн ухаан санааны үргэлжлэл ч мөн адил. Энд эхлэл гэж үгүй, юм бүхэн харилцан хамаарч, шалтгаан ба нөхцөл байдлын улмаас хувирч байдаг.

Асуулт: Бурхан багш шавь нартаа, тэр өөрөө Бурхан биш гэж хэлсэн байдаг. Ийм тохиолдолд Бурханы шашин дахь мөргөл залбирлын үүрэг юу байх вэ?

Хариулт: Залбиралын гол утга нь өөр хэн нэгэн “Бидний шаналал зовлон, бэрхшээлийг хэн нэгэн арилгаж өгөх боломжтой болов уу?” гэсэн асуудал юм. Бурхан багш хэлэхдээ, хэн ч бидний асуудлуудыг бүгдийг нь, туулайн чихнээс барьж байгаад хүнд байдлаас суга татаад гаргах шиг арилгаж чадахгүй гэсэн билээ. Энэ бол боломжгүй зүйл. Бидэнд тохиолдож байгаа бүхэнд бид өөрсдөө хариуцлага хүлээх учиртай. Тиймээс, хэрэв бид аз жаргалын шалтгаануудыг бүтээж, зовлонгийн шалтгаанаас зайлахыг хүсвэл, цэвэр ариун ёс суртахууныг баримтлах хэрэгтэй. Амьдралаа сайжруулахыг хүсэж байвал, ирээдүйд болох зүйлд нөлөөлөхийн тулд зан авираа, хандлагаа өөрчлөх нь бидний хэрэг юм.

Бид Бурханы номонд мөргөж, залбирахдаа “Бурхан багшаа, намайг Мерседестэй болгооч!” гэж гуйдаггүй. Тэнгэрт залрах хэн ч Мерседесийг бидэнд болгоохгүй. Харин бид залбирахдаа, ямар нэг зүйлийг тохиолдоосой гэсэн хүчтэй хүслийг бий болгодог. Бидний хандлага, үйл хэрэг түүнийг тохиоход хүргэдэг. Гэхдээ, Бурхан багш, Бодисатва нар биднийг хөхиүлэн урам хайрлана.

Заримдаа “урам онгод” гэдэг нэр томъёог “адис” гэж орчуулдаг. Энэ харин маш муу орчуулга шүү. Бурхан багш, Бодисатва нар өөрсдийн жишээгээр бидэнд онгод хайрладаг. Тэд бидэнд сургаж, замыг заадаг боловч бид өөрсдөө тэр замыг туулах ёстой. “Та морио ус руу хөтөлж чадна. Харин мориныхоо өмнөөс өөрөө ус ууж чадахгүй” гэсэн үг байдаг. Морь өөрөө ус уух болно. Үүн шиг зам мөрөөрөө бид өөрсдөө замнах учиртай. Зовлонгоосоо салах ухамсар, үйлдэлд өөрсдөө л хүрэх ёстой. Бид энэ хариуцлагаа гадны бүхнийг чадагчид даатгаж: “Та бүхнээс хүчирхэг, надад үүнийг хийж соёрх. Би мутарт чинь өөрийгөө тушаая.” гэж бодож болохгүй. Бурханы шашинд бид Бурханы хутагт нарт өөрсдийн жишээгээрээ биднийг зоригжуулж, онгод хайрлана хэмээн итгэж найддаг юм. Онгод, урам зориг, сургаалиараа дамжуулан тэд бидэнд тусалж, биднийг хөтөлдөг юм. Гэсэн ч бид өөрсдийн зүгээс тэдний онгод урмыг хүртэн, хүлээж авах нөөц бололцоогоо хөгжүүлэх хэрэгтэй. Үндсэн ажлаа бид өөрсдөө л хийх учиртай.

Бурханы шашны талаарх буруу зөрүү ойлголтуудын ихэнх нь түүний нэршлүүд, ерөнхий төсөөллүүдийг Англи болон бусад гадаад хэлнүүдэд муу орчуулсны улмаас үүсдэг юм. Бурханы шашны Англи хэлнээ хөрвүүлэхэд хэрэглэдэг орчуулгын олон нэр томъёонуудыг өнгөрсөн зууны, эсвэл бүр түрүү үеийн Бурханы шашны толь бичгүүдийг зохиогчид гаргажээ. Дээр үеийн эдгээр эрдэмтэд Авралын зар түгээгчдийн (миссионерын) буюу Виктория хатан хааны үеийн хүмүүс байсан нь олонтаа бөгөөд, өөрсдийнхөө хүмүүжлээс улбаатай үгсийн сангийн нэр томъёонуудыг сонгосон байдаг. Тэдний сонгосон олон үгс байдаг боловч, тэд Бурханы шашны хэллэгийн жинхэнэ утгыг нягт нямбай дамжуулж чадаагүй. Эдгээр үгсийг уншиж байхад, бид Христийн шашны буюу Викториягийн үеийн орчин дахь шиг утгыг илтгэж байгаа мэт санагддаг. Энэ нь хэрэг дээрээ тийм биш юм.

