Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Өдөр тутмын амьдралын гурван суртгаал (эзэмших чадвар) ба найман мөр (зарчим)

Александер Берзин
Киев хот, Украйн улс
2013 оны 6-р сар

Хоёрдугаар хэсэг: Зөв үйлдэл, зөв амжиргаа, зөв хичээл зүтгэл

Өмнөх сэдэв

Өчигдөр үдэш бид гурван суртгаалын (эзэмших чадвар) талаарх яриагаа эхэлж, эдгээр суртгаалыг дараах байдлаар авч үзэж болохыг ярилцсан. Үүнд:

  • Сэтгэл хөдлөл зэрэгтэй ажиллах тухай сэтгэлийн суурь шинжлэх ухаан, ёс зүйн гүн ухаантай холбоотой Бурханы шашны зөвхөн шинжлэх ухаан, гүн ухааны талыг авч үзэх. Ингэхдээ бид гол төлөв өөрсдийн амьдралын чанарыг сайжруулах үүднээс эдгээр гурван суртгаалд хадгалагдаж буй ойлголтыг ашиглахад анхаардаг.
  • Мөн үйлийн үр, дахин төрөл, зовлонгоос гэтлэх, гэгээрэл гэх мэт ойлголтууд дээр төвлөрч байдаг шашны хэсэг байдаг. Энэ хэсэгтээ бид эдгээр гурван суртгаалыг (эзэмших чадварыг) сайн төрөл, төгс амгалан (гэтлэхүй), гэгээрэлд хүрэхэд өөрсөддөө туслах үүднээс хэрэглэдэг.

Гэвч эдгээр гурван суртгаалыг ямар түвшинд хэрэглэж байгаагаас үл хамааран тэдгээр нь ямагт бидний асуудал, зовлон бэрхшээлүүдийг даван туулахад туслахад чиглэсэн байдаг билээ. Ингэхдээ бидний асуудал, бэрхшээлүүдийн шалтгааныг тодорхойлохыг оролдож, тэдгээр шалтгаануудыг багасгахын тулд найман мөр гэх зарчмуудыг санал болгодог.

Энэ ялаа надад их сайн байгаа, тэгээд миний нүүрэн дээр суухыг хүсэж байгаа юм шиг санагдаад их инээд хүрлээ. Бурханы шашны үүднээс хүмүүс “Надтай хамт байхыг их хүсээд байгаа энэ ялаа үүний урдах төрөлдөө хэн байсан юм бол?” гэж харна. Энэ нь шууд л түүнийг цохих сэтгэл төрөхөөс илүү тайван байдлаар харах хэлбэр юм.

Юутай ч, тэрхүү гурван суртгаал нь ёс зүйн хувийн сахилга бат, төвлөрөл, ялгах ухамсар бөгөөд эдгээрийг өдөр тутмын амьдралд төлөвшүүлэх нь үнэхээр чухал:

  • Бид бусадтай харилцах үедээ хэрхэн биеэ авч явж, ярьж эсвэл ямар нэг ажил төрлийн холбоотой бол ажлын түвшинд хэрхэн харилцаж байгаагаа анхаарах нь мэдээж чухал. Ямар нэг хор уршигтай эсвэл сөрөг үр дагавартай зүйл хийхээс зайлсхийхийн тулд бидэнд ёс зүйн сахилга бат хэрэгтэй болдог юм.
  • Мөн тэдэнтэй зөв зохистой байдлаар харилцаж чадахын тулд бид тэдний хэлж буй зүйл, хэрэгцээ шаардлага, тэдэнд юу тохиолдоод байгаа дээр анхаарч чаддаг байх шаардлагатай. Хэрэв бид анхаарлаа төвлөрүүлж чадахгүй, сэтгэл тал тал тийш сарнисан – эсвэл минут тутам, бусадтай харилцаж байх үед гэх мэтчилэн утас дуугарч, бид мессэж бичиж байвал нөгөө хүнтэйгээ харилцахад үнэхээр хэцүү болгоно.
  • Хэрэв бид тухайн хүн дээрээ – тэдний юу хэлж байгаа, тэдний байгаа байдалд анхаарлаа төвлөрүүлж чадвал бид ухамсараа ашиглан юу гэж хариулбал тохиромжтой, юу гэж хариулбал тохиромжгүй байхыг ялгаж чадна. Тэр нь эргээд тухайн хүндээ тохиромжтой байдлаар зөв зохистой хандах, зөв зохистой ярихад нөлөөлдөг.

Ийнхүү эдгээр гурван суртгаал нь (эзэмших чадвар) хоорондоо хоршиж, нэг нэгэндээ хүч өгдөг бөгөөд ийм ч учраас тэднийг бүгдийг зэрэг хэрэглэх хэрэгтэй.

Бүр бид бусадтай хамт байхгүй, тэдэнтэй харилцаагүй үед ч эдгээр гурван суртгаал ердөө бидний өөрсдийн хувьд ч хэрэгтэй байдаг. Өөрсөдтэйгөө ажиллахад дараах зүйл чухал. Үүнд:

  • Өөртөө сөрөг нөлөөтэй байдлаар үйлдэл хийхгүй байх.
  • Өөрсдийн хүрэхийг хүссэн зүйлээ гүйцээхийн тулд сэтгэлээ төвлөрүүлэх.
  • Юу хийвэл тохиромжтой, юу хийвэл тохиромжгүй болохыг ялгах үүднээс билиг ухаанаа ашиглах.

Тэгэхээр эдгээр гурван дээд суртгаал нь бидний хувийн болон нийгмийн харилцаанд үйлчилдэг нь харагдана. Үүний адил тэдгээр нь бидний өдөр тутмын амьдралд хэрэглэж болох маш чухал тулгуур зарчмууд юм.

Хэл хальтраад дээд суртгаал гэж хэллээ. Энэ хэллэг нь ихэнх тохиолдолд хэрэглэгддэг хэллэг. Дээд суртгаал, гурван дээд суртгаал гэж хэрэглэж байгаа үед эдгээр гурвыг гэтлэхүй, гэгээрэлд хүрэх үүднээс төлөвшүүлэх гэж ойлгодог. Иймд дээд хэмээн нэрлэдэг байна. Эдгээрийг ердөө энэ нас, хойд төрлүүдээс илүү дээд зорилгод хүрэхийн тулд төлөвшүүлж байгааг илэрхийлж буй явдал юм.

Ингээд бид эдгээр гурван суртгаалыг найман мөрийн үүднээс илүү дэлгэрүүлэн ярилцаж эхэлсэн. Эдгээр найман мөр нь гурван бүлэгт хуваагддаг бөгөөд эхний бүлэг нь ёс зүйн хувийн сахилга (гурван суртгаалын нэг), ёс зүйн хувийн сахилга батад суралцахтай холбоотой гурван зүйлийг багтаадаг. Тэгэхээр бид одоо хувийн сахилга батын үүднээс ярьж байгаа бөгөөд тэдгээр гурван зүйл нь:

  • Зөв яриа
  • Зөв үйлсийн хязгаар буюу зөв үйл
  • Зөв амжиргаа

гэдгийг тэмдэглэсэн.

Өчигдөр бид зөв ярианы талаар ярилцаж худал хэлэх, хов хэлэх, хатуу ширүүн үг хэлэх, чалчих гэсэн эдгээр сөрөг үр дагавартай ярианаас зайлсхийж, харин зөв зохистой, эерэг үр дүнд хүргэх – үнэн өгүүлэх, эв эеийг бий болгох, эелдэг, зөөлөн, утга учиртай, зөв цагт, зөв хэмжээтэй (жижиг сажиг зүйл ярьж бусдад саад болохгүй) ярих – сахилга баттай байх хэрэгтэй гэдгийг харцгаасан. Мөн бидэнд бусдад тус хүргэх байдлаар жишээ нь тэдний асуултанд хариулах, хэрэв тэд ямар нэг зовлон бэрхшээлтэй байгаа бол сэтгэл санааг засах гэх мэт байдлаар ярих сахилга бат хэрэгтэй.

Буруу үйл

Ингээд цааш нь үргэлжлүүлье. Тэрхүү найман мөрийн хоёр дахь нь зөв үйлсийн хязгаар юм. Энэ нь тогтсон хэллэг бөгөөд хязгаар гэдгийг “Би энэ хязгаар хүртэл үйлдлийг хийнэ, тэр хязгаараас цааш гарахгүй” гэсэн утгаар ойлгодог. Дараах гурван сөрөг үр дагавартай үйлдлийг тэрхүү хязгаар гэдэг:

  1. 1. Амьд амьтныг хөнөөх (амьтны амь таслах).
  2. Хулгайлах, өөрийн эзэмшил бус зүйлийг авах.
  3. Зохисгүй бэлгийн харилцаа.

