Ёс зүйн суурь

Сайхан хүлээн авч байгаад их баярлалаа. Энд байгаадаа үнэхээр баяртай байна. Та бүхний хэлсэнчлэн би Халимагт дөрөв дэх удаагаа ирж байна. Харин энэ удаа Элст хотоос өөр газар зочилж байгаа анхны тохиолдол юм. Лагань хотод ирж танай улсын өөр нэг хоттой танилцах болсондоо үнэхээр баяртай байна. Танай халимаг гэвш, гэвш Вангял Бурханы шашны амьд уламжлалтай намайг танилцуулж байсан. Иймд түүний төрсөн нутагт зочилж, магадгүй түүний билиг ухааны нэгээхэн хэсгийг нь авчирч байгаа нь үргэлж гайхалтай сайхан байдаг.

Ёс суртахууны үндсэн гурван хамрах хүрээ: Сөрөг үр дагавартай зан байдлыг цээрлэх, сахилга батыг сахих, бусдад туслах

Өнөөдрийн сэдэв бол “ёс суртахууны суурь” бөгөөд энэ нь маш өргөн сэдэв юм. Бурханы шашинд ёс зүй эсвэл ёс зүйтэй биеэ авч явах тухай ярих үед бид гурван өөр хүрээнд авч үздэг. Нэг дэх нь сөрөг үр дагавартай үйлийг хязгаарлах. Энэ нь бид бусдад хор хүргэх эсвэл хүргэхгүй байх санаатай байсан эсэхээс хамаарахгүй уур, шунал, хувиа хичээх байдлын нөлөөнд орж аливаа үйлдлийг хийхгүй байх гэсэн утгатай. Заримдаа бид хувиа хичээсэн үүднээс аливааг хийж байдаг бөгөөд бүр хувиа хичээж байгаагаа ч анзаардаггүй. Энэ нь бид үнэндээ хэн нэгэнд хор хүргэхийг зориогүй байсан ч бодит байдал дээр маш их хор уршиг, асуудлуудыг бий болгож байдаг.

Хэрэв бид “өөрийн” хүссэнээр болгож, “өөрийн юу хүссэнээ авах ёстой” гэж хүсэх юм бол бид хувиа хичээж, зөвхөн өөрийнхөө тухай бодож байгаа учраас бусдад хайхрамжгүй хандаж, бүр бусдад хор хүргэх санаагүй байсан ч тэдэнд маш их хор хүргэдэг юм. Уурлаж бухимдсан үедээ бид өөрийгөө хянах хяналтаа бүрэн алддаг, тийм биз дээ, тэгээд бид хожим нь харамсах, бидэнд маш их төвөг бэрхшээл авчрах элдэв зүйлийг хэлж, хийдэг. Ёс зүйн тэрхүү эхний хүрээ нь сөрөг үр дагавартай зан байдлаас татгалзах явдал.

Ёс зүйтэй байх хоёр дахь хэлбэр нь үнэндээ ямар нэг эерэг үр дүн авчрах үйл хийх явдал юм. Жишээ нь, хичээл зүтгэл гарган сайн боловсрол эзэмших. Үүнд маш их сахилга бат шаардлагатай байдаг, тийм биз дээ, суралцах, судлах хувийн сахилга бат. Хэрэв бид амьдралд ямар нэг эерэг зүйлд хүрэхийг хүсвэл бидэнд боловсрол хэрэгтэй, бид суралцах хэрэгтэй, үүнд сахилга бат хэрэгтэй. Энэ бол ёс суртахууны нэг хүрээ.

Яагаад сахилга бат нь ёс зүйтэй зүйл болно гэж? Учир нь бид мэдээж жишээ нь маш сайн хулгайч, эсвэл гэмт хэрэгтэн, эсвэл нийгэмд эерэг хувь нэмэр оруулдаг хүн болоход суралцаж болох юм. Ингээд хэрэв бид ямар нэг зүйлд суралцахаар бол би юуг сайн хийж чаддаг, би юунд авьяастай гэдэг дээрээ үндэслэн юу бусдад хамгийн сайн тус болохыг маш сайн тодорхойлох хэрэгтэй. Түүний нэг хэсэг нь бас миний дуртай, надад таалагддаг зүйл байх хэрэгтэй. Миний таалагддаг зүйл гэдгийн хувьд тэр нь телевиз үзэх, найз нөхөдтэйгөө хамт байх явдал бол мэдээж бид тэр зүйлийг бүх амьдралынхаа туршид хийгээд байж болохгүй зүйл биз дээ? Иймд бидний дуртай зүйл гэдэг нь одоо хүсэж байгаа зүйл биш, харин бидний амьдралд удаан хугацаанд баяр баясгалан өгөх зүйл байх юм.

