Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Бурханы шашинд суралцахын өмнө > Шашин хоорондын харилцан зөвшилцөл ба эв нэгдэл > Харилцан ойлголцол, мэдлэгтэй байх нь шашны эв нэгдлийн үндэс

Харилцан ойлголцол, мэдлэгтэй байх нь шашны эв нэгдлийн үндэс

Дээрхийн Гэгээн 14-р Далай лам
Австри улс, Клагенфурт хот
2012 оны 5-р сарын 18
Бичигт буулгаж, хянан тохиолдуулсан Александер Берзин

Бурханы шашны гүн ухааны талаар Бурханы шашинт бус орны олон хүмүүст ярихдаа би их баяртай байдаг. Энэ нь харилцан ойлголцол бий болгоход маш их чухал юм. Бид бүгдээрээ энэхүү нэг гариг дээр амьдардаг ба энэ гариг нь олон шашинтай учир харилцан ойлголцол зайлшгүй хэрэгтэй. Орчин үед эдгээр олон уламжлалуудын ихэнхийнх нь талаар мэдээлэл авах боломжтой болж байна. Өнгөрсөн үед зарим тохиолдолд хүмүүс бие биеэсээ тусгаар буйд аж төрж байх тэр үед нэг үнэн байна гэсэн ойлголт байхад болдог байсан. Энэ нь тэдэнд тохирдог байсан. Гэвч өнөө цагт бидний амьдралын хэв маягт илүү бие биетэйгээ харилцах хэрэгцээ шаардлага гарч, бид ч бие биеэсээ харилцан хамааралтай болсоор байна. Ийм цаг үед зарим тохиолдолд нэг шашин, нэг үнэнд итгэх нь хувь хүнд маш тустай юм. Энэ нь тухайн хүнд нэг л итгэл үнэмшил төрүүлэх чухал ач холбогдолтой. Харин нийгмийн илүү том хүрээнд бид олон үнэн байдаг гэсэн ойлголтыг төлөвшүүлэх ёстой. Энэ бол бодит байдал. Олон зууны турш олон үнэний ойлголт байж, олон шашин төлөвшиж ирсэн. Олон шашин, олон үнэн байдаг гэсэн ойлголтыг төлөвшүүлэхийн тулд бусад шашны уламжлалуудаа судалж үзэх хэрэгтэй.

Миний хувьд, Төвдөд ислам хүмүүс, төвд ислам хүмүүс олон зууны турш амьдарсаар ирсэн. Бид Исламын шашин байдаг гэж мэддэг байсан харин тэдний сүсэг бишрэлийн талаар нэг их тухайлан ярьдаггүй байв. Бид өөрсдийн Бурханы шашныг хамгийн сайн нь гэж боддог байсан. Харин Энэтхэгт ирснээр бид олон итгэл үнэмшил, олон хүнтэй нүүр тулан учирч ингээд бид бусад шашнуудын талаар нухацтай ярилцаж эхэлсэн юм. Би Ислам, Хиндү шашин, Сики, Жайнизм, Зороастеризм, Суффизмын ялгааг судалж үзсэн ба эдгээр шашны хүмүүстэй илүү их холбоотой болсон. Тэднийг хүндэтгэх хүндэтгэлийг бий болгохын тулд тэдний талаар судлах нь маш чухал. Ийм учраас хүмүүс надаас Бурханы шашны үндсэн сургаалуудын талаар асуухад би тэднийг шашиндаа оруулах санаа агуулдаггүй, ердөө тэдэнд мэдээлэл өгөх бодолтой байдаг билээ.

Төвдийн Бурханы шашны эрэгтэй, эмэгтэй хуврагууд Христийн шашны сүмүүдэд очиж хэдэн долоон хоногийг өнгөрүүлсэн юм. Тэд Христийн шашны үнэт зүйлүүдийг ойлгож авсан байв. Би тэдэнд Бурханы шашны эрэгтэй, эмэгтэй хуврагууд бид бүхэн Христийн шашны хуврагуудын адил нийгэм, эрүүл мэнд, боловсролын үйлчилгээнд илүү анхаарал тавих ёстой гэж хэлдэг. Христийн шашны ах, дүү нар маань боловсрол эрүүл мэндэд маш их хувь нэмэр оруулсан, бид бас хүмүүнлэгийн үйл ажиллагаанд хувь нэмэр оруулж сурах ёстой. Гэвч зарим талаараа тэдний шашин нэвтрүүлэх үйл ажиллагаа нь зарим асуудлуудыг бий болгодог. Бид бусад уламжлалуудаас олон тустай зүйлийг сурч болно. Мөн өөр итгэл үнэмшилтэй та бүхэн ч бас биднээс их зүйл сурч болно.

