Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Өдөр тутмын амьдралын гурван суртгаал (эзэмших чадвар) ба найман мөр (зарчим)

Александер Берзин
Киев хот, Украйн улс
2013 оны 6-р сар

Гуравдугаар хэсэг: Зөв дурьдал, зөв төвлөрөл, зөв үзэл ба сэдэл

Өмнөх сэдэв

Бидний өдөр тутмын амьдралд гурван суртгаал хэрхэн тус болох хийгээд тэдгээр нь найман мөр хэмээх зарчмуудыг дадал болгохыг шаарддаг тухай яриагаа цааш үргэлжлүүлье.

Гурван суртгаал нь:

  • Ёс зүйн хувийн сахилга бат
  • Төвлөрөл
  • Ялгах ухамсар

Бид ёс зүйн сахилга батыг төлөвшүүлэхийн тулд зөв яриа, зөв үйлдэл, амьдралаа залгуулгах зөв аргыг хэрэглэдэг, хэрэгжүүлэхийг оролддог. Одоо бид төвлөрөлд суралцах тухай яриагаа эхлээд байгаа бөгөөд энэ нь зөв хичээл зүтгэл, зөв дурьдал, зөв төвлөрөл гэсэн гурван зүйлийг шаарддаг.

Зөв хичээл гэдэг нь дараах зүйлд хүчин чармайлт гаргахыг хэлнэ гэж бид үзсэн. Үүнд:

  • Сэтгэл сарниасан, сөрөг үр дагавартай бодлуудаас зайлсхийхийг хичээх
  • Бидэнд байж болох янз бүрийн муу зуршил, сул талуудаа – залхуурах, хувиа хичээх гэх мэт ямарч чанар байж болно – орхихыг хичээх.
  • Тэвчээр, сайхан сэтгэл гэх мэт сайн чанаруудыг хөгжүүлэх – бидэнд дутагдаж байдаг эерэг чанарууд, тэдгээрийг төлөвшүүлэх, хэрэв бидэнд байдаг бол илүү сайн болгож хөгжүүлэх.
  • Төвлөрөхөд саад болдог хүчин зүйлүүдийг хязгаарлах.

Төвлөрөлд саад болдог тэдгээр хүчин зүйлүүдийг арилгахыг оролдох – энэ нь үнэхээр өргөн цар хүрээтэй байж болдог. Эх бичгүүдэд дурдагддаг төвлөрөлд саад болдог таван хүчин зүйлийн тухай бид ярилцсан. Гэвч бидний авч болох түүнээс өөр олон арга байдаг. Жишээ нь бид ажлаа хийж байх үедээ гар утсаа унтраах эсвэл өдөр бүр зөвхөн тодорхой цагт л мессэж, и-мэйлээ шалгана, үргэлж тэднийг нээлттэй байлгахгүй гэж шийдсэнээр бид хийх хэрэгтэй аливаа зүйл дээрээ анхаарч, анхаарлаа төвлөрүүлж чадах юм. Эмч эсвэл профессоруудад уулзалтын цаг гэж байдагтай адил. Та шууд хэзээ ч хамаагүй яваад очиж болохгүй. Боломжтой тодорхой цагууд байдаг. Бид үүний адил зохион байгуулалттай байж болно. Эмч нарт байдаг шиг хэрэв яаралтай зүйл гарвал мэдээж та холбоо барина. Харин бусад тохиолдолд олон нийттэй харилцах гэх мэт юу ч байсан тодорхой цаг, тодорхой хугацаа товлоод түүнийгээ чанд мөрдөх хэрэгтэй. Энэ нь бидэнд төвлөрч сурахад тусалдаг.

Нийгмийн хөгжлийг харахад үнэхээр сонин байдаг. Өмнөх цаг үед төвлөрөлд гол саад болдог байсан зүйл нь сэтгэлийн төлөв байдал – сэтгэл хаа сайгүй тэнүүчлэх, мөрөөдөлд автах гэх мэт зүйлүүд байлаа. Харин одоо бүр их зүйл нэмэгдсэн байна. Энэ бүх мессэж, Facebook хуудас, Twitter, и-мэйл гэх мэт бүхий л ийм төрлийн гадаад хүчин зүйлийн нөлөө маш их байна. Иймээс бид үүнд автахгүй байхад маш их хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна. Ингэхийн тулд бид эдгээр хэрэгслийн хор уршигтай талыг нь таних хэрэгтэй бөгөөд түүний үзүүлж буй нэг хамгийн их уршиг бол бидний анхаарлын үргэлжлэх хугацаа улам бүр богино болж байгаа явдал юм. Twitter л гэхэд тодорхой тооны үсгийн хязгаартай, тасралтгүй эргэх Facebook-ийн мессэжүүд гэх мэт – бүх зүйл маш хурдан, тэгээд та юуг ч анхаарч авч чадахгүй, цаг үргэлж солигдож байна. Ингээд та юун дээрч анхаарлаа тогтоохгүй байгаа учир тэр нь бидний анхаарлын төвлөрөлд маш хортой зуршил бий болгож байна, түүнийг зогсолтгүй шилжүүлж байх хэрэгтэй болж байна. Энэ бол бидний сэрэмжлэх зүйл юм.

Зөв дурьдал

За, одоо дараагийн хүчин зүйл, найман мөрийн төвлөрөлтэй холбоотой дараагийн хүчин зүйл болох зөв дурьдал.

  • Дурьдал (дурдан санах) гэдгийг сэтгэлийн цавуу гэж ойлгож болно. Төвлөрч байгаа үед анхаарал нэг зүйл дээр тогтож байдаг. Тогтоон барьж байгаа тэр зүйл нь анхаарлыг сарнихаас сэргийлж байдаг.
  • Үүнд сэрэмж мөн оролцдог. Сэрэмж нь анхаарал сарних эсвэл суларч идэвхгүй болох эсэхийг ажиглаж байдаг.
  • Үүний дараа та анхаарлаа ашигладаг. (юмсыг хэрхэн авч үзэх, юмсыг хэрхэн харах байдал)

Үүнд юуг ойлгох вэ гэвэл бид өөрсдийн бие, мэдрэхүй, сэтгэл, сэтгэлийн хүчин зүйлүүдэд ямар байдлаар анхаарал тавьдаг талаар – өөрөөр хэлбэл бид тэднийг хэрхэн авч үзэж, тэдгээрт бид хэрхэн ханддаг тухай – ингээд эдгээр хандлага, ойлголтыг барьж байдаг дурьдал. Энд бидний зайлсхийхийг хүсэж байгаа зүйл бол бие, мэдрэхүй гэх мэт тэдгээрийг буруу ойлгох явдал юм. Хэрэв бид ийм буруу ойлголтоос зайлсхийхгүй бол тэр нь анхаарал сарних, төвлөрч чадахгүй байх шалтгаан болдог.

Энэ нилээн хийсвэр ойлголт байна, тийм үү? Үүнийг тайлбарлах хэрэгтэй.

Бидний бие

Бие – биеийн тухай ярих үед бид биеийг ерөнхийд нь, эсвэл түүний янз бүрийн мэдрэхүй, эсвэл төрх байдлыг нь авч үздэг. Тэгвэл түүнийг буруу ойлгоно гэдэг нь юу гэсэн үг вэ гэвэл биеийг мөн чанарынхаа хувьд тааламжтай, цэвэр, сайхан гэж үзэх явдал. Бид хэрхэн харагдах байдалдаа бүхий л цагаа зарцуулж, жишээ нь – үс, нүүр будалт, хэрхэн хувцаслах гэх мэтэд хамаг цаг зарцуулж, түүнд санаа зовж маш их сатаардаг. Энэ нь маш ихээр анхаарал сарниулдаг зүйл. Мэдээж бид цэвэрхэн байж, аятайхан харагдах хэрэгтэй. Гэвч хэтрүүлж, бие хэрхэн харагдахаас таашаал авдаг, бие үргэлж гайхалтай сайхан байх ёстой гэх мэт байдлаар – цаг ямагт биеийнхээ харагдах байдлаар бусдыг татахыг оролдож байвал – та илүү утга учиртай өөр зүйлд анхаарал хандуулахгүй, тийм биз дээ?

Хэрэв бид биеийг анхааралтай харвал: Жишээ нь та сууж байгаа бол хэсэг хугацааны дараа тохь тухгүй болж, та хөдлөх хэрэгтэй болно. Та хэвтэж байвал ингэж хэвтэх нь тохигүй, тэгж ч хэвтэх нь тохигүй. Үргэлж асуудал байдаг, тийм биз дээ? Бид өвддөг. Бид хөгширдөг. Мэдээж та биеэ тордох, эрүүл байх, дасгал хийх хэрэгтэй боловч түүн дээр хэт их анхаарах нь – түүнийг үргэлжид байх таашаалын эх сурвалж гэж үзэх нь – асуудал юм.

Тэгэхээр бидний арилгахыг хүсэж байгаа энэхүү алдаатай дурьдал, ийм буруу дурьдал гэдэг нь таны үс ямар байх нь үнэхээр чухал, та хувцасныхаа өнгийг зохицуулдаг, бүх зүйл эмх цэгцтэй байх зэргийг үнэхээр чухал бөгөөд танд баяр баясгалан авчрах эх сурвалж гэж үзсэн ойлголт юм. Ингэж бодохоо болих хэрэгтэй. Харин зөв дурьдал нь “Энэ бол тэрхүү эх сурвалж биш. Энэ нь ердөө асуудал бөгөөд миний цагийг үрж, илүү утга учиртай зүйлд төвлөрөхөд саад болдог” гэж санах явдал юм.