Ёс зүйн гурав дахь хэлбэр нь бусдад өөрсдөө бодитой туслах ёс зүй юм. Зөвхөн өөрсдөө сайн чадварт суралцах нь хангалтгүй. Бид нийгэмд бусадтай хамт аж төрдөг бөгөөд өөрийн сайн чанар, авьяас чадвараа бусадтай хуваалцах нь маш чухал. Бидэнд ямар чадвар байна түүнийгээ бусдад туслахад ашиглаж болно. Эцэст нь нийгмийн дунд амьдарч байгаагаараа бидний баяр баясгалан бүхий л нийгмийн нийт сайн сайхнаас маш их шалтгаалдаг. Иймд ёс зүйн талаар ярих үед бид маш өргөн хүрээнд сэтгэж байх нь чухал, маш явцуу, жижиг хүрээнд бодох биш. Энэ нь би эсвэл манай гэр бүл гэдэг үүднээс бодох бус илүү том нийгмийн хүрээнд бодох явдал. Мөн зөвхөн одоо, өнөөдөр гэдэг үүднээс бус, ирээдүйн, миний хийх зүйлийн үр дагавар юу байх вэ гэдэг үүднээс бодох хэрэгтэй.

Ёс зүйтэй зан байдлын суурь: Анхаарал тавих хандлага

Ёс зүйтэй зан байдлын суурь юу вэ гэсэн асуултанд хариулахдаа бид суурь гэдэг үүднээс нь “анхаарал тавих хандлага”-ыг онцлон авч үздэг. Энэ анхаарал тавих хандлага гэдэг нь би өөртөө, өөрийнхөө юу хийж байгаад анхаарна гэсэн утгатай. Би ердөө сэтгэлд юу төрсөн түүгээрээ ухамсаргүй үйлдэл хийхгүй, харин миний хийх үйлдлийн үр дүн юу байх вэ, би хэрхэн амьдралаа авч явах вэ, түүний надад нөлөөлөх үр дүн юу байх вэ, түүний бусдад үзүүлэх нөлөө нь юу байх вэ гэдгийг анхаарна гэсэн үг.

Жишээлбэл, хэрэв би сөрөг үр дагавартай зан байдлаар аливаад хандаж амьдралаа өнгөрүүлбэл, эсвэл би залхуу хүн гээд амьдралд юу ч хийхгүй байвал миний ирээдүй ямар байх вэ? Ялангуяа бид залуу байгаа бол, энд байгаа хүмүүсийн олонхи болсон та нарын адил, хэрэв би одоо өөрийгөө сургахгүй бол амьдралаа хэрхэн бий болгож, хэрхэн авч явах вэ? Хэрэв бид “Надад хамаагүй, яавал ч яаг”, эсвэл “Ямарч итгэх итгэл найдвар алга, тийм болохоор сайн боловсрол эзэмших, сайн аж ахуй эрхлэх, мэргэжил олох гээд яахав” гэх байдлаар хандах юм бол хожим өөртөө байсан боломжийг дэмий өнгөрүүлсэн байна гэж маш их харамсана.

Иймд ирээдүйдээ, одоо амьдралаа хэрхэн авч явж байгаагаасаа гарах үр дүнд нухацтай хандах нь маш чухал. Миний ирээдүй ямар байх нь надад маш чухал. Хэрэв би өөртөө анхаарал тавихгүй бол хэн анхаарал тавих вэ?