Бурханы шашин бол эртний Энэтхэгт үүсч хөгжиж байсан шашнуудын нэг. Гурван мянга гаруй жилийн тэртээгээс Энэтхэгт шашнаас ангид иргэний үзэл төлөвшсөн юм. Энэ нь шашныг үл хүндэтгэх бус харин бүх шашин, мөн шашингүй хүмүүсийг бүгдийг хүндэтгэх гэсэн утгатай юм. Эртний нигилист (нийгмийн тогтолцоо, итгэл үнэмшлийг үгүйсгэдэг) Чарвака нар дараа төрөл, шашин шүтлэгт итгэдэггүй байв. Харин шашнаас ангид иргэний үзэл нь тэдгээр итгэл үнэмшилгүй хүмүүсийг ч бас хүндэтгэнэ гэсэн үг юм. Бурханы шашин ийм орчинд үүсэж хөгжсөн, тиймээс өөр өөр үзэл баримтлалтай хүмүүсийг мөн адил хүндэтгэдэг. Бурхан багшийн өөрийнх нь шавь нарын дотор өөр өөр сэтгэлгээний чиг хандлагатай хүмүүс байсан учир тэрээр өөр өөр гүн ухааны үзлүүдийг заасан. Түүний зарим үзэл, гүн ухааны байр сууриуд нь бие биетэйгээ зөрдөг мэт санагддаг бөгөөд үүний учир нь түүний шавь нар олон өөр сэтгэлгээний хандлагатай байсан ба нэг гүн ухааны үзэл бүгдэд нь тус болохгүй байсан байх. Иймд энэ нь Бурхан багш өөр өөр үзлүүдийг хүндэтгэж, тэдний байр суурьт тохируулан сургаалаа тавьсан гэсэн үг. Энэ бол шашин шүтлэггүй ах, дүү нараа ч хүртэл хүлээн зөвшөөрч, хүндэтгэсний тодорхой илрэл юм. Ийм учраас би энд өөр шашинтай хүмүүст ч, мөн шашин шүтлэггүй хүмүүст ч Бурханы шашны талаар ярихдаа баяртай байдаг.

Хүмүүс бид энэ гариг дээр үүсэн бий болж, улмаар бидний оюун ухаан хөгжиж, тэр нь амьдралд хэцүү нөхцөл байдал үүсэх, итгэл найдвараа алдах үед бидэнд тус болох тодорхой үзэл баримтлалуудыг бий болгосон. Бидэнд итгэл найдвараа алдахгүй байхад туслах зарим санаа, үзэл ойлголтуудыг бий болгох шаардлага гарч энэ нь итгэл үнэмшлийг бодитойгоор бий болгосон нь хэцүү нөхцөл байдлуудад ямар нэг итгэл найдвар байдаг гэсэн итгэл үнэмшил юм.

Өнгөрсөн таван мянга гаруй жилийн туршид өөр өөр газруудад хүмүүс өөр өөр итгэл үнэмшлийг бий болгосоор байсан. Итгэл үнэмшил бол итгэл найдвараа алдахгүй байхад маш их тус болдог ба энэхүү итгэл үнэмшил нь улмаар учир шалтгааны тайлбар гарган тэрхүү итгэл үнэмшлийг бататгах гүн ухааны үзлүүдийг ч бий болгосон. Ингээд үүний үндсэн дээр өөр өөр шашнууд өөр өөр гүн ухааны үзэлтэйгээр төлөвшиж эхэлсэн байна. Үүнээс бид өнөөгийн дэлхий дээрх гол гол шашны итгэл үнэмшлүүдээ олж авсан билээ.

