Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Удиртгал > Өдөр тутмын амьдралын гурван суртгаал (эзэмших чадвар) ба найман мөр (зарчим) > Нэгдүгээр хэсэг: Бурханы шашны шинжлэх ухаан, гүн ухааныг суурь болгох ба зөв яриа

Өдөр тутмын амьдралын гурван суртгаал (эзэмших чадвар) ба найман мөр (зарчим)

Александер Берзин
Киев хот, Украйн улс
2013 оны 6-р сар

Нэгдүгээр хэсэг: Бурханы шашны шинжлэх ухаан, гүн ухааныг суурь болгох ба зөв яриа

Сайхан танилцуулга бэлдсэн явдалд маш их баярлалаа. Киевт дахин ирж байгаадаа үнэхээр их баяртай байна.

Удиртгал

Бурханы шашныг шинжлэх ухаан, гүн ухаан, шашны салбаруудад хуваан авч үзэх

Дээрхийн гэгээн Далай лам олон нийтэд итгэл тавихдаа нэгэн тодорхой ангилал гаргадгийг нь би маш их тустай зүйл гэж үздэг. Тэрээр, Бурханы шашны шинжлэх ухаан, Бурханы шашны гүн ухаан, Бурханы шашин гэсэн гурван ангилалын талаар ярьдаг.

Бурханы шашны шинжлэх ухаан гэж ярих үедээ бид сэтгэлийн үйл явц хэрхэн явагддаг, Далай ламын хэлдэгчлэн сэтгэлийн ариун цэврийн тухай сэтгэл хөдлөлийн шинжлэх ухааны талаар ярьдаг. Бурханы шашинд сэтгэлийн хөдлөлүүд, тэдгээрийн үйл явц, тэд хоорондоо хэрхэн уялддаг зэргийг маш нарийн судалдаг юм.

Мөн

  • Бидний танин мэдэх үйл явц хэрхэн явагддаг, хүртэхүйн өөрийн мөн чанар (хүртэхүй гэж юу болох), төвлөрлийг төлөвшүүлэхэд тустай олон янзын аргуудыг судалдаг танин мэдэхүйн когнитив шинжлэх ухаан.
  • Сансар огторгуйн тухай – орчлон ертөнц хэрхэн үүссэн, хэрхэн оршиж байгаа, хэзээ төгсөх талаарх нилээд нарийн судалгаа.
  • Матери, энерги, атомын бөөмийн нарийн судлал.
  • Анагаах ухаан болон хүний биеийн дотоод дахь энергийн тогтолцооны тухай

судлалууд багтдаг.

Энэ бүгд нь Бурханы шашны шинжлэх ухааны салбарт хамаардаг ба үүнд хэн ч суралцаж, үр дүнг нь хүртэж, өөртөө ашиглаж болох зүйл бөгөөд Далай лам энэ тухай эрдэмтэдтэй их ярилцдаг.

Хоёр дахь салбар нь Бурханы шашны гүн ухааны салбар бөгөөд үүнд:

  • Ёс зүй. Хүний суурь үнэт зүйлийн тухай асуудал ямар нэг шашинтай холбогдох албагүй. Сайхан сэтгэл, өглөгч сэтгэл зэрэг хүний суурь үнэт зүйлүүдээс хэн ч ач тусыг нь хүртэж болно.
  • Мөн логик (учир шалтгаан) болон метафизикийн (оршихуй, мэдлэгийн тухай гүн ухааны ойлголтын нэг хэсэг) маш нарийн тайлбарууд байдаг. Үүнд түгээмэл онол, орчлон ертөнц, онцлог шинжүүд, чанар, шинж чанар болон тэдгээр нь хэрхэн холбогддог, тэднийг бид хэрхэн танин мэддэг гэх зэргийг судалдаг.
  • Шалтгаант чанар, шалтгаан ба үр дагаварын тухай болон бодит байдлын талаарх суурь ойлголт, бидний төсөөлөл бодит байдлыг хэрхэн гуйвуулж байдгийг нарийн шинжилсэн шинжилгээ багтдаг.

Бурханы шашны энэхүү гүн ухааны салбар нь зөвхөн Бурханы шашинтнуудаар хязгаарлагдах албагүй. Энэ салбар ухаанаас мөн хэн ч ач тусыг нь хүртэж болох юм.

Бурханы шашны гурав дахь салбар бол шашны салбар юм. Энэ нь Бурханы шашны өөрийнх нь бүтээлийн салбар бөгөөд үүнд үйлийн үр, хойд төрлийн тухай ойлголт, (маани унших, дүрслэн бясалгах гэх мэт) зан үйлүүд багтдаг. Энэ салбар нь Бурханы шашны өөрийнх нь шашны салбар болох бөгөөд зөвхөн Бурханы шашны зам мөрийг баримтлагчдад зориулсан юм.

Хэрэв Бурханы шашныг шинжлэх ухаан, гүн ухаан, шашин гэсэн гурван салбараар авч үзэж байгаа тохиолдолд гурван сургаал (суртгаал) гэсэн бидний энэхүү сэдэв тэдгээртэй хэрхэн уялдахыг тодорхойлж болно.

Гурван суртгаал (эзэмших чадвар)

Гурван суртгаал гэж юу вэ?

Эхнийх нь ёс зүйн хувийн сахилга бат. Энэ нь муу үр дагавартай зан байдлыг хорих, үүнийг бодитой хэрэгжүүлэх сахилга баттай байх, муу үр дагавартай (ихэвчлэн өөртөө хор хөнөөлтэй) байдлаар аливаа үйлдэл хийхийг зогсоож, амар амгалан, жаргалд хүргэх үйл хийж бусдад тус хүргэх хүмүүжилтэй байх гэсэн утгатай юм. Энэ бол эхний суртгаал болох сахилга бат буюу ёс зүйн сахилга бат юм. Гэвч энэ нь ёс зүйн хувийн сахилга бат бөгөөд бид бусдыг хүмүүжүүлэх гэсэн үг хараахан биш. Энэ нь өөрийн нохойг сургахтай адил зүйл биш юм.

Хоёр дахь эзэмших чадвар нь төвлөрөл бөгөөд сэтгэлээ төвлөрүүлсэнээр бид бүхий л холбоо хамааралгүй бодлын дунд тасралтгүй хэрэн хэсэхгүй байх боломжтой болдог. Ингэснээр сэтгэл бүүдгэр дорой болох биш харин хурц, анхааралтай болдог. Мөн төвлөрөлд шаардлагатай өөр нэг зүйл нь сэтгэл хөдлөлийн хувьд тогтвортой байснаар уур, шунал, атаа жөтөө гэх мэт сэтгэлд хөтлөгдөж хямрахгүй байх явдал юм. Иймд бидэнд сэтгэлийн төвлөрөл болон сэтгэл хөдлөлийн тогтворой байдал хэрэгтэй байдаг.

Гурав дахь суртгаал (эзэмших чадвар) нь ялгах ухамсар. Ялгах ухамсар гэдэг нь юу болохыг бид ойлгох хэрэгтэй. Энэ нь мэргэжлийн үг хэллэг мэт санагдаж байгаа байх. Гэвч энэ бол юуг хүлээн зөвшөөрөх, хүлээн авах, юунаас татгалзахыг хооронд нь ялгах чадвар юм. Жишээлбэл энэ нь худалдаа хийх үед ногооны тасгаас ногоогоо сонгон худалдаж авахтай адил юм. Та “Энэ нь тийм сайн ногоо биш байна. Тэр нь сайн ногоо байна” хэмээн хооронд нь ялгадаг. Ингэж та тэднийг хооронд нь хүлээн авах боломжтой, боломжгүй гэж ялгадаг.

Гэвч ийм ялгах ухамсар нь ногоо худалдаж авахаас илүү гүн гүнзгий түвшний ухамсар байж болно. Бидэнд дараах түвшний ухамсар байдаг. Үүнд:

  • Зан байдлын хувьд – ямар нөхцөлд, ямар хүмүүстэй байгаагаас шалтгаалан ямар зан байдал тохиромжтой, ямар зан байдал тохиромжгүйг ялгах.
  • Илүү гүнзгий түвшинд, бодит байдал болон бидний уран зөгнөлт төсөөлөл хоёрыг хооронд нь ялгах.

Эдгээр нь бидний суралцах гурван чадвар болох ёс зүйн сахилга бат, төвлөрөл, ялгах ухамсар гурав юм. Одоо эдгээр гурван чадварыг энгийнээр хэн бүхэн авч хэрэглэж болох, хэн бүхэнд тохирох Бурханы шашны шинжлэх ухаан, гүн ухааны үүднээс мөн энэхүү хоёр салбар болон шашны үүднээс нь тайлбарлаж болно.