Тэгэхээр эдгээр нь юу гэсэн үг вэ?

Амь таслах

Амь таслах гэдэг нь хэн нэгний амьдралыг зогсоох гэсэн үг. Бид үүнийг зөвхөн хүний амь төдийгүй загасчлах, ан хийх, шавьж хорхой хөнөөх зэргийг хамруулдаг.

Бидний олонхийн хувьд ан гөрөө хийх, загасчлахыг зогсоох нь хэцүү биш байх гэж бодож байна. Шавьж, хорхойн хувьд илүү хэцүү. Гэвч “Энэ ялаа өмнөх төрөлдөө миний эх байсан” гэх мэт хойд, урд төрлийн талаар ярилгүйгээр энэ асуудлыг шийдвэрлэх олон арга зам бий. Энд хамгийн гол онцлох зүйл бол, хэрэв бидэнд ямар нэг зүйл төвөгтэй санагдахад түүнд үзүүлэх эхнийхээ хариу үйлдэл болгож алахыг хүсэхгүй байх явдал юм. Энэ нь өөрсдийн дургүй зүйлээ ямар нэг хүч хэрэглэсэн аргаар үгүй хийхийг хүсэх зуршил бий болгож энэ нь нүүрэн дээр чинь эргэлдэх ялаанаас цааш гарч тэлж эхэлдэг. Харин бидний хүсэж буй зүйл бол саад болж буй зүйлийг шийдвэрлэх ямар нэг тайван арга замыг олох. Иймд шавьжнуудын хувьд, жишээ нь ялаа шумуулыг ханан дээр суух үед дээгүүр нь шилэн аяга тавьж, шилэн аяганыхаа доор цаас барих байдлаар гадагш гаргаж болдог. Олон олон тохиолдлуудад өөрсдийн дургүй зүйлээ шийдвэрлэх илүү тайван арга замыг олж болдог, олон энгийн аргууд байдаг.

Хэрэв та Энэтхэгт амьдрах бол миний сурсны адил шавьжтай хамт амьдарч сурах хэрэгтэй болно. Энэтхэгт тэр олон шавьжнаас ангижрах арга байхгүй гэж хэлэх гэсэн юм. Би Энэтхэгт байх аялалын төлөөлөгч нарт зориулсан “Хэрэв та шавьж хорхойнд дуртай бол Энэтхэг танд таалагдана” хэмээж байсан нэг сурталчилгааг үргэлж санадаг байсан. Анх Энэтхэгт амьдарч эхлэх үед мэдээж би шавьж хорхойнд дуртай байгаагүй. Харин би шинжлэх ухааны уран зөгнөлийн фэн байсан юм. Тэгээд хэрэв би нэг өөр гариг дээр очоод, тэр гаригийн амьдрал нь шавьж хорхойны амьдралын хэв маягтай байх бөгөөд би тэнд тааралдсан амьтан бүрийг гишгэж эсвэл цохиод явбал их муухай байх болов уу гэж төсөөлдөг байлаа. Харин та өөрийгөө тэр шавьжны оронд тавиад үзвэл – “Тэр шавьж ердөө өөрийхөө л зүйлийг хийж байдаг” ба та түүний амьдралын хэв маягийг хүндэтгэж эхэлдэг.

Гэвч мэдээж муу нөлөөтэй хүмүүс байдгийн адил – хортой шавьж хорхой байдаг бөгөөд та тэднийг хянахын тулд заримдаа хүчтэй арга хэмжээ авах хэрэгтэй болно. Гэвч бидний оролдож үзэх хамгийн эхний зүйл бол хүн хоорондын зөрчил байсан ч, гэр орон шоргоолж, жоомоор дүүрсэн гэх мэт ямарч зүйл байсан тайван аргыг хэрэглэх явдал.

За, амь таслахыг ингэж ойлгож болно.

Хулгай хийх

Хоёр дахь нь хулгайлах буюу өөрийн эзэмшил биш зүйлийг авах. Хүмүүс, бараг ихэнх хүмүүс өөрийн эд зүйлээсээ илүү амь насандаа хайртай байдаг нь мэдээж боловч хэн нэгний эд зүйлийг авах нь тэдгээр хүмүүст маш их таагүй байдлыг бий болгодог бөгөөд “Хэзээ баригдах бол?” хэмээн түгших гэх мэт энэ бүх зүйлүүд бий болдог.

Одоо, бидний зайлсхийхийг хүсдэг зүйл бол бидэнд тохиолдох асуудлууд гэж ярьж байснаа саная. Хэрэв бид шавьж хорхой, загасыг албал энэ нь тэр шавьж, загасны асуудал болох нь ойлгомжтой. Харин бидний асуудал бол ... Жишээ нь, хэрэв та шавьжнуудаас болж үймрэх юм бол та цаг үргэлж л яах бол гэж бодон байнга тайван бус “Шумуул орж ирж өрөөг дүүргэх болов уу?” хэмээн байнга ажиглах болно. Эсвэл шөнө дунд ямар нэг амьтан орж ирсэн байна хэмээн босож өрөөн дотроо гөрөөнд гардаг. Энэ үнэхээр түгшүүртэй сэтгэлийн төлөв байдал, тийм биз дээ? Хэрэв бид өөрсдийн дургүй зүйлээ шийдвэрлэхдээ ямар нэг тайван арга хэрэглэвэл сэтгэл амар амгалан байдаг.

Хэрэв та үргэлж хүчирхийллийн арга хэрэглэх тухай бодож байвал та маш унтууцсан байдалтай байна биз дээ, маш түгшүүртэй – зовлонтой сэтгэлийн төлөв байдал – мөн та ямарч хяналтгүй болно. Та ялаа, шумуулыг цохиж, ердөө онохыг л хүссэн учраас тэдний сууж байсан үнэт зүйлээ эвдэн хэмхэлж ч болдог. Та өөрийн эд зүйлээ сүйтгэдэг. Та ямарч хяналтгүй болдог. Харин үүний оронд хэрэв та илүү тайван шийдэл олохыг оролдох юм бол асуудлыг шийдэх ямар нэг өөр, тайван арга олж харах өөрийн ухамсарыг илүү тайвнаар ашиглах боломжтой болдог юм.

Хулгай хийх, өөрийн тань эзэмшил биш ямар нэг зүйлийг авах нь бас адил. Та заль мэх гаргах хэрэгтэй болно – та мэдэгдэх вий гэж санаа зовох ба энэ нь ямар нэг зүйлийг авахыг үнэхээр хүсэх боловч түүнд шаардлагатай ажлыг хийх хангалттай тэвчээргүй учраас түүнийг хэн нэгнээс хулгайлах хүслээс үүдэлтэй.

Мэдээж хулгай хийх, амь таслах нь өөр өөр сэдлээр бас өдөөгдсөн байдаг. Жишээ нь:

  • Та энэ амьтан, энэ загасыг идье хэмээн маш хорхойсон тэднийг алж болно. Дахин хэлэхэд юмс үргэлж нөхцөлөөс шалтгаалдаг. Хэрэв идэх зүйл огт байхгүй бол тэр нь нэг хэрэг. Хэрэв идэх өөр зүйл байгаа бол тэр нь ондоо хэрэг болно.
  • Мөн та уур, бухимдлын сэтгэлээр хулгай хийж болно. Та хэн нэгэнд хор хүргэх үүднээс тэдний эзэмшил ямар нэг зүйлийг авах.

Тэгэхээр ийм муу үр дагавартай байдлаар үйлдэл хийх нь өчигдрийн бидний ярьсанчлан сөрөг сэтгэл хөдлөл дээр суурилж байдаг юм.

Зохисгүй бэлгийн харилцаа

Сөрөг үр дагавартай үйлийн гурав дахь хэлбэр нь зохисгүй бэлгийн харилцаа юм. Энэ нь үргэлж хэцүү сэдэв байсаар ирсэн. Учир нь бидний ихэнхийн хувьд бэлгийн харилцаанд ороход нөлөөлдөг хүчин зүйл нь дур хүсэл байдаг. Үүнд бидний тогтоох үндсэн зарчим, хил хязгаар бий:

  • Бэлгийн үйл ажиллагаагаараа ямар нэг гэм хор учруулахгүй байх. Жишээ нь хэн нэгнийг хүчирхийлэх, тэдэнд гэм хор хүргэх, зүй бус байдлаар зохисгүй үйлдэл хийх. Энэ нь бидний зайлсхийдэг нилээд тодорхой, ойлгомжтой тал нь.
  • Хэн нэгнийг шахах нь дээрхийн хурц биш хэлбэр болдог. Энэ нь хэн нэгэнд, бүр гэр бүлийн хүндээ хүсээгүй үед нь шахалт үзүүлэх явдал юм.
  • Мөн хэн нэгний гэр бүлтэй, эсвэл гэр бүлтэй бол хэн нэгэн өөр хүнтэй бэлгийн харилцаанд орох. Гэр бүлээс гадуурх харилцаа. Энэ нь үргэлж ямар нэг бэрхшээл авчирч байдаг, тийм биз дээ?