Сүүлийн хэдэн мянган жилийн турш бид өөрсдийн бүх итгэл найдвараа ердөө шашны итгэл үнэмшилд өгч ирсэн боловч сүүлийн гурван зууны турш хүн бидний оюун ухаан бодит байдал юу болох талаар анхан түвшинд нь шинжилж үзэх аргуудыг олж авсан. Ингэж орчин үеийн шинжлэх ухаан хөгжиж, түүнээс орчин үеийн технологи бий болсон юм. Технологи бидний хүссэн зүйлийг нэн даруй олгох болж, ингээд хүн төрөлхтөн материалист (мөнгө, эд хөрөнгө нь амьдралын хамгийн чухал зүйл гэдэг итгэл үнэмшил) сонирхолтой болсон. Ийм учраас олон хүн Эзэн тэнгэр, шашны итгэл үнэмшилд тийм их ач холбогдол өгөхөө больсон байна.

Өнөөдөр Есүс Христийг баримталдаг эсвэл өөр бусад тэнгэрүүд, бүр Бурханы шашныг баримталдаг хүмүүс өөрсдийгөө шашин шүтлэгтэй гэх боловч Бурханы шашинтангуудын дунд тохиолддогийн адил бодит амьдрал дээр тэдний баримталдаг итгэл үнэмшил нь юу зааж, сургасныг анхаарахгүй байгааг бид харж байна. Тэд илүү их эд хөрөнгө, эрх мэдэл олж авахын тулд орчлонгийн болхи бүдүүлэг арга хэрэглэж, ингэхдээ бусдыг хуурч мэхэлж, хүчлэн дарамталдаг. Энэ нь тэд шашныхаа итгэл үнэмшлийг анхаарч үзэхгүй байгаагийн илрэл юм. Ийм хүмүүс олширч байгаа мэт санагддаг. Иймд иймэрхүү байдлаар шашин шүтдэг гэж хэлж байгаа тэдгээр бүх хүмүүсийг би шашин шүтлэггүй хүмүүс гэж үздэг.

Жинхэнэ сүсэг бишрэлтэй хүн бол хоногийн 24 цагийн турш асарч хайрлах, энэрэн нигүүлсэх сэтгэлийг амьдралд хэрэглэж байдаг. Өөрийгөө асарч хайрлахын хувьд, энэ нь бүр амьтанд ч байдаг. Харин жинхэнэ асрал хайр бол бусдын сайн сайхны төлөө санаа тавьсан сэтгэл агуулагдаж байдаг хайр юм. Үүнийг өөрийн үндэс сууриа болговол худал хэлэх, мэхлэх, айлган дарамтлах орон зай гарахгүй. Өөрсдийн хүссэн зүйлдээ хүрэхийн тулд бид шударга бус арга хэрэглэж яаж болох юм бэ? Үүнийг хийдэг хүмүүс бол шашин шүтдэггүй, эсвэл шашныхаа сургаалд нухацтай ханддаггүй тэдгээр хүмүүс байдаг гэж би үздэг. Зарим хүмүүс шашныг бүр илэрхий шүүмжилдэг. Учир нь дээр дурдсан шашин шүтдэг гэх тэдгээр хүмүүс шашныхаа сургаалыг үнэндээ баримтлахгүй байгаа явдал юм. Ийм учраас бид шашин шүтдэг, шүтдэггүй ялгаагүй өөрсдийн дотоод үнэт зүйлийг – илүү шинжлэх ухааны арга замаар дэвшүүлэн сурталчлахад хүчин чармайлт гаргах хэрэгтэй байна.

Одоо үүнийг хийх боломжтой байна. Хоёр хүчин зүйл үүнийг илтгэж байна. Эхнийх нь амар хялбар амьдрах бүхий л боломжоор хангагдсан олон хүмүүс байгаа боловч хүн гэдэг үүднээсээ тэдний дотоодод ямар нэг зүйл дутагдаж байна. Тэд айдас, зовнил, сэтгэлийн хямралд автаж баяр баясгалан үгүй, маш их ганцаарджээ. Эдгээр хүмүүс улмаар материаллаг үнэт зүйлсийн хязгаарлагдмал, сул талыг харах болж энэ нь дангаараа дотоод хүч чадал эсвэл баяр баясгалан, сэтгэлийн амгаланг бий болгохгүй гэдгийг ойлгож байна.