Энэ нь миний Сургаалын хялбарчилсан хувилбар ба “Үндсэн сургаал” (Зөөлрүүлсэн Coca-Cola/ Жинхэнэ Coca-Cola гэдэгтэй адил) гэж ялган хэрэглэх дуртай ангилалтай тохирдог. Хялбарчилсан хувилбар нь энэ насныхаа амьдралын асуудал бэрхшээлийг багасгахаар Бурханы шашны шинжлэх ухаан, гүн ухааны аргуудыг амьдралд хэрэглэх, харин “Үндсэн сургаал” нь Бурханы шашинтнуудын гурван зорилго болох хойд төрөлдөө сайн төрөлд төрөх, орчлонгийн зовлонгоос бүрэн гэтлэх, гэгээрэлд хүрэх үүднээс дээрх гурван суртгаалыг төлөвшүүлэх тухай байдаг.

Сургаалын хялбарчилсан хувилбар гэж ярих үедээ би түүнийг “Үндсэн сургаал” – д бэлтгэх, нэг төрлийн зэхэл үе шат гэсэн утгаар хэрэглэдэг. Итгэл үнэмшлийнхээ хэтийн зорилгын талаар бодох боломжтой болохын тулд “энэ насны эгэл амьдралаа сайжруулах хэрэгтэй” гэдгийг харсан байх шаардлагатай. Гэвч хэрэв бид зөвхөн Бурханы шашны шинжлэх ухаан, гүн ухааны үүднээс авч үзэж байгаа тохиолдолд тэр нь Бурханы шашны зэхэл үе шат болох албагүй, хэн ч түүнд суралцах бүрэн боломжтой юм. Энэ бол дээрх гурван суртгаалыг Бурханы шашны зам мөрийн зэхэл болгож авч үзэх, эсвэл хэн бүхэнд зориулсан ерөнхий байдлаар авч үзэх эсэхээс хамааран өөрийн амьдралд хэрхэн хэрэглэх тухай үндсэн заавар, зөвлөгөө бөгөөд би энэ сэдвийг энэ түвшинд нь ийнхүү ерөнхийлөн авч үзэхийг илүүд үздэг.

Хутагтын дөрвөн үнэн

Бурханы шашны гүн ухааны хүрээнд (ингэж хэлж болно гэж бодож байна) Бурханы шашны үзэл санаа хадгалагдаж байдаг ерөнхий нэг ойлголт байдаг. Үүнийг хутагтын дөрвөн үнэн гэж нэрлэдэг боловч тэдгээрийг ердөө амьдралын бодит үнэн гэдэг утгаар авч үзэж болно. Үүнд:

  1. Бид бүхэнд тулгардаг зовлон, бэрхшээлүүдийг харах. Энэ нь эхний баримт. Энэ бол үнэн. Амьдрал бэрхшээлтэй.
  2. Хоёр дахь бодит үнэн нь эдгээр бэрхшээлүүд шалтгаанаас гардаг.
  3. Гурав дахь бодит үнэн бол эдгээр бэрхшээлүүдийг зогсоох, тэдгээрээс чөлөөлөх ямар нэг зүйл байдаг. Бид үргэлж ийм бэрхшээлүүд амсаж байх, дуулгавартай тэднийг хүлээн авах ёстой биш.
  4. Дөрөв дэх бодит үнэн нь энэ бүх бэрхшээлүүдээс гарах арга бол тэдний шалтгааныг арилгах ингэхдээ зам мөр гэж гол төлөв нэрлэгддэг нэг төрлийн аргыг мөрдөх ба энэ нь танин мэдэх, ярих, үйлдэл хийх хэв байдал зэрэгтэй холбоотой байдаг.

Иймд хэрэв бидний буруу байдлаар үйлдэл хийх, ярих, харилцах, бодох зэрэг нь бэрхшээл, асуудлуудын шалтгаан болдог юм бол түүнийг бид өөрчлөх ёстой. Өмнө дурдсан гурван суртгаал нь (эзэмших чадвар нь) бид бүхний асуудлуудынхаа шалтгааныг арилгахад хийх шаардлагатай зүйлийн нэг хэсэг болж болж байна. Ингэж ойлгох нь маш дөхөмтэй. Учир нь дээрх гурван суртгаалд бид ямар учраас суралцдаг болохыг харуулж байдаг. Хэрэв амьдралд ямар нэг бэрхшээл тохиолдвол,

  • За, миний үйлдэл хийж байгаа байдалд ямар нэг ёс суртахууны сахилга батын асуудал байна уу?
  • Миний анхаарал, төвлөрөлд ямар нэг асуудал байна уу – бодол санаа тогтворгүй, сэтгэл эмх замбараагүй байна уу?
  • Ялангуяа бодит байдал болон өөрийн янз бүрийн санаандаа төсөөлсөн зүйл хоёрыг хооронд нь ялгахад ямар нэг асуудал байна уу?

гэдгийг харна.

Энэ нь бидний зөвхөн энэ насны амьдралд хамаатай байж болно эсвэл үүнийг дараа дараагийн төрлүүдэд бидэнд тулгарах асуудлууд гэсэн дахин төрлийн тухайд ерөнхий мөн цаашлаад бусдад тус хүргэх бидний хязгаарлагдмал байдлын (илүү шашны зорилгын) хүрээнд авч үзэж болно. Гэвч юуны түрүүнд бид эдгээр гурван суртгаалыг бидний өдөр тутмын амьдралын түвшинд, бидэнд эдгээр суртгаал хэрхэн тус болох вэ, бидний асуудлуудын шалтгаан болж байгаа юуг бид хийгээд байна вэ, үүнийг арилгахад бид юу хийх хэрэгтэй вэ – ямар өөрчлөлтүүдийг бид хийж болох вэ гэдгийг анхааран авч үзэх хэрэгтэй.

Зовлонгийн шалтгаан

Ерөнхийдөө, Бурханы шашны үзэл санааны үүднээс, Бурханы шашны гүн ухааны үүднээс бид зовлонгийн шалтгааныг бидний аливааг мэдэхгүй байх, буруу мэдэх явдал гэж үздэг. Тэгэхээр бид юмсыг мэддэггүй. Бид ердөө хоёр зүйлийг мэддэггүй, хоёр зүйлийн дунд будилсан байдаг.

Бидний мэддэггүй эхний зүйл бол ердөө шалтгаан ба үр дагавар, бидний үйлдэлтэй холбоотой шалтгаан ба үр дагавар юм. Энэ юу гэсэн үг вэ гэвэл, хэрэв бидэнд сөрөг сэтгэл хөдлөл илэрвэл – уур, шунал, хүлэгдэх сэтгэл, омог, атаархал гэх мэт сэтгэлийн нөлөөнд орвол – бид муу үр дагавартай байдлаар үйлдэл хийдэг. Бид бухимдсан учраас бусад руу хашгичин, тэдний сэтгэл болон бие махбодыг хөндсөн зүйл хийж, эсвэл тэднийг бодон зууралдаж байдаг. Энэ нь асуудал үүсгэдэг. Энэ бүхэн эцэст нь зовлон болдог, тийм үү? Энэ эхний асуудал. Асуудал бол зовлон (ямар нэг мэдрэмжийг мэдрэхгүй байхыг хүсэх). Зовлон хаанаас бий болдог вэ? Дээр дурдсан сөрөг сэтгэл хөдлөлийн улмаас тун буруу байдлаар ярих, үйлдэл хийх, биеэ авч явах гэх зэргээр муу үр дагавартай байдлаар үйлдэл хийснээр бий болдог. Тийм биз дээ? Үнэндээ бол өөрт хортой юм.

Сөрөг сэтгэл хөдлөл гэдгийн тодорхойлолтыг мэдэх нь маш тустай байдаг. Энэ бол тухайн сэтгэл хөдлөл үүсэхэд сэтгэлийн амгалан алдагдаж, бид өөрийгөө хянах хяналтаа алддаг сэтгэлийн төлөв байдал юм. Бид бухимдан хэн нэг рүү хашгичихад энэ нь тэднийг бухимдуулж болно, эсвэл бухимдуулахгүй ч байж болно (тэд бидний хэлж байгааг сонсохгүй байх, эсвэл биднийг тэнэг хэмээн бодож инээж болно). Харин бид өөрсдөө ямарч амгалангүй, сэтгэл үнэхээр бачимдан (бидний энерги хямарч), хашгичхаа зогсоосны дараа ч энэ байдал үргэлжилж сэтгэл таагүй байдаг. Бид сэтгэл хөдлөл, үйл байдлаа хянах чадвараа алдаж хожим харамсах зүйлүүдийг ч хэлдэг.

Дараах шалтгаанаар бид дээрх байдлаар үйлдэл хийдэг байна:

  • Бид шалтгаан, үр дагаварыг үнэхээр ойлгодоггүй. Хэрэв бид эдгээр сөрөг сэтгэл хөдлөлийн нөлөөнд орох байдлаар үйлдэл хийвэл энэ нь мэдээж биднийг амгалангүй болгоно.
  • Эсвэл бид шалтгаан, үр дагаварыг буруу ойлгодог, үүнийг бид эсрэгээр нь ойлгодог. Бид “Энэ хүн рүү хашгичвал, асуудал дээр болно” гэж боддог ч хэзээ ч тийм байдаггүй. Мөн хүлэгдэн хүсэх сэтгэлийн улмаас хэн нэгэн рүү “Чи яагаад надтай илүү олон удаа утсаар ярьж болдоггүй юм? Яагаад байнга надтай уулзаж болохгүй байгаа юм?” – гэх нь мэдээж тэднийг биднээс холдуулна, тийм биз дээ? Энэ нь бидний хүссэн үр дүнд хүргэхгүй. Ийм байдлаар бид шалтгаан, үр дагаварыг буруу ойлгосон байдаг.