Хэдий зөвхөн эдгээрийг дурдаж байгаа боловч зохисгүй бэлгийн харилцааны өөр олон талууд байдаг. Үүний цаадах гол санаа бол бид ердөө л адгуус амьтнаас ялгаатай байхыг хичээх явдал юм. Амьтад хэзээ хүссэн үедээ, орчин тойронд хэн, юу байх нь хамаагүй шууд л үсэрдэг. Тэд дур хүслийнхээ эрхэнд бүрэн орсон байдаг. Энэ бол бидний зайлсхийхийг хүсэж буй зүйл юм.

Тэгвэл бид юу хийх вэ гэвэл тодорхой хил хязгаар тогтоох – үйлдлийн хязгаар гэж нэрлэж байсныг санаарай – “Миний бэлгийн харилцааны хүрээ энэ байна, түүнээс цааш гарахгүй” гэсэн тодорхой хязгаар тавих юм. Үүнд давтамж, байрлал гэх мэт зүйлүүд байж болох боловч гол нь тодорхой зарчимтай, амьтан шиг, юу хүссэн түүнийгээ, хэзээ ч хамаагүй хийхгүй байх юм. “Би чамтай үүнийг хийнэ, харин түүнийг хийхгүй” гэсэн хил хязгаар тавих юм. Сахилга батын үүднээс энэ үнэхээр маш чухал юм. Сахилга бат бол тухайн хил хязгаараас цааш гарахаас зайлсхийх гэсэн үг. Бид үүнийг ердөө дур хүсэл дээр суурилсан, ингэх нь үнэхээр шаардлагагүй гэж харах ёстой. Жишээ нь бид одоо бясалгал бүтээлд байна. “Энэ бясалгал бүтээлийн үеэр би бэлгийн харилцаанд орохгүй” гэх мэт юу ч байж болно. Ийм хил хязгаар тавих юм. Гол санаа нь тодорхой нэг хил хязгаартай байх гэсэн үг.

Мансууруулах зүйл хэрэглэх

Мансууруулах зүйл хэрэглэх нь эдгээр буруу, сөрөг үр дагавартай үйлд ордоггүй гэсэн хэдий ч мансууруулах зүйлээс татгалзах нь төлөвшлийн үүднээс маш чухал. Бид төвлөрлийг төлөвшүүлэхийг хүсэж байгаа. Бид сахилга батыг төлөвшүүлэхийг хүсэж байгаа. Гэвч согтсон үед та сахилга батаа алддаг, тийм биз дээ? Хэрэв та ямар нэг төрлийн мансууруулах бодис хэрэглэвэл, бүх төвлөрлөө алдана – хар тамхины нөлөөгөөр сэтгэл байнгын тогтворгүй болох гэх мэт. Тэгэхээр хэрэв хүн янз бүрийн мансууруулах бодис, согтууруулах ундаа гэх мэтийн нөлөөг харвал түүнийг өөрийн сэтгэлийн хөгжил, сэтгэл хөдлөл, зан байдлын төлөвшлийнхөө хувьд юунд зорьж байгаатайгаа харьцуулах юм бол согтох, мансуурах нь тэр бүхэнтэй бүрэн харшилна гэдгийг ойлгох юм. Тэдгээр нь энэхүү хөгжил төлөвшилд саад болж, хор нь зөвхөн согтож, мансуурсан үед төдийгүй биед үлдсэнээр дараа нь ч мөн нөлөөлдөг (шартах гэх мэт). Иймд эхэнд нь хязгаарлах үүднээс зарим хэм хэмжээ тавьж, улмаар тэдгээрийг бүрэн зогсоох нь хамгийн зүйтэй юм.

Зөв үйлсийн хязгаар (Зөв үйл)

Ийнхүү хувийн ёс зүйн сахилга батын нэг тал бол сөрөг үр дагавартай зан байдлаас сэргийлэх явдал. Нөгөө тал нь зөв үйл гэж нэрлэгдэх эерэг үр дагаварт хүргэх үйлдлүүдийг хийх явдал юм.

Бусдын амь таслахын оронд та амь насыг нь баталгаажуулахад тусал. Үүнийг их өргөн хүрээнд харж болно. Жишээ нь амьтны амьдрах орчныг үгүй хийснээр олон амьтан амьдрах нөхцөлгүй болох, гол, нуурыг бохирдуулснаар загас олноороо үхэх нөхцөлийг бий болгохоос илүүтэйгээр экологид анхаарал хандуулах хэрэгтэй. Энэ нь амьдралыг тэтгэх нэг арга юм. Нохой тэжээж байгаа нь амьдрал тэтгэж байгаа явдал юм. Гахай тэжээх – энэ нь тарга тэвээрэг авахуулаад нядалж идэх тухай биш, харин түүнийг тэжээж бойжуулах тухай юм. Үүнд мөн өвчтэй хүмүүсийг асарч, амьд явахад нь туслах ч хамаарна. Хэн нэгэн хүн өвдөж зовсон байгаа үед та тусалдаг. Эдгээр нь бүгд амь нас тэтгэх үйл юм.

Ялааг авч үзье – Энэтхэгт та ялаатай ажиллах хэрэгтэй болдог. Таны өрөө рүү орж ирсэн ялаа эсвэл зөгийг авч үзье. Тэр ялаа эсвэл зөгий таны өрөөнд байхыг хүсэхгүй, тийм биз дээ? Тэр дундаа зөгий – тэд гарахыг хүсдэг боловч яаж гарахаа мэддэггүй. Иймд та тэднийг таны өрөөнд андуурч орж ирсэнийх нь төлөө алах нь тийм таатай зүйл биш, тийм биз дээ? Түүнд гарахад нь туслах хэрэгтэй, жишээ нь түүнийг гаргахад ердөө цонхоо нээж багахан сэвэх байсан ч гэсэн та түүний амьд байхад нь тусалж байна. Тэр амьдрахыг хүсэж байгаа. Жишээ нь нэг шувуу өрөөнд тань санамсаргүй орж ирэхэд та буу аван буудахгүй биз дээ? Тэгэхээр шувуу, ялаа хоёрын хоорондох ялгаа нь юу юм бэ? Хэмжээ. Гаргаж буй дуу нь. Та ялааны гаргадаг дуунд дургүй, шувууны гаргадаг дуунд дуртай байж болно. Хэрэв та ялаа өрөөнд чинь байхад онцгойлон дургүй бол цонхоо нээлттэй бүү байлга эсвэл тор хийх хэрэгтэй.

Ингээд хулгай хийхгүй байх тухайд зөв үйл бол бусдын эд зүйлийг хамгаалахад туслах байж болно. Хэрэв хэн нэгэн чамд ямар нэг зүйл зээлдүүлсэн бол түүнийг нь гэмтээхгүй байхыг оролдох хэрэгтэй. Түүнийг сайн хамгаалах хэрэгтэй. Ийм зүйлүүд байх юм. Хүмүүст сайхан зүйлтэй болоход нь туслах хэрэгтэй.

Зохисгүй бэлгийн харилцаа, үүнд зөвхөн бусадтай сексийн харилцаанд орох тухай төдийгүй өөртөө хийх тухай ярьж байна, түүний оронд эелдэг, зөөлөн байдлаар, зүй зохистой хэмжээгээр гэх мэтээр – ороо нь орсон нохой адил бус байдлаар харилцааг хийх хэрэгтэй юм.

Зөв, болон буруу үйлийн бусад жишээ

Хэрэв бид энэхүү сэдвээ миний бусдыг ойлгож сурах тухай хөтөлбөрт багтсан зүйлүүдээр (бидний өмнө нь хэл ярианы тухайд ярилцаж байсны адил) дэлгэрүүлж авч үзвэл үйлийн эдгээр гурван хэлбэрийн өөр олон талууд байдгийг бас харж болно.

Амь таслахтай холбоотой өөр нэг зүйл бол бусдад биеийн хүчээр хатуу ширүүн хандахгүй байх явдал. Үүнд зөвхөн бусдад гар хүрэх төдийгүй хэт их ачаалалтай ажиллуулах, хэтэрхий шахах зэрэг багтдаг. Өөрөөр хэлбэл ямар нэг биеийн зовиур учруулна гэсэн үг.

