Берзиний архив

Доктор Александер Берзиний Бурханы шашны сургаалын архив

Энэ хуудасны Текст Хувилбар руу шилжих. Гол ачаалах холбоос руу очих.

Нүүр хуудас > Зохиогч > Буддизмтай холбогдсон минь

Буддизмтай холбогдсон минь

Александер Берзин
Сингапур, 1988 оны 8 дугаар сарын 10
Berzin, Alexander and Chodron, Thubten.
Glimpse of Reality.
Singapore: Amitabha Buddhist Centre, 1999
номноос хянан засварласан ишлэл.

Би бага байхаасаа л Азийн соёлыг сонирхдог байв. 13 настайдаа би Хатха йогоор хичээллэж эхэлсэн. Харин 16 настайдаа Рутгерсийн Их Сургуульд элсэж, хоёр жил химийн хичээл үзсэн юм. Сонгон судлах хичээлээр би Азийн соёл иргэншлийг сонгож авсан бөгөөд энэ хичээл миний сонирхлыг маш их татаж байлаа. Нэг удаа лекцийн үеэр багш Бурханы шашин хэрхэн нэг улсаас нөгөө улсад дэлгэрч, яаж орчуулагдаж, хэрхэн өөр соёл иргэншилд зохицож байдаг талаар ярьсан юм. Би үүнийг сонсоод л шууд энэ тухай илүү ихийг олж мэдэх хэрэгтэй юм байна гэж бодсон.

Принстоны Их Сургууль Ази судлалын тэнхимдээ шинэ хөтөлбөр эхлүүлэхэд би өргөдлөө өгч, Хятад судлалын ангид тэнцэж орлоо. Хятадад Бурханы шашин хэрхэн дэлгэрч, Хятадын соёл иргэншилд, хожим гүн ухаанд нь яаж нөлөөлсөн талаар би маш их сонирхож байв. Мөн Бурханы шашныг өдөр тутмын амьдралд хэрхэн хэрэгжүүлдэг болохыг мэдэх их хүсэлтэй байлаа. Намайг Принстонд сурч байхад Америк дахь хамгийн анхны Төвд-Монгол хийдийг тэргүүлж байсан Оросын Волга бүс нутгийн халимаг гэвш Вангял бидэнтэй ойрхон амьдардаг байсныг би мэдээгүй юм. Тэр үед надад Бурханы номлолын дагуу бодож, сэтгэж, амьдрах ямар байдаг бол гэж төсөөлөн бодохоос өөр мэдэх зүйл байсангүй.

Би 1965 онд Харвардын Их Сургуульд Алс Дорнодын хэл шинжлэлийн магистрын зэрэг хамгаалахаар элсэн суралцлаа. Тэнд би Дундад зууны үеийн Хятадын гүн ухаан, түүхийг голлон судалж байв. Эхний жил суралцсаны дараа Хятадад Бурханы шашин хэрхэн дэлгэрснийг ойлгохын тулд эхлээд Санскрит хэл сурч Энэтхэгийн Бурханы шашныг нарийвчлан судлах ёстой гэсэн шийдэлд хүрсэн юм. Ингээд би Энэтхэгийн гүн ухаан болон Санскрит хэл судалж эхэллээ. Докторын зэргээ Алс Дорнодын хэл шинжлэлийн үндсэн чиглэлээс гадна давхар Санскрит хэл болон Энэтхэг судлалаар хамгаалав.

Би Энэтхэгийн Бурханы шашны судалгааны ажлынхаа хажуугаар Төвд хэлийг 1967 оноос эхлэн давхар судалж эхэлсэн юм. Энэ үеэрээ гэвш Вангялыг таньдаг болсон бөгөөд Нью Жерсид өөрийн гэр бүлтэйгээ уулзах гэж очих бүртээ түүнтэй уулздаг байлаа. Харамсалтай нь энэ агуу хүнтэй хамт суралцахад Харвард хэтэрхий холдож байв. Гэхдээ Харвардын Их Сургуульд надтай хамт гэвш Вангялын шавь Роберт Турман сурч байсан бөгөөд тэр бол Төвдийн Бурханы шашны лам болсон анхны барууны орны хүн билээ. Тэрээр надад Дээрхийн Гэгээн Далай ламын тухай болон Энэтхэгт одоо болтол Төвдийн дүрвэгсэд Бурханы шашны уламжлалаа хэрхэн хадгалан амьдарч байгаа тухай ярьж өгсөн юм. Мөн тэрээр Энэтхэгт сурч байсан тухайгаа яриад, намайг хүсвэл бас сурч болно гэж билээ. Энэ үед би аль хэдийнээ шийдсэн байв. Би Энэтхэг рүү явж Төвдүүдийн дунд орж диссертацийнхаа судалгааг хийхээр Фулбрайтын тэтгэлэг хүслээ. Ингээд би тэтгэлэг авч 1969 онд Энэтхэгийг зорьсон юм.