Сэтгэлийнхээ жолоо цулбуураас барих

Бурханы шашинд амьдралаа гартаа авах гэсэн нэг үг байдаг. Өөрөөр хэлбэл, амьдралаа хяналтандаа авах гэсэн утгатай юм. Үүнийг морины жишээгээр тайлбарладаг. Моринд жолоо цулбуур байдгийн адил, морийг хаашаа ч хамаагүй давхиулах, эсвэл хэн нэг өөр хүнээр жолоодуулахгүйгээр бид өөрсдөө сэтгэлийнхээ жолоо цулбуураас барих хэрэгтэй.

Амьдралд юу хийх, ямар хүн болохыгоо хяналтандаа авахыг хичээх нь маш чухал. Би амьдралдаа юу ч хийж бүтээдэггүй залхуу хүн болох уу? Эсвэл утга учиртай, сэтгэл хангалуун амьдралтай хэн нэгэн болох уу? Утга учиртай, сэтгэл хангалуун амьдрал нь бид бусадтай хэрхэн харилцаж байна вэ гэдгээс маш их шалтгаалдаг. Би хүн бүрт эелдэг, тусархуу хандаж байна уу, эсвэл хувиа хичээн, үргэлж бусдад бухимдаж, уурлаж байна уу?

Бие барьж чаддаггүй, цаг үргэлж уурлаж бухимдаж байдаг хүнд хэн ч дуртай байдаггүй, тэд тийм хүнээс ихэвчлэн эмээж байдаг. Тэд тийм хүнтэй хамт байхыг үнэндээ хүсдэггүй. Тэд надад бухимдан уурлаж, “би тэр хүнтэй хамт баймааргүй байна” гэж санагдах болно. Эсвэл цаг үргэлж гомдоллож, шүүмжилж байдаг хүмүүстэй хамт байх тийм сайхан биш, тийм биз дээ? Харин бид бусдын талаар боддог, бусдад мэдрэмжтэй хандаж, үнэхээр бусдыг сонирхдог, тэдний гэм алдааг шүүмжлэхээс илүү тэдэнд өсөн дээшлэхэд нь тусалдаг байвал хүн бүр бидэнд дуртай байх болно, бүгд бидэнтэй хамт байхыг хүснэ.

Ямар хүн байх, ямар хүн болох нь ёс зүйгээс маш их шалтгаалдаг. Бид өөрсдийн үйл байдлын үр дагаварын талаар санаа тавьж, ямар хүн болохдоо юу хийх, энэ нь бусадтай харилцах миний харилцаанд хэрхэн нөлөөлөх талаар боддог. Энэ бол анхаарал тавих хандлага юм.

Миний “анхаарал тавих хандлага” гэж орчуулж байна энэ үг нь (баг-ёд, Скт. апрамада) мөн “анхааралтай байх” гэсэн утгатай. Иймд бид хийж, хэлж, бодож буй зүйлдээ анхааралтай байхтай ёстой. Хэрэв бид муу зүйлд зуршил болвол тэр зуршил нь улам бүр гүнзгийрдэг учраас бид ердөө өөрийн эрхгүй, хэрэв нэг муу зуршилтай болсон гэж үзвэл, түүгээрээ үйлдэл хийдэг.

Би нэг жишээ авъя. Олон хүмүүс ярихдаа хараалын үг, бүр маш бүдүүлэг үгнүүдийг хэлдэг. Энэ бол англи хэлний хувьд. Гэвч орос хэлэнд бас байдаг байх гэж бодож байна. Би танай нийтлэг ярианы хэлийг мэдэхгүй, гэвч ихэнх хэлнүүдэд хараалын муухай үгнүүд байдаг. Залуу хүмүүс энэхүү бүдүүлэг үг хэллэгүүдийг их хэрэглэн зуршил болж, амьдралынх нь хожуу үед ч ямар нэг нөхцөл байдал үүсэхэд тэдгээр үгнүүд бодох зүйлгүйгээр, өөрийн эрхгүй гардаг ба энэ нь маш эвгүй байдаг юм.