Хоёр дахь хүчин зүйл нь бол өнгөрсөн хоёр, гурван зуун жилийн турш шинжлэх ухаан хурдацтай хөгжлөө. Шинжлэх ухааны судалгаагаар үнэнийг хайж байна. Бодит байдал чухам юу болохыг тогтоохоор судалж байна. Шинжлэх ухааны жинхэнэ эрдэмтэд маш нээлттэй байдаг. Тэд аливаад эргэлзэж, судалгаа шинжилгээ хийдэг. Бурханы шашин бас эргэлзлийг чухалчилдаг бөгөөд эргэлзэх нь асуулт асуухад хүргэж, тэр нь шинжлэн үзэж хариулт олоход хөтөлдөг. Иймээс хэрэв зорилготой бол эргэлзэх нь тустай байдаг. Ийнхүү шинжлэх ухааны судалгаа бодит байдлын талаар тайлбар хийдэг.

Тэгвэл орчин үеийн шинжлэх ухаан 20-р зууны сүүлээс эхлэн уураг тархи, матери, молекулын судалгаа хийж, тэр дундаа анагаах ухааны уураг тархи судлалын эрдэмтэд сэтгэл хөдлөл эрүүл мэндэд чухал нөлөөтэй гэдэгтэй санал нэгдээд байна. Бидний уураг тархины ажиллагаа болон бидний хариу үйлдэл, сэтгэл хөдлөлийн хооронд маш хүчтэй харилцан холбоо байдаг. Зарим эрдэмтэдийн үзэж байгаагаар айдас төрөх үед цусны эргэлт бидний хөлд илүү хүчтэй явагдаж биднийг зугтан гүйхэд бэлддэг байна. Харин уур төрөх үед цусны эргэлт гарт илүү хүчтэй явагдсанаар бид цохих, өөрсдийгөө хамгаалахад бэлэн болдог. Ийм байдлаар сэтгэлийн болон биологийн хүчин зүйлүүд хоорондоо маш их харилцан хамааралтай байдаг байна. Заримдаа бие махбодын тал сэтгэлдээ нөлөөлдөг, заримдаа сэтгэлийн хүчин зүйлүүд бие махбоддоо нөлөөлдөг. Ийм учраас уураг тархи судлалын эрдэмтэд сэтгэл хөдлөл болон түүний үйл явцыг илүү их анхааран судалж байгаа юм.

Сэтгэл хөдлөл бол бидний сэтгэлийн хэсэг. Зарим эрдэмтэд аль хэдийн туршилт хийж эхлээд байгаа ба туршилтынхаа хүрээнд тэд хүмүүст, бүр хүүхдүүдэд дурьдал болон энэрэн нигүүлсэх сэтгэлийн талаар сургалт явуулдаг. Сургалт явуулахаасаа өмнө тэд цусны даралт, сэтгэл хямралын гормоны түвшинг шалгаж, гурав, дөрвөн долоон хоногийн дараа тэдгээрийг бас дахин шалгадаг. Тэдгээр чанаруудыг амьдралд хэрэглэснээр цусны даралт багасаж, сэтгэлийн хямрал буурсныг тогтоосон. Бүр түүнчлэн сурагчдын төвлөрөх чадвар сайжирч, бусадтай харилцах харилцаа нь илүү эетэй, нөхөрсөг болсон гэж үздэг. Иймээс зарим их дээд сургуулиуд, тухайлбал Америк, мөн Энэтхэгийн зарим их дээд сургуулиуд туршилтын хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж байна. Ийнхүү 20-р зууны сүүлийн хагас, 21-р зууны эхэн үеэс эхэлж шинжлэх ухааны салбар сэтгэл болон сэтгэл хөдлөлийн талаар судалгаа явуулах болсон.

