Тэнцвэртэй байдлыг хадгалах замаар Бурханы шашинд суралцах

Зарим хүмүүүс учир шалтгааны үүднээс аливаад ханддаг бол, зарим нь сэтгэл зүйн үүднээс, нөгөө хэсэг нь сүсэг бишрэлийн үүднээс ханддаг. Гэвч эдгээр гурван төрлийн алинд нь ч хамаардаг байсан бид Бурханы шашны бүтээлээ хамгийн их үр дүнтэй болгох үүднээс тэдгээрийн тэнцвэрийг хадгалах хэрэгтэй.

Гурван хандлага

Өрнө дахины зарим хүмүүс Бурханы номонд

  • хачин чамин зүйлд дурлах хүслээ хангахын тулд,
  • гайхамшигт аргаар эдгэрэхийн тулд,
  • орчин үеийн хэв маягаас хоцрохгүйн тулд,
  • Номын багшийн сонирхолтой, увьдастай, чадалтайд сэтгэл хөөрч, “Бурханы номын донтон” мэт загнахын тулд,
  • эдгээрийн аль нэгээр эхэлсэн боловч, дараа нь Бурханы ном надад юу өгөх бол хэмээн чин сэтгэлээс сонирхох

зэргээс болж татагддаг.

Хэрэв бид эхлээд зүгээр л мэдээлэл авъя гэвэл Бурханы номонд хандах гурван хандлага байдаг:

  • оюун ухааны,
  • зөн билгийн,
  • шүтлэгийн хандлага гэж.

Бид энэ хандлагуудын алийг нь даган мөрдөх нь

  • Номын удирдагч багшаас,
  • тэр юуг, хэрхэн яаж сургахаас,
  • соёлоос,
  • хувь хүний сонирхолоос хамаарна.

Эдгээр гурван хандлага нь Бурханы номын талаасаа гүйцэд боловсорсон буюу түүхий байж болно.

Оюун ухааны хандлага

Иймэрхүү гүйцэд боловсроогүй оюун ухааны хандлагатай хүмүүсийн хувьд Бурханы сургаалийн системийн гоо сайхныг бишрэх явдал их байдаг. Тэд тодорхой хэмжээгээр сэтгэлөө хөөрүүлж, баясахын тулд Гүн ухаан, Сэтгэл зүйн аливаа асуудлууд болон нарийн ширийнээс сурахыг хүсдэг ч, тэд түүнийг өөрсдийн амьдралдаа хэрэгжүүлэхгүй буюу огт юу ч мэдэрдэггүй. Ийм хүмүүс нь ихэнхдээ хэнэггүй юм уу, эсвэл сэтгэлийн хөдөлгөөнгүй хүмүүс байдаг.

Харин оюун ухааны хандлагад боловсорсон хүмүүс Бурханы номын будлиантай зүйлс болоод нарийн ширийнийг олж мэдсэнээрээ сургаалиудыг илүү, бүрэн гүйцэд ойлгож, дүгнэн, зөв ашиглаж чаддаг юм.

Зөн билгийн хандлага

Зөн билэг, мэдрэмжийн хувьд гүйцэд төлөвшөөгүй хүмүүс ихэвчилж өөрийгөө тайвшруулахын тулд юм уу аль эсвэл хамаг амьтныг хайрлах хайрыг бясалгах зэргээр ханддаг. Тийм хүмүүсийн нийтлэг шинж нь тэд Бурханы номыг зөвхөн “аятайхан” талаас нь харах болохоос зовлон зүдгүүр, төрөл уруудах, биеийн доторх бузар буртаг гэх мэтийн тухай мэдэхийг хүсдэггүй. Тэд өөрсдийн сэтгэлийн амгаланг бусниулах мэдрэмж, үзэл бодлоос ангижрахын тулд юу хийх ёстойг мэдэхийг хүсдэггүй. Тэгээд ч тэд сургаалийн тухай дутуу, дулимаг ойлголттой байдаг. Ийм хүмүүс хэт сэтгэлийн хөдөлгөөнтэй, эмзэг мэдрэмтгий байх талтай байдаг.

Харин зөн билгийн хувьд төлөвшиж боловсорсон хүмүүс саад болсон дарамтаа давж эерэг мэдрэмжүүдээ тэлэхийн тулд зөн билэг, сэтгэлийн хөдөлгөөнтэйгээ ажилладаг.

Шүтлэгийн хандлага

Гүйцэд боловсроогүй сүсэг бишрэлийн хандлагатай хүмүүс нь Бурхан багш, түүний дүрс баримлууд болон Номын багш, лам нараа ямар гайхамшигтай, харин би ямар өчүүхэн дорд юм бэ гэж боддог. Иймд тийм хандлагатай хүмүүс Бурханы хөрөг шуумалд хандан, тэднээс аврал тусламж эрэн, Бурханы “Гэгээн хутагтад”, залбирдаг шигээ л залбиран гуйдаг ба өөрсдийн хөгжлийн төлөө хариуцлага хүлээхийг хүсдэггүй.