Үүнээс сэргийлэхийн тулд бид анхааралтай байх ёстой, бид өөрсдийн одоо бий болгож байгаа зуршилд анхаарах ёстой. Бид амьдралаа одоо хэрхэн авч явж байгаагаас гарах үр дүнд бид санаа тавьж байгаа учраас бид анхааралтай байх ёстой. Иймд сахилга батаар бид өөрийн хэрхэн ярьж, бодож, үйлдэл хийж байгаагаа мэдэх, анзаарч байхыг хичээдэг ба хэрэв бид нэг хэв маягт орж, сөрөг байдлаар биеэ авч явах гэх зэргээр зуршил бий болговол хожим нь өөрчлөхөд маш хэцүү байх болно.

Одоо та бүхэн залуу байгаа энэ үе бол (энд байгаа хүмүүсийн ихэнх нь залуу байна) та нарын зуршил төлөвшдөг үе юм. Иймд сэтгэлийнхээ жолоог татаж, зан байдлаа гартаа авч, ямар хүн болохыгоо хяналтандаа авах нь маш чухал. Би буруу зүгт явахыг хүсэж байна уу, эсвэл зөв зүгт явахыг хүсэж байна уу? Энэ бол “Би амьдралаа хянах боломжгүй байна, нийгэм, эдийн засаг ийм байна” гэж гомдол тавихад бус, бидний нөхцөл ямар ч байсан түүнээс шалтгаалахгүйгээр ямар хүн болох нь биднээс шалтгаална гэсэн үг. Бид бүр хамгийн муу нөхцөлд ч амьдарч байсан бид сайхан сэтгэлтэй, эсвэл маш бүдүүлэг зэрлэг балмад хүн болж болно. Бид хувиа хичээсэн эсвэл хүн бүртэй эвтэй найртай амьдрахыг хичээдэг хүн аль нь ч болж болно.

Видео: Кандро Ринбүүчи — “Эрдэнэт хүний төрөл гэж юу вэ?”
Хадмал орчуулыг эхлүүлэхийн тулд видео хэсгийн баруун доод булан дахь “CC” тэмдэглэгээг дарна уу. Хадмал орчуулгын хэл солих бол “Settings”, дараа нь “Subtitles” тэмдэглэгээг дарж хэлийг сонгоно.  

Ёс зүй нь юу гэм хортой, юу тустай гэдгийг мэдэж байх ялгах ухамсрыг шаарддаг

Бурханы шашинд ёс зүй гэж ярих үед бид “Хууль энэ байна, дүрэм энэ байна, би тэднийг дагаж мөрдөх ёстой” гэдэг талаар ярьдаггүй. Энэ бол Бурханы шашны арга биш. Бид армид байгаа мэт амьдралыг хөтөлдөггүй. “Гүйцэтгэе! Дүрмийг дагая.” Ийм биш юм. Харин Бурханы шашны ёс зүй бол бидний “ялгах ухамсар” гэж нэрлэдэг зүйл дээр тулгуурладаг. Бид юу тустай, юу гэм хортой гэдгийг ялгаж мэдэх хэрэгтэй. Хүн бүр аз жаргалтай байхыг хүсдэг, нэг ч хүн зовлон хүсдэггүй учир хэрэв бид зовлонгоос зайлсхийхийг хүсвэл миний болон бусдын аз жаргалыг үгүй хийдэг, гэм хортой зүйлээс зайлсхийх хэрэгтэй болно. Хэрэв би аз жаргалтай байхыг хүсвэл бидэнд тустай, баяр баясгалан авчрах зүйлийг хийх хэрэгтэй.

Бодит зүйл бол бид нийгэмд амьдарч байна. Бид энэ гариг дээр амьдарч байгаа цорын ганц хүн биш. Ингээд ямар цар хүрээтэй аз жаргалд бид тэмүүлэх хэрэгтэй вэ гэвэл бид хүн бүрийн аз жаргалын төлөө тэмүүлэх хэрэгтэй. Бид ингэж асууж болно. “Би яаж хүн бүрийг аз жаргалтай болгож чадах юм бэ?” Мэдээж зөвхөн таны хүчин чармайлтаар хүн бүрийг жаргалтай болгохгүй. Гэвч Бурхан багш дусал дуслаар хувинг усаар дүүргэдэг гэж хэлсэн байдаг. Бид өөрийн дуслыг хувинд хийж болно. Тэгвэл би хувинд ямар дусал нэмэх вэ? Бусдад төвөг болох нэг дусал төвгийг би хувинд хийх үү? Эсвэл ямарваа нэг тус болох багахан дуслыг нэмэх үү? Тэр тус нь амьдралд бас эерэг үнэт зүйл болдог гэр бүлдээ хүүхдүүд өсгөх явдал байж болох ба энэ нь тустай сайн дусал. Заавал ямар нэг шууд нөлөөтэй зүйл байх албагүй биз дээ? Иймд энэ бүхэн таны гарт байна.