Шашны уламжлал бүхий хэдэн мянган жилийн хугацаанд мөн өөр өөр аргаар сэтгэлтэй ажиллаж иржээ. Бүх шашнууд асарч хайрлах, уучлах, энэрэн нигүүлсэх, өөрийгөө хөгжүүлэх тухай санааг түгээж байдаг бөгөөд эдгээр нь бүгд сэтгэлтэй холбоотой байдаг. Сүсэг бишрэл ч мөн адил сэтгэлийн түвшний зүйл. Нэг үзүүрт итгэл үнэмшил нь дотоод эрч хүч, нэг төрлийн сэтгэлийн баяр баясгалан авчирдаг. Бүх гол шашнуудыг хоёр бүлэгт хуваадаг. Нэг нь тейст буюу бүтээгч Эзэн, туйлын мөнх орших тэнгэрт итгэх үзэлтэй шашнууд; үүнд Еврейн, Христийн, Исламын шашин ордог ба олон Хиндүчүүд мөн ийм итгэл үнэмшилтэй байдаг. Хоёр дахь бүлэг шашинд Жэйн (Жайнизм), Бурханы шашин болон бүтээгч Эзэнийг үгүйсгэдэг Самкъя ёсны нэг бүлэг багтдаг. Бүтээгч эзний тухай ойлголт байдаггүй бөгөөд юмс өөрийн шалтгаан, нөхцөлөөс бий болдог гэж тэд үздэг. Энэтхэгийн эдгээр гурван шашин Дарвины онолтой төстэй, бүтээгч байхгүй ба бүх зүйл шалтгаан ба түүний үр дүнд бий болдог гэсэн шалтгаант чанарт итгэдэг.

Тейст шашнууд бол Ертөнцийн эзэн бүгдийг бүтээсэн, тэр дундаа биднийг бүтээсэн бөгөөд Эзэн бол бидний эцэг гэж үздэг. Нэг үзүүрт итгэл үнэмшлээр тэд бүтээгч Эзэнд бүх шийдвэрийг даатгадаг. Энэ нь өөрийгөө бусдаас дээгүүр тавин хувиа хичээх байдлыг багасгадаг. “Би Эзний бүтээл, иймд би түүнд үйлчилдэг.” Ертөнцийн эзэнд үйлчлэх нэг хэлбэр нь залбирал боловч Эзэнд үйлчлэх гол зарчим нь Ертөнцийн эзний адилхан бүтээл болох ахан дүүс нараа хайрлах явдал юм. Тэгэхээр бүтээгч эзэнтэй шашнууд хувиа хичээх байдлыг багасгах, бусдад туслах сэтгэлийг төлөвшүүлэхэд бараг адилхан нөлөө үзүүлдэг.

Бурханы шашин болон Жэйний сургаал мөн адил хувиа хичээх, өөрийгөө бусдаас дээгүүр тавих хандлагыг багасгахыг хичээдэг. Бурханы шашинтнууд бие даасан, бодит, оршиж байдаг би гэдэгт итгэхгүй байхыг чухалчилдаг ба “Би” гэдэг бол ердөө нэрлэсэн зүйл гэж үздэг. Энэ бол бидний хувиа хичээх хандлагыг багасгах нэг арга юм. Ийм өөр өөр аргууд байх боловч тэдгээр нь хувиа хичээх байдлыг багасгах, бусдад туслах хандлагыг төлөвшүүлэх гэсэн адил үр дүнд хүргэдэг.

Эртний Энэтхэгийн Бурханы шашныг авч үзвэл, тэр дундаа Наландирын ёсыг харвал, тэд үргэлж өөр өөр гүн ухааны үзлүүдийг дурдсан байдаг. Төвдийн сүүлийн үеийн бүтээлүүд нь уншигч, суралцагчдыгаа гол төлөв Бурханы шашинтан байна гэж үзсэн байдаг боловч бид одоо Энэтхэгийн уламжлал руугаа буцаж орох хэрэгтэй гэж би боддог. Маш олон өөр өөр уламжлалууд байсан бөгөөд тэд тэдгээр үзлүүдийг судлан шинжилж, заримдаа мэтгэлцдэг байжээ. Гэтэл Төвдөд VIII, IX зуунаас эхлэн ихэнх төвд хүмүүс Бурханы шашинтан болсон учраас эдгээр өөр өөр гүн ухааны үзлүүдийг авч үзэх шаардлагагүй болжээ. Харин одоо, Төвдийн гадаад ертөнцөд, үнэхээр олон шашин, үзэл баримтлалууд байна. Иймд бид тэднийг судлан мэдэж зөв мэдлэгтэй болж харилцан ойлголцлыг бий болгож үүгээрээ бие биеэ харилцан хүндэтгэх, шашны эв нэгдийг бий болгох нь чухал байна.