Харин гүйцэд боловсорсон шүтлэгийн хандлагатай хүмүүс зан үйл, ёслолд оролцож, өөртэйгөө ажиллах урам зоригийг олж авдаг.

Эдгээр гурван хандлагын тэнцвэржилт

Тэгэхээр бидэнд эдгээр гурван хандлагыг Бурханы номыг ойлгож, зөн билгийн төвшинд мэдэрч урам зориг, онгод олж авахаар тэнцвэржүүлэх хэрэгтэй.

Жишээлбэл; Сэтгэлийн хөдөлгөөн, мэдрэмжийн хандлагатай хүмүүс оюун ухааны хандлагад суралцах хэрэгтэй юм. Үүнийг хийхдээ тэд бусдыг хайрлахгүй, дургүй нь хүрсэн ч, тэднийг ойлгож, эрэгцүүлэн бодсоноор, хайрлах мэдрэмжийг дотроо үүсгэх хүртлээ өөрсөдтэйгөө ажиллах хэрэгтэй.

Харин оюун ухааны хандлагатай хүмүүс зөн билгийн хандлагад суралцах хэрэгтэй. Үүнийг тулд тэдний оюун ухааны давчуу хаалттай байдал нь хүйтэн хөндий байдлыг бий болгодог, энэ нь зөвхөн бусдыг биш өөрийг нь ч таагүй байдалд хүргэдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Иймээс тэдэнд сэтгэлийн халуун, дулаанд хүрэхийн тулд тайвшрах хэрэгтэй болно.

Итгэл үнэмшилгүй хүмүүсийн хувьд шүтлэгийн хандлагад суралцах нь хэрэгтэй юм. Ингэхийн тулд хүч доройтсон үедээ энергээ нөхөх чадвартай байх нь чухал гэдгийг ухамсарлах хэрэгтэй.

Нөгөө талаас сүсэг бишрэлтэй хүмүүс оюун ухаанаа хөгжүүлэх хэрэгтэй. Үүний тулд тэд амьдралын явцад ойлгомжгүй байдал үүсэх үед ёслол, зан үйлээс олдог амар амгалан, урам зоригоос өөр илүү зүйл тэдэнд хэрэгтэй гэдгийг ойлгох нь чухал.

Гурван хандлага ба зан үйл

Зан үйл нь зөн билгийн буюу сэтгэл хөдлөлийн хэв шинжит хүмүүст мэдрэмжээ тодорхой хэлбэрээр илэрхийлэх боломжийг өгдөг.

Харин оюун ухааны хэв шинжит хүмүүст тогтмол, тасралтгүй үргэлжлэх мэдрэмжийг өгдөг. Түүнчлэн ойлгохоосоо өмнө зан үйлд оролцон, хэлийг нь мэдэхгүй ч Төвд хэл дээр Тарнийн зан үйлийн сударыг (анг.: tantric sadhana) цээжээр унших нь биеэ тоосон бардам занг дарж өгдөг. Энэ бардам зан нь ихэвчлэн “Чи надад үүнийг тайлбарлаж, ойлгуулж өгөхгүй бол би бишрэлийг хэрэгжүүлэхгүй.” гэсэн хэлбэрээр илэрдэг юм.

Номын багштай харьцах харьцаа

Бид энэ гурван хандлагын аль алиныг боловсорсон, эсвэл түүхий хэлбэрээр ойлгож Номын багш нартайгаа харьцдаг.

Боловсроогүй хэлбэрийн оюун ухааны хэв шинжит хүмүүс Номын багш нартайгаа мэтгэлцэнэ. Сэтгэл хөдлөмтгий, мэдрэмжийн хэв шинжит хүмүүс багш нараа хайрлан, хүндэлсэн, сүсэг бишрэлийн хэв маягтайгаар, юу хийж, юу бодохоо Номын багшаараа хэлүүлж байхыг хүссэн, ухаан бодолгүй боол болцгоодог.

Боловсорсон хэлбэрийн оюун ухааны хэв шинжит хүмүүст Номын багш нар ухаан бодолд нь түлхэц өгч, уриалан дууддаг гэж үзэж байхад, зөн билэг, мэдрэмжийн хэв шинжит хүмүүс өөрсдийгөө сэтгэлийн хөдөлгөөнд оруулдаг гэж, сүсэг бишрэлийн хүмүүс өөрсдөд нь урам онгод хайрладаг хэмээн үздэг.

Боловсорсон хүмүүс зөвхөн энэ насандаа мөрдөх Бурханы номын хөнгөн хувилбар юм уу, эсвэл гэгээрэлд хүрч, төрөл арилжихаас чөлөөлөгдөхийн төлөөх жинхэнэ Бурханы номын алиныг нь ч хэрэгжүүлсэн, ялгаагүй уг гурван хандлагыг тэнцвэртэй байлгаж чаддаг юм.

Top