Өөр нэг байдлаар “Би үргэлж цэвэрхэн байх ёстой. Цаг үргэлж гараа угаах ёстой” гэдэг. Бүр бохир зүйлд хүрсэн байсан ч, тэгээд юу гэж? Та гараа угааж болно шүү дээ. Цэвэр байдалд хэт улайран, ямар нэг бохир зүйлд хүрэхээс бүү эмээ. Би энд хүрээд зогсъё. Мэдээж гартаа хүргэхийг хүсэхгүй өөр олон зүйл байгаа. Хэдий тийм боловч тэднийг гартаа хүргэсэн ч юу болно гэж? Та гараа угааж болно шүү дээ. “Яадаг билээ!” гэж санаа бүү зов.

Бидний мэдрэхүй

Дараагийн нэг зүйл нь мэдрэхүйтэй холбоотой. Бид энд жаргал болон зовлонгийн мэдрэмжийн тухай ярьдаг бөгөөд энэ нь гол төлөв асуудал, зовлонгийн эх сурвалжийн тухай байдаг. Жишээ нь, хэрэв бид зовлонтой байвал – цангааг авч үзье, та үнэхээр цангаж танд “Энэ зовлонгоос салъя” гэж санагддаг. Бага зэрэг жаргал амсах нь үнэхээр цангаж байгаад балга ус уухтай адил зүйл байдаг – та нэг хэсэг сайхан болдог, гэвч та цангасан хэвээр байгаа тэгээд дахин уух хэрэгтэй болдог. Энэ нь угтаа асуудлын эх сурвалж юм.

Энэ зовлонг дэлхий дээрх хамгийн муухай зүйл гэж үзвэл “Би үүнээс ямар нэг аргаар салах ёстой” гэж санагдах ба чухам энэ нь төвлөрөлд асуудал үүсгэдэг байна. Тэгвэл энэ нь хэрхэн төвлөрөлд асуудлыг бий болгодог вэ? Бид сууж байна, тэгээд “Надад бага зэрэг тав тухгүй байна” эсвэл “Миний сэтгэл санаа тавгүй байна” эсвэл “Би зовж байна” – миний өмнө нь энд ирэхдээ тайлбарлаж байсны адил, энэ бүхэнд онцгой гойд зүйл юу ч алга. Тэгээд юу гэж? Та ердөө л ажлаа, юу хийж байгаа түүнийгээ үргэлжлүүл. “Толгой өвдөж байна” эсвэл “Сэтгэл санаа тийм сайхан биш байна” гэх мэт юу ч байсан. “Энэ үнэхээр хэцүү” гэж бүү бод, үгүй бол та – “Үүнээс яаж салах вэ? Үнэхээр хэцүү юм” хэмээн санаа зовж – сэтгэлдээ өөртөө өгүүлэл тавьж, тэгээд ойр тойрондоо байгаа хүндээ дургүйцлээ илэрхийлдэг. Энэ нь хийж буй аливаа зүйлдээ төвлөрөхөд тань маш том саад болдог – хэн нэгэнтэй ярьж байгаа үедээ та ажил хийдэггүй.

Хэрэв бид сайн, сэтгэл санаа өөдрөг байвал “Үнэхээр сайхан байна. Улам сайхан болмоор байна. Үргэлж ийм байхыг хүсэж байна” хэмээн зүтгэж сэтгэлээ сарниулж болохгүй. Бясалгаж, танд сайхан байх үед ийм зүйл тохиолддог – ямар сайхан юм бэ гэж бодох үедээ анхаарлын төвлөрлөө алддаг. Мөн та хэн нэгэнтэй байж тэр нь танд сайхан санагдаж, эсвэл та ямар нэг зүйл идэж түүндээ сэтгэл тааламжтай байж болно. Буруу дурьдал нь “Энэ үнэхээр гайхалтай юм байна” гэж түүнд баригдаж, түүнийг маш том зүйл болгон түүнд сатаарах явдал юм. Тухайн зүйл ямар байна түүнээс байгаагаар нь таашаал ав, түүнийг онцгой болгох хэрэггүй. Тэр үнэхээр гойд зүйл биш.

Бидний сэтгэл

Дараагийнх нь сэтгэлээ хэрхэн авч үзэх тухай юм. Хэрэв бид миний сэтгэл байгалиасаа уур хилэнтэй эсвэл хувиа хичээх үзэлд автсан, эсвэл “Би юм ойлгодоггүй”, “Би залхуу” гэдэг ойлголтыг авч хаяхгүй, түүнийг барьж, бидний сэтгэлд ямар нэг салшгүй муу зүйл, сул тал байдаг гэж үзэж байвал бид мөн л төвлөрч чадахгүй юм. Бид үргэлж “Би тийм сайн биш” – “Би ийм ч биш”, “Би тийм ч биш” – “Би ойлгохгүй” гэж өөрсдийнхөө талаар бодож байдаг. Тэгээд бүр оролдож ч үздэггүй. Хэрэв бид үргэлж “Би мэдэхгүй, би ойлгодоггүй” гэж бодож байвал ямарч аргагүй болно биз дээ? Харин – зөв дурьдал бол – “Би түр будилсан, би одоохондоо үүнийг ойлгохгүй байгаа байх. Гэвч энэ нь миний сэтгэл угийн чанар – би ойлгох чадваргүй гэсэн үг биш” гэж бодох явдал юм. Та түүнийг хийхийн тулд ердөө л төвлөрлөө ашиглах хэрэгтэй.

Сэтгэлийн хүчин зүйлүүд

Дөрөв дэх дурьдал нь ухамсар, сайхан сэтгэл, тэвчээр гэх мэт сэтгэлийн хүчин зүйлүүдийг хэрхэн авч үзэх тухай юм. Энэ нь “Энэ бол миний байгаа байдал, тэгээд хүн бүр үүнийг хүлээн зөвшөөрөх ёстой”, “Үүнийг өөрчлөх, түүнийг төлөвшүүлэх боломжгүй” гэж сэтгэлдээ барихгүй байх тухай юм. Энэ бол буруу дурьдал. Харин зөв дурьдал бол эдгээр бүх сэтгэлийн хүчин зүйлүүдийг төлөвшүүлж болно, тэдгээр нь тодорхой түвшинд ирж царцсан гэсэн үг биш. Бид төвлөрлийг төлөвшүүлэх зорилгоор тэдгээрийг ашиглаж болно.

Өөрсдийгөө хянах

Хэрэв өөрсдийгөө шинжлээд үзвэл бидний сэтгэл хэрхэн тавгүйтэж, бид яаж сэтгэлийн хямралд ордог нь үнэхээр сонин байдаг. Бид буруу дурьдалтай байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Бид энэхүү тавгүй байдал, хямралаас зуурч, тэдгээрийг явуулахгүй, түүнд зоогдчихдог. Эсвэл гэмшил байж болно. Гэмшил бол бас буруу дурьдал. Бид алдаа гаргадаг. Би нэг буруу зүйл хийсэн. Яахав дээ. Хүн бүр алдаа гаргадаг. Бид хүмүүс шүү дээ. Гэтэл бид буруу дурьдалаар түүнээс барьж, түүнийг өнгөрөөдөггүй. “Би үнэхээр муу хүн. Миний хийсэн зүйл үнэхээр муу зүйл” гэж бодон үүнийгээ хадгалж, явуулдаггүй. Ямар муу хүн бэ хэмээн өөрийгөө зүхдэг. Та түүнийг өнгөрөөх ёстой. Харин зөв дурьдал бол “Сэтгэл санааны байдал өөрчлөгддөг. Тэд шалтгаан, нөхцөлөөс бий болж, шалтгаан нөхцөлөөр өөрчлөгддөг. Нэг ч зүйл нэг хэвээрээ байдаггүй” гэх ойлголт юм.

Бурханы шашны сургаалуудад байдаг нэг маш их тустай зөвлөгөө бол өөрийгөө хянах тухай зөвлөгөө юм – эсрэг тэсрэг мэт санагдаж болох боловч – ердөө хийгээд үз. Энэ нь өглөө бид хэрхэн босдогтой адил юм: Та орондоо хэвтэж байна. Та босохыг үнэхээр хүсэхгүй байгаа. Их тухтай сайхан байгаа боловч танд бага зэрэг уйтгартай санагдана. Тэгээд өөрийгөө хяналтандаа авч, босдог. Та ингэж л босдог биз дээ? Бидэнд үүнийг хийх чадвар байдаг – хэрэв байхгүй бол өглөө бид хэзээ ч босохгүй – сэтгэл санаа таагүй, муу байгаа нь яг үүнтэй адил. Өөрийгөө захирч – “Алив!” гээд – түүнд бүү бууж өг; ердөө юу хийх хэрэгтэй түүнийгээ хий.

Дурьдлын бусад хэлбэрүүд

Дурьдал нь илүү ерөнхий хүрээнд ч маш чухал ач холбогдолтой байдаг. Энэ биднийг ямар нэг зүйлийг мартахаас сэргийлж байдаг. Жишээ нь бидэнд хийх хэрэгтэй нэг зүйл байхад түүнийг санах зөв дурьдалтай байх хэрэгтэй, тэгээд төвлөрөөд, хийдэг; үгүй бол та мартана. Та тогтоож болох юм – дурьдал нь тогтоохтой холбоотой байдаг – та өнөөдөр үдэш таны дуртай хөтөлбөр гарахыг тогтоож болох юм. Тэгээд та тэрхүү их чухал биш зүйлд анхаарч, гэр бүлдээ шаардлагатай хүнсний ногоо худалдаж авахаа мартдаг. “Дэлгүүр явах байснаа мартсан байна. Би тийшээ ч явах байсан юм. Сүү ч бас авах ёстой байсан” гэж боддог. Та анхаарах ёстой зүйлүүдээ анхаарахгүй, харин бараг хэрэггүй зүйлүүдийг анхаарч байдаг: “Гэр рүүгээ явья. Хөл бөмбөгөө үзье” гэх мэт.