Бидний мэддэггүй хоёр дахь зүйл, бидний буруу ойлгодог, эсвэл бүр мэддэггүй сэдэв бол бодит байдлын тухай юм. Бодит байдлын талаарх буруу ойлголтоос болж бид сөрөг хандлагатай болдог. Үүний нэг жишээ нь өөрийгөө үргэлж бодох, хувиа хичээх үзэл юм. Бид цаг үргэлж би, би, би, би өөрөө, би ямар байвал дээр вэ гэж бодож байдаг. Энэ нь хэтэрхий өөнтөгч болгодог. Ингээд “Би төгс төгөлдөр байх ёстой” гэсэн синдром (хам шинж) бий болж, бусдад болон өөртөө өндөр шаардлага тавьдаг болох жишээтэй. Бүр сайн үр дүнд хүргэх байдлаар үйлдэл хийж байсан ч бүх зүйлийг эмх цэгцтэй, төгс байлгахыг хичээх гэх мэтээр улмаар энэ нь бүр муу зуршил болно, тэгнэ биз дээ? Хэдий бид хэсэг хугацаанд сэтгэл амгалан сайхан байсан ч тэр нь сэтгэл ханамжгүй, зовлонтой байдал болж хувирдаг. Тэгсэн ч “Би хангалттай сайн биш л байна” гэж бодон өөрийгөө улам их шахдаг.

Өөр нэг хялбар жишээ бол гэрээ цэвэрлэх тал дээр өндөр шаардлага тавьдаг хүмүүсийн жишээ. Тийм хүмүүс бүх зүйлийг бүрэн хянаж, эмх цэгцтэй, цэвэрхэн байлгаж болно гэсэн буруу ойлголттой байдаг. Ингэх боломжгүй биз дээ? Та бүгдийг цэвэрлэж, төгс сайхан болгохыг хичээж, өөрт чинь сайхан байтал хүүхдүүд гэртээ ирж, бүгдийг эмх замбараагүй болгоход сэтгэл дундуур болох ба дахиад л цэвэрлэх хэрэгтэй болдог. Энэ бол муу зуршил, тийм биз дээ? “За одоо л эмх цэгцтэй боллоо” – хэмээн эцэст нь багахан сэтгэл амрах ба энэ маш хурдан болж өнгөрдөг, тийм үү? Таны анзааралгүй үлдээсэн цэвэрлээгүй нэг хэсэг дандаа гарч байдаг.

Муу үр дагавартай сэтгэл хөдлөл, эсвэл муу үр дагавартай хандлага бүхий сэтгэлийн төлөв байдлыг дахин дахин давтах, мөн эдгээр муу зуршлуудыг дахин дахин давтсанаар түгээмэл хуран үйлдэхүйн зовлон гэж нэрлэдэг нэг зүйл үүсдэг. Түгээмэл хуран үйлдэхүйн зовлон гэдэг нь бид энэ бүхий л зуршлуудыг бий болгосноор асуудлуудаа хэрхэн ужигруулж байдаг тухай юм. Эдгээр нь ердөө дахин дахин давтагдаж байдаг. Учир нь бид цаг үргэлж цэвэрлэх, эсвэл өөрийгөө хянах хяналтаа алдсаар түүнийг зуршил болгосон байдаг.

Энэ нь мөн бидний бие махбодод нөлөөлдөг. Бид үргэлж бухимдсаар улмаар цусны өндөр даралттай болж, санаа зовсоноос шархлаа зэрэг үүсдэг. Эсвэл бүх зүйлд маш өндөр шаардлагатай, бүгд цэвэр, эмх цэгцтэй байх хэрэгтэй болсноор та их ачаалалтай болно, тэгнэ биз дээ? “Та юмс бохир заваан болохгүй байхаас сэргийлж байх ёстой” учраас хэзээ ч тайван амгалан байдаггүй.

Ийм учраас бидэнд хэрэгтэй зүйл бол эдгээр гурван чадвар юм.

  • Энхүү буруу ойлголт, бодит байдлыг мэдэхгүй байх явдлаас гарахад бидэнд ялгах ухамсар хэрэгтэй. Жишээ нь гэр орны эмх цэгцтэй, цэвэр цэмцгэр байдлыг цаг үргэлж хянах боломжгүйтэй адил. Тэр бол боломжгүй зүйл. Та бүх зүйл ямар нэг байдлаар төгс төгөлдөр, хяналтанд байж болно, “түүнийг хянаж чадах хүн нь би” гэсэн хий бодол (уран сэтгэмж), бодит байдал хоёрыг хооронд нь ялгах хэрэгтэй. Үүнийг утгагүй зүйл гэж та харах ёстой. Энэ бодит байдалтай нийцэхгүй. Мэдээж та гэр орноо цэвэрхэн байлгахыг хичээнэ, гэвч “хэзээ ч дахин бохирдохгүй байх ёстой” гэж бодохгүй биз дээ. Мэдээж бохир болно. Иймд та илүү тайван байна. Энэ бол “Гэр дахин бохир болно. Хэн ч үүнийг хянаж чадахгүй” гэсэн бодит байдал ба уран сэтгэмж хоёрыг ялгах ухамсар юм. Эх зохиолуудад модыг огтлох тухай жишээ татсан байдаг. Энэ нь хурц сүхээр төөрөгдлөө таслах гэсэнтэй адил юм.
  • Гэвч модыг сүхээр тасалж унагахын тулд сүхийг нэг газар олон удаа буулгах хэрэгтэй. Энэ бол төвлөрөл. Хэрэв бидний сэтгэл хэрэн хэсэж, сарниж байвал ялгах ухамсараа алддаг. Эсвэл бид сэтгэл хөдлөлийн хувьд хямарч байвал мөн тэрхүү ухамсараа алддаг. Иймд бидэнд сүхээ нэг газар дахин дахин буулгах төвлөрөл хэрэгтэй.
  • Харин сүхийг хэрэглэхийн тулд бидэнд хүч чадал хэрэгтэй. Хэрэв хүч чадал байхгүй бол бид сүхээ ч өргөж дийлэхгүй. Энэхүү хүч чадал нь хувийн сахилга бат, ёс суртахууны сахилга батаас бий болдог.

Энэ бол бидний асуудлуудын эх сурвалжийг даван туулах үүднээс эдгээр гурван чадварыг ойлгох хэлбэр юм. Миний өмнө дурдсанчлан бид үүнийг Бурханы шашны шинжлэх ухаан, гүн ухааны арга болгон өөрсдийн өдөр тутмын амьдралдаа хэрэглэж болно. Ойлгомжтой байна уу?

Цааш үргэлжлүүлэхээсээ өмнө хэсэг хугацаанд үүнийг сэтгэлдээ буулгахыг хичээе.

  • Өөрсдийн зан байдал болон бодит байдлын үүднээс шалтгаан, үр дагаварыг тодорхой ойлгохын тулд бид энэхүү бодит байдал, уран дүрслэл хоёрыг ялгах ухамсарыг ашигладаг. Учир нь бид үүний ч талаар будилж, түүнийг ч ойлгоогүй байгаа үед өөрийн зан байдал, хандлагаараа зовлонг бий болгох мөн хэзээ ч сэтгэл ханамж өгдөггүй тэрхүү таашаалыг хүртэх боловч сэтгэл дундуур байдаг. Нэг талдаа байнга уурсах эсвэл “Чи яагаад надтай утсаар ярихгүй байгаа юм? Яагаад надтай ирж уулзахгүй байгаа юм?” хэмээн цаг үргэлж гомдоллох, нөгөө талдаа өндөр шаардлага тавих гэх мэт. Бодит байдлын талаар буруу ойлголттойгоор ямар нэг үйлдэл хийх нь ердөө асуудлыг бий болгож байдаг гэдгийг ойлгох ухамсар бидэнд хэрэгтэй.
  • Гэвч үүнийг ойлгож, хэрэглэхийн тулд би түүн дээр анхаарч, бодож байх хэрэгтэй. Үүнд төвлөрөл хэрэгтэй.
  • Төвлөрөхийн тулд надад сэтгэл сарнисан үед түүнийг дахин буцааж байх сахилга бат хэрэгтэй.
  • Эдгээр гурван суртгаалыг хэрэглэж өөрийгөө хөгжүүлсэнээр би бэрхшээлүүдийг багасгаж, аз жаргалтай байж, амьдралын чанараа сайжруулах юм.

За, хэсэг хугацаанд үүнийг сэтгэлдээ буулгахыг хичээе.