Мөн өөрсөддөө хэт их ажиллах, бага идэх, сайн унтаж амрахгүй байх гэх мэтээр зүй бус хандахгүй байх. Бид гол төлөв бусдад хандсан өөрсдийн үйл байдлын талаар авч үздэг боловч зарим тохиолдолд бас өөртөө хортой үйл хийж байдаг – хангалттай дасгал хөдөлгөөн хийхгүй байх гэх мэт.

Хулгай хийх явдлын хувьд, энэ нь зөвхөн бусдын эд зүйлийг авахгүй байх төдийгүй жишээ нь бусдын эд зүйлийг асуухгүйгээр хэрэглэх явдал байдаг. Та хэн нэгний утсаар асуухгүйгээр өндөр төлбөртэй дуудлага хийх гэх мэт. Бид бусдаас зөвшөөрөл авалгүйгээр зарим зүйлийг авч хэрэглэдэг. Энэ бол хулгайлж байгаа хэрэг. Театрт тасалбаргүй орох, ер нь төлбөр төлөхгүй байгаа юу ч байж болно. Ингэснээр та хүмүүсийн дургүй байдаг зальтай хүн болж эхэлнэ. Мэдээж та “Миний татвар дайн хийх, зэвсэг худалдаж авахад зарцуулдаг учраас би татвар төлөхийг хүсэхгүй байна” гэж хэлж болох юм. Гэвч тэрхүү татвар мөн зам, эмнэлэг барих, боловсрол гэх мэтэд зарцуулагддаг. Хэрэв эдгээр зүйлийг хэрэгтэй гэж үзэж байгаа бол татвар төлөх хэрэгтэй шүү дээ.

Бид мөн өөрсөд рүүгээ хандаж бодож болно. Бидний хийх зүйл бол аар саар зүйлд мөнгөө үрэхгүй байх. Энэ нь өөрсдийн эд хөрөнгө, баялгаа буруу хэрэглэж байна гэсэн үг. Жишээ нь мөрийтэй тоглох гэх мэт. Эсвэл худалдаж авч чадахуйц зүйлээ худалдаж авахгүй өөрөөсөө харамлах. Зөв зохистой хоол хүнс худалдаж авч чадах мөнгө байхад харам сэтгэлээр хамгийн муу, хямд хоол хүнс авдаг. Энэ бол угтаа өөрөөсөө хулгайлж байгаа хэрэг.

Зохисгүй бэлгийн харилцааны хувьд зөвхөн өөрийн эсвэл бусдын хамтрагчид даралт шахалт үзүүлэх төдийгүй өөрийн бие махбод, сэтгэл санааны эрүүл мэндэд хор хүргэж болохуйц бэлгийн харилцааг хязгаарлах хэрэгтэй. Нэг энгийн жишээ бол та хэн нэгэн хүнтэй танилцаж, түүнд татагдаж болно. Ингээд тэр хүнтэй бэлгийн харилцаанд орохыг хүснэ. Гэвч тухайн хүн сэтгэл санааны болон бусад олон хүндрэл бэрхшээлтэй асуудалтай тохиолдолд та тэр хүнтэй харилцаанд орвол асуудал үүснэ, хэцүү байх болно гэдгийг ойлгоно. Ингээд өөрийн хувийн эрүүл мэндийн үүднээс та үүнийг эхлүүлэхгүй байх хэрэгтэй, харилцаанд орохгүй байх хэрэгтэй. Ердөө л хэн нэгний аятайхан байдалд татагдаж болохгүй.

Зөв, буруу үйлийн талаар асуулт, хариулт

За, эдгээр нь зөв, буруу үйлдлийн талаарх бидний ярилцах зүйл байлаа. Асуух асуулт байна уу?

Оролцогч: Хулгай хийхтэй холбоотой асуулт асууя. Би зохиогчийн эрхийн талаарх энэхүү ярвигтай сэдвээр асуух гэсэн юм. Учир нь энэ талаар өөр өөр үзэл баримтлалууд байдаг. Зарим хүмүүс зохиогчийн эрх гэж байна гэж байхад, зарим нь ямарч эрх байхгүй гэж хэлдэг. Жишээлбэл зарим зөвшөөрөлгүй програм эсвэл хуулбарласан бичлэгийг татаж авах нь нэг төрлийн хулгай болох эсэхийг асуух гэсэн юм.

Алекс: Би үүнийг хулгай гэж бодож байна. Хулгай биш гэж хэлэх аргагүй юм. Хэрэв “Төлбөр төлөхгүйгээр татаж авахыг хориглоно” гэж онцолж хэлсэн байвал энэ нь тодорхой юм.

Энд баримтлах зарчим бол өөрсдийн үйл ажиллагаанд тодорхой нэг хэм хэмжээ тавих тухай явдал гэж бодож байна. Тийм ч учраас үүнийг үйлсийн хязгаар гэж нэрлэсэн байх. Бидний ёс зүйн сахилга бат нь өөр өөр цар хүрээтэй байдаг, тийм биз дээ? Энэхүү цар хүрээ нь бидний хийхийг хүсэж буй зүйлээс эхлээд – бусдад болон өөрт үзүүлэх үр дүн нь өөр өөр байж болох – хэрэв бид зохисгүй бэлгийн харилцааны тухай ярьж байгаа бол бүрэн сахилтай эрэгтэй, эмэгтэй лам хуврагийн огт бэлгийн харилцаанд орохгүй байх хүртэлх хэм хэмжээг хамарна. Гэвч эдгээрийн хооронд олон олон боломжууд байдаг бөгөөд хамгийн гол санаа нь тодорхой нэг хэм хэмжээ тогтоогоод түүнээсээ гарахгүй байх сахилга бат төлөвшүүлэх явдал юм.

Амь таслахын хувьд “Би ан хийхгүй, загасчлахгүй, эсвэл хүний амь хөнөөхгүй байя. Харин шавьж хорхойны хувьд яах вэ? Би үүнийг арай шийдэж чадахгүй юм байна” гэж авч үзье. Та тодорхой зааг тавьсан байна. Мөн хулгай хийх тухайд та “Би банк дээрэмдэх, эсвэл дэлгүүрээс хулгай хийхгүй. Харин төлбөр төлөхгүйгээр интернэтээс ямар нэг зүйл татаж авахын хувьд? Үүнээс би үнэхээр татгалзаж чадахгүй” гэж хэлье. Энэ тохиолдолд та тодорхой хэмжээгээр зааг тавьж байна. Гэвч төлбөр төлөхгүйгээр ямар нэг зүйл татаж авах нь хулгай гэдгийг хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй. Мөн төлбөрийг нь төлж чадах, төлөх мөнгө байгаа үед төлбөр төлөлгүйгээр татаж авах, төлөх мөнгө байхгүй учраас төлөхгүй байх хоёрын хооронд том ялгаа бий. Төлж чадах боломжтой хэр нь төлөхгүй байх нь зохимжгүй бөгөөд бүр их ноцтой зүйл гэж бодож байна. Үүнээс эрс зайлсхийх хэрэгтэй гэж би үзэж байна.

Зохиогч гэдгээрээ би энэ бүхнээс сэрэмжилж энэхүү вэб хуудсыг үнэ төлбөргүй хэрэглэх боломжтой болгодог юм. Ингэснээр хүмүүс мэдээллийг татаж авах, хэрэглэх, өөрийн вэб хуудсанд тавих гэх мэтээр ашиглахад ямарч асуудал гарахгүй юм. Түүнийг бусдын тусад ашиглаж байх юм бол, энэ зүгээр. Ингээд хандиваар үйл ажиллагаагаа явуулна – энэ бол жинхэнэ Бурханы шашны уламжлал юм. Гэвч олон хүмүүс үүнийг баримтлахгүй байна.

Зөв ба буруу амжиргаа

За, одоо амжиргааны тухай, хэрхэн бид амьдралаа залгуулах, үүнд ямар хэм хэмжээ бидэнд хэрэгтэй талаар ярилцъя. Бидний зорьж буй зүйл бол зарим хор хөнөөлтэй үйлдвэрлэл, эсвэл үйлдвэрлэлээ хор хөнөөлтэй, өөрт болон бусдад хор хүргэх аргаар эрхлэх зэргээр амжиргаагаа тэтгэхээс зайлсхийх ёс зүйтэй байх явдал юм. Жишээ нь:

  • Зэр зэвсэг үйлдвэрлэх, арилжих
  • Амьтан нядлах, ан агнуур, загасчлал хийх, шавьж устгах
  • Согтууруулах ундаа, мансууруулах зүйл худалдах, үйлдвэрлэх
  • Мөрийтэй тоглоом, казиногийн үйл ажиллагаа явуулах
  • Садар самууныг харуулсан кино хийх, түгээх.

Ийм төрлийн амжиргаа нь бусдад болон өөрт хортой. Жишээ нь садар самуунтай холбоотой кино ердөө бүгдийн дур хүслийг ихэсгэж байдаг.