Жишээ нь “bless” адис, “sin” нүгэл хилэнц (гэм), “nonvirtuous” буянгүй, “virtuous” буянт, “confession” нүглээ наминчлах гэх үгс байна. Христийн шашинд, эдгээр үгс нь ёс суртахууны шүүлтүүр, шан, шийтгэлийн зарим төрлийн далд утгатай билээ. Эдгээр үгс соёлын өөр өөр хөрснөөс улбаатай. Тиймээс Бурханы шашны судлалд түрүү үеийн орчуулагчдын хэрэглэж байсан үгсээс соёлын түрхэц, бүрхүүлийг бололцооны хирээр маш сайн цэвэрлэх явдал маш чухал билээ. Тэд Бурханы сургаалийн судалгааны агуу их анхдагчууд байсан бөгөөд, бид тэдний нөр их хүчин чармайлтанд талархах хэрэгтэй. Гэлээ ч өнөөдөр, бид эх бичгүүдийн анхны хэлэнд ахин эргэж хандан, эх хэлнүүдийн тодорхойлолтоор нь Бурханы номын ойлголтуудыг ухаарч, тэдгээрийн утга санаанд тохирох Англи үгс, хэллэгийг нэвтрүүлэх шаардлагатай байна.

Асуулт: Дарвины хувьслын онолыг Бурханы шашин юу гэж үздэг вэ?

Хариулт: Дарвины онол нь бие цогцосын хувьсалд хандсан ба эдгээр биеүүдэд оюун санааны үргэлжлэлүүд, дэлхийн түүхийн хэд хэдэн үеүүдэд дахин төрж болох тухай билээ. Энэ онол удаах амьдралууддаа бодгаль ухааны үргэлжлэлийг авч болох бие цогцосын хувьслыг авч үздэггүй. Энэ гариг дээрх бодисын амьдралын хэлбэрүүд болон тэдгээрт эргэн төрөх оюун санааны урсгалуудын үргэлжлэлийн хооронд ихээхэн ялгаа бий.

Бурханы сургаалийн эх бичгүүд дэх хувьслын тухай зарим тайлбарууд бидэнд жаахан этгээд санагдаж болно. Эдгээрт урьд биднээс илүү сайхан нөхцөлд байснаа, дараа нь уруудсан төрөлтнүүдийн тухай өгүүлдэг. Тийм үү, үгүй юу гэдгийг тогтоохын тулд судлан шинжлэх хэрэгтэй. Бурхан багш болон түүний араас замнагсдын сургасан сургаалиуд шинжлэх ухааны баримтаар нотлогддоггүй. Нотлогдож болохгүй байгааг нь Дээрхийн Гэгээнтэн Далай лам анхаарлаас гадуур орхиход бэлэн байна гэсэн. Эдгээр Их багш нар ямар нэг онцгой шалтгаанаар наанаас нь харвал гайхмаар тайлбаруудыг өгч, тэдгээрийг үгчлэн ойлгуулахаар бодоогүй бололтой. Тэд янз бүрийн нийгмийн эсвэл сэтгэл зүйн бодит байдлуудыг заасан бололтой.

Гэсэн хэдий ч, хувьслын өөрийнх нь явцад үлэг гүрвэлүүд,нэгэнтээ байснаа, одоо устаж үгүй болжээ. Энэ гариг дээр одоо үлэг гүрвэл болж дахин төрөх үйлийн үр буюу түлхэцүүд үлдээгүй байна. Орчин үед оюун санааны урсгалуудад бие болох боломжтой өөр бодисын үндэс суурь бий болсон. Энэ нь цагийн явцад дахин төрөхөд хэрэгтэй бодисын сууриуд өөрчлөгдөн хувирч байдаг гэсэн Бурханы шашны тайлбаруудтай зөрчилдөхгүй байна.

Дээрхийн Гэгээнтэн Далай ламын эрдэмтэдтэй хийсэн нэг маргааны үеэр, компьютерүүдхэзээ сэрэн мэдрэгч амьтад болох вэ? Компьютер нэг л өдөр оюун ухаантай болох уу? гэж түүнээс асуусан юм. Тэр сонирхолтой хариу өгч, “Хэрвээ компьютор юм уу, робот оюун ухааны үргэлжлэлийн үндэс суурь болж үйлчилэхэд хангалттай нарийн боловсронгуй түвшинд очих юм бол, оюун ухааны урсгал өөрийнхөө нэг төрлийн бодисын суурь болгон, цэвэр органик биш машинтай холбогдож болохгүй байх ямар ч шалтгаан байхгүй.” гэсэн билээ. Энэ нь Дарвинаас бүр илүү туйлширч байгаа хэрэг юм.