Энэ бүхнээс олж авах хэрэгтэй хамгийн чухал ойлголт бол бидний амьдралд тохиолдож буй зовлон, сэтгэл дундуур байдлууд угтаа бидний төөрөгдлөөс бий болдог гэдэг ойлголт юм. Өөрсдийн бүх асуудлыг бусдад болон нөхцөлүүд, нийгэм, эдийн засаг, өөр бусад зүйлүүдэд тохохоос илүүтэйгээр илүү гүнзгий түвшинд нь анхаарч үзэх хэрэгтэй. Бидэнд эдийн засаг, санхүү, гэр бүл, эрүүл мэндийн нөхцөлийн гэх мэт асуудлууд байж болно. Тэд бол нэг өөр зүйл. Харин бид энд тэдгээр асуудлуудыг хэрхэн даван туулах сэтгэлийн төлөв байдлын түвшинд ярьж байна. Бидэнд олон хэцүү асуудлууд байж болно. Гэвч бид энд бидний байнгын сэтгэл ханамжгүй байдал эсвэл түр зуурын жаргал хүртэх боловч бүрэн сэтгэл ханамж авдаггүй тийм байдлуудын тухай ярьж байгаа бөгөөд бид түүнээс илүү сайн, сэтгэлийг амгалантай байлгах, өнө удаан орших нэгэн зүйл жаргалыг хүсэж байна.

Бид ямар нэг хэцүү нөхцөл байдлыг сэтгэлийн хямрал, зовлон зүдгүүр эдэлж туулдаг. Эсвэл тухайн асуудалд юу нөлөөлсөн, юу болж байгаа, түүнийг даван туулах арга зам нь юу гэдгийг тодорхой ойлгож байгаа учир зовж, шаналалгүйгээр ийм нөхцөл байдлыг илүү тайван байдлаар өнгөрөөж болно. Заримдаа бидний хүүхэд оройн цагаар гадуур гарсан үед “Эсэн мэнд ирэх болов уу?” гэх мэт байдлаар бид маш их санаа зовдгийг та мэднэ. Энэ нь “Ямар нэг байдлаар би хүүхдийнхээ аюулгүй байдлыг хянаж чадна” гэсэн нөгөө л нэг уран сэтгэмж. Тэднийг эсэн мэнд ирэх үед бид баярлан, санаа амрах боловч дараа дахин гарах үед мөн л санаа зовж эхэлдэг. Санаа амар байгаа тэр байдал байхгүй болдог, тийм биз дээ? Ингээд бид үргэлж санаа зовж, тэр нь ужигарч – бид бүх зүйлийн талаар санаа зовох зуршилтай болж – энэ нь бидний эрүүл мэндэд нөлөөлдөг ба энэ үнэхээр таагүй сэтгэлийн төлөв байдал.

Тэгэхээр үүний гол түлхүүр бол энэ бүхний шалтгаан нь миний төөрөгдөл гэдгийг ойлгох явдал юм. Тодорхой нэг байдлаар үйлдэл хийх нь надад илүү дээр байх болно эсвэл бүхнийг хянаж чадна гэх хандлагаа би зөв гэж боддог. Гэтэл тийм биш байдаг. Бид үүнийг “Энэ бол бодит байдалд нийцэхгүй” гэдгийг ухаарч, үүнийг цаг үргэлж санаж, анхааралтай байж, анхаарлаа төвлөрүүлэх сахилга баттай байх ёстой.

За, энэ бол гурван суртгаалын (эзэмших чадварын) талаарх ерөнхий санаа юм.

Асуулт, хариулт

Гурван суртгаалын талаар дэлгэрүүлэн, тэдгээрт хэрхэн суралцах талаар цааш үргэлжлүүлэн ярилцахын өмнө та бүхэнд асуух асуулт байна уу?

Оролцогч: Эдгээр суртгаалыг хэрэгжүүлэхэд ямар нэг дараалал байдаг талаар хэлж өгөхгүй юу? Дараалалтай байдаг уу эсвэл бүгдийн нэг зэрэг хэрэглэдэг үү?

Алекс: Дарааллыг нь хэд хэдэн янзаар үзүүлсэн байдаг. Энэ талаар яръя. Гэвч эхлэн суралцах эхний суртгаал нь сахилга бат юм. Тэгсэнээрээ та түүнийг ашиглаж чадна. Хэрэв өөрийн үйлдэл, хэл яриагаа сахилга баттай байлгаж сурвал тэр нь өөр чинь сэтгэлээ төвлөрлөөр сахилга баттай байлгаж сурах чадавхи өгдөг. Ингээд төвлөрлийг ашиглаж сурах үед ялгах ухамсарыг төлөвшүүлж чаддаг.

Мөн өөр нэг дарааллыг үзүүлсэн байдаг ба энэ нь хэрэв ялгах ухамсарыг төлөвшүүлж чадвал зөв зохистой байдлаар ярьж, үйлдэл хийх явдал юм. Үүний дараагаар сахилга батыг эзэмшиж улмаар тэр нь төвлөрөлд нөлөөлж, төвлөрөл нь дахин ялгах ухамсарыг нөхцөлдүүлдэг.

Хэдий ийм дараалал байх боловч хэрэв бид эдгээр гурван суртгаалд хангалттай сайн суралцсан бол тэднийг нэгтгэн бүгдийг нь зэрэг, хамт хэрэглэдэг.

Оролцогч: Бүх зүйлийг зөв, төгс байлгахыг шаардах, үр бүтээлтэй байх хоёрын хоорондын ялгааны талаар. Энэ хоёрыг ялгах маш нарийн нэг зааг байдаг. Жишээ нь, та менежер, таньтай ажилладаг хэдэн ажилтан байна гэж бодъё. Хэрэв та тэдний хийж байгаа зүйлд өндөр шаардлага тавихгүй, энэ талаар анхаарахгүй байх юм бол таны ажил үр бүтээл муутай байх болно. Үүнийг хэрхэн шийдвэрлэх вэ? Үр бүтээлтэй байх, өөртөө болон бусдад өндөр шаардлагатай байх хоёрын тэнцвэрийг хэрхэн хангах вэ?

Алекс: Үр бүтээлтэй байх, өндөр шаардлагтай байхыг хичээх хоёрын хоорондын ялгаа нь хувиа хичээх байдалтай холбоотой. Өөртөө болон бусдад өндөр шаардлага тавих нь “Би төгс төгөлдөр байх ёстой” гэсэн бүхэл санаа агуулж байдаг. “Би бүх зүйлийг хянаж, төгс байлгах ёстой” гэсэн би-д анхаарсан анхаарал байдаг. Энэ нь бусад бүх шалтгаан, нөхцөлөөс хамааралгүй та бүхнийг хянах боломжтой гэсэн уран сэтгэмжин дээр суурилсан байдаг бөгөөд та цаг үргэлж санаа зовж, тайван бус байдаг. Энэ нь маш сөрөг хандлага, тодорхойлолтоо эргэж харъя, өөртөө болон бусдад өндөр шаардлага тавьж байгаа үед та тайван байдаггүй. Учир нь ямар нэг зүйл буруу болох вий, буруу болж байвал “би засах ёстой. Буруу болвол би буруудна” хэмээн үргэлж санаа зовж байдаг. Ингэж өөртөө болон бусдад өндөр шаардлагатай байснаар та өөрийгөө хянах хяналтаа алдах хандлагатай болж ажилчид чинь ажилдаа хоцрох, ямар нэг алдаа хийхэд тэдэн рүү хашгичдаг.

Үр бүтээлтэй байх гэдэгт ямар нэг өөр рүүгээ чиглэсэн “Би, би төгс байх ёстой” гэсэн зүйл байдаггүй. Үр бүтээлтэй байх гэдэг нь юу тохирч байна, юу тохирохгүй байна гэдгийг үзэн ердөө л илүү оновчтойгоор хийх явдал. Гэвч үнэхээр үр бүтээлтэй байхын тулд бодит байдалд тулгуурласан байх хэрэгтэй. Бодит байдалд тулгуурлана гэдэг нь зарим үед ажилчид өвдөнө, зарим үед тоног төхөөрөмж эвдэрнэ гэдгийг санаж, “Би бүх зүйлийг хяналтандаа байлгах ёстой” гэж бухимдахгүй байх гэсэн үг. Юу ч тохиолдож байсан, энэ хүн өвчтэй байна, тэгэхээр оронд нь хүн томилъё. Тэр машин эвдэрсэн байна – “За, өнөөдөр тэр нэг өдрүүд адил их бүтээмжтэй ажиллахгүй юм байна” гээд түүнийгээ засуул. Ингэсэн тохиолдолд та илүү тайван байдаг. Энэ нь бизнесийн хувьд ч, гэр бүлийн хүрээнд ч, хувь хүний амьдралд ч бүгдэд нь нөлөө үзүүлдэг.

Хойно сууж байгаа тэр хүнд нэг асуулт байна.