Гэвч түүгээр зогсохгүй бусдад болон өөрт гэм хор хүргэхгүй, ердийн амьдралаа тэтгэх үйл ажиллагаанд оролцож байхдаа бид үнэнч шударга байх хэрэгтэй. Шударга бус байхаас зайлсхийх хэрэгтэй. Үүнд:

  • Худалдан авагч, үйлчлүүлэгч нараас илүү мөнгө авах. Ингэхдээ тэднээс аль болох их мөнгө авахыг хүсэх.
  • Хөрөнгө шамшигдуулах. Энэ нь байгууллагын хөрөнгийг өөрийн хэрэглээнд ашиглах гэсэн утгатай.
  • Сүрдүүлж мөнгө авах. Мөнгө авахын тулд бусдыг заналхийлэх. “Хэрэв их хэмжээний мөнгө өгөхгүй бол өөрийн талаар баримтуудыг мэдээнд нийтлэнэ” гэх. Энэ бол сүрдүүлэг. Энэ нь хүн барьцаалахтай адил: “Хэрэв миний шаардсан тэр бүх мөнгийг өгөхгүй бол хүүхдийг чинь ална.” Эдгээр нь амьдрал залгуулах зөв арга биш юм.
  • Хахууль.
  • Бусдын хөдөлмөрийг шударга бусаар ашиглах.
  • Худал зар сурталчилгаа.
  • Илүү ашиг олох үүднээс бүтээгдэхүүн, хоол хүнсэнд хольц хийх.

Энэ мэтчилэн мөнгө олох олон олон шударга бус арга байдаг. Ийм амжиргаанаас зайлсхийхийн тулд бид ёс зүйн сахилга батыг мөн хэрэглэдэг. Бид шударга аргаар, нийгэмд тустай байх, сайн ажил мэргэжилээр амьдралаа тэтгэхийг оролдох хэрэгтэй. Үүнд:

  • Анагаах ухаан.
  • Нийгмийн ажил.
  • Яармаг худалдаа.
  • Бусдад тус болох үйлдвэрлэл, үйлчилгээ үзүүлэх, эрхлэх.

Нийгмийн эрүүл үйл явц, бусдын сайн сайханд хувь нэмэр оруулах ямар нэг зүйл хийх. Мөн:

  • Бусдыг хуурч мэхлэхгүй, илүү хөлс авахгүй гэх мэт эдгээр зүйлүүд.
  • Шударга үнэ тогтоох. Мэдээж ашиг олох хэрэгтэй боловч боломжит хэм хэмжээгээр хязгаарлах.
  • Ажилчиддаа сайн хөлс төлөх. Их хугацаагаар ажиллуулж, маш бага хөлс өгч тэдний хөдөлмөрийг мөлжихгүй байх.

Үүнтэй холбоотой өөр нэг зүйл бол нэг талаараа илүү сайн амьдрах боломж байгаа үед маш ядуу амьдрах – хэт их хязгаарлах, эсвэл нөгөө талаараа ямарч шаардлагагүй байдлаар хэт их хээнцэр тансаг байх – угаалгын өрөөндөө алтан тогтоогч хэрэгсэл тавих гэх мэт – аль алинаас нь зайлсхийхийг хичээх хэрэгтэй. Энэ бол ойлгомжтой хэт туйлширсан байдал. Гэвч илүү ойрын жишээ бол миний таньдаг зарим маш их мөнгөтэй хүмүүс хамгийн үнэтэй хувцас худалдан авдаг бөгөөд тэд маш олон хувцастай, даашинзтай – ялангуяа эмэгтэй хүмүүс ингэх хандлагатай байдаг – маш олон даашинз, гоёлын хувцастай байдаг. Тэд уйдахдаа өөр нэг мянган евроны хувцас авч ямар нэг баяр баясгалан амсана гэж боддог ба энэ нь үнэхээр тийм баяр баясгалан огтхон ч авчирдаггүй. Ийм хэт тансаг байдал бол амьдралаа хөтлөх нэг зохисгүй хэлбэр юм.

Зөв амжиргааны тухайд гарч ирдэг нэг асуулт байдаг. Үүнийг авч үзье. Нэг удаа би Австралид нэг төвд багшийн номыг орчуулж байхад тэрээр энэхүү зөв амжиргааны тухай ярьсан юм. Австрали маш олон хоньтой, Австрали, Шинэ Зеланд хоёулаа, тэгээд нэг хүн “Миний амьдардаг газар амьдралаа залгуулах ганц боломжтой зүйл нь хонь өсгөөд, ноос, махыг нь ашиглах. Тэгээд би юу хийх болж байна? Би хот руу эсвэл өөр газар нүүж, ажил олж хийж чадахгүй шүү дээ. Энэ бол миний болон манай гэр бүлийнхний амьдарч байгаа газар хийж болох ганц боломжтой зүйл нь” гэх зэргээр асуулт тавив. Харин төвд лам “Гол зүйл нь ажилдаа үнэнч байх, бусдыг хууран мэхлэхгүй байх ба амьтанд зүй бус хандахгүй, тэднийг сайн тэжээж, сайн маллах” гэх мэт зүйлийг хэлж байсан юм. Тэрээр хамгийн гол зүйл бол амьдралаа залгуулах үйл ажиллагаандаа үнэнч шударга, сайхан сэтгэлээр хандах, бүр мал өсгөж байсан ч адил юм гэж байсан. Хэрэв өөрийн чинь амьдарч буй газрын цорын ганц үйлдвэрлэл нь зэвсэгийн үйлдвэрлэл байвал тэр нь мэдээж маш хэцүү юм. Зэвсэгээ наад зах нь шударга үнээр зарах ч юм уу? Тэр мэдээж хангалттай биш гэж бодож байна.

Эдгээр гурав бол бидний баримтлах найман мөрийн (зарчмын) ёс зүйн сахилга баттай холбоотой гурван зарчим нь юм. Бид ёс зүйн сахилга баттай байх, өөрөөр хэлбэл сөрөг үр дагавартай яриа, үйлдэл, сөрөг үр дагавартай аргаар амьдралаа залгуулахаас зайлсхийх ёс зүй ба эерэг үр дүнд хүргэх байдлаар харилцах, үйлдэл хийх, аж амьдралаа тэтгэх ёс зүй болон бусдад тус хүргэх байдлаар ярих, үйлдэл хийх, амжиргаагаа залгуулах сахилга батад суралцахыг зорьж байгаа. Энэ нь бид хэрхэн нийгэмтэйгээ, найз нөхөдтэйгөө, гэр бүлийн хүрээнд гэр бүлийн гишүүдтэйгээ, мөн өөртэйгөө ажиллах тухай юм.

Ёс зүйн хувийн сахилга батын талаарх асуулт, хариулт

Төвлөрлийн талаар ярилцахаас өмнө ёс зүйн хувийн сахилга батын талаар асуух зүйл байна уу?

Оролцогч: Балтын тэнгист нэг нөхцөл байдал үүсээд байна. Тэнд аварга том хавчнууд үзэгдэж тэндэхийн бүхий л амьтдыг алж байна. Зарим компаниуд тэдгээр хавчнуудыг агнаж бизнес хийж байна. Эдгээр хавчнууд бусад бүх амьтдыг хороож байна. Тэгэхээр тэднийг устгах нь ёс зүйтэй хэрэг үү эсвэл үгүй юу?

Алекс: Энэ бол үнэхээр хэцүү асуудал. Энэ нь зөвхөн эдгээр аварга хавчнуудаар хязгаарлагдахгүй. Би зарим шинжлэх ухааны зөгнөлт аймшгийн кинонууд дээр ийм зүйлүүдийг харж байсан – гэвч тариан талбайд тань орж ирж байгаа царцаанууд, эсвэл гэр оронд тань үржээд байгаа бясаа гэх мэт бусад бэрхшээлүүд байна. Энэ бол хортон шавьжийг устгах тухай асуудал.