Дарамсалад Дээрхийн Гэгээн Далай лам, түүний багш нар хэрхэн сүсэг бишрэлээ амьдралд бодитойгоор хэрэгжүүлж байгааг хараад надад маш гүн сэтгэгдэл төрсөн. 1960-аад онд Америкийн Их сургуульд Бурханы шашныг түүний судар бичвэрүүдэд түүх, хэл шинжлэлийн үүднээс дүн шинжилгээ хийх байдлаар судалдаг байлаа. Тухайн үед бидний судалгаа одоо үед бус харин хэдэн зууны өмнө оршиж байсан Эртний Египетийн гэх мэт шашныг судлах судалгаатай адил байсан юм. Гэтэл Энэтхэгт Төвдийн Бурханы шашны уламжлал амьд хэвээр байсан төдийгүй энд би урьдын адил ном сургаалыг нь судалж үзээгүй профессоруудаас биш, харин Бурханы сургаалыг мэдэх, Бурханы шашинтан хүмүүсээс сурах болсон юм. Эдгээр сургаал нь Бурхан багшаас эхлэн багшаас шавьд гэсэн зарчмаар тасралтгүй дамжсаар өнөөг хүрсэн зүйл. Миний хувьд эдгээр мэргэдийн дэргэд байж, тэднээс суралцах болсон маань үнэхээр сэтгэл хөдлөм үйл явдал байлаа. Одоо би Бурханы шашин нэг соёлоос нөгөө соёл иргэншилд дэлгэрэхдээ хэрхэн зохицон өөрчлөгдөж байсныг судлах төдийгүй, түүнийг өөрийн амьдралдаа хэрэгжүүлж болох орчин үеийн гүн ухаан, шашин болохынх нь хувьд судалж байна.

Удалгүй би гэвш Наваан Даргэйгаас суралцаж өөрийн докторын ажлын судалгааг хийх болсон. Бас Бурханы сургаалыг амьдралдаа хэрэгжүүлж эхэллээ. Хоёр жилийн дараа Дээрхийн Гэгээн Далай лам Төвдийн номын санг Дарамсалад нээж, багшд маань тус номын санд багшлан гадаад хүмүүст Бурханы гүн ухаан, бясалгалын хичээл заах саналыг тавьсан юм. Дээрхийн Гэгээн Далай ламын хүсэлтээр гэвш Вангялын удирдлага дор Америкт очиж англи хэл сурсан Шарпа Ринбүүчи, Камлүн Ринбүүчи нарыг өөрийн орчуулагчаар ажиллуулах болоход би бас орчуулагчаар ажиллаж туслах хүсэлтэй байгаагаа хэллээ. Өмнө нь би энэ хоёр ламтай хамт зарим нэг орчуулгыг хийж гүйцэтгэсэн байв. Харин Дээрхийн Гэгээн “Эхлээд Америк руу буцаж диссертациа хамгаалж, эрдмийн зэргээ ав. Тэгээд дараа нь хийж болно” гэж хэлж билээ.

Би өөрийн эрдмийн ажлаа дуусгасны дараа их сургуулийн багш болох боломж гарахад “Үгүй, баярлалаа” гэж хэлээд, Энэтхэг рүү буцаж очин гэвш Даргэйтай хамт номоо үргэлжлүүлэн үзэх боллоо. Бид хэд хэдэн бичгийн орчуулга хамтран хийсэн бөгөөд удалгүй миний ярианы Төвд хэл дажгүй сайн болж эхэллээ. Ингээд би өөрийн багш болох Дээрхийн Гэгээн Далай ламын гүн ухааны номын дагсал хаялцагч (харилцан мэтгэлцэгч), туслах багш Цэнжаб Сэркон Ринбүүчигийн орчуулагч болсон юм. Би Сэркон Ринбүүчи багштай хамт хоёр удаа гадаадад ном тавихаар явахад нь орчуулагчаар нь ажилласан. 1983 онд багшийг жанч халснаас хойш хэд хэдэн орны Бурханы шашны төвүүд намайг урьж лекц уншихыг хүсэх болсон юм.

Энэтхэгт очсоноор Бурханы шашин нь надад өдөр тутмын амьдралаа хэрхэн авч явах талаар зөвлөхөөс гадна, миний урьд нь хариуг нь олж чаддаггүй байсан олон асуултад хариулт өгсөн юм. Жишээ нь “Миний амьдрал яагаад ийм болох болов?”, “Яагаад миний амьдралд ийм зүйлүүд тохиолдож байгаа юм бол?” гэх мэт асуултууд гардаг байлаа. Бурханы шашны үйлийн үрийн тухай ойлголт эдгээр асуултуудад хариулт өгсөн юм. Ингэж шинээр харж эхлэх надад маш сонирхолтой байв. Би өөрт учирч, тохиолдсон бүх зүйлд тодорхой хэмжээний тайлбарыг олж байсан. Үүнээс гадна Бурханы сургаал сэтгэл болон түүний үйл явц хэрхэн явагддаг талаар тодорхой, (учир шалтгааны) зүй тогтолтой тайлбар өгдөг. Бас өдөр тутмын амьдралд тохиолдох асуудлуудыг Бурханы сургаалын дагуу шийдвэрлэснээр маш сайн үр дүн гарч байгааг бид байнга хардаг. Ийнхүү би өөрт тохирох амьдралын үнэн зам мөрийг олж авсан гэж боддог юм.

Би орчуулга хийх, лекц унших үедээ өөрийн өмнө нь сурч мэдсэн Бурханы шашны тухай болон Бурханы шашин хэрхэн улсаас улсад дамжин дэлгэрч ирсэн талаарх мэдлэгээ ашиглахыг хичээдэг. Өмнө нь хийж байсан судалгаанаасаа би Бурханы шашныг барууны орон, орчин үеийн нийгэмд авчрахдаа анхаарах хүчин зүйлүүдийг мэдэх боломжтой болсон. Ийнхүү Бурханы шашин нь өмнөх түүхэндээ хэрхэн өөр өөр улс орнуудад дэлгэрч байсныг судалж байсны хувьд би түүнийг энэ цаг үед дэлхийн бусад оронд дэлгэрэхэд нь өөрийн хувь нэмрээ оруулах байх хэмээн найдаж байна.