Оролцогч: Ёс зүйн талаар асуулт байна. Зарим ном, бичвэрүүдэд ёс зүйн хувьд өөрсдөө зөв биеэ авч явж байгаагүй багш нарын тухай дурдсан байхыг харж байсан. Мөн өөр өөр орнууд өөр өөр ёс заншилтай. Жишээ нь, эртний Грект эрэгтэй хүүхэдтэй гэрлэж болдог байсан гэдэг гэвч миний асуулт тэр тухай биш. Миний гол санаа бол ёс зүй гэдэг нь ердөө эдгээр өөр өөр ойлголтуудыг бий болгох арга мөн өөр өөр соёлууд өөр өөр тогтсон уламжлалтай байдаг байх. Тийм байдаг уу?

Алекс: Хоёр асуулт асуулаа.

Нэг дэх нь ёс зүйгүй байдал гаргаж байсан багш нарын талаар уншсан тухай. Үнэхээр эрдэм боловсролгүй тэгээд ёс зүйгүй байдал гаргаж байгаа тэдгээр хүмүүс, тийм олон жишээ байгаа, болон тодорхой зорилгоор, тус болох үүднээс ширүүн байдал гаргаж байгаа, тэдгээрийг хооронд нь ялгах хэрэгтэй. Жишээ нь, миний багш (Сэркон Рүнбүүчи) намайг зэмлэж, мунхаг хүн гэж дууддаг байсан. Үнэндээ намайг нэрлэдэг нэр байсан юм. Учир нь би маш сайн эзэмшсэн Харвардын боловсролоо орхин түүний дэргэд ирсэний дээр их омогтой байж билээ. Түүний намайг зэмлэдэг байсан нь үнэндээ маш тустай байсан. Тэр нь надад би үнэхээр тэнэг хүн, тийм их ухаантай байгаагүйг хэлж өгдөг байсан ба надад төлөв даруу зан төлөвшүүлэхэд маш их тусалсан юм. Үнэхээр их тустай байсан. Тэрээр зарим нөхцөлд муу үр дагавартай байж болох тэрхүү зэмлэх байдлаар аашилж байсан нь надад туслах зорилготой байсан. Тэрээр надад бухимдаж эсвэл миний сэтгэлийг өвтгөх гэж аашилж байгаагүй. Ялгаа нь ийм юм.

Харин ёс зүйн соёлын талын хувьд гэвэл уг чанараараа муу үр дагавартай гэж хэлж болох тодорхой үйлдлүүд байдаг. Жишээ нь, амь таслах. Тэгэхээр хэрэв та манай гэр бүлийн нэг гишүүний амь насыг хороосон тохиолдолд би танай гэр бүлийн нэг гишүүний амь насыг өс хонзонгоор хороох тийм соёлын уламжлалтай гэж бодвол энэ ёс зүйн уламжлалын дагуу үүнийг хийх зөв, өс хонзонгоо авахгүй бол буруу болж байна. Гэвч энэ нь мөн чанарынхаа үүднээс муу үр дагавартай. Тэдний ёс зүй энэ үүднээсээ бол гажуудсан байна. Харин танай соёлын ёс зүйд эмэгтэйчүүд толгойн алчуур үргэлж зүүх ёстой байдаг бол, алчуур зүүх нь өөрөө муу үр дагавартай зүйл биш, энэ бол соёлын онцлог. Ёс зүйн хувьд бид мөн чанараараа муу үр дагавартай болон бүхэлдээ бус ердөө тодорхой нэг хүрээнд зохисгүй эсвэл муу үр дагавартай зүйлүүдийг хооронд нь ялгаж байх хэрэгтэй.

Өөр асуух зүйл байна уу? За тэгвэл яриагаа үргэлжлүүлье.

Ёс зүйн сахилга батад суралцах

Эдгээр гурван суртгаалд хэрхэн суралцах аргыг найман мөрөөр үзүүлдэг. Бидний суралцах эдгээр найман зүйл нь ёс зүйн сахилга бат, төвлөрөл, ялгах ухамсарыг төлөвшүүлдэг. Эдгээр найман зүйл нь тус бүрдээ (бидний арилгахыг хүсэж байгаа) буруу хэлбэр, бидний өөртөө төлөвшүүлэхийг хүсэж байгаа зөв хэлбэртэй.

Эхлээд ёс зүйн сахилга батыг авч үзье. Үүнд гурван зүйл байдаг.

  • Зөв яриа буюу ярих, харилцах арга.
  • Зөв (үйлсийн) хязгаар буюу бидний хэрхэн үйлдэл хийх хэм хэмжээ. Биеэр үйлдэл хийхэд давж гарахгүй байх хил хязгаар.
  • Зөв амжиргаа, хэрхэн амьдралаа залгуулах.

Эдгээр нь муу үр дагавартай байдлаар ярих, үйлдэл хийх, амь зуулгаа залгуулахаас сэргийлж, бусдад тус болох эерэг байдлаар эдгээр үйлдэл тус бүрийг хийхэд чиглэдэг.

Буруу яриа

Асуудал болон зовлонг бий болгож байдаг тэрхүү буруу гэж тооцогддог ярианд юу ордгийг харцгаая:

  • Эхнийх нь худал хэлэх, үнэн биш зүйл хэлэх. Энэ нь бусдыг хуурах гэсэн үг. Үүний буруу нь юу вэ? Үүнтэй холбоотой гарах асуудал бол хэрэв биднийг худал хэлдэг, хэлж байгаа зүйлээрээ бусдыг хуурч, мэхэлдэг гэж хүмүүс мэдвэл хэн ч бидэнд итгэхгүй. Энэ бол таагүй, сэтгэлд хүрэхгүй байдал.
  • Хоёр дахь муу үр дагавартай ярих хэлбэр бол бусдад найз нөхөд, эхнэр, нөхрийнх нь талаар хагаралдуулах байдлаар буруу зүйл, хов хэлэх. Би чамтай хамт байж байгаад “Танай найз (найз залуу, найз охин, эхнэр, нөхөр) үнэхээр муу хүн” гэх мэтээр ямар нэг зүйл хэлбэл та юу гэж бодох вэ? “Энэ хүн намайг байхгүй үед миний тухай юу гэж хэлдэг бол?” гэж та бодно. Хэрэв бид бусдын талаар үргэлж муу зүйл хэлж байвал бусдын бидэнтэй харилцах харилцаа муудна. Хүмүүс биднээс хөндийрөх болно. Учир нь тэд биднийг өөрсдийнх нь талаар муу зүйл бас хэлэх болно гэж үздэг. Энэ тохиолдолд мэдээж бидний санаа бол тэдгээр хүмүүсийг эвдрэлцүүлэх зорилготой байдаг.
  • Гурав дахь нь хатуу, ширүүн үг хэлэх. Хэрэв та үргэлж бусад руу хашгичин, хараал хэлэх байдлаар ярьж байвал тэд бидэн рүү мөн тийм байдлаар ярьж эхэлдэг. Мазохист биш л бол хэн ч цаг үргэлж өөр рүү нь хашгичих хүний хажууд байхыг хүсэхгүй шүү дээ.
  • Дөрөв дэх нь дэмий чалчаа яриа ярих. Хэрэв бид цаг үргэлж дэмий зүйл ярьж бусдад саад болж байвал үүний үр дүн юу байх вэ? Нэг ч хүн бидэнтэй нухацтай ярихгүй, хамт байхад ядаргаатай гэж бодно. Бид цаг үргэлж ярьж, өөрийн болон бусдын цагийг үрж байдаг.

Эдгээр нь зөв зохисгүй ярих дөрвөн хэлбэр юм.

  • Худал хэлэх.
  • Бусдыг холдуулан салгах үүднээс хооронд нь хов хэлэх.
  • Бусдын сэтгэлийг хөндсөн хатуу, ширүүн үг хэлэх.
  • Ямар ч утгагүй зүйлийн талаар дэмий чалчих. Чалчаа буюу бусдын талаар тэдэнд ч чухал биш, өөртөө ч чухал биш зүйлүүдийг ярих.

Зөв яриа

Тэгвэл бидний хэрэглэхийг хүсэж байгаа зөв ярианы сахилга бат юу байх вэ? Сайн үр дүнд хүргэх яриа гэдэг нь дээрх дөрвөн буруу яриаг цээрлэх гэсэн үг. Тийм үү? Бидний төлөвшүүлэх эхний түвшний сахилга бат бол бидэнд үнэн биш зүйл хэлмээр санагдах, бид хэн нэгэн рүү хашгичих, дэмий хов ярихыг хүсэх үед түүнийг муу үр дагавартай, ямар нэг таагүй зүйлд хүргэнэ гэдгийг ухамсарлаж, зогсоох явдал юм.