Энэ сэдэв бол сэдэлтэй их холбоотой гэж бодож байна. Нэг сонгодог жишээ байдаг: Өмнөх нэг төрөлдөө Бурхан багш нэг усан онгоцны ахмад байжээ. Хөлөг онгоцон дээр байгаа бүх хүнийг хороохоор нэг хүн төлөвлөж байжээ. Бурхан багш тэрхүү олон хүнийг хөнөөх төлөвлөгөөг тайван аргаар зогсоох ямарч арга байхгүй, цорын ганц үүнийг зогсоож чадах арга бол хэрэг хийхээр төлөвлөж байсан тэр хүнийг өөрийг нь хөнөөх арга байв. Ингээд Бурхан багш тэр хүнийг хороосон ба энэ нь уур хилэн, айдсаар бус хөлөг дээрх олон хүний амь аврах, мөн тэр хүн дараа төрлүүддээ маш их зовох үр суулгахаас сэргийлсэн энэрэн нигүүлсэх сэтгэлээр өдөөгдсөн байсан. Харин Бурхан багш өөрөө энэ үйлээ амьтны амь тасалж байгаа, сэдлээс хамаарахгүй буруу үйлдэл гэдгийг ойлгон, хүлээн зөвшөөрч, “Бусдын амь насыг аврахын тулд энэхүү буруу үйл үйлдсэний үр дагаварыг хүлээн авахад бэлэн байна” гэж хэлжээ. Хийсэн үйлдлийнхээ дараа төрлүүдэд гарах үр дүнгийн талаар бид бодохгүй байсан ч та хүний амь насыг хороох, олноор нь хомроголон устгаснаараа цагдаад баривчлагдаж, шүүгдэж, маш их бэрхшээл амсаж зовох болно. Бурхан багш, “Би бусдын амь насыг аврахын тулд тэрхүү гарах үр дүнг нь хүлээн авахад бэлэн байна” гэж хэлсэн.

Иймд хэрэв нэг махчин амьтныг устгах гэж байгаа бол – тариагаа хамгаалах, бусад загасыг аврах гэж байгаа – уур хилэн, айдас хүйдсийн, эсвэл “энэ хавчийг зарж их мөнгө олъё” гэсэн сэдлээр бус энэрэх сэтгэлээр үйлдэж байвал гарах үр дагавар нь уур хилэнгээр хийсэн үйлийнхээс илүү бага байдаг. Гэвч та түүнийг буруу гэдгийг мэдэж, гарах ямарч үр дагаварыг нь хүлээн зөвшөөрч байх хэрэгтэй.

Оролцогч: Та бүтээгдэхүүнийг хэт өндөр үнэлэх тухай дурдсан. Үүгээрээ та юу гэж хэлэх гэсэн юм? Тэгээс дээш ашиг олж байвал бүтээгдэхүүнийг хэт өндөр үнэлж байна гэсэн үг үү?

Алекс: Үгүй. Хэрэв ашиг нь боломжийн байвал өндөр үнэлж байгаа явдал биш. Хятад үйлдвэрлэхэд гурван цент зарцуулагдсан бүтээгдэхүүнийг нэг зуун еврогоор зарах нь мэдээж ялгаатай. Тэр бол хэт их ашиг биз дээ? Гэтэл хүмүүс ийм зүйл хийдэг. Гурван цент гэдэг нь хэтэрхий бага байж болох юм. Гэвч Бангладешд нэг брэндийн цамц үйлдвэрлэхэд ямар зардал гарах вэ? Тэд үнэндээ хүмүүст ямар хэмжээний цалин хөлс төлдөг вэ? Тэгээд танай гоёмсог дэлгүүрүүдэд тэд үүнийг ямар үнээр зардаг вэ?

Хүн амьдралаа залгуулах, гэр бүлээ тэжээх ёстой гэх мэтээр таньд тодорхой ашиг хэрэгтэй. Гэвч тодорхой нэг хэмжээ, тодорхой нэг хувийг боломжийн эсвэл үгүй гэж хэлэхэд хэцүү. Гэвч тухайн хүн өөрөө мэдэж байдаг гэж бодож байна. Ердийн нийтийн жишгийг харвал бид хэд байвал хэтэрхий их, үндэслэлгүй байхыг ерөнхийд нь мэдэх болно.

Төвлөрөлд суралцах (Гурван суртгаалын хоёр дахь суртгаал)

За, төвлөрлийн талаар яриагаа үргэлжлүүлье. Үүнтэй өмнө дурдсан найман мөрийн (зарчмын) дараагийн гурван зарчим нь холбогддог. Үүнд:

  • Зөв хичээл (зүтгэл)
  • Зөв дурьдал (дурдан санах)
  • Зөв самади (төвлөрөл)

Зөв хичээл гэдгийг сөрөг бодлуудыг чөлөөлж төвлөрөлд тохиромжтой сэтгэлийн төлөв байдлыг төлөвшүүлэх гэж ойлгодог.

Дурьдал гэдэг ямар нэг зүйлийг сэтгэлдээ барьж, тогтоож байх сэтгэлийн цавуу адил ба ингэснээр тухайн зүйлийг мартахгүй байх гэсэн утгатай. Ингээд зөв дурьдал нь:

  • Бидний бие, мэдрэмж, сэтгэл, болон сэтгэлийн хүчин зүйлүүдийн жинхэнэ мөн чанарыг мартахгүй санаж байх.
  • Мөн өөр өөр ёс зүйн зарчмуудаа алдахгүй баримтлах – нэг өдрийн болон байнгын сахил авсан бол түүнийгээ санаж байх.
  • Төвлөрч байгаа зүйлээ мартахгүй, сэтгэлдээ барьж байх.

Тэгэхээр хэрэв бид бясалгаж байгаа бол анхаарлаа төвлөрүүлж байгаа зүйлээ алдахгүй байх дурьдал бидэнд мэдээж хэрэгтэй. Гэвч ердийн үед хэрэв та хэн нэгэн хүнтэй ярилцаж эсвэл ажиллаж байгаа үед тухайн хүн, түүний хэлж байгаа зүйл дээр та анхаарлаа тогтоож, анхаарлаа алдахгүй байхад тань энэ дурьдал хэрэгтэй байдаг. Хэрэв анхаарлаа алдвал (дурьдал байхгүй бол), анхаарал өөр зүйл рүү сарнидаг байна.

Харин төвлөрөл нь анхаарч буй зүйл дээр сэтгэл тогтож байгаа тэр үйл явц юм. Бид хэн нэгний яриаг чагнаж, хүнтэй ярилцаж байгаа үед таны анхаарал тэдний хэлж буй зүйл, тэдний ямар үйлдэл хийж, хэрхэн харагдаж байгаа дээр тогтож байгааг төвлөрөл гэдэг бол дурьдал нь төвлөрлийг тогтоон барьж байдаг (цавуу мэт) ба тэгснээрээ таны анхаарал суларч бүүдгэрэх, эсвэл өөр зүйлд автаж сарнидаггүй байна.

Буруу хичээл (чармайлт)

За, хичээл зүтгэлээс эхэлье. Буруу чармайлт (хичээл зүтгэл) гэдэг нь өөрсдийн хүч нөөцийг гэм хортой, сөрөг бодолд чиглүүлэх гэсэн үг. Ойгомжтой байна уу? Эдгээр сөрөг, муу үр дагавартай бодлууд нь бидний сэтгэлийг бүрэн сарниулж байдаг. Бид ердөө төвлөрч чаддаггүй.

Атаа

Үүний эхний хэлбэр нь атаархах (бодол) сэтгэл юм. Энэ нь бусдын амжилт, аз жаргал, эд зүйлийн талаар атаархаж “Би яаж эдгээрийг олж авах вэ?” гэсэн бодол юм. Тэгэхээр энэ бол хэт их атаархал, хүсэл, шунах сэтгэл (Бусад хүний хүрсэн ололт амжилт, сайн чанар, эд зүйлд анхааран тэдний хүрсэн зүйлийг тэвчиж чадахгүй, өөрөө тэдгээр зүйлүүдэд хүрэхээр хэт шунах сэтгэл). Бид бидэнд байхгүй зүйлүүд хэн нэгэнд байхыг тэвчиж чаддаггүй – тэд амжилтанд хүрсэн байх, найз залуу, найз бүсгүйтэй, эхнэр, нөхөртэй байх гэх мэт. Бидэнд маш орь ганцаар, хоосон мэт санагдаж, тэдэнд машин байна, бидэнд алга гэх мэт юу ч байж болно – цаг үргэлж энэ талаар бодож ямар нэг гэм хор хүргэх төлөвлөгөө зохиож эхэлдэг. Энэ бол маш их сэтгэл үймүүлсэн сэтгэлийн төлөв байдал. Ямарч төвлөрөлгүй болгодог, тийм биз дээ?

Бүх зүйлд өндөр шаардлага тавихтай холбоотой сэтгэл нь бас энэ ангилалд ордог гэж би боддог. Энэ нь түүний дэд ангилалд багтдаг. “Би хэрхэн илүү сайн хийх вэ? Миний хийсэн зүйл тийм сайн байсангүй. Иймд би илүү сайн хийж, хяналтандаа байлгах ёстой” гэж байгаа нь үнэндээ өөртэйгөө мөчөөрхөж байгаа явдал юм.