Мөн бид тодорхой нэг зүйлийг дадлага болгохыг оролдож байгаа үед түүнтэй холбоотой зөв дурьдал байдаг. Ямарч зүйлийг дадал болгохыг хичээж байж болно. Жишээ нь бид биеийн тамирын дасгал хийж байвал түүнийгээ өдөр бүр хийнэ гэж бодох. Хэрэв та хоолны дэглэм барьж байгаа бол хоолны дэглэм барьж байгаагаа санаж өөрт тань бялуу өгвөл идэхгүй байх. Энэ бол зөв дурьдал.

Үүнд их тус болдог зүйл бол амьтан дүрслэх арга юм (Бурханы шашинд үүнийг их ашигладаг). Бид ажиллаж, эсвэл бясалгал хийж, эсвэл хэн нэгэнд туслах гэх мэт эерэг зүйл хийж байна гэж бодъё. Гэтэл хэн нэгэн хүн “Бялуу байна” гэхэд та хав нохой шиг дээш доош үсрэн – “Бялуу, бялуу” хэмээн хөөрдөг. Хэрэв та “Би эзнийхээ гараас яс, эсвэл хоолоо идэх гэж хөөрч байгаа хав нохой адил байна уу даа” гэж бодож үзвэл тэр их инээдтэй санагдана.

Дурьдал гэдэг бол – хийж байгаа зүйлдээ анхаарч, иймэрхүү зүйлүүдэд сатаарахгүй байх явдал юм. Энэ нь бид өөрсдийн бие, мэдрэхүй (жаргал, зовлон) зэргийг хэрхэн ойлгохтой уялдаж байдаг. Нилээн өргөн хүрээтэй сэдэв.

Дурьдлын талаар асуулт, хариулт

За, асуулт байна уу?

Оролцогч: Өөртөө ойр байдаг хүмүүстэй – таны хамаатан садан, жишээлбэл – хамт байснаас өөр гадны хүмүүстэй байгаа үед дурьдлыг хадгалах нь илүү хялбар байдаг ба өөрийн ёс зүйг дурдан санахыг маш хэцүү гэж би боддог. Өөрийн дурьдлыг сул болгодог хэн нэгэн хүнтэйгээ харилцаж байна гэж мэдвэл юу хийх талаар танд зөвлөгөө байж болох юм.

Алекс: Ийм нөхцөлд тохирох ерөнхий зөвлөгөө бол эхэнд нь маш хүчтэй бодол санаа төрүүлэх. Ингээд гэр бүлийнхэнтэйгээ уулзах, цагийг хамт өнгөрүүлэх гэж байгаа үеийн хүчтэй санаа бодол нь “Би зан аашаа барихыг хичээе. Тэд надад маш сайхан сэтгэлээр хандаж байсныг нь саная. Тэд миний ойрын хүмүүс. Миний тэдэнд хандаж байгаа байдал тэдний сэтгэлд нөлөөлнө” гэх мэт зүйл байх юм. Эхэнд нь ингэж бодох маш чухал байдаг.

Мөн эхэнд нь тэд бол хүн гэдгийг өөрсөддөө сануулах хэрэгтэй. Өөрөөр хэлбэл, тэднийг ердөө таны ээж, аав, эгч, ахын – хэнийд очиж, ямар холбоотой төрлийндөө зочилж байсан ч үүргээр нь тодорхойлохгүй байх хэрэгтэй. Учир нь хэрэв бид тэдний ердөө үүргийг нь (ээж, аав гэх мэт) санаж – ийм дурьдлыг барьж байвал эх хүн, эцэг хүн ямар байх ёстой гэсэн өөрсдийн төсөөлөл, тэдэнтэй холбоотой бүхий л үүх түүхтэй холбож – маш их найдлага, маш их гомдолтойгоор тэдэнд ханддаг. Харин тэдэнд нэг хүн өөр нэг хүнд хандаж байгаа мэт хандах хэрэгтэй. Хэрэв тэд үүнийг тооцохгүй, бидэнтэй арван хоёр, гуравтай хүүхэдтэй харьцаж байгаа мэт хандвал, арван хоёр, гуравтай хүүхэд шиг аашлаад эхэлж болохгүй. Яаж тэгэх вэ? Тэднийг хүн гэдгийг нь санаж, битгий тоглоом болго (бүжиг бүжиглэхэд хоёр хүн байх хэрэгтэй байдаг).

Намайг энд ирэхийн өмнөхөн миний эгч манайд нэг долоо хоногийн хугацаанд зочлоод явсан юм. Тэр маш эрт унтдаг байсан тэгээд надад миний ээж юм шиг “За, одоо унтаарай” гэх мэт байдлаар хандаж байсан. Хэрэв би арван хоёр, гуравтай хүүхэд шиг “Үгүй ээ, эрт байна. Би унтмааргүй байна. Та яагаад намайг унт гээд байгаа юм?” гэх юм бол энэ нь түрүүний тоглоом шиг юм болно биз дээ? Ингэх нь ямарч тусгүй. Тэгээд би бухимдах болно. Иймд бидний бодох ёстой зүйл бол эгч минь надад анхаарал тавьж энэ зөвлөгөөг өгч байна. Намайг бухимдуулах гэж үүнийг хэлээгүй. Тэр үүнийг надад сайн зүйл болно гэж бодсон. Иймд эгчийгээ ээж шигээ санаж, өөрөө арван хэдтэй эсвэл долоо, наймтай хүүхэд шиг төсөөлөхөөс илүү тэдний хийж байгаа зүйлд бодитой хандахыг хичээх хэрэгтэй.

Тэгэхээр тэднийг ирэхийн өмнөх бодол бол энэ бүхнийг санаж, бидэнтэй хамт байх үед нь тэрхүү сэдлээ дахин батлах явдал юм (тэднийг ирэхийн өмнө мөн бидэнтэй хамт байгаа бүх хугацаанд). Сэдэл гэдэг нь:

  • Санаа зорилго. Бид ямар зорилготой байгаа вэ? Энэ хүнтэй сайхан харилцаатай байх. Тэр хүн миний төлөө санаа тавьж байгаа. Би түүний төлөө санаа тавьж байгаа. Бид хамтын урт хугацааны түүхтэй. Иймд бидний зорилго бол цагийг хамтдаа сайхан өнгөрүүлэх.
  • Үүнтэй нэг сэтгэл дагалддаг. Тэр нь тухайн хүнийг хүн гэдгээр нь түүний хэрэгцээ шаардлагад нийцүүлэх.

Энэ харилцааг харах өөр нэг тустай хэлбэр бол түүнийг “Хэцүү зовлонтой юм. Тэдэнтэй ингээд байхаас өөр аргагүй” гэхээс илүүтэйгээр түүнийг өсөх хөгжих нэг шалгуур, боломж гэж харах – компьютер тоглоом тоглохтой адил – “Энэ дараагийн (үе) шалгуур. Би үүнийг хийж чадах болов уу?” гэж харах. Тэгвэл энэ хөгжилтэй болдог. Энэ бол нэг шалгуур. “Би эцэг эхтэйгээ хооллох хугацааг биеэ барьж өнгөрөөж чадах болов уу?” гэх мэт.

Ингээд эцэг эх чинь, ер нь бусад эцэг эхүүдийн адилаар “Хүнтэй суу. Илүү сайн ажил олж хий. Хүүхэдтэй бол” гэх мэтээр үглэж эхэлнэ. (Миний эгч надтай уулзаад хамгийн түрүүн “Чи үсээ засуулахаар болчихож” гэж хэлсэн.) Тэд таны талаар санаа тавьж үүнийг хэлж байна гэж ойлгоод “Санаа тавьж байгаад баярлалаа” гэж хэлэх хэрэгтэй.

Тэднийг ямар нөхцөл байдлаас ирсэнийг нь ойлгох хэрэгтэй. Тэдний арын нөхцөл байдал, тэдний ихэнхийн хувьд, бүх найзууд нь тэднээс “Танай хүү юу хийж байна? Танай охин юу хийж байна?” гэж асууж байгаа бөгөөд тэд найз нөхөдтэйгөө найз нөхдийн хувиар харилцах ёстой. Тэд найз нөхөдтэйгөө ярилцах ёстой. Мөн тэд таны сайн сайхны талаар санаа зовж байгаа. Үүнийг мэдэж байх хэрэгтэй. Энэ бол эхний алхам. Үүнийг хүлээн авч “Танд таны найз нөхөд гэх мэт ийм төвөгтэй зүйл байгааг, миний талаар санаа зовж байгааг ойлгож байна. Үүнд талархаж байна” гэж хэл. Тайван бай. Та “Энэ тийм амар биш” гэх ч юмуу – тайлбарлах хэрэгтэй. Гэвч тайван байх хэрэгтэй. Үүнээс болоод тэдэнд бас төвөгтэй байгааг хүлээн зөвшөөрч байгаагаа илэрхийлэх нь тэдэнд их тустай байдаг гэж би боддог. Энэ нь та тэдэнд талархаж байгаа, тэдний талаар санаа тавьж байгааг харуулдаг. Энэ нь илүү хүнлэг, хүн хүнтэйгээ харилцаж байгаа, арван хоёр, гуравтай хүүхэд эцэг эхтэйгээ харилцаж байгаа бус, тэгш харилцаа болдог.