Энэ бол хэцүү. Учир нь та үүнийг өөрийн эрхгүй хийхээсээ өмнө, хиймээр санагдах тэр мөчид өөрийгөө барих ёстой болдог. Энэ нь та өөр нэг зүсэм бялуу идэхийг хүсэх жишээтэй адил юм. Өөрийн эрхгүй хөргөгч рүү очих эсвэл түүнийг эхлэхээсээ өмнө “Ингэж надад санагдаж байгаа ч гэсэн, тэгээд яах гэж? Би заавал үүнийг хийх шаардлага байхгүй. Хэрэв би үүнийг хийвэл ердөө л улам жин нэмнэ. Би түүнийг хүсэхгүй байна” гэж ухамсарлах хэрэгтэй. Ингээд хөргөгч рүү явдаггүй. Заримдаа бидэнд үнэхээр ингэж ухамсарлах боломж гардаг гэж хэлэх гэсэн юм. Энэ жишээг хэрэглэж байгаа учир нь саяхан нэг өдөр надад бялуу идмээр санагдаад, манайд бялуу байгаагүй юм. Тэгээд би гэр рүүгээ явж байх замдаа миний идэх маш их дуртай тийм бялуу зардаг нэг газар руу алхлаа. Тэгээд би явж байх зуураа (энэ тухай бодох зай сэтгэлд байсан юм) би өөртөө “Хөөе, би жин хасахыг оролдож байгаа шүү дээ. Тэгээд ч надад бялуу ямарч хэрэг алга” гэж хэлээд – энэ бол ёс зүйн сахилга бат – гээд буцаад гэр рүүгээ явсан юм. Энэ бол сахилга батын тухай үүднээс бидний яриад байгаа зүйл.

Энэтхэгийн Бурханы шашны их мастер Шантидэва ийм зүйлүүдийг хиймээр санагдах үед яг л дүнз мод мэт байх тухай жишээ авсан байдаг. Хэн нэгэн рүү хашгичмаар, муухай үг хэлмээр санагдах үед энэ миний ч, нөгөө талын ч сэтгэлийг хямраана гэдгийг ухаарч тэдгээрийг хэлдэггүй. Дүнз мэт үлддэг. Ямар нэг онигоо ярих эсвэл ач холбогдолгүй зүйл хэлмээр санагдсан үед түүнийг ердөө дэмий чалчаа яриа гэж ойлгоод хэлэхгүй байх. Ийм зүйл байх юм. Ойлгомжтой юу?

Энэ бол энд яригдаж байгаа ёс зүйн сахилга батын эхний түвшин юм. Энэ нь дээрх дөрвөн буруу ярианы аль нэг байдлаар ярьмаар санагдах үед тэр нь ердөө л асуудал, бэрхшээлүүдийг бий болгоно гэдгийг санаж тэдгээрийг хэлэхгүй, ямар ч юм ярихгүй байх явдал юм.

Тэгвэл хоёр дахь түвшин нь сайн үр дагавартай зүйлүүдийг бодитойгоор хийх явдал, сайн үр дүнтэй байдлаар ярих ингэхийн тулд энэ нь илүү таатай, эв зүйтэй байдлыг бий болгоно гэдгийг санасан явдал дээр үндэслэсэн байдаг. Энэ юу гэсэн үг вэ? Бид шалтгаан, үр дагаварын тухай ярьж байна.

Зөв яриаг төлөвшүүлэхэд маш их ухамсартай хүчин чармайлт, үнэн, аядуу, эелдэг, зөв цагт, тохиромжтой хэмжээнд, зөвхөн утга учиртай зүйл ярихад хүчтэй шийдвэр төгс байдал шаардагддаг.

  • Та хүмүүс рүү өглөөнийхөө цайнд юу идсэнээ эсвэл “Тэр хүний хэлсэн зүйл надад таалагдахгүй байна” гэх мэтээр цаг үргэлж утасдаж, цаг үргэлж мессэж бичих гэх мэтээр саад болохгүй тухай юм. Энэ бол ямарч утгагүй дэмий яриа бөгөөд бусдад төвөгтэй байдаг гэж хэлэх гэсэн юм.
  • Мөн тохиромжтой хэмжээнд ярих. Би хүмүүстэй энэ тал дээр асуудалтай байдаг гэж боддог. Зарим хүн вэбсайттай холбоотойгоор эсвэл өөр зарим зүйлийн талаар нэг зүйлийг тайлбарлахад нь би “За, би түүнийг хийе” гэж хэлсэн байтал дахин дахин ярьж үргэлжлүүлсээр байдаг. Гэтэл би аль хэдийн түүнийг зөвшөөрсөн байдаг. Энэ бол тохиромжтой хэмжээний тухай юм. Тухайн хүн зөвшөөрсөн бол яриагаа дуусгаад өөр зүйлийг хийх хэрэгтэй.

Иймд бид ярьж байхдаа бусдад тус болох, хуваагдан салахаас илүү харилцан зохицох байдлыг бий болгох байдлаар ярихыг хичээдэг.

Ингээд мэдээж бид юмыг хооронд нь ялгаж салгаж байх хэрэгтэй (эдгээр гурван суртгаал хамт байх ёстой гэж хэлэх гэсэн юм). Үнэнийг хэлэх гэдгийн хувьд, жишээ нь хэн нэг хүн тохиромжгүй цамц, тохиромжгүй даашинз өмссөн байгаа үед түүнийг хэлэх нь тэр хүний сэтгэлийг хөндөнө гэж мэдэж байвал “Муухай харагдаж байна” эсвэл “Муухай цамц байна” гэж шууд хэлж болохгүй. Иймд бид зарим үед ухаалаг байх хэрэгтэй ба зарим зүйлүүд тухайн хүнээсээ шалтгаалж байдаг.

Миний эгч саяхан манайд зочилж Берлинд ирсэн. Бид хамтдаа гадуур гарахаар болж тэрээр нэг цамц өмссөн. Тэр нь бага зэрэг үрчийсэн гэх мэт нэг тиймэрхүү байсан. Тэр миний эгч учраас “Энэ цамц зохимжгүй байна. Өөр цамц өмсвөл дээр” гэж хэлж болно. Харин өөр хүн байсан бол та ингэж хэлж болохгүй. Тэгэхээр ялгаж салгаж байх хэрэгтэй гэж дахин хэлэх гэсэн юм. Эгчдээ хэлж болох зүйл чинь бусдад хэлж болох зүйлээс өөр. Болзохоор явах үедээ, шинэ найз охиндоо хэдий үнэн байсан ч “Чиний өмссөн байгаа цамц чинь зохимжгүй байна. Өөр цамц өмсөх нь дээр” гэж та хэлэхгүй л болов уу.

Хатуу, ширүүн үгний хувьд, та ямар нэг зүйлийг хүчтэй хэлэх хэрэгтэй болж болох юм. Жишээ нь хүүхэд тань шүдэнз, гал, асаагуур гэх мэт зүйлээр тоглож байвал та хүчтэй хэлэх хэрэгтэй болно. Гэвч энэ хатуу, ширүүн үг болохгүй. Таны санаа уур бухимдал дээр үндэслэсэн бус. Мөн таны “Энэ цамц зохимжгүй байна” гэдгийн хувьд үнэнийг хэлэхгүй байгаа нь тухайн хүнийг хуурах гэсэн санаатай биш юм. Иймд сэдэл үнэхээр чухал юм.

Буруу ярианы өөр/бусад жишээнүүд

Ийм сөрөг үр дагавартай байдлаар ярихыг харуулсан бас нэг сонгодог хэлбэр байдаг боловч би өөрийн боловсруулсан бусдыг ойлгож сурах хөтөлбөртөө эдгээр ярианы сөрөг хэлбэрүүдийг шинжлэн тэлж зөвхөн бусад руу чиглэсэн буруу ярианы хэлбэр байх төдийгүй өөртэйгөө ажиллаж байхдаа бид түүнийг мөн өөрсөд рүүгээ чиглүүлдэг болох тухай оруулсан. Ийм муу үр дагавартай, зохисгүй хэлбэрээр ярих байдлыг бид илүү өргөн хүрээнд авч үзэх хэрэгтэй гэж би үздэг.

Худал хэлэхэд бусдад өөрийн сэтгэгдэл эсвэл сэдлийн талаар худал хэлэх, эсвэл бусдад хандсан өөрийн сэтгэгдэл, тэдгээрт хандсан өөрийн бодит сэдлийнхээ тухайд өөрөөр өөрийгөө хуурах мөн багтаж болно. Бид хэн нэгэн хүнд сайхан хандаж, эелдэг ярилцан “Би чамд хайртай” гэх зэргээр хэлж болох боловч бид өөрсдийгөө хуурч байж болно. Үнэндээ бидний хүсэж байгаа зүйл тэдний мөнгө эсвэл ямар нэг өөр зүйл байдаг. Нэг талаараа бид хуурч, мэхэлж байгаа явдал. Энэ нь тухайн хүнд “Үнэндээ би чамд хайргүй. Би ердөө чиний мөнгөнд дурласан” гэж хэлэх тухай биш юм. Ингэх нь бага зэрэг зохимжгүй. Харин бид энэ хүний талаар үнэндээ юу гэж боддогоо бодитойгоор харж, санаа зорилгоо шалгаж үзээд хэрэв энэ бүхэн мөнгөнд шунасан шунал гэх мэт сөрөг сэтгэл дээр үндэслэсэн байвал түүнийгээ засах явдал юм.