Хорлох (өст) сэтгэл

Үүний дараа хоёрдугаарт хэн нэгэнд гэм хор хүргэх тухай хорт сэтгэл байдаг. “Хэрэв тэр хүн миний дургүй, надад таалагдаагүй тийм зүйлийг хийх эсвэл хэлбэл би бас адил” гэх эсвэл “Хэрэв би энэ хүнтэй дараагийн удаа тааралдвал би ингэж, тэгж хэлнэ” гэж төлөвлөх. Тэд бидэнд ямар нэг муухай зүйл хэлэхэд нь буцааж ямар нэг зүйл хэлээгүйдээ бид харамсдаг. Ингээд түүнийг толгойноосоо авч хаяж чадахгүй, цаг үргэлж түүний тухай боддог.

Бас өөр олон өөрт гэм хортой бодлууд байдаг – бидний амьдралдаа хийхийг зүтгэж байгаа зүйлд үнэхээр их саад тотгор учруулахуйц тийм зүйлүүдийг хийхээр төлөвлөдөг. Тэдгээр нь бидэнд гэм хор хүргэнэ гэдгийг бид мэдэхгүй байж болох ч бид одоо энэ талаас нь ярилцаж байна. “Би нэг зүйлийг худалдаж авч чадахгүй байна. Гэвч би түүнийг авахыг үнэхээр хүсэж илүү их зээл тавьж авдаг.” Энэ бол өөрт хортой. Илүү их өр зээлнээс болж илүү их асуудал бий болгох тийм зүйлийг авахаар өөрийн эрхгүй төлөвлөж байгаа явдал юм.

Гажуу сөрөх сэтгэл

Ингээд гуравдахь нь гажуу сөрөх сэтгэл юм. Хэн нэгэн хүн өөрийгөө хөгжүүлэх эсвэл бусдад туслахыг чармайж байвал “Тэд тэнэг. Тэдний хийж байгаа зүйл бол хэрэггүй зүйл. Учир нь би тэр зүйлд дургүй” гэж бодох явдал байдаг. Хэн нэг хүн ямар нэг зүйл хийхээр сонгож харин та “Үүнийг хийж байгаагаараа тэд бол тэнэг” гэж боддог.

Зарим хүмүүс спорт сонирхдоггүй. Тэгээд тэд спортод дуртай, зурагтаар хөл бөмбөг үзэж, нэг багийг дэмжиж байгаа хүмүүсийг “Тэд бол тэнэг” гэж боддог. Спортод дуртай байхад ямарч гэм хортой зүйл байхгүй. Гэвч та гажуу байдлаар түүнийг тэнэг, цагийн гарз гэж үздэг. Энэ мөн л сөрөг сэтгэлийн төлөв байдал юм.

Эсвэл нэг хүн өөр хэн нэгэнд туслахыг хичээж байхад – нэг гуйлга гуйдаг хүнд бага зэрэг мөнгө өгч байна гэж бодъё. Та “Үнэхээр тэнэг юм. Энэ чинь утгагүй хэрэг” гэж бодож болох юм. Тухайн хүн нь үнэхээр ядуу биш, гуйлга гуйх амьдрал сонгох нь хэдий таатай биш ч гуйлгыг ердөө мэргэжил байдлаар хийдэг байсан ч тэр. Мэдээж мөнгө олохын тулд зам дээр хэвтээд, гараа тосох гэх мэт зүйл хийж байх нь тийм сайхан биш.

Гэвч хэрэв бид цаг үргэлж хүн бүр ямар тэнэг, тэдний хийж байгаа зүйл ямар бодлогогүй болох гэх мэт зүйлийг бодож байвал бид ердөө төвлөрч чадахгүй. Иймд бид хэрэв чаддаг бол тэдгээр бодлуудаас чөлөөлөгдөх хэрэгтэй. Энэ нь мэдээж их сахилга бат шаардана. Гэвч бид хэрхэн үйлдэл хийх, ярих байдалдаа сахилга батыг төлөвшүүлвэл тэр нь бидэнд дээрх сөрөг хэлбэрүүдээр бодож эхлэх үед түүнийг зогсоох, тэрхүү бодлын аялалд гарахгүй байх сэтгэлийн сахилга бат төлөвшүүлэх хүч өгдөг.

Ойлгомжтой байна уу?

Зөв хичээл (зүтгэл)

Тэгэхээр зөв хичээл (чармайлт) гэж юу вэ? Зөв хичээл гэдэг нь өөрийн хүч энергиэ гэм хортой, сөрөг бодлуудаас чөлөөлж хүч чармайлтаа тустай сайн чанаруудаа хөгжүүлэхэд чиглүүлнэ гэсэн үг. Үүнтэй холбоотойгоор бид дөрвөн дээд хичээл зүтгэлийн тухай яьдаг.

Дөрвөн дээд хүчин чармайлт

  1. Нэгдүгээрт, бидэнд хараахан төлөвшөөгүй байгаа сөрөг чанарууд бий болохоос сэргийлэхэд хүчин чармайлт гаргахыг хичээдэг.

    Тэгвэл бидэнд одоогоор төлөвшөөгүй боловч тэднийг бий болохоос сэргийлэх сөрөг чанарууд гэж юу вэ? Хэрэв бид юманд хэт дурлах хандлагатай зан чанартай бол жишээ нь, нэг төрлийн ... энд Украйнд байдаг эсэхийг би сайн мэдэхгүй байна, манай тэнд видео клубууд гэж байдаг тийм клубт орохоос татгалзаж болох юм. Бид кино үйлчилгээ үзүүлдэг интернэт үйлчилгээнээс сонирхсон зүйлээ татаж авч болдог. Та нар ч бас тэгдэг биз дээ? Иймд хэрэв та тэдний аль нэгэнд элсвэл, та өдөр бүр нэг зүйл татаж авч, өдөр бүр түүнийгээ үзнэ гэдгийг мэдэж байгаа. Энэ нь өөрт тань маш их хортой гэдгийг та мэдэж байгаа учир өөрийгөө зүүгдчихнэ гэж мэдэж байгаа тэр зүйлээсээ зайлсхийхийн тулд тэр клубт орохгүй байхад хичээх хэрэгтэй. Хэрэв бид ийм зүйлээс зайлсхийж байвал бид илүү сайн төвлөрөлтэй байна.

    Орчин үед iPod-доо донтсон олон хүмүүс байна. Тэд хөгжим сонсохгүйгээр хаашаа ч явж чадахаа больсон. Хэрэв хөгжим зэрэгцэн дуугарч байвал та хэрхэн ямар нэг зүйл дээр төвлөрч чадах юм бэ? Та нэг цэгт төвлөрөхгүй.

    Оролцогч: Гэвч хөгжим дээрээ төвлөрч болно шүү дээ.

    Алекс: Та хөгжим дээр төвлөрч болно. Гэвч тэр нь хэн нэг хүнтэй ярилцах эсвэл ямар нэг ажил хийхэд тань тус болохгүй. Тэр саад болдог гэж хэлэх гэсэн юм. Ихэнх хүмүүс нам гүм байхаас, ямар нэг зүйлийн талаар бодохоос айдаг. Тэгээд тэд цаг үргэлж хөгжим сонсдог.

    Тэгэхээр бидний хийх зүйл бол хэрэв бидэнд ийм төрлийн сөрөг чанар, хорт зуршил байхгүй бол түүнийг бий болохоос зайлсхийхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй.
  2. Ингээд хоёр дахь нь бидэнд аль хэдийн бий болсон муу чанаруудаасаа өөрсдийгээ чөлөөлөхөд хичээх.

    Хэрэв бид тийм ямар нэг зүйлд аль хэдийн хорхойсон орсон байвал наад зах нь түүнийг хязгаарлах хэрэгтэй. Байнга хийхгүй байх хэрэгтэй.
  3. Дараа нь шинэ эерэг чанаруудыг төлөвшүүл, шинэ эерэг чанар төлөвшүүлэхэд хичээ.
  4. Үүний дараа өөртөө байгаа эерэг чанаруудаа хадгалах, сайжруулахад хүчин чармайлт гаргах.