Энд дурьдал нь – бид юуг хадгалж барьсаар байдаг вэ? Бидний хадгалж барьж байдаг зүйл нь ихэнх тохиолдолд ямарч ашиггүй зүйл байдаг. Энэ нь ихэвчлэн “Арван жилийн өмнө чи үүнийг хийсэн”, “Гучин жилийн өмнө чи ингэж хэлсэн” гэх өнгөрсөн түүх байдаг ба бид үүнийг барьж хэнд ч боломж өгдөггүй. Энэ нь бидний энд ярьж байгаа сэдвийн хувьд – тэдний одоо байгаа байдалд төвлөрөхөд саад болно, тийм биз дээ? Бид урьдчилан бодсон буруу ойлголтондоо – буруу дурьдал, цавуу – “Таагүй юм болно. Ээж, аав ирэх гэж байна” эсвэл “Ээж, аавтайгаа хоол идэхээр боллоо, таагүй зүйл болно” гэсэн урьдчилсан буруу бодолдоо баригддаг. Таагүй зүйл болно гэж аль хэдийн шийдсэн ийм урьдчилсан буруу бодол нь биднийг аль хэдийн маш их түгшээсэн байдаг, тийм биз дээ? Тэгэхээр ийм буруу дурьдлаас салъя. Тэгвэл таны хэрэглэх зүйл бол “Нэг боломж гарч байна. Би урьдчилсан буруу бодолгүй, нээлттэй нөхцөл байдлын үүднээс хариултыг өгье” гэсэн – зөв дурьдал – юм.

Дурьдлын талаар асуух өөр асуулт байна уу? Энэ үнэхээр маш чухал сэдэв.

Оролцогч: Та буруу дурьдлын талаар бид телевизээр гарах хөл бөмбөгийг санаж харин дэлгүүр орох болон бусад үндсэн зүйлүүдээ мартдаг тухай жишээг дурдсан. Гэтэл бид өмнөх цаг үеүдэд амьдарч байсан их багш нарын амьдралын түүхийг уншиж байхад маш гүнзгий номонд суралцаж, өндөр эрдэмд хүрсэн эдгээр хүмүүсийн бүтээлээсээ өөр бараг юу ч хийж чаддаггүй байсан тухай жишээнүүд гардаг. Тэд эдгээр энгийн зүйлүүдийг хийж чаддаггүй байсан. Тэгвэл бид энэ нарийн тэнцэрийг хэрхэн хадгалах вэ?

Алекс: Би Энэтхэгт төвд их мастеруудын дэргэд хорин есөн жилийн турш амьдарсан. Би их хугацааг тэдэнтэй хамт өнгөрүүлсэн. Мэдээж хувь хүн бүр өөр өөр, гэвч би бодит амьдрал дээрх аливаа асуудлуудтай сайн ажиллах чадвартай үнэхээр өндөр эрдэмтэй мэргэдтэй тааралдаж байсан. Бүх зүйл хувь хүн бүрийн онцлогоос шалтгаалдаг. Эдгээр суртгаалд суралцах нь таныг бодит амьдралын асуудлуудыг шийдвэрлэх чадваргүй болгоно гэж хэлж болохгүй. Ер нь зарим хүмүүс практик үйл ажиллагаанд тийм биш байхад зарим нь үнэхээр сайн байдаг. Тийм шүү, би практик үйл ажиллагаанд үнэхээр сайн байгаагүй зарим мэргэдтэй таарч байсан боловч миний хувийн харилцаатай байсан мэргэдийн ихэнх нь амьдралд маш ойр хүмүүс байсан.

Миний Америкт анх ойр дотно байсан хүн бол халимаг монгол гэвш Вангял байсан юм. Тэрээр Америкт, Нью Жэрсид хэд хэдэн шавь нарынхаа хамт амьдардаг байсан. Тэрээр шавь нартаа зөвхөн Бурханы ном заах төдийгүй юм оёж шидэх, хувцас хийх, хоол хийх, байшин барих зэргийг заадаг байсан. Тэр үнэхээр итгэхийн аргаүй практик туршлагатай хүн байсан. Мөн миний өөрийн багш Сэркон Ринбүүчи жишээ нь тосгоны эсвэл гэр бүлийн гэх мэт тийм маш төвөгтэй асуудлуудыг сайн шийдэж чаддагаараа алдартай хүн байсан. Хүмүүс ирж түүнээс зөвлөгөө авдаг байсан. Далай лам ч гэсэн өөрийн цагийн хуваарь, мөн аливаа зүйлийг хийхдээ маш амьдралд ойрхон байдлаар хийдэг.

Тэгэхээр мэдээж та нар агуйд сууж, цаг үргэлж бясалгаж, баатар, дагинас, тэнгэр гэх мэтийг дүрслэн сууж байсан гэх мэргэдийн түүхийг уншиж байсан байх. Нэг талаараа амьдралд нийцэхгүй мэт. Гэвч дийлэнх нь тийм биш гэж би хэлэх байна, ердөө тийм биш.

Оролцогч: Зарим сөрөг санаагаа хязгаарлах тухай ярих үед бид мэдрэхүйгээ дарах тухай ойлгож, түүнийг хүчлэн улмаар хямралд ордог. Бид илүү тэнцвэртэй байдлаар үүнтэй хэрхэн ажиллах вэ?

Алекс: Энэ нь уур бухимдал төрөх үед түүнийг дарж, дотроо хадгална гэсэн үг биш. Бидний зорьж байгаа зүйл бол уур бухимдлын шалтгааныг арилгаж ямарч уур бухимдал байхгүй болгох явдал юм. Энэ нилээн хэцүү.

Тэгэхээр эхний түвшний сурах зүйл, эхний дадал бол өөрийгөө хянах. Энэ нь бүхэлдээ ёс зүйн хувийн сахилга бат, өөрийгөө хянах тухай юм. Жишээ нь би бухимдаж тань руу хашгичихыг хүсэж болох юм. Би нэг жишээ авъя. Та хоёр настай хүүхэдтэй. Тэгээд түүнээс өөрт чинь нэг аяга ус авчирч өгөхийг хүслээ гэж бодъё. Тэр түүнийг авчраад цалиглуулж асгахад та бухимдан “Ээ, хивсэн дээр асгачихлаа (эсвэл компьютер дээр чинь, ажлын цаасан дээр, юун дээр ч байж болно)” гэнэ. Та бухимдан нөгөө хүүхэд рүү хашгичин бүр цохимоор санагдана. Үүнд хоёр өөр арга зам байна. Эхний хийх хэрэгтэй зүйл бол өөрийгөө хянаж сурах, хүүхдийг цохиж, зандрахгүй байх. Ингэж өөрийгөө хянах нь дараах хоёр нөхцөлийг үүсгэж болно:

  • Тэр уур бухимдлаа дотроо хадгалж, хүүхдэд байнга тааламжгүй, бухимдах байдлаар хандах.
  • Эсвэл “Үнэндээ энэ бол миний залхуугаас болсон. Би өөрөө босож усаа авчраагүй. Хоёр настай хүүхдээр ус авчруулахдаа би юу хүлээж байсан бэ? Хоёр настангууд юмыг асгадаг, тэд бүдэрдэг. Тэдний анхаарал сул. Хэрэв би хүүхэд рүүгээ хашгичиж, цохивол тэд уйлна – бөөн хэрүүл, маргаан болно – бүр улам дор юм болно” гэж бодох.

Иймд уур бухимдлыг ердөө дотроо хадгалж түүнийг даралгүйгээр уурлах шалтгаан ерөөсөө байхгүй байна гэдгийг харснаар уур бухимдлыг байхгүй болгож болно. Ингээд бид тайвнаар хүүхдэд “Болгоомжтой байж байгаарай. Юу болсоныг хар даа” гэх мэтээр асуудлыг бөөн хэрүүл маргаан болголгүйгээр (хүүхэд уйлах гэх зэргээр) хэлж болно.

Өөр асуулт байна уу?

Оролцогч: Ийм зөв дурьдалд суралцах ямар нэг амьдралд ойр арга байдаг уу? Ийм чухал зүйлүүдийг санах үнэхээр хэцүү, үргэлж мартсан байдаг. Үүнд суралцах тодорхой арга байдаг уу?

Алекс: Дурьдлыг төлөвшүүлэх практик арга бол миний хэлж байсан:

  • Санаа зорилго. Санахыг хичээх хүчтэй бодол.
  • Танил болох. Танил болох гэдэг нь тэмдэглэж авах эсвэл үүнийг миний вэб хуудаснаас унших, эдгээрийг дахин дахин унших. Сургуульд аливаа зүйлийг хэрхэн сурдаг билээ? Зургааг үржих нь долоо – үүнийг бид яаж цээжилдэг вэ? Цээжилтэлээ бид дахин дахин давтдаг. Үүнтэй адил үйл явц юм. Хэл сурах. Адилхан үйл явц. Өөрсдийн зан байдлын хувьд, энэ санаа зорилгоо ердөө дахин дахин давтах, түүндээ танил болох явдал юм.
  • Тэгээд сэрэмжээ хэрэглэх – дохиоллын систем – дурьдлаа мартсанаа санаж анхаарлаа сэргээх – түүнийгээ дахин санасаар байх.

Энэ бүхэн нь миний халамжлах хандлага гэж нэрлэдэг зүйл дээр суурилдаг. Та өөрийнхөө үйлдэл, зан байдлынхаа бусдад болон өөртөө үзүүлэх нөлөөллийг анхаарч үзэх явдал юм. Хэрэв та анхаарахгүй байвал – “Надад хамаагүй. Өөрийнхөө хийж байгаа зүйл, үйлдэлээ тоохгүй” – гэж ямарч дурьдал баримтлахгүй, тэгээд ямарч сахилга батгүй байх болно. Тэгвэл яагаад би анхаарал тавих ёстой юм бэ? Учир нь та хүн. Миний ээж, аав хүмүүс. Тэд баяр жаргалтай байхыг хүсдэг. Тэд зовлон, бэрхшээл хүсэхгүй. Миний тэдэнтэй харилцаж, хандаж байгаа байдал тэдний сэтгэлд нөлөөлнө, тэдний надад хандаж, харилцаж байгаа байдал нь миний сэтгэлд нөлөөлдөгтэй адил. Иймд би анхааралтай байх хэрэгтэй. Ингээд та дурьдлыг хадгалах ба хэрэв дурьдлаа алдвал түүнийг мэдэх сэрэмжтэй байж чаддаг.