Бидний үнэт зүйлс

Ёс суртахууны өөр нэг суурь бол үнэт зүйлийн тухай ойлголт юм. Бид сайн, эерэг чанарууд, мөн тийм чанарыг өөртөө бий болгосон хүмүүсийг хүндэтгэдэг байх хэрэгтэй. Би хэнээс үлгэр дууриал авах вэ? Том гэмт хэрэгтнээс дууриал авах уу, эсвэл бусдад тус хүргэдэг үнэхээр гарамгай хэн нэгнээс дууриал авах уу? Кино одоос үлгэр дууриал авах уу? Тамирчнаас авах уу? Эдгээр хүмүүсийн зарим нь амьдралд үнэхээр сайн зүйлүүдийг хийдэг, тэгэх ч болно. Гэвч зарим нь тийм биш. Эсвэл том шашны зүтгэлтнээс, жишээлбэл, Дээрхийн Гэгээн Далай ламаас үлгэр дууриал авах уу?

Амьдралд хамгийн чухал гэж миний үзэж байгаа үнэт зүйлүүд юу вэ? Энэ нь хаалганд бөмбөг өшиглөж хийх үү? Эсвэл хүмүүсийн амьдралд тус болох ямар нэг зүйлийг бодитой хийх үү? гэсэнтэй ижил. Бид хаалганд бөмбөг өшиглөж оруулахыг сурч болно. Маш сайхан байх, олон хүнийг баясгах байх. Мөн та бас нэг амьтныг хаалганд бөмбөг өшиглөж оруулахад сургаж болох юм. Хэдийгээр алдартай тамирчин болох зорилготой байх нь сайхан байж болох ч амьтны хийж чадахгүй тийм зүйлд өөрийгөө сургах ямар нэг өөр зүйл байна уу? Мэдээж бид хүн учраас, бид оюун ухаантай учраас бидний хийж чадах маш их зүйл байгаа, бидэнд сэтгэл байна, үнэндээ бидэнд бусдыг баясгах төдийгүй тэдэнд өөр олон аргаар тус хүргэх чадвар байгаа.

Мэдээж бусдыг баясгана гэдэг бол бусдад амарч, тайвшрахад нь туслах нэг арга бөгөөд үүнд буруу сөрөг зүйл байхгүй. Гэтэл бидэнд үүнээс илүү зүйл хийх чадвар байгаа бол яагаад түүнийг хийж болохгүй гэж? Бид сайн урлагийн хүн, сайн спортын тамирчин байхын зэрэгцээ өөр аргаар нийгэмд ямар нэг тус болохыг хичээдэг хүн аль аль нь байж болно. Энэ нь үнэт зүйл гэдэг ойлголт руу ордог. Бусдад юу тус болдог юм бэ? Урлаг, спорт бол бусдад тус болох нэг зүйл. Харин бусдыг өвдсөн үед нь асарч халамжлах нь тэдэнд тус болох өөр нэг түвшин юм. Бусдад боловсрол нь олгох нь тэдэнд тус хүргэж буй өөр нэг хэлбэр. Хэрэв би амжилт гаргасан урлаг соёлын эсвэл спортын хүн бол тэр сайн байна. Харин би мөнгө, алдар нэрээ юунд зориулах вэ? Үүнийг би өөртөө том харш бариулж түүндээ өөрөө амьдрахад зарцуулж болно эсвэл би эмнэлэг барьж, хандив цуглуулахад зарцуулж болно. Тэгэхээр үнэт зүйлийн тухай ойлголт. Аль нь чухал вэ, би өөрөө нэг орд харшид амьдрах уу, эсвэл бусдад туслах уу?