Энэ бүхнийг бодолцон, амьдралд хэрэглэхийг оролдож үзэхэд их сонирхолтой байдаг. Би нэг жишээ ярьж өгье, нэг энгийн жишээ, надад өөрт тохиолдсон явдал: Надад нэг маш хэцүү зуршил байсан. Би энэ вэбсайтыг ажиллуулж, өдөр бүр би тасралтгүй хүмүүсийн орчуулсан, хянасан олон олон файлуудыг хүлээн авдаг. Өдөр бүр олон олноороо ирнэ – арав, хорь, түүнээс дээш гэх мэт. Нэг зуун арав орчим хүн энэ вэбсайтад ажиллаж байна. Өдөр бүр маш их зүйл ирдэг. Тэгээд би бүгдийг нь нэг хавтсанд татаж авдаг байлаа. Энэ их муу зуршил байсан – би өөрөө, бас миний туслах олж чадахаар бүгдийг нь тус бүрд нь зохих хавтсанд нь хийдэггүй байсан. Энэ бол муу зуршил, маш бүтээмж муутай, (юу ч олж чадахгүй) цагаа маш их үрдэг учраас төвлөрөх боломжгүй болдог. Тэгвэл сайн чанар нь юу байж болох вэ? Нэг зохион байгуулалт хийж ямар нэг зүйл ирэхэд тэр нь шууд зөв хавтсандаа ордог, зөвхөн тэр нэг том хавтсанд ордоггүй болгох. Тэгээд материалууд ирэхэд эхнээс нь тэднийг зөв хавтсанд нь хийхэд хүчин чармайлт гаргаж, залхуурч тэднийг нэг газар руу татахгүй, ингэснээр бүх зүйл илүү үр бүтээлтэй болох юм.

Тэгэхээр энд нэг муу чанар, ямарч үр бүтээлгүй зуршил мөн илүү эерэг хоёр зуршил байгааг харж байна. Иймд бидэнд байсан сөрөг чанар, зуршлуудаас зайлсхийхэд хүчин чармайлт гарга. Эдгээрийг байнга давтагдахаас сэргийлж зөв зохион байгуулалт хийх, тийм зохион байгуулалт гаргахад хүчин чармайлт гаргаж, түүнийгээ хэрэгжүүлэхэд бас хүчин чармайлт гарга. Энд бид маш энгийн түвшинд амьдралд хэрэгжүүлэх талаас нь ярьлаа.

Төвлөрөлд саад болдог таван хүчин зүйлийг даван туулах

Төвлөрөлд саад болдог таван хүчин зүйлийг даван туулахад чармайлт гаргах нь зөв хичээл (зүтгэл) болдог. Тэгвэл тэдгээр саад нь юу байдаг вэ?

Таван мэдрэхүйн эрхтэний орныг дагах

Нэгдүгээр хүчин зүйл нь таван мэдрэхүйн эрхтэний орныг дагах явдал. Энэ юу гэсэн үг вэ? Тухайлбал, та суугаад, ямар нэг зүйл дээр төвлөрөхийг оролдож байна гэж бодъё – өөрийн ажил тань, эсвэл таны хийж байгаа ямарч зүйл байж болно – тэгээд юу миний төвлөрөлд саад болох юм бэ? Юу тэр төвлөрөлд нөлөөлөх юм бэ? Тэр нь “Би кино үзмээр байна”, “Цахим хуудсаа шалгамаар байна” гэх бодол юм. Гэвч энэ нь мэдрэхүйн түвшинд илүү их байдаг: “Юм идмээр байна”, “Хөгжим сонсмоор байна”, “Найзтайгаа ярьмаар байна” гэх мэт юу ч байж болно. Үүнийг дагахгүй байхад хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Би тийм зүйл хиймээр байна гэсэн хүслээ дагахгүй, харин өмнөх зүйлдээ анхаарлаа хандуулсан хэвээр байх хэрэгтэй.

Мөчөөрхөх

Хоёр дахь хүчин зүйл нь хэрхэн хариугаа авах вэ гэсэн мөчөөрхөл. Энэ нь хорлох сэтгэлтэй төстэй юм. “Энэ хүн надад гэм хор хүргэсэн. Би түүнд дургүй. Хариуд нь би түүнд юу хийх вэ?” хэмээн үргэлж хонзон санах нь төвлөрөлийн нэг том саад.

Ингээд эхнийх нь хүчин зүйл нь хүсэл байсан:

  • “Би ийм ч, тийм ч таашаал авмаар байна.”
  • “Би хэзээ нэг амрах юм бол?”
  • “Энэ ажил хэзээ дуусах юм бол?”

гэх мэт бодлууд.

Харин хоёр дахь саад болох хүчин зүйл нь бусдын болон өөрийнхөө талаар янз бүрийн таагүй хорон бодол бодох. Иймд бид эдгээр хүчин зүйлүүдээс зайлсхийх, ийм бодлууд төрөх үед нь сөрөх хичээл зүтгэл гаргах хэрэгтэй.

Ухаан санаа бүүдгэр, унтаа байдал

Гурав дахь хүчин зүйл нь ухаан санаа бүүдгэр, сүүмгэр байдал юм. Ухаан бүүдгэр үед сэтгэл будантсан, анхаарал сул байх бөгөөд бид сайн сэтгэж чаддаггүй. Харин сэтгэл сүүмийсэн, нойрмог, ердөө нойр л хүрч байдаг. Үүнтэй тэмцэх ёстой. Кофе уух, босох, цонхоо онгойлгох гэх мэт юу ч болов хийж түүнд бууж өгөхгүй байхад хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Хэрэв энэ нь үнэхээр хэцүү байвал тодорхой нэг хэм хэмжээ тогтоох хэрэгтэй. “Багахан дуг хийе” – хэрэв та ажил дээрээ байгаа бол мэдээж ингэх боломжгүй, харин гэртээ байгаа бол – “Хорин минут амаръя, завсарлая”, “Кофе уун арван минут завсарлая” гэх мэт. Нэг хязгаар тогтоогоод тэгээд эргэж ажилдаа орох.

Эхний хүчин зүйл, таван мэдрэхүйн эрхтэний орныг дагах нь – үүнд мөн ажлаа хийх явцад интернэтэд орж, Youtube – ээр элдэв зүйл үзэх, мэдээнд хэт автдаг бол интернэтийн мэдээг дахин дахин үзэх зэрэг хүслүүд ордог. Энэ бүхэн нь таны төвлөрөл, анхааралд саад болдог. Мөн та Facebook хуудас, Twitter-ээ шалгадаг. Энэ бас адил.

Хөнгөн хийсвэр байх, харамсах

Дөрөв дэх хүчин зүйл нь сэтгэлийн тогтворгүй байдал, харамсал юм. Сэтгэл хөнгөн хийсвэр, тогтворгүй байна гэдэг нь сэтгэл өөр нэг тийш, Facebook-рүү яваад өгөхийг хэлнэ. Харин харамсах гэдэг нь – эдгээр нь нэг ангилалд орно гэж боддог – сэтгэл хальж “Би үүнийг ч ингэж хэлсэн, түүнийг ч тэгж хэлсэн” гэж бодож эхлэх, гэмших бодлууд юм. Эдгээр нь маш их анхаарал сарниулдаг бөгөөд анхаарал төвлөрөх боломжгүй болгодог.

Шийдмэг бус хоёрдмол байх, эргэлзэх

Бидний хүчин чармайлт гаргаж даван туулах ёстой, төвлөрөлд саад болдог сүүлийн нэг хүчин зүйл бол шийдмэг бус хоёрдмол байдал, эргэлзээ юм. “Би юу хийх нь дээр вэ?”, “Өдрийн хоолондоо юу идэх вэ? Үүнийг идэх үү, яах вэ?” Юу хийхээ шийдэж чадахгүй байх. Энэ нь маш их цаг үрдэг. Цаг үргэлж эргэлзэл, тээнэгэлзэлд автаад байвал та анхаарлаа төвлөрүүлж ажлаа хийж чадахгүй. Иймд тэдгээрийг шийдвэрлэхэд хүчин чармайлт гаргах хэрэгтэй.

Дүгнэлт

Энэхүү ярьсан зүйл бол бидний баримтлах найман мөрийн төвлөрөлийг төлөвшүүлэхэд (гурван суртгаалын хоёр дахь суртгаал) тус болох эхний мөр – зөв хичээл – байлаа. Энэ нь төвлөрөлд тохиромжгүй бодол, сэтгэлийн төлөв байдлуудаас зайлсхийж, үр ашиггүй зуршлуудаас салж, сайн чанарууд төлөвшүүлэхэд хүчин чармайлт гаргах тухай юм. Хэрэв бид амьдралдаа ямар нэг зүйлд хүрье гэвэл бид түүндээ хүчин чармайлт гаргах ёстой. Аливаа зүйл өөрийн аяндаа бий болдоггүй. Нэг ч хүн үүнийг хялбар хэлж байгаагүй. Гэвч миний өмнө хэлж байсанчлан хэрэв бид үйлдэл хийх, ярих, амжиргаагаа залгуулах явцад бусдад хандах байдалдаа тодорхой хэмжээний ёс зүйн сахилга бат төлөвшүүлвэл тэр нь сэтгэл болон сэтгэл хөдлөлтэйгөө ажиллах хүч өгч, илүү анхаарлын төвлөрөлтэй болоход нөлөөлдөг.

Бидний нэг цагийн өглөөний ярилцлага ингээд дуусч байна. Үдийн хоолны дараа үргэлжлүүлье. Баярлалаа.