Энэ бол миний боловсруулсан – миний вэб хуудсан дээр байгаа – бусдыг ойлгож сурах хөтөлбөрийн үндсэн ойлголт ба тэр хөтөлбөр нь бүхэлдээ бусдын сэтгэлийг ойлгохгүй байх, өөрсдийн зан байдлын бусдад үзүүлэх нөлөө, мөн хэт мэдрэг байх, хэт санаа зовох зэргийг даван туулахад туслах зорилготой юм. Хэрэв бид өөрсдийн зан байдлын бусдад болон өөртөө үзүүлэх нөлөө, бусдад болон өөртөө бий болоод буй бодит нөхцөл байдлыг хэт их, хэт бага биш тэнцвэртэй байдлаар анхаарч авч үзэх юм бол бид дурьдлыг хадгалдаг. Танд ингэх шалтгаан бий болдог.

Бид өөрсдийгөө үнэхээр сайн шинжилж үзэх хэрэгтэй. Бидний сэдэл юу байна? Хэрэв тэр сэдэл нь “Би нэг сайн охин (сайн хүү) болохыг хүсэж байна. Тэгээд ээж, аав надад сайн байх болно” гэх юм бол энэ үнэхээр гэнэн хэрэг болно биз дээ? Би манай багш нарын нэгнийх нь хэрэглэж байсан жишээ байдаг. “Би сайн хүү (охин) байж, гөлөг шиг толгойгоо илүүлж, сүүлээ годгонуулна.” Энэ таны хүсэж байгаа зүйл үү? Энэ утгагүй биз дээ. Иймд сахилга баттай, дурьдалтай байх зэрэгт өөр зохистой шалтгаан байх хэрэгтэй бөгөөд халамжлах хандлага нь үүний суурь болох ёстой гэж би бодож байна. Үүнийг VIII зуунд Энэтхэгийн Бурханы шашны их мастер Шантидэва хэлсэн байдаг.

Зөв төвлөрөл

Цааш нь үргэлжлүүлье. Найман мөрийн төвлөрөлтэй холбоотой гурав дахь зарчим бол зөв төвлөрөл (төвлөрөл өөрөө ордог байна). Энэ нь тухайн зүйл дээр анхаарал бодитой тогтож байх явц юм. Бидний хийх ёстой зүйл бол төвлөрөхийг зорьж байгаа тухайн зүйл дээр анхаарлыг бодитой тогтоох. Нэгэнт сэтгэл тухайн зүйл дээр тогтсон бол дурьдал түүнийг хадгалж, сэтгэл объектоо алддаггүй. Гэвч төвлөрөл гэдэг бол объектыг эхэлж сэтгэлдээ барьж авах тухай юм.

Хэрэв үүнд бидэнд алдаа дутагдал байвал – жишээ нь бид хэн нэгэн хүнтэй ярилцаж байхдаа – түүндээ анхаарлаа ч хандуулдаггүй. Анхаарлыг бид төвлөрөхдөө, сэтгэлээ тогтоохдоо ашигладаг. Энэ нь нөгөөх надад хамаагүй гэдэг хандлага байж болно. Тухайн хүний хэлэх зүйлийг сонирхохгүй, тэгээд бүр сонсдог ч үгүй. Би түүний хэлж буй зүйлд төвлөрдөггүй. Эсвэл би завгүй байдаг.

Өнгөрсөн үетэй харьцуулахад орчин үед маш их тохиолдох болсон зүйл бол бид хуваагдсан тус тусдаа анхааралтай болсон. Иймд бид ямарч зүйл дээр бүрэн төвлөрдөггүй. Хэрэв та телевизийн мэдээ үзэж байгаа бол – та түүнийг үнэхээр бүрэн анхаарч байдаг гэж би бодохгүй байна (та магадгүй тийм гэж бодож байгаа байх) – мэдээ уншиж байгаа хүн телевизийн дэлгэцний эсвэл компьютерийн дэлгэцний тань голд байхад доогуур нь өөр нэг бичгэн мэдээ урсаж, магадгүй нэг буланд нь таны Facebook хуудас нээлттэй байх эсвэл өөр нэг зүйл болж та тэдний алинд нь ч анхаарч, бүрэн төвлөрдөггүй. Бид “Би олон ажил зэрэг гүйцэтгэж чаддаг” гэж хэлж болох ч хэн ч үүнийг хийж чаддаггүй – хэрэв Бурхан биш л бол – зэрэг хийж байгаа бүх зүйл дээрээ 100% төвлөрч чадахгүй.

Хэн нэг хүн бидэнтэй утсаар ярьж байхад бидний анхаарал гар утсан дээр тогтож байдаг. Энэ бол буруу анхаарал. Учир нь тэд биднээс нэг зүйл асууж байхад бид түүнд анхаарал тавьдаггүй. Бид сарнисан, хэтэрхий завгүй – “ Би маш их ажилтай байна” – гээд бүр анхаарал ч хандуулдаггүй, төвлөрдөггүй. Нөгөө хүнийхээ хийж, хэлж байгаа зүйл дээр эсвэл биднээс ямар нэг хариу сонсох, харилцаа хүсэж байгаа үед түүнд анхаарлаа хандуулах хэрэгтэй.

Өнөөдөр элбэг тохиолдох болсон өөр нэг зүйл бол бид нэг зүйл дээр анхаарлаа төвлөрүүлсэн ч түүнийг тодорхой хугацаанд хадгалах нь маш хэцүү болсон байна. Бид юмс маш хурдан өөрчлөгдөхөд, нэг зүйл рүү харж, дараа нь өөр зүйл рүү, дараа нь бас нэг өөр зүйл рүү харж дассан байна. Бид хурдан уйдах ба удаан хугацаанд анхаарлаа тогтооход хэцүү болсон. Хэдэн хором үүн дээр, хэдэн хором түүн дээр, хэдэн хором түүн дээр гэсэн ийм төрлийн төвлөрөл нь саад, бэрхшээл юм. Энэ бол буруу төвлөрөл. Хэрэв бид зөв төвлөрөхийг хүсвэл бид шаардлагатай хугацааныхаа туршид төвлөрч чаддаг байх хэрэгтэй. Сонирхол буурсан учраас уйдан, өөр зүйл рүү орж болохгүй.

Асуудал бол бид ямар нэг байдлаар зугаатай байхыг хүсдэг гэдгийг ойлгох хэрэгтэй. Энэ нь зугаатай байж олж авсан тэр түр зуурын таашаал нь бидний сэтгэлийг хангана гэсэн буруу дурьдал руу хөтөлдөг ба бид илүү, бүр илүү, улам илүү их түүнийг ундаасах мэт хүсэж байдаг. Яагаад бидэнд зугаацах зүйл хэрэгтэй байдаг вэ? Нийгмийн шинжлэх ухааны эрдэмтэд таны хүртэж болох, таны сонирхон харж болох хэдий их боломж байна – интернэт бидэнд хязгааргүй боломж өгч байна – төдий хэмжээгээр бид уйдаж түүнээс илүү их зугаатай зүйлийг олохоор улайран зүтгэдэг гэдгийг олж тогтоосон. Та ямар нэг зүйлийг хараад, тэгээд “Гэвч үнээс илүү сонирхолтой өөр нэг зүйл байж болох юм” хэмээн бодож цааш яван ямарч зүйл дээр анхаарч төвлөрдөггүй. Иймд хэдий хэцүү ч амьдралаа энгийн хялбар байлгахыг оролдох нь үнэхээр тустай юм. Нэг зэрэг олон зүйл дээр бужигнахгүй байх – ингээд төвлөрөл илүү төлөвшихөд анхаарч, хийж байгаа зүйлийнхээ цар хүрээг та нэмэгдүүлж чадна.

Хэрэв та төвлөрөлтэй, тэр төвлөрөл нь сайн бол та үүн дээр ч төвлөрч чадна, түүн дээр ч төвлөрч, бас түүн дээр ч төвлөрч чадна – гэвч тухайн нэг цагт зөвхөн нэг дээр сарнихгүйгээр төвлөрөх юм. Жишээ болгоод эмчийг авч үзье. Эмч нэг өвчтөний дараа өөр нэг өвчтөн үздэг. Эмч нэг өвчтөнг үзэж байгаа бол тухайн хугацааны туршид зөвхөн тэр өвчтөн дээр төвлөрөх хэрэгтэй, дараагийнхаа эсвэл өмнөх өвчтөний талаар бодож байж болохгүй. Хэдийгээр нэг эмч өдрийн туршид олон олон өвчтөн үздэг боловч тэд нэг удаад нэг л зүйл дээр төвлөрдөг. Энэ нь төвлөрөлд хамаагүй илүү тустай байдаг.

Энэ үнэхээр хүч сорьсон зүйл гэдгийг хэлэх ёстой. Учир нь би энэхүү вэб хуудсыг ажиллууллахад үнэхээр итгэхийн аргагүй олон өөр ажил, олон өөр хэл гэх мэттэй ажиллах болдог бөгөөд нэг зүйл дээр төвлөрнө гэхэд үнэхээр хэцүү; маш олон зүйл нэг дор болдог гэдгээс би мэднэ. Энэ үнэхээр чадал сорьдог, нэг зүйл дээр төвлөрч, өөр хийх зүйлийнхээ талаар бодож сатаарахгүй, гэвч ийм ийм өөр хийх зүйлүүд байгаа гэдгийг мартахгүйгээр санаж байх. Олон өөр зүйл хийх шаардлагатай болдог ажил гүйцэтгэдэг хүн бүхэнд ийм асуудал байгаа.