Хэрэв бид өөрсөд рүүгээ өнгийгөөд харвал бидэнд бүгдэд нь олон олон чадвар байгаа, энэ чадваруудыг бүгдийг нь ашиглаж болно. Хамгийн чухал зүйл бол өөрсдийгөө мэдэхийг оролдох: Миний чаддаг зүйл юу вэ? Би ямар авьяастай вэ? Тийм үү? Хүн бүрт ямар нэг чадвар байдаг. Би жишээ нь сайн тогооч байж болох бөгөөд энэ нь заавал онцгой зүйл байх албагүй. Ингээд бид “Би үүнийг хэрхэн ашиглах вэ? Бусдад туслахын тулд үүнийг би яаж авьяас, чадвар болгож ашиглах вэ?” гэж бодно. Бусдад тулахын хувьд, мэдээж хэрэв бид шууд, яг одоо, энэ нөхцөлд тэдэнд тусалъя гэвэл сайхан хоол хийж өгөх, эсвэл сайхан таашаал төрүүлж болно. Энэ бол боломжтой. Үүнд буруу зүйл байхгүй. Гэвч хэрэв надад тэдэнд зөвхөн одоо хоол хийж өгөх төдийгүй, урт удаан хугацаанд тус болох боломж байвал бүр сайн байхгүй гэж үү?

Энэ бүхэн бол “Одоо би ямар сахилга батыг төлөвшүүлэх вэ? Би ямарч сахилга батгүй байх уу? Сул сахилга баттай байх уу? Эсвэл ёс зүй дээр суурилсан маш сайн хувийн сахилга баттай байх уу?” гэдэг үүднээсээ бидний өөрсдийн гарт байдаг. Энэ бүхэн нь миний өмнө хэлсэнчлэн анхаарал тавих хандлага дээр суурилдаг ба мэдээж анхааралтай байж, өөрийн амьдралыг хяналтандаа аван, “Юу тус болох вэ?”, “Юу гэм хор болох вэ?” гэдгийг хооронд нь ялгаж, тэгээд түүнийгээ хийх явдал юм. Өөрийгөө сурган, сайн зуршлуудыг бий болгоно, муу зуршлуудаа даван гарахыг хичээнэ. “Би хэрхэн үйлдэл хийж байна? Би хэрхэн харилцаж байна? Би хэрхэн ярьж байна?” гэдгийг анзаарч, мэдэж байхыг оролдох хэрэгтэй. Өөрийн тань амьдралыг үнэхээр жинхэнэ баяр баясгалантай болгохгүй байгаа тухайн нэг түвшинд сэтгэл ханахгүй байх хэрэгтэй. Бид үргэлж илүү сайн байж чаддаг.

Ёс зүйтэй амьдралаар амьдрах нь илүү аз жаргалтай байх нэг арга

Гэвч бид илүү сайн байх талаар ярих үед энэ нь “Би сайн биш байна” хэмээн өөрийгөө зүхэж өөртөө сэтгэл дундуур байх ба ёс зүйтэй амьдралыг баримтлах нь түүний шийтгэл болно гэсэн утгатай биш юм. Энэ бол шийтгэл биш. Ёс зүйтэй амьдралаар амьдрах, амьдралаа ёс зүйтэй авч явах нь илүү аз жаргалтай байх нэг арга гэдгийг бид мэдэх хэрэгтэй. Энэ нь бусдад илүү их аз жаргал өгөхөд бидэнд тусалдаг бөгөөд ердөө эргээд бидний аз жаргалыг улам бататгаж байдаг.

Иймд бидний ирээдүй бүхэлдээ биднээс шалтгаалдаг. Одоо ямар хүн байх, ирээдүйд ямар хүн болох нь бүгд биднээс шалтгаална. Одоо бид сургуульд суралцаж байгаа бага залуу хүн байх, насанд хүрсэн эсвэл өндөр настай хэн ч байсан бид бүгд энэ л үйл явцыг туулна.

За ингээд лекцийн хувьд хангалттай болсон байх гэж бодож байна. Бидэнд асуулт, хариулт, эсвэл ярилцлага явуулах цаг байна. Та бүхний хүссэнээр зохион байгуулъя.

Асуулт, хариулт

Энэхүү үнэт зүйлийн тухай ойлголтыг төлөвшүүлэхийн тулд бид юу хийх хэрэгтэй вэ?