Үүгээр компьютер бол оюун ухаан гэж хэлж байгаа хэрэг биш. Энэ бол компьютерт оюун ухааныг бид хиймлээр бүтээж чадна гэсэн үг биш. Гэхдээ компьютер хангалттай нарийн боловсронгуй болох юм бол, оюун ухааны урсгал түүнтэй холбогдож, бодисын сууриа болгон авч болно.

Ийм алсын хараат бодол орчин цагийн хүмүүсийг шагшуулж Бурханы шашныг сонирхоход хүргэдэг. Бурханы шашинтнууд эдгээр маргаануудыг эрдэмтэдтэй хийж, орчин үеийн ертөнцийн төрөл бүрийн нийтлэг сэдвүүдтэй нүүр тулахад зоримог бөгөөд бэлэн байдаг. Бурханы шашин энэ үүднээс орчин цагт амьд бөгөөд хүчирхэг байна. Бурханы шашин нь Бурхан багшаас эхлээд үл тасалдах урсгалаар дамжих эртний мэргэн билэг ухаантай төдийгүй, бас өдгөө болоод ирээдүйн хэрэг асуудлуудыг зохицуулан амьдарч байна.

Асуулт: Хүн Бурханы хутгийг олоход, оюун санааны урсгал яах вэ?

Хариулт: Энэ асуултад хариулахаас өмнө Бурхан багш олон хүнд сургаалиа айлдсан гэдгийг би тайлбарлах ёстой. Хүн болгон адилгүй. Бид харилцан ялгаатай, чадвар, дур сонирхолтой. Бурхан багш хүн бүр өөрийн зан араншин, дур сонирхолд дүйцэх арга замыг олоход зориулж олон янзаар сургаалиа айлдсан туйлын чадварлаг нэгэн байв. Тиймээс Бурхан багшийн номлолын гол уламжлалууд болох Бага хөлгөн нь ухааны бага цартай дадлагажигсдад, Их хөлгөн нь ухааны цар ихтэй дадлагажигсдад зориулагджээ. Эрт цагт оршиж байсан арван найман Бага Хөлгөний сургаалиас Теравада нь одоо байгаа цорын ганц сургаал юм.

Хэрэв Бурхан багш эрмэлзэл тэмүүлэл ба зорилго багатай, хир тааруу хэн нэгэнд хүн бүрийн оюун санааны урсгал мөнх үргэлжилнэ гэж хэлэх юм бол, цаад хүн зориг мохох байхаа. Зарим хүмүүс асуудал, зовиуртаа дарагдсан байдаг. Тийм хүмүүст Бурхан багш “Чи зовлонгоосоо гарч, чөлөөлөгдсөн нэгэн Архад болж Нирваанд хүрч (зовлонгоос гэтлэх) чадна. Өөд болоод чи Паринирваанд хүрнэ. Энэ үед чиний оюун санааны урсгал, тос нь ширгэсэн зул шиг төгсөнө.” гэж хэлдэг байжээ. Уг хүнийг ийм тайлбар машид зоригжуулах болно. Учир нь тэр тогтмол эргэж ирэх проблемууд, дахин дахин төрөх эргэлтээс зугтахыг хүсч, дахиад цаашид сэтгэл зовохгүйг хүсэж байна. Энэ тайлбар нь ийм төрлийн хүнд үр өгөөжтэй юм. Гэхдээ, Бурхан багш оюун санааны бүх урсгалууд далайд нийлэх усны урсгалууд шиг эцэстээ нэг болно гэж сургаагүйг анхааралдаа аваарай. Энэ бол Хинду шашны тайлбар юм.

Ухааны илүү их цартай хүнд Бурхан багш “ Урьдах тайлбарыг би хир тааруухан хүмүүсийн тусад өгсөн юм. Үүнийг гэхдээ би үгчлэн тайлбарласан нь тийм утгатай биш юм шүү. Учир нь оюун санааны урсгалууд үнэндээ өнө мөнх үргэлжилнэ. Хамаг зовлонгоо арилгаад, та Нирваанд хүрсэний хойно оюун санааны тань чанар өөрчлөгддөг. Таны оюун санаа урьдынх шиг төвөгтэй маягаар үргэлжлэхгүй болно.” гэж хэлдэг байв. Тийнхүү Бурхан багш уужуу ухаанаар гэгээрэлд хүрэхийг зорьж байгаа хүмүүст жинхэнэдээ оюун ухааны урсгалууд мөнхөд эхлэл, төгсгөлгүй үргэлжилнэ гэж тайлбарлажээ. Гэгээрсэн төрөлтөнгүүд энэ биеэ орхиход, тэдний оюун ухааны урсгал мөн үргэлжилсээр л байна.