За, ярих зүйлээ цагтаа багтаах үүднээс одоо цааш үргэлжлүүлье. Гэвч зөв төвлөрөл төлөвшүүлэх талаар төгсгөлд нь хэлэх нэг зүйл бол: Бурханы шашны сургаалуудад төвлөрөлийг алгуур сайжруулах тодорхой үе шатууд байдаг гэж гардаг ба үүнийг – илүү сайн яаж төвлөрч сурах вэ гэдэг нь – Бурханы шашны шинжлэх ухааны хэсэгт багтана гэж би бодож байна.

Ялгах ухамсарт суралцах (Гурван суртгаалын гурав дахь суртгаал)

Одоо юу зөв, юу буруу, юу тустай, юу хортойг ялгах ухамсрын талаар яръя. Үүнд найман мөрийн сүүлийн хоёр зарчим нь хамаардаг:

  • Зөв үзэл
  • Зөв онол (зөв санаа бодол, зөв сэдэл)

Зөв үзэл гэдэг нь юу зөв, юу буруу, юу тустай, юу хортой гэдгийг зөв ялгасан итгэл үнэмшилтэй холбоотой бол зөв сэдэл, зөв бодол санаа гэдэг нь энэхүү итгэл үнэмшлээр хөтлүүлсэн эерэг үр дүнд хүргэх сэтгэлийн төлөв байдал юм.

Буруу үзэл

Зөв үзэл гэдгийг авч үзье. Бидэнд зөв, буруу ялгах ухамсар аль аль нь байж болно (бид юу тустай, юу хортой гэдгийг ялгаж чадаж байх тухай ярьж байна):

  • Бид зөв ялгаж таниад түүндээ зөв гэсэн итгэлтэй байж болно.
  • Эсвэл бид алдаатай ялгаж таниад түүндээ зөв гэсэн итгэлтэй байж болно.

Тэгэхээр буруу үзэл гэдэг нь бид ялгахдаа алдаа гаргаад түүнийгээ алдаагүй гэж үзэх, харин зөв үзэл нь зөв ялгаад түүндээ зөв гэсэн итгэлтэй байх гэсэн үг юм.

Буруу үзэл нь жишээлбэл, бидний үйлдэлд эерэг үр дүнтэй, сөрөг үр дүнтэй гэсэн ёс зүйн цар хүрээ гэж байхгүй, тэдгээр үйлдлүүд нь бидэнд тохиолдож байгаа зүйлүүдэд нөлөөлдөггүй гэж үзэх үзэл байж болно. Энэ нь олон хүмүүст байдаг “юу ч байж болно” гэсэн сэтгэлгээгээр тодорхойлогддог. “Хамаагүй. Юу ч хамаагүй. Яасан ч болно. Би үүнийг хийсэн ч эсвэл хийхгүй байсан ч болно, хамаагүй. Юу ч болно.” Хамаагүй гэдэг бол буруу үзэл. Таны тамхи татах, татахгүй байх нь хамаатай. “Юу ч байсан хамаагүй шүү дээ.” Хамаатай. Хэрэв та тамхи татдаг бол тэр нь таны эрүүл мэндэд сөрөг үр дагавартай. Хэрэв татдаггүй бол таны эрүүл мэндэд тустай гэж найдаж байна.

Мөн өөрсдийгөө сайжруулах, сул талаа даван дийлэх арга байхгүй, иймд түүнд зовж яах юм гэж боддог. Энэ бол өөрийнхөө нөхцөлийг өөрчлөхөд таны хийж чадах зүйл байхгүй гэсэн буруу ялгах явдал. Тийм биз дээ? Таны хийж чадах ямар нэг зүйл үргэлж байдаг. Юмс хатуу тогтсон, нэг хэвээрээ байнга байдаггүй.

Эсвэл бусдад сайхан сэтгэлээр хандах, туслахыг оролдох нь ямарч утгагүй, тийм болохоор хүн бүрийг ашиглахыг хичээж, чадах чинээгээрээ ашиг олох хэрэгтэй гэж боддог ба энэ нь сайн зүйл авчирна гэж буруу ойлгож байдаг. Энэ нь сайн сайхныг авчирдаггүй. Энэ нь зөрчил, атаархал, бусад таны юмыг хулгайлах вий гэж санаа зовох гэх мэт зүйлийг авчирдаг.

Буруу үзлийн олон өөр хэлбэр байдаг. Жишээ нь зовлон болон түүний шалтгаантай холбоотой буруу үзэл байж болно. Тухайлбал, миний хүүхэд хичээл, эсвэл ажил албандаа сайн байж чадахгүй, эсвэл бидэнтэй уулзахыг хүсэхгүй байгаа гэх мэт ямар нэг зүйл бага насных ч бай, насанд хүрсэн ч бай хүүхдэд минь тохиолдож байна гэж бодъё. Буруу үзэл нь “Энэ бүхэн надаас болсон. Эцэг эхийн хувьд би буруутай” гэсэн бодол байж болно. Энэ бол шалтгааныг нь буруу үзэж байгаа явдал юм. Юмс зөвхөн нэг шалтгаанаас бий болдоггүй. Юмс маш олон олон шалтгаан, нөхцөл бүрэлдсэнээс үүсдэг, зөвхөн нэг шалтгаанаас бус. Бид оролцсон байж болно, гэвч бид асуудлын цорын ганц шалтгаан биш. Заримдаа бид бүр шалтгаан ч биш байж болдог – бүрэн андуурсан байдаг. Би нилээн төөрөгдсөн нэг хүний тухай жишээ бодож байна л даа: Хэсэг нөхөд хөл бөмбөг үзэхээр яваад тэгээд баг нь хожигдсон байна. Тэгтэл нөгөө хүн баг нь хожигдсон шалтгаан бол тэд ирж тоглолтыг үзсэн явдал, тэд ирсэнээр азгүйтлээ гэж бодож байв. “Баг хожигдсонд би буруутай.” Энэ утгагүй зүйл. Энэ бол шалтгааныг буруу үзэж байгаа явдал.

Зөв үзэл

Иймд зөв ялгах ухамсар бол маш чухал. Үүний тулд бид бодит байдлын талаар суралцах хэрэгтэй. Жишээ нь, бодит шалтгаан – болж буй зүйлд нөлөөлдөг үнэхээр олон нөхцөл, шалтгаан байдаг гэх мэт. Жишээ нь, цаг агаар – үүнд олон зүйл нөлөөлдөг, ердөө нэг, хоёр зүйл биш. Иймд “Би Эзэн тэнгэр адил, нэг зүйл хийгээд тэр нь миний хүүхдийн, эсвэл миний ажлын бүх зүйлийг өөрчилнө” гэж төсөөлж болохгүй. Ийм байдаггүй биз дээ.

Энэ бол зөв үзэл. Үүнд эрүүл сэтгэлгээ, билиг ухаан хэрэгтэй. Мэдээж зөв ялгаж танихын тулд бид төвлөрөх хэрэгтэй. Үүний тулд сахилга бат хэрэгтэй. Эдгээр нь ийнхүү хоорондоо зохицож байдаг.

Зөв онол (сэдэл)

Сүүлийн зарчим бол зөв сэдэл буюу зөв санаа зорилготой холбогддог. Ийнхүү юу зөв, юу буруу, юу бодитой, юу бодит бус гэдгийг зөв ялгасанаар тэр нь бидний үг, үйлдэл, ер нь бидний аливаад хандах хандлагад нөлөөлдөг. Үүгээр зөв, буруу сэдэл тайлбарлагддаг. Ингээд тэдгээрийг авч үзье.

Мэдрэхүйн хүсэл

Буруу сэдэл нь мэдрэхүйн хүсэл буюу мэдрэхүйн эрхтнүүдийн объектод татагдан хүлэгдэх сэтгэлтэй холбоотой байдаг ба – сайхан зүйлс харах, хөгжим, сайхан хоол, хувцас гэх мэт – бид тэдгээрийг хамгийн чухал зүйл гэж буруу танин мэдэж өөрсдийн сэдэл болгодог байна. Хэрэв бид зөв танин мэдвэл тэгш оршдог. Тэгш орших гэдэг нь мэдрэхүйн эрхтнүүдийн объектод татагдахгүй сэтгэл тэнцвэртэй байх гэсэн үг.

Нэг жишээ авъя. Буруу үзэл нь “Оройн хоолоо хаана идэх, юу идэх нь үнэхээр их чухал. Хэрэв бид зөв газраа очиж, зөв хоолоо захиалбал бид баяр баясгалантай байна” гэх бодол юм. Ингээд та үүнд санаа зовж, “Өнөөдөр орой хаана хоол идэх вэ?” гэж бодон бүр төвлөрч чаддаггүй. Харин үүний оронд “Энэ үнэхээр тийм их чухал биш. Амьдралд бидний оройн хоолоо хаана идэх, юу идэхээс илүү чухал олон зүйл байгаа” хэмээн зөв танин мэдвэл таны сэтгэл уужирдаг. “Хамаагүй ээ, тэр тийм их чухал биш. Нэг газар олоод тэгээд хооллоё” Энэ бол тэгш орших, сэтгэлийн тэнцвэр, тогтвортой байдал юм.

Хорлох (өст) сэтгэл

Хоёр дахь буруу сэдэл бол хорлох сэтгэл – хэн нэгний бие, сэтгэлийг хөндөх, хор учруулах. Жишээ нь хэн нэг хүн алдаа гаргахад – хүүхэд компьютер дээр тань цай, ус асгавал та “Муу хүүхэд, чи муу” гэдэг. “Чи муу, шийтгүүлэх ёстой” хэмээн сайн, муу гэх нь буруу ялгаж байгаа хэрэг юм.