Энэ үнэт зүйлийг төлөвшүүлэхийн тулд бидэнд эерэг чанарууд байдаг гэдгээ мэдэх хэрэгтэй. Бид бүгд бие махбодтой учраас бид бусадтай харилцаж, аливаа зүйлийг хийж байдаг. Бид бүгдэд харилцааны чадвар байдаг. Бид бүгдээрээ сэтгэлтэй, тиймээс юмсыг ойлгож, аливаад суралцаж чаддаг. Бидэнд зүрх сэтгэл, мэдрэмж байдаг ба бид эелдэг, сайхан сэтгэлтэй байх чадвартай. Энэ бүхэн бол хүн бүрт байдаг зүйл, бид хэн байх нь хамаагүй. Энэ бүхэн бол бидэнд байгаа бэлэн материал гэдгийг ойлгох хэрэгтэй. Үүгээр юу хийх нь биднээс шалтгаална. Хэрэв бид өөрсөддөө ийм үндсэн материал байгаа гэдгээ мэдэх юм бол бидэнд “Надад болохгүй зүйл юу ч байхгүй. Би энэхүү бэлэн материалаараа ямар нэг эерэг зүйл хийж болно” гэсэн өөрийгөө үнэлэх, өөртөө итгэх итгэл бий болдог ба энэ нь бидэнд тэрхүү үнэт зүйлийн тухай ойлголтыг бий болгодог.

Сайн чанараа хэрхэн тодорхойлж, тэднийг бусдад тус хүргэх үүднээс хэрхэн ашиглах вэ?

Сайн чанараа тодорхойлох нь үнэндээ өөр рүүгээ өнгийн харах үйл ажиллагаа юм. Тэдгээр үндсэн материал ... би сэтгэлтэй, би бие махбодтой, би ярьдаг гэх зэрэг нь надад байдаг гэдгийг ойлгохын тулд тэдгээрийг холоос хайх шаардлага байхгүй. Тэдгээрийг тодорхойлоход хэцүү биш. Гэхдээ бид шинжилж үзэх хэрэгтэй. “Амьдралдаа би ямар нэг зүйлд суралцсан билүү?”. Хэр бага настай байхаас шалтгаалахгүй бид аливааг сурсаар ирсэн бөгөөд бид явж сурсан, ярьж сурсан гэх мэт эдгээр нь маш чухал үндсэн чадварууд. Гэвч өөрийн суурь чанаруудаа ашиглах үүднээс ямар чиглэлээр оролдож эхлэхээ тодорхойлохын тулд “Надад юу хялбар байсан? Юуг би амархан сурдаг вэ?” гэдгийг харах хэрэгтэй. Бидний зарим нь хэл сайн сурдаг боловч математикт сайн биш байдаг. Зарим нь байгалийн ухаан, математикт сайн боловч бичихэд сайн байдаггүй.

Иймд бид өөрсдийгөө “Би юунд сайн бэ?” гэж шалгаж үзэх хэрэгтэй. Бас “Би юунд дуртай вэ?” гэдэг нь үүний нэг хэсэг. Бид амьдарлаа өөрсдөө амсаж туулах ёстой байдаг. Миний амьдралдаа хийх зүйл бол ... амьдралаа амсаж туулах бөгөөд тэр хүн нь би өөрөө. Би баяр жаргалтай байх уу? Би сэтгэл хангалуун биш байх уу? Бид өөрийн хийх дуртай зүйлийг амьдралдаа хийхийг хичээдэг ба түүнийг учир утгатай болно гэж үздэг. Хэрэв тэр нь өөр хэн нэгэнд, бусдад ямар нэг байдлаар тус болж байвал тэр нь үнэхээр утга учиртай зүйл болдог. Энэ нь эрс том өөрчлөлт гаргах, дэлхийн түвшний зүйл байх шаардлагагүй.

Өөрийн сайн чанараа тодорхойлох нь “Би өнөөдрийг хүртэл юу хийсэн?”, “Миний хийх дуртай, хийхэд амархан болсон юу байна вэ?” гэдгээс шалтгаална.

Тэр нь энэ тухай л зүйл юм.