Нирваанд хүрч чөлөөлөгдсөн Архадууд ба төгс гэгээрсэн Бурханы хутагт хүмүүсийн хооронд ялгаа бий. Архадууд асуудлууд, шаналал зовлон, түүний шалтгаанаас ангид чөлөөтэй байдаг бол Бурханы хутагт нар хамаг хязгаарлалтуудаа гэтэлж, хамаг амьтанд хамгийн үр ашигтай замаар тус буян болохын төлөө өөрсдийн хамаг нөөц чадавхиа зарцуулсан байдаг.

Асуулт: Нирвааны төлөв нь тогтмол, байнга байдаг уу? Бид гэгээрэлд хүрэхдээ, жаргалтай ч биш, гунигтай ч биш, амар амгалангийн төлөвт орно. Энэ чинь нилээд нэг хэвийн, уйтгартай биш гэж үү?

Хариулт: “Байнга, тогтмол” гэдэг ойлголтыг хэрхэн хэрэглэх талаар болгоомжтой байх хэрэгтэй. Заримдаа энэ нь хөдөлгөөнгүй, хэзээ ч өөрчлөгддөггүй байх гэсэн утгатай. “Байнгын” гэдэг өөр нэг утга нь мөнхөд үргэлжлэх гэсэн утга. Бид Нирваанд хүрэхээрээ, хамаг зовлонгоосоо өөрсдийгөө салгана. Нэгэнт асуудлууд өнгөрсөн л бол буцаж ирэхгүй. Энэ төлөв мөнхөд үргэлжилнэ. Хамаг дутагдлуудыг зайлуулсны дараа тэд эргэж ирэхгүй, мөнхөд үгүй болно. Гэхдээ Нирваана байнгын тогтмол учраас энэ нь бат бөх, тодорхой, бид тэр байдалд байхдаа юу ч хийхгүй гэж санаж болохгүй. Энэ нь тийм биш. Бид Нирваанд хүрээд, бусдад туслах болон үйл хөдлөлөө үргэлжлүүлнэ. Нирваана бол хамаг үйл ажиллагаа зогссон, юу ч тохиолддоггүй гэсэн утгаар, тогтмол, хувиршгүй биш юм. Бид “байнга хувиршгүй” гэдэг үгийг хэрэглэхдээ илүү чамбай байж, түүний давхар, хоёрдогч утгуудыг бодолцвол таарна. Нирвааны төлөв өөрөө өөрчлөгдөхгүй, хязгаарлалтуудаа арилгасан амжилт маань хувирахгүй. Энэ бол мөнхөд үргэлжилнэ. Ийм төлөвт хүрсэн хүн гэхдээ хөдөлж, үйлдсээр байна.

“Амар амгалан” гэдэг хэд хэдэн давхар утгатай. Энэ нь жаргалтай ч биш зовлонтой ч биш, саармаг мэдрэмжийг илэрхийлж болно. Гэхдээ энэ бол Бурханы хутагт нарт тохиолддог зүйл биш. Дээдэс Бурхадын зарим нь аз жаргал ба гунигийн мэдрэмжийн чанад дахь гүн бясалгалын нойрмог байдал (транст) умбаж, ийм байдалд бүрнээ төвийг сахьсан мэдрэмжийг амсана. Бурханы хутагт нар ийм төвийг сахисан мэдрэмжээс өөрсдийгөө ангижруулсан байдаг. Учир нь энэ бол төөрөгдөлтэй холбоотой. Хамаг асуудлууд, хязгаарлалтуудаас өөрсдийгөө чөлөөлөхөд, урьд нь бухимдал, айдас, зовнил түгшүүрүүдэд хүлэгдэж байсан асар их хэмжээний энергийг бид сулладаг. Ямарваа төөрөлдөлтэй хамаалралгүй энэ бүх энерги сул тавигдахад, бид туйлын их жаргалыг амсах шиг болно. Энэ бол төөрөлдөлтэй холбоотой эгэл жаргалангаас огт ялгаатай билээ. Энэ бол ерөөсөө саармаг, эсвэл нэг хэвийн байдаггүй.

“Амар амгалан” (Англи хэл: equanimity) гэдэг үгийн өөр нэг хэрэглээ нь, Бурханы хутагт нар хамаг амьтанд амгалан ханддаг гэдэг утгатай. Энд “амар амгалан” хайхрамжгүй гэсэн утга биш, харин бүгдэд асралын санаа тавих сэтгэлээр ав адилхан алаглалгүй хандах гэсэн үг. Бурханы хутагт нар заримыг нь ивээж, бусдыг нь үл тоомсорлон дургүйцдэг юм биш ээ.