Бид хоёр настай хүүхдийг насанд хүрсэн хүний адил хариуцагатайгаар үйлдэл хийнэ гэж байж боломгүй буруу ойлгож байна. Энэ маш илэрхий буруу авч үзэж байгаа явдал. Хоёр настай хүүхэд гал тэргээр явах бүх хугацааны турш чимээгүй сууж, том хүн шиг байна гэж үү? Энэ бол утгагүй. Хэрэв бид ийм буруу байдлаар юмны зөв бурууг харах юм бол хүүхэд суудлын хооронд гүйх, дуу чимээ гаргах зэрэгт нь бид бухимдаж, хүүхдийг цохиж магадгүй. Харин бид зөв бурууг зөв ялгавал бид халамжлах, энэрэх сэтгэл төрүүлдэг. Энэ нь бусдад туслах, тэдэнд баяр баясгалан өгөх хүсэл юм. Ингээд та бэлтгэл хийдэг. Хэрэв та хүүхэдтэйгээ галт тэргээр хол газар явах гэж байгаа бол хүүхдээ тоглуулж, саатуулах зүйл авдаг – буддаг ном гэх мэт. Энэ халамжлах, энэрэх сэтгэлд сэтгэлийн хат, уучлал, асрал хайрыг (бусдыг баяр жаргалтай байхыг хүсэх) агуулж байдаг. Тэд алдаа, дуу чимээ гаргавал битгий дургүйц. Та уучилж, энэхүү сэтгэлийн төлөв байдлыг хадгалах хүчтэй байх хэрэгтэй.

Балмад авир

Гурав дахь буруу сэдэл бол балмад авирт автсан сэтгэлийн төлөв байдал юм. Үүнд олон өөр талууд байдаг:

  • Танхайрах – бусдыг зовоох, баяр хөөрийг нь үгүй хийхийг хүссэн энэрэх сэтгэлгүй зан авир юм. Бид хөл бөмбөгийн нөгөө багийг дагагчид бол аймшигтай хүмүүс, бид танхай хүн адил авирлаж, тэдэнтэй зодолдож тэднийг хохироож болно учир нь тэд бол нөгөө багт дуртай гэж бодож болно. Энэ бол үнэхээр тэнэг ойлголт юм гэж хэлэх гэсэн юм.
  • Үүний хоёр дахь хувилбар нь өөрийгөө үзэн ядах явдал юм. Энэ нь өөрийгөө хайрлах сэтгэл дутсан, өөрөө баяр жаргалтай байхыг хүсдэггүй, өөрийнхөө баяр баясгаланг боогдуулж, өөрийнхөө бие, сэтгэлийг хөндөх явдал. Бид “Би олигтой биш. Би бол муу хүн. Аз жаргал хүртэх ёсгүй хүн” гэж нэг талаар өөрсдийгөө шийтгэж, эрүүл бус харилцаа, эрүүл бус зуршилд ордог. Их идэж, хэт таргалсан хүмүүс – ихэвчлэн өөрийгөө үзэн ядах сэтгэлтэй болсон байдаг. Тэд өөрсөддөө иймэрхүү сөрөг хандлагатай байдаг. Хэдий тэд найз нөхөртэй болохыг хүсэж байсан ч улам их идэх байдлаар үүнийгээ боогдуулж, улам гадаад дүр төрхөө дордуулж, тэгээд хоёр, гурван зуун кило жинтэй болж дотно найз нөхөртэй болдоггүй.
  • Сүүлийн гурав дахь хувилбар нь буруу таашаах. Энэ нь бусдын зовлонг харж, сонсож басамжлах байдлаар баярлах явдал. Та “Энэ улс төрч бол муу. Тэр маш муу хүн” гэж оноож тэд сонгуульд ялагдахад бид баярладаг: “Тэд ялагдчихлаа. Болж.” Эсвэл бидний дургүй хэн нэгэнд нэг муу зүйл тохиолдвол “Тэр түүнийг хүртэх ёстой” гэх. Ийм байдлаар бид тодорхой хэсэг хүмүүс бол муу, шийтгэл хүртэж, аливаа зүйл нь бүтэлгүй байх, харин бусад хэсэг хүмүүсийн, тэр дундаа бидний өөрсдийн бүх зүйл амжилттай байх ёстой гэж бас л буруу ялгадаг.

Иймд зөв, бурууг зөв ялгах дээр тулгуурласан зөв сэдэл нь хүчирхийлэлгүй, балмад бус хандлага байх юм. Энэ нь зөвхөн уурлаж бухимдахгүй байх төдийгүй, тайван амгалан байх тухай юм. Та сэтгэл хөдлөлд автахгүй. Энэ нь зовж буй бусдад хор хүргэх эсвэл тэднийг бухимдуулж, зовоохыг хүсэхгүй байх сэтгэл. Бид “Хүн учраас тэр баяр баясгалан хүсэж, зовлонг хүсдэггүй. Түүнд миний адил зовохгүй байж жаргах эрх бий” гэж зөв ялгах хэрэгтэй. Ийм зөв үзэл дээр тулгуурлаж бид тэдэнд хор хүргэхийг хүсдэггүй. Тэдэнд ямар нэг муу зүйл тохиолдоход бид баяртай байдаггүй. Бид тэднийг бухимдуулж, зовоохыг хүсдэггүй. Энд мөн энэрэх сэтгэл байдаг – тэднийг зовлон болон зовлонгийн шалтгаанаас хагацахыг хүсдэг – учир нь бид хүн бүр зовж байгааг хардаг. Нэг ч хүн зовохыг хүсдэггүй, нэг ч хүн зовох ёстой биш. Хүн алдаа гаргаж байгаа бол энэ нь тэд будилсан байдаг, тэд муу учраас алдаа гаргаж байгаа биш юм. Иймд зөв ялгаж ухаарсан байвал түүнээс зөв сэдэл, зөв санаа гарч тэр нь аяндаа биднийг зөв яриа, зөв үйлдэл, зөв үйл ажиллагаанд чиглүүлдэг.

Найман мөр (зарчим) бие биеэ нөхцөлдүүлэх нь

Эдгээр найман хүчин зүйл, найман мөр нь хоорондоо зохицолддог:

  • Зөв үзэл, зөв сэдэл нь бусад мөрийг амьдралд баримтлах зохистой суурь болдог ба түүний үндсэн дээр бид зөв ярьж, зөв үйлдэл хийж, зөв амжиргааг эрхэмлэдэг. Бид зөв бурууг ялгахдаа өөрсдийн зан үйлдлийн үр дагавар, бусдын нөхцөл байдал зэргийг харгалздаг. Бидний санаа зорилго бол бусдад туслах, тэдэнд хор хүргэхгүй байх явдал учраас бид тэдэнд сөрөг нөлөө үзүүлэх, гэм хор болох байдлаар ярих, үйлдэл хийх, бизнесийн үйл ажиллагаа явуулахгүй байх сахилга баттай байдаг. Энэ ойлгомжтой байна. Хоорондоо зохицож байна.
  • Энэ үндсэн дээр бид өөрсдийгөө хөгжүүлж, сайн чанарууд төлөвшүүлж, бидний бие болон мэдрэхүй зэргийн талаарх буруу ойлголтонд төөрөлдөхгүй байхад хүчин чармайлт гаргадаг. Ингээд сайн чанаруудаа хөгжүүлэх, ач тустай зүйлд анхаарлаа хандуулж байхын тулд төвлөрлийг ашиглаж, энэхүү төвлөрөлдөө зөв бурууг зөв ялгах ухамсраа ашигласнаар түүнээс зөв санаа зорилго, зөв сэдэл бий болдог.

Ийнхүү бүгд хоорондоо холбоотой байдаг байна.

Орчуулагч: Уучлаарай. Сайн чанарууд гээд түүнээс хойшихыг дахин хэлээд өгөхгүй юу.

Алекс: Та илүү сайн чанарууд хөгжүүлэхийг хичээж түүндээ анхаарал хандуулж байх үедээ та анхаарлаа зөв ялгах ухамсарт хандуулж болно. Та юу тустай, юу хор уршигтай гэдгийг илүү гүнзгий харснаар таны санаа зорилго тань улам илүү хүчтэй болдог.

Хэдийгээр эдгээр гурван суртгаал, найман мөрийг дэс дараатай авч үзэж болох боловч – тэдгээрийг бас хэд хэдэн өөр дарааллаар авч үздэг – хамгийн гол зорилго бол тэднийг бүгдийг нь нэг бүхэл цогц болгон амьдралд хэвшүүлж чадах явдал юм.

Асуулт, хариулт

Бидэнд цөөн хэдэн минут үлдсэн байна. Ямар нэг асуух сүүлийн асуулт байна уу?

Оролцогч: Буруу үзлүүдийн нэг бол бид зарим зүйлийг өөрчилж чадахгүй гэж үзэх явдал гэж та дурдсан.

Алекс: Өөрсдийгөө өөрчилж чадахгүй гэж бодох.

Оролцогч: Бурхан багш бүх зүйл хоорондоо харилцан хамааралтай гэж хэлсэн байдаг. Хоорондоо харилцан хамааралтай маш олон өөр зүйлүүд байдаг ба бид энэ бүх тогтолцоог ойлгож чадахгүй мөн нэг төлөв байдал өмнөх төлөв байдалтайгаа холбоогүйгээр дангаараа байх боломжгүй. Тэгэхээр бидний одоогийн байдал бидний өнгөрсөн болон үүний өмнөх байдалтай холбоотой, бас ирээдүйн нөхцөл байдлын шалтгаан болно гэж дүгнэж болно. Ингээд нэг асуулт гарч ирж байна: Энэ бүх тогтолцооны дунд ямар нэг чөлөөтэй хүсэл эрмэлзлийн орон зай байна уу? Бурханы шашин энэ тогтолцооноос гарах нөхцөлтэй холбоотой ямар нэг арга өгч чаддаг уу?