Хов хэлэх нь зөвхөн найз нөхдийг салгах зүйл хэлэх төдийгүй бидний найз нөхөд бидэнд дургүйцэн биднийг орхиход хүргэдэг залхмаар, таагүй яриа байж болдог. Ийм яриа нь өөрийн найзыг холдуулах төдийгүй, бидний ярьж байгаа хэлбэр, жишээ нь цаг үргэлж гомдоллох гэх мэт үнэхээр тааламжгүй байх нь хүн бүрийг биднээс холдуулдаг. Байнга сөрөг, үргэлж дургүйцэн, цаг үргэлж бүх зүйл ямар муу болох тухай ярьж байдаг хүмүүстэй бид хамт байхыг хүсдэггүй. Үүнтэй адил бид үргэлж тийм байдлаар ярьж байвал хэн бидэндтэй хамт байхыг хүсэх вэ? Мөн бусад хүнд нэг ч үг хэлэх боломж өгөхгүй тасралтгүй ярих. Энэ нь бас хүмүүсийг биднээс холдуулдаг. Миний таньдаг зарим тийм хүмүүс байдаг. Тэдэнтэй би ойр байхыг хүсдэггүй. Хэрэв би тэдний адил ярьвал хэн ч надтай ойр байхыг хүсэхгүй. Иймд бусдын талаар сайхан зүйл ярьж байх нь үнэхээр чухал. Тэдний талаар дургүйцэн, муу зүйл ярьж, цаг үргэлж сөрөг байлгүйгээр бусдын талаар сайхан зүйл хэлж, эерэг байх хэрэгтэй.

Дараагийнх нь хатуу ширүүн үг. Бид бусадтай төдийгүй өөсрөдтэйгөө хэлээрээ зүй бус харьцахыг зогсоох шаардлагатай. “Чи үнэхээр солиотой хүн”, “Чи тэнэг”, “Чи муухай хүн”, “Чамд хэн дуртай байх юм?” гэх мэтээр өөртөө ширүүн үг хэлдэг олон хүн байдаг. Маш муухай зүйлүүд хэлдэг. Хэрэв тэр зүйлээ өөр хэн нэгэн хүнд хэлбэл маш балмад сонсогдох болно. Энэ нь өөрсөд рүүгээ хандсан балмад байдал юм. Мэдээж энэ нь өөрт чинь таатай байхгүй, тийм биз дээ? Иймд бидний өөртөө хэрхэн хандаж, сэтгэлдээ хэрхэн өөртэйгөө ярьж байгаа хандлага маш чухал.

Чалчаа яриа. Энэ нь бусдын цагийг үрэх төдийгүй бусад руу мессэж явуулж, Фэйсбүүк хуудсандаа мэдээлэл тавих, ач холбогдолгүй зүйлийн талаар твиттерт жиргэх зэргээр бусдад саад хийн өөрийн цагийг үрэх явдал юм. Энэ ангилалд (бусдын болон өөрийн цагийг үрсэн) чалчаа яриа төдийгүй хов жив багтдаг. Бусдын итгэлийг эвдэж тэдний хувийн асуудлыг бусдад бүү хэлж бай. Хэн нэгэн чамд итгэж, өөрийгөө ижил хүйстэн, хорт хавдраас өвдсөн гэх мэт юу ч ярьсан байсан түүнийг өөртөө л хадгал. “Би хэн нэгэн хүнд хэлэх хэрэгтэй байсан юм. Гэвч бусдад бүү хэлээрэй” гэсэн байхад та шууд бүх хүнд хэлдэг. Энэ бол чалчаа яриа юм. Тэдний итгэлийг эвдэж байна.

Харин одоо өөрсдийнхөө зүгээс үүнийг нэг харъя. Өөрийнхөө хувийн асуудлуудыг, эргэлзэж байгаа, санаа зовоож байгаа зүйлийнхээ талаар тодорхой төлөвлөлтгүйгээр, үр дүнг нь бодолцолгүйгээр бүү ярьж бай. Тэдгээрийг бусадтай хуваалцах шаардлага байхгүй, ялангуяа хүүхдүүдтэйгээ. Та бол эцэг эх, бага насны хүүхэдтэй, тэгээд “Би их санаа зовж байна. Өөрсдийгөө хангалттай хэрхэн тэжээх вэ? Түрээсээ хэрхэн төлөх вэ?” гэдэг. Эдгээрийг хүүхэддээ хэлэх шаардлага байхгүй гэж хэлэх гэсэн юм. Эсвэл “Найз бүсгүйтэйгээ (залуутайгаа) асуудалтай байна” гэх мэт. Эдгээр зүйлийн тухай хэлэхгүй байх тодорхой хүмүүс байдаг. Иймд бид хэн нэгэнд хамаагүй, эсвэл тохиромжгүй зүйлүүдийн талаар тодорхой хүмүүст төлөвлөгөөгүйгээр, үр дүнгийг нь бодолцохгүйгээр ярихаас зайлсхийж байх хэрэгтэй.

Энэ бол нэг дэх хүчин зүйл юм. Зөв яриа буюу зөв зохистой яриа гэж үздэг. Энэ талаар хэсэг хугацаанд бодоход асуулт гарч болох юм. Бодох зуураа дашрамд нь би амьдрал дээр бусадтай хэрхэн ярилцдаг вэ, би өөртэйгөө хэрхэн ярьдаг вэ хэмээн сэтгэлдэ санах хэрэгтэй.

За, бид үүнийг бүр тодорхой нөхцөлүүдэд зөв тохиромжтой байдлаар, зөв тохиромжтой хүмүүстэй ярилцах тухай бүхэл сэдэв рүү тэлж болно гэж бодож байна. Маш эелдэг байдлаар ярих шаардлагатай тодорхой нөхцөлүүд (тодорхой хүмүүс) байхад нэлээд албан бус байдлаар ярилцах ондоо нөхцөлүүд бас байдаг. Эелдэг боловсон ярих шаардлагатай хүмүүсийн дунд албан бус байдлаар ярих нь зохимжгүй биз дээ? Энэ нь бүх хүмүүсийг эвгүй байдалд оруулдаг. Хүүхдэд ямар нэг зүйл тайлбарлахыг оролдож байгаа бол тэрхүү хүүхдэд ойлгогдох байдлаар тайлбарлах ёстой. Та их дээд сургуулийн эрдэмтэн профессорт тайлбарлаж байгаатай адил тайлбарлахгүй л болов уу.

Асуулт, хариулт

Бидний харилцах хэв маяг, сөрөг үр дагавартай эсвэл тохиромжгүй байдлаар ярихаас зайлсхийх мөн эерэг үр нөлөөтэй, бусдад тус хүргэх байдлаар ярихтай холбоотой сахилга батын талаар асуулт байна уу?

Оролцогч: Миний асуулт ерөнхийдөө сахилга батын тухай. Сахилга батад суралцаж байх үедээ энэ тал дээр алдаа гаргавал өөрийгөө буруутгалгүйгээр эрүүл байдлаар хэрхэн түүнд хандах тухай асуулт байна.

Алекс: Сахилга бат нь “Би энэ хил хязгаараас давахгүй” гэсэн тодорхой хил хязгаар тавих тухай асуудлыг багтаадаг. Хэрэв бид тэрхүү хил хязгаарыг давж өөрийн эрхгүй чамайг хуурах, чам руу хашгичсан байхад хамгийн эхэнд хийх зүйл бол алдаа хийснээ таних явдал. Үүнтэй холбоотой хэрэглэдэг нэг бүлэг хандлага байдаг. Тэдгээрийг дурдвал:

  • Нэгдүгээрт, та алдаа гаргасанаа өөртөө хүлээн зөвшөөрөх ёстой. Өөртөө үнэнчээр илэрхийлэх явдал.
  • Дараа нь харамсах. Харамсах гэдэг гэм буруутайд тооцохоос өөр зүйл юм. Харамсах нь “Би тийнхүү байдлаар хэлэх хэрэггүй байж. Гэхдээ энэ нь би бол муу хүн гэсэн үг биш” гэсэн утгатай. Гэм буруутайд тооцох нь “Би их муу хүн. Миний хэлсэн зүйл бол үнэхээр муу зүйл” хэмээн бодсоор байх явдал.
  • Үүний дараа дахин давтахгүй байхаар шийдвэр гаргах.
  • Мөн өөрийн сэдэл, зорьж буй “Би эдгээр хил хязгаарыг даван гарахаас зайлсхийхийг хүсэж байгаа. Учир нь тэдгээр нь надад зовлон, асуудлуудыг бий болгодог” гэсэн хандлагаа дахин илэрхийлдэг.
  • Дараа нь тэр буруу үйлдлийг сөрөх үйлдэл хийдэг. Жишээ нь, хэрэв та хэн нэгэн рүү хашгичсан бол “Уучлаарай. Миний сэтгэл санаа тэр үед тавгүй байсан. Тэр явдалд харамсаж байна. Дахин тийм зүйл болохгүй гэж найдаж байна” хэмээн уучлалт хүсэх хэрэгтэй. Ингэж та тэр үйлдлийн үр дагаварыг сулруулахыг хичээдэг.