Зарим хүмүүс хэтрүүлж хардаг талаар би нэг жишээ хэлье. Зарим хүмүүсийн хувьд тэдний сайн чанар нь тэд бусадтай ярилцах дуртай байдаг. Тэд бүрэг дуугай биш, хүн бүртэй хялбархан ярилцаж, бусадтай байхдаа биеэ барьдаггүй. Бид үүнийг маш сайн, гайхамшигтай чанар гэж боддоггүй байж болох юм. Үнэндээ энэ бол гайхалтай чанар. Яагаад гэвэл, жишээ нь та нэг дэлгүүрт ажилладаг гэж бодъё. Бид үүнийг “Энэ бол тийм гоц гойд ажил биш” гэж бодож байж болно. Гэвч хэрэв та дэлгүүртээ орж ирж байгаа хүмүүстэй сайхан ярилцаж, нөхөрсөг байдлаар, биеэ барихгүй, хүйтэн хөндий бус (та бас робот дэлгүүрт ажиллаж байгаа мэт байж болно) харилцаж чаддаг бол хүмүүс танд дуртай байна, тэд танай дэлгүүрт ирэхдээ дуртай байж, дэлгүүрээс гарахдаа нүүрэндээ инээмсэглэлтэй гарна. Энэ бол сайн чанар, үнэ цэнэтэй зүйл. Энэ байдал хүмүүст тустай байдаг.

Маш их хувиа хичээсэн хүнтэй байхдаа юу хийх хэрэгтэй вэ?

Маш их хувиа хичээсэн хүнтэй байхдаа юу хийх хэрэгтэй вэ? Бүх зүйл тухайн хүн ямар нэг тусламж хүлээн авах эсэхээс үнэхээр их хамаарна.

Миний амьдардаг газар, Берлинд миний таньдаг нэг үргэлж өөрийнхөө талаар боддог, нилээн хувиа хичээсэн, өөрийнхөө тухай тасралтгүй ярьж, ихэнх тохиолдолд гомдол тавьж, шүүмжилж байдаг эмэгтэй бий. Түүний жишээ санаанд орж байна. Түүнтэй хамт хоолонд орвол тэр өөрийнхөө өрөөнд шинэ хөшиг хийх даавуу хайгаад олж чадахгүй байгаа талаараа гомдол тавьж ихэнх хугацааг өнгөрөөнө. Ийм хүмүүстэй тэгэхээр хэрхэн харилцах вэ? Бид тэдгээр хүмүүс маш их сэтгэл хангалуун бус, ганцаардсан байдаг гэдгийг ойлгосон байх ёстой. Ингээд тэр эмэгтэй хүнтэй уулзахаараа үнэндээ анхаарал татах гэсэн үүднээс зогсолтгүй ярьж байдаг. Иймд түүний санаа нь түүнтэй хамт хооллосноор нөгөө хүндээ уйтгартай, таагүй байлгах бус харин ямар нэг анхаарал татаж, өөрийг нь ойлгохыг хүссэн байдаг. Ийм тохиолдолд би түүнд “Гомдоллохоо боль, хөшигнөөс өөр утга учиртай зүйл ярья” гэх мэт ямар нэг ширүүн зүйл хэлж үнэхээр болохгүй (тэр маш их дургүйцэх болно). Миний хийх зүйл бол түүнд тэвчээртэй хандаж, нээлттэй байдлаар түүнийг сонсож, ойлгох нь түүнд тайвшрахад тусална. Тийм байдлаар ярьж, шүүмжилж байгаа учир тэрээр маш их тайван биш байгаа.

Эдгээрийг би маш хувиа хичээсэн хүний зан гэж боддог. Тэд баяр баясгалангүй, тайван бус, цаг үргэлж ярьж, хүний анхаарал татахыг хүсэж байдаг. Тэднийг тайвшрахад нь тусалж, зөвхөн тэвчээртэй байх төдийгүй бага зэрэг ойлгохоос өөр зүйл хийхэд хэцүү гэж би бодож байна. Аажмаар тэд таныг бас тэнд байгаа, та зөвхөн түүний юу хэлэхийг сонсох бус танд бас хэлэх зүйл байгаа гэдгийг ойлгох болно.

Top