Алекс: Үүнтэй холбоотой маш олон хүчин зүйлүүд байдаг. Хэрэв та чөлөөт хүсэл эрмэлзэл гэж ярьж байгаа бол чөлөөт хүсэл эрмэлзэл гэдэг чинь та ямар нэг зүйлийг ямарч шалтгаангүйгээр хийж болно гэсэн утгатай. Тэр боломжгүй биз дээ. Бүх зүйл шалтгаан, нөхцөлөөс бий болдог, тэр бол үнэн, гэвч энэ нь бид бодитойгоор ямар нэг зүйл хийх хүчин чармайлт (хүсэх хүч) гаргаж чадахгүй гэсэн үг биш.

Бид хүчин чармайлт гаргаж байгаа нь мэдээж нэг шалтгаантай. Аливаад ямар нэг шалтгаан, ямар нэг нөхцөл байдаг, гэвч үүнийг хэтрүүлж ойлгохгүй байх хэрэгтэй. Хоёр хэтрүүлсэн туйлшрал байдаг:

  • Аливаа зүйлийг ямарч шалтгаангүйгээр үнэхээр хийж болно;
  • эсвэл бүх зүйл урьдаас тодорхой болсон учраас юу ч хийж чадахгүй.

Ийм байдаггүй. Бид үүнийг хичээл зүтгэл гаргах, сонсгол хийх гэх зэрэг дээр авч үзэх хэрэгтэй, энэ нь нэг би бүх боломжуудаас тусдаа салангад байдаг; энд бүх боломжууд нь байна, хоолны цэсэн дээр байгаа мэт, тэгээд би юу хийхээ сонгодог гэсэн үг биш.

Үүнийг ингэж хоёр талаар туйлшруулах байдлаар харах нь буруу. Энэ бол юмс хэрхэн оршдог байдал биш гэж хэлэх гэсэн юм. Хүн ердөө аливааг – та түүнийг ердөө л – хичээл зүтгэлээр хийдэг. Үүнд номын багш нараас, сургаалаас, Бурхадаас авсан урам зориг байж болно. Хэрэв тэдгээр нь бидэнд тустай, бидэнд урам зориг өгдөг бол тэр нь мөн л шалтгаанаас бий болдог.

Энд гарч байгаа асуудал бол чөлөөт хүсэл болон хэрхэх нь тодорхой байх гэсэн хоёр ангилалын тухай асуудал юм. Ингэж ангилах нь буруу. Энэ нь нэг би гэж бодитой зүйл байх бөгөөд цэсэн дээрх боломжуудаас чөлөөтэй сонгож болдог, эсвэл тэр би гэдэг нь нэг хэвийн, хэзээ ч өөрчлөгддөггүй төлөвт байдаг зүйл гэсэн ойлголтон дээр суурилдаг. Ийм хоёр ангилалаар аливааг авч үзэж байгаа нь буруу бөгөөд учир нь энэ хоёр ангилалын аль нь ч байдаггүй юм.

Гэвч таны асуулт бол үнэхээр гүнзгий, түүнд маш энгийн хариулт өгч, түүнд та “За, за, ойлголоо” гэж хариулах асуулт биш юм. Энэ бол үнэхээр сайн тунгаан бодох, шалтгаант чанар, шалтгаан ба үрийн хоосон чанар – шалтгаан ба үр хэрхэн явагддагийг ойлгох ойлголт шаарддаг. Үүний гол түлхүүр нь шалтгаант чанарыг хоёр туйл байдлаар, ингэхдээ сонгож хийх, эсвэл өөр нэг зүйлийн нөлөөгөөр нэг зүйлийг хийх гэсэн аль аль үйл явц ба тэдгээрээс салангад би байна гэж харахгүй байх явдал. Жишээ нь би нэг шатрын хүү, тэгээд надаас хамаарахгүй тодорхой тогтсон гадаад зүйлүүд намайг зална гэсэнтэй адил. Энэ бол маш дуалист (хоёр туйлд хуваасан) хандлага бөгөөд энд гарч байгаа асуудал бол хоорондоо эсрэг хоёр талд хувааж ангилах, дуалист үзэл, дуализм юм.

Өөр асуулт байна уу? Сүүлийн асуулт.

Оролцогч: Бид бусдад энэрэнгүй байх төдийгүй өөрсөддөө энэрэнгүй байх ёстой гэж та хэлж байсан – зөв зохистой хооллох, зохистой хэмжээгээр унтаж амрах, дасгал хийх үүднээс. Гэвч бид даяанд сууж байсан маш өндөр эрдэмтэй бүтээлчид олон цагаар сууж бие нь хөшдөг, зохих хэмжээний хоол иддэггүй, хангалттай унтаж амардаггүй байсан гэж уншиж байсан. Тэгэхээр энэ хоёр хэрхэн холбогдох вэ? Зарим хүмүүс тэдний адил зүйлийг хийхийг оролдож байна.

Алекс: Энэ бол томоос том алдаа. Энэ нь үнэг арслангийн харайх газар руу харайхыг оролдохтой адил. Бид Милбогдын эсвэл бусад их бүтээлчдийн адил түвшинд байгаа гэж бодох нь өөрийгөө их өндөрт тавьж байгаа хэрэг биз дээ? Бид тийм түвшинд хүрээгүй байна. Тэдний хийж байсан зүйлийг дуурайх нь – одоо бол ердөө өөрийгөө гэмтээж байгаа хэрэг болно. Хэрэв бид тэдний хүрсэн түвшинд хүрэхийг хүсэж байгаа бол бодитойгоор алхам алхамаар тийм түвшинд хүрэхээр оролдох хэрэгтэй.

Хэрэв та маш өндөр түвшний төвлөрөлд хүрвэл бие махбодын болон сэтгэлийн эрүүл, уян хатан байдал гэдэгт хүрдэг. Иймд таны бие хөшихгүй. Тэд биеийн энерги гэх мэтийг хянаж сурсан байдаг учраас тэдэнд унтах шаардлага гардаггүй. Бага унтах нь тэдэнд хортой биш. Мөн тэд маш бага хооллож маш их хэмжээний энерги авч чаддаг. Энэ нь тэд зовж, өөрсдийгөө хайхрахгүй орхиж байгаа явдал биш. Ийм өндөр түвшний төлөвт хүрэхийн нэг хэсэг нь ийм чадвартай болох юм. Харин бид тийм түвшинд хүрээгүй байна.

Тэгэхээр эдгээр их бүтээлчдийн бусдад үзүүлж байгаа дүр байдал нь ихэнхдээ хүмүүс тэдэнтэй илүү ойр холбоо харилцаатай байх нөхцөл бий болгоход чиглэсэн байдаг. Би өөрийнхөө багшийн жишээг авъя. Сэркон Ринбүүчи нилээн өндөр настай, их жин ихтэй хүн байсан. Тэдний ихэнх нь тийм байдаг байсан. Би түүнтэй есөн жил хамт байсан. Бараг өдөр бүр түүнийг босох гэх мэт үед нь туслах хэрэгтэй болдог байв. Гэтэл нэг удаа би бүх хуврагууд нэг эх зохиолыг хувааж чанга дуудан уншдаг (хуудаснууд нь үдээгүй тусдаа байдаг) нэг зан үйлд оролцож байсан юм. Дээрхийн Гэгээн Далай лам энд суусан, Сэркон Ринбүүчий хажууд нь, би ард нь сууж байсан. Дээрхийн Гэгээн бас уншиж байлаа. Гэнэт салхи үлээж, Дээрхийн Гэгээний уншиж байсан хуудас хийсч шалан дээр унатал Сэркон Ринбүүчи – миний үргэлж гараа өгч босож суухад нь тусалдаг байсан Ринбүүчи – хорин настай залуу хүн шиг ухасхийн босож хуудсыг Далай ламд авч өгдөг юм байна. Түүний надаар туслуулдаг байсан нь ердөө л дүр эсгэж байсан нь тодорхой байсан. Тэр өөрөө босож сууж чаддаг байсан нь тодорхой байсан.

Тэр ганцаараа нэг өрөөнд унтдаг байсан. Гэтэл нэг удаа би түүнтэй хамт нэг газар явахаар болж, түүний туслах нэг төвд хүн түүнтэй нэг өрөөнд орох болсон юм. Ринбүүчи бүх хүмүүсээс өмнө унтдаг байсан. Тэгээд тэр удаа хүн бүр унтсаны дараа тэрээр босож – туслах нь түүний босохыг харсан – тэрээр бясалгал хийн, Наропагийн зургаан йогын дасгалуудаас (настай, жин ихтэй хүн гэхэд итгэхийн аргагүй) хийж байжээ. Тэгээд өглөө хүмүүс босохоос өмнө эргэн хэвтэж шөнийн турш унтсан мэт дүр үзүүлдэг байжээ.

Ийм зүйл болдог байна. Тэд ердийн хүн мэт бусдад сэтгэгдэл төрүүлж, өөрсдийнхөө чадварыг нуудаг. Энэ бол том лам нарын, үгүй гэхэд тэдний заримынх нь байдал юм. Үнэхээр бишрэх сэтгэл төрүүлдэг. Бид гурван суртгаал, найман мөрөөр ийм түвшинд хүрч өөрсдийгөө хөгжүүлж болно. Тэр нь эхлэл болох юм. Үүнийг бид зөвхөн энэ насныхаа амьдралыг сайжруулах түвшинд авч үзэж болно. Эсвэл илүү гүнзгий түвшинд, дараа төрөлдөө илүү сайн төрөлд төрөх, төрөл авах үйл явцыг хянаж чадахгүй дахин дахин төрөл авах зовлонгоос чөлөөлөгдөх, бусдад хамгийн сайн тус хүргэх чадвар болох гэгээрэлд хүрэх үүднээс авч үзэж болно.

Ингээд бидний энэ удаагийн лекц дуусч байна. Маш их баярлалаа, энэ бүхэн тодорхой хэмжээгээр тус болох байх гэж найдаж байна.