Зарчим болговол маш их тустай нэг зүйл бол хэн нэг хүнтэй утсаар ярихдаа ... Хүмүүс цаг үргэлж месссэж бичиж хүн бүрт саад болж байгаа нь хүнд саад болох үнэхээр ноцтой чалчаа ярианы хэлбэр юм. Хэрэв та хэн нэгэнтэй утсаар ярихаар залгахдаа эхлээд “Та ажилтай байсан уу? Танд зав байна уу? Ярих боломжтой байна уу?” гэж асуух хэрэгтэй. Шалгах хэрэгтэй. Тэд завгүй байж болох юм. Тохиромжтой цаг биш байж болох юм. Хэлэх гэж буй зүйл чинь тухайн хүн бүх зүйлээ орхиж, өөрийг чинь сонсох ёстой тийм чухал зүйл гэж зүтгэж болохгүй.

Энэхүү мессэж бичих зуршил – хэрэв тухайн хүн нэн даруй түүнд хариулахгүй бол та маш их бухимддаг. Энэ мэт бидний асууж, хэлж байгаа зүйл тэднийг бүх зүйлээ орхин бидний мессэжийг уншиж, хариулахыг шаардаж байдаг гэж бодъё. Энэ нь мэдээж тэдний анхаарлын төвлөрөлд маш муу нөлөөтэй – тэд анхаарлаа төвлөрүүлэх боломжгүй болдог – иймд энэ нь нөгөө хүнд ч, танд ч (учир нь та “би бол маш чухал” гэж бодож байдаг) сөрөг үр дагавартай байдаг. Та ямарч утгагүй, ач холбогдолгүй мессэж илгээж байгаадаа мөн адил хүлцэл өчиж, “чухал үед л зөвхөн мессэж илгээж байя. Зөвхөн завтай үедээ хариулж байгаарай” гэж хэлэх хэрэгтэй.

Оролцогч: Миний асуулт бидний бусдад туслах гэсэн эерэг сэдэл, хэлэх хэлбэр хоёрыг нэгтгэх талаар юм. Жишээ нь, бидний сэдэл нөгөө хүндээ туслах зорилготой гэвч тодорхой нэг эелдэг бус байдлаар хэлэх хэрэгтэй үед дуугүй байх нь дээр үү? Эсвэл тийм их эелдэг бус зүйлээ, эерэг сэдлээр хэлэх нь дээр үү?

Алекс: Мэдээж тодорхой тохиолдлуудад та маш ширүүн байдлаар зарим зүйлийг хэлэх хэрэгтэй – жишээ нь хэрэв хүүхэд тань асаагуураар тоглож байгаа үед гэх мэт.

Оролцогч: Миний авч байгаа жишээ бол ярилцаж байгаа хүний тухайд биш, харин энд байхгүй байгаа гуравдагч хүний тухай юм. Хэрэв муу зан авиртай ямар нэг гуравдагч хүний тухай ярьж байхдаа ийм байдлаар ярьж болох уу?

Алекс: Энэ бол их нарийн төвөгтэй сэдэв. Жишээ нь өсвөр насны хүүхэд тань мансууруулах бодис хэрэглэдэг эсвэл хулгай зэлгий хийдэг гэх мэт зүйл хийдэг хүүхдүүдтэй гадуур явж байгаа үед энэ маш хэцүү (хэрэв та өсвөр насны хүүхдэд найзуудынх нь талаар муу зүйл хэлэхэд тэд ихэвчлэн эсэргүүцэж, яг эсрэгийг нь хийдэг). Иймд тэднийг найзуудаас нь салгах сэдэл тань хүүхэддээ тус болох, энэ нь та түүнд атаархаж, тэдгээр найзуудыг нь өөрөө авах гэж байгаа хэрэг биш юм. Гэвч та ухаалаг байх хэрэгтэй, учир нь тэдний хувьд найз нөхдөөсөө хөндийрч байна – үнэндээ та тэдэнд зөв сэдэл өгөх, “Энэ бүхэн өөрт чинь хэрхэн нөлөөлж байна вэ?” гэх байдлаар ойлгуулах хэрэгтэй. Энэ үнэхээр амаргүй зүйл.

Үнэндээ бол бид тэднийг найз нөхдөөс нь хөндийрүүлэхэд тэгтэл их анхаарах бус харин тэднийг муу зуршилаас нь салгах хэрэгтэй гэж бодож байна. Далай лам хүнийг зан үйлдлээс нь ялгаж харж байх хэрэгтэй гэж байнга онцлон тэмдэглэдэг. Та тэдний найзуудыг хүн гэдгээр нь тэдний зан байдлаас салгаж харах ёстой. Ийм байдлаар хэрэв тэд цаг үргэлж согтууруулах ундаа, мансууруулах бодис хэрэглэх зэрэг нь тэдэнд муугаар нөлөөлж байна гэдгийг ойлговол тэд тэдгээр хүмүүстэй нөхөрлөхөө зогсоож бүр тэдэнтэй байсан ч согтууруулах ундаа эсвэл мансууруулах бодис хэрэглэхгүй юм.

Өсвөр насны хүүхдүүдийн хувьд энэ үнэхээр хэцүү, харин арай илүү ойрын жишээ бол буруу багштай ч юмуу, эсвэл хэн нэгэн ... нэг санхүүгийн зөвлөгөө өгдөг хүний жишээ байна. Санхүүгийн зөвлөгөө өгдөг хүн үнэндээ танаас мөнгө унагаж авахыг хүсэж байдаг (“Хэрэв та үүнд хөрөнгө оруулалт хийвэл, эсвэл та энэ бодлогыг сонговол ...” гээд, зөвлөгч өөрөө таван хувийн ашиг хүртэж байдаг). Иймд хэн нэгэн хүнд анхааруулан “Тэд ердөө өөрсөддөө ашиг олох үүднээс танд ямар нэг зүйл зарахыг хичээдэг” гэж хэлж болно. Таны сэдэл бол тэр хүнийг хэн нэгэнд ашиглуулахгүй байхад нь туслах явдал. Иймд “Энэ хүн бол муу хүн, ердөө таныг хуурч, мөнгө унагаж авахыг хүсэж байгаа” гэж хэлэхээс илүү зөв зүйтэй хэлбэр бол бодит байдлыг хэлэх: “Тэд танд юу ч зарсан ч таван хувийн ашиг хүртэнэ. Иймд танд ямар нэг зүйл зарах нь түүнд хэрэгтэй. Тэдний санал болгож байгаа зүйл нь тохиромжтой үгүй эсэхийг шалгаж үзэх нь танд хэрэгтэй”. Та тэр хүний талаар ямар нэг муу зүйл хэлээгүй; та ердөө л тэдний гол зорилго бол ашиг олох бөгөөд танд итгэл төрүүлэхийн тулд нөхөрсөг байхад суралцсан гэж бодит байдлыг хэлж байна.

Энэ нь хэн нэгэн хүн чамд хэрэглэж байсан машин зарахыг оролдохтой адил юм. Та тэдэнд бүрэн итгэхгүй. Тэд унаж байсан тэр машиныг зарахыг л хичээнэ. Тэд юу нь муу болохыг хэлэхгүй. Тэд өөрийг тань ятгахыг л оролдоно – авахуулахын тулд сайхан аашлах гэх мэт. Сайн шалгах нь танаас л шалтгаална. Таны хэлэх зүйл: шалгах.

Сүүлчийн асуулт.

Оролцогч: Өөрсдийнхөө жинхэнэ сэдэл юу болохыг яаж таних вэ? Заримдаа, зарим тохиолдолд гаднаас нь харахад бид хэн нэгэнд туслах эерэг сэдэлтэй юм шиг санагдавч дотооддоо энэ нь сөрөг байдаг. Иймд бид тэдгээрийг хэрхэн ялгах вэ?

Алекс: Өөртөө үнэнч байж, шинжил – илүү гүн хар. Хамгийн чухал зүйл бол муу үр дагавартай, сөрөг сэтгэл гэдгийн тодорхойлолтыг харах явдал: сөрөг сэтгэл хөдлөл нь таны сэтгэлийн тайван байдлыг алдагдуулдаг сэтгэл юм. Та хэрхэн үйлдэл хийж, ярьж, нөхцөл байдлуудыг даван туулж байгаагаа шалгаж үзэхэд таны энерги тайван, эсвэл үймэрсэн байна уу? Ингээд “Би тайван байна уу, эсвэл үгүй юу?” гэдгийг харахын тулд энергиэ хангалттай сайн мэдэх үүднээс тайвшрахыг оролд.

За, өнөөдөр энд ингээд дуусгаад, найман мөр гэдгээ маргааш үргэлжлүүлэн ярилцъя. Баярлалаа